Тавдугаар сар бол хавар зуны зааг үе.
Агаар цэцгийн үнэрээр дүүрч, сүрлэг уулс мөнх ногооноороо харагдана. Нарны илч ч бага багаар ширүүсэж эхэлжээ.
Цэлмэг хөх тэнгэрт хөвөн мэт цагаан үүлс хөвнө.
Чин Мао уулын хулсан ой урьдын адил жад шиг шулуун ургаж, хөх тэнгэр өөд шовх үзүүрээ чиглүүлжээ. Энд тэндгүй зэрлэг өвс өтгөн урган, үл мэдэгдэх олон зүйлийн цэцэг ногоон дунд алаглана.
Зөөлөн салхи үлээхэд зэрлэг өвс найгаж, цэцгийн тоос, шинэхэн ногооны өтгөн үнэр зорчин явагсдын хамар цоргино.
Уулын бэлээс дунд хэсэг хүртэл өргөн уудам шаталсан тариалангийн талбай үргэлжилнэ. Давхар давхраар, шат шатаар тарьсан зөөлөн ногоон буудайн соёо алсаас харахад номин далай мэт байлаа.
Талбай дээр тоо томшгүй тариачин завгүй ажиллана. Зарим нь усалгааны суваг цэвэрлэж, зарим нь өмдөө шамлан усан дунд зогсоод соёо суулгаж байв.
Тэд мэдээж бүгд овгийн гаднах эгэл хүмүүс. Гү Юэ овгийнхон хэзээ ч ийм дорд ажил хийхгүй.
Жин, жин...
Хаврын салхинд тэмээний хонхны чимээ бүдэгхэн сонсогдов.
Тариачид нуруугаа тэнийлгэн уулын бэл рүү харцгаалаа. Удалгүй уулын хажуугаас өнгө өнгийн урт өт мэт худалдааны цувааны тэргүүн аажмаар цухуйв.
— Худалдааны цуваа ирж байна!
— Тийм байна! Тавдугаар сар гарчихсан болохоор ирэх цаг нь ч болжээ.
Томчууд тэр дороо учрыг ойлгож, хүүхдүүд гар дахь ус, шавраа хаяад эрч хүчтэйгээр худалдааны цуваа руу гүйлдэв.
Өмнөд Хил хязгаар зуун мянган уултай. Чин Мао уул бол тэдгээрийн ердөө нэг нь.
Уул бүрд тосгон тосгоноороо байрлах бөгөөд хүмүүс цусан болон ураг төрлийн холбоогоороо нэгдэн амьдардаг.
Уулсын хоорондох ой шугуй гүн, аюултай. Хадан цохио эгц бөгөөд нурж унах чулуугаар дүүрэн. Түүнчлэн ярвигтай энэ орчинд асар олон догшин араатан, этгээд хачин Гү амьдарна.
Эгэл хүмүүс ийм газраар огт нэвтэрч чадахгүй. Энэ бүх саадыг ганцаараа давахын тулд ядаж гуравдугаар зэргийн Гү бясалгагч байх шаардлагатай.
Эдийн засаг сул хөгжсөн тул тосгод хоорондын худалдаа туйлын хэцүү.
Иймээс худалдааны хамгийн чухал хэлбэр нь худалдааны цуваа байлаа. Зөвхөн ийм томоохон цуваа байгуулж байж л Гү бясалгагчид хүчээ нэгтгэн, замд тохиох аюул бэрхшээлийг давж, нэг уулнаас нөгөөд хүрч чадна.
Худалдааны цуваа ирсэн нь амар тайван Чин Мао ууланд буцалсан ус асгасантай адил байлаа.
— Өмнөх жилүүдэд дөрөвдүгээр сард ирдэгсэн. Энэ жил тавдугаар сар хүрч байж ирлээ. Ядаж ирсэн нь болж дээ.
Дэн буудлын эзэн мэдээ сонсоод уртаар амьсгаа авав.
Бусад сард дэн буудлын орлого муу байдаг. Цуваа ирэх үеэр л бүтэн жилийнхээ хэрэгцээг хангах хэмжээний ашиг олдог байлаа.
Түүнчлэн агуулахад нь худалдаачдад зарах ногоон хулсны дарс багагүй бий.
Цуваа ирэхэд дэн буудлаас гадна уушийн газруудын худалдаа ч цэцэглэдэг байв.
Худалдаачид Гү Юэ тосгонд нэг нэгээрээ орж ирлээ. Цувааны тэргүүнд Эрдэнэсийн гуулин бах Гү явна.
Тэр бах хоёр метр хагас өндөр, бүх бие нь улбар шаргал өнгөтэй. Нуруу нь зузаан бөгөөд үү, товруугаар бүрхэгдсэн байлаа. Эртний хотын хаалганд зоосон гуулин хадаасны бөөрөнхий толгой шиг харагдана.
Бахын нуруун дээр бүдүүн олсоор асар их бараа бэхэлжээ. Өнгөц харахад аварга үүргэвч үүрсэн мэт.
Бахын толгой дээр сэвх сорвинд дарагдсан бөөрөнхий царайтай дунд эргэм насны эр завилан сууна. Тэр тарган, том гэдэстэй бөгөөд инээхэд хоёр нүд нь нарийхан зураас болж хувирдаг байв.
Тэр эргэн тойрны Гү Юэ тосгоныхон руу нударгаа алгандаа атган мэндчилнэ.
Энэ хүнийг Жя Фү гэдэг. Жя овгийн хүн бөгөөд дөрөвдүгээр зэргийн бясалгалтай, энэ удаагийн худалдааны цувааг тэргүүлж яваа ажээ.
Эрдэнэсийн гуулин бах Гү дэвхрэн урагшлах ч толгой дээр нь суух Жя Фү тогтвортой хэвээр.
Бах үсрэхдээ хоёр давхар байшингийн цонхтой чацуу өндөрт хүрнэ. Харин газар буусан хойноо ч хулсан байшингийн нэгдүгээр давхраас өндөр байлаа.
Уужим гудамж гэнэт давчуу, нарийхан болж хувирав. Эрдэнэсийн гуулин бах Гү олон хулсан байшингийн дунд нэвтрэн орж ирсэн аварга араатан мэт харагдана.
Түүний араас аварга бүдүүн өт явж байв. Хоёр нүд нь өнгө өнгийн шилэн цонх шиг хурц, үзэсгэлэнтэй. Арван таван метр урт биетэй, хэлбэр нь торгоны хүр хорхойтой төстэй.
Гэвч гадаргууг нь хар шаазан мэт зузаан хуяг бүрхжээ.
Хуяг дээр нь мөн л асар их бараа овоолж, олсоор бэхэлсэн байв. Барааны завсар зайд хөгшин, залуу янз бүрийн Гү бясалгагчид суужээ.
Газраар бат бөх биетэй, тулааны ур чадвартай эгэл хүмүүс алхаж, аварга хар өтний араас аажуухан урагшилна.
Бүдүүн өтний араас өнгө өнгийн өдтэй тэмээн хяруул, үсэрхэг уулын аалз, хоёр хос өдөн далавчтай могой зэрэг этгээд амьтад үргэлжилжээ.
Гэхдээ тэд цөөн, цувааны ихэнхийг бахнууд эзэлнэ.
Тэдгээр бах Эрдэнэсийн гуулин бах Гүтэй төстэй ч үхэр, адууны хэмжээтэй. Бараа, хүн ачин, түмбийсэн гэдсээ доргион дэвхэрсээр явна.
Худалдааны цуваа тосгоны гүн рүү тахиралдан орлоо.
Зам дагуух хүүхдүүд нүдээ бүлтийлгэн сониучирхаж, баярлан хашхирах юм уу гайхсандаа дуу алдана.
Хоёрдугаар давхрын цонхнууд ар араасаа нээгдэж, уулын тосгоныхон худалдаачдыг холоос ажиглав. Заримынх нь нүдэнд айдас гялсхийж, зарим нь гараа даллан халуун дотноор угтана.
— Жя ах аа, энэ жил нэлээд оройтож ирлээ. Зам зуур их зовоо биз дээ?
Овгийн тэргүүн Гү Юэ Бо энэ жилийн худалдааны цувааны удирдагчийг өөрийн биеэр угтахаар хүрч ирэв.
Жя Фү дөрөвдүгээр зэргийн Гү бясалгагчийн байр суурьтай. Хэрэв түүнийг гуравдугаар зэргийн жирийн нэг ахмад угтвал хайхрамжгүй, басамжилсан хэрэг болно.
Жя Фү нударгаа алгандаа атган санаа алдав.
— Энэ жилийн зам тун бүтэлгүй байлаа. Замдаа Далд Цусан Сарьсан Багваахайн сүрэгтэй таарч, хэдэн сайн хүнээ алдсан. Дараа нь Жүэ Би ууланд өтгөн мананд орж, цааш хөдөлж зүрхэлсэнгүй. Тиймээс нэлээд саатаж, Гү Юэ ахыг удаан хүлээлгэлээ.
Хоёул тун эелдэг өнгөөр ярилцана.
Гү Юэ тосгонд худалдаа хийхийн тулд жил бүр худалдааны цуваа хэрэгтэй. Харин худалдааны цуваанд мөн ашиг олох зах зээл хэрэгтэй.
— Хэ хэ хэ, ирсэн нь л сайн хэрэг. Морилно уу. Овог маань идээ, дарс бэлтгэсэн. Жя ахыг би өөрийн биеэр дайлъя.
Гү Юэ Бо гараа сунган урив.
— Овгийн тэргүүн дэндүү хүндэтгэж байна. Дэндүү хүндэтгэж байна шүү.
Жя Фү баярлан хариулав.
Худалдааны цуваа өглөө эрт Чин Мао уулын нутагт хүрч, үдээс хойш Гү Юэ тосгонд буудаллав.
Үдшийн бүрий болоход тосгоны эргэн тойронд түр дэлгүүр, худалдааны асрууд хэдийн өргөнөөрөө тархжээ.
Улаан, хөх, шар, ногоон өнгийн өндөр майхнууд янз бүрийн хэлбэрээр сүндэрлэнэ. Майхнуудын хоорондох өчүүхэн зай бүрд жижиг лангуу шахцалдан байрлажээ.
Шөнө нөмөрч эхэлсэн ч худалдааны талбай гэрэлд умбаж байв.
Тосгоноос тасралтгүй хүн цутган ирнэ. Эгэл хүмүүс ч, Гү бясалгагчид ч байлаа. Хүүхдүүд баярлан дэвхцэж, томчууд баяр ёслол тэмдэглэж буй мэт хөөрчээ.
Фан Юань олны урсгал даган ганцаараа алхана.
Эргэн тойронд хөл хөдөлгөөн тасрахгүй. Хэсэг хүмүүс лангууг бүчин зогсож, бусад нь майхны үүдээр тасралтгүй орж гарна.
Худалдаачдын бараагаа сурталчлан хашхирах дуу хаа сайгүй цуурайтна.
— Ирээрэй, үзээрэй! Дээд зэргийн Хөх Тэнгисийн Үүлэн шахмал цай! Үүнийг уувал дагина мэт хөнгөн сэргэг болно! Хүн уухгүй байсан ч Цайны Гү тэжээж болно. Үнэдээ ахадсан чанартай бараа шүү! Нэг шахмал ердөө таван анхдагч чулуу!
— Хар Хүчт Урт Эвэрт Цох Гү! Үүнийг ашигласан Гү бясалгагч үхрийн хүч гаргана! Явж болно шүү, гэхдээ дараа нь харамсаад хэрэггүй!
— Хослуулагч өвс байна! Дээд зэргийн Хослуулагч өвс! Шинэхэн түүсэн мэт чанарыг нь хараарай! Нэг жин нь хоёрхон анхдагч чулуу. Үнэхээр хямд!
Энэ үгийг сонссон Фан Юань үл ялиг саатсанаа дуу гарсан зүг рүү алхлаа.
Хоёр дугуйт тэрэг чирсэн тэмээн хяруул харагдав. Тэргэн дээр цайвар ногоон өвс овоолсон байлаа. Ширхэг бүр нь нэг метр орчим урт, нарийн шовх. Дундаж өргөн нь хурууны хумсны дайтай. Зарим өвсний үзүүрт зүрхэн хэлбэртэй улаан цэцгийн нахиа ургажээ.
Хослуулагч өвс бол Гүгийн үндсэн хоолтой хольж өгдөг нэмэлт тэжээлийн нэг төрөл. Үнэ цэн нь хэд хэдэн төрлийн Гүгийн хоолтой хослуулан хэрэглэж болдогт оршино.
Жишээлбэл, Фан Юань Сарны Гэрэл Гүг тэжээх болгондоо хоёр дэлбээ өгөх шаардлагатай. Харин нэг ширхэг Хослуулагч өвс хольбол ганцхан дэлбээ идээд цадна.
Нэг жин Хослуулагч өвс ердөө хоёр анхдагч чулуу. Харин сарны цахирмааны арван дэлбээ нэг анхдагч чулууны үнэтэй.
Энгийнээр тооцоход Хослуулагч өвс хольж тэжээх нь илүү хэмнэлттэй.
«Хагас сарын өмнө би академийн дотор Сарны Гэрэл Гү ашиглан Гао Ванийг алсан учир гучин анхдагч чулуугаар торгуулсан. Гэхдээ дараа нь Мо овог гучин анхдагч чулуу нөхөн төлсөн болохоор бодит хохирол амсаагүй.»
«Сүүлийн хэдэн өдөр хоёр удаа дээрэм хийсний дараа нийт анхдагч чулуу маань зуун арван найм болсон.»
«Гэхдээ би сүүлийн үед анхдагч мөн чанараа тасралтгүй зарцуулж, дунд шатны мөн чанар болгон цэвэршүүлэхийн зэрэгцээ бясалгалын сүвийн дөрвөн ханыг тэтгэж байгаа. Өдөр бүр гурван анхдагч чулуу хэрэглэнэ.»
«Үүн дээр Гүнүүдээ тэжээх зардал, өөрийн өдөр тутмын хэрэглээ, ногоон хулсны дарс дараалан худалдаж авсныг нэмбэл одоо ерэн найман анхдагч чулуу үлджээ.»
Фан Юань хүн алснаас хойш түүний харгис, хүйтэн дүр сурагчдын сэтгэлд гүн суусан. Хэсэг хугацаанд хэн ч түүнийг эсэргүүцэж зүрхэлсэнгүй.
Иймээс дээрэм хийх нь улам хялбар болжээ. Тэр болгонд тун цөөн сурагч л эсэргүүцэх зориг гаргана.
Фан Юань дотроо хөрөнгөө тооцоолсноо харцаа шилжүүлэн, түр дэлгүүрүүдийн төв рүү үргэлжлүүлэн алхав.
Хослуулагч өвсний лангууг хэсэг хүн бүсэлжээ. Бүгд Гү бясалгагч эсвэл академийн сурагчид бөгөөд гартаа анхдагч чулуу барин, уралдан худалдан авахаар хашхирч байв.
Фан Юань Хослуулагч өвс авах мөнгөгүйдээ бус, цаггүйдээ өнгөрчээ.
«Санаж байгаагаар бол тэр Шавар арьст бах Гү энэ хавийн нэг дэлгүүрт байх ёстой. Өмнөх амьдралд нэг Гү бясалгагч худалдааны цуваа ирсэн эхний шөнө чулуунд мөрий тавиад түүнийг олж, асар их ашиг олсон.»
«Би яарах хэрэгтэй. Жаахан зардал хэмнэх гэж байгаад том боломжоо алдаж болохгүй.»