Удиртгал — Сүйрсэн ертөнцөд амьд үлдэх гурван арга бий.
[Сүйрсэн ертөнцөд амьд үлдэх гурван арга бий. Одоо заримыг нь мартчихсан ч нэг зүйл лавтай. Үүнийг одоо уншиж байгаа чи амьд үлдэнэ.
—Сүйрсэн ертөнцөд амьд үлдэх гурван арга]
Хуучин ухаалаг утасны дэлгэцийг нэгэн вэб романы платформ дүүргэж байлаа. Би доош нь гүйлгээд, дараа нь дахиад дээш нь гүйлгэв. Би үүнийг хэд дэх удаагаа хийж байгаа билээ?
—Үнэхээр үү? Энэ төгсгөл нь үү?
Дахин харахад «Дууссан» гэсэн тэмдэглэгээ эргэлзэхийн аргагүй тод байв.
Түүх дуусжээ.
+
[Сүйрсэн ертөнцөд амьд үлдэх гурван арга]
Зохиогч: tls123
3,149 бүлэг.
+
«Сүйрсэн ертөнцөд амьд үлдэх гурван арга» нь 3,149 бүлэгтэй, бүрэн хэмжээний уран зөгнөлт роман байлаа. Товчилсон нэр нь «Амьд үлдэх арга зам».
Би энэ романыг дунд сургуулийн гуравдугаар ангиас хойш тасралтгүй уншсаар ирсэн.
Сургуулийн танхай хүүхдүүдэд дарлуулж явсан үе, элсэлтийн шалгалтаа муу өгч, орон нутгийн их сургуульд орохоос өөр аргагүй болсон үе, хараал идсэн цэргийн хуваарилалтын сугалаанд азгүйтэж, тэргүүн шугамын ангид очсон үе, ажлаа дахин дахин сольсоор одоо том компанийн харьяа байгууллагад гэрээгээр ажиллаж буй энэ үе… Хараал идэг, энэ тухай ярихаа больё.
Ямартай ч…
«Зохиогчийн үг: «Амьд үлдэх арга зам»-ыг энд хүртэл уншсанд маш их баярлалаа. Төгсгөлийн бүлэгтой эргэн ирнэ!»
—Аан… Төгсгөлийн бүлэг нь үлдсэн хэвээр байна. Тэгэхээр дараагийн бүлэг үнэхээр сүүлчийнх нь юм байна.
Хүүхэд нас төгсөж, насанд хүрэх хүртэл бүтэн арван жил өнгөрчээ. Нэгэн ертөнц мөхөж буйг мэдрэх гуниг, сэтгэл ханамж хоёр зэрэгцэв.
Би сүүлчийн зурвасын сэтгэгдлийн хэсгийг нээгээд, бичсэн өгүүлбэрээ хэд хэдэн удаа дахин засав.
—Ким Дугжа: Зохиолч оо, энэ хугацаанд бүх зүйлд баярлалаа. Төгсгөлийн бүлэгийг тэсэн ядан хүлээж байна.
Би үүнийг чин сэтгэлээсээ бичсэн юм. «Амьд үлдэх арга зам» миний амьдралд онцгой байр суурь эзэлсэн зохиол байлаа. Хамгийн алдартай нь биш ч миний хувьд хамгийн шилдэг нь байсан.
Хэлмээр байсан олон зүйл байсан ч бичиж чадсангүй. Хайнга хэлсэн үг минь зохиолчийг шархлуулчих вий гэж айж байлаа.
—Нэг бүлэгт дунджаар 1.9 үзэлт.
—Дунджаар 1.08 сэтгэгдэл.
Энэ бол «Амьд үлдэх арга зам»-ын дундаж алдар нэрийн үзүүлэлт байлаа.
Эхний бүлгийн үзэлт 12,000 байсан ч 10-р бүлгийнх 120 болж, дараа нь 50-р бүлгийнх 12 болсон. 100-р бүлэгт хүрэхэд ердөө 1 л үлджээ.
Үзэлт = 1.
Бүлгүүдийн жагсаалтын хажууд гарч ирсэн тоо томшгүй олон «1»-ийг харахад сэтгэл хөдөлж байлаа. Заримдаа «2» гэсэн тоо харагддаг байсан ч хэн нэгэн буруу товч дарсаных байх.
«Баярлалаа.»
Зохиогч 10 жилийн турш бүлэг бүрт ердөө 1 үзэлттэй, 3,000 гаруй бүлэгтэй роман нийтэлжээ. Энэ үнэхээр зөвхөн надад зориулсан түүх байлаа.
Би «Зохиол санал болгох» самбарыг нээгээд шууд бичиж эхлэв.
— Үнэхээр хөгжилтэй, уншихад урамтай нэг зохиол санал болгоё.
Зохиолч надад үнэгүй, бүрэн дууссан роман бичиж өгсөн болохоор би зохиолыг нь санал болгох ёстой. Би «дууссан» гэсэн товчийг дармагц сэтгэгдлүүд хурдан гарч ирэв.
— Дахиад нэг өдөөн хатгагч гарч иржээ. Энэ хүний хаягийг шалгатал нэг л зохиолыг хэд хэдэн удаа санал болгосон байна.
— Энэ хүний санал болголт бичих эрхийг хаасан биш бил үү? Зохиолч өөрөө энд ингэж бичиж болохгүй шүү дээ.
Хэдэн сарын өмнө ч бас энэ зохиолыг санал болгож бичсэнээ би санав. Ажиглаж суусан хүмүүс миний тухай ухаж төнхөн, хормын дотор хэдэн арван сэтгэгдэл бичжээ. Ичсэндээ нүүр халуу дүүгэв.
Зохиолч үүнийг заавал уншина гэдэгт би итгэлтэй байлаа. Тиймээс сандарч зурвасаа устгах гэж оролдсон ч зурвасыг устгах боломжгүй гэсэн мэдэгдэл аль хэдийн гарсан байв.
—Энэ чинь…
Бүх чин сэтгэлээ шингээн бичсэн санал болголт маань ийм байдалд орсныг бодохоор сэтгэл өвдөв.
Жаахан л уншаад үзэхэд сонирхолтойг нь мэдэх байтал яагаад хэн ч энэ зохиолыг уншиж үзэхийг хүсэхгүй байгаа юм бол? Зохиолчид хандив өгөхийг хүссэн ч цалингаараа арай ядан амьдардаг болохоор мөнгө хүрсэнгүй.
Тэгтэл «зурвас ирлээ» гэсэн мэдэгдэл ирэв.
—tls123: Баярлалаа.
Хаанаас ч юм нэг зурвас нисээд ирэв. Нөхцөл байдлыг ойлгоход надад хэсэг хугацаа орлоо.
—Ким Дугжа: Зохиолч уу?
tls123 гэдэг нь «Амьд үлдэх арга зам»-ын зохиолч байлаа.
—tls123: Таны ачаар эцсийг нь хүртэл дуусгаж чадсан. Бас тэмцээнд түрүүлсэн.
Би итгэж ч чадсангүй.
«Амьд үлдэх арга зам» тэмцээнд түрүүлсэн гэж үү?
—Ким Дугжа: Баяр хүргэе! Ямар тэмцээн юм бэ?
—tls123: Нэр нь үл мэдэгдэх тэмцээн болохоор та мэдэхгүй байх.
Ичсэндээ худал хэлж байна уу гэж бодсон ч үнэн байгаасай гэж хүсэж байлаа. Магадгүй би үнэхээр мэдээгүй ч байж болох юм. Өөр платформууд дээр нэлээд алдартай болсон байж мэднэ. Жаахан гуниг төрсөн ч сайн түүх олонд түгж байгаад баяртай байв.
—tls123: Танд талархсныхаа хариуд онцгой бэлэг явуулмаар байна.
—Ким Дугжа: Бэлэг үү?
—tls123: Эрхэм уншигч минь, таны ачаар энэ түүх хорвоод мэндэлсэн юм.
Зохиолчийн хүссэнээр би түүнд имэйл хаягаа өглөө.
—tls123: Аан, тийм байна. Төлбөртэй болох хуваарийг авчихлаа.
— Ким Дугжа: Хөөх, үнэхээр үү? Хэзээнээс эхлэх вэ? Ийм сор бүтээл анхнаасаа л төлбөртэй байх ёстой байсан юм…
Энэ бол худал байлаа. «Амьд үлдэх арга зам» өдөр бүр шинэчлэгддэг цуврал байсан тул би сар бүр 3,000 вон төлөх хэрэгтэй болох байв. 3,000 вон гэдэг нь миний хувьд дэлгүүрийн бэлэн хоолны нэг өдрийн мөнгө.
—tls123: Төлбөртэй болох нь маргааш эхэлнэ.
—Ким Дугжа: Тэгвэл маргааш гарах төгсгөлийн бүлэг нь төлбөртэй байх нь ээ?
—tls123: Тийм ээ, уучлаарай, та төлөх хэрэгтэй болно.
—Ким Дугжа: Мэдээж төлөлгүй яах вэ! Сүүлчийнхийг нь худалдаж авна!
Үүний дараа зохиолч хариу өгсөнгүй. Би сайтаас гарлаа. Тэгээд хэсэг хугацааны дараа гутранги бодолд автав.
Амжилтад хүрчихээд зохиолч хариу ч үгүй алга болчихов уу…? Миний бишрэл өчүүхэн атаархал болон хувирлаа. Би юунд ингэж хөөрсөн юм бол? Ямар ч байсан энэ миний роман биш.
—Бэлгийн эрхийн бичиг өгөх болов уу? 50,000 воных байвал сайхансан.
Тэр үед би гэнэнээр бодож байлаа. Маргааш дэлхий ертөнцөд юу тохиолдохыг би огт мэдээгүй.