Сорилтын чулууны орой анхнаасаа улаан өнгөтэй байв. Гэвч сайтар ажиглавал улаан хэсгийн орой дээр кунжутын үр шиг хэмжээтэй жижигхэн хар цэг байгааг олж харж болно. Хамгийн хачирхалтай нь тэр агшинд жижиг хар цэг дээр хар гэрэл анивчиж байлаа.
“Тэр хүү домогт гардаг хэсгийг идэвхжүүлчихсэн юм биш үү?”
Тэр агшинд хөгшин эрийн нүд өөрийн эрхгүй гялалзаж, амьсгал нь түргэсэв. Бие нь задран унах гэж байгаа мэт тэрээр бас хүчтэй чичирч эхэллээ.
Бүрэн сорилтын чулуу анх дөрвөн өнгөтэй байжээ. Түүний хамгийн дээд хэсэг нь улаан биш, хар өнгөтэй байв. Гэвч хар өнгө нь ердөө л домог мэт зүйл байлаа. Цуу яриагаар бол Есөн Муж даяар түүнийг идэвхжүүлж чадах ганц ч хүн байгаагүй аж.
Улаан хэсгийг идэвхжүүлж чадсан хүмүүсийг бясалгалын суут ухаантан хэмээн нэрлэхэд зохистой гэвэл, хар хэсгийг идэвхжүүлж чадсан хүн нь домог бүтээх ялагдашгүй суут ухаантан байх байв.
Хар хэсгийг идэвхжүүлж чадах хүн огт байгаагүй тул хүмүүс тэр хэсгийг хэрэггүй, бас идэвхжүүлэх боломжгүй гэж боддог болжээ. Эсвэл бүр зүгээр л худал цуурхал гэж үздэг байв. Ингээд цаг хугацаа өнгөрөхийн хэрээр сорилтын чулуун дээр ердөө гурван өнгө үлджээ.
“Энэ үнэн гэж үү? Үнэхээр үнэн гэж үү?”
Хачирхалтайгаар анивчих тэр жижигхэн хар цэгийг ширтэнгээ хөгшин эр итгэхэд бэрх санагдав. Тэр өөрийн эрхгүй нүдээ нухлаа. Нүдээ нээхэд гэрэл одоо ч байсан боловч аажмаар бүдгэрсээр эцэст нь чулуу анхны байдалдаа буцан оржээ.
“Фүү~~~”
Сая болсон бүх зүйл үнэн байсныг мэдээд хөгшин эр нүдээ анин, догдолсон сэтгэлээ тайвшруулав. Удаан хугацааны дараа тэр аажмаар нүдээ нээсэн ч хөгшин нүднийх нь гүнд аль хэдийн хязгааргүй их догдлол бадарсан байлаа.
Тэр Чү Фэн болон бусдын явсан зүгийг харангаа аяархан хэлэв.
“Тэнгэрүүд манай Хөх Лууны Сургуулийг цэцэглэн хөгжөөсэй гэж хүсэж байгаа бололтой. Гэхдээ энэ бол өчүүхэн хэрэг биш. Шийдвэр гаргахад цаг хугацаа хэрэгтэй бололтой.”
Чү Фэн болон бусад нь танхим дотор болсон бүхнийг огт мэдсэнгүй. Тэр үед тэд аль хэдийн гол бүсэд орчихсон байв. Нэгнийхээ араас үргэлжлэх сүрлэг ордон, өргөн чулуун замыг хараад тэд шинэ аялал нь эхэлснийг эцэст нь ойлголоо.
“Эд нар энэ жилийн гол шавь нар мөн биз дээ? Яагаад бүгд ингэж хүнд бэртчихсэн байгаа юм бэ?”
“Ямар нэгэн зүйл болсон байж магадгүй. Гэхдээ цээжин дээрх тэмдгийг нь хар л даа. Тэд Далавчит Эвслийн гишүүд бололтой. Дэлхийн Эвсэл болон Сэлмийн Эвсэл энэ жилийн шалгалтад оролцоогүй юм байх даа?”
“Тэр охин нэлээд хөөрхөн юм. Тийм залуудаа шалгалтыг давсан гэхээр ямартай ч мангас л гэсэн үг. Энэ мангасыг хэн эзэмдэх бол гэж гайхаж байна.”
Олон гол шавь талбайн гадна цугларчээ. Тэд өнөөдөр гол шавийн шалгалт болох өдөр гэдгийг мэдэж байв. Тиймээс энэ жилийн шинэ гол шавь нарын төрх байдлыг сонирхон харахаар тэр газарт эрт цугласан байлаа.
Чү Фэн эргэн тойрныхоо хүмүүсийг ажиглахдаа гол шавь нарын дунд үнэхээр далд хүчтэн олон байгааг олж мэдэв. Эргэн тойрны хэдэн арван хүнтэй олны ихэнх нь Сүнсний шатанд байсан ч Эх Үүслийн шатанд орсон хүн ч олон байлаа.
Түүний мэдэж байснаар Хөх Лууны Сургуулийн гол шавийн тоо нь гадна ордны болон дотоод ордны шавь нараас хавьгүй цөөн боловч ойролцоогоор хоёр мянга орчим байв. Тэр хоёр мянган хүн залуу атлаа аль хэдийн ер бусын хүч чадалтай байлаа. Хөх Лууны Сургууль тэднийг яагаад хөгжүүлэх чухал бай гэж үздэг нь гайхах зүйл биш аж.
Тэр хоёр мянган хүний үнэ цэнэ хэдэн зуун мянган дотоод ордны болон гадна ордны шавийнхаас хавьгүй өндөр байв. Настнууд ч бай, сургуулийн ирээдүйн тэргүүн ч бай, бүгд тэр хоёр мянган хүний дундаас сонгогддог байлаа.
“Энэ аура…”
Гэнэт Чү Фэн хөмсгөө үл ялиг зангидан, холын гудамж руу нухацтай ширтэв. Тэр зүгээс маш хүчирхэг аура мэдрэгдэж, өөрсдийнх нь зүг ирж байлаа.
Үнэхээр ч гудамжны үзүүрт арав гаруй хүн гарч ирэв. Тэдний дунд эрэгтэй, эмэгтэй хүмүүс хоёулаа байлаа. Залуу бөгөөд төрх байдал нь ер бусын, сүртэй харагдана. Эрэгтэйчүүд нь царайлаг, эмэгтэйчүүд нь үзэсгэлэнтэй байгаад зогсохгүй, тэдний биед агуулагдах аура нь энгийн хүмүүсийнхтэй огт адилгүй байв.
Чү Фэн тэднийг хүчтэй гэдгийг мэдэрч байсан ч заримынх нь яг ямар хүчтэйг мэдэрч чадахгүй байлаа. Энэ нь тэд ердөө Эх Үүслийн шатанд байгаад зогсохгүй гэсэн үг. Тэдний зарим нь Эх Үүслийн шатны хожуу үеүүдэд аль хэдийн орсон байх магадлалтай байв.
Чү Фэний анхаарлыг хамгийн их татсан хүн нь тэднийг тэргүүлж явсан залуу эр байлаа. Зөвхөн гадаад төрхийг нь авч үзвэл тэр араасаа явж буй хүмүүсээсээ онцгой ялгарах зүйлгүй. Гэвч түүний цацруулж буй аура бусдынхаас хол давж байв.
“Гүн шат. Тэр гол шавь аль хэдийн Гүн шатанд орчихсон хэрэг үү?”
Чү Фэн дотроо чимээгүйхэн биширлээ. Тэр үүнийг баттай тогтоох аргагүй байсан ч, гүн нь үл мэдэгдэх тэр мэдрэмж зөвхөн Гүн шатны мэргэжилтнүүдэд л байдаг байв. Тиймээс Чү Фэн түүнийг магадгүй аль хэдийн Гүн шатанд орсон байх гэж боджээ.
“Гун Луйюнь. Хөх Лууны Сургуулийн номер нэг шавь.”
Тэр үед Су Мэй ярив.
“Тэр Гун Луйюнь гэж үү? Тэгэхээр аргагүй юм байна…”
Су Мэйн үгийг сонсоод Чү Фэн түүнийг Гүн шатанд байгааг бараг л баттай ойлголоо. Эцсийн эцэст тэр Гун Луйюний нэрийг өмнө нь сонсож байсан. Номер нэг шавь ийм хүч чадалтай байгаа нь тийм ч санаанд оромгүй зүйл биш байв.
“Гун Луйюнь байгаад зогсохгүй, Далавчит Эвслийн зарим ах эгч нар ч бас тэр бүлгийн дунд байна. Гун Луйюньтэй ярилцаж буй хүнийг харж байна уу? Тэр Далавчит Эвслийн өмнөх удирдагчдын нэг. Түүнийг Хань Шюэ гэдэг. Тэр Хөх Лууны Чансааны наймдугаарт бичигддэг, бас Далавчит Эвслийн шилдэг төлөөлөгчдийн нэг юм.”
Су Мэй Гун Луйюний хажууд зогсож буй хүйтэн боловч үзэсгэлэнтэй эмэгтэйг заав.
“Хөх Лууны Чансааны наймдугаарт?”
Чү Фэн дахин биширчээ. Гол бүсэд Хөх Лууны Чансаа гэж байв. Түүнд арван байр эзэлдэг бөгөөд тэр арван байрыг эзэлсэн хүмүүс Хөх Лууны Сургуулийн хоёр мянган гол шавийн дундах хамгийн хүчирхэг арван шавийг төлөөлнө.
Тиймээс Хань Шюэ Хөх Лууны Чансааны наймдугаарт бичигддэгийг мэдээд Чү Фэн нэлээд цочирдов. Тэр залуу байсан ч ийм амжилтад хүрсэн нь энгийн хүн биш гэдгийг илтгэж байлаа.
“Хаха, үнэхээр Номын эгч Хань Шюэ байна! Тэр биднийг угтаж байгаа юм болов уу?”
Сыту Юй болон бусад нь Хань Шюэг хараад бас ихэд догдлов.
Тэд дотоод ордонд байхдаа хэдийгээр туйлын нэр хүндтэй байсан ч гол бүсэд орж ирмэгц хамгийн доод түвшний оршихуй болжээ. Тэнд тэднээс дор чадамжтай хүн нэг ч үгүй байв. Гэвч түшиг болох хүнтэй байвал ирээдүйд олон бэрхшээлээс зайлсхийж чадна. Хань Шюэ бол тэдний түшиг болгохыг хүсэж буй хүн байлаа.
“Номын эгч Хань Шюэ!”
Тэднийг догдолж байх зуур хэн нэгэн чангаар хашхирлаа. Тэр хашхираан үнэхээр Хань Шюэгийн анхаарлыг татав. Гун Луйюнь ч бас харцаа тэдний зүг чиглүүлэв.
“Хань Шюэ, чи энэ шавь нарыг таних уу?” гэж Гун Луйюнь асуулаа.
“Мм, тэд бол өнөөдөр дөнгөж гол шавь болсон Далавчит Эвслийн гишүүд.”
Хань Шюэ инээмсэглэн хариулав.
“Далавчит Эвсэл үү? Гол бүсэд эвсэл байгуулахыг хориглодог гэдгийг чи тэдэнд хэлээгүй юм уу?”
Чү Фэн болон бусдын цээжин дээрх тэмдгийг хараад Гун Луйюнь нүдээ нарийсган, харцанд нь дургүйцэл гялсхийв.