Нэгдүгээр амьдрал — Хайртай ч хагацна
1-р бүлэг — Би хүний ертөнцөд очиж түүнийг өөртөө татна
Эрт балар цагаас хойш Мартагналын голын дэргэдүүр өнгөрөх хүмүүс намайг Гурван амьдралын чулуу хэмээн нэрлэх болжээ.
Тэр цагаас хойш намайг үл тоон өнгөрөх нэгэн байхад, хөтлөлцөн ирээд өнгөрсөн амьдралуудынхаа хайр дурлалыг чулуун биед минь сийлэх хүмүүс ч байв. Бүр өмнө минь зогсоод цурхиран уйлах нэгэн ч цөөнгүй.
Гэвч би ердөө Мартагналын голын эрэгт байх нэгэн чулуу.
Надад баяр баясал ч үгүй, уй гуниг ч үгүй.
Ийнхүү би Мартагналын голын дэргэд мянган жилийг чимээгүйхэн өнгөрүүлсний эцэст нэгэн өдөр сүнстэй болов.
Амьтай бүхэн хувь заяаны сорилтыг туулах учиртай гэдэг. Харин би хэнд ч гэм хоргүйгээр өнөөх байрандаа дахин зуу гаруй жил суусаар л байлаа.
Тэгтэл...
Миний хайрын сорилт ирэв.
Миний хувь тавиланг мэргэлсэн хүн нь Мартагналын голын дэргэдүүр өнгөрч явсан цагаан сахалт бумба байлаа. Тэр толгой дохин, удахгүй надад нэгэн сорилт ирнэ хэмээн зөгнөв.
Би түүнийг дэмий юм зохиож байна гэж бодсон.
Эцсийн эцэст би Гурван амьдралын чулуунаас төрсөн сүнс. Сүнс минь чулууных, зүрх минь ч чулууных. Мартагналын голын эргийг мөнхөд нөмөрсөн харанхуйд миний зүрх аль эрт хүйтэн чулуу болон хатуурсан билээ.
Хайрлахгүй бол шаналахгүй.
Зүрх минь хэзээ ч догдолж байгаагүй юм чинь надад хаанаас хайрын сорилт ирэх билээ?
Би тэгж л бодож байлаа.
Гэвч хорвоогийн юм бүхэн санаанд оромгүй эргэлттэй аж.
Нэгэн бүрхэг үдээс хойш би ердийнхөөрөө хэсүүчлэн явчхаад, хэзээд хувиршгүй Мартагналын голдоо буцаж ирэв.
Тэгээд толгой өргөн харлаа.
Яг тэр мөчид амьд хүмүүсийн ертөнцийн нарны туяа өтгөн манангийн үе давхаргыг нэвт цоо татсан мэт, Шар булгийн зам дагуу ургасан улаан амариллис цэцгүүд гэнэт гэрэлтэн туяарав.
Тэдний дундаас нэгэн эр алгуурхан хүрч ирлээ.
Тэр агшинд би олон, олон жилийн өмнө миний дэргэдүүр өнгөрсөн нэгэн хүний ертөнцийн бүсгүйн хэлсэн үгийг гэнэт санав.
— Ямар эрхэмсэг ноён бэ. Өнгөлсөн хаш мэт өө сэвгүй, дээдсийн ёс жудагтай...
Мянган жилийн дараа миний чулуун зүрх анх удаа үл ялиг чичирхийлэв.
Тэр над руу аажуухан ойртож байлаа.
Мэдээж надтай уулзахаар биш.
Миний ард үхэгсдийн ертөнцөд нэвтрэхийн тулд заавал гатлах ёстой Найхэ гүүр байсан юм.
Ийм үзэсгэлэнтэй хүнтэй таарах амаргүй тул би түүнтэй бас л нэг сайхан учралаар уулзах ёстой гэж бодов.
Урагш нэг алхаж, аяархан дуудлаа.
— Ноёнтон оо.
Хүний ертөнцийн номонд гардаг хүмүүжилтэй хатагтай нар шиг түүнд ёслон мэхийе гэж бодсон юм. Даанч номуудад “ёслон мэхийв” гэж л бичсэнээс биш яг яаж гар хөлөө хөдөлгөхийг нь огт тайлбарлаагүй байлаа.
Хэсэг бодсоноо би Яньванд зовлонгоо тоочдог сүнснүүдийг дуурайхаар шийдэв.
Тэгээд өвдөг сөхрөн палхийтэл сууж, духаа газарт гурвантаа мөргөөд:
— Ноёнтны эрхэм нэрийг асууж болох сон болов уу? — гэлээ.
Ойролцоо байсан хоёр жижиг чөтгөр зэрэгцэн амьсгаа татав.
Тэр эр харин гайхсан янзтай хэсэг гөлрөн зогссоноо юу ч хэлсэнгүй.
Аливаа үйлд чин сэтгэл хамгийн чухал.
Хар, Цагаан Мөнх бусын элч нарын хамгийн дуртай үг нь:
“Чин сэтгэл байхад бүтэхгүй зүйл үгүй.”
Тэд энэ аргаар хүний сүнснүүдийг номхон гэгч нь дагуулж ирдэг байлаа.
Түүнийг хариу өгөхгүй байхаар нь би хэсэг бодов.
Магадгүй духаа хангалттай чанга мөргөөгүй учраас чин сэтгэлээ бүрэн харуулж чадаагүй байх.
Тэгээд өвдөглөсөн чигээрээ урагш мөлхөж, энэ удаа хүчээ огт хайрлалгүй духаа газарт дахин гурвантаа тас хийтэл мөргөв.
Хэтэрхий хүчтэй мөргөсөн бололтой, газар гурвантаа доргих шиг болов.
Ойр хавийн жижиг чөтгөрүүд айсандаа амьсгаадан дуу алдав.
Би толгойгоо өргөж, цус болсон царайгаараа түүн рүү харав.
— Ноёнтны эрхэм нэрийг асууж болох сон болов уу?
Цус нөж болсон миний төрх түүнийг айлгачихсан бололтой. Тэр мөн л дуугарсангүй.
Би сандран нүүрээ арчив.
Тэгтэл хоёр гар минь нойтон байлаа.
Ийм их цус гарч байсныг би сая л мэдэв.
Тэгээд түүнийг яагаад ингэтлээ балмагдсаныг гэнэт ойлголоо.
Сандрахдаа нүүрээ арчих гэж оролдсоор эцэст нь хамаг биеэ цус болгож орхив.
Би яахаа мэдэхгүй түүн рүү харлаа.
Түүний үзэсгэлэнт нүдэнд миний дүр тусна.
Тэгснээ нүд нь инээмсэглэлд мяралзан нумрав.
Юунд ингэтлээ баярласныг нь мэдэхгүй ч түүнийг инээхийг хараад би ч бас нөхөрсгөөр инээмсэглэв. Хоёр эгнээ цав цагаан шүдээ гялалзуулан инээсэн маань цус болсон төрхийг минь бүр ч аймшигтай болгож байгааг би мэдсэнгүй.
Хажууд байсан Жя сандран ойртож ирээд намайг татан босгохыг оролдов.
Би боссонгүй.
Тэр амьсгаагаа даран:
— Хүндэт Саньшэн авхай минь! Та энэ аймшигтай царайгаараа хэнийг айлгах гээ вэ?! Энэ хүн хэн болохыг мэдэж байна уу? — гэж шивнэв.
Үхэгсдийн ертөнцийн сүнслэг оршихуйнууд дундаас миний шидийн хүч тийм ч гүнзгий биш. Гэхдээ насаар ахмад тул жижиг чөтгөрүүд бүгд намайг хүндэтгэдэг байлаа. Надтай ийм өнгөөр ярих нь тун ховор.
Би хөмсгөө зангидан гайхаж:
— Мэдээж мэдэхгүй. Тийм болохоор л өөрөөс нь асуугаад байгаа юм биш үү? — гэв.
Бяцхан И-гийн царай яг одоо цусаар бөөлжих гэж байгаа мэт болов.
— Авхай минь! Энэ хүн чинь Тэнгэрийн...
Түүнийг үгээ дуусгахаас өмнө намуухан дуу тасаллаа.
— Намайг Моси гэдэг.
Тэр гараа сунгахад би эргэлзэлгүй алгаа тавив.
Гэтэл тэр гараа эргүүлэн бугуйнаас минь атгалаа.
Бугуй бол миний амин судал орших газар.
Тэр энэ мөчид өчүүхэн төдий хүч гаргахад л намайг тун муухайгаар үхүүлж чадах байв.
Жя, И хоёрын угаасаа сайнгүй царай бүр ч аймшигтай болжээ.
Жя яаран гуйлаа.
— Эрхэм дээдэс ээ! Эрхэм дээдэс! Саньшэн авхай насаараа Мартагналын голын эрэгт амьдарсан юм. Манай үхэгсдийн ертөнц өчүүхэн газар болохоор авхай ёс жаяг сайн мэдэхгүй. Өршөөн хэлтрүүлнэ үү.
— Саньшэн гэж үү? Сонин нэр юм. Гэхдээ бас сонирхолтой.
Би түүн рүү ширтсэн хэвээр байлаа.
Нүдэнд нь алах санаа огт үгүй тул надад айх зүйл байсангүй.
Тэр намайг хэсэг анхааралтай ажигласнаа бугуйг минь тавьж, оронд нь гарнаас татан босгов.
— Үхэгсдийн ертөнцийн чулуу сүнстэй болно гэдэг үнэхээр ховор хэрэг юм. Намайг хэн болохыг мэдээгүй атлаа яагаад ингэтлээ сүртэй мөргөв?
Би сая л учрыг ойлгов.
Миний чин сэтгэл дутсан биш, харин арай хэтэрчихсэн байж.
Тэгээд үнэнээр нь:
— Та дэндүү царайлаг болохоор би таныг...
Гэтэл яг хэрэгтэй мөчид үг олдсонгүй.
Сандарсандаа хаанаас, хэзээ толгойд минь орж ирснийг ч мэдэхгүй нэг үгийг шүүрэн авав.
— ...өөртөө татмаар санагдсан юм.
Жя над руу “чамд аврал алга” гэсэн харцаар харав.
Моси намуухан инээлээ.
— Ямар шулуухан амьтан бэ.
Би үүнийг магтаал гэж бодоод ихэд баярлав.
— Тэгвэл би таныг өөртөө татаж болох уу? — гэж яаран асуулаа.
Тэр хэсэг бодлогоширсноо:
— Би сорилтоо туулахаар ирсэн. Тиймээс үхэгсдийн ертөнцөд удахгүй, — гэв.
Өөрөөр хэлбэл, болохгүй гэсэн үг.
Би бага зэрэг гонсойн харцаа буулгав.
Тэгтэл тэр гэнэт:
— Чи үргэлж Мартагналын голын эрэг дээр суудаг юм уу? — гэж асуулаа.
Би толгой дохив.
— Гадаад ертөнцөөр явж үзмээр байна уу?
Нүд минь гэрэлтэж, би хүчтэй толгой дохилоо.
Тэр үл ялиг инээмсэглээд толгойг минь зөөлөн илэв.
— Чамаас хэд хэдэн цустай мөргөл авсан болохоор хий дэмий мөргүүлчихэж болохгүй нь. Чи үхэгсдийн ертөнцөөс гарахыг хүсэж байгаа юм бол би чамд гурван амьдралын эрх чөлөө өгье. Миний сорилт туулах гурван амьдрал чиний эрх чөлөөтэй байх гурван амьдрал болно. Харин намайг сорилтоо дуусган буцаж ирэхэд чи ч бас дуулгавартайхан Мартагналын голын эрэгтээ буцаж ирнэ. Ямар вэ?
Энэ саналд надад алдах зүйл огт байсангүй.
Би зөвшөөрөн толгой дохив.
Тэр бугуйн дээр минь алтан тамга буулгалаа.
— Нэгэнт сүнстэй болсон юм чинь арай ухаалаг байж сур. Цаашдаа амин судлаа сайн хамгаалж яв.
Тэгээд нэмж:
— Хүч чадалтай бүхэн над шиг эелдэг байхгүй шүү.
Жя, И хоёр нүүр амаа хачин болгон ярвайлгасаар түүнийг үдэж өгөв.
Би бугуйн дээрх алтан тамгыг илж үзлээ.
— Моси.
Би түүнийг дуудлаа.
Найхэ гүүрний өмнө зогсож байсан тэр Мартагналын усыг гартаа барьсан чигээрээ эргэн над руу харав.
— Би хүний ертөнцөд очоод таныг өөртөө татаж болох уу?
Миний асуулт дэндүү чин үнэнээсээ байсан болохоор Мартагналын шөлийг хутган аягалж байсан Мэн эмгэн хүртэл жихүүдэс хүрэм инээд алдав.
Мосигийн уруул ч үл ялиг дээш мурийлаа.
— Намайг олж чадвал оролдоод үз.
Ингэж хэлээд тэр шөлийг нэг амьсгаагаар уучхав.
Дахин эргэж харалгүй үхэгсдийн ертөнцийн гүн рүү алхлаа.
Би түүний араас харсаар байв.
Дүр нь аль хэдийн алга болсон ч харцаа салгамааргүй санагдана.
Бяцхан И Найхэ гүүрнээс буцаж ирээд цонхийсон гараа миний нүдний өмнө савчив.
— Саньшэн авхай!
— Аан?
— Саньшэн авхай... та түүнд сэтгэлтэй болчихсон юм биш биз?
Би сая И рүү эргэн хараад нухацтай асуулаа.
— Сэтгэлтэй болно гэж юу гэсэн үг вэ?
И толгойгоо хажуу тийш гилжийлгэн хэсэг бодов.
— Таны байнга уншдаг номуудад эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг яаж дүрсэлдэг билээ, тэр л сэтгэлтэй болно гэсэн үг байх.
Би хэсэг тунгаав.
Миний байнга уншдаг номуудад ноёнтон хатагтайтай уулзана. Хатагтай түүнд ёслон мэхийнэ. Тэгээд хоёр биетэйгээ ганц хоёр үг солино.
Дараа нь тэд өөрсдийгөө барьж дийлэлгүй элдэв “өөх, аах” гэсэн үйлдэл хийж эхэлдэг.
Би Моситой тийм “өөх, аах” юм хийх тухай огт бодоогүй.
Тэгэхээр түүнд сэтгэлтэй болсон байх учиргүй.
Би итгэлтэйгээр толгой сэгсрэв.
— Үгүй ээ. Би түүнд сэтгэлтэй болоогүй.
И уртаар санаа алдаад өөртөө бувтнав.
— Тийм дээ. Чулуу яаж сэтгэлтэй болох билээ. Би л дэмий юм бодож.
Гэтэл тэр бараг тэр даруй над руу ширтэж:
— Гол нь түүнд сэтгэлтэй л болж болохгүй! Энэ хорвоод “хайр” гэдэг үгнээс илүү зовлонтой зүйл үгүй. Саньшэн авхайг хэзээ ч хүнд дурлаж болохгүй гэж байгаа юм биш. Гагцхүү Моси эрхэм бол ямар ч бүсгүй сэтгэл алдаж болохгүй хүн.
— Яагаад? Миний уулзаж байсан хүмүүсээс тэр хамгийн царайлаг, хамгийн боловсон нь шүү дээ.
Би хэсэг бодсоноо нэмж хэлэв.
— Бас хоолой нь сонсоход хамгийн сайхан.
— Тэр бүх талаараа дэндүү төгс болохоор л түүнд хэзээ ч сэтгэл алдаж болохгүй гэж байна! Моси эрхэм бол Тэнгэрийн Дайны бурхан. Энэ хорвоод боломжгүй зүйл гэж үгүй ч түүний санаа зовдог ганц зүйл нь хамаг амьтны амар амгалан. Зүрх сэтгэл нь хамаг олноор дүүрэн байхад хайр дурлалд зай үлдэх үү?
Мосигийн зүрхэнд хайр дурлалын зай байгаа эсэх надад төдийлөн сонин биш байлаа.
Харин И-гийн өмнөх үг намайг бодолд оруулав.
— Тийм зэрлэг догшин Дайны бурхны албыг тэр яаж хашдаг юм бэ? Тэр чинь илт их сайхан сэтгэлтэй хүн байна лээ.
И бараг амаар дүүрэн цус тургих шахав.
— Сайхан сэтгэлтэй гэнэ ээ? Та үнэхээр... тэгж бодож байгаа юм уу?
Намайг толгой дохиход И аргаа барсан янзтай толгой сэгсрэв.
— Чөтгөрийн овог зуун мянган цэрэгтэйгээр Тэнгэрийн орныг довтлоход Моси эрхэм ердөө гучин мянган тэнгэрийн цэрэг удирдан тэднийг бүрэн устгасан. Дараа нь цэргээ дагуулан Чөтгөрийн нийслэлд бууж, овгийг нь бүхэлд нь хядсан. Тэр үед цус гол шиг урсаж байсан гэдэг. Сүүлийн арван жил Чөтгөрийн овгоос бараг дуу чимээ гараагүй. Яагаад гэвэл гурван нас хүрсэн л бол нэг ч чөтгөр амьд үлдээгүй юм.
Энэ явдлыг би бүдэг бадаг санаж байлаа.
Тэр үед үхэгсдийн ертөнц багтаж ядталаа дүүрсэн.
Уй гашуу, орилоон чарлаан Яньваны ордныг нураах шахаж, Найхэ гүүр хүртэл хөлд дарагдан эвдрэх дөхсөн юм.
Тэдгээр чөтгөрүүдийг Моси хөнөөсөн гэдэг ч дайн гэдэг угаасаа нэг нь алж, нөгөө нь амьд үлдэхийн төлөөх хэрэг.
Моси Дайны бурхны хувьд босогчдыг хүчээр дарах үүрэгтэй. Түүний үнэнч сэтгэл өөрийн талд байх нь мэдээж.
Тулааны талбарт эргэлзэлгүй хатуу шийдэх нь ердөө л жам.
Би И-гийн мөрийг зөөлөн алгадаад:
— Энэ бүхнийг хэлж өгсөнд баярлалаа. Одоо би чулуу руугаа буцаж очоод ачаагаа бэлдье, — гэв.
И гайхан:
— Авхай, та хаашаа явах гэж байгаа юм бэ?
Би инээмсэглэв.
— Хүний ертөнцөд очиж Мосиг өөртөө татна.