Тэр үед Чү Фэний нүүрэнд гэрэлтсэн инээмсэглэл тодорч байлаа. Тэр инээмсэглэл нь туйлын дулаахан бөгөөд хүний зүрхийг хайлуулмаар байв.
Гэвч хамгийн их анхаарал татаж байсан зүйл нь Чү Фэний баруун гар байлаа. Тэр гартаа шинэхэн цэцэгс атгасан байв. Цэцэг бүр долоон дэлбээтэй бөгөөд дэлбээ тус бүр нь өөр өөр өнгөтэй тул туйлын үзэсгэлэнтэй харагдана.
Нарны гэрэлд тэд бүр ч үзэсгэлэнтэй болж, бүдэгхэн долоон өнгийн гэрлээр бүрхэгдсэн мэт байлаа. Тэр ч бүү хэл, цэцэгсийн эргэн тойронд хэд хэдэн эрвээхэй нисэлдэж байсан нь ямар анхилуун үнэртэйг нь харуулна.
Долоон өнгийн цэцэгс. Тэд туйлын ховор бөгөөд аз тохиосон үед л ганц нэгийг нь харж болох байв. Гэтэл Чү Фэн гартаа бүтэн атга цэцэг барьжээ.
—Мэдээж, сүнсний эмүүд надад чухал. Гэхдээ чи эдгээр Долоон өнгийн цэцэгсийг харахыг хүссэн болохоор тэдгээр нь сүнсний эмүүдээс ч илүү чухал. Тиймээс би чамд зориулж түүж ирэхээс өөр аргагүй байсан юм.
Чү Фэн үл ялиг инээмсэглээд, Долоон өнгийн цэцэгсийг Су Мэйгийн гарт тавив.
—Би...
Су Мэй цэцэгсийг аваад яахаа мэдсэнгүй. Түүний зүрх улам хурдан цохилж, сэтгэл нь нэг л хөндүүрлэн бас дулаацаж байлаа. Нүд нь ч чийгтэв.
—Ингэтлээ уярчихаад уйлах нь уу? гэж Чү Фэн инээвхийлэн асуув.
—Хэн уйлсан юм бэ?
Су Мэй Чү Фэн рүү ууртай харж, нулимсаа үнэхээр тогтоов. Дараа нь хамраа Долоон өнгийн цэцэгсийн дэргэд аваачин, үнэрийг нь гүнзгий амьсгалав. Хамар дүүрэн анхилуун үнэр мэдрэгдэхэд тэр аз жаргалтайгаар инээмсэглэв.
Түүний инээмсэглэл туйлын эелдэг, туйлын үзэсгэлэнтэй байлаа. Тэр инээмсэглэл хүний сэтгэлийн утсыг хөдөлгөж, харсан хүмүүс нь бүр ховсдуулсан мэт татагдана. Чү Фэн ч үүнээс үл хамаарахгүй байв.
Гэвч Су Мэй яагаад ингэтлээ аз жаргалтай инээмсэглэж байсныг маш цөөхөн хүн мэдэж байлаа. Энэ нь зөвхөн түүний гарт буй Долоон өнгийн цэцэгсээс болсон зүйл биш. Харин цэцэгсийг түүнд зориулж түүж өгсөн хүнээс болсон юм.
Ихэд баярласныхаа дараа Су Мэй инээмсэглэн сануулав.
—Явцгаая. Дөрвөн цагийн хугацааны хязгаар дуусах дөхөж байна. Бид удахгүй шалгалтад тэнцэхгүй болж мэднэ.
—Харин тэд яах вэ? Тэдний шарх маш хүнд байна. Яаралтай эмчлэхгүй бол үхчихгүй биз дээ? гэж зарим хүн санаа зовнин асуув. Тэдний шарх бас хөнгөн биш байсан ч ихэнх гэмтэл нь ердөө л хөхрөлт байв. Энэ нь Ертөнцийн Эвсэл болон Сэлмийн Эвслийн гишүүдийн шархтай харьцуулахын аргагүй байлаа.
—Санаа зоволтгүй. Би хүчээ барьсан учраас тэд үхэхгүй гэж Чү Фэн тайлбарлав.
—Тэднийг тоох хэрэггүй. Шалгалтын хугацаа болоход эгч маань Хөх Лууны Цэцгийн Хүрээлэнд орж ирээд, тэднийг эмчилнэ.
Су Мэй үргэлжлүүлэн хэлэв:
—Түүнээс гадна буруу нь тэдэнд байсан учраас эгч маань биднийг буруутгахгүй. Хамгийн чухал нь энэ Хөх Лууны Цэцгийн Хүрээлэнгээс гарах явдал.
—Гарах замыг нь би мэднэ. Намайг дага.
Чү Фэн инээмсэглээд тэднийг дагуулан явлаа. Түүний алхаж буй байдал нь цэцэрлэгт зугаалж байгаа мэт тайван байв.
—Чи ч гэсэн энд анх удаа ирж байгаа биз дээ? Тэгвэл гарах зам хаана байгааг яаж мэдэж байгаа юм бэ? хэмээн Су Мэй араас нь дагаж явахдаа бага зэрэг сэжиглэнгүй асуув.
—Би цэцэгсийн төлөө Хөх Лууны Цэцгийн Хүрээлэнг бүхэлд нь гүйж туулсан. Энд надаас илүү танил хүн байхгүй. Гарах замыг нь мэдэхээр барахгүй, энд байсан бүх сүнсний эмийг ч түүчихсэн гэж Чү Фэн инээмсэглэн, Огторгуйн Уутаа алгадаад хэлэв.
—Чи ч ёстой золиг юм аа.
Чү Фэний үгийг сонсоод Су Мэй нэгэн зэрэг гайхаж бас уярлаа.
Тэр Хөх Лууны Цэцгийн Хүрээлэн ямар том болохыг мэддэг байв. Тэд бүтэн өдөржин алхсан ч цэцэрлэгийг бүхэлд нь туулж чадахгүй байж мэднэ. Гэтэл Чү Фэн ийм богинохон хугацаанд хаа сайгүй оччихсон байлаа. Түүний хурд ямар их байсан юм бэ?
Харин Су Мэй яагаад уярсан бэ гэвэл, Долоон өнгийн цэцэгсийг түүнд түүж өгөхийн тулд Чү Фэн Хөх Лууны Цэцгийн Хүрээлэнг бүхэлд нь шаргуу туулсан байв. Су Мэй шиг цэвэр ариун сэтгэлтэй залуу бүсгүйн хувьд энэ нь гайхсанаасаа хавьгүй илүү сэтгэл хөдөлгөм зүйл байлаа.
Үнэхээр ч Чү Фэний дагуулснаар тэд удалгүй өргөн уудам нэгэн ордонд хүрэв. Энэ нь Хөх Лууны Цэцгийн Хүрээлэнгээс гарах гарц бөгөөд мөн цөмийн бүс рүү орох орц байлаа.
Ордонд ормогц тэдний өмнө асар том танхим харагдав. Танхимын голд чулуун тавцан байлаа. Тэр чулуун тавцан дээр гурвалжин хэлбэртэй хад байрлана. Хад нь яг нэг метр өндөр бөгөөд доороосоо дээш ногоон, шар, улаан гэсэн гурван өнгөөр хуваагджээ. Үнэхээр ч нэлээд үзэсгэлэнтэй харагдаж байв.
Хамгийн чухал нь тэр хадны хажууд зургаан хөгшин сууж байлаа. Тэдний үс цагаан, саарал холилдсон бөгөөд нүүр дүүрэн үрчлээтэй байв. Нэг харахад л нас нь зуунд дөхсөнийг мэдэж болохоор байлаа.
Хэдийгээр тэдний нас өндөр байсан ч бие дэх аура нь туйлын өтгөн байв. Чү Фэн сүнсний хүчээ ашиглаад тэдний хүчийг огт тогтоож чадсангүй. Тэд энгийн хүмүүс биш нь илт байлаа.
Тэд яг одоо нүдээ анин амарч байв. Хөдөлгөөн сонсмогцоо аажмаар нүдээ нээв. Гэвч Чү Фэн болон бусдыг хармагцаа хөгшин харцанд нь гайхшрал тодров.
Сы Тү Юй болон бусдын нүүр, бие дээрх шарх нь механизмын улмаас үүссэн зүйл биш байлаа. Хүний гараар бий болсон нь илт байв. Гэвч Настнууд юу ч асуусангүй. Эцсийн эцэст шавь нарын хоорондох тулааныг тэд дэндүү олон удаа харсан байлаа.
Харин нэг хөгшин эмэгтэй Су Мэйгийн гарт буй Долоон өнгийн цэцэгсийг хараад туйлын их гайхав.
—Энэ чинь Долоон өнгийн цэцэгс байна. Бас ийм олон гэж үү? Чи Хөх Лууны Цэцгийн Хүрээлэн дэх бүх Долоон өнгийн цэцэгсийг түүчихсэн юм биш үү?
Су Мэй хөгшин эмэгтэйн асуултад инээмсэглэлээр л хариулав. Тэр яаж хариулахаа мэдсэнгүй. Түүний сэтгэлд зөвхөн аз жаргал дүүрэн байлаа.
—За, нааш ирээд шалгуул гэж өөр нэгэн хөгшин хэлэв.
Үүнийг сонсоод Чү Фэн болон бусад нь эргэлзэлгүйгээр гурван өнгийн хачин хадны өмнө дараалан очив.
Үнэндээ энэ гэгддэг шалгалт нь тэдний авьяасын үзүүлэлтийг шалгах явдал байлаа. Авьяасын үзүүлэлтийг цөмийн бүсэд нийтэд зарлаж, бүх цөмийн Настнууд болон цөмийн шавь нар мэдэх болно. Ирээдүйд тэдний олж авах хөгжил нь үүнтэй салшгүй холбоотой байв.
Шалгах арга нь гурван өнгийн хадны гол хэсэгт бага зэрэг сүнсний эрчим шингээх явдал байлаа. Сүнсний эрчмийн төвлөрөл хангалттай байхад хад идэвхжиж, тод гэрэл цацруулна.
Ногоон өнгө нь бага зэрэглэлийн авьяасыг, шар өнгө нь дунд зэрэглэлийн авьяасыг, улаан өнгө нь өндөр зэрэглэлийн авьяасыг илэрхийлнэ.
Цөмийн шавь нарын дийлэнх нь бага зэрэглэлийн авьяастай байв. Шар өнгийн хэсгийг идэвхжүүлж, дунд зэрэглэлийн авьяастай гэдгээ харуулж чаддаг хүн маш цөөхөн. Харин өндөр зэрэглэлийн авьяасыг илтгэдэг улаан хэсгийг өнөөг хүртэл ердөө хоёр хүн л идэвхжүүлжээ.
Тэдний нэг нь тухайн үеийн №1 шавь Жан Тяньи байв. Нөгөө нь өнөөгийн №1 шавь Гун Луюнь байлаа.
—Би түрүүлж оръё.
Далавчит Эвслийн тэргүүн Сы Тү Юй хамгийн түрүүнд урагш алхав. Тэр өөрийн авьяаст туйлын итгэлтэй байсан тул шар хэсгийг идэвхжүүлэхэд нэг их асуудал гарахгүй гэж бодож байлаа. Эцсийн эцэст Чү Фэн гарч ирэхээс өмнө тэр дотоод хүрээний шавь нарын дундах №1 хүн байсан юм.
Сы Тү Юй гараа шалгах чулуун дээр тавихад бусад хүмүүс, тэр дундаа Су Мэй хүртэл сэтгэл түгшин хүлээв. Эцсийн эцэст энэ шалгалт нь тэдний ирээдүйн ололт амжилтыг тодорхойлно. Мөн тэдний ирээдүйтэй шууд холбоотой байлаа.
Хмм.
Сүнсний эрчим хаданд нэвчихийн хэрээр шалгах чулуунаас эрчмийн хэлбэлзэл үүсэв. Дараа нь хамгийн доод хэсэг буюу ногоон хэсэг нь ногоон гэрэл цацруулан гэрэлтлээ.