Шавийн гэрийнхэн асуусан бол яадаг юм? Чи академийн хамгийн доод эрэмбийн багш. Хариулж чадахгүй байх чинь хэвийн зүйл!
Тэгсэн атлаа нэр нүүрээ бодоод зориуд 5-р данийн бясалгалын арга үзэхээр ирдэг. Үүнийг хоёр нүүр гаргаж, хоосон нэрэлхэх гэхгүй өөр юу гэх юм?
“Маргааш захирал дээр очиж, ийм бодит байдлаас тасарсан нөхрийг академиас хөөлгөнө!”
Мо ахлагч дотроо хүйтнээр ёжлон, шийдвэрээ гаргав.
Бясалгалдаа ч олигтой шамдахгүй, нэр төрийн хойноос хөөцөлдсөн ийм хүнийг академид үлдээвэл академийн дэг, нэр хүндийг л гутаана!
Хоёрхон удаа тааралдсанаараа Мо ахлагчийн хөөгдөх хүмүүсийн жагсаалтад орсноо Жан Сюань мэдсэнгүй. Мэдсэн бол инээхээ ч, уйлахаа ч мэдэхгүй болох байсан биз.
Түүний хэлсэн бүхэн ердөө шалтаг байлаа!
Үнэндээ бясалгал нь аль хэдийн энэ түвшинд хүрчихсэн.
Дараагийн шатны арга мэдэхгүй гээд бясалгалаа зогсоож болохгүй биз дээ.
Жан Сюань удалгүй бясалгалын аргууд хадгалсан хэсгийн хамгийн сүүлийн эгнээнд хүрэв.
Хунтянь академийн хамгийн алдартай, хүчирхэг багш нар ч Тулаанчийн 5-р данийн түвшинд байдаг. 6-р дань — Писюэ буюу Хийн Цэг Нээх шатанд хүрмэгц автоматаар академийн ахлагч болно.
Энд Багш нарын Номын Хөмрөгийн Асар тул 6-р данийн бясалгалын арга байдаггүй. Иймээс 5-р данийн аргууд хамгийн сүүлийн тавиур дээр байрлажээ.
— 5-р данийн судар 4-р данийнхаас хамаагүй цөөн юм байна!
4-р данийн бясалгалын нууц судар хоёр гурван мянга орчим байсан бол 5-р данийнх ердөө мянга орчим байлаа.
Бодоод үзвэл энэ нь ч аргагүй. Ямар ч зүйлд дээшлэх тусам нөөц нь ховордоно. Академи олон жилийн түүхтэй ч өнгөрсөн хугацаанд 5-р даньд хүрсэн хүн 4-р данийнхаас хавьгүй цөөн байсан нь гарцаагүй.
Тиймээс тэдний үлдээсэн бясалгалын арга, тэмдэглэл ч цөөн байх нь ойлгомжтой.
Жан Сюань энэ талаар илүү бодолгүй толгой сэгсрээд, ойр байсан нэг номыг авч хуудас эргүүлэв.
Ойролцоогоор нэг цагийн дараа мянга орчим нууц судрыг бүгдийг нь гүйлгэн үзэж дууслаа. Тэдгээртэй харгалзах номууд Тэнгэрийн Нууц Номын Санд нэг бүрчлэн бий болсон байв.
Хүссэн зүйлээ авсан Жан Сюань үл ялиг инээмсэглээд Мо ахлагчтай салах ёс хийн, алхаад одов.
Тэр ном бүрийг хэдхэн хуудас эргүүлээд л тавьж, нэг дээр нь ч тогтож уншихгүй байгааг харсан Мо ахлагч дотроо дахин баахан загнав.
Байрдаа эргэж ирсэн Жан Сюань өмнөхийн адил мянган номоос зөв өгүүлбэр, хэсгүүдийг сонгон хайлаа.
Тааснаар нь удалгүй Тэнгэрийн Нууц Номын Сан мянган номын зөв агуулгыг нэгтгэн ганц ном болгов. Энэ удаад ном нэргүй байсангүй. Хавтсан дээр нь “Тэнгэрийн Замын Дээд Бясалгалын Арга” гэсэн үгс тодрон гарч ирэв.
Жан Сюань дахин бясалгаж эхэллээ.
Тулаанчийн 5-р дань — Динли буюу Хүч Тогтоох шат нь Бие Чангалах шатны үргэлжлэл. Энэ шатны зорилго энгийн. Жинхэнэ хийг бие махбодтой улам нягт нийцүүлнэ. Хүч Тогтоох шатны үе тус бүрийн хүчний ялгаа нь жинхэнэ хий болон бие махбодын нийцэл хэр өндөр байгаагаас голчлон шалтгаална.
Нийцэл нь өндөр байх тусам гаргаж чадах хүч нэмэгдэнэ.
Тэнгэрийн Замын Дээд Бясалгалын Аргын Хүч Тогтоох шатны хэсгийг уншаад Жан Сюань бүх анхаарлаа төвлөрүүлэв. Даньтянь дахь болор шиг тунгалаг жинхэнэ хийгээ маш нарийн хэмнэлээр бүх биеэрээ урсгаж, бие махбодтойгоо бүрэн нийцүүлэхээр удирдлаа.
Хэдэн мянган нууц судрын давуу талыг нэгтгэн бүтсэн арга гэдэг нэрэндээ үнэхээр тохирч байв. Бясалгалын үр ашиг нь төсөөлөхийн аргагүй. Жинхэнэ хий нь булчин шөрмөстэй нь маш хурдан уусан нэгдэж эхэллээ.
Биеийн хүч, жинхэнэ хийн нийцэл зэрэг зэрэг огцом өсөв.
Хүч Тогтоох шатны эхэн үе!
Хүч Тогтоох шатны дунд үе!
Хүч Тогтоох шатны ахисан үе!
Хүч Тогтоох шатны оргил үе!
Бүүм!
Дөрвөн цагийн дараа бие нь дахин хүчтэй доргив.
Жан Сюань нүдээ нээгээд өөрөө ч итгэж чадсангүй.
— Энэ чинь... Тулаанчийн 5-р данийн оргил үе үү?
Уг нь 5-р даньд нэлээд удаан бясалгана гэж бодож байлаа. Гэтэл Тэнгэрийн Замын Дээд Бясалгалын Аргаар ердөө дөрвөн цагийн дотор оргил үед нь хүрнэ гэж зүүдэндээ ч төсөөлсөнгүй.
Өмнөх Жан Сюаньд бясалгал гэдэг тэнгэр өөд мацахтай адил хэцүү зүйл байв. Харин Тэнгэрийн Замын Дээд Бясалгалын Аргатай одоогийн Жан Сюаньд хоол идэж, ус уухтай адил хялбар санагдана.
Ердөө хагас шөнийн дотор Тулаанчийн 3-р дань — Жинхэнэ Хийн шатнаас 5-р дань — Хүч Тогтоох шатны оргил хүртэл ахичихлаа... Арай л дэндүү хурдан биш үү!
Тэгээд ч 6-р данийн бясалгалын аргыг мэддэггүй, аль хийн цэгээс эхэлж нээх ёстойгоо ойлгохгүй байгаа болохоос биш, үргэлжлүүлсэн бол Тулаанчийн 6-р дань — Хийн Цэг Нээх шатанд ч орчихож мэдэх байв.
Хийн Цэг Нээх шатанд бие дэх хаалттай хийн цэгүүдийг нэг нэгээр нь нээнэ. Нэг цэг нээгдэх бүрд жинхэнэ хий өтгөрч, тулааны хүч нэмэгддэг.
Хүний биед нийт 108 хийн цэг байдаг гэдэг. Гэхдээ тэдгээрээс ердөө 72-ыг нь нээх боломжтой бөгөөд нээх тодорхой дараалал бий. Хүн бүрийн бие өөр учраас өөрт тохирсон дарааллаар цэгүүдээ нээж байж хамгийн сайн үр дүнд хүрнэ. Зөв дарааллаа олж чадахгүй бол ердөө гурав, дөрвөн цэг нээгээд насан туршдаа тэр түвшинд гацах ч аюултай.
Үүнийг голын ёроолын лаг шаврыг цэвэрлэхтэй зүйрлэж болно. Дээд урсгалаас нь эхлэн доош нь дарааллаар цэвэрлэх ёстой. Харин голоос нь эхлээд хоёр тийш цэвэрлэвэл гол цэвэршихгүйгээр барахгүй, улам бөглөрч, цааш ахих аргагүй болж мэднэ.
Хийн цэг нээхэд ч адил. Өөрт тохирсон зөв дарааллыг олохгүй бол бусад цэг нь бүрмөсөн хаагдаж, үлдсэн амьдралдаа дахин нэг ч цэг нээж чадахгүйд хүрч болно.
Тиймээс 6-р данийн бясалгалын аргагүйгээр Жан Сюань цааш хүчээр бясалгахыг зүрхэлсэнгүй.
Гэхдээ тэр яарсангүй. Нэг шөнийн дотор хоёр том шат давна гэдэг өөрөө урьд сонсогдоогүй хэрэг. Одоогийн үр дүндээ тэр хангалттай сэтгэл хангалуун байлаа.
— Зайлшгүй шаардлага гарахгүй бол бясалгалын түвшнээ харуулахгүй байсан нь дээр!
Өөр ертөнцөөс ирсэн хүний хувьд тэр олон ном уншиж, кино жүжиг ч их үзсэн. Хэт үнэт зүйл эзэндээ гай дагуулдаг гэдгийг мэднэ.
Өчигдөрхөн академийн хамгийн муу багш байсан хүн ганц шөнийн дотор Тулаанчийн 5-р данийн оргилын хүчтэй болчихвол мэдээ тармагц хүмүүс бөөнөөрөө хүрээд ирэх нь гарцаагүй.
Тиймээс Хүч Тогтоох шатны оргилд хүрснээ хэнд ч хэлэхгүй байсан нь хамгийн зөв. Мэдэх хүн цөөн байх тусам аюул багатай.
— Одоо хэдий хэмжээний хүчтэй болсноо үзье!
Ингэж шийдээд Жан Сюань Хүч Хэмжих Чулуун Багана руу алхав.
Бусад хүн Хүч Тогтоох шатны эхэн үед нэг дин хүчтэй байдаг бол тэр таван дин хүрсэн. Харин одоо оргил үед хүрсэн учраас хүч нь хэд болсон бол?
Пүн!
Чулуун баганаар гэрэл гүйж, дээр нь тоо тодров.
8 дин!
— Найман дин хүч гэж үү? Энэ чинь дөрвөн хийн цэг нээсэн Хийн Цэг Нээх шатны бясалгагчтай бараг адилхан байна шүү дээ!
Жан Сюаний нүд гэрэлтэв.
Жирийн Хүч Тогтоох шатны оргилын бясалгагч дөрвөн дин хүчтэй. Үүнээс хойш хийн цэг нээх бүрд хүч нь нэг дингээр нэмэгдэнэ.
Хүч Тогтоох шатны оргилд байгаа атлаа Жан Сюань найман дин хүчтэй болжээ. Өөрөөр хэлбэл дөрвөн хийн цэг нээсэн хүчтэнтэй нэг түвшний хүч гаргаж чадна.
— Тэнгэрийн Замын Дээд Бясалгалын Арга үнэхээр айхтар юм!
Жан Сюань сэтгэл тун хангалуун байлаа. Нэлээд удаан бясалгасан тул одоо юм олж идээд унтахаар бодож байтал чих нь үл ялиг хөдөллөө.
— Ийм орой хэн энд ирдэг байна аа?
Жан Сюань хөмсгөө зангидав.
Бясалгал ахиснаар сонсгол, хараа нь эрс сайжирчээ. Өөрөөс нь холгүйхэн нэг хүн нуугдаж, байр руу нь ширтэж байгааг тэр тодорхой мэдэрлээ.
— Миний өрөөг ажиглаж байгаа бололтой. Намайг энд байгааг хараахан анзаагүй байна!
Жан Сюань одоо өрөөндөө биш, байрнаасаа зайтай Хүч Хэмжих Чулуун Баганын ард байлаа. Хүчээ хэмжсэний дараа амьсгалаа дарж байсан тул нөгөө хүн түүнийг анзаарсангүй.
— Хэн надтай оролдох гээд байгааг харъя!
Бясалгалаа дуусгаад удаагүй байхад хэн нэгэн ирж асуудал тарина гэж бодоогүй тул Жан Сюань гайхав.
Өмнөх Жан Сюаний дурсамжийг ухаж үзэхэд амжилт бүтээл муутай байсан ч шөнө дөлөөр хүн нууцаар ирж хорлох хэмжээнд хүрсэн тохиолдол нэг ч байсангүй.
— Хэн ч байсан намайг таньж болохгүй!
Шууд очиж уулзах гэж байснаа Жан Сюань гэнэт нэг зүйл саналаа.
Академийн хүн бүр түүнийг Тулаанчийн 3-р дань — Жинхэнэ Хийн шатны бүтэлгүй багш гэж мэднэ. Харин одоо 5-р данийн оргилын хүчээ ил гаргачихвал нөгөө хүн айсандаа балмагдах биз.
Хамгийн гол нь энэ мэдээ тарвал түүнийг сонирхон шалгах хүн заавал гарч ирнэ.
Тиймээс нөгөө хүн хэн байхаас үл хамааран өөрийгөө таниулж болохгүй.
Өмнөх амьдралдаа үзсэн олон кино нь гэнэт санаанд орж, Жан Сюань ханцуйнаасаа даавуу таслан нүүрээ халхлав.
Шурр!
Бэлтгэлээ базаагаад шөнийн харанхуйг ашиглан чимээгүйхэн нөгөө хүн рүү дөхөв.
Жан Сюань дөнгөж шат ахисан, хөлийн тусгай техник огт сураагүй. Гэсэн ч Тэнгэрийн Замын Дээд Бясалгалын Арга биеэ гайхалтай нарийн удирдах чадвар өгсөн дээрээс энэ орчныг сайн мэднэ. Тиймээс нөгөө хүний ард арван метр хүрэхгүй зайд очсон ч анзаарагдсангүй.
Ойртож очоод харвал өнөөх хүн бүхэлдээ хар хувцастай, нүүрээ ч халхалжээ. Хэн болохыг нь таних аргагүй.
— Өөрийгөө л буруутга. Манай залуу авхайд гар хүрэх зориг чамд байсан юм чинь...
Жан Сюань том модны араар нуугдан хар хувцастныг ажиглаж байтал өнөөх хүн амандаа аяархан бувтнах нь сонсогдов.
“Энэ дууг хаа нэгтээ сонсож байсан юм байна...”
Жан Сюань хөмсгөө зангидав.
Энэ хүний дууг өмнө нь гарцаагүй сонсож байжээ. Гэхдээ яг хэзээ, хаана гэдгийг нь санаж чадсангүй.
Өмнөх Жан Сюаний дурсамжинд байсан дуу юу, эсвэл өөрөө энэ ертөнцөд ирснээс хойш сонссон уу гэдгийг эргэн санахыг хичээж байтал хар хувцастны дүрс гялсхийн, байр руу нь чимээгүй дөхөв. Тэр зуур бугуйгаа эргүүлэхэд хүйтэн гэрэл гялсхийж, алган дээр нь хурц чинжаал гарч ирлээ.