— Туршаад үзье!
Өө сэвгүй бясалгалын аргатай болсон Жан Сюань цаг алдсангүй. Тэнгэрийн Замын Дээд Бясалгалын Аргад бичсэн ёсоор завилан сууж, бясалгаж эхлэв.
Биеийнх нь нүх сүв нээгдэж, агаарт тархсан сүнслэг энергийг өөртөө татан шингээнэ.
Тулаанчийн 4-р дань.
1-р дань — Жүси буюу Хий Хураах шат. 2-р дань — Даньтянь шат. 3-р дань — Жинхэнэ Хийн шат. 4-р дань — Пигү буюу Бие Чангалах шат.
Хий Хураах шатанд бясалгагч төрөлхийн амьсгалаа ашиглаж сурч, агаарт буй сүнслэг энергийг мэдэрдэг болно. Мөн биеийнхээ доторх байдлыг мэдэрч, сүнслэг энергийн урсгалыг бодлоороо удирдах чадвартай болдог.
Даньтянь шатанд даньтянь нээгдэж, сүнслэг энергийг дотроо хуримтлуулах боломжтой болно. Үүний зэрэгцээ бие махбод өөрчлөгдөж, жирийн хүнээс жинхэнэ Тулаанч болон өөрчлөгдөнө.
Жинхэнэ Хийн шатанд даньтяньд хуримтлагдсан сүнслэг энерги нягтарч, жинхэнэ хий үүснэ.
Харин Бие Чангалах шатанд жинхэнэ хийгээр дүүрсэн даньтянь халин, тэр хүч бүх биеийг тэтгэж эхэлдэг. Ингэснээр бие махбод бэхжиж, дотор эрхтний үйл ажиллагаа хүртэл сайжран, бясалгагч жинхэнэ утгаараа хүчтэн болдог.
Тулаанчийн эхний гурван дань бол сууриа тавих үе. Харин 4-р даньд хүрснээс хойш бясалгалын үр дүн бие махбодод нь бодитоор илэрч, өвчин эмгэгээс холдон, улам хүчирхэгждэг.
Хунтянийн Есөн Даньт Бясалгалын Аргын 4-р даньд даньтянь дүүрээд халин гарсан жинхэнэ хийгээр биеэ тэтгэж, яс, булчин, шөрмөс, арьсаа аажмаар хатуужуулан шинэчилдэг.
Харин Тэнгэрийн Замын Дээд Бясалгалын Арга үүнээс өөр. Гаднах сүнслэг энерги биеийг гаднаас нь тэтгэхийн зэрэгцээ даньтянь дахь жинхэнэ хий бүх биед тархан дотроос нь нэгэн зэрэг бэхжүүлнэ.
Гүрр-гүрр!
Сүнслэг энергийн урсгал хийн судлуудаар нь дамжин бүх биед тархав. Араас нь дагах жинхэнэ хий судал бүрээр урсахдаа биеийн дутуу, сул хэсгийг нөхөн сэргээнэ.
Тас! Тас!
Удаан ч болсонгүй. Сүнслэг энерги, жинхэнэ хий хоёр давхар тэтгэснээр яс, булчин нь нягтарч, хүчтэй галд сайтар давтсан мэт бэхжив. Бүх бие нь дотроосоо цэвэршин, зөөлөн дулаан туяа цацруулах шиг санагдана.
Жинхэнэ хий нь биеэр нь хэчнээн удаа эргэлдсэнийг мэдэхгүй. Гэнэт бие нь хүчтэй доргиж, үл үзэгдэх нэгэн хаалтыг цөмлөн гарсан мэт болов. Тэр даруй бүх биеийг нь хөнгөн, тайван мэдрэмж нөмөрлөө.
Өмнө нь бие нь үл үзэгдэх гав гинжинд хүлэгдсэн мэт байсан бол одоо хөдөлгөөн бүрээ хүссэнээрээ удирдах боломжтой болжээ. Хүр хорхой бүрхүүлээ цөмлөн эрвээхэй болон гарч ирсэн мэт бүх бие нь хөнгөрсөн байв.
— Тулаанчийн 4-р дань — Бие Чангалах шат... Би аль хэдийн энэ шатыг дуусгачихсан гэж үү?
Нүдээ нээсэн Жан Сюань өөрөө ч итгэж ядан суулаа.
Бие Чангалах шатыг давсны шинж нь бие махбодын хүлээсийг эвдэж, илүү өндөр түвшинд хүрэх явдал. Гэтэл тэр хэр удаан бясалгасан гэж? Хоёр цаг уу? Дөрвөн цаг уу?
— Ямар муухай үнэр вэ!
Гайхан биеэ харвал арьсан дээр нь хар бараан бохирын зузаан үе тогтжээ.
Бие Чангалах шатанд жинхэнэ хийгээр биеэ тэтгэж, дотор хуримтлагдсан бохир хольцыг гадагшлуулан, яс булчингаа ариусгаж, бие махбодоо шинэчилдэг.
Хүн төрсөн цагаасаа амьдрахын тулд янз бүрийн хоол хүнс иддэг. Тэр бүхнээс бие дотор нь бага багаар бохир хольц хуримтлагдана. Бие Чангалах шатанд жинхэнэ хий тэр бохирыг гадагшлуулж, биеийг ариусгасны дараа л бие махбодын хүлээсийг эвдэн, төрөлхийн цэвэр байдалдаа ойртож чадна.
— Бие Чангалах шатны тухай олон удаа сонсож байсан ч... нэг дор ингэж их бохир гадагшлуулдаг хүн гэж ер сонсоогүй юм байна!
Биеэс нь ханхлах үнэрийг тэвчиж дийлэхээ больсон Жан Сюань хувин ус авч ирэн биеэ угаах зуураа амандаа бувтнав.
Тулаанчийн 4-р дань — Бие Чангалах шатны гол зорилго нь яс, булчинг ариусгах. Нэг удаагийн бясалгалаар бие нь өчүүхэн ч болов бэхэжвэл аль хэдийн муугүйд тооцогдоно. Харин бүх биеэс нь ингэтлээ их бохир гарч, өмхийрөх хэмжээнд хүрсэн хүнийг тэр урьд нь сонсож байсангүй.
Удалгүй биеэ цэвэрлэж дуусав. Тэгтэл арьс нь урьд өмнөхөөсөө хамаагүй толигор, цэвэр болсон байлаа. Өмнөх бэлтгэл сургуулилтаас үлдсэн сорвиуд нь хүртэл ор мөргүй арилжээ. Бараг дөнгөж төрсөн нярайгаас ч толигор болсон мэт.
— Миний жинхэнэ хий...
Биеийнхээ өөрчлөлтийг гайхан ажиглаж байснаа анхаарлаа даньтянь руугаа шилжүүлтэл Жан Сюаний бие дахин чичирлээ.
Урьд нь булингартай байсан жинхэнэ хий нь одоо тунгалаг ус шиг цэвэршиж, бүр сэнгэнэсэн цэвэр үнэр ялгаруулах болжээ.
Энэ бол эргэлзээгүй өндөр чанарын жинхэнэ хий!
— Бие махбод минь сайжраад зогсохгүй жинхэнэ хийн чанар хүртэл дээшилчихлээ. Тэнгэрийн Замын Дээд Бясалгалын Арга чинь... арай дэндүү хүчтэй юм биш үү!
Жан Сюань балмагдав.
Бусад хүн Бие Чангалах шатыг давахын тулд биеэ дор хаяж хэдэн жил тасралтгүй тэтгэх хэрэгтэй. Харин тэр дөрвөн цаг ч хүрэхгүй хугацаанд энэ шатыг шууд давчихлаа. Тэгээд зогсохгүй жинхэнэ хий нь хүртэл илүү өндөр чанартай болсон. Тэнгэрийн Нууц Номын Сан яг ямар айхтар арга бүтээчихсэн юм бэ?
Үнэхээр дэндүү хүчтэй!
— Хүчээ туршаад үзье! Бие Чангалах шатыг давбал Тулаанчийн 5-р дань — Динли буюу Хүч Тогтоох шатанд орно. Энэ шатанд хүрсэн хүн нэг дин хүчтэй болдог!
Жан Сюань байрнаасаа хэдэн арван метрийн зайд байх Хүч Хэмжих Чулуун Багана руу алхав.
Ийм чулуун багана академийн энд тэндгүй байдаг. Сурагчид хүссэн үедээ хүчээ хэмжихэд зориулсан хэрэг.
Тулаанчийн 5-р дань — Хүч Тогтоох шатанд хүрсэн хүн нэг дин буюу ойролцоогоор мянган килограммын хүч гаргах чадалтай болно.
Энэ хэмжээний хүч жирийн хүний хязгаарыг аль хэдийн давж, адуу үхрийн бяртай эн зэрэгцэнэ.
Тэнгэрийн Замын Дээд Бясалгалын Аргыг бясалгасны дараа Жан Сюаний бие бүрэн шинэчлэгдэж, Бие Чангалах шатыг давсан. Одоо тэр өөрийн хүч үнэхээр яриад байдаг шиг нэг дин хүрсэн эсэхийг шалгахыг хүсжээ.
Амьсгалаа тогтоон, хөлийн улыг газарт бат тулгав. Өвдгөө огцом тэнийлгэхэд бүх бие нь татсан аварга нум мэт нумарч, гар нь сумаас ч хурдан урагш харвалаа.
Пүн!
Нударга чулуун баганыг оноход гадаргуугаар нь гэрэл гүйв.
5 дин!
— Яаж... яаж ийм байж болох вэ?
Жан Сюань нүдээ бүлтийлгэн, хэсэгтээ алмайран зогсов.
Үнэн гэж үү?
Хүч Тогтоох шатны эхэн үед жирийн бясалгагч нэг дин хүчтэй. Дунд үед хоёр дин, ахисан үед гурван дин, оргил үед дөрвөн дин хүрнэ.
Гэтэл тэр дөнгөж Бие Чангалах шатыг давж, Хүч Тогтоох шатанд орсон мөртлөө шууд таван дин хүч гаргалаа... Энэ чинь юу болоод байна аа?
Арай л хэтрүүлэгтэй биш үү!
— Тэнгэрийн Замын Дээд Бясалгалын Арга биеийг минь тэтгэж шинэчилсэн, дээр нь жинхэнэ хий минь өндөр чанартай болсноос л ийм байгаа байх...
Хэсэг гайхсаны эцэст Жан Сюань учрыг нь таав.
Өөрийгөө суут авьяастан биш гэдгийг тэр сайн мэднэ.
Тэгэхээр цорын ганц тайлбар нь сая бясалгасан Тэнгэрийн Замын Дээд Бясалгалын Арга.
Энэ арга бие махбодыг нь хатуужуулж, шинэчлээд зогсохгүй жинхэнэ хийг нь ариусган чанарыг нь дээшлүүлжээ. Үүний ачаар Хүч Тогтоох шатанд дөнгөж орсон атлаа оргил үеийн бясалгагчаас ч давсан хүчтэй болсон байна.
Аймшигтай!
— Академид Тулаанчийн 5-р даньд хүрсэн багш цөөхөн шүү дээ!
Академийн дээд эрэмбийн багш нараас цөөн хэд нь л Тулаанчийн 5-р дань — Хүч Тогтоох шатанд хүрсэн байдаг. Цао Сюн, өмнөх Жан Сюань шиг хүмүүсийн хувьд ийм түвшинд хүрэхийг мөрөөдөх ч хэцүү.
— Нэгэнт энэ шатанд хүрсэн юм чинь 5-р данийн бясалгалын аргуудыг очиж үзье...
Хүч нь огцом өссөн ч шинэ асуудал гарч ирэв.
Өмнө нь Багш нарын Номын Хөмрөгийн Асарт үзсэн хэдэн мянган 4-р данийн арга одоо хэрэггүй болсон. Цааш бясалгахын тулд 5-р данийн аргууд хэрэгтэй.
— Одоохондоо тийм ч орой болоогүй байна. Багш нарын Номын Хөмрөгийн Асар хаагаагүй байгаа байх...
Толгойгоо маажсаар Жан Сюань дахин асар руу алхав.
Хүмүүс хүчэнд шунаж, яаран буруу бясалгахаас сэргийлж академи нэг дүрэм тогтоосон байдаг. Хүн зөвхөн өөрийн хүрсэн шаттай таарах бясалгалын аргыг үзэх эрхтэй.
Удалгүй Жан Сюань Номын Хөмрөгийн Асрын өмнө дахин ирлээ.
— Чи яагаад дахиад ирэв?
Саяхан гарч явсан залууг буцаад ирэхийг хараад асрын харгалзагч Мо ахлагч хөмсгөө зангидав.
Энэ хийсвэр мөрөөдөлтэй нөхөр гараад удаагүй байж яагаад буцаад ирчихэв?
— Мо ахлагч аа, би 5-р данийн бясалгалын аргуудыг үзэх гэсэн юм! — Жан Сюань жаахан эвгүйрхэн хэлэв.
Саяхан гарснаасаа хойш шууд шат ахичихлаа гэж хэлж яаж болох вэ!
Тэгж хэлбэл Мо ахлагч түүнийг газар дээр нь нам цохихгүй юм аа гэхэд туршилтын амьтан шиг барьж аваад шинжлэх биз.
Бие Чангалах болон Хүч Тогтоох шатны жинхэнэ хийн ялгаа төдийлөн их биш. Өөрөө зориуд жинхэнэ хийгээ хөдөлгөхгүй л бол хүчтэй хүн ч ялгааг анзаарахад хэцүү. Мо ахлагч хэдий хүчтэй ч саяхан гарсан залууг ийм богино хугацаанд дахин шат ахичихсан гэж төсөөлөх аргагүй байв.
— 5-р данийн бясалгалын арга гэнэ ээ? Чамд юунд хэрэгтэй юм?
Мо ахлагчийн царай барайж, Жан Сюаньд төрөөд байсан өчүүхэн сайн сэтгэгдэл нь ч ариллаа.
4-р данийн аргаа хуулж ч аваагүй, бясалгаж ч үзээгүй байж одоо 5-р данийн арга үзэхээр ирдэг гэнэ ээ? Тоглоод байгаа юм уу!
— Мо ахлагч аа, учир нь ийм юм. Өнөөдөр би нэг шавь авсан юм. Тэгээд гэрийнхэн нь 5-р данийн бясалгалын талаар хэдэн зүйл асуухад би хариулж чадсангүй. Тэр хүн намайг дорд үзсэн. Тиймээс... жаахан үзэж судлаад, учрыг нь ойлгож авъя гэж бодлоо. Дараа ийм асуулт таарвал хариулж чаддаг болно шүү дээ!
Жан Сюань энэ шалтагийг замдаа аль хэдийн бодож олжээ.
— Зарим эцэг эхтэй харилцах үнэхээр төвөгтэй байдаг! — Энэ тайлбарыг сонссон Мо ахлагч толгой дохилоо. Тэгснээ царайгаа төв болгож анхааруулав. — Үзэж болно. Гэхдээ яасан ч бясалгаж болохгүй шүү! 4-р данийг давж амжаагүй байж 5-р данийн аргаар бясалгавал хий чинь хяналтаас гарахад бурхан ч аварч чадахгүй!
— За, ойлголоо!
Жан Сюань яаран хариулав.
— Тэгвэл ор! — Мо ахлагч гараа дохин дахин нүдээ анив. — 5-р данийн бясалгалын аргууд хамгийн сүүлийн эгнээнд байгаа!
— За!
Жан Сюань яаран дотогш орлоо.
Түүнийг орсны дараа Мо ахлагч дотроо хоёрхон үг нэмэв.
“Хоёр нүүртэй. Нэрэлхүү!”