Мөнхийн Гэсгээлийн цохионы хамгийн өндөр оройд хоёр хүн сууж байв. Нэг нь өвгөн, нөгөө нь ер бусын төрхтэй, царайлаг залуу. Өвгөнөөс эртний нэгэн сүр хүч мэдрэгдэж, эргэн тойрны орон зайг мушгиж гуйвуулах аж. Харин залуу хажууд нь юу ч болоогүй мэт амар тайван суух бөгөөд хүнд уур амьсгал түүнд огтхон ч нөлөөлөхгүй байгаа нь илт байлаа.
—Залуу минь, ийм бүрхэг газар хоригдохоор ямар хэрэг хийсэн юм бэ? Чи энд байх хүн шиг харагдахгүй л юм… —гэж өвгөн асуув. Эргэн тойрных нь орон зайг хүртэл амирлуулсан язгууртны сүр жавхлангаар хүрээлэгдсэн залууг тэр сониучирхан ширтэж байлаа.
Залуу үл ялиг инээмсэглэв. —Олон юм хийсэн дээ. Тухайлбал, Эрхэм дээдэс Тэнгэрийн эзэн хааны бүтээсэн хориотой жимсийг залгисан гэж хэлж болно, —хэмээн тайван дуугаар хэллээ.
Өвгөн гайхсандаа хөмсгөө өргөж, залууг ширтэх харцанд нь цочирдол гялсхийв.
—Чи… чи… чи… —гэж өвгөн юу хэлэхээ мэдэхгүй ээрэн түгдрэв. Түүн шиг эртний нэгний хувьд ч хэлэх үггүй болтлоо цочирдох нь анхных байлаа. Тоо томшгүй олон жил ийм том болж үзээгүй нүд нь бүр бүлтэгнэнэ.
—Хийсэн хэргээс чинь илүүтэй, тэр бүхний дараа одоо хүртэл амьд яваад чинь би гайхаж байна!
Залуу түүний үгэнд зүгээр л инээмсэглэв.
Гэнэт өвгөн тас тас хөхрөн инээв. —Тэнгэрийн эзэн хаан тэр мэдээг анх сонсоод ямар ууртай царай гаргасныг нь төсөөлөхөд л болж байна! Ахаха! Залуу минь, чи надад таалагдлаа! Нэр чинь хэн бэ?
Өвгөнийг хүрээлж байсан эртний сүр хүч аль хэдийн арилжээ. Одоо тэр сайхан сэтгэлтэй өвөө шиг л харагдаж, авирлаж байв.
—Намайг Сү Ян гэдэг, —гэж залуу хэлэв.
—Тэгвэл, Сү Ян… энэ газраас явмаар байна уу? —гэж өвгөн гэнэт жуумалзан, шар шүднийхээ хоёр эгнээг ил гаргав.
Сү Ян анх удаа өвгөний царайг ажиглан харлаа. Үрчлээсээр дүүрсэн тэр царай бараг хатсан жимс шиг байв. Сүнс шиг царайтай ч нүд нь ус шиг тунгалаг бөгөөд мөнхийн шөнийн тэнгэрийн хамгийн тод оддоос ч илүү гэрэлтэж байлаа.
—Ямар хэрэг байна? —гэж Сү Ян хэсэг азнасны эцэст хэлэв. —Энэ газраас гарлаа ч Тэнгэрийн эзэн хааны хилэнг улам ихээр хөдөлгөхөөс цаашгүй. Түүний уур хилэнтэй байнга нүүр тулж байснаас эндээ сүнс минь ялзартал суусан нь дээр гэж бодож байна.
—Тэнгэрийн эзэн хаанаас санаа зоволгүйгээр эндээс явж болно гэвэл яах вэ? —Өвгөн инээмсэглэлээ хэвээр хадгалсан ч харцных нь гүнд нэгэн гүн утга шингэсэн гэрэл гялсхийв.
—Тэгээд яах юм? Явсныхаа дараа би юу хийх ёстой вэ? Сүүлийн хэдэн мянган жил туулсан нүгэлт амьдралаа үргэлжлүүлэх үү? Эсвэл намайг хилсээр буруутгасан хүмүүсээс өшөө авах уу?
—Тэр... чиний л мэдэх хэрэг.
Сү Ян гэнэт гараа шөнийн тэнгэр өөд сунган, дээр гялалзах оддыг атгах гэсэн мэт сарвайв. —Тэгвэл... нэг өдөр энэ газраас явъя гэж шийдвэл би... —Тэр гэнэт үгээ тасалж, инээмсэглэв. —Больё. Эндээ үхтлээ залхуурч суусан нь дээр юм байна.
Өвгөн дахиад л инээд алдав. —Хүслээ энэ хөгшнөөс бүрэн нуухад чи арай л балчир байна даа, залуу минь! Энд мөнхөд байсан ч чи үнэхээр өтөлж үхнэ гэж үү? Чам шиг мөнх настай хүн яаж өтөлж үхэх вэ дээ? Хэхэхэ... хүслийг чинь биелүүлье! Тэр гэнэт босоод ханцуйгаа даллахад Мөнхийн Гэсгээлийн цохио үүссэн цагаас хойш огт өөрчлөгдөөгүй байсан шөнийн тэнгэр гэнэт өдөр болон хувирч, тэнд оршин суудаг бүх сүнсийг алмайруулав.
—Та... та хэн бэ? —Сү Ян нүдээ том болгон, жуумалзсан өвгөнийг ширтэв.
Өвгөн хэлэв: —Зүгээр л хийх ажилгүй нэг өвгөн. За тэгээд... чамайг явуулахаасаа өмнө хийсэн зүйлийн чинь төлөө талархмаар байна...
—Надад талархах... гэнэ ээ? Юу гэсэн үг вэ—
Сү Ян өвгөнөөс яагаад талархаж байгааг нь асууж амжаагүй байтал гэнэт хурц цагаан гэрэл ертөнцийг нөмөрч, харааг нь бүрхэв.
–
Цагаан гэрэлд нүд нь гялбаж харахгүй болмогц Сү Ян зүрхнийхээ орчимд илдээр хатгуулсан мэт хурц өвдөлт мэдрэв. Нүдээ огцом нээтэл урд нь өргөн тавцан дээр ган илд атгасан, ёрын муухай инээмсэглэл тодруулсан царайлаг залуу зогсож байлаа.
— Тц. Зүрхийг нь арай л онох шахлаа, — гэж царайлаг залуу бувтнав.
Сү Ян доош харвал илд биед нь зоогдсон байв. Тэр даруй сэрэмж авч, — Зайл! — гэж хашхирлаа. Гэнэт Сү Яны биеэс алах санаагаар бялхсан сүрдэм хүч оргилон гарч, өмнө нь байсан царайлаг залуу болон тавцанг нь тойрон зогссон хэдэн арван хүнийг ам дүүрэн цус ханиалгахад хүргэв.
Царайлаг залуу Сү Янтай маш ойрхон зогсож байсан тул цус ханиалгаад шууд ухаан алдан унав.
Эргэн тойрон тэр дороо таг чиг болов. Сү Ян өвдөлтийг үл тоон, цээжинд нь зоолттой хэвээр байсан илдийг сугалж авав.
Цээжнээсээ илдийг сугалмагцаа Сү Ян энэ завшааныг ашиглан дурсамжаа яаравчлан нэгжлээ.
Дурсамжаа сөхөхөд тэр өөртэй нь ижил нэртэй залуу бясалгагчийн биед орсноо мэдэв. Тэр залууг Сү Ян гэдэг бөгөөд дүр төрх нь өөрийнх нь залуу үеийнхтэй яг адилхан байлаа. Гэвч төстэй тал нь үүгээр дуусаж, бусад нь бүгд өөр байв. Хуучин бясалгалын түвшинтэй нь харьцуулахад одоогийнх нь бараг байхгүйтэй адил байлаа. Тэр одоо хос бясалгалд голлон анхаардаг Гүн Цэцэглэлтийн сургуулийн шавь бөгөөд энэ сургуульд эсрэг хүйсийн хоёр хүн бясалгалын төлөө бэлгийн харьцаанд ордог аж! Саяхан л бясалгал хийж эхэлсэн залуу хүү байсан үе рүүгээ цаг хугацаагаар буцсан мэт санагдана!
Энэ байдалд яаж орсноо ч тэр дурсамжаасаа олж мэдэв. Өмнөх “Сү Ян” Шин Шин гэдэг эмэгтэй шавийг эргүүлж яваад, түүний одоогийн хамтрагч Янь Мингийн дургүйг хүргэжээ. Одоо ухаангүй хэвтэж буй царайлаг залуу бол тэр Янь Мин бөгөөд үүнээс болж тэр хоёрын хооронд үхлийн тулаан болохоор болсон байв.
— Тэнгэр минь, юу болоод байна аа?! — хэмээн Сү Ян уулга алдаад, Мөнхийн Гэсгээлийн цохион дээрх өвгөн түүнийг энэ газраас гаргахад тусална гэж хэлснийг гэнэт санав.
“Намайг цаг хугацаагаар буцаачихав уу… Үгүй ээ… Би энэ Гүн Цэцэглэлтийн сургуулийн шавь болж байсан гэж огт санадаггүй… Тэгвэл…”
Сү Ян бодолд автан байх зуур чанга хашхираан нам гүмийг гэнэт эвдэв. —Бүгд хөдөлгөөнгүй зогс!
Дунд эргэм насны эр тавцан дээр үсрэн гарч ирээд Сү Ян болон ухаангүй хэвтэх Янь Мин рүү хөмсөг зангидан харав. — Та хоёрт өнөөдөр үхлийн тулаан хийх зөвшөөрлийг хэн өгсөн юм? Сахилгын баг дуудахыг минь хүлээлгүй зайлцгаа!
— За, Сүн ахлагч аа! — гэж хэлээд тавцанг тойрон зогссон шавь нар сандран яаран холдон одож, тавцан дээр Сү Ян, Янь Мин хоёр л үлдэв.
Эхлээд эндээс явж, дараа нь бодож тунгаахаар шийдэв. Тавцангаас үсрэн буухаасаа өмнө дунд эргэм насны эр буюу Сүн ахлагч түүн рүү хараад: — Нэр чинь хэн бэ? — гэж асуув.
— Сү Ян, — гэж тэр тайвнаар хариулав.
Сүн ахлагч толгой дохин, түүн рүү дахин харалгүй, ухаангүй Янь Минийг өргөж авахаар шууд очив.
Тавцангаас буусныхаа дараа Сү Ян дурсамжаа уудалсаар амьдардаг байр руугаа алхав.