— Шан эрхэм залуу морилж явна уу! Наашаа орно уу!
Тайлбар: «Эрхэм залуу» гэдэг нь залуу эрийг хүндэтгэн дуудах хэллэг.
Хоёр залуу, нэг араатан зоогийн газар руу орж амжаагүй байтал инээмсэглэсэн дунд эргэм насны хүн угтан ирлээ.
Хунтянь Асрын эрхлэгч Ү Чоу!
— Нам гүмхэн газар бэлд. Цао Сюн багш бид хоёр сайхан ууж сууя! — гэж Шан Бин хэлэв.
— Наашаа морил!
Ү Чоу тэднийг яаран ширээнд хүргэж өглөө.
— Шан залуу эзэн ээ, би өмнө нь энд ирэх болгондоо энэ Ү Чоуд тоогддоггүй байсан. Нүүрээ ихэд тоосон янзтай, намайг байгаа ч үгүй юм шиг л харьцдаг байлаа. Харин энэ удаа яагаад ингэж байгаа юм бол... — Цао Сюн тэсэлгүй асуув.
Хунтянь Асар гаднаас нь зүгээр нэг зоогийн газар шиг харагдавч түүнийг түшдэг хүч басамжлахааргүй. Тийм бишсэн бол Хунтянь академийн нутаг дэвсгэр дээр ийм том хэмжээнд ажиллана гэж байхгүй.
Өмнө нь Цао Сюн энд хооллохоор ирэхэд эрхлэгч Ү түүнийг бараг анзаардаггүй байв. Гэтэл өнөөдөр нуруугаа бөхийлгөн, туйлын хүндэтгэлтэй үйлчилж байна. Хандлага нь ингэтлээ өөрчлөгдөхөд Цао Сюн өөрийгөө зүүдэлж байгаа юм биш биз гэж хүртэл эргэлзжээ.
— Академид урьд нь Хун Хао гэдэг ахлагч байсныг сонссон биз дээ? — гэж Шан Бин асуув.
Цао Сюн толгой дохилоо.
Хунтянь академийг Хунтянь үүсгэн байгуулсан. Түүнийг нас барсны дараа үр удам нь өв уламжлалыг нь үргэлжлүүлсэн тул «Хун» овогтой ахлагчид академид бусдаас илүү өндөр байр суурь эзэлдэг байжээ.
Цао Сюн Хун Хао ахлагчийн тухай өмнө нь сонсож байсан. Тэр асар хүчтэй нэгэн бөгөөд бүр захирлын суудлын төлөө өрсөлдөж явсан гэдэг. Гэвч хожим нь үл мэдэгдэх шалтгаанаар ахлагчийн албан тушаалаасаа гэнэт огцорч, түүнээс хойш сураг тасарчээ.
— Ахлагчийн албаа өгснийхөө дараа тэр зоогийн газар нээсэн юм. Өвөөтэй минь эртний сайн найзууд байсан болохоор намайг ирэх болгонд эрхлэгч Ү хүндэтгэж угтдаг! — гэж Шан Бин бахархалтай хэлэв.
— Аан, ийм учиртай байж! — Цао Сюн толгой дохив.
Хунтянь Асар ийм том болтлоо хөгжсөнд гайхах зүйл алга. Урьд нь академийн ахлагч байсан Хун Хаогийн нээсэн газар юм байна.
Ийм том зоогийн газрын эрхлэгч өөрийн биеэр угтан үйлчилнэ гэдэг яах аргагүй нүүр бардам хэрэг.
— Мм?
Өмнө нь амсаж үзээгүй хүндэт үйлчилгээнд сэтгэл ханан сууж байсан Цао Сюн гэнэт хөшиж, царай нь аажмаар барайв.
— Яав? — Шан Бин гайхан харав.
— Тэр Жан Сюань мөн биз дээ? Түүн шиг хүн яаж энд хооллох мөнгөтэй байдаг юм? — Цао Сюн цонхны дэргэдэх нэг ширээг заалаа.
— Жан Сюань? — Шан Бин ч мөн тийш харлаа. Залуугийн хамт сууж буй хүнийг хармагц хөмсөг нь дээш савж, дотор нь уур дүрэлзэв. — Тэр яагаад энэ хогтой хамт байгаа юм бэ? Би хэчнээн удаа хоолонд урьсан ч дандаа татгалзсан. Гэтэл өөр хүнтэй хамт хооллож суух гэж! Хараал ид! Хараал ид!
Ахлагчийн ач хүү, академийн өндөр зэрэглэлийн багш, бас Тулаанчийн 5-р дань — Динли буюу Хүч Тогтоох шатны мэргэжилтэн Шан Бин Шэнь Би Жуг олон удаа хоолонд урьсан ч нэг ч удаа зөвшөөрүүлж чадаагүй. Эхэндээ тэр Шэнь Би Жуг хэнтэй ч хамт хооллодоггүй гэж боддог байв. Гэтэл одоо академийн нэртэй «хогийн багш»-тай хамт сууж байхыг харна гэж санасангүй!
Шан Бин уурандаа газар дээрээ унах шахав.
Тэр ширээгээ алгадаад босож, шууд очиж асуухаар завдсан ч Шэнь Би Жугийн зан ааш санаанд нь ормогц буцаад суучихлаа.
Шэнь Би Жу өөрт нь төвөг удах хүнийг үнэхээр үзэн яддаг. Одоо ингэж очоод байцааж эхэлбэл уурыг нь хүргэж, өөр рүү нь хилэгнүүлэх ч юм билүү. Тэгвэл араас нь хөөцөлдөх найдвар бүр мөсөн тасарна.
— Шан залуу эзэн ээ, уурлах хэрэггүй. Надад нэг арга байна. Жан Сюаний жинхэнэ төрхийг Шэнь багшийн өмнө илчилнэ. Тэгээд зогсохгүй Шан залуу эзний сүр жавхланг ч харуулж чадна! — Цао Сюн хүний ая эвийг сайн олдог тул нөхцөл байдлыг дор нь ойлгов. Толгойд нь нэг санаа орж ирж, Шан Бинийг ятган инээмсэглэлээ.
— Ямар арга?
— Жан Сюань Шэнь багшид долигнохын тулд өөрөө дайлж байгаа нь гарцаагүй! Гэхдээ доод зэрэглэлийн багш хэчнээн их мөнгө олдог билээ? Бид жаахан гар дүрээд л тооцоог нь төлж дийлэхээргүй өндөр болгочихно. Тэгээд Шэнь багшийн өмнө шившиг болгоно! Дараа нь Шан залуу эзэн гарч ирээд энэ эвгүй байдлаас аварчихна... Тэгвэл Шэнь багшийн таны тухай бодол заавал сайжирна. Магадгүй хайр сэтгэл ч дэлгэрээд, шууд таны тэвэрт орж ирэх ч юм билүү... — Цао Сюн төлөвлөгөөгөө хэлэв.
— Сайн байна. Тэгье! — Шан Биний нүд гэрэлтэж, сэтгэл хангалуун толгой дохилоо.
Өрсөлдөгчөө нэг мөсөн дарж авахын зэрэгцээ Шэнь Би Жугийн сэтгэлд эзлэх байр сууриа ч өсгөнө. Үнэхээр сайхан арга!
Энэ Цао Сюн зөвхөн хичээл заахдаа чадвартай биш, хүнтэй харьцаж, арга сэдэхдээ ч сүйхээтэй юм байна. Цаашдаа сайн дэмжиж явбал зохих нь...
...
Өөрийнх нь эсрэг ийм хуйвалдаан зохиогдож байгааг Жан Сюань мэдсэнгүй. Ширээн дээрх амтат хоолнуудыг идэнгээ сэтгэл хангалуун толгой дохиж суулаа.
Эндхийн хоол хийх арга дэлхий дээрх шиг нарийн боловсронгуй биш ч энэ ертөнц сүнслэг энергээр баялаг. Дээрээс нь орц нь шинэхэн, амт сайтай тул идэхэд өөрийн гэсэн онцгой таашаалтай байв.
Удалгүй ширээн дээрх хоолны ихэнх нь дууслаа. Тэр дундаас бараг бүгдийг нь Жан Сюань идсэн бөгөөд Шэнь Би Жу ёс болгож хэдхэн ам л хүргэжээ.
Энэ нөхөр өөрийг нь огт тоолгүй хоол руу л улайрч байгааг хараад Шэнь Би Жу ууртайяа уруулаа цорвойлгов.
Эхэндээ Жан Сюанийг өөрийнх нь анхаарлыг татах гэж зориуд ийм дүр үзүүлж байна гэж бодсон. Харин одоо л тэр өөрийг нь ерөөс ч чухалд тооцоогүйг ойлгов...
Академийн гоц авьяастай багш ч бай, нэр алдартай багш ч бай, бүгд л Шэнь Би Жуд таалагдах гэж ая тал засаж, сайн сайхан ханддаг. Гэтэл академийн хамгийн муу гэгддэг энэ багш түүнийг ер тоохгүй. Бодох тусам шүд нь хавирах бөгөөд ёс жудаг бодоогүйсэн бол аль хэдийн хоёр хөлөөрөө ээлжлэн өшиглөчих байсан биз.
Бодох тусам уур нь улам хүрэв. Жан Сюанийг цааш идэж суухыг харвал уурандаа үхэх шинжтэй. Тиймээс эргэж зөөгчийг дуудлаа.
— Тооцоогоо бодъё!
Нэг зөөгч хүрч ирэв.
— Нийт 1280 алтан зоос!
— 1280? — Шэнь Би Жу алмайрав. — Яагаад ийм үнэтэй байгаа юм бэ?
Өндөр зэрэглэлийн багш тэр сард ердөө 1000 алтан зоосны цалин авдаг. Гэтэл ганц хоолонд бүтэн сарын цалингаас ч их мөнгө төлөх гэж үү?
Яаж ийм үнэтэй байж болдог юм?
Хоол захиалахдаа тэр тооцоогоо сайн хийсэн. Бүх үнэ нийлээд зуун алтан зоосонд ч хүрэх ёсгүй байлаа. Яахаараа гэнэт мянга гарчихав?
— Уучлаарай, энэ шил дарс дангаараа 1200 алтан зоосны үнэтэй! — гэж зөөгч тайлбарлав.
Өмнө нь хооллож байх үед нэг зөөгч ирээд дарс авах эсэхийг асуужээ. Жаахан дарс уухад гэмгүй гэж бодсон Шэнь Би Жу толгой дохисон. Гэтэл ийм үнэтэй дарс байна гэж яаж төсөөлөх билээ!
— Та нар дарсаа авчрахдаа үнийг нь огт хэлээгүй шүү дээ...
Шэнь Би Жугийн царай тэр дороо цонхийв.
Хэчнээн гэнэн хүн байсан ч өөрийг нь зориуд урхидсаныг одоо ойлгохоор байлаа.
— Үнэхээр авах сонирхолгүй байсан бол урьдчилж үнийг нь лавлахгүй яасан юм? Та асуугаагүй болохоор үнийг мэдэж байгаа гэж бодсон. Тиймээс илүү зүйл тайлбарлаагүй! — Зөөгч түүн рүү хүйтэн харлаа.
— Хмф! — Зөөгчийн хандлагыг хараад Шэнь Би Жу энд хэрүүл хийх ямар ч ашиггүйг ойлгов. Харин ч асуудал дэгдээвэл өөрийнх нь нэр хүндэд муу. Тиймээс мөнгөний уутаа гаргаж төлөх гэтэл царай нь гэнэт цайж, эвгүйцсэн шинжтэй болов. — Надад одоо хүрэлцэх мөнгө алга. Эхлээд өрөнд биччих. Би мөнгөө авчраад төлчихье...
Өнөөдөр тэр Номын Хөмрөгийн Асарт ном унших гэж л гарсан тул их мөнгө авчраагүй. Дараа нь Жан Сюаньтай таарч, хэдэн зүйл асуусан. Дэндүү их гайхаж цочирдсоор байгаад мөнгөний тухай бүр мартчихжээ. Одоо түүнд зуу орчим алтан зоос л байв. Мянга гаруй алтан зоосноос хол дутна.
Хүн хоолонд урьчихаад тооцоогоо төлөх мөнгөгүй байх гэж...
Шэнь Би Жугийн нүүр халуу оргиж, газар цөмрөөд орчих нүх гараасай гэж хүсэхээр болов.
— Мөнгөгүй байж хоол битгий захиал! Нэгэнт захиалсан бол мөнгөө төл. Энд үнэгүй идчихээд гарах тухай бодсоны ч хэрэггүй! — гэж зөөгч хүйтнээр дуугарав.
— Чи...
Шэнь Би Жугийн нүүр уурандаа улайлаа.
— Энд юу болоод байна?
Яг энэ үед сүртэй, хүйтэн дуу сонсогдов. Шан Бин Цао Сюн, Тэнгэр Бутлагч Арсланг дагуулсаар бардам том алхлан хүрч ирлээ.
Цагаан хувцастай, хоёр гараа ардаа авч, эрүүгээ өргөсөн түүний төрхөөс ихэмсэг сүр цацарна. Жирийн үед ийм намба төрх дээр нь догшин Тэнгэр Бутлагч Арслан дагаад явбал үнэхээр ганган, сүрлэг эрхэм залуу харагдах байсан биз. Гэвч одоо нүүр нь улайж хавдаад, хоёр нүд нь хөхөрч харласан тул холоос харахад үнэхээр инээдтэй байлаа.
Гэсэн ч Шан Бин өөрийнхөө инээдтэй төрхийг огт анзаараагүй хүн шиг бардам алхана. Харцандаа гүн бодолтой, бусдаас хөндий дүр гаргасаар ойртож ирээд Шэнь Би Жуг сая л олж харсан мэт гайхсан дүр үзүүлэв.
— Шэнь багш аа, ямар сонин тохиолдол вэ! Та бас энд байгаа юм уу?
Дараа нь зөөгч рүү эргэн:
— Энд юу болоод байна? Ийм газар ингэж шуугиан тарих зохимжгүй шүү дээ! — гэж асуулаа.
— Өө, Шан залуу эзэн байна шүү дээ! — Зөөгч цочин сандарч, өмнөх дээрэнгүй зангаа даруй хураав. Болгоомжтой өнгөөр, — Учир нь гэвэл, энэ хоёр хоолоо идчихээд тооцоогоо төлөх мөнгөгүй байгаа юм... — гэж тайлбарлалаа.
— Тооцоо төлөх мөнгөгүй гэнэ ээ?
Шан Бин сэтгэл дундуур царай гарган толгой сэгсрээд Жан Сюань руу харлаа.
— Жан багш аа, би таныг сургах гэсэнгүй л дээ. Гэхдээ мөнгөгүй байж ийм газар хүн дайлж, өгөөмөр дүр эсгэх хэрэг юу байна? Хар даа, эцэст нь өөрөө л шившгээ тарилаа! Академийн хамгийн муу багш болохоор та ийм юманд дасчихсан байж мэднэ. Гэхдээ Шэнь багшийг хүртэл хамт шившиг болгож байгаа нь арай хэтэрч байгаа юм биш үү?
— ...
Өөдөөс нь ихэмсэг царай гарган донгосох залууг Жан Сюань хэсэг гайхан харснаа Шэнь Би Жу руу эргэв.
— Хөөе, энэ нөхөр чамайг хэлээд байх шиг байна. Мөнгөгүй байж өгөөмөр дүр эсгэж яах юм бэ? Хар даа, эцэст нь өөрөө л шившгээ тарилаа...
— Чи...!
Шан Биний үгийг сонсоод Шэнь Би Жу аль хэдийн уурлаж байсан. Гэтэл Жан Сюань яг өнөөх үгийг нь давтаж хэлэхэд хуримтлагдсан уур нь дэлбэрэх шахлаа. Тэр толгойгоо өргөн, өөрийгөө сүртэй харагдуулж тааллыг нь олох гэж баярлан зогсох Шан Бин рүү галтай харцаар ширтээд шүдээ хавиран архирав.
— Шан Бин! Хэн өгөөмөр дүр эсгээд байна гэж хэлснээ дахиад нэг давтаад үз дээ!