«Тогтуун Ус мэт Сэтгэл гэж үү?»
Удалгүй Жан Сюаний ухаан санаа тэрхүү нууцлаг, гүн төлөвөөс буцаж, нүд нь гэрэлтэв.
Ийм олон ном уншсан хүн Сэтгэлийн төлөв ямар ач холбогдолтойг мэдэх нь мэдээж.
«Би өөр ертөнцөөс ирсэн хүн. Үхэл, амьдралын заагийг нэгэнт туулчихсан болохоор сэтгэлийн тэвчээр жирийн хүмүүсээс хүчтэй байх нь аргагүй. Дээрээс нь Тэнгэрийн Замын Дээд Бясалгалын Аргаар бясалгадаг тул жинхэнэ хий минь тунгалаг ус шиг цэвэр! Сэтгэлийн төлөвийн 2-р даньд ийм хурдан хүрсэн нь ч гайхах зүйл биш!»
Тэр баярласандаа хөөрсөн ч нэг их гайхсангүй.
Тэнгэрийн Нууц Номын Сан гэх ийм хосгүй чадвартай болчихоод жирийн хүмүүсээс ялгарах юмгүй хэвээр байвал буурцгийн бяслаг аваад толгойгоо мөргөж үхсэн нь дээр.
Замын турш хоёул дуугүй явсаар удалгүй академийн үүдэнд хүрэв.
— Хунтянь Асар!
Өмнөх хоёр том үсгийг хараад Жан Сюань толгой дохилоо.
Өмнөх эзнийх нь дурсамжид энэ зоогийн газрын тухай мэдээлэл байв. Хунтянь Асар бол Хунтянь академийн хамгийн тансаг зоогийн газар. Энд ганц удаа хооллоход л түрийвч хоосорно. Цалин бага байсан тул өмнөх эзэн нь энд хэзээ ч орж үзээгүй ажээ.
Шэнь Би Жу өөрийг нь жирийн нэг зоогийн газар луу дагуулах байх гэж Жан Сюань бодсон. Ийм өгөөмөр зан гаргаж энд авчирна гэж санасангүй.
Нэртэй газар гэдэг нь ормогц л мэдэгдэв. Доторх засал сүрлэг, ханануудад нударганы дайтай Шөнийн Гэрэлт Сувдууд шигтгэсэн тул гадаа шөнө болсон ч танхим өдөр шиг гэрэлтэй байлаа.
Хоёул цонхны дэргэдэх ширээнд суув.
— Юу идмээр байна? — гэж Шэнь Би Жу өөдөөс нь харан асуулаа.
— Юу ч байсан болно! — Жан Сюань гараа дохив. — Чи дайлж байгаа юм чинь юу захиална, тэрийг чинь иднэ!
Энд өмнө нь ирж байгаагүй болохоор ямар хоол сайн гэдгийг мэдэхгүй. Тэгээд ч төлбөрийг өөр хүн хийх гэж байхад юунд толгой өвтгөх билээ.
Өөрийнх нь мөнгийг ёстой нэг хайр найргүй үрэхээр шийдчихсэн нь илт залууг хараад Шэнь Би Жугийн уур дахин буцлав. Гэхдээ энд уурлаж дургүйцлээ гаргах нь зохимжгүй тул тэвчин, хэдэн хоол дур мэдэн захиаллаа.
— Жан багш аа, та Багшийн мэргэшлийн шалгалтаас зориуд тэг авсан юм уу? — гэж Шэнь Би Жу түүний нүд рүү эгцлэн ширтэж асуув.
— Зориуд аа? — Яагаад ийм юм асууж байгааг нь ойлгоогүй Жан Сюань хэсэг азнаад, — Мэдээж үгүй! — гэлээ.
Тэр шалгалтыг өгөх үед Жан Сюань энэ ертөнцөд ирээгүй байсан, өмнөх эзэнд нь Тэнгэрийн Нууц Номын Сан ч байгаагүй. Тиймээс тэг авсан нь жүжиг байх ямар ч боломжгүй.
Түүнийг үгүйсгэнэ гэдгийг Шэнь Би Жу аль хэдийн тааж байлаа. Дотроо хүйтнээр инээмсэглэв.
Үгүйсгээд байгаарай. Үнэн төрхийг чинь яаж илчлэхийг харж л бай!
— Одоо завтай байгаа юм чинь би хариуг нь олж чадаагүй хэдэн асуулт асууя. Жан багш аа, эргэлзээг минь тайлаад өгч болох уу? — Шэнь Би Жугийн толгойд нэг санаа орж ирэв.
— Асууж болно!
Нөгөө хүн хоолоор дайлж байгаа юм чинь нэг хоёр асуултад хариулаад өгөхөд яах вэ.
— За тэгвэл... бясалгаж байх үед сүнслэг энергийг хийн судалд хурааж чадахгүй байвал... — Шэнь Би Жу хэсэг бодоод нэг асуулт тавив.
— Үүнийг бас мэдэхгүй гэж үү? — Өмнөх асуултуудаас нь ч амархан зүйл сонсоод Жан Сюань гайхан харав. — Үүнийг шийдэх есөн арга бий...
Тэгээд тайлбарлаж эхлэв.
Удалгүй бүх есөн аргыг ярьж дууслаа.
— Есөн арга... — Жан Сюань есөн аргыг амнаасаа шууд урсгаж орхиход Шэнь Би Жугийн царай өөрчлөгдөв.
Өөрөө мэдлэгээрээ дээгүүрт ордог ч ердөө гурван арга л мэддэг. Гэтэл энэ хүн нэг амьсгаагаар есийг хэлчихлээ. Тэр дундаа Шэнь Би Жу өмнө нь огт сонсож байгаагүй хэд хэдэн арга байв. Үүнд итгэхэд үнэхээр бэрх.
— Тэгвэл... сүнслэг энергийг биедээ шингээсний дараа хийн судал руугаа чиглүүлж чадахгүй байвал яах вэ? — Гайхсанаа хүчээр дарж дахин асуулаа.
— Тэр бүр амархан. Үүнийг шийдэх найман арга бий! Нэгдүгээрт... — Жан Сюань тайлбарлаж эхлэв.
Шэнь Би Жу үл ялиг чичирлээ. Сэтгэлдээ бэлтгэсэн байсан ч сонссон зүйл нь төсөөллөөс нь давчихав.
Жан Сюаний хэлсэн аргууд үнэхээр гайхамшигтай. Эдгээр нь гадагш тарвал бясалгалын ертөнцийг шуугиулах нь гарцаагүй!
— Та ийм олон арга мэддэг юм бол Багшийн мэргэшлийн шалгалт дээр яагаад нэгийг нь ч бичээгүй юм бэ? Тэгээд бүр тэг оноо авсан байдаг? — гэж Шэнь Би Жу цочирдлоо хүчээр дарж байгаад асуув.
Саяын хоёр асуулт яг өмнөх Багшийн мэргэшлийн шалгалтад орсон асуултууд байлаа. Ийм олон шийдэл мэддэг хүн яагаад нэгийг нь ч бичээгүй юм бэ? Бүр тэг авсан гэж үү?
— Өө? — Жан Сюань сая л учрыг нь ойлгов.
Эдгээр асуулт өмнөх эзнийх нь дурсамжид байсан болохоор танил санагдаад байжээ. Харин яг хаана харснаа санаж чадаагүй юм.
— Тэр чинь...
Яаж хариулахаа мэдэхгүй түгдэрч байтал өмнө нь захиалсан хоолнууд нэг нэгээрээ ширээн дээр тавигдав.
— Эхлээд хоолоо идье!
Хоолны өнгө үзэмж, анхилуун үнэрийг мэдрээд Жан Сюаний хоолны дуршил шууд хөдөллөө. Төвөгтэй юм бодох хүсэлгүй болсон тэр хоол руугаа шууд оржээ.
— Хмф...
Энэ нөхөр өөрийг нь харснаасаа хоол хараад илүү баярлаж байгааг хараад Шэнь Би Жу уруулаа цорвойлгов.
Хэчнээн хүн түүнтэй жаахан ч гэсэн удаан хамт байхын тулд янз бүрийн шалтаг, арга сэдэн хоолонд урьдаг. Гэтэл энэ хүн үнэхээр зөвхөн хоол идэх гэж ирсэн бололтой...
...
— Шан залуу эзэн ээ, одоо уурлахаа боль доо. Би Гэгээрлийн Зоригийн Сорил явуулах хүсэлтээ аль хэдийн өгчихсөн. Маргааш академи Лю Яныг авчирч шалгана. Жан Сюань тэр үед гарцаагүй хатуу шийтгүүлнэ! Тэр галзуу нөхрийн тухайд Шан ахлагч танд хайртай араатнаа хүртэл зээлүүлсэн шүү дээ. Маргааш таарахаараа насандаа мартахгүй хичээл зааж өгч чадна. Тийм байхад баярлах ёстой биз дээ! Явъя, өнөөдөр амссан зовлонг чинь марттал сайхан дайлъя. Дараа нь хэдэн хүүхэн олоод... Хэ хэ!
Тайлбар: «Залуу эзэн» гэдэг нь айлын залуу эзнийг хүндэтгэн дуудах хэллэг.
Академийн замаар хоёр залуу алхаж байлаа.
Урд яваагийнх нь нүүр хавдаж, хөхөрсөн төдийгүй хоёр нүд нь панда шиг харласан байв. Хэн нэгэнтэй зодолдож, нүүрэндээ нэлээд сайн нүдүүлсэн нь илт. Ард нь яваа залуу биеэ бөхийлгөн долигонож, саяын үгийг хэлсэн хүн нь тэр байлаа.
Тэдний араас асар том арслан бардам алхална. Биеэс нь догшин сүр хүч цацарч, ойртож амжаагүй байхад л хүнийг дарамталж, айдас төрүүлнэ.
Энэ хоёр бол өглөө хичээлийн танхимд гай тарих гэж ирээд Яо Ханьд балбуулсан Шан Бин, Жан Сюанийг заавал хүнд байдалд оруулах гэж улайрч буй Цао Сюн хоёр байв.
Араас нь дагаж яваа арслан бол Шан Чэнь ахлагчийн хайртай араатан, 6-р зэрэглэлийн зэрлэг араатан — Тэнгэр Бутлагч Арслан!
Энэ ертөнцөд алхимич, дархан зэрэг олон мэргэжил бий. Мэргэжил бүр өөрийн гэсэн нэр хүндтэй, бусдын хүндлэлийг хүлээдэг.
Шан Чэнь ахлагчийн мэргэжил бол араатан сургагч.
Араатан сургагч зэрлэг араатан, сүнслэг араатныг номхруулж, тушаалаа дагуулан өөрийн тулааны хүчний нэг хэсэг болгож чаддаг. Бусад мэргэжлээс дутахааргүй хүчирхэг, анхаарал татахуйц мэргэжил байв.
Тэнгэр Бутлагч Арслан бол Шан Чэнь ахлагчийн сургасан араатан.
Галзуурсан Яо Ханьд балбуулсныхаа дараа Шан Бин хүчээрээ түүнд хүрэхгүйгээ ойлгожээ. Тиймээс өвөөдөө очиж, сургасан араатныг нь түр зээлсэн хэрэг.
— Мм! — Цао Сюний долигносон үгийг сонсоод Шан Бин толгой дохиж, догшин царай гаргав. — Тэр Яо Ханьд заавал сайн хичээл заана. Жан Сюаньд ч ялгаагүй!
— Мэдээж. Тэнгэр Бутлагч Арслан байхад Шан залуу эзэн юунаас айх вэ дээ! — Цао Сюн инээмсэглэв.
6-р зэрэглэлийн зэрлэг араатан хүчээрээ Тулаанчийн 6-р данийн мэргэжилтэнтэй дүйцнэ. Зарим талаараа бүр давуу ч байж мэднэ.
Тэр галзуу зарц Яо Хань сул хүн биш ч бие бүрэн эрүүл үедээ хүртэл Тэнгэр Бутлагч Арсланг дийлэх амаргүй. Одоогийн байдлыг нь бол ярих ч хэрэггүй.
Өдрийн эхээр тэр Шан залуу эзнээс дутахааргүй, бүх биеэ боолгосон хүн шиг болчихсон байв.
— Тэнгэр Бутлагч Арслан бол өвөөгийн минь сургасан араатан. Зэрлэг ааштай, номхруулахад хэцүү гэдгийг чи ч мэднэ. Өвөө надад даатгасан ч хэн нэгэн над руу дайрсан үед л хөдөлнө. Одоохондоо миний тушаалыг дагуулах чадал надад алга! — гэж Шан Бин араас нь дагах сүрлэг, догшин арсланг хараад аргагүйдсэн янзтай хэлэв.
Зэрлэг араатан хүчтэй төдийгүй тун бардам амьтан. Өөрөөс нь хүчтэй биш, бас араатан сургагчийн мэргэжил эзэмшээгүй хүн тэднийг дуртайяа тушаал дагуулна гэж байхгүй.
— Заавал тийм биш ээ. Сайхан архи, хоолоор дайлчихвал таны үгийг сонсож ч мэднэ шүү дээ! — Цао Сюн инээв.
— Тэгээсэй л гэж найдъя!
Ийн ярилцаж алхсаар тэдний өмнө асар том зоогийн газар гарч ирэв.
— Ирчихлээ!
Сүрлэг том хаягны доогуур тэд зоогийн газар руу орлоо.
Хунтянь Асар!