Хунтянь Асар тэр чигтээ хөл толгойгоо алдсан байлаа.
— Юу болчихсон юм бэ? Би хэсэгхэн хугацаанд эзгүй байхад л ийм болчих гэж?
Нэг өрөөнд настай эр өмнө нь сөхөрсөн Ү Чоу эрхлэгч рүү хүйтнээр ширтэнэ.
Тэр бол Хунтянь Асрыг цаанаас нь удирддаг Хун Хао ахлагч байв.
— Ахлагч аа, болсон явдал ийм. Шан Чэнь ахлагчийн ач хүү Шан Бин энд ирсэн юм... — Ү Чоу юу ч нууж зүрхэлсэнгүй, болсон бүхнийг нэг бүрчлэн ярив.
Тэр дундаа Согтуу Үхэшгүй дарсыг Ногоон Хадны Дарсаар сольж байсан хэргээ ч хэлжээ.
— Ү Чоу, чи яаж зүрхлэв ээ!
Бүгдийг сонссон Хун Хао ахлагчийн царай барайж, ууртайгаар өшиглөв.
Пан!
Ү Чоу тэр дороо арагш шидэгдлээ. Царай нь цонхийж, амнаас нь цус дахин дахин олгойдон гарав.
— Ахлагч аа, амийг минь өршөөгөөч! Би хийсэн хэргээ уучил гэж гуйх эрхгүй. Гэхдээ тэр залуу бүр ч муухай хүн! Бүхнийг олны өмнө дэлгэж, Хунтянь Асрын нэр хүндийг унагасан. Энэ чинь таныг ахлагч гэж огт тоохгүй байгаагаас өөр юу юм бэ...
— Хмф! Өөрөө ийм шившигтэй хэрэг хийчихээд бусдыг дуугүй бай гэж шаардах нь уу? — Хун Хао ахлагчийн царай догширч, шуурга дэгдэхийн өмнөх тэнгэр шиг барайлаа.
— Би...
Ү Чоу салганан чичирлээ.
Илүү ашиг олохын тулд хоол, дарсны орцыг сольсон нь түүний өөрийн дур мэдэн гаргасан шийдвэр. Юу ч мэдэгдэхгүй нуун далдалсан гэж бодож явтал нөгөө залуу олны өмнө илчилчихсэн. Түүнд өс санах нь ч аргагүй байв.
— Энэ асуудлыг бүрэн цэгцлэх тав хоног өгье. Муу нөлөөг нь хамгийн бага хэмжээнд хүргэ! Чадвал ашиг завшсан хэргийг чинь цааш хөөцөлдөхгүй өнгөрч болно. Чадахгүй бол амьд мултарна гэж бүү мөрөөд! — Хун Хао ахлагчийн харц өвлийн шөнийн жавар шиг хүйтэн байлаа.
Тэр босоод,
— Бас тэр залууг хэн гэдэг юм? Академийн багш уу? Надад нууцаар хэлсэн бол би бүр шан харамж өгч болох байлаа. Гэтэл олны өмнө хэрэг мандуулж, Хунтянь Асрын нэр хүндийг шаварт хутгалаа. Маргааш өөрийн биеэр очиж, хэн түүнд ийм их зориг өгснийг харна аа! — гэж асуув.
Түүнийг хилэгнэн архирахад догшин сүр хүч эргэн тойрныг нөмөрлөө. Дулаахан өдөр байтал нүүр өөд мөсөн давалгаа цохих шиг болж, хүний бие өөрийн эрхгүй чичирмээр байв.
Тулаанчийн 7-р дань — Тунсюань буюу Судал Нэвтрүүлэх шат!
Хун Хао ахлагч Судал Нэвтрүүлэх шатны мэргэжилтэн байжээ. Захирлын суудлын төлөө өрсөлдөж явсан нь гайхах зүйл биш. Зөвхөн бясалгалын түвшин нь л гэхэд сүрдмээр өндөр байв.
— Тэр... Жан Сюань багш! — гэж Ү Чоу яаран хариулав.
— Жан Сюань? Багшийн мэргэшлийн шалгалтад хамгийн сүүлд орсон тэр хүн үү? — Хун Хао ахлагч гайхав.
Хунтянь академи байгуулагдсанаасаа хойших хэдэн зуун жилийн түүхэнд Багшийн мэргэшлийн шалгалтад хамгийн сүүлд орсон багш нэг ч байгаагүй. Тиймээс Хун Хао ахлагч хүртэл Жан Сюаний нэрийг сонсож байжээ.
— Тийм ээ... — Ү Чоу толгой дохив.
— Нэг хог Хунтянь Асрын нэр төрийг ингэж гишгэлж зүрхэлдэг ээ? Сайн байна! — Хун Хао нударгаа зангидахад харц нь хүйтэрч, биеэс нь хүчтэй алах санаа тархав.
Хэрэв нөгөө хүн академийн нэртэй багш эсвэл нөлөө бүхий нэгэн байсан бол шийтгэхээсээ өмнө жаахан бодох байлаа. Харин зүгээр нэг хог юм бол... өршөөлгүй хандлаа гэж өөрийг нь буруутгах хэрэггүй!
...
— Ёстой төвөгтэй юм аа!
Гэртээ буцаж ирсэн Жан Сюань хөмсөгнийхөө хооронд илэв.
Ганц удаа хоол идсэнээс ийм олон хэрэг ургана гэж хэн санах билээ.
— За больё. Бодоод нэмэргүй. Хийн Цэг Нээх шатанд яаж хүрэхээ бодсон нь дээр!
Тэр илүү бодлуудаа дор нь хойш тавив.
Өөр ертөнцөөс ирсэн ч энэ ертөнцөд хүч чадал бүхнийг шийддэгийг Жан Сюань ойлгожээ. Хангалттай хүчтэй байж л элдэв асуудалд баригдахгүй.
Одоо тэр Хүч Тогтоох шатны оргил үед хүрсэн. Дараагийн шатанд нэвтрэхийн тулд Тулаанчийн 6-р данийн бясалгалын аргууд хэрэгтэй.
Гэвч жирийн багш академийн 6-р данийн бясалгалын аргуудыг дур мэдэн үзэх эрхгүй. Ахлагчийн зөвшөөрөл авч байж ганц хувийг хуулан бичих боломжтой.
Өмнөх шалгалтын үеэр Жан Сюань ердөө Тулаанчийн 3-р данийн хүчтэй байсан. Одоо гэнэт нэг ахлагч дээр очоод 6-р данийн бясалгалын арга нэхвэл туршилтын амьтан шиг шинжлүүлэх ч юм билүү. Тэгвэл дахиад л бөөн төвөг ундарна.
Тэгээд ч зөвшөөрөл авлаа гэхэд ганцхан хувь бясалгалын арга байхад... тэр бясалгаж бас л чадахгүй!
Хунтянийн Есөн Даньт Бясалгалын Аргын эхний таван данийг харахад л энэ арга өө сэв дэндүү ихтэй. Олон өөр бясалгалын аргатай харьцуулж, зөв замыг нь шүүж олохгүй бол хэдэн жил тасралтгүй бясалгасан ч үр дүн гарахгүй.
Тиймээс яг одоо Жан Сюаньд хамгийн хэрэгтэй зүйл бол Тулаанчийн 6-р данийн асар олон бясалгалын арга олж, хооронд нь харьцуулан зөв аргыг гаргаж авах явдал байлаа.
«Мм, Тяньсюань хотод худалдаа наймаа их хөгжсөн, бясалгалын арга хүртэл зардаг гэж сонссон юм байна. 6-р данийн хэдэн бясалгалын арга олж авч чадвал асуудал нэлээд амархан шийдэгдэнэ!»
Гэнэт нэг зүйл санаанд нь орж, Жан Сюань баярлав.
Хунтянь академи Тяньсюань хаант улсын нийслэл Тяньсюань хотод байрладаг. Энэ хот туйлын хөл хөдөлгөөнтэй, олон том худалдааны төвтэй тул төрөл бүрийн бараа арилжаалдаг. 6-р данийн бясалгалын арга ховор ч зардаг газар цөөнгүй бий.
Жан Сюаньд заавал худалдаж авах ч шаардлагагүй. Номыг гараараа барьж, хэдэн хуудас эргүүлээд үзэхэд л нууц судрыг өөрийн болгосонтой ялгаагүй.
Тэнгэрийн Нууц Номын Сан байхад нууц судрын чанар, үнэ хоёр чухал биш. Тоо нь л хангалттай байвал тоо томшгүй олон алдаанаас зөв замыг нь шүүн гаргаж, Тэнгэрийн Замын Дээд Бясалгалын Аргыг автоматаар бүрдүүлнэ. Тэгвэл Жан Сюань хурдан бясалгаж чадна.
— Орой болоогүй байна. Өнөөдөр хэдэн ном олж чадах эсэхээ очоод үзье!
Ингэж шийдмэгцээ Жан Сюань тээнэгэлзэлгүй босов.
Нар саяхан жаргаж, хотын шөнийн амьдрал дөнгөж эхэлж байлаа. Өөр хийх зүйлгүй тул худалдааны газруудаар хэсэхэд яг тохиромжтой цаг. Хэрэг болох юм таарах ч юм билүү.
Тяньюй Худалдааны Төв бол Тяньсюань хотын хамгийн том зах. Мөнгө л хангалттай байвал энд хүссэн бүхнээ авч болно гэж ярьдаг.
Зах руу ормогцоо Жан Сюань өрсөн барааны олноос болж хаашаа харахаа ч мэдэхгүй болов.
Өмнөх эзэн нь жирийн нэг багш байсан. Цалин бага, дээрээс нь хүмүүс ч сайнаар харьцдаггүй тул ийм том газар өмнө нь ирж үзээгүй. Тиймээс энд байгаа барааны ихэнхийг Жан Сюань танихгүй байлаа.
Худалдааны төв дотор жижиг лангуу тоо томшгүй олон. Лангуу бүрийн ард наймаачин сууж, өмнөө төрөл бүрийн бараа өржээ.
Зэвсэг, үрэл, эмийн ургамал, хуяг, араатны арьс, араатны үрэл...
Бясалгалд хэрэгтэй бараг бүхнийг эндээс олж болно.
Гэхдээ дэндүү олон учраас аль нь сайн чанартай, аль нь муу гэдгийг ялгахад бэрх.
«Би сайн мууг нь ялгаж чадахгүй байж магадгүй. Харин Тэнгэрийн Нууц Номын Сан чадна шүү дээ!»
Ийм бодол төрмөгц Жан Сюань нэг лангуу руу шууд алхлаа.
— Эрхэм ээ, юу сонирхож байна? Манайд танд хэрэгтэй бүхэн бий. Бараандаа сэтгэл ханана гэдгийг би батална! — гэж наймаачин яаран угтав.
— Зүгээр л харж явна! — Жан Сюань инээмсэглээд лангуун дээрээс нэг зүйл санамсаргүй авч үзэв.
Дунд зэргийн хэмжээтэй дугуй хонх байлаа.
— Энэ хонхыг дархан тусгайлан урласан, ер бусын чадвартай эд. Ердөө тавин алтан зоос. Манай үнэ шударга, хэн ирсэнд ижилхэн үнэ хэлдэг! Хэрэв үнэхээр сонирхож байвал хямдруулж болно... Хорин алтан зоосоор ав!
Наймаачин ятгав.
Жан Сюань түүний үгэнд хариу өгөлгүй хонхыг гартаа эргүүлэв.
Үүн!
Оюун дахь номын сан нь доргиж, нэг ном бий боллоо.
«Давталттай Хонх. Нэг аялгууг дахин дахин давтан гаргаж, сонссон хүний толгойг манаруулна. Тулаанчийн 1-р данийн хүнд нөлөөлөх чадвартай. Хөх Үүл Урлангийн 1-р мо зэрэглэлийн урлаач хийсэн. Үжин металлаар урласан...»
«Өө сэв: Нэгдүгээрт, давтагдах дуу нөлөөлж эхлэхэд удаан хугацаа шаардана. Доод тал нь нэг хүж шатах хугацаа хэрэгтэй тул тулаанд хэрэглэхэд тохиромжгүй. Хоёрдугаарт, дайсан эзэн хоёрыг ялгахгүй. Хэрэглэж буй хүн өөрөө ч нөлөөнд нь өртөнө...»
Тайлбар: Нэг хүж шатах хугацаа ойролцоогоор арван таван минут.
«Үнэхээр болдог юм байна!»
Жан Сюань инээмсэглэв.
Эдгээр барааг танихгүй байх огт хамаагүй. Гараараа хүрч, барьж үзэхэд л номын сан тухайн эд зүйлийн тухай ном автоматаар бүрдүүлнэ.
Тэр номонд эд зүйлийн гарал үүсэл, бүтэц, бүх төрлийн өө сэвийг нарийн тэмдэглэсэн байдаг. Ганц хараад л үнэ цэнтэй эсэхийг нь мэдэж болно.
Үнэн учрыг мэдэхгүй хүн наймаачны хэлсэн хорин алтан зоосыг боломжийн үнэ гэж бодоод шууд авч мэднэ. Харин номын мэдээллийг харсны дараа Жан Сюань энэ тоглоом хоёр алтан зоос ч хүрэхгүйг ойлгов.
Дархан тусгайлан урласан гэнэ ээ... Хөх Үүл Урлан бол хуурамч бараа хийхээр дагнасан газар байлаа.
Тэгээд ч 1-р мо зэрэглэлийн урлаач гэдэг хамгийн муу ур чадвартай түвшин.
Эд зүйл, гар урлалын бүтээгдэхүүн хийдэг хүмүүсийг урлаач гэдэг. Тэднийг нийт есөн мо зэрэгт хуваах бөгөөд 1-р мо хамгийн доод, 9-р мо хамгийн дээд нь.
1-р мо зэрэглэлийн урлаачийн хийсэн зүйл хэчнээн үнэд хүрэх билээ?
«Номын сан байхад хуурамч бараа авч хууртахаас айлтгүй болжээ...»
Жан Сюань аяархан инээв.
Энэ ертөнц өмнөх ертөнцөөс нь тийм ч өөр биш. Жинхэнэ бараа байгаа газар хуурамч нь ч байна. Өмнөх мэдлэгээрээ бол жинхэнэ эсэхийг ялгах нь бүү хэл, хуурамч бараан дундаас аль нь арай дээрийг ч танихад бэрх байлаа. Харин номын сантай болсон учраас одоо үүнд санаа зовох шаардлагагүй.
Ганц асуудал нь ном үүсгэхийн тулд эд зүйлд заавал өөрийн гараар хүрэх хэрэгтэй. Энэ захад хамгийн багадаа арван сая бараа бий. Бүгдэд нь нэг нэгээр хүрнэ гэвэл өөрийгөө ядрааж алах биш үү?
Тэгээд зүгээр л бараа харж явбал хэн ч анзаарахгүй. Харин нүдэнд өртсөн бүхэндээ гараа хүргээд байвал удалгүй худалдааны төвийн хамгаалалтынхан түүнийг галзуу хүн гэж бодоод хөөн гаргах нь гарцаагүй.