Гурван амьдралын заяа

2-р анги

2-р анги — Намайг нэг “хайрт минь” гэж дуудаач

Сонсох

Үхэгсдийн ертөнцөд дуусгах ёстой ажлуудаа бүгдийг нь цэгцэлсний дараа Яньван өөрийн биеэр миний хүзүүний ард гурван тамга тавилаа. Тамга бүр хүний ертөнцөд өнгөрүүлэх нэг амьдралыг төлөөлнө.

Гурван тамга бүгд арилмагц би үхэгсдийн ертөнцөд буцаж, Мартагналын голын эрэгт дахин харуулдан суух ёстой.

Бусад сүнслэг оршихуйн атаархсан харцан дунд би цагаан даавуун даашинзаа өмсөөд хүний ертөнцийг зорив.

Номоос л мэддэг байсан хүний ертөнц миний төсөөлснөөс хавьгүй хөл хөдөлгөөнтэй, хавьгүй сонирхолтой, бас...

хавьгүй аюултай газар байлаа.

Хүний ертөнцөд ирсний гурав дахь өдөр.

Мосиг хайж явах замдаа би нэгэн сүмийн дэргэдүүр өнгөрөв. Тэр нь Кшитигарбха бодьсадвад зориулсан сүм болохыг мэдээд хүндэтгэл үзүүлэхээр чин сэтгэлээсээ дотогш орлоо.

Дөнгөж өвдөг сөхөрч, мөргөж ч амжаагүй байтал шаламгай хөдөлгөөнтэй хөгшин лам сахлын хутга барьсаар гэнэт урд минь гарч ирэв.

Тэр эелдгээр инээмсэглэн:

— Амитаба. Өглөгийн эзэн минь, алдаагаа ухааран Бурханы замыг бараадахаар ирсэн нь хорвоод буян үйлдэж буй хэрэг юм, — гэв.

Аан?

Үгийнх нь учрыг бодож ч амжаагүй байтал сахлын хутга нь шууд үс рүү минь чиглэв.

Би чулуу.

Тэр тусмаа Гурван амьдралын чулуу.

Толгойноос хөл хүртэл миний биед ургуулахад хамгийн хэцүү зүйл нь үс байлаа. Мянган жил ширтэж суусны эцэст арай гэж овоо хэдэн ширхэг ургуулсан байтал энэ хөгшин халзан илжиг миний үсийг хусах гэж байдаг!

Би ууртайяа тургилан өшиглөв.

Гэтэл энэ лам тулааны эрдэмтэй нэгэн байжээ. Миний өшиглөлтөөс тун хялбархан бултав.

Нүүрэн дээрх эелдэг инээмсэглэл нь ариллаа.

— Чи юу хийх санаатай вэ?

Би гайхан:

— Халзан толгойт оо, харин би чамаас тэрийг асуумаар байна, — гэв.

Тэр хүйтнээр инээв.

— Ад чөтгөр минь! Нүглээ наманчилж, Бурханы замд орохоор иржээ гэж бодсон чинь энд үймээн тарихаар ирсэн байж!

— Ад чөтгөр гэнэ ээ? Чи андуурч байна. Би...

— Хн! Чамаас ханхлах үхэгсдийн ертөнцийн өмхий үнэрийг гурван ли газрын цаанаас мэдэрсэн юм. Бултах гэж бүү оролд!

Би өөрийгөө баруун зүүнээсээ үнэрлэж үзэв.

Надаас тийм өмхий үнэр ер мэдрэгдсэнгүй.

Мартагналын голын загаснууд надаас хамаагүй өмхий шүү дээ!

Гэвч лам миний тайлбарыг сонсох янзгүй, хутгаа дахиад л над руу далайв.

Миний дотор алах хүсэл оргилон бослоо.

Гэтэл Яньван хүний ертөнцөд хэнийг ч гэмтээж болохгүй гэж дахин дахин захиж байсныг гэнэт санав.

Довтолгоогоо татаж аваад эргэн зугтлаа.

Өнөөх лам намайг уулыг бүтэн тойруулан хөөсөөр, би амьсгаагаа авах тэнхээгүй болтлоо гүйв.

Тэр халзан илжигт ганц сайн нударга өгөөд мөнхөд сэрэхгүй унтуулчихмаар л байлаа.

Яг тэр үед хамарт минь анхилуун үнэр сэнгэнэв.

Үхэгсдийн ертөнцөд би хэзээ ч ийм сайхан үнэр үнэрлэж байсангүй.

Анхаарал минь тэр дороо сарнив.

Үнэрийг даган ойртоход нүдний өмнө улаан цэцгийн тэнгис дэлгэгдлээ.

Хүмүүс энэ улирлыг өвөл, улаан дэлбээнүүдийг гялтганан бүрхсэн тэр цагаан зүйлийг цас гэж нэрлэдгийг би мэддэг болсон байв.

Харин эдгээр улаан цэцгийг юу гэдгийг хараахан мэдэхгүй.

Анхилуун үнэрт мөчир дундуур гарч ирэхэд цаахна нь жижигхэн хашаа нам гүмхэн оршиж байлаа.

Сониучирхан хаалгыг нь нээгээд дотогш оров.

Хашаанд хөл тавьсан даруйд Мосигийн бугуйн дээр минь үлдээсэн алтан тамга гэнэт гэрэлтлээ.

Зүрх минь хүчтэй цохилов.

Би хашаан доторх гол байшин руу ойртлоо.

Тэгтэл дотроос нэгэн эмэгтэйн намуухан бүүвэйн дуу сонсогдов.

— Бүүвэй, бүүвэй, бяцхан үр минь... Салхи үлээхэд өлгий чинь аяархан найгана...

Би хаалгыг үл ялиг түлхэн онгойлгоод чимээгүйхэн дотогш шагайв.

Залуу эмэгтэй орон дээр сууж, тэвэртээ нялх хүүхэд бүүвэйлж байлаа.

Сайтар харснаа би инээмсэглэв.

Энэ царай.

Энэ хамар.

Энэ уруул.

Энэ чинь бөөрөнхий махан бөмбөлөг болчихсон Моси биш гэж үү?!

Би ямар ч хүч гаргалгүй түүнийг олчихлоо!

Гэхдээ одоохондоо тэр ердөө л махан бөмбөлөг.

Өнгөрсөн амьдралаа мартсан, хүнийг ч таних болоогүй.

Би ийм амьтныг яаж өөртөө татах вэ?

Эсвэл том болтол нь дэргэд нь үлдэж, хамгаалж байх уу?

Ямар ч байсан түүнийг балчир байхад нь өөр эмэгтэйд... тэр байтугай эрэгтэй хүнд ч булаалгаж болохгүй.

Гэнэт араас:

— Муу ёрын амьтан! Хаашаа зугтах нь вэ?! — гэсэн нижигнэсэн дуу бодлыг минь таслав.

Би цочсондоо зүүн тийш огцом бултаж, нэг хаалгыг саван онгойлгоод байшин руу үсрэн орлоо.

Сахлын хутга нүдний өмнүүр гялсхийхтэй зэрэгцэн духны минь өмнүүр хэсэг хар үс хийсэн унав.

Би газар элгээрээ хэвтчихээд, доош хөвөн буух өнөөх атга хар үсийг цөхрөн ширтлээ.

— Аа!

Эмэгтэйн орилох дуу чихэнд минь хаа холоос сонсогдох мэт.

Яньваны захиас бүр ч холдон, тэнгэрийн үүл шиг замхрав.

Би огло үсрэн босож, сүнслэг хүчээ алгандаа төвлөрүүллээ.

Мартагналын голын мянган жилийн харанхуйг шингээсэн тэр хүчээр хөгшин ламын толгой руу цохив.

Энэ цохилт тархийг нь бяц цохих байлаа.

Гэтэл нялх хүүхдийн уйлах дуу гэнэт ухаан оруулав.

Алганы хүчээ хажуу тийш эргүүлэн хаалганы дээрх дам нурууг цохилоо.

Байшин тэр чигтээ гурвантаа доргив.

Би агаарт эргэлдэн гадагш үсрэв.

Миний цохилт хөгшин халзан илжгийг ухаан алдатал нь айлгасан бололтой. Хэсэг балмагдан зогссоноо сая нэг сэхээ орж, эхлээд над руу, дараа нь махан бөмбөлөг Моси руу харав.

Тэгээд айж цонхийсон эмэгтэй рүү эргэн:

— Хүүгийн чинь духан дээрх улаан мэнгэ муу ёрын шинж! Дөнгөж төрсөн атлаа ийм бузар хүчийг өөртөө татаж байна. Өсөж том болоод ойр байгаа бүхэндээ гай авчрах нь гарцаагүй! — гэв.

Эмэгтэй айсандаа цонхийж, хүүхдээ тэврэн яахаа мэдэхгүй болов.

Миний уур хүрлээ.

— Хөөе, халзан толгойт! Дэмий юм донгосохоо боль!

Хүмүүс бумба, лам нарын зөгнөлд тун амархан итгэдгийг би мэднэ.

Энэ хөгшин ганц үгээрээ Мосигийн бүх амьдралыг сүйтгэх нь.

— Хн! Муу ёрын амьтан, намайг бэлтгэлгүй байхад далдуур дайрлаа. Энэ удаа чамд сайн сургамж өгье!

Түүний гар дахь сахлын хутга алтан гэрлээр гялсхийн, агшин зуур Буддын таяг болон хувираад над руу чиглэв.

Энэ ламын бясалгалын хүч өндөр биш.

Гэвч таягнаас нь цацрах Буддын ариун гэрэл нүд нээх аргагүй болгов.

Үхэгсдийн ертөнцийн бидний хамгийн цэрвэдэг зүйл бол Баруун тэнгэрийн Буддын ариун гэрэл.

Түүний хүчинд дарагдсан би арга буюу ухарлаа.

Лам бид хоёрын тэмцэл удаан үргэлжилнэ гэж би бодоогүй.

Би чинь чулуу шүү дээ.

Тэвчээр бол миний хамгийн сайн чанар.

Хэсэг тулалдсаар ядраачихвал эцэст нь өөрөө бууж өгнө. Тэгэхээр нь буцаж ирээд Мосиг том болтол дэргэд нь байна гэж бодож байлаа.

Даанч хүний ертөнцийн энэ лам миний төсөөлснөөс хавьгүй зөрүүд нэгэн байжээ.

Ад чөтгөр дарахыг насан туршийнхаа үүрэг гэж үздэг тэрээр амьдралдаа таарсан хамгийн хүчтэй “мангас” нь намайг гэж бодсон бололтой.

Эцэст нь намайг устгахыг амьдралынхаа хамгийн том зорилго болгочихов.

Бид хоёр хүний ертөнцийн тооллоор бүтэн есөн жил үзэлцлээ.

Есөн жил!

Эцэст нь тэр намайг алахаа больсондоо биш.

Харин миний хуучны танилууд болох Хар, Цагаан Мөнх бусын элч ах дүү хоёр түүний сүнсийг авахаар хүрээд ирсэн юм...

Тэр үед би ууланд нуугдсаар үнэхээр өрөвдөлтэй амьтан болчихсон байлаа.

Хар, Цагаан хоёр өнөөх халзан илжгийн сүнсийг чирээд явахыг хараад би баярласандаа тэдний унжсан урт хэлийг тэврэн уйлав.

Тэгээд Мэн эмгэнд заавал хэлж, энэ ламд Мартагналын шөлнөөс ахиухан уулгаарай гэж захилаа.

Дараагийн төрөлдөө мангуу амьтан болж төрөөд, насаараа зовж яваг!

Ламын асуудал нэг тийш болсны дараа би есөн жил огт арчилж тордоогүй төрхөө цэгцэлж авав.

Тэгээд уул ус дамнан хэдэн мянган ли зам туулж, есөн жилийн өмнө Моситой учирсан жижиг хашааг эрж оллоо.

Хүний ертөнцөд есөн жил амьдарсны эцэст би тэр анхилуун улаан цэцгийг чавганы цэцэг гэдгийг мэддэг болсон байв.

Гэвч ердөө есөн жилийн хугацаа ийм үзэсгэлэнтэй чавганы төгөлийг ингэтэл гандуулж орхино гэж мэдсэнгүй.

Жижиг хашаа руу аажуухан ойртоход бугуйн дээрх алтан тамга дахин анивчив.

Хаалгаар ч орж амжаагүй байтал эзгүйрсэн хашааг өөрөөсөө хавьгүй өндөр шүүрээр шүүрдэж буй хир даг болсон хүүхэд харагдлаа.

Шүүр шаржигнах чимээ хүртэл жихүүн гунигтай.

Хэн нэгэн орж ирснийг мэдэрсэн бололтой хүүхэд гэнэт эргэж харав.

Тунгалаг хоёр нүд.

Хөмсөгнийх нь завсар байх улаан мэнгэ.

Зүрх минь базлах шиг болж, гар минь чичрэв.

Мосид авчирсан чихрүүд гараас минь асгаран газар унажээ.

— Та хэн бэ?

Тэр над руу алхаж ирэв.

Би түүний нүдтэй нэг түвшинд очихоор сөхрөн сууж, тунгалаг харцанд нь өөрийнхөө дүрийг олж харлаа.

Ханцуйгаараа нүүрэн дээрх хирийг нь арчингаа:

— Намайг Саньшэн гэдэг. Чамайг өөртөө татахаар ирлээ, — гэв.

Тэр юу ч хэлэлгүй намайг ширтсээр, ханцуйгаараа нүүрийг нь арчихад ч хөдөлсөнгүй.

Тэгэхэд л би уранхай ноорхой хувцас, гар хүзүүн дээрх хөх няцыг нь анзаарав.

Есөн жилийн өмнө ээж нь ядуу хүн шиг харагдаагүйсэн.

Яаж Мосиг ийм болгочихов?

— Ээж чинь хаана байна?

— Үхсэн.

Шуудхан хэлсэн хариулт нь намайг гайхуулав.

Хүмүүс амьдрал, үхлийг тун чухалд үздэг биш билүү?

Тэр...

магадгүй үхэл гэж юу болохыг ойлгоход хэтэрхий балчир байгаа байх.

Надад олдсон цорын ганц тайлбар тэр байлаа.

— Ээж чинь өөд болсон юм бол одоо бүх зүйл чамаас өөрөөс чинь шалтгаална. Сайн санаарай. Өнөөдрөөс эхлээд би чамайг амжилттай өөртөө татчихлаа.

Тэр дуугүй л намайг ширтэнэ.

Би толгойгоо маажив.

Хүүхэдтэй ярина гэдэг үнэхээр хэцүү юм.

Тэр тусмаа энэ хүүхэд угаасаа дуу цөөтэй, зожиг бололтой.

Тиймээс арай ойлгомжтой үгээр тайлбарлахаар шийдлээ.

— Өөрөөр хэлбэл, өнөөдрөөс би чиний эхнэр. Хүмүүсийн ёсоор бол би чиний багаас чинь сүй тавьсан бэр гэсэн үг. Гэхдээ тэр чухал биш. Хамгийн чухал нь би ирсэн болохоор одооноос хэн ч чамайг дээрэлхэж чадахгүй.

Түүний нүд үл ялиг гэрэлтэв.

Би толгойг нь илээд:

— За, одоо намайг нэг “хайрт минь” гэж дуудаач.

Тэр хэсэг дуугүй байснаа:

— Саньшэн.

— “Хайрт минь” гэж байна!

— Саньшэн.

— Хайрт минь!

— Саньшэн.

— ...За яах вэ. Тэгвэл Саньшэн гэж дууд.

— Саньшэн.

— Аан?

Тэр өдөр Моси миний нэрийг дахин дахин дуудаж, намайг хариу өгөх хүртэл “Саньшэн” гэж давтсаар байсныг би хожим ч мартсангүй.

Харин бүр хожим нь би нэг зүйлийг мэдсэн юм.

Тэр урьд нь бас ээжийгээ ингэж дахин дахин дууддаг байжээ.

Гэвч хэн ч түүнд хариу өгдөггүй байсан аж.

Моси угтаа Тэнгэрийн орны Дайны бурхан.

Хүний ертөнцөд ердөө сорилтоо туулахаар ирсэн ч бичиг номтой, соёл боловсролтой хүн болж өсөх учиртай гэж би бодов.

Тиймээс түүнийг сургуульд оруулахаар шийдлээ.

Бидний амьдардаг газраас холгүй жижиг хот бий. Тэр хотод ганцхан сургууль байв.

Гэвч сургуулийн багш нар өнөөх хөгшин ламын “Моси өсөж том болоод эргэн тойрныхондоо гай тарина” гэсэн зөгнөлийг бүгд мэддэг тул түүнийг авах тун дургүй байлаа.

Тэгэхээр нь би Мосид нэг ваар алтан зоос бариулаад сургуулийг тойрон хэд алхуулав.

Удалгүй багш нар түүнийг дуртайяа авлаа.

Сургуульд орох эхний өдөр нь би үсийг нь боож өгөв.

Моси хүрэл толины тусгалаар над руу харахад нүдэнд нь үл мэдэг түгшүүр байлаа.

Би аяархан хэлэв.

— Чи хүний ертөнцөд дахиад хэдэн арван жил амьдарна. Тийм ч урт хугацаа биш. Энэ амьдралыг чинь аль болох амар тайван өнгөрүүлэхийг би хичээнэ. Гэхдээ энэ хэдэн арван жилдээ чи хариуцлагатай хүн болж, амьдралаа гэрэлтэй сайхан өнгөрүүлээсэй гэж хүсэж байна. Тэгэхээр бичиг үсэг сурах зайлшгүй хэрэгтэй. Сургуульдаа багшийнхаа үгийг сонсож бай. Тэднийг гэгээнтэн гэж хэлэхгүй ч шавь нарынхаа өмнө ядаж ёс журамтай байлгүй яах вэ. Сайн сураарай!

Моси толгой дохив.

Орой нь буцаж ирэхэд нүүр нь энд тэндээ шархалчихсан байлаа.

Нэг газар нь улайж, нөгөө газар нь хөхөрчээ.

— Чамайг дээрэлхсэн үү?

Тэр толгой дохив.

— Хариу зодсон уу?

Толгой сэгсрэв.

Би шархыг нь арчилж өгөх зуураа:

— Чамайг дээрэлхсэн тэр хүүхэд хаана амьдардаг юм? — гэж асуулаа.

Бүдүүн Ван бол хотын газрын эзний хүү байв.

Гэр бүл нь тийм баян тул арын хашаа нь хүртэл асар том.

Үүнийг хараад миний сэтгэл тун хангалуун болов.

Би тэдний түлээний саравчинд гал тавьтал яг таарсан мэт өмнөөс салхи үлээж, гал дорхноо дүрэлзэн томров.

Тэнгэрийн тал нь улаанаар туяарав.

Үзэхэд нэлээд сүртэй санагдсан тул би Мосиг дагуулан хамгийн сайн харагдах газар очоод, Бүдүүн Ваны гэрээс тэнгэр өөд дүрэлзэх галыг заав.

— За, одоо хүссэнээрээ инээ.

Моси над руу бодлогоширсон харцаар харав.

— Саньшэн, багш маань муу үйлд ач буянаар хариулах ёстой гэсэн.

— Моси, юмны ялгааг таньж сур. Багш чинь энэ удаа чамд илт худлаа хэлжээ. Үгийг нь сонсож болно. Гэхдээ бүгдийг нь үнэн гэж зүрхэндээ бүү хий.

Моси миний үгийг сонсоод хэсэг байснаа аажуухан:

— Ха. Ха. Ха.

гэж инээлээ.

Хүний ертөнцийн амьдрал нүд ирмэхийн зуур өнгөрөв.

Моси хорин насны нас биед хүрэх үе рүүгээ дөхөж байлаа.

Миний нэн нямбай хүмүүжлийн дор Моси хаш чулуу мэт дөлгөөн, эрхэмсэг залуу болж өссөн нь мэдээж гайхах зүйл биш.

Царай төрх, бие галбир нь ч үхэгсдийн ертөнцөд анх уулзсан үеийнхээс төдийлөн өөр байсангүй.

Тэнгэрийн бурханд л байх эрхэмсэг төрх нь хүний ертөнцөд ховор дээрээс нь ухаан билиг онцгой тул удалгүй жижиг хот даяар нэрд гарав.

Гэвч “нэр алдар хүнээ ална, тарга тэвээрэг гахайгаа ална” гэсэн үг ийм олон жил дамжин яригдсан нь учиртай биз.

Нэгэн нарлаг, дулаахан өглөө би урт сандал дээр тухлан хэвтэж, шинээр гарсан роман уншиж байлаа.

Зовлон бэрхшээлийг хамтдаа туулж эцэст нь учирсан хосын хайрын түүх.

Тэгээд мэдээж нөгөө “өөх, аах” хэсгүүдийг тун нарийн бичсэн байв.

Яг үйл явдлын хамгийн сонирхолтой хэсэгт хүрч байтал Моси гаднаас орж ирлээ.

Тэр миний шалан дээр хайш яйш шидсэн нөмрөг, хувцсыг авч эвхэж тавиад, аяга ус дөхүүлэн:

— Өдөржин ингэж хэвтээд байх сайн биш. Саньшэн, та ч бас гадаа гарч нар үзэж бай л даа, — гэв.

Би аягыг нь авсан ч номноосоо харцаа салгасангүй.

— Нарны гэрэл миний хувьд хор л гэсэн үг. Надад ямар ч ашиггүй.

Гэвч тэр миний үгийг тоосонгүй.

— Өнөө өглөө цас орсон. Манай хашааны чавганы цэцэг их сайхан дэлгэрчээ. Хамт гарч харъя л даа.

Би түүн рүү харлаа.

Нүдэнд нь горьдлого гялалзаж байв.

Нөгөө “өөх, аах” хэсэгтээ дөхөж байсан номоо арга буюу тавилаа.

— За за. Хамт гарч алхъя.

Тэр баярлан намуухан инээмсэглэв.

Бид хөтлөлцөн чавганы төглөөр алхлаа.

Моси худлаа хэлээгүй байв.

Өнөөдөр чавганы цэцэг үнэхээр үзэсгэлэнтэй дэлгэрчээ.

— Моси, би гялтганасан цасан дунд дэлгэрсэн энэ улаан чавганы цэцэг, үнэрт нь дуртайг чи мэднэ. Харин яагаад дуртайг мэдэх үү?

Тэр хэсэг бодов.

— Таны ааш зан энэ чавганы цэцэгтэй их адилхан болохоор байх.

Би алхахаа зогсоод нүд рүү нь харж, юу ч хэлэлгүй инээмсэглэн толгой сэгсрэв.

Тэр учрыг нь ойлгосонгүй.

Гэхдээ намайг царайг нь хүссэнээрээ ажиглахад саад хийсэнгүй.

Удалгүй уруулд нь үл ялиг инээмсэглэл тодров.

— Саньшэн, та над руу харах дуртай юм уу?

— Тийм ээ.

Би гараараа түүний өндөр, өөрийнхөө өндрийг багцаалав.

Одоо тэр надаас бүтэн толгой өндөр болжээ.

Би толгойгоо гилжийлгэн хэсэг бодсоноо:

— Моси, намайг нэг “хайрт минь” гэж дуудаач.

Чих нь тэр дороо улайв.

— Чи удахгүй нас биед хүрнэ. Энэ багаас чинь сүй тавьсан бэр чинь өдий олон жил хүлээлээ, одоо байр сууриа ахиулах цаг болсон байлгүй. Нэг өдөр сонгоод надтай гэрлэчих л дээ?

Чихнээс нь эхэлсэн улаан өнгө хацар луу нь тархаж, төвөнх нь үл ялиг хөдөллөө.

Удтал дуугүй байсны эцэст харцанд нь аргаа барсан шинж тодров.

— Саньшэн, та... та дандаа л...

Үгээ дуусгаж амжаагүй байтал чавганы төгөлийн цаанаас хүмүүсийн дуу сонсогдов.

Моси бага зэрэг нэрд гарснаас хойш түүнийг зорьж ирэх хүн тасрахаа больсон.

Би урьд нь юу ч хэлдэггүй байлаа.

Гэхдээ өнөөдөр тэд бидний гэрлэх тухай яриаг тасалчихлаа.

Нүүр минь тэр дороо барайв.

Надад огт таалагдсангүй.

Ирсэн хүмүүсийн дуу улам ойртов.

Моси ч сонссон бололтой.

— Саньшэн, зочин ирсэн бололтой. Гэртээ буцъя.

Би дургүйхэн дуугараад өрөөндөө орж, номоо үргэлжлүүлэн уншив.

Моси зочны өрөө рүү очиж хүмүүсийг хүлээн авлаа.

Үд дөхөхөд зочноо гаргаж өгөөд миний өрөөнд орж ирэв.

Тэр суусан ч юу ч хэлсэнгүй.

Би сандлаа налан хэвтээд мөн л дуугарсангүй.

Тэвчээрийн тухайд би угаасаа гаргууд.

Эцэст нь Моси намайг дийлсэнгүй.

— Саньшэн.

— Мм?

— Өнөөдөр захирагч ирсэн юм.

— Өө.

— Тэр... намайг нийслэлд очиж түшмэл бол гэсэн.

— Өө.

Миний ийм хайхрамжгүй байдал Мосиг бага зэрэг будилуулсан бололтой.

Тэр царайг минь анхааралтай ажигласнаа шийдсэн мэт:

— Би явмаар байна, — гэв.

Би номынхоо сүүлчийн хуудсыг тайван эргүүлэв.

Хайрын түүх аз жаргалтай төгсчээ.

Тэгээд Моси руу харлаа.

Тэр намайг нухацтай ширтэж байв.

Би санаа алдав.

— Эр хүн зорилготой байх хэрэгтэй. Чи түшмэл болох гэж байгаа болохоос хулгайч болох гэж байгаа биш... угтаа бол энэ хоёрын хооронд тийм ч их ялгаа байхгүй л дээ. Гэхдээ эзэн хааны ордон бол хүсэл зорилгоо биелүүлэх нэг газар гэдгийг хүлээн зөвшөөрнө. Би чамайг энэ амьдралаа нэр төртэй, амжилттай өнгөрүүлээсэй гэж үргэлж хүсдэг байсан. Одоо чамд авьяас ч байна, боломж ч байна. Зоригтой яваад үз. Над руу яагаад ингэж хараад байгаа юм?

Моси толгой сэгсрэв.

— Би ямар нэгэн их зорилгын төлөө түшмэл болох гээгүй...

Хацар нь улайлаа.

— Таны хэлснээр би удахгүй хорин нас хүрнэ. Би... би тантай гэрлэх тухайгаа нэг өдөр ярья гэж үргэлж боддог байсан.

Би аягаа барьсан чигээрээ хөшчихөв.

Тэр аргаа барсан мэт инээмсэглэлээ.

— Гэхдээ Саньшэн, та үргэлж надаас нэг алхмын өмнө явчих юм.

Тэгээд:

— Би тантай гэр бүл болмоор байна. Гэхдээ эр хүн байж насан туршдаа танаар халамжлуулж амьдарч болохгүй. Би өөрийнхөө хүчээр таныг аз жаргалтай байлгамаар байна.

Тэр над руу харав.

— Саньшэн, намайг хоёр жил хүлээж чадах уу? Амжилтад хүрмэгцээ би буцаж ирээд тантай гэрлэнэ.

Би үгүй гэж хэлж чадсангүй.

Тэр мөчид би жирийн нэг бүсгүй байсан ч болоосой гэж хүсэв.

Түүнийг гэртээ буцаж ирэхийг хүлээгээд, хаалганы цаанаас:

“Саньшэн.”

гэж намайг дуудахыг сонсдог жирийн нэгэн бүсгүй.

Гэвч тэр намайг хоёр жил хүлээ гэсэн.

Уг нь би маш тэвчээртэй чулуу.

Гэтэл энэ удаа л тэвчиж чадсангүй.

Бүтэн шөнө хөрвөөн хэвтсэний эцэст гэнэт орон дээрээ өндийн суулаа.

— Моси.

Түүнийг энд байхгүйг мэдэж байсан ч нэрийг нь дуудмаар санагдав.

Дуудахад л өмнө минь гарч ирэх юм шиг.

— Моси.

Ийнхүү би түүний нэрийг гурвантаа дуудлаа.

Гэвч гаднах салхины шаржигнаанаас өөр хариу ирсэнгүй.

Дахиж унтаж чадсангүй.

Тэгээд шууд орноосоо босов.

Юу ч баглаж бэлдсэнгүй.

Биедээ ганц цагаан нөмрөг углачхаад гэрээс гарлаа.

Нөхрөө олохоор нийслэлийг зорив.

2-р анги дууслаа

Алдаа мэдэгдэх

Гурван амьдралын заяа2-р анги · Унших

Алдааны мэдээлэл илгээхийн тулд бүртгэлээрээ нэвтэрнэ үү.

Нэвтрэх
ӨмнөхДараах