Тэнгэрийн нууц номын сан

3-р анги

3-р бүлэг — Тэнгэрийн замын өө сэв

Сонсох

— Багш нар шавьд заавар өгөх чадвараараа газар дээр нь өрсөлдөнө гэж үү?

Жан Сюаний царай барайв.

Хэдийгээр тэр өмнөх Жан Сюаний дурсамжийг өвлөж авсан ч толгой доторх тэр их мэдээллийг одоохондоо бүрэн цэгцэлж амжаагүй байлаа.

Ихдээ л бясалгалын янз бүрийн шат түвшнийг ялгаж ойлгоно.

Харин хүний бясалгалын алдаа дутагдлыг олж, засаж заана гэвэл...

Өмнөх Жан Сюань өөрөө ч ийм зүйл дээр олигтой биш, ихэнхдээ таамгаар ярьдаг байсан. Тэгэхээр одоогийн Жан Сюаний тухай бүр ярих ч хэрэггүй!

Бусдад зааж чиглүүлэх чадвараараа тэр Цао багшаас гарцаагүй дор.

Үнэхээр өрсөлдвөл...

ялагдах нь тодорхой!

— Яав? Өрсөлдөхөөс айчихав уу?

Цао Сюн инээмсэглэв.

— Сурагч өөртөө илүү тохирох багшийг сонгоход нь туслахын тулд багш нар хоорондоо өрсөлдөж болно гэж академийн дүрэмд тодорхой бичсэн байдаг. Үүнийг шавь булаасан гэж тооцохгүй!

Ингэж хэлээд тэр ханцуйгаа сэгсрэн, эрдэм номтой эрхэм багшийн дүр гаргав.

— Тэгээд шавьд яг юугаар нь заавар өгөх юм?

Өнөөдрийн асуудлыг энд нь шийдэхгүй бол арай гэж элсүүлсэн ганц шавь нь гараад явчихыг Жан Сюань мэдэж байлаа.

Тиймээс шүдээ зуун асуув.

Багш хүн шавиа олон талаар зааж чиглүүлж болно.

Бясалгал, тулааны урлаг, бэлтгэлийн үеэр гаргадаг алдаа...

Багш бүрийн мэдлэг, чадвар өөр учраас сайн эзэмшсэн чиглэл нь ч харилцан адилгүй.

— Ингэвэл ямар вэ?

Цао Сюн хэсэг бодсоноо,

— Эд нар бүгд бидний сайн мэдэхгүй шинэ сурагчид. Тэгэхээр эхлээд нэг цуврал нударгын техник хийлгэе. Дараа нь хөдөлгөөнийх нь алдаа дутагдлыг олж, заавар өгнө. Тэгээд газар дээр нь дахин шалгаж, хэний заасан сурагч илүү их ахиц гаргаснаар ялагчийг шийдье. Ямар байна?

гэв.

Өөр багшийг ингэж шууд сорих байсан бол Цао Сюн өөртөө тийм ч итгэлтэй байхгүй байлаа.

Харин түүний өрсөлдөгч хэн билээ?

Бүх багшийн хамгийн сүүлд жагсдаг, Багшийн мэргэшлийн шалгалтад тэг оноо авсан хүн!

Тиймээс Цао Сюн өөртөө тун итгэлтэй байв.

Жан Сюань эргэлзлээ.

— Арай... зөвшөөрч зүрхлэхгүй байгаа юм биш биз?

Цао Сюн түүнийг улам шахав.

— Саяхан л хэчнээн олон хүн чиний шавь болохыг хүссэн ч өөрөө татгалзсан гэж их бардам ярьж байсан биз дээ? Үнэхээр чадвартай юм бол хоёулаа өрсөлдөөд үзье! Энэ охины ирээдүйд битгий гай болоод бай!

— Тэгвэл... за!

Жан Сюань эцэст нь толгой дохилоо.

Яалаа ч үүнээс дордох вэ дээ!

Хамгийн муугаар бодоход л ялагдана.

Харин одоо өрсөлдөхөөс татгалзвал саяхан элсүүлсэн ганц шавь нь бараг гарцаагүй түүнээс явна.

Түүнд ухрах зам байсангүй.

Тэгээд ч дараа нь үнэхээр юу ч олж харж чадахгүй бол...

тэр дор нь хэдэн үг зохиогоод хэлчихэж болно.

Ямартай ч ичих нүүр зузаан юм чинь.

Жаахан шившиг боллоо гээд яав л гэж...

— Цао багш, Жан багш хоёр өрсөлдөх гэж байна!

— Доогуур эрэмбэтэй энэ хоёр багшийн хэн нь ялах бол?

— Нөгөө тэг оноо авсан нь энэ хүн юм уу?

— Багшийн мэргэшлийн шалгалтад тэг авсан хүн бусадтай өрсөлдөх гэж байгаа юм уу? Үнэн гэж үү? Өөрийгөө олны өмнө шившиг болгох гээд байгаа юм биш үү?

...

Жан Сюань сорилтыг хүлээн авмагц хоолоо идэж байсан олон сурагч сонирхон хүрээлж эхлэв.

Өнөөдөр шинэ сурагчдын бүртгэлийн өдөр.

Энд ирсэн олон хүн Багшийн мэргэшлийн шалгалтаас тэг оноо авсан нэг багшийн тухай аль хэдийн сонссон ч өөрийг нь хараахан харж байгаагүй.

Тиймээс энэ өрсөлдөөн яаж дуусахыг бүгд сонирхож байлаа.

— Дүрмийн дагуу чи миний шавьд заана. Харин би чиний шавьд заавар өгнө!

Олон хүн тойрон цуглах тусам Цао Сюний өөрийгөө харуулах хүсэл улам оргилов.

Тэр гараа дэлгэн инээмсэглэв.

Шударга байдлыг хангахын тулд багш нарын ийм өрсөлдөөнд өөрийн шавьд өөрөө заавар өгөхийг зөвшөөрдөггүй.

Үгүй бол урьдчилан тохиролцсон байж магадгүй гэсэн хардлага төрнө.

Тиймээс ерөнхийдөө хоёр багш шавиа солилцож, нөгөө талынхаа шавийг зааж чиглүүлдэг байлаа.

— Охин минь, хүрээд ир. Нударгын техникээ нэг үзүүл дээ. Дараа нь хамаг хүчээрээ тэр чулуун баганыг цохиорой!

Өрсөлдөөний арга, дүрмийг тохиролцсоны дараа Цао Сюн хорвоогийн явдлыг нэвт харсан их багш мэт дүр гарган, будилсан янзтай зогсох Ван Ин рүү харав.

— Би...

Ван Иний царай улайв.

Тэр Жан Сюань руу болгоомжтойхон харлаа.

Багш нь уурлаагүй байгааг мэдээд сая нэг урагш алхав.

Хоёр гараа салган байрлал авахад саяхны эргэлзсэн, ичимхий төрх нь алга болж, бүх биеэс нь тайван атлаа төвлөрсөн байдал мэдрэгдлээ.

Хүү! Хүү! Хүү!

Нударга нь агаарыг зүсэн өнгөрөх бүрд салхи исгэрнэ.

Цохилт бүр нь хүч дүүрэн!

Өөрийн нүдээр хараагүй хүн энэ хүчтэй нударгын техникийг саяхны ичимхий, будилуухан охин хийж байна гэдэгт итгэхэд бэрх байв.

Байрлал нь тогтвортой.

Хөдөлгөөн нь хүчтэй.

Ганц харахад л маш сайн суурьтай гэдэг нь мэдэгдэнэ.

Төд удалгүй Ван Ин нударгын техникээ дуусгав.

Харин түүний хөдөлгөөнийг эхнээс нь дуустал ажигласан Жан Сюаний сэтгэл хүйт даав.

Өмнөх амьдралын эзний дурсамжийг нэмээд ч...

тэр ганц ч алдаа олж харсангүй!

“Аргагүй дээ. Багшийн мэргэшлийн шалгалтад тэг авсан нь учиртай л юм байна. Ийм зүйлийг олж харах нүд үнэхээр муу байж...”

Жан Сюань дотроо гаслав.

— Мм, муугүй. Одоо хамаг хүчээ гаргаад чулуун баганыг цохиод үз!

Ван Инийг үнэхээр ирээдүйтэй хүүхэд болохыг харсан Цао Сюн сэтгэл хангалуун толгой дохив.

Тэднээс холгүйхэн нэгэн чулуун багана байлаа.

Энэ баганаар сурагчдын хүчийг хэмждэг бөгөөд ингэснээр сурагч өөрийн одоогийн чадлыг тодорхой мэдэж авдаг ажээ.

Ван Ин ичингүйрэн багана руу алхав.

Сая нударгын техник хийхдээ хуримтлуулсан хүчээ нэгэн дор төвлөрүүлж, харвасан од мэт огцом цохилт хийлээ.

Пүн!

Чулуун багана үл ялиг донсолж, гадаргуу дээр нь тоо тодров.

53!

— Тавин гурван килограмм. Нударгын хүч чинь муугүй юм!

Цао Сюн сайшаан толгой дохив.

Академид дөнгөж элсэж байгаа, багшаар хараахан заалгаж эхлээгүй шинэ сурагч гэхэд ийм хүч гаргана гэдэг сайн үзүүлэлт.

Тэр тусмаа Ван Ин охин хүүхэд.

— Сая чиний нударгын техникийг харахад хөдөлгөөн чинь маш эрчтэй, хүчтэй байлаа. Гэхдээ нэг сул тал байна.

Цао Сюн хэсэг завсарлаад үргэлжлүүлэв.

— Цохилтын чинь далайц арай богино байна. Хэрэв доод биеийн эргэлтийн хурдыг нэмэгдүүлж чадвал цохилтын хүч мэдэгдэхүйц өснө. Миний таамаг зөв бол... хөл чинь гэмтэлтэй байгаа, тийм үү?

— Тийм ээ!

Ван Ин толгой дохив.

Жан Сюаньтай харьцуулахад Цао Сюн үнэхээр багш хүний ажигч нүдтэй байлаа.

Ганцхан удаа хараад Ван Иний нударгын хүчний гол түлхүүр хөлөнд байгааг олж харснаар барахгүй, түүнээс нь хөл гэмтэлтэй болохыг хүртэл тааж чаджээ.

— Хөл чинь гэмтэлтэй болохоор доод биедээ хүч өгөхдөө өөрийн эрхгүй болгоомжилж байна. Би чамд нэг арга зааж өгье. Санаа зоволтгүй, энэ арга хөлний гэмтлийг чинь дордуулахгүй!

Үүний дараа Цао Сюн хүчээ өөрөөр хуваарилах нэгэн аргыг тайлбарлаж, гол зарчмыг нь нэгд нэгэнгүй зааж өгөв.

— Би нэг туршаад үзье!

Ван Ин энэ насандаа ийм хэмжээний хүчтэй болсон нь ойлгох чадвар муугүйг нь харуулна.

Удалгүй тэр Цао Сюний тайлбарласан аргыг бүрэн ойлгов.

Тэгээд дахин чулуун баганын өмнө очлоо.

Нударгаа атгахад хүч бүх биеэр нь түрэн орж, яг л сэрсэн хүчирхэг луу мэт сүр мэдрэгдэв.

Пүн!

Багана дээр шинэ тоо гарч ирлээ.

63!

Ердөө хэдхэн үг заасны дараа цохилтын хүч нь бүтэн арван килограммаар нэмэгдэв!

— Арван килограммаар нэмэгдлээ. Бараг хорин хувийн өсөлт гэсэн үг!

Цао Сюн өөрийн гаргасан үр дүнг хараад үл ялиг инээмсэглэв.

Нүдэнд нь ялалтын баяр тодорхой харагдана.

— Миний заавар дууслаа. Одоо чиний ээлж!

Ганцхан удаагийн заавраар сурагчийн хүчийг бараг хорин хувиар нэмэгдүүлнэ гэдэг үнэхээр муугүй үр дүн.

— Жан багш аа!

Цао Сюний араас нэгэн шинэ сурагч урагш гарч ирээд нударгын техникээ үзүүлэхээр бэлтгэлээ.

— Түр хүлээ!

Жан Сюань гараа өргөв.

— Яав? Жан багш хэлсэн үгнээсээ буцах гээд байгаа юм биш биз?

Цао Сюн ёжтой инээмсэглэв.

— Хэлсэн үгнээсээ буцна гэнэ ээ? Инээдтэй юм! Нэгэнт зөвшөөрсөн зүйлээсээ намайг буцна гэж бодоо юу?

Жан Сюань сүртэй хэлсэн боловч...

яг тэр мөчид дотроо сандарч байлаа.

Өөр ертөнцөөс ирсэн түүнд сурагч хэрхэн зааж чиглүүлэхийг хаанаас мэдэх билээ?

Харин интернэтээс хайрын кино татаж үзэх талаар заалгана гэвэл...

тэр ч мэргэжилтэн шүү!

— Би зүгээр л...

Эргэн тойрон дахь хүмүүс түүний хөдөлгөөн бүрийг ширтэж байлаа.

Жан Сюань ичсэн ч тэвчиж, энэ байдлаас мултрах шалтаг толгой дотроо яаран хайв.

— Энэ хүүхэд чинь чиний шавь биз дээ? Чиний үгийг сонсоно. Миний зааврыг авсныхаа дараа зориуд хамаг хүчээ гаргахгүй байвал яах юм? Тэгвэл би шууд ялагдах биш үү?

— Би заавал хамаг хүчээ гаргана!

Залуу Жан Сюань өөрт нь эргэлзэж байгааг хараад шүдээ зуув.

— Ядаж ийм зүйл дээр худал хэлэхээргүй нэр нүүр надад бий!

— За, чиний үгэнд итгэе.

Нөгөө сурагч ингэж хэлчихсэн болохоор цааш нь зууралдвал өөрөө л шоолуулахыг Жан Сюань ойлгов.

Тиймээс улам ичих нүүрээ гээж, өөр гарц хайлаа.

— Гэхдээ энэ өрсөлдөөн анхнаасаа шударга биш байна!

— Шударга биш ээ? Юу нь шударга биш гэж?

Цао Сюн хөмсгөө зангидлаа.

— Ван Ин бол миний шавь. Би яллаа гэхэд тэр миний шавь хэвээрээ үлдэнэ. Тэгээд би юу хожих юм?

Жан Сюань тайван үргэлжлүүлэв.

— Харин би ялагдвал тэр чиний шавь болно. Үүнийг яаж шударга өрсөлдөөн гэх юм? Амь насаараа мөрий тавьж байгаа хүнтэй адилхан байна шүү дээ. Би ялбал чи намайг амьд үлдээнэ. Харин ялагдвал би амиа өгнө. Ийм мөрийг шударга гэж хэлэх үү?

— Өө...

Цао Сюн хэсэгтээ хэлэх үггүй болов.

Ингэж тайлбарлаад бодоход...

үнэхээр шударга бус өрсөлдөөн ажээ.

Цао Сюн ялсан ч юу ч алдахгүй.

Харин Жан Сюань ялагдвал ганц шавиа түүнд өгөх хэрэгтэй болно.

Яаж ч харсан нэг талдаа ашигтай мөрий.

Цао Сюн хэсэг бодсоноо гараа дохив.

— Тэгвэл ингье! Хэрэв би ялагдвал энд байгаа Лю Ян чиний шавь болно!

Лю Ян гэдэг нь сая Жан Сюаниар заалгах гэж урагш гарч ирсэн шинэ сурагч байлаа.

— Багш аа...

Цао Сюн ийм шийдвэр гаргана гэж төсөөлөөгүй Лю Ян мэл гайхаж, нүүрэнд нь түгшүүр тодров.

Багшийн мэргэшлийн шалгалтаас тэг оноо авсан хүнийг багшаа болгоно гэнэ ээ?

Тэгэхийн оронд...

үхсэн нь дээр!

— Санаа зоволтгүй. Багш чинь ялагдахгүй!

Цао Сюн түүн рүү өөртөө итгэлтэй харлаа.

— За!

Лю Ян ч Цао багшдаа итгэдэг бололтой.

Тэр Жан Сюань харж байна уу, үгүй юу гэдгийг ч үл тоон урагш алхаж, нударгын техникээ шууд эхлүүлэв.

Хүү! Хүү! Хүү!

— Энэ...

Уг нь Жан Сюань дахиад хэдэн үг хэлж байгаад энэ залууг больчих болов уу гэж горьдсон юм.

Гэтэл Лю Ян түүнд ам нээх ч боломж өгөлгүй шууд нударгаа савчиж эхлэхэд Жан Сюаний сэтгэлээр нэг л хүйт даав.

Үнэнийг хэлэхэд...

тэр Лю Яны хийж байгаа нударгын техникийг нэрээр нь ч танихгүй!

Тэгээд алдааг нь яаж олох юм?

Бүр зааж чиглүүлнэ гэдэг ч яриад хэрэггүй.

“Алдаа... Энэ нударгын техникт ямар алдаа байна аа...?”

Жан Сюаний духан дээр хөлс бөмбөрч эхлэв.

Сэтгэл нь улам түгшинэ.

Хэрэв ямар ч алдаа олж чадахгүй, заавар өгч чадахгүй бол олны өмнө шившиг болох нь жижиг хэрэг.

Хамгийн хэцүү нь...

арай гэж элсүүлсэн ганц шавиа алдана.

Тэгээд академиас ч хөөгдөнө!

Бүүүм!

Жан Сюань яахаа мэдэхгүй сандарч байх яг тэр мөчид оюун санаан дахь Тэнгэрийн Нууц Номын Сан гэнэт хүчтэй доргив.

Аянга нүргэлэх мэт гүн дуу оюун санаанд нь цуурайтлаа.

Номын тавиуруудын дээгүүр дөрвөн сүрлэг үг тодрон гарч ирэв.

ТЭНГЭРИЙН ЗАМ ТӨГС БУС!

Эдгээр үгс уул нуруу мэт сүрлэг атлаа хязгааргүй эрх сүр агуулж байлаа.

Дөрвөн үг бүрэн тодрох тэр мөчид номын тавиур дээр гэнэт нэгэн ном бий болов.

Өмнө нь гар хүрэхэд нэвтэрчихдэг байсан бодит бус номуудаас ялгаатай нь энэ ном тавиураас сугаран гарч, Жан Сюаний өмнө унав.

“Энэ юу вэ?”

Жан Сюаний зүрх хүчтэй цохилов.

Тэр гартаа орж ирсэн номыг доош харав.

Хавтсан дээр ердөө хоёр үг бичээстэй байлаа.

ЛЮ ЯН

Жан Сюань номын эхний хуудсыг нээхэд шигүү бичсэн мөрүүд нүдэнд нь тусав.

“Лю Ян. Шяюнь хотын Лю овгоос гаралтай. Хунтянь академийн сурагч. Тулаанчийн 1-р дань — Жүси буюу Хий Хураах шат.”

“Бясалгалын арга: Бадамлянхуан Хийн Цэг Нэвтлэх Хүч.”

“Тулааны техник: Дүүлэн Нисэх Цэцгийн Нударга — анхан түвшин. Луугийн Инчийн Нударга — мэргэшсэн түвшин.”

“Өө сэв: Нийт арван хоёр.”

“Нэгдүгээрт: Хуурах хөдөлгөөн хийхдээ хэт их хүч зарцуулдаг...”

“Хоёрдугаарт...”

“Гуравдугаарт...”

“Дөрөвдүгээрт...”

...

“Арван хоёрдугаарт: Зүүн гар нь баруун гараасаа хавьгүй хүчтэй боловч түүний ашиглаж буй нударгын техник баруун гарт илүү тохиромжтой. Тиймээс тэр өөрийн жинхэнэ хүчийг бүрэн гаргаж чаддаггүй...”

— Энэ... энэ чинь...

Номон дээр шигүү бичигдсэн мэдээллийг хараад Жан Сюань өөрийгөө галзуурах гэж байгаа юм шиг мэдрэв.

Үнэн гэж үү?

Тэр дөнгөж сая Лю Яны алдааг яаж олох вэ гэж бодсон.

Гэтэл Тэнгэрийн Нууц Номын Сан тэр даруй Лю Яны бүх өө сэв, сул талыг жагсаасан ном гаргаад ирлээ!

Хэрэв энд бичсэн зүйлс үнэн бол...

өөр ертөнцөд ирснийх нь хариуд авсан энэ чадвар...

арай дэндүү хүчирхэг юм биш үү?!

Хүн бүрд сул тал бий.

Ямар ч тулааны урлаг, ямар ч хөдөлгөөнд өө сэв оршдог.

Энэ ертөнцөд төгс зүйл гэж үгүй.

Харин хүний болон түүний ашиглаж буй аргын бүх алдаа дутагдлыг шууд олж хараад, бүр ном болгон нэгтгэж чадна гэдэг...

Энэ номын сангийн хүч...

тэнгэрийн хуулийг хүртэл сөрөх хэмжээнд хүрчээ!

Пүн!

Жан Сюань оюун санаан дахь номын сангийн өөрчлөлтөд гайхаж байх хооронд Лю Ян нударгын техникээ аль хэдийн дуусгасан байлаа.

Хүчтэй цохилт чулуун баганад буухад нүргэлсэн дуу гарч, гадаргуу дээр нь тоо тодров.

62!

Түүний нударгын хүч...

жаран хоёр килограмм!

— Жан багш аа, Лю Ян үзүүлэх ёстой зүйлээ дуусгалаа.

Цао Сюн инээмсэглэв.

— Одоо түүнд хэдэн зүйл зааж чиглүүлбэл ямар вэ?

Энэ үгийг сонсмогц эргэн тойронд зогсон үзэж байсан хүмүүсийн харц нэгэн зэрэг Жан Сюань дээр төвлөрлөө.

Бүгд л сонирхож байв.

Багшийн мэргэшлийн шалгалтаас тэг оноо авсан цорын ганц багш...

энэ сурагчид яг юу заах бол?

3-р анги дууслаа

Алдаа мэдэгдэх

Тэнгэрийн нууц номын сан3-р анги · Унших

Алдааны мэдээлэл илгээхийн тулд бүртгэлээрээ нэвтэрнэ үү.

Нэвтрэх
ӨмнөхДараах