— Жан Сюань...
Шэнь Би Жу Шан Биний хамгаалалтыг сэтлэн Жан Сюаньд туслахаар хэд хэдэн удаа оролдсон ч болгонд нь шахагдан ухрав.
Шан Биний бясалгалын түвшин түүнтэй адил. Хүчтэй ар талтай учраас эрх танхи өссөн ч хүч чадал нь жинхэнэ. Шэнь Би Жу түүнийг ялж чадах байсан ч Шан Бин зөвхөн хамгаалахад анхаарвал богино хугацаанд нэвтэрч гарах амаргүй байлаа.
«Би л чамайг энэ хэрэгт татан оруулчихлаа...»
Жан Сюаньд тусалж чадахгүй байгаадаа Шэнь Би Жу өөрийгөө ихэд буруутгав.
Шан Бин Багшийн мэргэшлийн шалгалтад хамгийн сүүлд орсон энэ залууг ингэж онилсон нь өөрөөс нь болсон гэж тэр бодож байлаа.
Үгүй бол ахлагчийн ач хүү, өндөр байр суурьтай Шан Бин ямар ч ар талгүй, нэр муутай нэгэнтэй огт холбоогүй атлаа юундаа өш санах билээ?
Өөрөөс нь болж хэрэгт орооцолдсон хүнийг одоо аварч чадахгүй байна. Энэ бодол Шэнь Би Жугийн сэтгэлийг улам зовоов.
«Яагаад ямар ч чимээ алга вэ? Жан Сюань аль хэдийн үхчихсэн юм биш биз?»
Сандарч тэвдэх тусам Шан Биний хамгаалалтыг сэтэлж чадахгүй байлаа. Шан Бин харах өнцгийг нь халхалсан тул Жан Сюаний талд юу болж байгааг огт харахгүй. Харин эргэн тойронд нам гүм, Тэнгэр Бутлагч Арслан дайрахад Жан Сюань эсэргүүцэж ч амжаагүй мэт ямар ч чимээ гарахгүй байв.
Энд ганцхан тайлбар байж болно. Жан Сюань хариу үйлдэл хийж ч амжаагүй байхдаа Тэнгэр Бутлагч Арсланд цохиулж үхсэн!
Эцсийн эцэст тэр бол Хийн Цэг Нээх шатны мэргэжилтэнтэй дүйцэх 6-р зэрэглэлийн зэрлэг араатан. Шэнь Би Жу хүртэл ганц цохилтыг нь тэсэж чадахгүй.
— Ха ха, тэр аль хэдийн үхсэн! Одоо хөдөлсөн ч оройтсон... — гэж араас нь ямар ч чимээ гарахгүй байгааг сонссон Шан Бин хөөрөн инээлээ.
Тэр хог Тэнгэр Бутлагч Арслангийн ганц цохилтыг тэсэх ямар ч боломжгүй гэдгийг Шан Бин мэдэж байв. Шэнь Би Жуг цааш хорих шаардлагагүй гэж үзээд хажуу тийш үсрэн зай тавилаа.
— Жан Сюань!
Шан Бин замаас холдмогц Шэнь Би Жу түүнд анхаарах сөхөөгүй урагш яаран давхив. Цусанд будагдсан өрөвдөлтэй цогцос харна гэж бодсон ч дараагийн агшинд нарийхан бие нь хөшиж, өмнөх дүр зургийг мэл гайхан ширтлээ.
— Энэ... Энэ чинь... Юу болчихов оо?
Шан Бин шүтдэг бүсгүйгээ аймшигт дүр зураг хараад нулимс асгаруулах байх гэж бодож байв. Гэтэл царай нь ийн өөрчлөгдөхийг хараад яаран эргэж харлаа. Ганц хараад л нүд нь бүлтийж, гайхсандаа ухаан алдах шахав.
Саяхан Жан Сюанийг хэдэн хэсэг тасдан хаяхаар догшин дайрсан Тэнгэр Бутлагч Арслан одоо түүний өмнө номхон нохой шиг хэвтэж, гарыг нь долоож байлаа.
Жан Сюань нөгөө гараараа толгой, чихийг нь илэхэд араатан таашаал авч байгаа нь илт.
— Юу гээч нь болоод байна аа?
Шан Бин уйлах шахав.
Тэнгэр Бутлагч Арслан бол өвөөгийнх нь тэжээвэр араатан бөгөөд туйлын бардам зантай. Шан Бин өөрөө толгойд нь ганц хүрэхэд ч уурладаг амьтан. Ингэж толгойг нь илүүлэх тухай бүр ярих ч юм биш!
Өвөөгөөсөө хүлээж авсныхаа дараа Шан Бин хагас өдөржин янз бүрийн амттан өгч аргадсан ч энэ нөхөр өчүүхэн ч талархал үзүүлэлгүй, хүссэнээрээ үл тоодог байлаа. Гэтэл ийм бардам амьтан Жан Сюаний өмнө номхон нохой болчих гэж үү?
Чи наад хүнийг алах гэж ирсэн биз дээ! Өмнө нь хэвтээд алгыг нь долоогоод байж байдаг чинь юу гэсэн үг вэ?
Шан Биний толгой эргэж, галзуурах шахлаа.
— Тэнгэр Бутлагч Арслан, чи юу хийгээд байгаа юм бэ? Хурдан ал!
Тэр хашхирав.
Тэнгэр Бутлагч Арслан хөдөлсөнгүй. Залхуутай хэвтсээр Жан Сюаньд толгойгоо дуртайяа илүүлнэ.
— Чи... Хурдан ал л даа! Алчихвал цаашдаа идэхийг хүссэн бүхнийг чинь авч өгнө... — гэж Шан Бин сандарч хашхирав.
— Чимээтэй юм. Наад хүнийхээ амыг тагла! — гэж араатны толгойг илж байсан Жан Сюань босоод гараа дохив.
— Арх!
Тэнгэр Бутлагч Арслан ч босож, Шан Бин рүү догшин харлаа.
— Чи... юу хийх гээд байгаа юм?
Шан Бин айсандаа хэдэн алхам ухрав.
Гэвч холдож амжаагүй байхад Тэнгэр Бутлагч Арслан огцом дайрч, савраараа хөнгөхөн шавхуурдлаа.
Пан!
Шан Бин хариу үйлдэл хийж амжаагүй байтал утас нь тасарсан цаасан шувуу шиг арагш нисэв. Толгойгоороо том мод мөргөж, нүүр нь тэр чигтээ цусанд будагдлаа.
— Яг юу болоод байна аа... Чи чинь өвөөгийн минь тэжээвэр араатан шүү дээ...
Шан Бин уйлагнав.
Энэ Тэнгэр Бутлагч Арслан өвөөгөөс нь хамгаал гэж өгсөн араатан. Уг нь эзнийхээ үгийг дагаж гаднын хүнийг дайрах ёстой байтал яагаад танихгүй хүний тушаалаар өөрийг нь цохиод байдаг билээ?
Пан!
Гомдлоо дуусгаж амжаагүй байтал бас нэг хүн өмнө нь нисэн ирж газар унав. Цао Сюн байлаа.
Байдал бишдэхийг мэдсэн тэр эргэж зугтсан юм. Гэвч 6-р зэрэглэлийн зэрлэг араатан Тэнгэр Бутлагч Арслангаас хаашаа мултрах билээ? Нэг савруулалтаар буцаад нисээд иржээ.
— Арх!
Хоёрыг нисгээд хаячихсан Тэнгэр Бутлагч Арслан их гавьяа байгуулсан аятай Жан Сюань руу тал зассан янзтай алхаж очлоо. Магтаал хүлээгээд байгаа нь илт.
— Мм, муугүй. Сайн хийлээ!
Жан Сюань толгойг нь алгадав.
— Арх!
Тэнгэр Бутлагч Арслан яаран толгой дохилоо. Дараа нь сүртэй алхсаар газар хэвтэх хоёрын дэргэд очиж, үүргээ сайн мэддэг харуулын нохой шиг бардам харцаар манав.
— ...
Зугтах санаатай байсан Шан Бин, Цао Сюн хоёр уйлах шахлаа.
— Жан Сюань... Чи... яаж чадсан юм бэ?
Энэ бүхнийг хажуугаас нь мэл гайхан харсан Шэнь Би Жу сая нэг ухаан орж, сониучирхан асуув.
— Яаж чадсан гэж үү? — Жан Сюань толгойгоо маажлаа. — Энэ Тэнгэр Бутлагч Арслантай ойлголцоход их амархан юм байна лээ. Магадгүй би царайлаг болохоор тэр байх!
— Царайлаг аа?
Шэнь Би Жу нүдээ анивчиж, гайхсандаа ганхав.
Тэнгэр Бутлагч Арслан бол зэрлэг араатан. Түүний хувьд «царайлаг» гэдэг ойлголт эр Тэнгэр Бутлагч Арсланд л хамаатай баймаар. Жан Сюань царайлаг эсэх нь ямар хамаатай юм бэ?
Тэгээд ч заавал хэн нь царайлаг вэ гэж яривал Шан Бин чамаас хавьгүй ганган харагдана...
— За, ингээд баяртай! — Жан Сюань цааш тайлбарлалгүй эргэж алхав.
Тэнгэрийн Нууц Номын Сан хүний сул талыг харж чаддаг юм чинь Тэнгэр Бутлагч Арслангийнхыг ч харах нь мэдээж.
Гаднаас нь асар хүчирхэг харагддаг ч үнэндээ энэ араатан биедээ цөөнгүй далд гэмтэлтэй байлаа. Үгүйсэн бол Шан Чэнь ахлагчийн тэжээвэр араатан болохыг дуртайяа зөвшөөрөхгүй байсан биз.
Номын сан тэдгээр өө сэвийг нь гаргаж өгсөн. Жан Сюань үүнийг ашиглан амархан засаж болох хэдэн далд гэмтлийг нь эмчилж өгчээ. Тиймээс Тэнгэр Бутлагч Арслан өчүүхэн ч эргэлзэлгүй түүний тушаалыг дагахаар болсон юм.
Шан Биний амласан амттан, үрэл хэчнээн их байлаа ч далд гэмтлээ эдгээхтэй яаж зүйрлэх билээ.
Мэдээж энэ бүхэн Жан Сюаний нууцтай холбоотой. Шэнь Би Жуд үнэнийг хэлэх боломжгүй.
— Чи... битгий яв л даа. Тэнгэр Бутлагч Арслан яагаад чиний тушаалыг дагасныг хэлээгүй шүү дээ...
Түүнийг явахыг хараад Шэнь Би Жу яаран араас нь гүйж очив.
Энэ залуутай ойртох тусам Шэнь Би Жуд улам л ер бусын санагдана. Түүнийг ойлгох тусам эсрэгээрээ улам нууцлаг болж байлаа.
Номыг зүгээр л хуудсыг нь эргүүлэнгээ ийм их зүйл тогтоож чадна. Багшийн мэргэшлийн шалгалтын хариуг мэддэг атлаа зориуд тэг авсан. Ганц хоол идээд амт шинжээчийн чадвартайгаа харуулна. Тэгээд бүр 6-р зэрэглэлийн зэрлэг араатныг төвөггүйхэн өөрийн үгэнд оруулчихна...
Бусдын нүдэнд боломжгүй мэт санагдах зүйлсийг энэ залуу дэндүү амархан хийчихээд, эргэн тойрныхныг мэл гайхуулж орхино.
Яаж ингэж чаддаг юм бол?
Шэнь Би Жу Жан Сюанийг улам их сонирхож эхлэв.
— Эгч ээ!
Тэр юу бодож байгааг мэдээгүй Жан Сюань араас нь гүйцэж ирэхийг хараад алхмаа зогсоож, аргагүйдсэн янзтай хэлэв.
— Би урт наслах хүсэлтэй хүн. Таны хажууд яваад байвал маргаашийн нарыг үзэж чадахгүй бололтой! Намайг зүгээр орхи доо...
— Эгч ээ гэнэ ээ? Чи л эгч! Танайхан бүгд эгч!
Шэнь Би Жугийн царай час улайв.
Тэр үзэсгэлэнтэй бүсгүй. Жан Сюаниас арай ах ч гаднаас нь харвал арван долоо, арван найман настайгаас ялгарахгүй. Гэтэл энэ нөхөр түүнийг «эгч ээ» гэж дуудах нь ууранд нь тос нэмсэн хэрэг болов.
— За за, эгч нь би болъё. Тэгэхээр намайг явуулчих!
Жан Сюань аргагүйдэн толгой сэгсрэв.
— Пүф!
Жан Сюань өөрийгөө «эгч» гэж хэлэхийг сонсоод Шэнь Би Жу инээд алдав.
— За, яв яв. Маргааш би чамайг олно оо!
— ...
Жан Сюань үггүй болов.