Хэдэн минутын дараа би Дундэгийн буудалд дахин орж, газрын харх идэв. Ингэснээр хорт мананд бохирдсон арьс эдгэх учиртай байв.
Жаахан хугацаа орсон ч газар доорх амьтны мах идэхэд хордолтыг арилгаж болдог байв.
[…Хөөе! Чи галзуурчихаа юу? Сая юу хийчихэв?]
Би идэж байтал Бихёны ууртайгаар загнах дуу сонсогдов.
‘Дуугүй бай.’
[Үгүй, үүнийг зүгээр өнгөрөөж болохгүй. Чи од эрхсийн шүтээнийг устгалаа! Миний сувгийг дампуурахыг хүсэж байна уу? «Шударга ёсны халзан жанжин» ярьж эхэлбэл…]
Од эрхсийн шүтээн. Дэлхий бүр өөрийн гэсэн од эрхэстэй, Өмнөд Солонгос ч мөн адил.
Дашрамд хэлэхэд, Бихён түүнийг «Шударга ёсны халзан жанжин» гэж хэлсэн. Тэр Өмнөд Солонгост агуу хүн байсан ч…
Уг нь би ийм юм хэлдэг хүн биш.
[Сүрлэн дэвсгэр нөмөрсөн од эрхэс чиний жигшүүрт үйлдэлд уурлаж байна.]
[«Алтан бүслүүрт хоригдол» од эрхэс инээж байна.]
Шүтээн бүрийн зэрэглэл өөр байсан ч дотроо од эрхсийн лацлагдсан хүчийг агуулж байв.
Хэрэв шүтээний лацыг зөв аргаар тайлж чадвал тухайн од эрхэс амьд ахуйдаа хэрэглэж байсан эд зүйл, чадвар зэрэг тодорхой хэмжээний хүчийг олж авч болно.
Гэхдээ «лацыг тайлах» нь удаан хугацаа шаарддаг бөгөөд хүссэн чадвараа авч чадах эсэхдээ би итгэлгүй байлаа.
Би ухаалаг утсан дээрээ «Амьд үлдэх арга зам»-ыг нээлээ.
「— Гэхдээ Саммёндангийн хүрэл хөшөөнд лацтай байсан юм бол чи чадварыг яаж олж авсан юм бэ?
— «Бурхантай таарвал Бурхныг ал» гэдэг үг байдаг.
— Юу? Битгий хэл дээ…
— Ха ха, би зүгээр л туршиж үзсэн юм… гэхдээ үнэн байлаа. Бүх хөшөө зүгээр л мөргөх зориулалттай биш юм байна.
— Хөөе, новш минь, амаа мэдэж ярь. Од эрхэст хараалгуулж мэднэ шүү.」
Чүнмүро руу орох сүүлчийн гарцад Саммёндангийн «чадвар» зайлшгүй хэрэгтэй байлаа.
Тэр чадварыг олж авах хамгийн найдвартай арга нь шүтээнийг эвдэх байв. Мэдээж, Доккэбигийн уутнаас үүнтэй төстэй зүйлийг авч болох ч… зоосоо аль болох их хадгалсан нь дээр.
— Тэгээд тэр «эрэгтэйн нууц»-ыг сайн тайлсан уу?
Би ухаалаг утасныхаа дэлгэцийг яаран унтраалаа. Жон Хивон тэргүүтэй хамтрагчид маань цугларчээ.
— Тийм ээ. Бас та нарт өгөх юм байна.
Би шүтээнээс олж авсан зүйлсээ гаргаж ирэв. Аз таарч, Саммёндангийн шүтээнд эд зүйлс төдийгүй чадварууд ч байсан байна.
[Саммёндангийн сувд]
[Саммёндангийн сүрлэн дэвсгэр]
Хэдэн уранхай даавуу, хуучин сувд. Тэнд байсан хүн бүрийн нүдэнд асуулт тодров. Би тэдний юу бодож байгааг мэдэж байлаа.
Гэхдээ би бас үүнийг мэдэж байв. Энэ ертөнцөд «хуучин» зүйл «сайн» байх магадлал өндөр байлаа.
— Сайн эд зүйлс бололтой. Агуу хүний дурсгалын зүйл учраас тэр байх.
— Агуу хүн гэж?
— Та нар Саммёнданг мэдэх үү?
[Сүрлэн дэвсгэр нөмөрсөн од эрхэс чиний үйлдлийг хараад түр азнав.]
Жон Хивон мулгуу царай гарган асуув.
— …Тэр чинь хэн юм?
[Сүрлэн дэвсгэр нөмөрсөн од эрхэс «Жон Хивон» гэх дүрийн өмнө гарч ирэхийг хүсэж байна.]
— Аа! Би мэднэ!
Аз болоход хэн нэг нь мэдэж байлаа. Мэдээж, тэр нь Ю Санъа байв.
— Солонгосын түүх үзэж байхдаа харж байсан санагдаж байна! Жусоны улсын үеийн лам байсан биз дээ?
— Тийм ээ, зөв.
— Солонгосын цэрэг Японы довтолгооноос хамгаалан тэмцэж байх үед… тэр Новонпёнгийн тулалдаан болон Угвандонийн тулалдаанд оролцсон!
Ю Санъа гэдэг хүнээс гарах л хариу байлаа. Би ч бас Солонгосын түүх үзэж байсан ч үүнийг мэддэггүй байв.
[Сүрлэн дэвсгэр нөмөрсөн од эрхэс «Ю Санъа» гэх дүрийн үйлдэлд сэтгэл нь хөдөллөө.]
Би толгой дохин хэлэв.
— Ямартай ч эдгээр зүйлд түүний хүч шингэсэн байгаа.
— …Үнэхээр үү?
— Хөөх, үнэхээр байна!
Жон Хивон, И Хёнсон хоёр эд зүйлийн мэдээллийг шалгаад гайхав.
— Гэхдээ Дугжа аа үүнийг авах ёстойг яаж мэдсэн юм бэ?
— Зүгээр л Саммёндангийн хөшөөний өмнө гараа хавсраад зогсож байтал… тэнгэрээс унаад ирсэн.
— Юу? Боломжгүй…
Надад инээдтэй санагдсан ч хүмүүс ийм утгагүй зүйл ярьдаг нь учиртай байлаа.
Би хамт олноо ажиглангаа зориуд сүртэй царай гаргав.
— Миний бодлоор… үүнийг Саммёндан Өмнөд Солонгосын төлөө илгээсэн байх.
— Аа…
Тэдний хэлсэн «аа…» олон утга агуулж байв. Би үл тоон яриагаа үргэлжлүүлэв. Анхнаасаа тэднийг сонс гэж гуйсан биш.
— Өмнөд Солонгос руу Япон довтолсон үеийнх шиг эх орноо аврахын тулд тэр эд зүйлсээ үлдээсэн байж болох юм. Ямартай ч одоо Өмнөд Солонгос үймээн самуунтай байна.
[Сүрлэн дэвсгэр нөмөрсөн од эрхэс чиний үгэнд уярлаа.]
Үймээн самуунтай цаг үед луйварчид үргэлж хүчээ авдаг байв.
— …Энэ хачин ертөнцөд ийм зүйл тохиолдсон ч гайхах зүйлгүй. Магадгүй Саммёндан од эрхсийн нэг байсан юм биш үү? Тийм биз дээ?
Гайхмаар нь хамгийн түрүүнд Ю Санъа итгэсэн бололтой. Магадгүй тэр намайг эвгүй байдалд оруулахыг хүсээгүй байх. Хамгийн инээдтэй нь Ю Санъа зөвшөөрмөгц И Хёнсон ч шууд итгэсэн явдал байлаа.
— Үнэхээр ч, Саммёндан…
И Хёнсон удаан хугацаанд эх оронч үзлээр хүмүүжсэн нэгэн тул цэргийн албаны үзлийг дурсаж байгаа мэт харагдав. И Гилён ч бас сонирхсон бололтой.
Намайг утгагүй зүйл ярьж байгаа мэт харж байсан нь ганцхан Жон Хивон байлаа.
[Сүрлэн дэвсгэр нөмөрсөн од эрхэс чиний илчилсэн үгэнд дуртай байна.]
[«Шударга ёсны халзан жанжин» од эрхэс чиний нүглийг өршөөлөө.]
Бихён «Ингэж болох юм уу?» гэсэн царайгаар тэнгэр өөд харснаа мэл гайхав.
Од эрхсийн хүч тэдний нэр хүндтэй шууд холбоотой. Тиймээс од эрхэс өөрсдийн түүхийг ингэж түгээхэд дуртай байлаа. Өөрийг нь магтахад дургүй од эрхэс гэж хаа байх вэ?
— Саммёндангийн Сувдыг чамд өгье, чи түүнийг сайн мэддэг юм байна.
— Үнэхээр үү? Би авч болох уу?
— Саммёндангийн Сувдыг Саммёндан өөрөө хэрэглэж байгааг мэдвэл баярлах байх.
Үнэндээ Саммёндангийн Сувдын үзүүлэлт нь ивээн тэтгэгчийн хэрэглэж байсан эд зүйлтэй харьцуулахад муу байв. Энэ нь ивээн тэтгэгчийн оддын дурсгал биш байсан төдийгүй Саммёндан дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хүн биш байсан нь нөлөөлсөн бололтой.
Гэсэн ч энэ нь B зэрэглэлийн эд зүйл байсан тул ид шидийн хүчний сэргэлтийг нэмэгдүүлэх хоёрдогч үзүүлэлттэй байлаа.
Жон Хивон атаархсан мэт Ю Санъа руу харж байгаад хэлэв.
— Ю Санъа их зүйл мэддэг юм байна. Би сурлага муу байсан болохоор Саммёндангийн талаар мэддэггүй байжээ.
— Аан… тэр… тэр чинь…
— Тоглосон юм, тоглосон. Тийм царай гаргах хэрэггүй.
Би гонсойсон Жон Хивонд хандан хэлэв.
— Жон Хивонд бас өгөх юм байна.
— Надад уу? Тэр сүрлэн дэвсгэр үү?
— Тийм.
— Зүгээр ээ. Хэчнээн яаралтай байсан ч ийм юм өмсмөөргүй байна.
— …Зүгээр л өмсөөд үз. Харамсахгүй.
Жон Хивон хэсэг эргэлзсэнээ сүрлэн дэвсгэрийг нөмрөв. Моодонд орохыг хичээсэн ч эцэст нь гуйлгачин шиг л харагдав.
[Эв санааны нөхөрлөлийг эрхэмлэдэг од эрхэс чиний үйлдлийг буруушааж байна.]
[Найрамдлыг магтдаг од эрхэс чиний үйлдэлд дуртай байна.]
Хэрэв «Саммёндангийн хулсан таяг ба сүрлэн шаахай» гэх Оддын дурсгал гарч ирсэн бол өөр хэрэг байлаа. Харин үлдсэн хоёр эд зүйл надад одоохондоо хэрэггүй.
Жон Хивон метроны хаалганы шилэнд туссан дүрсээ хараад бага зэрэг ээдрээтэй царай гаргав.
— Тайлбарлахад хэцүү ч… гэнэт шударга ёсны хүчийг ашиглаж чадах юм шиг санагдлаа.
Саммёндангийн сүрлэн дэвсгэр нь хувилгааны шударга ёс, хүсэл зоригийг нэмэгдүүлдэг эд зүйл байв. Надад хэрэггүй ч Жон Хивонд бол нэлээд сайн эд зүйл байлаа.
— Саммёндан гэлээ юу? Яагаад ч юм түүнийг өрөвдөөд байна. Би илүү сайн хичээллэх ёстой байж.
[«Шударга ёсны халзан жанжин» од эрхэс энэ нөхцөл байдалд баярлаж байна.]
[100 зоос ивээн тэтгэгдлээ.]
Би тоглоом болгон хэлэв.
— Тэгвэл гараа хавсраад залбирцгаая.
*
Энэ нь тоглоом байсан ч Жон Хивон үнэхээр очоод залбирч эхлэв.
Жон Хивон хорт мананд хордоод, газрын харх идэнгээ ярив.
— …Гэхдээ үүнийг хэн эвдсэн юм бэ? Дугжа аа биш биз?
“…”
— …Дугжа аа?
— Бэлтгэлтэй бай. Удахгүй Чүнмүрод хүрнэ.
Би харанхуй хонгил руу харлаа.
И Гилён «Олон төрөлт харилцаа» чадварыг ашигласнаас хойш хорин минут өнгөрч, бид аюулгүйгээр урагшилж байв.
Дундэгээс Чүнмүро хүртэл шулуун шугамаар нэг километрийн зайтайг бодвол «тэр» гарч ирэх цаг болжээ.
[Шинэ нэмэлт даалгавар ирлээ!]
Үнэхээр ч би үүнийг бодож дуусмагц
— Бүгдээрээ ухраарай.
+
[Нэмэлт даалгавар – Тавтай морил, шорон]
Ангилал: Дэд
Хүндрэл: D~F
Биелүүлэх нөхцөл: Хугацааны хязгаар дотор Тавтай морил, шоронгоос зугтах.
Хугацааны хязгаар: 1 цаг
Шагнал: 300 зоос
Бүтэлгүйтэл: ???
+
[Нэмэлт даалгавар – Тавтай морил, шорон эхэллээ!]
Магадгүй Ю Жүнхёк энэ даалгаврын үеэр нэлээд их зовсон байх.
Энэ даалгавар буцагчийн хувьд хамгийн хүнд урхинуудын нэг байлаа.
Ю Санъа асуув.
— Тавтай морил, шорон гэж юу вэ?
Асуух ч хэрэггүй, тэр мэдэх учиртай.
— Ирж байна. Бүгдээрээ ухаан санаагаа цэгцтэй байлгаарай.
Би үгээ дуусгаж амжаагүй байхад бүүдгэр манан нөмрөв. Хонгилыг тэр дор нь дүүргэсэн манан харах орчныг хаажээ. Ойр хавьд байсан хамтрагчид маань харагдсангүй. Эргэн тойрноо харвал мансуурсан мэт бүх зүйл гажуудан харагдаж байлаа.
— Өө… муухай байна!
Жон Хивон хашхирлаа. Магадгүй тэр одоо миний харж байгаагаас өөр зүйл харж байсан байх.
「Дугжа.」
Миний сонсохыг хүсээгүй хоолой. Мартагдсан тэр хоолой мансуурсан мэт орчинд сонсогдов. Надад ийм байгаа юм бол бусад хамтрагчдад маань бүр ч хүнд байгаа.
— …Нэг л хачин санагдаад байна. Дугжа аа! Чи тэнд байна уу?
— Дугжа аа! Дугжа аа!
Энэ гажуудсан дүрслэл дунд хамтрагчдын маань дуу хоолой аажмаар бүдгэрч байв.
[Тавтай морил, шорон].
Хүний сэтгэлийн шархыг хөндөж, галзууралд хүргэдэг орон зай.
— Дугжа, чи юу ч хараагүй. Ойлгов уу?
Орчин тойрон алга болж, хүний царай гэнэт гарч ирэв. Би хоосон орон зай ширтэн гашуунаар инээмсэглэв. Бодит байдлыг үгүйсгэмээр байлаа.
[Онцгой чадвар «Дөрөв дэх хана» идэвхжлээ!]
[Чадварын нөлөөгөөр «Тавтай морил, шорон»-д дархлаа тогтлоо.]
Оюун санаа минь тайвшрах агшинд таагүй мэдрэмж багасав.
[«Нууц хуйвалдагч» од эрхэс таны сэтгэлийн тэнхээг биширч байна.]
[100 зоос ивээн тэтгэгдлээ.]
[Сониуч од эрхсүүд таны дурсамжийг шагайж чадахгүй байгаадаа харамсаж байна.]
«Тавтай морил, шорон»-ы хүч сулармагц түгшүүр төрөв.
— Бүгд тайвширч, гүнзгий амьсгал ав.
«Тавтай морил, шорон»-д баригдсан хүмүүс ухаанаа алдаж, эргэн тойрондоо галзуурлаа цацдаг байв. Тиймээс энэ шоронд байсан хамгийн аюултай зүйл нь дэргэдэх хамтрагчид байлаа. Ю Жүнхёк ганцаараа явахыг хичээсэн нь энэ шоронгоос болгоомжилсных байж мэднэ.
— Ц-Цэрэг И Хёнсон. Та буруу сонссон юм биш үү?
— Би буруу байсан. Ээж ээ, би буруу байсан!
— Э-Энэ нохойн шаар!
…Би хэтэрхий оройтжээ. Галзууралд автсан хүмүүсийн хашхирааныг сонсов. Гэхдээ бүгд тийм болсонгүй.
— …Дугжа-ши?
Тэр агшинд Ю Санъагийн төрх «Тавтай морил, шорон»-д ил гарч ирэв. Бугуйнд нь зүүсэн Саммёндангийн Сувд тод гэрэлтэж байлаа. Аз болоход, нөлөөлжээ.
Би Ю Санъа дээр очоод хэлэв.
— Эргэн тойрноо хамгаал. Одоо би энэ орон зайг устгана.
Ю Санъа түгшсэн царайгаар толгой дохив.
[Онцгой чадвар «Бузрыг устгах — 1-р түвшин» идэвхжлээ.]
Бузрыг устгах. Энэ нь зоосоор худалдаж авч болдог Бузрыг зайлуулах чадвараас нэг түвшин дээгүүр байв. Саммёндангийн хүрэл хөшөөг эвдсэний дараа олж авсан чадвар минь энэ байлаа.
[Онцгой чадвар «Бузрыг устгах — 1-р түвшин» «Тавтай морил, шорон»-ыг унтраалаа.]
Үнэхээр Саммёндангийн хэрэглэдэг чадвар байжээ. Хэрэв Бузрыг зайлуулахыг худалдаж авсан бол түүнийг цуцлахад бүтэн минут хэрэгтэй болох байв.
Шуррр.
Манан ухарч, «Тавтай морил, шорон» алга болоход хамтрагчид нь нэг нэгээрээ үзэгдэж эхлэв.
— Б-Бидний зориг! Бид эх орон, ард түмэндээ үнэнч Өмнөд Солонгосын арми!
— Өө… өө… Ээж ээ.
Тэдний сэтгэлийн шархыг ганц хараад л мэдэж болохоор байв. И Хёнсон духаа газарт наан бөхийж, И Гилён толгойгоо өвдгөн дээрээ тавин чичирч байлаа.
Хамгийн түрүүнд Ю Санъа урагш гарч ирэв.
— И Хёнсон? Гилён! Сэрээч!
Тэр агшинд ар талаас нэгэн ир нисэн ирэв. Аз болоход, ир хурдан биш байсан тул түүнээс зайлсхийхэд хэцүү байсангүй.
— …Та нарыг бүгдийг чинь ална.
Жон Хивон галзуурсан хүн шиг илдээ агаарт далайж байв.
Жон Хивоны нүд улам улайхыг хараад зүрх өвдөв.
Энэ аюултай байлаа. «Чөтгөр устгах»-ын шинж тэмдэг байв.
Пад!
Би Жон Хивоны хүзүүний ар талд хүчтэй цохиж, ухаан балартуулав. Аз болоход Жон Хивон бэртээгүй байлаа.
Саммёндангийн Сүрлэн дэвсгэртэй байхад ийм зүйл болохгүй гэж бодсон ч Жон Хивоны сэтгэл санаа миний төсөөлснөөс хавьгүй хэврэг байв.
— Ю Санъа, Жон Хивоныг хараад өгөөч.
— …Тийм, тийм!
— Одоохондоо дуусаагүй.
[Нэмэлт даалгаврыг биелүүлэх нөхцөлийг хангалаа!]
[300 зоос оллоо.]
Биелүүлсэн тухай мэдэгдэл гарч ирмэгц мангасууд үзэгдэв. Тэд эктоплазм санагдуулам шингэн бөөгнөрөл байлаа.
8-р зэрэглэлийн Спектр.
«Тавтай морил, шорон»-ыг үүсгэсэн нь спектрүүд байлаа. Би Цагаан ариун одны энергийг ашиглан Итгэлийн ирийг дуудлаа.
Шаакаак!
Аз болоход, тулаан өөрөө тийм ч хэцүү байсангүй. Уг нь «Тавтай морил, шорон»-ыг устгасан байхад спектрүүд нэг их хэцүү дайсан биш байв.
Аймшигтай, жигшүүртэй спектрүүд устгагдав.
[Спектрийн чулуу.]
Унасан чулуунуудыг халаасандаа хийв. Үүнийг заавал авах хэрэгтэй байлаа. Ю Санъагийн ачаар бусад нь ч хурдан сэргэж байв.
— З-Зүгээр үү?
Хамгийн хурдан сэргэснийг нь гэвэл И Хёнсон байлаа. И Хёнсон болсон явдлыг сонсоод гайхсан янзтай толгой бөхийлгөв.
— …Баярлалаа. Би том гай тарчих дөхжээ. Дугжа-ши, танд ч бас баярлалаа.
— Юу ч биш.
— Толгой өвдөж байна…
И Гилёнгийн толгой лугшиж байв. Би И Гилёнгийн үсийг илэв. Тэр зүгээр байгаа дүр үзүүлсэн ч энд байсан хүмүүсээс хамгийн хүнд сэтгэлийн шархтай нь энэ хүүхэд байж мэднэ.
Холоос цайвар гэрэл үзэгдэв. Ю Санъа хэлэв.
— Дугжа-ши, дууссан бололтой.
Би хэсэгхэн зуур санаа зовов. Жон Хивон ухаан балартсан, бусад нь хүчээ ашиглахад хэцүү байлаа. Энэ хэвээрээ байхад бид Чүнмүро руу орж чадах болов уу?
Гэвч өөр нэгэн хүн миний санаа зовнилыг арилгав.
Харанхуйд нэгэн ир сүүмэлзэн үзэгдэв. Гэхдээ тэр нь хор хүргэх санаагүй, цэвэр заналхийлэл байлаа.
— Та нар хэн бэ? Энэ газар бидний ан хийдэг нутаг гэдгийг мэдэхгүй юм уу?
Орцны бүдэг гэрэлд урт илд барьсан охин зогсож байв. Тэр арван долоон настай бололтой, сурагчийн дүрэмт хувцас өмсжээ.
Нэрийн пайзаа нуух гэсэн мэт юүдэн өмссөн байсан ч төрх нь андашгүй байлаа.
— Аан, энэ охин…!
Ю Санъа хурц ажигч нүдтэй тул түүнийг хамгийн түрүүнд танив. Би ч бас түүнийг мэднэ. Учир нь тэр «Амьд үлдэх арга зам»-ын гол дүрүүдийн нэг байлаа.
Дэпун охидын ахлах сургуулийн цорын ганц амьд үлдсэн хүн, И Жихе. Ю Жүнхёк Чүнмүро руу хамгийн богино хугацаанд шууд очих болсон шалтгаануудын нэг нь тэр байв.
— …Та нар спектрүүдийг ялсан юм уу?
И Жихе миний гар дахь чулууг олж хараад гайхав.
— Яаж…? Тэднийг зөвхөн мастер л барьж чадна шүү дээ?
Би тэр даруй нэг чадварыг ашиглав.
[Онцгой чадвар «Дүрүүдийн жагсаалт» идэвхжлээ.]
[Дүрийн мэдээлэл]
Нэр: И Жихе
Нас: 17 настай
Од эрхсийн ивээн тэтгэгч: Тэнгисийн дайны бурхан
Хувийн онцлог: Сорвитой илдийн чөтгөр (Ховор зэрэг)
Онцгой чадварууд: Илдийн бэлтгэл — 3-р түвшин, Чөтгөр устгах — 1-р түвшин, Туйлын мэдрэхүй — 2-р түвшин, Сүнсний алхалт — 1-р түвшин.
Тамга: Тэнгисийн тулалдаан — 1-р түвшин, Их цэргийн командлал — 1-р түвшин.
Нийт үзүүлэлтүүд: Тэсвэрийн түвшин 13, Хүчний түвшин 12, Авхаалж самбааны түвшин 13, Ид шидийн хүчний түвшин 9.
Ерөнхий үнэлгээ: Хамгийн дотнын найзаа алсны дараа «сорвитой илдийн чөтгөр» болон хувьссан хүн. Түүний ард буй ивээн тэтгэгч од эрхэс танд болон танай хамтрагчдад таатай ханддаг.
* «Эхлэлийн багц» одоогоор идэвхжсэн байна.
Онцгой зүйл байсангүй.
Тэнгисийн дайны бурхан.
Төлөвлөсний дагуу энэ нь И Жихегийн ард буй ивээн тэтгэгч байлаа. Тэр ирээдүйн тэнгисийн дайнд зайлшгүй хэрэгтэй хүн байв.
[«Шударга ёсны халзан жанжин» од эрхэс хуучны андтайгаа уулзаад сэтгэл нь хөдөллөө.]
[И Жихегийн ивээн тэтгэгч «Шударга ёсны халзан жанжин»-ыг угтан мэндчилж байна.]
Галт тэрэг явдаггүй метроны хонгилд үл мэдэг салхи үлээв. И Жихегийн үс салхинд намирахыг хараад би дахиад л ойлголоо.
[Үндсэн даалгавар №2 — Уулзалт дууслаа.]
[Шагналыг тооцно.]
Тийм ээ, бид эцэст нь хүрч ирлээ. Энэ газар Чүнмүро байлаа.