Номын сан дотор хэсэг ажигласны эцэст Жан Сюань энд байгаа бүх ном усанд туссан сарны дүрс шиг бодит бус болохыг ойлгов. Тавиур дээрээс нь авч унших ямар ч боломжгүй байлаа.
Удалгүй сонирхол нь буурч, ухамсар нь оюун санааны ертөнцөөсөө гарч бодит байдалдаа эргэн ирэв.
— Өдрийн хоолны цаг болчихож. Хоолоо идчихээд үдээс хойш дахиад хоёр шавь яаж ийгээд олъё доо.
Цонхоор харвал хэдийн үд дунд болсон байлаа.
Өглөөнөөс хойш нийт арван найман сурагч түүний ангийн үүдээр өнгөрсөн ч ганцхан хүнийг л шавиа болгож чаджээ.
Ийм амжилттайгаар явбал арай л бүтэхгүй.
Үдээс хойш ингэж болохгүй!
Яаж ч бодсон тэр өөр ертөнцөөс ирсэн хүн. Мэдээллийн эринд амьдарч байсан хүн байж ийм эртний ертөнцийн хэдэн хүүхдийг ч аргалж чадахгүй бол хаанаасаа ирснээ бардам хэлэх нүүр түүнд үлдэх үү?
Жан Сюань биеэ сунган өндийгөөд лекцийн танхимаас гарч, хоолны газар руу алхлаа.
Хунтянь академийн хоолны газар өмнөх амьдралынх нь томоохон сургуулиудынхтай адил нүсэр байв. Арван мянга гаруй сурагч нэгэн зэрэг хооллосон ч багтахаар зайтай.
Ямартай ч нэг шавьтай болж чадсан тул Жан Сюаний сэтгэл санаа сайхан байлаа. Ердийнхөөсөө хэдэн хачир илүү захиалаад булангийн нэг ширээнд сууж, хоолоо тухтайхан идэж эхлэв.
— Өө, энэ чинь Жан багш биш үү?
Түүнийг амтархан хооллож байтал хажуугаас нэгэн дуу сонсогдов.
Жан Сюань толгой өргөн харвал нэг залуу инээмсэглэн ширтэж байлаа.
Гэхдээ нүүрэнд нь өчүүхэн ч чин сэтгэлийн дулаан байсангүй. Яаж ч харсан хуурамч инээмсэглэл.
— Цао багш уу?
Жан Сюань түүнийг танилаа.
Цао багшийн бүтэн нэрийг Цао Сюн гэдэг.
Тэр Жан Сюаньтай нэгэн зэрэг академид багшаар орсон бөгөөд өөрийгөө бусадтай харьцуулж, түүгээрээ өөрийнхөө мундагийг мэдрэх тун дуртай хүн байв.
Энэ биеийн өмнөх эзэн бусдын доромжлолыг хүндээр хүлээж авдаг хүн байсан болохоор эцэстээ архинд орж амиа алдсан.
Түүнд ийм дарамт учруулсан хүмүүсийн нэг нь энэ Цао Сюн байсан гэдэгт эргэлзэх зүйлгүй.
— Өнөөдөр шинэ сурагчид академид ирж, багшаа сонгож байгаа өдөр шүү дээ. Тэгээд шавь элсүүлэх ажил чинь хэр явж байна? Энд тайван сууж хооллож байгааг чинь бодоход муугүй байгаа бололтой!
Цао Сюний нүүрэнд өөрийгөө дээгүүр тавьсан шинж тодров.
Тэр ардаа байгаа хүмүүс рүү заагаад,
— Хар даа. Эд нар бол миний өнөөдөр шинээр элсүүлсэн шавь нар. Нийт арван хоёр! Одоо хоолонд оруулчихаад дараа нь байрлах өрөөнд нь хүргэж өгөх гэж байна!
гэж ил цагаан гайхуулав.
Яах аргагүй л гайхуулах гэж иржээ.
Уг нь Цао Сюн, Жан Сюань хоёрын хооронд ямар нэг өш хонзон байсангүй.
Гэвч хоёулаа нэгэн зэрэг академид орсон болохоор хүмүүс тэднийг хооронд нь харьцуулах нь гарцаагүй байв. Тиймээс Цао Сюн Жан Сюанийг өөрөөсөө дор байгааг харуулж, өөрийнхөө мундагийг мэдрэх дуртай болжээ.
Түүний араас бөөн залуус дагаж явна.
Шинээр ирсэн болохоор эргэн тойрныхоо бүхнийг сониучирхан харж, нүүр бүр нь цовоо сэргэлэн харагдана.
— За, хүүхдүүд ээ. Та бүхэнд нэг хүн танилцуулъя!
Цао Сюн сурагчид руугаа эргэн,
— Энэ бол Жан багш. Манай академийн жинхэнэ алдартан шүү! Академи байгуулагдсан цагаас хойш Багшийн мэргэшлийн шалгалтад тэг оноо авсан анхны багш! Түүх бүтээсэн хүн байгаа юм!
гэж танилцуулав.
— Багшийн мэргэшлийн шалгалтад тэг оноо гэж үү?
— Аан! Би академид ирэх замдаа сонссон! Түүний заасан нэг сурагчийн бясалгал хяналтаас гарч, бараг тахир дутуу болсон гэсэн!
— Би ч бас сонссон. Наашаа ирэхээс өмнө хэд хэдэн хүн намайг энэ багшийг сонгож болохгүй гэж захисан. Шавь нь болбол бясалгал ахихгүйгээр барахгүй, амиа хорлосноос ялгаагүй гэж байсан!
— Нөгөө хүн нь энэ байсан юм уу? Гаднаас нь харахад ийм гэмгүй царайтай хүн юм...
Цао Сюний танилцуулгыг сонссон сурагчдын дунд тэр дороо шуугиан дэгдэв.
Багшийн мэргэшлийн шалгалт олон төрлийн шалгуураас бүрддэг бөгөөд тэдгээрийн нийлбэр үнэлгээгээр эцсийн оноо гардаг.
Үүнд шавь нарын шалгалтын үр дүн ч багтана.
Ер нь багш хүн ганц хоёр ч гэсэн шавьтай л бол ямар нэг оноо авах учиртай.
Харин бүр тэг оноо авна гэдэг...
Үнэхээр түүх бүтээсэнтэй ялгаагүй хэрэг байв.
— Танилцуулж дууссан уу?
Эргэн тойрныхон шуугилдсан ч Жан Сюань огт уурласангүй.
Ямартай ч тэг оноо авсан хүн нь өмнөх Жан Сюань.
Одоогийн түүнд ямар хамаатай юм?
Гэхдээ уурлаагүй ч бусдыг доош нь хийж байж өөрийгөө өргөх гэсэн Цао Сюний энэ зан үнэхээр залхмаар санагдав.
Тиймээс Жан Сюань гараа хайхрамжгүй дохин,
— Танилцуулж дууссан бол зайлж үз. Хоол идэж байхад битгий саад болоод бай!
гэв.
Цао Сюн түүхийг нь олны өмнө дэлгэж байхад ичих нь бүү хэл өөрийг нь зайл гэж хэлнэ гэж төсөөлөөгүй байлаа.
Царай нь тэр дороо барайв.
Тэр ханцуйгаа огцом савчаад багш хүний сүрийг үзүүлэн,
— Багшийн мэргэшлийн шалгалтад тэг оноо авч академийн түүхэн дээд амжилтыг эвдчихээд чи ичдэггүй юм уу?
гэж асуулаа.
— Ичих ээ? Би яагаад ичих ёстой гэж?
Жан Сюань гайхсан янзтай харснаа,
— Чи өөрөө сая хэлээ биз дээ. Би академийн дээд амжилтыг эвдэж, алдартай хүн болсон. Шинээр элсэж байгаа сурагчид хүртэл намайг хэн гэдгийг мэддэг!
Тэгээд Цао Сюний ард зогсож буй шавь нарыг нь заав.
— Харин чи яасан? Шалгалтаар хэдэн оноо авсан юм? Эд нар мэдэх үү? Академид ирэхээсээ өмнө чамайг хэн гэдгийг мэддэг байсан уу? Өөрөө араас нь гүйж, хоолонд хүртэл оруулаагүй бол эд нар чамайг багшаа болгох байсан гэж бодож байна уу? Багш болчихоод хэнд ч танигдаагүй явж байж миний өмнө гайхуулах санаатай. Юугаараа ингэтлээ бахархаад байгаа юм?
— Га...?
Хэрэв өөр хүн Багшийн мэргэшлийн шалгалтад тэг авсан бол ичсэндээ гадагшаа гарахдаа ч толгой өндийлгөж чадахгүй явах байсан биз.
Гэтэл энэ нөхөр эсрэгээрээ!
Тэг оноо авснаараа нэр алдартай болсон гэж баярлаад, толгойгоо улам өндөр өргөнө.
Тэгээд бүр тэг аваагүй Цао Сюнийг голж байна!
Цао Сюний уур дэлбэрэхэд бэлэн болов.
Яаж ингэж ичих нүүргүй байж чаддаг байна аа?
Хамгийн гол нь...
ийм үр дүнгээр яаж ийм бахархалтай ярьж чаддаг байна?
Ард нь зогсож байсан шавь нар ч бие бие рүүгээ харцгаан, яахаа мэдэхгүй болов.
Нэр нүүр гэж байдаггүй юм уу?
Энэ багш...
арай дэндүү ичих нүүргүй юм биш үү?
Ичих?
Ичих нүүргүй?
Ямар инээдтэй юм бэ!
Жан Сюаний амьдарч байсан эринд зарим хүмүүс нэрд гарахын тулд санаанд оромгүй ичгүүртэй зүйл хүртэл хийдэг байлаа.
Нүцгэн зураг, зохиомол сенсаац, худал мэдээ...
Алдартай болж л байвал юунаас ч ичихгүй хүмүүс дүүрэн.
Тэдний хажууд Багшийн мэргэшлийн шалгалтад тэг авсан нь юу ч биш!
Цао Сюний нүүр улайв.
— Багш хүний гол ажил бол шавьдаа эрдэм заах! Өнөөдөр би чамтай энэ талаар хэрэлдэхгүй. Эхлээд чи өөрөө шавьтай болчих. Тэгээд дараа нь шавь нараа хооронд нь өрсөлдүүлж, хэнийх нь илүү чадвартайг харъя!
Ингэж хэлээд тэр эргэн явах гэтэл араас нь эрэгтэй, эмэгтэй хоёр хүний яриа сонсогдов.
— Тэр багш чинь үнэндээ муугүй хүн юм аа. Зан ааш нь ч дажгүй...
Нэг охины эргэлзсэн дуу сонсогдов.
— Хоёрдугаар авхай минь, миний үгийг сонсооч дээ! Гэрээс гарахын өмнө залуу эзэн таныг заавал Лу Сюнь багш дээр аваач гэж надад захисан. Гэтэл та миний үгийг сонсохгүйгээр барахгүй бүр надаас зугтаачихсан. Тэр ч яах вэ гэхэд, өчнөөн багш байхад заавал түүнийг сонгохдоо яах вэ дээ...
Өвгөн хүний хоолойноос аргаа барсан өнгө тод сонсогдоно.
— Тэр багш... таны хэлж байгаа шиг тийм муу хүн биш ээ. Тэр... тэр надад сайн хандсан. Бас намайг зааж чиглүүлнэ гэж амласан. Хэрэв сайн бэлтгэл хийвэл... шинэ сурагчдын дундаас тэргүүн болж чадна гэж хэлсэн...
Охины дуунаас эргэлзээ нь арилаагүй хэвээр.
— Бас тэргүүн болно гэж бодоод байгаа юм уу? Тэр хүний шавь болбол бясалгал чинь хяналтаас гарахгүй үлдвэл их юм! Хоёрдугаар авхай, та тэр хүнийг хэн гэдгийг ер нь мэдэж байгаа юм уу? Бүх академийн хамгийн алдартай бүтэлгүй багш! Сүүлийн Багшийн мэргэшлийн шалгалтаар тэг оноо авсан хүн шүү дээ! Авхай минь, гуйя, багшаасаа хурдхан гар. Залуу эзэн энэ тухай мэдчихвэл намайг амьд үлдээхгүй шүү...
Өвгөний хоолой бараг гуйсан янзтай болжээ.
— Ах аа...
Ахыг нь дурсмагц охин жаахан айж, царай нь хувиран эргэлзэж эхлэв.
Энэ яриаг сонссон Цао Сюний нүд гялсхийлээ.
Тэр хоолоо идэж суугаа Жан Сюань руу инээмсэглэн хараад,
— Жан багш аа, энэ охин сая чиний элсүүлсэн шавь юм биш үү? Ха ха! Чиний ажил нэг их бүтэмжтэй биш бололтой. Шавь чинь чамаас гарах санаатай байна шүү дээ!
гэв.
Багш хүн шавиа сонгож болдогтой адил шавь ч багшаа сонгох эрхтэй.
Хэрэв сурагч сонгосон багш нь өөрт нь тохирохгүй гэж үзвэл түүнээс авсан таних тэмдгийг буцааж өгөөд шавийн харилцаагаа цуцалж болно.
Цао Сюн зориуд чанга хэлсэн болохоор эргэн тойрны олон хүний анхаарал нааш чиглэв.
Ярьж байсан авхай, зарц хоёр ч тэдний зүг харлаа.
— Хоёрдугаар авхай, таны сая багшаа болгосон хүн энэ мөн үү?
Өвгөний харц Жан Сюань дээр тогтов.
— Мөн!
Охин толгой дохилоо.
Өвгөн тэр дороо босож, Жан Сюаний зүг алхав.
— Жан багш аа, манай гэрийн хоёрдугаар авхай таны шавь байхаа болихоор шийдсэн!
— Лю өвөө...
Өвгөн ийм хурдан хөдөлнө гэж охин бодоогүй бололтой. Нүүр нь улайж, араас нь яаран хүрч ирэв.
Тэгээд Жан Сюань руу гэмшсэн харцаар харан,
— Багш аа, би...
гэлээ.
Тэр бол Жан Сюаний саяхан элсүүлсэн анхны шавь...
Ван Ин байв.
— Ван Ин, чи мэдэж байгаа. Би ер нь хэнийг ч хамаагүй шавиа болгодог хүн биш. Бид хоёрын зам тохиосон учраас л чамайг онцгойлон хүлээж авсан юм. Ийм сайхан боломжийг яагаад өөрийн гараар хаях гээд байгаа юм бэ? Хэчнээн олон хүн миний шавь болохыг хүсдэг ч би өөрөө хүлээж авдаггүйг чи мэдэх үү?
Арай гэж аргалж байгаад өөрийн болгосон ганц шавиа Жан Сюань яаж зүгээр явуулах билээ?
Тиймээс тэр нас өндөр, туршлага арвин их багш шиг өнгөөр ярив.
— Юу гэнэ ээ...?
Түүний өнгөрснийг мэддэг ойр орчмын хүмүүс энэ үгийг сонсоод нүд нь харанхуйлж, бараг ухаан алдах шахав.
Ах минь, ядаж жаахан ч гэсэн ичих нүүртэй байж болохгүй юу?
“Би ер нь шавь авдаггүй” гэнэ үү?
“Бидний зам тохиосон” гэнэ үү?
“Олон хүн миний шавь болохыг хүссэн ч би татгалздаг” ч гэх шиг...
Чи өөрөө ганц ч шавь олж чаддаггүй биз дээ!
— Би... тэгэх гэсэн юм биш...
Жан Сюань ингэж тулгаж асуухад Ван Ин сандран гараа савчив.
Гэвч үгээ дуусгаж амжаагүй байтал хажуугаас нь тасаллаа.
— Тийм ээ!
Хоёрдугаар авхай нь шийдэж чадахгүй байгааг харсан Лю өвөө урагш нэг алхав.
— Жан багш аа, манай хоёрдугаар авхай таны ангиас гарахаар шийдсэн. Өөрөө шууд хэлэхэд нь хэцүү байгаа болохоор шавийн харилцааг цуцлах ажлыг та зохицуулж өгнө үү!
— Гарах аа?
Жан Сюаний зовхи татвалзав.
— Сайн бодсон юм байгаа биз дээ? Нэгэнт багшаасаа гарсан нэр зүүчихвэл дараа нь өөр багш чамайг шавиа болгохоос татгалзана. Ганц зөрүүд зангаасаа болоод авхайнхаа ирээдүйг сүйтгэх гээ юу? Тэгвэл хариуцлагыг нь чи өөрөө үүрч чадах юм уу?
— Энэ...
Лю өвөө тэр дороо гацав.
Сурагч багшаасаа гарах эрхтэй нь үнэн.
Гэхдээ ингэж гарах нь тухайн багшийг доромжилсонтой адил зүйл.
Өнөөдөр нэг багшийгаа хаяж чадсан хүн маргааш өөр нэгнийг ч хаяж чадна гэсэн үг.
Ийм “муу түүхтэй” сурагчийг ерөнхийдөө өөр багш нар ч авахыг хүсдэггүй.
Эцсийн эцэст багшийн нэр хүндийг ингэж унагасан шавийг хэн дуртайяа авах билээ?
Түүнээс гадна ийм сурагчийг өөрийн шавь болговол өмнөх багшийнх нь нүүрэн дээр ил цагаан алгадсантай ялгаагүй.
Бүгд нэг академийн багш нар.
Ганц сурагчаас болж хамт ажилладаг хүнээ дайсагнуулах нь тийм ч ухаалаг сонголт биш.
Харин академид суралцаж байгаа хүүхэд багшгүй үлдвэл ирээдүй нь бараг сүйрсэнтэй адил.
Саяхан хүртэл шийдэмгий байсан Лю өвөө үүнийг сонсоод яахаа мэдэхээ болив.
Яаж ч бодсон тэр зүгээр л зарц.
Өөрийнх нь шийдвэрээс болж хоёрдугаар авхайн ирээдүй балрах юм бол тэр ийм хариуцлага хүлээж чадахгүй.
— Санаа зоволтгүй. Танай хоёрдугаар авхай авьяас сайтай хүүхэд. Би сайн зааж сургана. Ирээдүйд гарцаагүй сайн амжилт...
Лю өвөө эргэлзэж эхэлснийг хараад Жан Сюань түүнийг ч бас ятгаж эхлэв.
Тоглож байгаа биш шүү!
Арай гэж гартаа оруулсан ганц шавиа нүдэн дээрээсээ алдчихна гэж юу байх вэ!
— Наад яриагаа зогсоо! Багшаасаа гарсан хүүхдийг өөр хэн ч авахгүй гэж хэн хэлээ вэ?
Жан Сюань үгээ дуусгаж амжаагүй байтал Цао Сюн сүртэйхэн урагш алхлаа.
Хоёр гараа дэлгээд,
— Охин минь, чи энэ багшаасаа гарчихвал би чамайг тэр даруй шавиа болгон авъя!
гэв.
Саяхан Жан Сюаний өмнө нүүрээ барсан Цао Сюнд хариугаа авах ийм сайхан боломж өөрөө хүрээд ирчихээд байхад зүгээр өнгөрөөх ямар хэрэг байх вэ?
— Цао Сюн, чи юу хийх гээд байгаа юм бэ?
Жан Сюаний царай барайв.
— Би юу хийх гээд байна гэнэ ээ? Ийм ирээдүйтэй хүүхдийг чиний гарт дэмий үрэгдэхийг хараад суух хайран байна! Хэрэв тэр чиний шавь байхаа боливол би шууд шавиа болгон авна!
Цао Сюн инээмсэглэн улам бардам болов.
— Эцсийн эцэст хүүхдүүд академид эрдэм сурахаар ирдэг. Тэгэхээр өөрсдийг нь хамгийн сайн зааж чадах багшийг сонгох нь мэдээжийн хэрэг биз дээ? Багшийн мэргэшлийн шалгалтад тэг оноо авсан хүнийг сонгох албагүй!
— Миний шавийг олны өмнө булаах гээд байдаг... Би энэ асуудлыг Боловсролын төв хороонд мэдэгдэхгүй гэж бодоо юу?
Энэ бол жирийн хэдэн үгийн маргаан биш.
Олны нүдэн дээр өөр багшийн шавийг булаах гэж байна!
Академи багш, сурагч хоёр харилцан сонголт хийхийг дэмждэг ч бусдын шавийг ингэж булаацалдахыг зөвшөөрдөггүй.
Ийм зүйл нэгэнт гарвал зөвхөн хоёр багшийн харилцаанд сэв суулгаад зогсохгүй академийн дотоод уур амьсгал, дэг журамд ч муугаар нөлөөлнө.
— Шавь булаах аа?
Цао Сюн инээв.
— Арай л сүртэй хэлж байна. Ихдээ л шударгаар өрсөлдөөд, хоёулаа өөр өөрийн давуу талаа тайлбарлая. Тэгээд эцсийн шийдвэрийг сурагч өөрөө гаргаг.
Тэр Жан Сюань руу эгц хараад,
— Чи зөвшөөрч зүрхлэх үү?
гэв.