Алхам тутамдаа Чү Фэн Жянь Фэнъид улам бүр ойртсоор байлаа. Түүний нил ягаан дээл ямар ч салхигүй байхад хийсэж, нүднийх нь хүйтэн харц сүрдмээр харагдана. Бүх биеэс нь яс нэвтлэх алах санаархал цацарч, тэр яг л хүн алах бурхан мэт байв.
Ийм байдалтай Чү Фэнтэй нүүр тулсан Ертөнцийн Эвсэл болон Сэлмийн Эвслийн хүмүүс айсандаа ухран холдов. Зарим нь бүр газарт унаж, өнхөрч мөлхөн зугтахыг оролдож байлаа.
Зөвхөн Жянь Фэнъи л хөдөлгөөнгүй зогсов. Тэр зугтахыг хүсээгүйдээ биш, зугтаж чадахгүйдээ тэр байв. Сэлмийн Эвслийн эвслийн тэргүүн байж, харьяа хүмүүсийнхээ өмнө ингэж нэр нүүргүй үйлдэл гаргаж яаж болох билээ?
Гэвч яг өөдөөс нь ирж буй Чү Фэний сүр хүч түүнд үнэхээр түгшүүр төрүүлж байв. Ялангуяа Чү Фэний ард туйлын өрөвдөлтэй байдалтай байсан Ло Уг хараад, өнөөдөр өөрт нь сайн зүйл тохиолдохгүйг тэр мэдэж байлаа.
“Чү Фэн, чи юу хийх гээд байгаа юм бэ?” гэж Жянь Фэнъи сандарсан байдалтай асуув. Түрүүхэн Су Мэйгийн хэлсэн “тэднийг зэрэмдэглэ” гэх үг түүнд үнэхээр чичрүүдэс төрүүлсэн байлаа.
“Жянь Фэнъи. Би чамд өмнө нь хэлсэн. Хөх Лууны Цэцгийн Цэцэрлэгт чамайг дахин харахгүй байсан нь дээр. Эс бөгөөс ээж чинь ч танихгүй болтол чинь зодно гэж.”
Чү Фэн хөнгөн инээмсэглэсээр Жянь Фэнъид улам ойртлоо. Гэвч Жянь Фэнъигийн нүдээр харахад Чү Фэний уруул дээрх өчүүхэн инээмсэглэл нь хүйтэн, өршөөлгүй байв.
“Хэрэв намайг зэрэмдэглэхийг хүсэж байгаа бол, түүнд чинь хүрэх хүч байгаа эсэхийг харъя.”
Гарах замгүй болсноо харсан Жянь Фэнъи ууртайгаар архирав. Тэр ухрахаар барахгүй, харин ч түрүүлж санаачлан довтлов.
Тэр нуруундаа үүрсэн сэлмээ сугалан гаргаж, хүйтэн гэрэл гялсхийх зуур Чү Фэн рүү галзууран хатгалаа. Сүнсний эрчмээр бүрэлдсэн, сэлэм хэлбэртэй хэд хэдэн хий агаарыг зүсэн нисэж, солир мэт шунгинан дуугарна. Тэдгээр нь маш шигүү байсан тул Чү Фэний урагшлах замыг бараг бүрэн хаажээ.
Энэ нь энгийн сэлмийн арга биш байв. Энэ бол 4-р зэрэглэлийн ур чадвар бөгөөд сэлэм хэрэглэдэг гэр бүлд төрсөн Жянь Фэнъи уг ур чадварыг үнэхээр гайхалтайгаар ашиглаж байлаа.
“Тэр үнэхээр эвслийн тэргүүн мөн байна. Солирын Сэлмийн Аргыг ийм түвшинд хүргэсэн байх гэж.”
Агаарыг солир мэт зүсэн нисэх сэлмийн хийсийг харсан Сэлмийн Эвслийн шавь нар дотроо баярлав. Тэр агшинд айдаст туйлдсан тэдний зүрх сэтгэлд итгэл найдвар төрлөө. Магадгүй өөрсдийн эвслийн тэргүүн хүн алах бурхан мэт Чү Фэнийг ялж чадах ч юм билүү гэж тэд гэнэт бодов.
“Хм.”
Гэвч шигүү сэлмийн хий Чү Фэний өмнүүр шүргэн ирэхэд, Чү Фэн бодол төрмөгц биеийг нь бүдэгхэн аянгын давхарга бүрхэв. Сэлмийн хий аянганд хүрсэн даруйдаа мод төмөр ханатай мөргөлдөх мэт болж, бүгд тэр дороо бутран агаарт сарнив.
“Энэ чинь…”
Бусдыг эс тооцвол Жянь Фэнъи хүртэл ихэд цочирдов. Тэр Солирын Сэлмийн Аргыг аль хэдийн бүрэн эзэмшсэн байлаа. Эх Үүслийн шатны мэргэжилтнүүд ч түүний ур чадвартай нүүр тулахдаа хайхрамжгүй байж зүрхэлдэггүй. Эс бөгөөс хүндээр шархдах байв. Гэтэл Чү Фэн түүний ур чадварыг нүднийх нь өмнө бүрэн сарниулчихлаа. Тэр ч байтугай алхмыг нь ч зогсоож чадсангүй.
“Би итгэхгүй.”
Жянь Фэнъигийн царай улам ширүүсэв. Тэр сэлмийнхээ үзүүрийг эргүүлэн дахин хэд хэдэн сэлмийн хий харвав. Гэвч энэ удаад тэд бүгд Чү Фэн рүү чиглэсэнгүй. Чү Фэний ард байсан Су Мэй рүү ч мөн чиглүүлжээ.
“Үхлээ эрж байна уу?”
Үүнийг харсан Чү Фэний сэлэм мэт хөмсөг нь догшин зангирч, том гараа даллахад нэгэн зурвас аянга харван гарлаа. Урт аянган ташуур мэт тэр аянга бүх сэлмийн хийг бут цохив. Чү Фэн гараа дахин даллахад аянган ташуур Жянь Фэнъи рүү догшин ороолгов.
“Биет Бүрэлдүүлэлт үү? Энэ залуу 5-р зэрэглэлийн ур чадвар ашиглаж чаддаг хэрэг үү?”
Жянь Фэнъи цочирдов. Ихэнх тулааны ур чадвар сүнсний эрчмийг биеэс гадуур ямар нэгэн биет болгон бүрэлдүүлж чаддаг. Гэвч Чү Фэн шиг сүнсний эрчмийг аянга мэт бодит бодис болгон хувиргаж, хэлбэр болон мөн чанарын хувьд эх төрхтэй нь адилтгаж чадах зүйл бол зөвхөн 5-р зэрэглэлийн Тулааны Ур Чадвар байлаа.
“Хараал идэг. Энэ залуу ер нь хэн юм бэ?”
Тэр агшинд Жянь Фэнъи Чү Фэн ямар хүчтэйг эцэст нь ойлгов. Гэвч өөрийг нь нөмрөн ирж буй аянган ташуурын өмнө түүнд удаан бодох зав байсангүй. Тэр яаран гар дахь сэлмээ өргөн Чү Фэний довтолгоог хаалаа.
Чах, чах~
Аянган ташуур зөрөн өнгөрөхөд оч үсэрч, Жянь Фэнъигийн гар дахь төмөр сэлэм хоёр хуваагдав. Үүний зэрэгцээ ташуур Жянь Фэнъигийн биеийг хүчтэй ороолголоо.
“Аа~”
Тэр ташуур Жянь Фэнъиг шууд ороолгож, хэдэн метрийн цаана шидэв. Түүнийг газарт унахад хүмүүс бэлхүүс дээр нь цус нэвчсэн шарх гарч, жихүүцэм цагаан яс нь хүртэл харагдаж байгааг олж харлаа.
Тас, тас, тас~
Гэвч тэр мөчид ч Чү Фэн аянган ташуураа зогсоосонгүй. Тэр Жянь Фэнъигийн биеийг дур мэдэн ар араас нь ороолгосоор байв. Жянь Фэнъи аймшигтайгаар зэрэмдэглэгдээд зогсохгүй, хоёр гар нь ч хугарчээ.
Хэрэв Жянь Фэнъигийн амьсгал тасраагүй байсан бол хүмүүс түүнийг амьд уу, үхсэн үү гэдэгт эргэлзэх байлаа. Гэхдээ тэр үхээгүй байсан ч ийм шархнаас бүрэн эдгэрэхэд 3–5 жил шаардагдана.
“Номын ах Чү Фэн, бид буруугаа ойлголоо. Гуйя, биднийг өршөөгөөч.”
Гэнэт Сэлмийн Эвслийн бүх шавь өвдөг сөгдөв. Өөрсдийн эвслийн тэргүүн ийм болтлоо зодуулсан тул өөрсдийнх нь хувь заяа ямар байхыг тэд бүрэн төсөөлж байлаа. Ялангуяа Чү Фэний арга барил хэрцгий байсан тул тэр тэднийг үхтэл нь зодохоос буцахгүй гэдэгт тэд огт эргэлзсэнгүй.
“Чү Фэн ноёнтон оо, амийг минь өршөөгөөч. Бид Далавчит Эвсэлтэй дахин хэзээ ч дайсагнахгүй.”
Яг тэр үед Ертөнцийн Эвслийн гишүүд ч мөн өвдөг сөгдөв. Тэд Чү Фэн рүү бөхийж мөргөж байлаа. Тэд үнэхээр айж байсан юм. Ийм Чү Фэнтэй нүүр тулсан байж айхгүй байна гэдэг л хачин байв.
“Хэрэв уучлал гуйж, буруугаа хүлээх нь үнэхээр тус болдог байсан бол өмнө нь буруу зүйл хийсэн бүх хүн шийтгэлийн зовлонгоос зайлж чадах байлаа. Өнөөдөр би өөрт минь ойр хүмүүс рүү халдсаны төлөөс ямар байдгийг энд байгаа хүн бүрт л харуулахыг хүсэж байна.”
Олон хүн хэчнээн гуйсан ч Чү Фэний царайнд өчүүхэн ч хөдөлсөн шинж байсангүй. Гэнэт нүднийх нь хүүхэн хараа агшиж, аянган ташуур дахин исгэрэн гарлаа.
“Ааааааа~~~~~”
Тэр агшинд Хөх Лууны Цэцгийн Цэцэрлэгт тасралтгүй хашхираан цуурайтав. Бараг хэн ч Чү Фэний ташуурын ороолтыг тэсэж чадсангүй. Гэвч Чү Фэн хүн бүрийг дор хаяж арван удаа ташуурдав. Тэд ухаан алдсан байсан ч Чү Фэн өчүүхэн төдий ч өршөөл үзүүлсэнгүй.
“Чү Фэн, хангалттай.”
Эцэст нь Су Мэй дуугарлаа. Зэрэмдэг болсон хүмүүсийн бөөг харсан тэрээр өмнө нь хэчнээн их уурлаж, тэднийг яс махандаа тултал үзэн ядаж байсан ч одоо уурынх нь өчүүхэн ч ул мөр үлдсэнгүй. Харин ч түүнд өрөвдөх сэтгэл төржээ.
Су Мэйг дуугармагц Чү Фэн аяндан ташуураа зогсоов. Тэр Сыту Юйтэй дотно харилцаагүй байсан. Тиймээс Жянь Фэнъитэй хувийн өс хонзонтой байснаас гадна, Су Мэйгийн уурыг гаргахыг хүссэндээ Жянь Фэнъи болон бусадтай ингэж харьцсан юм.
Харин Су Мэйтэй харьцуулахад Сыту Юй болон бусдын зүрх нь амаар гарах шахаж байлаа. Тэр өдөр Чү Фэн үнэхээр гараа татаж байсныг тэд эцэст нь ойлгов. Тэр өдөр Чү Фэн өөрийг нь өдөөн хатгасан явдлыг санахад Сыту Юй ч бас айдас төрөв. Учир нь Чү Фэнтэй харьцуулахад хүч чадал ч, арга барил ч аль алинаар нь өөрийгөө түүнтэй зүйрлэхийн аргагүй байлаа.
“Тэгэхээр чи газар доорх ордноор аль хэдийн гарчихсан юм байна. Яагаад энд намайг хүлээгээгүй юм бэ? Эсвэл сүнсний эмүүд чамд тийм чухал байсан юм уу?”
“Хэрэв чи арай л оройтсон бол, би…”
Чү Фэн сулласны дараа Су Мэй бага зэрэг гомдоллов. Тэр Чү Фэн Хөх Лууны Цэцгийн Цэцэрлэгт сүнсний эм түүж явсан байх гэж боджээ.
“Өө... түр хүлээ.”
Чү Фэн Су Мэйгийн гомдлыг няцаасангүй. Харин аяархан инээгээд холоохон дахь бут руу харайн орлоо. Түүнийг дахин гарч ирэхэд Су Мэйгийн царай тэр даруй хөшиж орхив.