…Даалгавар эхлээд удаагүй байтал аль хэдийн үү?
Би эх зохиолын үйл явдлыг санахыг хичээсэн ч ийм эрт довтолгоо гардаг тухай огт санаанд орсонгүй. Хувьсагчид гарч ирсэн гэсэн үг.
Харанхуйд машины гэрэл унтарч, хүмүүс ярилцах чимээ сонсогдов.
—Аан, эцэст нь Чүнмүрод ирлээ.
—Үнэхээр, тэд даалгаврыг давж гарахад их удлаа.
—Хөөе, чимээгүй бай. Тэд сонсчихно. Бас станц бүрийн даалгавар өөр байдгийг мэдэхгүй гэж үү?
Би зэвсэг барьсан хүмүүс ойртож ирэхийг ажиглав. Тулаанд хамгийн чухал зүйл бол түрүүлж санаачилгыг гартаа авах явдал. Би түрүүлэн алхаж, араас И Хёнсон, Жон Хивон, хамгийн ард Ю Санъа дагалаа. И Гилён одоо ч унтаж байв.
Хэдэн секунд өнгөрөв? Харанхуйд эрэгтэй, эмэгтэй нийлсэн дөрвөн хүн нааш алхаж ирлээ. Би ам нээлээ.
—Тэндээ зогс.
—Өө? За за.
Намайг чиглүүлэн барьсан илдийг харсан хүмүүс мөрдөн дээрээ зог тусав. Тэдний хажууд цагаан мотоциклууд байлаа. Зэвсэг сугалах чимээ сонсогдсон ч нэг эрийн дуу түүнээс түрүүлэв.
—Түр хүлээ. Тайвшир. Өө, айсандаа болоод ярьж ч чадахгүй нь.
—Зэвсгээ тавиад аажуухан нааш ир.
Тэр эр зэвсгээ тавиад хоёр гараа өргөн наашлав. Гэрэлд орж ирэхэд тэр эрийн төрх муугүй байв. Нэлээд таатай сэтгэгдэл төрүүлж байлаа. Нарийхан нүд нь зөөлөн нумарчээ.
—Хэт сэрэмжлэх хэрэггүй. Бид зодолдох гэж ирээгүй.
—Тэгвэл яах гэж ирсэн юм?
—Эхлээд танилцъя. Намайг Кан Ильхүн гэдэг. Би Дундэгүмүний бүлгийг удирдахад тусалдаг юм.
Кан Ильхүн гэж үү? Тэр нэр шууд санаанд минь орж ирсэнгүй. Тэгээд ч Дундэгүмүний төлөөлөгч гэнэ үү… Бүх зүйл хачин болж байлаа.
[«Дүрүүдийн жагсаалт» онцгой чадвар идэвхжлээ.]
Чадвар ажилласан болохоор тэр лав зохиолын дүр байлаа.
[Дүрийн мэдээлэл]
Нэр: Кан Ильхүн
Нас: 31 настай
Од эрхсийн ивээн тэтгэгч: Ичгүүргүй сайн ховч
Хувийн онцлог: Цуурхлын мэргэжилтэн (Ерөнхий зэрэг)
Онцгой чадварууд: Зэвсгийн бэлтгэлийн түвшин 2, Харилцах урлагийн түвшин 3, Цуурхал тараах түвшин 1.
Тамга: Дуулиан дэгдээх түвшин 1.
Нийт үзүүлэлтүүд: Тэсвэрийн түвшин 12, Хүчний түвшин 13, Авхаалж самбаа 13, Ид шидийн хүч 10.
Ерөнхий үнэлгээ: Буруу ивээн тэтгэгчтэй болсноос харамсалтай нь тэр зан чанараа хөгжүүлж чадаагүй. Гэхдээ ашиглаж болох чадвартай хүн. Үнэн худлыг үл харгалзан цуурхал тараадаг тул болгоомжлоорой.
Цуурхлын мэргэжилтэн… Энэ нөхдүүд хөдөлж эхлэх цаг нь болсон байлаа. Кан Ильхүн үл ялиг тэвчээр алдан над руу харав.
—Таны нэрийг…?
—Ким Дугжа.
—Аан, Ким Дугжа-ши…?
Намайг нэрээ хэлэхэд Кан Ильхүний нүүрэнд гайхсан өнгө гялсхийв. Гэвч тэр нь ердөө хоромхон зуур үргэлжилсэн.
—Танилцахад таатай байна, Дугжа-ши. Та тугтай юм байна. Тэгэхээр станцын төлөөлөгч үү?
—Тийм.
Тэр миний тугны өнгө, дараа нь эргэн тойрны хүмүүсийг анхааралтай ажиглав. Манай талын хүчийг тогтоох гэсэн хэрэг. Их ажигч хүн байлаа. Даанч буруу өрсөлдөгчтэй таарчээ.
—Хангалттай харсан бол гол зүйлдээ ор.
—Хаха. Өршөөгөөрэй. Аюулгүй байдлаа ч бас бодох хэрэгтэй шүү дээ. Кан Ильхүн сандралгүй үргэлжлүүлэн ярив. —Дахин хэлье, бид зодолдох гэж ирээгүй. Хэрэв бид сайн саналтай ирсэн гэвэл яах вэ?
Би Кан Ильхүний багийг ажиглав. Тэдний хэнд нь ч туг байсангүй.
—Би үүнд яаж итгэх юм?
—Хм, дүрмийг шалгаад үзвэл өөрөө мэдэхгүй гэж үү? Бид зодолдох гэж ирсэн бол төлөөлөгчөө дагуулж ирэх байсан. Тугны ишийг зөвхөн төлөөлөгч эзэлж чадна.
Үнэн байлаа. Ямар ч маргаангүй үнэн.
—Ямар санал вэ?
—Бид эвсэх санал тавихаар ирсэн.
Эдгээр үгийг сонсоод Чүнмүроны гишүүд шуугилдаж эхлэв. Кан Ильхүн чичирхийлэв.
—Аан, Чүнмүро дөнгөж нээгдсэн болохоор эргэлзэж байгаа байх. Үнэндээ дөрөв дэх даалгавар аль хэдийн хоёр өдрийн турш үргэлжилж байгаа.
—…Хоёр өдөр үү?
Ю Санъа өөрийн эрхгүй бувтнав. Кан Ильхүн толгой дохилоо.
—Тийм ээ, гурав дахь даалгаврын агуулга, үргэлжлэх хугацаа нь станц бүрд бага зэрэг өөр байдаг… Та нар үүнийг мэдээгүй юм уу?
—Аан…
Гурав дахь даалгавар дөнгөж дууссан ч би үүнийг аль хэдийн мэдэж байлаа. Эх зохиолд Чүнмүро бусад станцтай харьцуулахад даалгаварт хожуу орж ирдэг байв. Өөрөөр хэлбэл, бид мэдээллийн хувьд тодорхой хэмжээний хохиролтой эхэлсэн.
Энэ утгаараа Кан Ильхүний эвслийн санал цаг үеэ олсон уруу таталт байлаа. Бидэнд мэдээлэл хэрэгтэй байсан ч үүнийг өөрсдөө нөхөхөд бэрх байв. Харин асуудал нь нөгөө тал үүнээс юу хожих вэ гэдэгт оршиж байлаа.
—Цаанаа өөр санаа байгаа эсэхийг мэдэхгүй байж энэ саналыг хүлээж авах хэцүү байна.
—Хмм, Дугжа-ши зөв хэллээ. Та нар эвсэлд итгэхгүй байх, тиймээс эхлээд бид эвслээс юу хожихыг хэлье. Товчхондоо, Чүнмүро бол бидний «зорилтот» өртөө биш.
—Би үүнд яаж итгэх юм?
—Итгэнэ үү, үгүй юу, өөрөө мэд. Гэхдээ бодоод үзээрэй. Хэрэв Чүнмүро бидний зорилтот өртөө байсан бол бид станцынхаа гол хүчийг энд авчрах байсан. Үнэнийг хэлэхэд, өртөө нээгдсэн даруйд тугны иш хамгийн эмзэг байдаг.
Нэг их үнэмшилтэй санагдсангүй.
—Хэрэв бидний зорилтот өртөө Дундэгүмүн байвал яах вэ?
—Хаха, үүнд санаа зовох хэрэггүй. Биднийг онилж буй өртөөг аль хэдийн мэдэж байгаа. Бид та нартай зүгээр ч нэг уулзахаар ирээгүй.
—Ойлголоо. Зорилтот өртөөнүүд маань өөр болохоор бие биедээ тусалж даалгавраа дуусгая… Та үүнийг хэлж байна уу?
—Тийм ээ. Энэ үед бие биедээ туслах нь сайн биш гэж үү?
Кан Ильхүн инээмсэглэн толгой дохив. Би хэсэг дуугүй суусны эцэст Ю Санъа ам нээлээ.
—Надад нэг асуулт байна.
Кан Ильхүн Ю Санъа руу инээмсэглэн харав.
—Тийм ээ, хөөрхөн охин минь?
—Та нар яагаад Чүнмүро руу ирсэн юм бэ? Дундэгүмүнээс ирсэн юм бол өөр станцуудтай эвсэж болох байсан шүү дээ.
Санаанд оромгүй хурц асуулт байлаа. Кан Ильхүн бага зэрэг будилсан шинжтэй харав.
—Өө, тэр үү… Чүнмүро дөнгөж нээгдсэн гэж хэлсэн дээ. Би… аан, бусад станцууд аль хэдийн эвслүүд байгуулчихсан байсан юм. Гэхдээ Чүнмүро эвсэлгүй байгаа байх гэж бодсон… хаха, асуух ёстой юм байна, Чүнмүро аль хэдийн эвсэл байгуулчихсан уу?
Хмм…
—Үгүй, байгуулаагүй.
Миний үгийг сонсоод Кан Ильхүн баярласан янзтай болов.
—Тэгвэл Дундэгүмүнтэй эвс. Та нар харамсахгүй. Хамгийн гол нь энэ даалгаврыг давах «ялалтын шийдэл» бидэнд бий.
—Ялалтын шийдэл үү?
—Тийм ээ. Үнэндээ манай бүлэг энэ даалгаврын далд нууцуудыг мэддэг юм.
Кан Ильхүн инээмсэглэн эцсийн хөзрөө дэлгэлээ.
—Бидэнтэй эвсэхийг зөвшөөрвөл та нарт хэлнэ.
*
Хэсэг хугацааны дараа би Ю Санъа, И Хёнсон, Жон Хивон нартай хамт сууж санал бодлоо солилцов. Ю Санъа ярив.
—Яах вэ? Бид эвсэх үү?
—Би санал нийлэхгүй байна. Тэдэнд итгэж чадахгүй. Надад нэг л түгшүүртэй санагдаж байна.
Жон Хивоныг ярьсны дараа И Хёнсон саналаа хэлэв.
—Гэхдээ тэдэнд энэ даалгаврын талаарх мэдээлэл байгаа бол муугүй байж болох юм. Мэдээж Хивон-ши хэлсэнчлэн бид тэдэнд бүрэн итгэж болохгүй…
Эцэст нь бүгд над руу харав. Би мөрөө хавчив.
—Тэгвэл одоохондоо…
Бид шийдвэр гаргасныхаа дараа Чүнмүро өртөөг ажиглан тойрон явж байсан Кан Ильхүн болон Дундэгүмүний бүлгийнхнийг дуудлаа.
—Танай төлөөлөгчтэй уулзсаны дараа шийдье.
—Өө, тийм үү?
—Танай төлөөлөгч хаана байгаа юм?
—Дундэгүмүнд байгаа. Хэрэв та дургүйцэхгүй бол би таныг дагуулж очъё…
—Тэгээрэй.
Тэдний унаж ирсэн мотоциклуудын арын суудалд бид суув. Би И Хёнсон, Ю Санъа, Жон Хивон нарыг дагуулж явлаа. И Гилёныг Гон Пильдүтэй үлдээв. Тэр Олон төрөлт харилцааг хэтрүүлэн ашигласнаас болоод одоо хүртэл сэрээгүй байлаа. Мэдээж, И Гилёныг хамгаалахыг тушаахаа ч мартсангүй.
—Тэгвэл явцгаая.
Мотоциклуудын хөдөлгүүр асах чимээ гарч, бид хөдөллөө. Хорин секунд өнгөрсний дараа би ам нээлээ.
—Дашрамд хэлэхэд, Кан Ильхүн-ши.
—Тийм үү?
—Тэр хүмүүс Чүнмүрогийн талаар өөр зүйл хэлсэн үү?
—Юу? Юу гэсэн үг…
—Жишээ нь, энд ирвэл Ю Жүнхёк гэдэг маш аймшигтай эрэгтэй таарна гэх мэт?
—Хаха, чи юу яриад байга…
Би дохио өгмөгц манайхан мотоциклуудын арын суудлаас зэрэг үсэрлээ.
—Ю Санъа-ши!
Ю Санъа Хүлээсний утсаар дөрвөн мотоциклыг хооронд нь уяв. Мотоциклууд мөргөлдөхөд нижигнэсэн чимээ гарлаа.
ГҮҮҮННН!
—Ааааа!
Дундэгүмүний бүлгийнхэн унаж ойчихдоо орилж байлаа.
Аз болоход Ю Санъагийн таазанд бэхэлсэн утасны ачаар манайхан агаарт аюулгүй дүүжлэгдэж байлаа. Энэ нь суудлын бүс шиг үүрэг гүйцэтгэв. Ю Санъаг Спайдермэн шиг харагдуулсан үнэхээр гайхалтай үйлдэл байлаа.
Кан Ильхүн тоос шороонд дарагдан газар хэвтэж байхдаа хашхирлаа.
—Ю-Юу хийгээд байгаа юм бэ?
—Би юу хийж байгаа юм бэ? Үүнийг чинь би асуумаар байна. Би харанхуй хонгил руу харлаа. —Биднийг отох гэж байгаа бол нуугдмал байдлынхаа түвшинг арай ахиулах хэрэгтэй байж дээ.
Үнэмлэхүй мэдрэхүйгүй байсан ч тэднийг илрүүлж чадлаа. Кан Ильхүн ямар нэгэн зүйл буруу болсныг анзаарч, ориллоо.
—Тэдэн рүү дайр!
Тэр даруйд шахам хонгилын өнцөг булан бүрд нуугдаж байсан хүмүүс гарч ирэв. Би мэдэж байсан юм. Тэд миний туг руу онилж байлаа.
[«Жон Хивон» дүр «Шүүлтийн цаг» онцгой чадварыг идэвхжүүллээ.]
[«Үнэмлэхүй сайн» од эрхэс энэ чадварыг ашиглахыг зөвшөөрлөө.]
[«Шүүлтийн цаг» идэвхжлээ.]
—Өө? Болохгүй байж магадгүй гэж бодсон юмсан… Энэ чинь бүр замбараагүй юм биш үү?
Жон Хивон гайхсан янзтай инээлээ.
—Муу хүмүүсийг олоход хэцүү юм.
Жон Хивон хүйтэн дуугаар хэлээд, илд нь харанхуй хонгилоор гялсхийв. Чөтгөр устгагчийг ашигласнаас болж нүд нь улайсан байлаа. Цуст улаан гэрэл харанхуйг зүсэн өнгөрч, хүмүүс хядуулж байв.
—Ю-Юу вэ?
—Энэ галзуу хүүхэн чинь…! Ааааа!
Сөөгөк! Сөөгөкөк!
Арван хүн байсан хэдий ч Жон Хивон тэднийг ямар ч түүртэлгүй алж орхилоо. Энэ нь нууц гянданг цэвэрлэсний дараа Жон Хивоны үзүүлэлтүүд хэр их өссөнийг харуулсан дүр зураг байв.
Би ч бас Цагаан ариун одны энергийг ашиглаад, Кан Ильхүнийг амархан дарлаа. Хэдхэн цагийн өмнө би Ю Жүнхёктой үзэлцэж байсан. Энэ залуу нэг их хэцүү байсангүй.
—Дугжа-ши, Чүнмүро…!
И Хёнсоны хашхирахыг сонсоод эргэж харвал, Чүнмүро дээр үймээн дэгдсэн байлаа. Бид Чүнмүрогоос гарангуут тэд отолтод өртжээ. Кан Ильхүнийг Ю Санъад хүлүүлж орхиод, Чүнмүро руу яаран гүйлээ.
Тавцан дээр аль хэдийн зодоон болж байв. Гэхдээ би нөхцөл байдлыг хэсэг ажиглахаар шийдлээ. Эхлээд шалгах ёстой нэг зүйл байлаа.
—Яасан новшнууд вэ!
Мёндунгийн зүгээс гүйж ирсэн бүлгийн хэдэн арван гишүүн Чүнмүрогийн хүмүүс рүү зэвсгээ далайж байв. Харин тэдний барьсан зэвсгүүд надад танил санагдлаа.
—Тэр чинь Ким гуайн зэвсэг байна!
Байр эзэмшигчдийн холбооны Мёндун руу явсан гишүүдийг эд нар аль хэдийн дайрчихсан байлаа. Үнэхээр бүлгээ алдсан тэнүүлчдийг зүгээр л амьд зоос гэж хардаг байв.
Хамгийн их нүдэнд туссан дайсан нь улаан тугийг толгойдоо алчуур мэт ороосон нэгэн байлаа.
—Дараа нь хяналтыг гартаа авцгаа! Би тугийг л хатгачихвал бүх зүйл дуусна!
Тийм ээ. Тэр «төлөөлөгч» байлаа.