“Чү Фэн, би чамайг ална!”
Туйлын ихээр сэтгэлээр унасан Чү Шүн Чү Фэнийг харангуутаа галтай таарсан тэсрэх бөмбөг мэт болов. Зүрхэнд нь овоорсон уур хилэн тэр даруй дэлбэрэн гарлаа.
Тэрээр Сүнсний шатны 5-р түвшний сүр хүчээ дэлгэн, бусдын харцыг үл тоон нударгаа зангидсаар Чү Фэн рүү дайрав. Түүний хүчээр бол Чү Фэнийг ганц цохилтоор алахыг үнэхээр хүсэж байлаа.
“Миний дүүг хэн оролдож зүрхлэх вэ!”
Гэвч Чү Шүн Чү Фэнд ойртож ч амжилгүй чихэнд нь ууртай хашхираан сонсогдов. Үүний зэрэгцээ хүчтэй салхи нүүр өөд нь нүдэж, түүнийг арагш үлээлгэн шахсаар газарт унагаах шахав.
“Чү Гүюй!”
Эргэн харвал Чү Фэний дэргэд царайлаг залуу зогсож байлаа. Тэр бол Чү Фэний ах Чү Гүюй байв.
Тэр агшинд Чү Шүний асаасан гал тэр дороо унтарлаа. Тэр Чү Гүюйг дэндүү сайн мэднэ. Чү Гүюйг Чү овгийн залуу үеийн нэгдүгээр хүн хэмээн хүлээн зөвшөөрдөг бөгөөд Чү Шүн түүнтэй сөргөлдөж болох хүн биш байв.
“Чү Шүн, сайн сонс. Хэрэв чи миний дүү рүү дахин гар хүрвэл би чамайг тахир дутуу болгоно.” Чү Гүюй Чү Шүн рүү хуруугаараа заан анхааруулав.
Энэ дүр зургийг харсан Чү Фэний сэтгэл дулаацав. Түүнийг бага байхад ч мөн адил, хэн нэгэн түүнийг дээрэлхэх бүрд хамгийн түрүүнд гарч ирэн хамгаалдаг хүн нь ах Чү Гүюй байлаа. Өнөөдөр түүнийг харахад ах нь бүр ч найдвартай санагджээ.
“Хөөх, ямар сүртэй юм бэ! Би та хоёрыг хараагүй хэдэн жилийн хугацаанд та хоёр ах дүү бүр ч их бардам болжээ.”
Гэнэт хурц дуу цуурайтав. Тэд толгойгоо эргүүлэн харвал Чү овгийн залуу үеийн хэд хэдэн хүн тэдний зүг алхаж байлаа. Тэднийг тэргүүлж явсан нь цонхигор, тун ч зэвүүн царайтай залуу байв.
Түүнийг харсан Чү Фэн, Чү Гүюй хоёрын царай зэрэг хувирч, зүрхэнд нь уур хилэнгийн давалгаа босов.
Хэдийгээр тэд олон жил уулзаагүй ч Чү Фэн түүнийг нэг харсан даруйдаа танилаа. Тэр бол урьд нь тэднийг газарт унатал нь зодож, маш ихээр доромжилж байсан Чү Хунфэй байв.
“Чү Хунфэй. Чи үнэхээр буцаж иржээ. Тэр жилийн өр ширийг тооцоо нийлэх цаг болсон гэж бодож байна.” Чү Гүюй хүйтнээр хэлэхэд нүдэнд нь уурын оч нууцхан гялалзав.
“Аан, Линъюнь Сургуульд хэдэн жил байсны чинь дараа ааш зан чинь дэндүү муудаж дээ. Чи өөрийгөө Чү овгийн залуу үеийн нэгдүгээр хүн болсон гэж бодож байна уу? Намайг ялж чадна гэж бодож байна уу?” Чү Хунфэй Чү Гүюйг басамжлан ширтэв.
“Би Чү овгийн залуу үеийн нэгдүгээр хүн мөн эсэхийг чи өөрөө мэднэ.” Чү Гүюйн хоолой улам хүйтэн болов. Тэр зүрхэндээ буцалж буй уураа хүчээр дарж байсан бөгөөд биеэс нь хүртэл жихүүн хүйтэн мэдрэгдэж байлаа.
“Муугүй юм, зориг байна. Тэгвэл Чү Фэн чи яах вэ?” Чү Хунфэй Чү Фэн рүү хараад хэлэв. “Чи тэр хоёрдугаар зэргийн Хөх Лууны Сургуулийн гадаад хашаанд таван жил байсан гэж сонссон?”
“Тэр муухай газар таван жил байна гэдэг чинь ямар тэнэг хэрэг вэ? Чи манай Чү овгийн хүн биш байсан ч овгийн нэрийг маань тээж явна. Манай Чү овгийн нэр төрийг гутааж байгаадаа ичдэггүй юм уу?”
“Би та хоёрт анхааруулъя. Тэмцээний үеэр надтай тааралдахгүй байсан нь дээр. Үгүй бол долоон жилийн өмнөхтэй адил та хоёрыг босож ч чадахгүй болтол чинь зодно.”
“Мөн чамд хэлчихье. Овгийн тэргүүний суудал миний эцэг Чү Наньшаньд очно. Учир нь над шиг онцгой хүү, Чү Хунфэй түүнд бий.”
Ингэж хэлснийхээ дараа Чү Хунфэй хүмүүсээ дагуулан тэмцээний бүртгэл рүү явлаа.
Чү Гүюй түүн дээр очиж ямар нэгэн зүйл хэлэхийг хүссэн боловч хэн нэгэн хувцаснаас нь татахыг мэдрэв. Тэр эргэн харвал Чү Фэн байлаа.
“Ах аа, ийм хүмүүстэй олон үг ярих хэрэггүй. Тэмцээн дээр түүнийг газарт хэвтүүлэх нь хамгийн сайн арга.” Чү Фэн тайвнаар хэлэв.
Чү Гүюй Чү Фэнийг хараад өөрийн эрхгүй гайхан ширтэв. Түүний зүрхэнд үгээр хэлэхийн аргагүй мэдрэмж төрөв. Дүү нь өөрчлөгджээ. Яг юугаараа өөр болсныг тэр мэдэж чадахгүй байсан ч Чү Фэн бүхэлдээ гүн гүнзгий, тааварлашгүй нэгэн болсон мэт санагдаж байлаа.
Чү Юаньба ёс төдий хэдэн үг хэлсний дараа Чү овгийн залуу үеийнхэн тулааны бэлтгэлийн талбайд орлоо. Ингээд эхний тэмцээн эхлэв.
Чү Фэн сугалсан дугаарынхаа дагуу 5-р дэвжээн дээр гарлаа. Түүнийг дэвжээн дээр гармагц доромжлон ярьсан дуу хоолойнууд ч сонсогдож эхлэв.
“Тэр Чү Фэн мөн биз дээ? Хөх Лууны Сургуулийн гадаад хашаанд таван жил байсан нөхөр биш үү? Энэ жил эцэст нь дотоод хашаанд оржээ?”
“Дотоод хашаанд орсон ч тэр хог хэвээрээ. Тийм байж тэмцээнд орж зүрхэлдэг байна шүү. Тэнгэр ямар өндөр, газар ямар зузаан болохыг ч мэддэггүй юм байна.”
“Тийм байвал сайн биз дээ? Түүнд сайхан сургамж өгөөд зогсохгүй, хүү нь хог мөн үү, үгүй юу гэдгийг Чү Юаньд харуулчихна.”
Чү Фэнийг мэддэг хүмүүсийн ихэнх нь Чү овгийнхон байлаа. Чү Фэнийг доромжилж зүрхэлсэн хүмүүс ч мөн Чү овогт тодорхой байр суурьтай хүмүүс байв. Тэд Чү Фэнийг ичээхээс гадна Чү Юанийг бүр ч ихээр гутаахыг хүсэж байлаа.
Яг тэр үед өөр нэг хүн дэвжээн дээр гарч ирэв.
“Чү Фэн, чи юм байна.”
Чү Фэн хажууд нь гарч ирсэн хүнийг хараад үггүй болов. Тэр бол түүний хуучны дайсан Чү Жэнь байлаа.
Гэвч Чү Фэнтэй харьцуулахад Чү Жэний царай туйлын муухай харагдаж байв. Амных нь булан татвалзаж, эхний тойрогт Чү Фэнтэй таарсандаа азгүйтлээ хэмээн дотроо харааж байлаа.
“Чү Жэнь. Хэрэв зөв санаж байгаа бол энэ залуу хоёр хоногийн өмнө Сүнсний шатны 4-р түвшинд орсон гэсэн. Чү Фэн одоо багагүй зовлон амсах нь дээ.”
Чү Фэний жинхэнэ нөхцөл байдлыг мэддэггүй Чү овгийнхон Чү Жэнь түүнтэй тулалдахаар болсныг хараад дотроо баярлав. Тэд Чү Жэнь Чү Фэнтэй харьцах нь ёстой амархан хэрэг гэж бодож байлаа.
Чү Жэнь болон түүний ах дүү нар багаасаа л Чү Фэнд дургүй байсан. Чү Жэнь довтолбол өөрийгөө барихгүй гэж тэд бүгд бодож байв. Тиймээс Чү Фэн хэрхэн ширүүн зодуулж байгааг харахыг хүлээж байлаа.
“Би бууж өгье!”
Гэвч яг тэр үед дэвжээн дээр байсан Чү Жэнь баруун гараа өргөн чангаар хашхирлаа. Тэр бууж өглөө.
“Чү Жэнь, муу банди минь, юу яриад байгаа юм бэ? Тулаан эхлээгүй байхад бууж өгдөг чинь юу вэ?” Ойролцоогоос ширүүн хашхираан сонсогдов. Энэ бол Чү Жэний эцэг байлаа.
Эцгийнхээ хурц харцтай тулгарсан Чү Жэний царай хувьсан өөрчлөгдсөн ч эцэст нь тэр шүдээ зууж, эргэн харан дэвжээнээс буув.
“Юу... юу болоод байна вэ?”
Энэ дүр зураг бүгдийг цочирдуулав. Бууж өгсөн гэж үү? Чү овгийн тэмцээнд ийм зүйл тэр бүр үзэгддэггүй байлаа. Тэгээд бууж өгсөн хүн нь Чү Жэнь, өрсөлдөгч нь Чү Фэн байв.
Яаж ийм зүйл байж болох вэ? Чү Жэнь тэнэг болчихсон юм уу? Тархинд нь асуудал гарсан юм уу? Юу болсон юм бэ?
Үнэн байдлыг мэддэггүй Чү овгийнхон үггүй болов. Чү Жэнь яагаад ингэснийг тэд мэдэхгүй байсан ч түүний үйлдэл тэднийг үнэхээр их гайхшруулжээ.
Чү Юаньба хүртэл Чү Жэний энэ үйлдэлд анхаарлаа хандуулав. Тэр хөмсгөө зангидсан бөгөөд өтөл насны харцнаас нь хүртэл учрыг нь олоогүй нь илт байлаа.
“Чү Фэн энэ тойрогт яллаа.”
Ямар ч байсан Чү Фэн үнэхээр ялсан байв. Хэдийгээр энэ нь хүмүүст тааварлашгүй санагдсан ч тэмцээнд ялалт байгуулсан анхны хүн нь Чү Фэн боллоо.
Эхний тойргийн дараа Чү Фэнийг удалгүй өөр нэг дэвжээнд хуваарилав. Тэр дэвжээн дээр саяхан өөрөө зодсон хүн зогсож байхыг тодхон хараад Чү Фэн хүртэл өөрийн эрхгүй инээмсэглэв.
Тэр хүн бол Чү Жэний ах Чү Чэн байлаа.
Тэр агшинд Чү Чэний царай цонхийж, уруул нь ногоорон байв. Тэр дотроо хараалаа:
“Бид хоёр ах дүү найман үеэрээ азгүй юм аа. Яагаад энэ чөтгөртэй таарчихдаг байна аа?”
Хэдийгээр тэр дотроо туйлын дурамжхан байсан ч Чү Фэнээс дэндүү их зовлон амссан тул түүнтэй гар зөрүүлэхийг хүссэнгүй. Хэсэг бодсоны эцэст тэр Чү овгийнхныг мэл гайхуулсан үйлдэл хийв.
“Би бууж өгье!!!”