— Тэр амархан!
Бусад хүмүүсийн цочирдол, дотроо юу бодож байгааг огт анзаараагүй Жан Сюань инээмсэглэв.
— Чи Сюн хамгаалалт нь нэвтэршгүй гэдгээрээ алдартай ч биеийн хэлбэр нь хурц сэлэм шиг нарийхан, шулуун. Түүний гол давуу тал бол асар хурдтай дайрах чадвар. Өрсөлдөгчөө хүчээр бус, хурдаар ялдаг! Тэгэхээр түүний мөн чанар хүнд уул шиг биш, харин хурц сэлэм шиг байх учиртай. Зураач араатныхаа энэ мөн чанарыг буруу ойлгосон байна. Тиймээс бодитоор харж биш, төсөөллөөр зурсан нь тодорхой!
Лу Чэнь багштны бие ганхав.
Нөгөө залуугийн үнэлгээ буруу байсандаа биш. Харин хэтэрхий онож хэлсэнд нь!
Лу Чэнь Чи Сюнийг нэвтэршгүй хамгаалалттай гэдгийг бодоод мөн чанар нь уул шиг хүнд, сүрлэг байх ёстой гэж өдий хүртэл үзэж иржээ. Гэтэл залуугийн үг түүнд нэг номон дээрх тайлбарыг сануулав.
Тэнд Чи Сюнийг асар хурдтай, дүрээ ч харуулалгүй дайснаа хөнөөдөг гэж бичсэн байсан. Тийм учраас л түүний жинхэнэ төрхийг харсан хүн тун цөөхөн аж!
Зураач хүний хамгийн том цээрийн нэг нь зурж буй зүйлийнхээ мөн чанарыг буруу ойлгох.
Дүрсэлж буй зүйлдээ огт тохироогүй мөн чанар шингээчихвэл хэчнээн үнэтэй зураг байсан ч үнэ цэнгүй болно. Жан Сюань «муугүй зураг» гэж хэлсэн нь бүр Лу Чэний нэр нүүрийг бодсон хэрэг байжээ. Илүү хатуу үг хэлээгүйд нь баярлах ёстой байв.
— Гайхалтай! Үнэхээр гайхалтай!
Лу Чэнь багштны царай догдолсондоо улайж, Жан Сюанийг өндөр үнэлж байгаагаа нуусангүй.
Ганц зураг байсан бол аз таарсан, эсвэл санамсаргүй онож хэлсэн гэж үзэж болох байлаа. Харин хоёр өөр зургийн гол учрыг хоёуланг нь ганц хараад олно гэдэг өөр хэрэг.
Лу Чэнь одоо итгэлтэй хэлж чадна. Өмнөх залуу нас бага харагдавч жинхэнэ уран зургийн мастер байлаа!
Тэр бүү хэл ур чадвар нь өөрөөс нь ч дээгүүр байж мэднэ!
Найз олоход амархан, харин өөрийг чинь үнэхээр ойлгох сэтгэл нэгтэй анд олоход хэцүү.
Лу Чэнь насан туршдаа зураг зурсан ч Тяньсюань хаант улс даяар өөртэй нь эн зэрэгцэх хүнийг олж чадсангүй. Ердийн үед тэр бусдад зургийн нарийн учрыг тайлбарлахад хүмүүс өнгөцхөн дагаж толгой дохиод, харин өөрийг нь магтахад бүх хүчээ зориулна. Зургийн жинхэнэ мөн чанарыг ойлгож чадах хүн байгаагүй. Өө сэвийг нь олж хэлнэ гэдэг бүр ч хол хэрэг.
Тиймээс Лу Чэнь үргэлж ганцаардмал санагддаг байв. Тэр хичээнгүй залууст залгамж халаа төрөөсэй гэж найдан өргөөнийхөө үүдийг үргэлж нээлттэй байлгадаг нь ч үүнтэй холбоотой.
Харин одоо нэг зургийн сул тал, өө сэвийг яг таг зааж хэлж чадах хүнтэй уулзлаа. Сэтгэл нэгтэй андтайгаа таарсан мэт баярлахгүй байхын аргагүй!
Төмөр тэвчээр, өөрийгөө барих чадвар нь байгаагүй бол Лу Чэнь баярласандаа газар дээрээ үсрэхэд ч бэлэн байлаа.
Багштан ингэтлээ догдолсныг хараад Хуан Юй, Бай Сюнь хоёр ч хоорондоо маргахаа болив. Бие бие рүүгээ харснаа нүдээ бүлтийлгэв. Бараг нүд нь ухархайнаасаа унах шахна.
Тэд Лу Чэнь багштныг багаасаа мэднэ. Тэр үргэлж тайван, юу ч тохиолдсон сэтгэлээ хөдөлгөдөггүй хүн.
Өнгөрсөн удаа хаан хүмүүсээрээ дамжуулан асар үнэтэй Хахир Нутгийн Шөнийн Гэрэлт Сувд бэлэг болгон илгээхэд Лу Чэнь бүр ганц ч харалгүй, зарцдаа агуулахад хийчих гэж тушаасан.
Гэтэл энэ залуугийн хэдхэн үг түүнийг ингэтэл догдлуулж байна гэж үү?
Жан Сюаний хэлсэн бүхэн үнэхээр зөв юм гэж үү?
Ингэж бодсон хоёул залуу руу дахин анхааралтай ширтлээ. Гэвч яаж ч харсан онцгой юмгүй, жирийн л нэг залуу харагдана.
— Сяо Юй, энэ эрхэм залууг надад танилцуулахгүй юм уу?
Хуан Юй гайхшран сууж байтал Лу Чэнь багштны дуу өрөөнд сонсогдов.
— Танилцуулах аа? Тэр...
Асуултыг сонссон Хуан Юй хэсэг балмагдав. Тэгээд сая л нөгөө хүний нэрийг бүр асуугаагүйгээ саналаа. Нүүр нь улайж, эвгүйхэн толгойгоо маажаад Жан Сюань руу эргэн,
— Аан, тийм. Чиний нэр хэн билээ...? — гэж асуув.
Үүнийг сонссон Бай Сюний царай хачин эвгүй болж хувирав.
Хэдхэн мөчийн өмнө атаархсандаа галзуурах шахаж, өөрөөс нь түрүүлээд шүтэж явдаг бүсгүйнх нь сэтгэлийг булаачихлаа гэж бодон энэ залууг нүдэх хүсэл төрж байсан. Гэтэл одоо л... Хуан Юй нэрийг нь ч мэддэггүй байсныг ойлгов!
Эртхэн мэдсэн бол дэмий уурлаж суухгүй байсан юм.
Гэвч Бай Сюний шаналал үүгээр дууссангүй. Дараагийн мөчид Лу Чэнь багштны ууртай дуу сонсогдов.
— «Тэр» гэж юу гэсэн үг вэ! Ёс журам чинь хаачив? Энэ дүү надтай эн зэрэгцэх хүн. Цаашдаа та хоёр түүнийг багштан гэж хүндэлж дууд!
— Эн зэрэгцэх хүн ээ?
Энэ удаа Хуан Юй, Бай Сюнь хоёрын толгой эргээд зогссонгүй, Чэн ах хүртэл хөшиж орхив. Гурвуулаа Жан Сюанийг мангас харсан мэт ширтэнэ.
Лу Чэнь багштан ямар байр суурьтай хүн билээ?
Шэнь Жүй хааны багш, жинхэнэ хааны багш!
Бүх Тяньсюань хаант улсад түүнтэй өөрийгөө эн зэрэгцүүлж хэлэх зоригтой хүн нэг ч байхгүй. Тэгж хэлнэ гэдэг улсын хаанаас ахмад үеийн хүн гэж өөрийгөө өргөмжилсөнтэй ялгаагүй!
Ийм байр суурьтай хүн хорь ч хүрээгүй залууг өөртэйгөө эн зэрэгцэх хүн гэж үзлээ гэж үү?
Би буруу сонсоод байна уу?
— Миний хэлснийг сонссонгүй юу?
Хоёул гөлрөөд зогсож байгааг хараад Лу Чэнь дахин зэмлэв.
— Сонслоо!
Бай Сюнь, Хуан Юй хоёр яаран бөхийж,
— Багштан танд хүндэтгэл үзүүлье! — гэв.
— Ингэж сүртэй ёслох хэрэггүй дээ!
Лу Чэнь өөрт нь ингэтлээ хүндэтгэлтэй хандана гэж Жан Сюань төсөөлөөгүй тул аргагүйхэн толгой дохив.
— Намайг Жан Сюань гэдэг. Багштны зургуудын учрыг санамсаргүй бага зэрэг олж харсан төдий. Намайг багштан гэж дуудах хэмжээнд хүрэхгүй ээ!
— Аан, Жан Сюань дүү байсан юм байна. Тэгж хэлж болохгүй. Ёс бол ёс! Миний бүтээлийн өө сэвийг ганц хараад таньж байна гэдэг уран зургийн талаар өргөн мэдлэгтэй, юм таних нүд онцгой гэсэн үг. Чиний хэмжээнд хүрсэн хүн багштан гэж дуудуулах эрхгүй юм бол би өөрөө ч энэ цолыг зүүх нүүргүй болно биз дээ? — гэж Лу Чэнь хэлэв.
Жан Сюань эвгүйхэн инээв.
Зургийн өө сэвийг олж хэлж чадсан нь үнэн. Гэхдээ өөрийнх нь уран зургийн мэдлэгээс болсон хэрэг биш. Тэр ердөө Тэнгэрийн Нууц Номын Сан гэдэг хэт хүчтэй давуу талаа ашигласан төдий.
Номын сан байгаагүй бол зураг үнэлэх нь байтугай юу зурчихсан байгааг нь ч ялгаж чадахгүй, толгойгоо маажин гөлөрч зогсох байсан биз.
— За, ингэж ёсорхоод яах вэ. Цаашдаа энэ хоёртой таарвал ахмад хүний хувиар хүссэнээрээ зэмлэж, зааж сургаж байгаарай!
Жан Сюань юу бодож байгааг мэдэхгүй Лу Чэнь багштан хайхрамжгүйхэн хэлэв.
— Бидний ахмад аа? Хүссэнээрээ зэмлэж болно оо?
Бай Сюнь, Хуан Юй хоёр уйлах шахав.
Яана аа! Бид бараг үе чацуу хүмүүс. Гэтэл энэ нөхөр нүд ирмэх зуур өвөө нарын маань үетэй эн зэрэгцэх ахмад болчихлоо...
Нөхөр минь, чи арай л дэндүү юм аа!
Гутарч суух хоёрыг тоолгүй Лу Чэнь багштан Жан Сюань руу эргэлзсэн харцаар харав.
— Дүү минь, чи Сяо Юйг дагаж энд ирсэн юм чинь зүгээр салхилах гэж ирээгүй байх. Надаас ямар тусламж хүссэн юм бэ?
— Багштан их номын цуглуулгатай гэж сонссон. Би өнөөдөр Тулаанчийн 6-р данийн бясалгалын аргын хэдэн нууц гарын авлага олж үзэх гэж ирсэн юм...
Лу Чэнь багштан зорилгыг нь асуухад Жан Сюань яаран хариулав.
Энд ирсэн гол зорилго нь энэ. Ийм боломжийг алдаж болохгүй!
— Миний номын цуглуулга багагүй. Гэхдээ ихэнх нь уран зургийн тухай. Бясалгалын аргын ном тун цөөхөн. Тулаанчийн 6-р данийнх гэвэл хэдхэн ном л бий. Ажлын өрөөнд байгаа. Яв, дагуулж очоод үзүүлье!
Лу Чэнь сахлаа илэн инээмсэглээд босов.
— Эзэн, таны ажлын өрөө...
Чэн ах яаран ойртож, эргэлзсэн өнгөөр хэлэв.
Лу Чэний ажлын өрөөнд дэлхийд ганц хувь шахам ховор, үнэт ном олон байдаг. Ном бүр асар үнэ цэнтэй. Тиймээс тэр гаднын хүнийг хэзээ ч оруулдаггүй байв. Өмнө нь Шэнь Жүй хаан өөрөө ирэхэд хүртэл үүднээс нь буцааж байсан удаатай!
Нэг удаа дүрмийг мэдээгүй шивэгчин өрөөг цэвэрлэхээр дотогш оржээ. Эцэст нь бүр зодуулж үхсэн юм!
Тиймээс Лу овгийн өргөөн дэх хамгийн хатуу хориотой газар нь Лу Чэний ажлын өрөө. Хэн ч тийшээ дураараа орж зүрхэлдэггүй...
Гэтэл эзэн нь саяхан танилцсан залууг өөрөө дагуулж орох гэж байдаг. Чэн ах яахаа мэдэхгүй байлаа.
— Би хүмүүсийг ажлын өрөөндөө оруулдаггүй нь бүдүүлэг ааш, хөнгөн хуумгай зангаар орчныг нь бусниулах вий гэж боддогийнх. Харин Жан Сюань дүү бол надтай эн зэрэгцэх, уран зургийн мастер хүн. Түүнийг дотогш орж, надад зааж зөвлөхийг зөвшөөрнө гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг. Хориглох шалтгаан хаана байна?
Лу Чэнь багштны царай барайв.
— Мэдлээ!
Чэн ах сандарсаар ухран зайлав.
Тэр уран зургийн талаар сайн мэдэхгүй ч өдийд нэг зүйлийг ойлгожээ. Энэ залуугийн өмнөх үнэлгээнд ганц ч алдаа байгаагүй!
Тэгээгүй бол эзнийх нь хандлага ингэж зуун наян хэм эргэж, ийм дотно болох ямар ч боломжгүй.
— Явцгаая!
Лу Чэнь багштан түрүүлэн алхаж, Жан Сюань араас нь дагав. Удалгүй тэд өргөн уудам нэг өрөөнд хүрч ирлээ.
Хуан Юй түүнийг тэгтлээ магтаж байсан нь аргагүй аж. Ажлын өрөөн дэх номын цуглуулга үнэхээр асар их. Төрөл бүрийн ном тавиуруудыг дүүргэж, дор хаяж хэдэн зуун мянга хүрэхээр харагдана. Жан Сюань яг л аварга номын санд орж ирсэн мэт санагдав.
Тавиуруудын дундуур алхаж, зам зуур номнуудыг хальт харахад Лу Чэнь багштны хэлсэн яг үнэн байлаа. Бараг бүгд уран зургийн ном. Бясалгалын арга, тулааны урлагийн ном тун ховор.
— Бясалгалын аргын номууд энэ талд бий. Цөөхөн хэдхэн шүү. Залуудаа бясалгаж байх үеэс үлдсэн юм!
Лу Чэнь багштан инээмсэглэн тайлбарлаад Жан Сюанийг ажлын өрөөний булан руу дагуулан очив.
Тайлбар: «Лаое» гэдэг нь гэрийн ахмад эзнийг хүндэтгэн дуудах хэллэг.