Өвөл эхэлснээс хойш анхны бороо эцэст нь орлоо. Бороо хоёр өдөр тасралтгүй үргэлжилж байв.
Роланд бичгийнхээ ширээн дээр тонгойж, цонхоор харлаа. Бороо салхинд дээш хийсэж, цонхны шил рүү дахин дахин цохигдон, долгиолсон цацрал үүсгэнэ. Усны цацралын хугарлаар харагдах жижиг хотхоны дүрс гажижээ. Байшин, гудамжууд хэлбэрээ алдан тахийж, ямар ч жигд дүрсгүй болсон байв. Ус зайлуулах үр дүнтэй арга хэмжээ аваагүйгээс чулуун замууд урсгал усны олон салаатай сүлэлджээ. Холоос харахад тунгалаг, болор мэт усны олон горхи урсах шиг санагдана.
Алсад харагдах уулс, ой мод мананд халхлагдан бүдэгхэн ялгарна. Яг л хүний ертөнцийн хил хязгаар мэт.
Хэрэв ийм байгаль орчин үеийн үед байсан бол гарцаагүй жуулчдын сонирхлыг татах газар байх байлаа. Гэвч Роландын харахыг хүссэн зүйл нь бетон, гангаар бүтсэн ширэнгэ байв. Борооны улмаас хотын хэрэм барих ажил ч зогсов. Энэ нь уржигдар Урт дууны бэхлэлтийн элчийн зоригийг «мохоосныхоо» дараа төрсөн амжилтын мэдрэмжийг нь алгуур бүдгэрүүлжээ.
«Та сая бидний эргэн тойрон дахь агаар олон янзын хийгээс бүрддэг гэж хэлсэн. Энэ үнэн үү?»
Аннагийн тунгалаг хоолой Роландын бодлыг тасаллаа. Түүнийг харахад Анна хөөрхөн цэнхэр нүдээ асуусан янзтай анивчив.
«Ахэм, Анна авхай, та Эрхэм ханхүүд хүндэтгэлтэйгээр хандах ёстой» гэж Картер хажуугаас сануулав.
«Ийм нарийн зүйлд бүү бариг» гэж Роланд эргэж хараад хэлэв. «Тэр одоо миний шавь.» Бороотой энэ үеэр тэр Картер болон хоёр шидтэн бүсгүйг дуудан, өөрийнхөө хичээлд суулгасан юм. Тийм ээ, тэр байгалийн ухааны хичээл нээхээр шийджээ. Түүнд чулуу өрөгч Карлын сургууль санаа өгсөн байв. Хэрэв чулуу өрөгч хүн хүртэл сургууль нээж болдог юм бол механик инженер хүн ч бас нээж болохгүй гэж үү? Ялгаварлан гадуурхалт яагаад байдаг вэ? Мэдлэггүйгээс л болдог биш гэж үү? Нас үл харгалзсан бүх нийтийн боловсрол нь соёл иргэншлийн хөгжлийг дэмжих хамгийн үр дүнтэй арга байлаа.
Тэр эхэндээ туслах түшмэлийг ч дуудахыг хүссэн боловч, нөгөөх нь төрийн бусад ажилд завгүй байсан тул татгалзжээ. Роланд яагаад гэдгийг нь мэдэхгүй ч өвөл эхэлснээс хойш Баров нэг л ер бусын урам зоригоор дүүрсэн, бүр Хилийн сууринг бараг ганцаараа удирдаж байгаа мэт санагдах болсон.
Шинэ мэдлэг олж авах боломжийн тухай сонсоод Аннагийн нүд тэр даруй сонирхлоор гялалзав. Хичээлийн үеэр шархадсан амьтан эмчлэх шаардлагагүй байсан Нана ч ихэд баярлажээ. Тухайн үед завтай байсан Картер ханхүү ямар шинэ тэнэг зүйл сэдсэнийг харахаар хичээлд суув.
Гэвч хичээл эхлээд удалгүй хүлэг баатрын нүд мэлрэн гөлийв. Нана ч бас харцаа алсруулан, «Байгалийн ухаан» гэсэн хоёрхон үгийг алмайран ширтэнэ. Анна үүнийг бүрэн ойлгож чадахгүй байгаа бололтой байсан ч бүхнийг тогтоох гэж хичээсээр байлаа. Роланд гурван хүнд заасан зүйлээ шингээж авах боломж олгохын тулд хичээлээ түр завсарлуулав.
Аннагийн асуултыг сонсоод тэр инээмсэглэн толгой дохив. «Мэдээж, гаднаасаа адилхан харагддаг ч гэсэн.»
«Эрхэм ханхүү, би ойлгохгүй байна. Хий бүр адилхан харагддаг юм бол янз бүрийн хий байдгийг та яаж мэдэж байгаа юм бэ?» гэж Картер эргэлзэн асуув.
«Би бүр үүнийг та нарт баталж ч чадна.»
Роланд ийм амархан ойлгогдох үгээр тайлбарласан ч ихэнх хүмүүс онолыг нь ойлголгүй будилна гэдгийг мэдэж байв.
Тэр хүн бүрийн сонирхлыг татахын тулд энгийн туршилт хийхээр шийдлээ.
Лаа, шил, түмпэн, нэг аяга шохойн ус зэрэг нь түүний урьдчилан бэлдсэн зүйлс байв. Тэр үед тэдэнд байсан шил цайвар бор өнгөтэй, урьд цагийн шилнээс нь хавьгүй бага тунгалаг байсан ч ашиглахад хангалттай байлаа. Эцсийн эцэст энэ энгийн туршилтын явцад гарч буй өөрчлөлтийг ажиглах хүн шаардлагагүй.
Роланд энэ туршилтыг өмнө нь нэг удаа хийж үзсэн бөгөөд үр дүнгээс нь энэ ертөнцөд ид шид оршдог ч байгалийн хууль Дэлхий дээрхтэй адил хэвээр байгааг мэдсэн юм. Тэр Аннад лааг асаахыг хэлээд, дараа нь түүнийг түмпэнд тавив.
«Ямар нэгэн зүйл шатахдаа хий зарцуулдаг. Энэ хий бүх амьд биеттэй ч нягт холбоотой. Хэрэв бид амьсгалахаа больчихвол энэ лаа шиг болно. Хараарай.» Роланд шилийг лаан дээр хөмрөн тавихад дөл хоёр ч удаа чичирснээ удалгүй унтарлаа.
«Агаарыг нь шавхаж байна, ноёнтон. Үүнд гайхах зүйл алга» гэж тэргүүн хүлэг баатар дургүйцсэн өнгөөр хэлэв. «Агааргүй бол мэдээж үхнэ. Жишээлбэл, усанд унавал.»
Нана ч бас толгой дохив.
«Тэгвэл шилэн дотор юу ч байхгүй гэж бодож байна уу?» гэж Роланд асуугаад, шохойн усыг түмпэнд хийв. Шохойн ус түмпэнгээс шил рүү удалгүй урсан орж, тал хүртэл нь дүүрээд зогсов.
Энэ туршилт маш сонгодог тул бага ангийн багш нар хүүхдүүдийн байгалийн ухааны сонирхлыг нэмэгдүүлэхийн тулд үзүүлэх дуртай байв. Роланд өөрийн багш энэ туршилтыг үзүүлж байх үеэр мэдэрсэн цочролоо одоо ч санаж байлаа. Тэр цагаас хойш шинжлэх ухаан, инженерчлэлийн замаар замнасан бөгөөд буцах аргагүй болжээ.
Тэр шилний нэг буланг зөөлөн өргөхөд хэдхэн хормын дараа шохойн уснаас агаарын бөмбөлгүүд дээш хөөрөх нь харагдав.
Дараа нь тунгалаг шохойн ус бага зэрэг булингартсан мэт болж, жижигхэн цагаан үүл аажмаар шилэн дотор тархав.
«Хэрэв шилэн дотор юу ч байгаагүй бол шохойн усны өөрчлөлт болон агаарын бөмбөлгийг бид харахгүй байх байсан. Энэ нь агаар дор хаяж хоёр өөр төрлийн хий агуулдгийг харуулж байна. Үнэндээ лаа шатахдаа агаарын зөвхөн нэг хэсгийг зарцуулдаг бол нөгөө хэсэг нь шатдаггүй. Өмнөх хийтэй адил өнгө, үнэргүй ч шинж чанараараа бүрэн эсрэг.»
«За... Тийм бололтой» гэж Картер тэр хоёрын хоорондын хамаарлыг ойлгохын тулд нэлээд удаан бодсоноо асуув. «Гэхдээ үүнийг мэдэх нь ямар хэрэгтэй юм бэ?»
«Эхний хийг гаргаж авч чадвал дөлийг илүү удаан асааж болно. Харин нөгөө хийг олж авбал галыг хурдан унтрааж чадна!» гэж Анна гэнэт хэлэв.
Тэр үнэхээр суут ухаантан юм гэж Роланд дотроо магтав. Өчүүхэн эндүүрэл байсан ч хийнүүдийн өөр өөр шинж чанарыг сонсмогцоо хэд хэдэн хэрэглээг нь тэр даруй бодож олжээ. Энэ санаа үнэхээр суут хүний түвшнийх байлаа. Анна орчин үеийн боловсрол эзэмшээгүйг Роланд мэднэ. Гэсэн ч тийм боловсролгүй атлаа энэ санааг дорхноо олж харсан нь түүний гайхалтай логик сэтгэх чадварыг харуулж байв. Ядаж энэ тэргүүн хүлэг баатраас хавьгүй дээр.
«Тийм ээ. Хүн төрөлхтөн гал ашиглаж сурсан цагаасаа амьтдаас тусгаарлагдсан гэж хэлж болно. Гал олж авсан нь зүгээр л тохиолдол байсан ч гэсэн. Аянга модыг цохиж гал асаасан байж болно, эсвэл нэг чулуу нөгөөгөө мөргөж оч үсрүүлсэн байж болно. Гэхдээ үүнийг хэн ч анзаараагүй бол ашиглахыг хэн ч оролдохгүй байсан. Бид амьтадтай адил хэвээр үлдэх байлаа.» Роланд тэднийг хүссэн зүг рүү нь тэвчээртэй, системтэйгээр хөтөлж байв. «Энэ туршилтын зорилго бол сониуч зан, сэтгэхүй хоёр хүн төрөлхтний дэвшлийн хөдөлгөгч хүч гэдгийг та нарт харуулах явдал. Байгальд үүнтэй адил ашиглаж болох олон хүч бий. Тэдгээр нь биднийг нээж илрүүлэн ашиглахыг л хүлээж байна.»
Роланд үгээ дуусгасны дараа ч Картер эргэлзсэн хэвээр байлаа. Нана унтаж байна уу, сэрүүн байна уу гэдэг нь ялгагдахааргүй болж, нүдээ нээлттэй ч харц нь төвлөрөөгүй чигээр Роландыг ширтэнэ. Гагцхүү Анна л ямар нэгэн зүйлийн тухай бодож байгаа мэт толгойгоо бөхийлгөв.
Роланд санаа алдав. Үнэхээр ч тэдний ойлгож чадах хэмжээнээс хэт түрүүлж заах нь гэгээрэл авчрахгүй, харин хүмүүсийг эргэлзүүлж будилуулна. Мэдлэгийнх нь түвшин байгалийн асар хүчийг нүднийх нь өмнө бодитоор үзүүлэхгүй л бол ойлгож чадахгүйг тодорхойлж байлаа. Тэгж байж л тэд ертөнцөд нуугдсан хүчнүүдийн мөн чанар ямар гайхамшигтайг ойлгоно.
Тэр мөчид задгай зуухны дээгүүрх тавцангаас өлгөөтэй данх нижигнэсэн чимээ гаргав. Уур нь данхны тагийг тогшин буй мэт сонсогдож байлаа.
«Ая, ус буцалжээ.» Картер данхыг сэрээгээр авахаар очиход удалгүй чимээ тасрав. Тэр даавуу авч бариулыг нь ороогоод, дараа нь хүн бүрийн аяганд ус хийв.
Жишээлбэл, Роланд гараа сунган аягыг барихад аяганы хана хэр халууныг мэдэрч байлаа. Гал хэрэглэж эхэлсэн анхны өдрөөс л ус буцлах зарчим мэдэгдэж байсан. «Буцалж буй ус»-ыг хэдэн зуун мянган хүн харж, хэрэглэж ирсэн ч зөөлөн мушгиран дээшлэх усны уур ийм асар их энерги агуулж чадна гэж хэн ч бодож байгаагүй.
Хэдэн зуун жилийн дараа энэ нь хүн төрөлхтний хөгжлийн хөдөлгөгч хүч болж, маш богино хугацаанд хүн төрөлхтний түүхийг өөрчлөх байлаа. Зарчим нь энгийн байсан ч асуудал нь технологийн хязгаарлагдмал байдалд байгаагүй. Үгүй ээ, ихэнх хүмүүсийн хувьд хамгийн түрүүнд сонгодог зүйл нь газар тариалан байсан нь асуудал байв. Харин Роланд тэднээс өөрөөр бодож байлаа. Энэ ертөнцөд шидтэн бүсгүйчүүд ч байсан. Шид ашиглан тулалдах уу? Энэ бол зэрлэгүүдийн л арга... Харин шидээр ямар нэгэн зүйл бүтээж чаддаг байсан нь хүний хөгжлийг хурдасгахын тулд зарим гол технологийг орлох боломжтой байв. Шидийг зөв ашиглах арга нь энэ байлаа.
Тэд нар жаргах хүртэл ярилцсаар байв. Оройн хоолоо хамт идсэний дараа Роланд унтлагын өрөө рүүгээ орлоо.
Тэр цаг үед шөнийн зугаа цэнгэл гэж бараг байсангүй, бүр түүнийг нэрлэх үг ч хүмүүст байгаагүй бөгөөд бүгд эрт унтдаг байв. Роланд ханхүүгийн эрхээ ашиглан зарц бүсгүй хөлслөн, тэр ажлыг хийлгэх тухай ч бодож үзсэн боловч эцэст нь ам нээж чадсангүй. Тэр хэтэрхий ичимхий байлаа.
Тэр өрөөндөө лаа асаамагц ард нь алга таших чимээ сонсогдож, хэн нэгэн Роландад хандан хэлэв. «Гайхалтай хичээл байлаа. Дөрөвдүгээр ханхүү үнэхээр эрдэм номтой хүн байсныг би огт төсөөлсөнгүй.»
Энэ бол үл таних эмэгтэйн хоолой байв. Роланд тэр даруй хүйтэн хөлс цуврахыг мэдэрлээ. Түүнийг мэдэлгүй танихгүй хүн өрөөнд нь яаж орж ирснийг Бурхан л мэднэ. Хэрэв алуурчин биш юм бол тэр өөр юу байж таарах вэ?! Тэр даруй хаалга руу гүйв. Гэвч хаалганы бариулд гар хүргэж амжаагүй байхад чихнийх нь дэргэд хүйтэн салхи үлээхийг мэдэрлээ. Мөнгөн чинжаал хаалганд бат зоогдсон байхыг тэр олж харлаа. Чинжаал болон хацрынх нь хоорондох зай ердөө нэг хурууны өргөн байв.
Орчуулагчийн тэмдэглэл: Туршилтыг үзэхийг хүсвэл энд илүү техникийн бичлэг, энд сургуулийн туршилтын бичлэг байна.