Тэнгэрийн давхар хар үүлсээс хаврын бороо шивэрнэ.
Үсний ширхэг мэт нарийхан бороон дуслууд Чин Мао уулыг зөөлөн манангаар бүрхжээ.
Дэн буудлын нэгдүгээр давхрын хоолны танхимд хүн цөөтэй. Дөрөвхөн ширээнд зочид сууж байв.
Фан Юань цонхны дэргэд сууна.
Салхи үлээж, цэцгийн үнэр дагуулан орж ирэхэд яруу найргийн уур амьсгал төрөв.
— Тэнгэрийн нарийн бороо тос мэт зөөлөн. Тэртээд ногоорох өвс дэргэд очиход үл үзэгдэнэ.
Фан Юань цонхоор гадагш харан шүлгийн мөр аяархан уншсанаа харцаа ширээ рүүгээ буцаав.
Өмнө нь тансаг дарс, сайхан хоол өрөөстэй. Өнгө, үнэр, амт нь бүгд дээд зэрэг.
Ялангуяа шинэхэн үнэр хосолсон өтгөн анхилуунтай ногоон хулсны дарс хамгийн содон байлаа. Хар ногоон өнгийн дарс хулсан аяганд намуухан мэлтэлзэнэ. Фан Юанийн өнцгөөс харахад хув мэт зөөлөн гялалзаж байв.
Түүнд хамгийн ойр ширээнд өвөө, ач хүү хоёр суужээ. Эгэл хүмүүс тул хувцас хунар нь ч даруухан.
Өвгөн будааны дарсаа бага багаар шимэх зуураа Фан Юань руу атаархсан харцаар харна. Ногоон хулсны дарсанд татагдсан нь илт боловч худалдан авах мөнгөгүй байлаа.
Ач хүү нь жигнэсэн шош зажилж, шаржигнуулан иднэ. Тэгэх зуураа өвөөгийнхөө гараас угзран шалгаав.
— Өвөө, өвөө! Рэнь Зүгийн түүхээс ярьж өгөөч. Ярихгүй бол эмээд таныг нууцаар архи уухаар гарч ирсэн гэж хэлнэ шүү!
— Ээ дээ, хүн тайван архи ч ууж болохгүй нь.
Өвгөн санаа алдсан ч ач хүүгээ энхрийлсэн инээмсэглэл нүүрэнд нь тодров. Мөчир шиг нарийхан гараараа хүүгийн толгойг илээд:
— Тэгвэл Рэнь Зү зүрх сэтгэлээ Найдварын Гүд өгч, Гай Зовлонгийн савраас хэрхэн мултарсан түүхийг ярьж өгье, — гэв.
Рэнь Зүгийн үлгэр энэ ертөнцөд хамгийн өргөн тархсан, хамгийн алдартай түүх төдийгүй хамгийн эртний домог байлаа.
Өвгөний ярьсан түүх ийм байв.
Рэнь Зү найдварын ачаар Гай Зовлонгоос мултарч чаджээ.
Гэвч эцэстээ тэр хөгширсөн юм.
Хүч, Мэргэн Ухаан хоёргүй болсон Рэнь Зү ан хийж чадахаа байв. Шүд нь хүртэл унаж, олон төрлийн зэрлэг жимс, ургамлыг зажилж чадахгүй болжээ.
Үхэл алгуур ойртож байгааг Рэнь Зү мэдэрлээ.
Тэр үед Найдварын Гү түүнд:
— Хүн минь, чи үхэж болохгүй. Чамайг үхвэл зүрх сэтгэл чинь үгүй болж, миний амьдрах цорын ганц орон байр алга болно, — гэжээ.
Рэнь Зү аргаа баран:
— Хэн үхэхийг хүсэх билээ? Гэхдээ тэнгэр газар намайг үхүүлэхээр шийдвэл надад сонголт үгүй, — гэв.
Найдварын Гү:
— Бүх зүйлд үргэлж найдвар байдаг. Насны Гү барьж чадвал чи насаа уртасгаж чадна, — гэлээ.
Рэнь Зү Насны Гү байдгийг эртнээс сонссон боловч аргаа баран гараа савчив.
— Насны Гү хөдөлгөөнгүй байхдаа хэнд ч мэдэгддэггүй. Харин нисэхдээ гэрлээс ч хурдан. Би яаж түүнийг барих юм бэ? Дэндүү хэцүү!
Тэгэхэд Найдварын Гү Рэнь Зүд нэгэн нууц хэлэв.
— Хүн минь, юу ч болсон найдвараа бүү орхи. Энэ тивийн баруун хойд захад асар том уул бий. Уулан дээр нэг агуй байдаг. Тэр агуйд бөөрөнхий, дөрвөлжин хоёр Гү бий. Тэднийг эрхэндээ оруулж чадвал энэ ертөнцийн ямар ч Гү чамаас мултарч чадахгүй. Насны Гү ч ялгаагүй!
Рэнь Зүд өөр сонголт байсангүй.
Энэ бол түүний үлдсэн цорын ганц найдвар байлаа.
Тэр тоо томшгүй зовлонг давж, эцэст нь өнөөх уулыг олжээ. Дараа нь амь насаараа дэнчин тавьж, өчнөөн аюулыг туулан уулын оргил өөд авирав.
Оргил дээрх агуйн аманд хүрээд үлдсэн сүүлчийн хүчээ шавхан, дотогш алгуур орлоо.
Агуйн дотор тас харанхуй. Өөрийнхөө хурууг ч олж харах боломжгүй байв.
Рэнь Зү харанхуй дундуур урагшиллаа.
Заримдаа юу гэдгийг нь мэдэхгүй зүйлтэй мөргөлдөж, бүх биеэ шалбалуулан шархлуулна. Заримдаа энэ харанхуй агуй хязгааргүй уудам, бүхэл бүтэн ертөнц мэт санагджээ. Тэнд өөрөөс нь өөр хэн ч байхгүй мэт.
Удаан хугацаа өнгөрсөн ч Рэнь Зү харанхуйгаас гарч чадсангүй. Хоёр Гүг эрхэндээ оруулах нь байтугай хаана байгааг нь ч олсонгүй.
Яахаа мэдэхгүй мухардаж байтал харанхуй дундаас хоёр дуу сонсогдов.
Нэг нь:
— Хүн минь, чи биднийг барихаар ирсэн үү? Буц. Хүчний Гү байсан ч биднийг барьж чадахгүй, — гэв.
Нөгөө нь:
— Хүн минь, буц. Бид чиний амийг авахгүй. Мэргэн Ухааны Гү чамд тусалсан ч биднийг олохгүй байж мэднэ, — гэлээ.
Рэнь Зү ядарч туйлдан газар хэвтээд амьсгаадан:
— Хүч, Мэргэн Ухаан хоёр намайг аль эрт орхисон. Нас ч бараг дуусаж байна. Надад өөр арга үлдээгүй. Гэхдээ зүрх сэтгэлд минь найдвар байгаа цагт би бууж өгөхгүй! — гэв.
Рэнь Зүгийн үгийг сонсоод хоёр дуу чимээгүй болов.
Хэсэг хугацааны дараа нэг Гү нь:
— Ойлголоо, хүн минь. Чи зүрх сэтгэлээ Найдварын Гүд өгчээ. Тиймээс юу ч болсон бууж өгөхгүй юм байна, — гэв.
Нөгөө нь үргэлжлүүлэн:
— Тэгвэл бид чамд нэг боломж өгье. Бидний нэрийг хэлж чадвал өөрсдийгөө чамд ашиглуулна, — гэлээ.
Рэнь Зү мэл гайхав.
Энэ ертөнцийн тоо томшгүй үг дундаас тэр хоёрын нэрийг олох нь өвсөн дундаас зүү эрэхтэй адил байлаа.
Тэгээд ч нэр нь хэдэн үгтэйг хүртэл мэдэхгүй.
Рэнь Зү Найдварын Гүгээс яаран асуусан ч тэр бас мэдэхгүй байв.
Өөр аргагүй болсон Рэнь Зү нэрийг нь таамгаар хэлж эхэллээ.
Тэр тоо томшгүй олон нэр хэлж, асар их цаг зарцуулсан ч харанхуйгаас ямар ч хариу ирсэнгүй. Бүгд буруу байсан нь илт.
Эцэст нь Рэнь Зүгийн амьсгал улам суларч, настай өвгөнөөс үхлээ хүлээсэн хүн болон хувирав.
Оройн жаргах наран шиг ажээ. Тэнгэрийн хаяа руу алгуур доошилсон нар талдаа орж, удахгүй бүрмөсөн шингэх гэж байв.
Авчирсан хоол нь ч бага багаар дууслаа. Ухаан нь удааширч, ярих тэнхэл бараг үлдсэнгүй.
Харанхуй дахь дуу түүнийг ятгав.
— Хүн минь, чи бараг үхлээ. Тиймээс бид чамайг явуулъя. Үлдсэн цагаа ашиглан агуйгаас гарч, ертөнцийг сүүлчийн удаа харж болно. Гэхдээ чи биднийг гомдоосон. Шийтгэл болгон Найдварын Гү энд үлдэж, бидэнтэй нөхөрлөнө.
Рэнь Зү зүрх сэтгэлээ чанга атгаад татгалзав.
— Би үхсэн ч найдвараа орхихгүй!
Найдварын Гү гүнээ догдолж, Рэнь Зүгийн дуудлагад эрчтэй хариулан хурц гэрэл цацруулав.
Рэнь Зүгийн цээжнээс гэрэл цацарч эхэллээ.
Гэвч тэр гэрэл дэндүү сул байв. Харанхуйг гэрэлтүүлж чадсангүй. Рэнь Зүгийн бүх биеийг ч бүрхэж дийлэлгүй, зөвхөн цээжийг нь ороожээ.
Гэсэн ч Найдварын Гүгээс шинэхэн хүч бие рүү нь цутгаж байгааг Рэнь Зү мэдэрлээ.
Тэр үргэлжлүүлэн нэрс хашхирсаар байв.
Гэвч ухаан нь аль хэдийн самуурчээ. Өмнө хэлсэн олон нэрээ санахгүй дахин дахин давтаж, хүчээ дэмий үрнэ.
Цаг хугацаа урссаар, Рэнь Зүгийн нас бараг дууслаа.
Эцэст нь амьдралынхаа сүүлчийн өдөр тэр:
— Журам, — гэсэн үгийг хэлэв.
Харанхуй дундаас санаа алдах чимээ гарч, нэгэн дуу өгүүллээ.
— Хүн минь, би чиний тэвчээрийг биширч байна. Чи миний нэрийг хэллээ. Өнөөдрөөс эхлэн би чиний тушаалыг дагана.
— Гэхдээ ахтайгаа хамт байж гэмээнэ л ертөнцийн бүх Гүг барихад чинь тусалж чадна. Би ганцаараа бол хүч хүрэхгүй. Тиймээс бууж өг. Чи бараг үхлээ. Энэ боломжийг ашиглаад ертөнцийг сүүлчийн удаа харсан нь дээр.
Гэвч Рэнь Зү шийдвэрээсээ няцсангүй. Толгой сэгсрээд үлдсэн бүх цагаа ашиглан нөгөө Гүгийн нэрийг таасаар байв.
Хором, минут өнгөрсөөр удалгүй түүнд ердөө ганцхан цаг үлджээ.
Яг тэр мөчид Рэнь Зү өөрөө ч мэдэлгүй:
— Дүрэм, — гэх үгийг хэлчихэв.
Тэр даруй харанхуй сарнин алга боллоо.
Хоёр Гү өмнө нь гарч ирэв.
Найдварын Гүгийн хэлснээр нэг нь дөрвөлжин биетэй бөгөөд Журам Гү гэдэг нэртэй байлаа. Нөгөөх нь бөөрөнхий бөгөөд Дүрэм Гү хэмээн нэрлэгдэнэ.
Тэд нийлээд Дүрэм Журам Гү болно.
Хоёр Гү нэгэн зэрэг хэлэв.
— Бидний нэрийг мэдсэн хэн боловч бидэнд тушааж чадна. Хүн минь, чи бидний нэрийг мэдсэн тул одооноос бид чамд үйлчилнэ.
— Гэхдээ нэг зүйлийг санаж яв. Бидний нэрийг бусдад мэдүүлж болохгүй. Нэрийг маань хэчнээн олон хүн мэднэ, төдий олон хүний тушаалыг бид дагах хэрэгтэй болно.
— Чи биднийг хамгийн түрүүнд эрхэндээ оруулсан хүн. Одоо хүсэлтээ хэл.
Рэнь Зү ихэд баярлав.
— Тэгвэл би та хоёрт тушааж байна. Надад нэг Насны Гү барьж өг!
Дүрэм, Журам хоёр хамтран хөдөлж, наян жилийн Насны Гү барьж өглөө.
Рэнь Зү аль хэдийн зуун нас хүрсэн байв. Гэвч тэр Гүг хэрэглэмэгц нүүрнийх нь үрчлээ арилж, сул дорой мөч нь дахин булчинлаг болов. Биеэс нь залуу насны эрч хүч ундарна.
Тэр гэдсээрээ нэг түлхээд шууд хөл дээрээ босов.
Өөрийнхөө биеийг баярлан харж, дахин хорин настай залуугийн биеийг олж авснаа мэджээ.
— Өнөөдөртөө ингээд болъё. Харья даа, ач хүү минь.
Өвгөн түүхээ дуусгахад дарс нь ч мөн шавхагдсан байв.
— Өвөө, цааш нь яриач! Дараа нь Рэнь Зүд юу тохиолддог юм бэ?
Ач хүү өвөөгийнхөө гараас угзран шалгаасаар байлаа.
— Явъя. Дараагийн удаа боломж гарвал үргэлжлүүлж өгнө.
Өвгөн сүрлэн малгай, борооны нөмрөгөө өмсөөд ач хүүдээ жижиг хэмжээтэй өөр нэгийг өглөө.
Өвөө, ач хүү хоёр дэн буудлаас гарч, бороо дундуур алхсаар алгуурхан бараа тасрав.
«Дүрэм журам...»
Фан Юань дарстай аягаа алгуур эргүүлэн, доторх шингэнийг ширтэнэ. Харц нь бараан байлаа.
Рэнь Зүгийн домог энэ ертөнц даяар түгсэн. Түүнийг мэдэхгүй хүн бараг үгүй.
Фан Юань ч мөн эртнээс сонссон.
Гэхдээ домог ч бай, үлгэр ч бай, утга нь сонсож буй хүний ойлголтоос шалтгаална.
Түрүүний өвөө, ач хүү хоёр үүнийг ердөө үлгэр гэж сонссон. Харин Фан Юань цаад гүн утгыг нь ойлгож байв.
Яг л Рэнь Зү шиг.
Тэр дүрэм журмыг мэддэггүй байхдаа харанхуй дунд тэмтчин явжээ.
Заримдаа элдэв зүйлтэй мөргөлдөж, бусдыг дайран, өөрөө шархдаж бэртэн, өрөвдөлтэй байдалд орно. Заримдаа илүү уудам орон зайд төөрч, чиглэл ч үгүй, зорилго ч үгүй тэнүүчилнэ.
Тэр харанхуй гэдэг ердөө хар өнгө, эсвэл гэрэлгүй байдал биш.
Хүч, мэргэн ухаан, найдварын аль нь ч түүнийг сөрж чадсангүй.
Рэнь Зү дүрэм журмыг мэдэж, нэрийг нь хэлсний дараа л харанхуй сарниж, амьдралд нь гэрэл орж ирсэн.
Харанхуй бол дүрэм журмын харанхуй.
Гэрэл ч мөн дүрэм журмын гэрэл байлаа.
Фан Юань аяганаасаа харцаа салгаж, цонхоор гадагш харав.
Цонхны цаана тэнгэр бүрхэг хэвээр. Өтгөн ногоон ургамал дунд бороо манан мэт ташууран шивэрнэ.
Ойр хавийн өндөр хулсан байшингууд эгнэн үргэлжилжээ. Зам дээр хэдэн хүн алхана. Хөл нь борооны шаварт будагдсан байв. Зарим нь саарал ногоон сүрлэн нөмрөгтэй, зарим нь шар тосон даавуун шүхэр барьжээ.
Фан Юань дотроо дүгнэлээ.
«Энэ ертөнцийн тэнгэр, газар асар том шатрын хөлөгтэй адил. Амьтай бүхэн дүрэм журмын дагуу хөдөлдөг шатрын хүү.»
«Дөрвөн улирал өөрийн дүрэм журамтай. Хавар, зун, намар, өвөл ээлжлэн солигдоно.»
«Усны урсгал өөрийн дүрэм журамтай. Өндрөөс нам газар руу урсана.»
«Халуун агаар ч өөрийн дүрэм журамтай. Дээш хөөрнө.»
«Хүмүүс ч мөн өөр өөрсдийн дүрэм журамтай.»
«Хүн бүр өөрийн байр суурь, хүсэл, зарчимтай. Жишээлбэл, Гү Юэ тосгонд зарцын амь хямд, эзний амь үнэтэй. Энэ бол дүрэм журмын нэг хэсэг.»
«Тиймээс Шэнь Цүй баян чинээлэг, эрх мэдэлтэй хүнд ойртохын тулд бүх хүчээ дайчилдаг. Зарцын байр сууриасаа мултрахыг хүсдэг учраас тэр.»
«Гао Вань эзэндээ таалагдахын тулд бүхий л аргаа хэрэглэж, эзнийхээ эрх мэдлийг өөрийн хэрэгцээнд ашигласан.»
«Авга ах, авга эгч хоёр шуналдаа хөтлөгдөн эцэг эхийн минь өв хөрөнгийг залгихыг хүсэж байна.»
«Академийн ахмад байр сууриа хадгалахын тулд Гү бясалгагчдыг сурган хүмүүжүүлдэг.»
«Хүн бүр өөрийн дүрэм журамтай. Ажил мэргэжил бүр өөрийн дүрэм журамтай. Нийгэм, бүлэг бүхэн ч өөрийн дүрэм журамтай.»
«Зөвхөн тэр дүрэм журмыг ойлгож байж л хажуугаас нь нөхцөл байдлыг тодорхой харж чадна. Харанхуйгаас гарч гэрлийг угтан, дүрэм журмын завсраар элбэг зайтай хөдөлнө.»
Фан Юань өөрийнхөө нөхцөл байдлыг эргэцүүлэв. Бүх зүйл зүрхэнд нь аль хэдийн тодорхой болжээ.
«Мо овгийн тэргүүн Гү Юэ Мо Чэнийн хувьд гэр бүлийнхээ салааны хөгжил цэцэглэлт, ашиг сонирхлыг хамгаалах нь хамгийн чухал.»
«Мо Янь надад төвөг тарьснаар дүрэм журмыг эвдсэн. Тиймээс гэр бүлийнхээ нэр төрийн төлөө Мо Чэнь надад юу ч хийхгүй. Харин ч нөхөн төлбөр өгч мэднэ.»
«Үнэндээ Мо овог асар их нөлөөтэй. Хэрэв тэд нэр хүндээ үл тоон, намайг заавал шийтгэнэ гэж зүтгэвэл би эсэргүүцэж чадахгүй.»
«Гэхдээ Гү Юэ Мо Чэнь айж байгаа.»
«Тэр өөрөө дүрэм зөрчихөөс айгаагүй. Харин бусад хүн түүний араас даган дүрэм эвдэхээс айж байна.»
«Залуусын хоорондын тэмцэлд ахмад үеийнхэн оролцвол хэрэг улам даамжирна. Өндөр түвшний хүмүүс хүртэл хутгалдвал бүх уулын тосгонд аюул учирна.»
«Гү Юэ Мо Чэнь үүнээс л айж байгаа.»
«Ирээдүйн зөрчилдөөний үеэр өөр хүн түүний ач Гү Юэ Мо Бэйд гар хүрвэл яах вэ? Түүний удамд цорын ганц эрэгтэй залгамжлагч л үлдсэн. Тэр үхчихвэл яах юм?»
«Ийм айдсаа Мо Чэнь өөрөө ч мэдэхгүй байж магадгүй. Тэр ердөө ухамсаргүйгээр дүрэм журмыг хамгаалж байна.»
Фан Юанийн харц тунгалаг байлаа.
Тэр энэ хэргийг эхнээс нь дуустал төгс ойлгожээ.
Гао Вань Гү Юэ овогтой биш. Тэр харь овогтой зарц.
Эзэн нь зарцаа цаазлахад гайхах зүйлгүй. Энэ ертөнцөд ийм зүйл хэвийн.
Фан Юань Гао Ванийг алсан хэрэгт түүний үхэл гол зүйл биш.
Хамгийн чухал нь ард нь байгаа эзэн болох Мо овог байлаа.
«Гэхдээ жижиглэсэн цогцос бүхий хайрцгийг илгээсэн мөчөөс Гү Юэ Мо Чэнь миний буулт, сүрдүүлгийн цаад санааг ойлгосон байх учиртай. Би ч түүнийг яг ингэж ойлгоосой гэж хүссэн.»
«Хэрэв миний төрөлхийн чадамж арай өндөр, ядаж B зэрэглэл байсан бол Мо овог намайг аюул гэж үзэх байлаа. Тэр үед нэр хүндээ золиосолсон ч ирээдүйн заналхийлэл болох намайг дарахыг хичээх байсан.»
Фан Юань дотроо хүйтнээр инээмсэглэв.
Хүчинд түшиглэж болно.
Гэхдээ сул дорой байдлыг ч давуу тал болгон ашиглаж чадна.
Фан Юань шатрын хөлөг дээрх нэг хүү байсан ч дүрэм журмыг тодорхой мэддэг. Иймээс тэр аль хэдийн тоглогчийн сэтгэлгээг эзэмшжээ.
Гү Юэ Мо Чэнь, академийн ахмад шиг жирийн хүмүүс дээд талдаа өөрсдийн хүрээний дүрэм журмыг л ойлгоно. Харин мэдэхгүй салбарынхаа дүрэм журмыг харж чаддаггүй.
Фан Юань шиг нийт байдлыг нэвт харж, бүх дүрэм журмыг тодорхой ойлгоно гэдэг туйлын хэцүү.
Дүрэм журмыг таньж мэдэхийн тулд Рэнь Зү шиг харанхуй дунд бүдэрч, зорилгогүй тэнүүчлэх хэрэгтэй.
Тэр үед хүч, мэргэн ухаан, найдварын аль нь ч тус болохгүй. Хүн өөрийн биеэр урт хугацааг туулж, туршлага хуримтлуулах ёстой.
Рэнь Зү Дүрэм, Журмын Гүгийн нэрийг хэлж чадсан нь асар их хугацаа өнгөрөөсний үр дүн. Үхлийн аюул дор тэр тоо томшгүй олон удаа оролдсон.
Харин Фан Юань өмнөх амьдралынхаа таван зуун жилийн туршлагын ачаар дүрэм журмын мэргэжилтэн болжээ.
Дахин төрснийхөө дараа тэр гялалзсан ирээдүйг бүтээж чадна гэдэгтээ итгэж байлаа.
Хавар Намрын Цикадатай учраас биш.
Олон нууц эрдэнэс, өв санг мэддэг учраас ч биш.
Ирээдүйд юу тохиолдохыг мэддэгээсээ ч биш.
Харин хүн болон амьдарсан таван зуун жилийн туршлагыг олж авсан учраас.
Рэнь Зү Дүрэм, Журмын Гүг эрхэндээ оруулсны дараа ертөнцийн бүх Гүг төвөггүй барьж чадсантай адил!
Фан Юань дүрэм журмыг дэндүү сайн мэддэг байлаа. Тиймээс ертөнцийг дээрээс харж, үнэн худлыг нь нэвт сүлбэн харж чадна.
Нарийн нямбай, алдаа мадаггүй хөдөлнө.
Эсвэл асуудлын голыг шууд онилно.
Би ертөнцийн оргилд зогсоод бардам инээнэ.
Доор минь өөр өөрсдийн дүрэм журмыг сохроор дагаж, шулуун замаар амьдралаа өнгөрөөх шатрын хүү мэт хүмүүсийг хүйтнээр ширтэнэ.
Харанхуйн дүрэм журам бол харанхуй.
Гэрлийн дүрэм журам бол гэрэл.