Түлээ галд дүрэлзэн шатаж байсан ч Жералд Уимблдон халууныг нь бараг мэдэрсэнгүй.
Тэр оёдол нийлүүлэн хийсэн том арьсан майханд байсан бөгөөд газар нь ч агаар нэвтрэх завсаргүй битүүмжлэгдсэн байв. Гэсэн ч тэр даарч, ялангуяа хөлийн хуруунууд нь бараг мэдээ алдатлаа хөлджээ.
«Энэ хараал идсэн газар шээхэд шээс хүртэл хөлдчих юм» хэмээн нулимаад босов. Тэр ширээг хоёр талаас нь гараараа барьж аваад, хамаг хүчээрээ татахад хичээлтээс гар нь хүртэл улайж, тал бүр нь зургаан футын урттай дөрвөлжин модон ширээ газраас ховхрон өндийв.
Ширээг галын нүхний ирмэгт тавьсны дараа Жералд арай тухтай болов. Тэр гутлаа тайлаад, хөлөө галд ойртуулан дулаацуулав. Дараа нь бичээстэй хуйлмал цаасаа хоёр гараараа дахин тэнийлгэж, дуусгаагүй захидлаа бичсээр байлаа.
«Энхрий үзэсгэлэнт Оливиа минь.»
«Би Хермесэд ирснээс хойш аль хэдийн сар өнгөрчээ. Гэхдээ мэдээж, Сүм энэ газрыг шинэ Ариун хот гэж нэрлэхийг илүүд үздэг. Чөтгөрийн сарууд байгаагүйсэн бол энд ганц хором ч үлдэхийг хүсэхгүй байлаа. Би чам дээрээ буцаж очоод, дахин нэг удаа дулаахан оронд чамтайгаа хамт хэвтэхийг л хүсэж байна.»
«Тохиролцооны дагуу Сүм биднийг дэмжихийн оронд өөрсдийн цэргээр хянаж байна. Ямар ёжтой хэрэг вэ, тийм ээ? Сүмийн тухай ярьж байгаа дээрээ тэдний хийж чадсан зүйл үнэхээр гайхалтайг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Би энд анх ирж байсан үеэ одоо ч санаж байна. Тэр нь ойролцоогоор хорин жилийн өмнө байлаа. Хермесийн эргэн тойронд уул, хаднаас өөр зүйл, уулсын бэл дэх жижигхэн сүмээс өөр юм огт байгаагүй. Харин одоо тэд уулын оргил өөд сүйх тэрэг явуулах зам гаргаад зогсохгүй, томоохон бэхлэлт хот байгуулжээ.»
«Зуны улиралд чи надтай хамт энэ хотыг үзэхээр заавал ирээрэй. Шинэ Ариун хот манай Саарал цайзаас ч сүрлэг. Саарал цайзын театр санагдаж байна уу? Чи бид хоёр тэнд “Ханхүүгийн өшөө авалт”-ыг үзэхээр очиж билээ. Чи театрын уран барилгад маш их биширсэн. Доторх нь үнэхээр санаанд багтамгүй уужим байсан даа.»
«Гэхдээ Ариун хотын шинэ Цэргийн хэргийн танхимыг үзсэнийхээ дараа Саарал цайзын театр ердөө нэг овоохой байсан мэт санагдана. Үүнийг барилга гэж нэрлэхэд ч хэцүү, харин нарийн урласан урлагийн бүтээл гэх нь зөв байх. Таван театрыг залгичихмаар тийм уужим. Гэвч гадна ханыг нь ганц ч багана тулдаггүй. Харин ханыг нь аварга том чөтгөрийн араатны найман яс тогтоож байдаг. Муруйсан яснуудын хооронд олон жижиг яс байрлаж, тэдгээрийг олсон уяагаар холбожээ. Дээвэр нь ганц шон дээр тогтсон мэт агаарт хөвнө. Ийм барилгыг тэд яаж бодож олсон юм бол?»
«Тэгээд тэр яснуудыг нэг чөтгөрийн араатнаас салгаж авсан юм бол тэр нөхрийн биеийн хэмжээ лав зуун футээс давсан байж таарна. Ийм мангас Хермест л тааралдах байх. Гэхдээ хонгор минь, санаа зовох хэрэггүй. Чөтгөрийн араатнууд хэчнээн аварга том байсан ч тэд эцсийн эцэст чөтгөрийн гар хөлүүд юм.
Бурхны Өшөө авалтын Нүдний өмнө ямар ч хилэнц Бурхны эрхшээлээс мултарч чадахгүй! Чөтгөрийн араатан, шулам, бүр чөтгөр өөрөө байсан ч тэдний хувь тавилан нь үнс болон хувирах явдал!»
Энд хүртэл бичээд Жералд Уимблдон үзэг тавин, бадайрсан гараа суллав. Энэ үнэхээр хачин байлаа. Тэр ердийн үед арван таван фунтын жинтэй хоёр гарт сэлмээ өдөржин барьж чаддаг атлаа үзэг барихаараа хэдхэн өгүүлбэр бичээд л ядарчихдаг байв. Тэр өөрийгөө егөөдөн инээмсэглээд, үнэхээр л хөдөөгийн бүдүүлэг хүний амьдралд тохирох нэгэн юм байна гэж бодов.
«Чөтгөрийн араатны тухай ярихад дөрөв дэх дүү минь санаанд орчихлоо. Түүнийг Хилийн суурин шиг хөөрхийлөлтэй газар явуулсан. Тэр аль хэдийн сүүлээ хавчин Урт дууны бэхлэлт рүү зугтсан байх гэж айж байна. Тэнд ч гэсэн чөтгөрийн араатнууд түүнд хүрч чадахгүй, бэхлэлтийн хамгаалалт Хермесийнхтэй эн зэрэгцэнэ. Гэхдээ энэ түүний буруу биш гэж би боддог. Би тэр газар очсон ч бэхлэлтэд хоргодохоос өөр аргагүй байх байсан. Эндээс л аав ямар шударга бус болохыг харж болно. Дүү маань багаасаа онцгой ухаантай байсных нь төлөө л аав түүнийг хаан ширээ залгамжлуулахаар шийджээ. Аав өөрөө хаан ширээг ов мэхээр аваагүй гэдгээ мартсан бололтой. Ээжийг нас барснаас хойш аавын юу бодож явдгийг ойлгох улам бүр хэцүү болсон.»
Захидлынхаа дараагийн хэсгийг бичихийн өмнө Жералд тээнэгэлзэв. Оливиад жинхэнэ санаа зорилгоо хэлэх эсэхээ тэр мэдэхгүй байлаа. Тэр хэсэг азнаснаа эцэст нь бичихээр шийдэв. Төлөвлөгөө нь бүтэмжтэй бол Оливиа захидлыг гардан авахын өмнө тэр Саарал цайзын ордонд аль хэдийн очсон байх ёстой.
«Хонгор минь, зурхайч Ансгерийн зөв байжээ. Би юу ч хийхгүй бол эцэст нь хаан ширээ миний гарт орохгүй. Ансгер оддыг ажиглаад, “Мөхлийн од тойрог замдаа дахин орохоосоо өмнө дараагийн дөрвөн сарын турш шатна” гэж хэлсэн. Үүнээс үзэхэд надад үлдсэн хугацаа үнэхээр бага бөгөөд ингэж цаашид дэмий хүлээж сууж болохгүй нь тодорхой байна.»
«Өнөөдрийн тулааны дараа би нийслэл рүү чимээгүйхэн буцаж, аавтай уулзаад, үнэнч цэргүүдээ дагуулж явна. Энд Алтан ургацын хотынх шиг баяжих боломж хавьгүй цөөн байж магадгүй ч зоригт дайчид эндээр дүүрэн байна. Би зүгээр л хэдэн зоос цацаж, хэдэн амлалт өгөхөд л хангалттай. Тэд өлссөн чоно шиг намайг дагаж, зорилгодоо хүрэхэд минь тусална. Мэдээж, би бослого гаргахыг хүсэхгүй байна. Хаан ширээний төлөөх тулааныг эхлүүлэх тушаал өгсөн шалтгааныг ааваас өөрөөс нь асуухыг л хүсэж байна. Эцэст нь, би түүний ууган хүү бөгөөд хаан ширээ залгамжлах эрхтэй гэдгийг мартуулсан зүйл нь чухам юу байсан юм бол?»
«Ансгер надад зориулж бүхнийг хэдийн зохицуулсан. Хайрт Оливиа минь, чи дахиад жаахан л хүлээх хэрэгтэй. Намайг хаан болсон өдөр би чамайг хатнаа болгон авна. Хэрэв би бүрмөсөн бүтэлгүйтвэл... чи нийслэлд буцаж ирэлгүй, харин Үүрдийн өвлийн хаант улсад үлдэх хэрэгтэй.»
«Чамдаа хайртай, Жералд.»
Тэр захидлаа нямбайлан эвхэж, дугтуйнд хийгээд лаваар битүүмжлэв. Хэд хэдэн удаа шалгасныхаа дараа ширээгээ тогшиход хувийн хамгаалагч нь тэр даруй майханд орж ирлээ.
«Энэ захидлыг Хүйтэн салхины нуруунд суудаг Роузын гэр бүлийн гарт хүргэж өг. Өдөр шөнөгүй явах шаардлагагүй. Морь ч бүү уна. Зүгээр л жирийн аялагчийн хувцас өмсөөд, хот суурингаас хот суурин руу явдаг тэргэнд жирийн зорчигч болж яв. Чиний санах ёстой ганц зүйл бий. Энэ захидлыг заавал гар дээр нь гардуулж өг.»
«Тийм ээ, Эрхэм ханхүү!»
«Сайн байна, явж болно.» Жералд хамгаалагчаа явуулчихаад, галын нүхний дээгүүр хөлөө унжуулан ширээний дэргэд дахин суулаа.
Ямар нэгэн зүйл тохиолдвол түүнд гарах гарц үгүй болно.
Тэр нүдээ анин, бага насныхаа дүр зургийг эргэн санав. Тэр үед Хааны цэцэрлэгт хоёрдугаар ах, гуравдугаар эгчтэйгээ нуугдаж, эрэлцэж тоглодог байжээ. Гуравдугаар эгч нь унахад хоёр ах нь түүнийг асрах хэрэгтэй болдог байв. Яг хэзээнээс тэд гурав улам бүр бие биедээ танихгүй хүмүүс шиг болсон юм бол?
Жералд толгой сэгсэрч, будлиантай бодлуудаа хойш тавив. Сэтгэл хөдлөлд автах нь түүнд зохихгүй гэж тэр бодлоо. Энэ бүхнийг дуусгах ганц л боломж байсан нь өөрөө хаан ширээнд суух явдал байв.
Тэр мөчид майханд бүдэгхэн бүрээний дуу сонсогдов.
«Өө өө өө өө өө өө өө———»
«Би очиж байна!» Тэр ширээнээс үсрэн босож, гутлаа өмсөв. Майхнаас гарахад бүх хуаран тэр чигтээ үймээн самуунд автсан байлаа. Цэргүүд хаа сайгүй туг даллан гүйлдэж, их үймээн дунд байлдааны байрлал эзэлж байв. Алсын уулсаас бүдэг бадаг цуурай үргэлжлэн сонсогдоно.
Бүрээ дуугарсан нь чөтгөрийн араатнууд довтолж эхэлснийг илтгэнэ.
«Надтай хамт яв!» Тэр байлдааны мориндоо мордон, хамгаалагчдаа дагуулж одов.
Ариун хотын сүр хүчийг мэдрэхээр ганцхан хүн хотын хэрэм дээр зогсож байлаа. Тус хот нь Давашгүй нурууг нэвтлэх замыг хөндөлсөн, нэвтэршгүй байгалийн шуудуу мэт харагдана. Оргил өөд гарах даваа нь тэгш, уужим бөгөөд хэдэн арван хүн зэрэгцэн нэвтрэхээр өргөн ажээ. Замын эхэнд хоёр талаар нь мөсөн голоос тогтсон хадан цохио байсан ч цаашлах хэсэг нь өндөрлөг тал байв.
Сүм шинэ Ариун хотыг уулын орой дээр барихыг ингэтлээ чармайсны учир энэ байв.
Энэ газрын байдлыг ашиглан тэд нэвтлэхэд бараг боломжгүй хамгаалалтын шугам байгуулжээ.
Гэвч Жералд Уимблдон үүнийг урт хугацааны үүднээс харж байв. Тэд уулын бэлээс орой хүртэл ийм их чулуу, гуалин зөөж чаджээ. Ердөө хорин жилийн дотор Хермесэд хот байгуулсан нь Сүмийн харуулсан хүч чадал үнэхээр гайхалтайг илтгэнэ.
Сүмтэй харилцахаас хэчнээн залхсан байсан ч Жералд тэдэнд бас өөрсдийн давуу тал байгааг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй байлаа. Хэрэв тэд Хермест бэхлэлт байгуулаагүй бол тивийн бүх улс орон сүйрэлтэй нүүр тулах байсан. Тэд мөн Чөтгөрийн араатны сүргийн эсрэг байгуулсан хэлэлцээрийг хариуцдаг байв.
Жил бүрийн нэгдүгээр сард чөтгөрийн араатнууд довтлох үед Херместэй хил залгаа дөрвөн хаант улс Сүмийг дэмжихээр цэрэг илгээж, Сүмийн шийдвэрийн дагуу хамтран байлдах ёстой.
Тэдний дөрвөн туг салхинд намирч байлаа. «Үүрийн гэгээний хаант улс»-ын таягийг ороосон могой, «Чонон зүрхний хаант улс»-ын бамбай ба сэлэм, «Үүрдийн өвлийн хаант улс»-ын мөсөн сарнай, мөн «Саарал цайзын хаант улс»-ын цамхаг ба жад тус тус дүрслэгджээ.
Алсад тэнгэрт үзэгдэх хар толбуудыг ажингаа Жералд Уимблдон их сэлмээ чанга атгав.