Бараг яг тэр мөчид, өөр нэгэн газар.
— Аав, ээж ээ, болсон явдал ерөнхийдөө ийм.
Фан Жэн цэх зогсож, хүндэтгэлтэй бөгөөд болгоомжтой өнгөөр хэлэв.
Танхимд Фан Юанийн авга ах Гү Юэ Дүн Тү, авга эгч хоёр өргөн түшлэгтэй том сандалд суун хөмсгөө зангидаж байлаа.
Авга эгч шүдээ хавирав. Фан Жэний өмнөөс уурлахын зэрэгцээ болсон явдалд дотроо баярлаж байсан тэрээр:
— Өнөөх адгийн Фан Юань бусдыг дээрэмдсэн нь ч яах вэ. Төрсөн дүүгээ хүртэл хэлтрүүлсэнгүй! Яасан хүйтэн, сэтгэлгүй амьтан бэ! Энэ удаа ийм том хэрэг тарьсан юм чинь удахгүй академиас хөөгдөх байх, — гэв.
— Болно. Чи бага ярь.
Авга ах гүнзгий санаа алдаад Фан Жэнд хандан:
— Чи ердөө ганц анхдагч чулуу алдсан. Санаа зовох хэрэггүй. Агуулах руу очоод нэг чулуу ав. Энд чамд хийх зүйл алга. Одоо бясалгалдаа шамдах хэрэгтэй. A зэрэглэлийн чадамжтай болохоор нэгдүгээр зэргийн дунд шатанд хамгийн түрүүнд хүрэх боломж чамд хамгийн өндөр.
— Тэнгэрээс заяасан авьяасаа бүү үр. Ээж бид хоёр чамайг тэргүүн байр эзлэхийг тэсэн ядан хүлээж байна.
— За, аав, ээж ээ. Хүү нь явъя.
Фан Жэн түгшсэн сэтгэлтэйгээр танхимаас гарлаа.
«Ах өнөөдөр академийн хаалгыг хааж, бүх сурагчийг дээрэмдсэн. Үр дагавар нь маш хүнд байж мэднэ. Үнэхээр хөөгдвөл би өмнөөс нь өршөөл хүсэх хэрэгтэй юу?»
Түүний толгойд хоёр өөр дуу хоолой сонсогдох мэт болов.
Нэг нь:
«Түүний өмнөөс өршөөл хүсэх хэрэггүй. Төрсөн дүү нь байхад чиний анхдагч чулууг хүртэл дээрэмдсэн биз дээ? Академиас хөөгдвөл өөрийнх нь буруу. Тэнгэрийн учруулсан гайг өршөөж болно. Харин өөрийн тарьсан гайгаас амьд гарах аргагүй!» гэж хэлнэ.
Нөгөө нь:
«Гэхдээ тэр чинь төрсөн ах. Та хоёр адилхан царайтай, нэг цустай хүмүүс. За яах вэ, чи түүнийг ах гэж хүлээн зөвшөөрдөггүй байлаа ч өмнөөс нь өршөөл хүсэх ёстой. Үгүй бол бусад хүн чамайг юу гэж бодох вэ? Хүйтэн сэтгэлтэй, ач мэддэггүй хүн гэж харах бус уу?» хэмээн шивнэнэ.
Фан Жэнийг танхимаас гарсны дараа авга эгч баярласнаа нууж чадсангүй.
— Нөхөр минь, бид Фан Юанийн амьжиргааны зардлыг тасалсан. Өнөөх муу хүү эцэст нь тэсэлгүй, том алдаа гаргалаа! Академийн хаалгыг хааж, олны нүдэн дээр зодолдоод зогсохгүй бусдыг дээрэмдлээ. Энэ чинь академийн ахмадыг ил цагаан өдөөн хатгасантай адил!
— Түүнийг хөөгдөх цаг тун ойртсон гэдэгт би мөрийцсөн ч чадна.
Гэвч авга ах толгой сэгсрэв.
— Чи хэтэрхий энгийнээр бодож байна. Фан Юань академиас хөөгдөхгүй. Тэр бүү хэл ямар ч шийтгэл хүлээхгүй байж мэднэ.
— Яагаад?
Авга эгч гайхав.
Авга ах хүйтнээр тургилаа.
— Ноцтой үр дагавар гараагүй цагт зодооныг дэмждэг. Энэ удаагийн тулаанд сурагчдаас хэн нэгэн үхсэн үү? Үгүй.
— Хүн гэмтсэн эсэхийг чи яаж мэдэх юм бэ? Зодооны үеэр санамсаргүй хэрэг гарахыг хэн байг гэх вэ?
Авга эгч бууж өгсөнгүй.
Авга ах нүдээ анин, сандлынхаа түшлэгийг наллаа.
— Чи Гү бясалгагч биш болохоор ойлгохгүй. Академийн ахмадыг зүгээр нэг чимэг гэж бодоо юу? Харуулууд хэзээ хөдөлсөн бэ? Хамгийн сүүлд. Энэ нь бүх нөхцөл байдал тэдний хяналтад байсныг харуулна.
— Үнэхээр хүнд гэмтсэн хүн байсан бол харуулууд эцсийн мөч хүртэл хүлээлгүй, аль эрт гарч ирэх байлаа.
Авга ах нүдээ нээгээд үргэлжлүүлэв.
— Академи сурагчдын хоорондох зодооныг хориглодоггүй. Үнэндээ тодорхой хэмжээнд дэмждэг. Зодолдох тусам сурагчид тулалдаж сурна. Зарим нь бүр тулалдаж байж хоорондоо бат холбоо тогтоодог. Ахмадууд ийм хэрэгт хөндлөнгөөс ордоггүй. Энэ бол хэдийн тогтсон жишиг.
— Харин хэн нэгэн үр хүүхдийнхээ өмнөөс хөдөлбөл дүрэм эвдсэн хэрэг болно.
Авга эгч түүний үгийг сонсоод хэсэг мэл гайхсанаа сэтгэл дундуур хэлэв.
— Тэгвэл ийм олон анхдагч чулуу дээрэмдсэн Фан Юанийг зүгээр өнгөрөөх хэрэг үү? Тийм их анхдагч чулуу түүний бясалгалд асар их тус болно шүү дээ!
Авга ах нүдээ нээхэд царай нь барайсан байлаа.
— Өөр яах юм? Намайг өөрийн биеэр очоод түүний бүх анхдагч чулууг булааж ав гэж байгаа юм уу?
Тэр хэсэг дуугүй байснаа хэлэв.
— Гэхдээ энэ явдлыг бид өөрсдийн ашигт эргүүлж болно. Фан Юань төрсөн дүү Фан Жэнээ хүртэл дээрэмдсэн. Түүний унах гол түлхүүр энэ болно.
— Фан Жэн A зэрэглэлийн чадамжтай. Нэг өдөр Фан Юаниас гарцаагүй хүчирхэг болно. Бид энэ явдлыг ашиглан ах дүү хоёрын хооронд ан цав гаргаж, Фан Жэнийг Фан Юаниас бүрмөсөн холдуулна. Тэгээд өөрсдийн талд ашиглана!
Ийнхүү гурван өдөр өнгөрөв.
Фан Юанийн дээрэм, сүрдүүлгээс үүссэн үймээн улам дэвэрсэнгүй. Харин ч аажмаар намжив.
Ямар ч ахмад дүрмийг зөрчин Фан Юанийг шийтгэхээр ирсэнгүй. Академийн ахмад ч болсон явдлыг хараагүй мэт өнгөрөөлөө.
Энэ хугацаанд анхдагч чулуугаа алдсанаа хүлээн зөвшөөрөөгүй хоёр гурван залуу Фан Юанийг дахин сорин дуудсан байв.
Гэвч Фан Юань тэднийг хялбархан унагасны дараа нэгэн зүйл бүгдэд тодорхой боллоо.
Тулааны урлагаар шаргуу хичээллэхгүй бол тэд Фан Юанийг хэзээ ч дийлэхгүй.
Үүний улмаас залуусын дунд тулааны урлагийн бэлтгэл хийх халуун давлагаа өрнөв.
Тулааны багш туйлын их баярлаж байлаа. Тэр тулааны урлагт ийм их дурлаж, ийм шаргуу хичээдэг сурагчидтай өмнө нь таарч үзээгүй.
Урьд нь хичээл заахад сурагчид сонирхолгүй сууж, өдөржин эвшээлгэдэг байсан. Харин одоо нүдэндээ галтайгаар байнга зөвлөгөө асууна.
Академийн ахмад нөхцөл байдлыг өөрийн биеэр лавлахаар иржээ.
Тулааны багш догдолсон өнгөөр:
— Сурагчдын идэвх санаанд оромгүй их нэмэгдсэн. Өөрчлөлт нь үнэхээр асар том. Гагцхүү Фан Юань гэдэг нэг сурагч л урьдын адил залхуурсан хэвээр, — гэж тайлагнав.
Академийн ахмад инээгээд мөрөн дээр нь алгадав.
— Чиний ярьж байгаа тэр сурагч л бусдыг ингэтэл өөрчилсөн хүн.
Тулааны багш учрыг нь ойлгосонгүй.
Мэдээж өөрчлөлт зөвхөн үүгээр дууссангүй.
Тэр явдлаас хойш Фан Юань ангийн бүх сурагчийн дайсан болсон байв. Хүн бүр түүнд дайсагнаж, тэр бүрэн ганцаарджээ.
Одоо хэн ч түүнтэй ярихгүй. Хэн ч мэндлэхгүй.
Залуус хувиараа хамаг хүчээрээ тулааны суурь ур чадвараа давтаж байлаа. Эцэг эх, ахмадуудаасаа урам зориг авсан тэд нэр төрөө өөрсдийн гараар эргүүлэн авахаар шийджээ.
Тайван мандлын доогуур далд урсгал хүчтэй хуйлран байлаа.
Дахин дөрвөн өдөр өнгөрөв.
Академийн ахмад долоо хоногийн анхдагч чулуун тэтгэмжийг дахин тараалаа.
Фан Юанийн хөдлөх цаг ч дахин ирэв.
— Фан Юань, ганц удаа дээрэмдсэн нь хангалтгүй юу? Бидний анхдагч чулууг дахиад авах санаатай юм уу?!
Фан Юань хаалгыг дахин хаасныг хараад сурагчид цочирч, уурлан хашхирлаа.
Фан Юань хаалганы голд гараа ардаа авч зогсоно. Царай нь хүйтэн, дуу нь тайван байв.
— Хүн бүр нэг анхдагч чулуу өг. Тэгвэл бие махбодын өвдөлтөөс хэлтрүүлнэ.
— Фан Юань, чи дэндүү дээрэлхэж байна! Би чамайг тулаанд дуудъя!
Гү Юэ Мо Бэй ууртайгаар архиран, хамгийн түрүүнд урагш гарлаа.
— Өө?
Фан Юань хөмсгөө үл ялиг өргөв.
Мо Бэй нударгаа өргөн дайрлаа.
Хэдхэн удаа довтолж, хамгаалалцсаны дараа тэр ухаан алдан газар унав.
— Мо Бэй, чи дэндүү арчаагүй юм! Намайг сайн хар!
Гү Юэ Чи Чэн чангаар хашхираад Фан Юань руу дайрлаа.
Хэдэн удаа довтолгоо солилцсоны эцэст тэр Мо Бэйн араас залгав.
Фан Юанийн тулааны туршлага тэднийхээс хэдэн мянга дахин арвин. Дөнгөж бясалгаж эхэлсэн ч хүч бүрээ яг тохируулан хэрэглэж байлаа.
Харин энэ бүлэг сурагч тулааны замд дөнгөж хөл тавьсан.
Хэрэв бүгдээрээ зэрэг дайрвал Фан Юаньд бага зэрэг бэрхшээл учруулж мэднэ. Гэвч ганц нэгээрээ сорин дуудах нь өнгөрсөн дээрмийн үеийнхээс ч амар байв.
Арван таван минутын дараа Фан Юань түнтийсэн мөнгөний ууттай, тайван алхсаар явж одлоо.
Түүний ард залуус газар дүүрэн хэвтэж байв. Зарим нь хөдөлгөөнгүй. Зарим нь гэдэс, цавиа тэврэн ёолж, чарлана.
— Ах дүүс ээ, талбайг хурдан цэвэрлэе!
Харуулууд хашхиралдан, бүгд урагш гүйлдлээ.