Юань Таогийн бүх юмыг арай гэж зохицуулж, явуулчхаад Жан Сюань сая нэг цонхоор харлаа. Нар хэдийн баруун тийш хэвийж, удахгүй харанхуй болох гэж байв.
— Ингээд ердөө тавхан шавьтай үлдлээ дээ!
Тэр толгой сэгсрэв.
Өнөөдөр шинэ шавь элсүүлэх сүүлчийн өдөр. Одоогийн цагийг харвал элсэлт бараг дууссан гэсэн үг.
Өглөө нь ганц ч шавь олж чадахгүй байх гэж бодож байсан атлаа эцэст нь таван хүн элсүүлжээ. Багшийн мэргэшлийн шалгалтад хамгийн муу дүн авсан багшийн хувьд энэ ч муугүй үр дүн байлаа.
Жан Сюань ангийнхаа хаалгыг хаагаад дурсамждаа тулгуурлан өөрийн өрөө рүү алхав.
Академийн багш учраас тусдаа байрлах өрөөтэй. Гэхдээ арав гаруйхан ам метр хэмжээтэй жижиг өрөө байв.
Удалгүй өрөөндөө хүрч, хаалгаа нээгээд доторхыг нь харахад өөрийн эрхгүй санаа алдав.
Өмнөх Жан Сюань үнэхээр хэцүүхэн амьдарч байжээ. Өрөө нь жижигхэн төдийгүй маш чийгтэй. Ор дэрний зарим хэрэгсэл дээр бүр хөгц ургасан харагдана. Тэр хүн энд яаж амьдарч ирснийг ойлгоход ч бэрх.
— За, үүнийг түр орхиё. Маргааш хичээл эхэлнэ. Эхлээд өөрийнхөө бясалгалын түвшинг сайн мэдэж аваад жаахан бэлтгэл хийе!
Одоохондоо өлсөөгүй тул Жан Сюань дурсамждаа байгаа аргаар орон дээрээ завилан суув.
Өмнөх биеийнхээ дурсамжийг өвлөсөн учраас бясалгал түүнд огт танихгүй зүйл биш. Гэхдээ өөр ертөнцөөс ирсэн хүний хувьд өөрөө хүчирхэгжиж үзнэ гэхээс сэтгэл нь хөдөлж байлаа.
Шавь элсүүлэх ажил дууссан болохоор одоо өөрийн бясалгалаа бататгах цаг. Юу ч гэсэн энэ ертөнцөд хүч чадал л бүхнийг шийднэ.
Тэнгэрийн Нууц Номын Сан бусдын амин цэг, өө сэвийг харуулдаг. Тиймээс ижил түвшний өрсөлдөгчийн хамгаалалтыг эвдэх Жан Сюаньд амархан. Гэхдээ дайсан нь өөрөөс нь хавьгүй хүчтэй бол сул талыг нь харсан ч хурдыг нь гүйцэхгүй. Өрсөлдөгчөө шархдуулж амжихаасаа өмнө өөрөө туршилтын амьтан шиг хэсэг хэсгээрээ хэрчүүлж ч мэднэ.
Тэгэхээр Тэнгэрийн Нууц Номын Сан хэчнээн хүчирхэг байлаа ч түүнийг ялагдашгүй болгохгүй. Үнэхээр хүчирхэгжихийг хүсвэл өөрөө бясалгаж, түвшнээ ахиулахаас өөр замгүй.
— Өмнөх Жан Сюаний бясалгаж байсан аргыг Хунтянийн Есөн Даньт Бясалгалын Арга гэдэг! Хунтянь академийн үүсгэн байгуулагчийн зохиосон арга бөгөөд нийт есөн даньтай. Дань бүр нь Тулаанчийн нэг шаттай таарна!
Жан Сюань толгойдоо цээжилсэн аргаа санав.
Тулаанч нийт есөн даньтай. Нэг дань ахих бүрд шинэ шат нээгдэж, дээшлэх тусам бясалгал нь улам хэцүү болдог.
Хунтянийн Есөн Даньт Бясалгалын Арга бол академид хамгийн өргөн хэрэглэгддэг бясалгалын аргуудын нэг. Энэ арга ч мөн Тулаанчийн есөн даньд таарсан есөн хэсгээс бүрдэнэ.
— Одоогоор академийн бүх багшаас хамгийн сул нь би юм байна!
Академийн бараг бүх багш Тулаанчийн 4-р даньд хүрсэн. Харин Жан Сюань ганцаараа 3-р даньд явна. Бусдыг гүйцэхийн тулд илүү хичээх хэрэгтэй.
Тэр дурсамждаа байгаа амьсгалын аргын дагуу анхаарлаа төвлөрүүлэв.
Удалгүй нүдний өмнө тоо томшгүй жижиг гэрэлт цэгүүд бий болох шиг санагдав. Жан Сюань аажуухан амьсгалж, тэдгээрийг биедээ шингээхэд даньтянь дахь жинхэнэ хий нь бага багаар нэмэгдэж эхэллээ.
Хэчнээн хугацаа өнгөрснийг мэдэхгүй. Жан Сюань нүдээ нээгээд толгой сэгсрэв.
— Арай л удаан юм!
Өмнөх биеийн дурсамжийг өвлөсөн ч ухамсар нь Дэлхий дээр өссөн хүнийх хэвээр. Ийм удаан хөдөлгөөнгүй суугаад бясалгана гэдэг түүнд амаргүй байлаа.
Ялангуяа жинхэнэ хий хэрхэн цугларч байгааг мэдэрсний дараа бүр ч арга тасрав.
Жинхэнэ хий хураана гэдэг агаарт тархсан сүнслэг энергийн жижиг хэсгүүдийг биедээ татан авч, нэг дор нягтруулах үйл явц. Яг л модыг нэг нэгээр нь давхарлан овоолж байгаатай адил, бага багаар цуглуулсаар эцэст нь гол мөрөн шиг урсгал болгоно.
Энэ бол асар их тэвчээр шаардсан ажил.
Зарим бясалгагч өдөр бүр тасралтгүй хичээллэсээр гурван жилийн дараа даньтяниа дүүргэж, дараагийн шатанд ордог.
Бага багаар хуримтлуулсаар байж л үр дүн гарна.
Ингээд хэдэн жил уйтгартай сууж бясалгана гэж үү?
Тэгснээс шууд алчихсан нь дээр!
— Өө, тийм байна! Хунтянийн Есөн Даньт Бясалгалын Арга академид хамгийн түгээмэл ч хамгийн хүчтэй арга биш. Тэнгэрийн Нууц Номын Сангаар өө сэвийг нь олж, засаж болох юм биш үү? Алдааг нь засчихвал бясалгалын хурд асар их нэмэгдэх биш үү?
Жан Сюаний толгойд гэнэт ийм санаа орж ирэв.
Бясалгалын арга ч өөр өөр зэрэглэлтэй. Сайн арга хурдан ахиулдаг бол муу арга удаан. Энэ ялгаа нь сайн аргын өө сэв цөөн байдагтай холбоотой юм биш биз?
Бусад хүн бясалгалын аргаа өөрсдөө сайжруулж чадахгүй байж болох ч Жан Сюаньд Тэнгэрийн Нууц Номын Сан бий. Түүгээр аргынхаа өө сэвийг олж, нэг нэгээр нь засаад явж болно. Хэрэв Номын Сан хүртэл нэг ч өө сэв олж чадахааргүй бясалгалын арга бүтээчихвэл түүний бясалгалын хурд огцом өсөх биш үү?
Ингэж бодоод Жан Сюань босож, Хунтянийн Есөн Даньт Бясалгалын Аргын судрыг гартаа аваад хуудсыг нь эргүүлэв.
Вүүүн!
Таамагласанчлан оюун санаан дахь номын сан доргиж, яг ижил нэртэй ном бий боллоо.
Номыг нээж үзтэл Хунтянийн Есөн Даньт Бясалгалын Аргын өө сэвийг нягт бичсэн байх бөгөөд тоо нь бүр мянгаас давжээ!
— Би сая ийм арга бясалгаж байсан юм уу?
Жан Сюань мэл гайхав.
Ердөө 3-р данийн хэсэг нь гэхэд мянга гаруй өө сэвтэй гэж үү? Арай дэндсэн хэрэг биш үү!
Өтөөр дүүрсэн ногоо идэж байгаатай л адил санагдав. Ийм аргаар бясалгаад түвшин нь бүр уначихаагүй байгаа нь өөрөө гайхамшиг мэт.
— Бусад бясалгалын аргууд ямар байдаг бол?
Багш хүн учраас өрөөнд нь цөөнгүй судар байв. “Дээд Дөрвөн Хээт Арга”, “Тэнгэрийн Судлын Арга”, “Бадамлянхуан Хийн Цэг Нэвтлэх Хүч”...
Жан Сюань нэг нэгээр нь авч, хуудас эргүүлэх бүрд оюун санаан дахь номын санд тухайн судрын хуулбар бий болж, өө сэв нь тэмдэглэгдэнэ. Гэтэл эдгээр аргын өө сэв бүр гурван мянгаас давж байлаа!
Хунтянийн Есөн Даньт Бясалгалын Аргаас ч аймшигтай.
— Энэ олон алдааг нэг нэгээр нь засах гэж байтал би өөрөө ядарч үхэх юм биш үү?
Хэд хэдэн судар үзээд Жан Сюань бүр галзуурах шахав.
Нэг сударт мянга гаруй өө сэв байхад зөв замыг нь олно гэдэг амаргүй. Өмнө нь мянган зам салаалаад, зам бүр цаашаа дахиад тоо томшгүй салбарласан мэт. Тэнгэрийн Нууц Номын Сан аль зам буруу гэдгийг хэлж өгч чадна. Гэхдээ тэдгээрээс цорын ганц зөв замыг нэг нэгээр нь шүүж олно гэвэл үнэхээр үхтлээ ядарна.
— Одоогоор миний бясалгал Тулаанчийн 3-р дань — Жинхэнэ Хийн шатны оргил үед байна. Дараагийн шатанд ороход ганцхан алхам дутуу. Тэгэхээр эхлээд энэ хэсгийн өө сэвийг л олж засъя!
Хунтянийн Есөн Даньт Бясалгалын Аргын бүх алдааг богино хугацаанд засах боломжгүйгээ ойлгосон Жан Сюань судрын хамгийн сүүлчийн хуудсыг нээлээ.
Тулаанчийн 3-р данийг бүхэлд нь бясалгах хэцүү ч оргил үеэс дараагийн шатанд нэвтрэх сүүлчийн алхам харьцангуй энгийн байв.
Таамагласнаар энэ хуудсанд ердөө арван өө сэв бичигджээ.
“Нэгдүгээрт: Агаар дахь сүнслэг энергийг мэдрэх арга буруу. Хоёрдугаарт: Сүнслэг энергийн хэсгүүдийн урсгалыг удирдах арга буруу. Гуравдугаарт: Цугларсан энергийг Янвэй судлаар дамжуулах арга буруу...”
Арван алдааг нэг бүрчлэн тодорхой бичсэн байлаа.
Гэвч Тэнгэрийн Нууц Номын Сан зөвхөн өө сэвийг нь заахаас бус, хэрхэн засахыг нь хэлж өгдөггүй. Тиймээс зөв арга замыг шууд олоход бас л амаргүй.
— Тийм байна! Бусад судрын Жинхэнэ Хийн шатнаас нэвтрэн ахих хэсэгт өөр өөр өө сэв байсан шүү дээ!
Жан Сюань сая үзсэн судруудаа санав. Тэгээд нэг нэгээр нь авч, Жинхэнэ Хийн шатнаас хэрхэн ахих тухай хэсгийг шалгалаа.
Яг бодсоноор. Тэдгээр судар ч алдаатай боловч алдаа нь өөр өөр зүйл дээр байв.
— Өө сэв гэж тэмдэглэгдээгүй хэсэг нь зөв гэсэн үг...
Жан Сюаний нүд гэрэлтэв.
Тэр даруй бийр, цаас авч, судар бүрийн зөв хэсгийг ялган бичиж эхэллээ. Удалгүй цоо шинэ бясалгалын арга түүний өмнө бий болов.
— Одоо үүнийг шалгая!
Жан Сюань инээмсэглээд өөрийн бичсэн хуудсыг барихад Тэнгэрийн Нууц Номын Сан дахин доргив. Яг ижил ном гарч ирсэн ч энэ удаа ердөө ганцхан өө сэвтэй байлаа.
Тэр хэсэг хугацаанд дахин нягталж, сүүлчийн алдааг засав. Дараа нь Номын Сангаар дахин шалгахад нэг ч өө сэв үлдсэнгүй. Бясалгалын арга бүрэн төгс болжээ.
— Энэ бол Тулаанчийн 3-р дань — Жинхэнэ Хийн шатнаас нэвтрэн ахих хамгийн зөв арга! Туршаад үзье!
Өөрийн гараар бичсэн аргыг хараад Жан Сюань догдлон толгой дохив. Тэр даруй завилан сууж, бясалгаж эхэллээ.
“Биеэ суллаж, бүх нүх сүвээ нээ. Өтгөн сүнслэг энерги дунд живж байна гэж төсөөл. Биеийн нүх сүв бүр тусдаа амь мэт, өөр өөрийн хэмнэлээр амьсгална...”
Ссссс!
Шинэ аргаар бясалгаж эхлэхэд анхандаа жаахан дасахгүй байсан ч удалгүй эргэн тойрны сүнслэг энерги түүн рүү цутгах шиг болов. Нэг нүх сүвээр шингэх энерги өчүүхэн ч бүх биеэрээ нэгэн зэрэг шингээж эхлэхэд нийт хурд нь асар их болов.
Агаар дахь сүнслэг энерги гол мөрөн нийлж үерлэх мэт биед нь бөөгнөрөн, даньтянь руу нь хүчтэй цутгав.
Бүүүм!
Дотор нь хүчтэй доргилт үүслээ.
Угаасаа ахицын хаалтаа давахад ганцхан алхам дутуу байсан. Харин одоо даньтянь дахь жинхэнэ хий хальж, бүх биеэр нь тархан булчин, ясыг нь дүүргэхэд тайлбарлахын аргагүй хөнгөн сайхан мэдрэмж төрөв.
Тулаанчийн 4-р дань — Пигү буюу Бие Чангалах шат!
— Энэ... арай хурдан биш үү?
Жан Сюань нүдээ томруулав.
Хунтянийн Есөн Даньт Бясалгалын Аргад бичсэнээр энэ шатанд нэвтрэхэд хамгийн багадаа гурваас таван сар шаардлагатай, тэр ч байтугай багагүй аз хэрэгтэй. Харин өө сэвийг нь засаад арай өөрчилсөн аргаар бясалгахад хэр удав?
Арван минут уу? Таван минут уу?
Бүр гурван минут ч хүрээгүй бололтой!
Энэ чинь...
Тэгээд зөвхөн хурд ч биш байлаа. Тэр Жинхэнэ Хийн шатны оргил үеэс ахих аргыг л зассан атал шинээр хуримтлагдсан жинхэнэ хий нь өмнөхөөсөө зүйрлэхийн аргагүй цэвэр, бас хавьгүй хүчтэй байв.
Өмнө нь бясалгасан жинхэнэ хий нь шавар шавхай байсан гэвэл одоогийнх нь ямар ч хольцгүй тунгалаг булгийн ус шиг.
Жинхэнэ хий ч чанараараа дээд, дунд, доод гэсэн зэрэглэлтэй. Чанар өндөр байх тусам илүү цэвэр бөгөөд бясалгагчийн ирээдүйд хүрч чадах өндөр ч нэмэгддэг. Жан Сюаний өмнөх жинхэнэ хий булингартай байсан тул доод зэрэглэлийнх байсан бололтой.
Харин одоо хуримтлуулсан жинхэнэ хий нь ямар ч булингаргүй, туйлын цэвэр байлаа.
Энэ бол дээд зэрэглэлийн жинхэнэ хий байх магадлалтай!
— Дээд зэрэглэлийн жинхэнэ хий бясалгахын тулд Бурхны эсвэл Гэгээнтний зэрэглэлийн бясалгалын арга хэрэгтэй гэдэг биз дээ?
Бясалгалын арга ч Бурхны, Гэгээнтний, Сүнсний, Хийсвэр, Эгэл гэсэн зэрэглэлтэй бөгөөд зэрэглэл бүр цааш доод, дунд, дээд, оргил гэж хуваагдана.
Бясалгагчдын дунд яригддагаар бол дээд зэрэглэлийн жинхэнэ хий бий болгохын тулд дор хаяж Гэгээнтний зэрэглэлийн бясалгалын арга хэрэгтэй.
Харин Хунтянийн Есөн Даньт Бясалгалын Арга бол хамгийн доод Эгэл зэрэглэлийн арга. Тэгвэл ийм чанартай жинхэнэ хий яаж бий болсон юм бэ?
— Тэнгэрийн Нууц Номын Сан!
Жан Сюань нударгаа атгав.
Тэр үндсэндээ Хунтянийн Есөн Даньт Бясалгалын Аргыг л ашигласан. Гэхдээ Номын Сангийн тэмдэглэсэн бүх буруу хэсгийг тойрч, зөв замаар бясалгасан учраас дээд зэрэглэлийн жинхэнэ хий хуримтлуулж чаджээ.
Тэгэхээр Тэнгэрийн Нууц Номын Сангийн тэмдэглэл үнэн юм байна. Хунтянийн Есөн Даньт Бясалгалын Арга үнэхээр төгс аргаас дэндүү хол ажээ.
— Тэгвэл Тэнгэрийн Нууц Номын Сангийн тусламжтайгаар би Гэгээнтний, бүр Бурхны зэрэглэлийн бясалгалын арга хүртэл бүтээж чадах юм биш үү?
Жан Сюаний нүд догдлон гялалзав.