— Багштны өөрийнх нь зурсан зураг аа?
Хажууд зогсож байсан Хуан Юй галзуурах шахав. Бие нь дайвалзан, бараг газар унах дөхлөө.
Өмнө нь Лу Чэнь багштан тэдэнд үнэлүүлэх, бас шалгах гэж олон зураг гаргаж өгч байсан. Гэхдээ... өөрийнхөө бүтээлийг хэзээ ч үзүүлж байгаагүй!
Гэтэл энэ удаа яагаад...
Хэрэв Жан Сюань багштны гаргасан зургийг магтчихсан бол Лу Чэнь түүний үнэлгээнд сэтгэл ханаж, асуудлыг ингээд өнгөрөөж ч мэдэх байлаа. Харин чи юу гэлээ? «Ямар ч утга алга, энэ чинь юу юм?» аа?
Хүн ер нь ийм юм хэлдэг юм уу?
Лу Чэнь багштны зургийг «ямар ч утга алга, энэ чинь юу юм» гэж үнэлнэ гэнэ ээ...
Хуан Юй цусаар бөөлжих шахав.
Намайг эвгүй байдалд оруулахгүй гэсэн биз дээ? Тэгээд энэ чинь юу болж байна аа?
Хэрэв Жан Сюань хэсэг бодсоныхоо дараа «Би багш хүн байж Хуан Юйг эвгүй байдалд оруулж болохгүй» гэж шийдсэнийг мэдсэн бол Хуан Юй бүр үнэхээр цусаар бөөлжих байсан биз.
Энэ чинь намайг эвгүй байдалд оруулахгүй байгаа хэрэг үү?
Шууд л хаднаас түлхэж байна шүү дээ!
Хуан Юй энэ нөхрийг энд дагуулж ирсэндээ үхтлээ харамсав.
Лу Чэнь багштан даруу хичээн суралцдаг залууст дуртай. Хэнийг ч ялгаварладаггүй, өөр дээр нь ирж эрдэм сурах гэсэн хүнийг баяртайгаар хүлээж авдаг хүн.
Жан Сюань гаднаас харахад эрдэм номын мөр хөөсөн, хэмжээгээ мэддэг залуу шиг байсан болохоор Хуан Юй түүнийг даруу суралцах хүн гэж боджээ. Тиймээс багштанд таалагдана гэж үзээд энд авчирсан. Бүх зүйл бүтэмжтэй бол өөрийнхөө зорилгыг ч энэ далимаар биелүүлчихэж болно гэж санасан юм.
Гэтэл энэ нөхөр ингэтлээ найдваргүй байна гэж хэн санах вэ!
Хуан Юй харамссандаа дотроо шатаж байлаа.
Ийм юм болно гэдгийг мэдсэн бол анхнаасаа л татгалзах байж. Яах гэж өөрөө замчлан авчраад гай тарьчихав аа...
Хуан Юй галзуурах шахаж байхад Бай Сюнь харин инээдээ барьж ядна.
Мундаг дайсан яах вэ, гахай шиг хамтрагч л хамгийн аюултай гэдэг үнэн аж.
Энэ нөхөр Лу Чэнь багштны бүтээлийг бүр «энэ чинь юу юм» гэж хэлж зүрхэллээ. Бодох ч хэрэггүй, энэ үгээрээ багштныг бүрэн гомдоосон байж таарна. Лу Чэнь өөрөө гар хүрэхгүй байсан ч энэ мэдлэггүй жаалд нэг сайн хичээл заах нь лавтай!
— Чиний хэлээд байсан эрдэмтэй, авьяастай хүн чинь энэ үү? Ятга, шатар, бичиг ном, уран зурагт бүгдэд нь гаргууд гэл үү?
Бай Сюнь аяархан инээд алдан Хуан Юйг ёжилсон харцаар харав.
Хуан Юй саяхан л Жан Сюанийг тэнгэрт тултал магтсан. Гэтэл дараагийн мөчид нь тэр ийм үг хэлчихдэг байна. Эрдэмтэй, авьяастай хүн ингэж аашлахыг чи ер нь харж байсан юм уу?
— Чимээгүй!
Чэн ахын түгшүүр, Хуан Юйн харамсал, Бай Сюний баяр хөөрөөс огт өөрөөр Лу Чэнь багштан Жан Сюаний үгэнд уурласангүй. Тэр өрөөн дэх шуугианыг таслан, Жан Сюань руу тайван харав.
— Дүү минь, яагаад ийм үнэлгээ өгснөө тайлбарлаж болох уу? Миний энэ зурагт ямар нэг асуудал байна уу?
— Энэ багштны өөрийн бүтээл гэдгийг мэдсэнгүй. Бодлогогүй үг хэлсэн бол өршөөгөөрэй!
Жан Сюань гайхсан дүр үзүүлэн яаран бөхийж уучлал хүсэв.
Тэнгэрийн Нууц Номын Сангийн бий болгосон номд энэ зургийн өө сэв төдийгүй зурсан хүний нэр хүртэл бичээстэй байсан. Тиймээс Жан Сюань үүнийг Лу Чэний бүтээл гэдгийг мэдээж мэдэж байлаа. Зүгээр л зориуд мэдээгүй дүр үзүүлж байгаа нь энэ.
— Зүгээр ээ. Энэ бол ердөө л нэг зураг. Би чамаас зургийн давуу, сул талыг үнэл гэсэн болохоос зурсан хүнийг нь үнэл гэсэнгүй! — Лу Чэнь багштан гараа дохив.
— Багштан ингэж хэлсэн юм чинь санаа амарлаа!
Жан Сюань инээмсэглээд зургийг дахин нэг харснаа,
— Зөвхөн энэ зургийг яривал, багштны өөрийн бүтээл байсан ч миний үнэлгээ өнөөх найман үг хэвээрээ. Ямар ч утга алга, энэ чинь юу юм! — гэв.
Хуан Юй, Чэн ах хоёр гаднаа тайван харагдавч дотроо сандарч үхэх шахаж байлаа.
Өөрийнх нь бүтээл гэдгийг мэдчихээд байж ингэж хэлдэг. Жаал аа, чи галзуурчихсан юм уу?
— Гэхдээ...
Жан Сюань түр азнав.
— Гэхдээ яасан?
— Гаднаас нь харвал энэ зураг үнэхээр онцгой зүйлгүй. Гудамжны аль нэг зураач ч иймэрхүү зүйл зурчихна. Үүнийг «юу юм» гэж нэрлэсэн ч хэт өндөр үнэлгээ болно! Харин гаднах өнгөнөөс нь цааш харж чадвал... энэ бол үзсэн хүнийг алмайруулах гайхалтай бүтээл!
— Гаднах өнгөнөөс нь цааш яаж харах юм? — Лу Чэнь багштан зөөлөн инээмсэглэв.
— Амархан!
Жан Сюань Чэн ах руу хараад,
— Нэг чинжаал авчирч өгч болох уу? — гэв.
— Бололгүй яах вэ!
Чэн ах Лу Чэнь багштан руу нэг харав. Татгалзсан шинж алга байгааг үзээд эргэн гарлаа. Удалгүй чинжаал авчран Жан Сюаньд өгөв.
— Тэгвэл бүдүүлэг авирласныг минь өршөөгөөрэй!
Жан Сюань чинжаалыг аваад зураг руу дөхөж, шууд хатгав.
— Чи юу хийж байгаа юм бэ?
Үүнийг харсан Бай Сюнь яаран урагш алхлаа.
— Энэ бол багштны бүтээл! Түүний зураг болгон асар үнэ цэнтэй, заримыг нь бүр үнэлж баршгүй эрдэнэ гэдэг. Гэмтээчихвэл нөхөн төлж чадна гэж бодоо юу?
Хуан Юй ч мөн түүний үйлдлийг гайхан ширтэв.
Зураг үнэлэхэд чинжаал ямар хэрэгтэй юм?
Бай Сюний зэмлэлийг үл тоон Жан Сюань өөгүй сайхан зургийг чинжаалаар зүсэв.
Ширр...
Цаас зүсэгдэх чимээ өрөөнд сонсогдож, зүссэн хэсгийн ирмэг дээш хумигдав. Жан Сюань түүнийг зөөлөн татахад зургийн дээд давхарга доод хэсгээсээ саллаа.
Барилга давхар давхраатай байдагтай адил энэ зураг ч хоёр үеэс бүтжээ. Дээд талд нь нэг давхар сюань цаас, доор нь ямааны арьс байв.
Сюань цаас бол зураг, уран бичлэг хийхэд тохиромжтой тусгай төрлийн цаас юм.
Шарр!
Дээд талын сюань цаасыг хуулж авахад доорх ямааны арьсан дээрх зураг ил болов. Тэнд ч мөн дээд цаасан дээрхтэй төстэй зураг байлаа. Гэвч энэ зураг илүү сүнслэг, дүрслэл бүр нь бүр ч амьд. Хад асга, мод бут, тосгон, хүүхдүүд нь яг одоо зурагнаас гарч ирэх гэж байгаа мэт санагдана.
— Миний таамаг зөв бол сюань цаасан дээрх зураг ердөө халхавч. Жинхэнэ зургийг будгийг хүчээр цаас нэвт цохиулан доорх ямааны арьсан дээр буулгаж зурсан байна. Багштны энэ бүтээлийн жинхэнэ нууц нь энэ!
Жан Сюань дээд цаасыг болгоомжтой хуулж дуусаад инээмсэглэв.
— Энэ...
Хуан Юй, Чэн ах, Бай Сюнь гурав бүгд нүдээ бүлтийлгэн итгэж ядан ширтлээ.
Будгийг хүчээр сюань цаас нэвт нэвчүүлж, доорх ямааны арьсан дээр зураг буулгана гэдэг өөрөө итгэмээргүй хэрэг. Тэгсэн атлаа дээрх цаасан дээрх зураг нь бас хангалттай тод хэвээр, өө сэв огт харагдахгүй байх ёстой...
Энэ арай л гайхалтай биш үү?
Хоёр зураг ямар ч зөрөөгүй давхарласан байхад Жан Сюань яаж мэдсэн юм бэ?
— Сайн байна, сайн байна!
Залуу өөрийнх нь зургийн нууцыг ийм амархан тайлчихыг хараад Лу Чэнь багштны нүд гэрэлтэв. Энэ удаа түүний Жан Сюань руу харах харц илт сайшаал, бишрэлээр дүүрчээ.
Үүний зэрэгцээ Лу Чэнь дотроо асар их цочирдсон байв.
Цаасны цаадах ямааны арьсан дээр хүчээр зураг буулгах энэ аргыг тэр саяхан л ухаарч олсон. Өмнө нь хэнд ч үзүүлж байгаагүй. Гэтэл энэ залуу ганц хараад л бүхнийг нэвт харчихлаа.
Юм таних хараа нь дэндүү хурц юм!
— Тэгвэл энэ зургийг юу гэж бодож байна?
Лу Чэнь багштан эргэж, хананд өлгөсөн өөр нэг зураг руу заав.
Түүн дээр аварга зэрлэг араатан дүрсэлжээ. Уулнаас бууж ирж буй догшин бар шиг сүртэй, хэрцгий төрх нь харах хүнийг өөрийн эрхгүй цочоохоор. Зүрх муутай хүн энэ зургийг харвал айсандаа газар суучхаад дуу ч гаргаж зүрхлэхгүй биз.
Жан Сюань урагш алхаж, зурагт зөөлөн хүрээд инээмсэглэв.
— Энэ зураг муугүй. Гэхдээ араатныхаа мөн чанарыг гаргаж чадсангүй. Миний таамаг зөв бол зураач нь энд дүрсэлсэн зэрлэг араатныг амьдралдаа хараагүй. Зүгээр л өөрийн төсөөллөөр зурсан байна!
— Энэ...
Лу Чэнь багштны бие үл ялиг чичирч, нүд нь бүлтийлээ.
Бусад хүн Жан Сюаний юу хэлснийг ойлгохгүй байж болох ч Лу Чэнь ойлгож байлаа.
Яагаад гэвэл энэ зураг ч бас түүний бүтээл.
Зураг дээрх зэрлэг араатныг Чи Сюн гэдэг. Маш ховор амьтан бөгөөд хэмжээлшгүй их хүчтэй, хамгаалалт нь бараг нэвтэршгүй. Ямар ч зэвсэг түүнийг шархдуулж чаддаггүй гэдэг.
Жан Сюаний хэлснээр Лу Чэнь энэ араатныг үнэхээр амьдралдаа харж байгаагүй. Олон ном судар уншиж, тэндэх дүрслэлд тулгуурлан төсөөлж байж энэ зургийг зурсан юм.
Энэ бол Лу Чэний хамгийн их бахархдаг бүтээлүүдийн нэг. Тиймээс ч зочны өрөөний яг голд өлгөсөн байлаа. Тоо томшгүй олон уран зургийн мастер энд ирж үзээд сүрлэг, яг амьд мэт хэмээн магтаж байсан. Гэтэл энэ залуу яагаад «араатныхаа мөн чанарыг гаргаж чадсангүй» гэж хэлэв?
Өмнөх зургийн жинхэнэ нууцыг ганц хараад таньсан хүн юм чинь ийм зүйл дээрх хараа нь дээд түвшнийх байх нь гарцаагүй. Тэгээд ч ганц зураг хараад өөрийг нь Чи Сюнийг хэзээ ч үзээгүйг хүртэл мэдчихлээ.
Тиймээс ингэж хэлсэн нь цаанаа учиртай байж таарна!
— Яг юун дээр нь араатны мөн чанар дутсан байна вэ? Надад тайлбарлаж өгч болох уу?
Энэ мөчөөс Лу Чэнь багштанд өмнөх шигээ дээрээс харсан өнгө огт үлдсэнгүй. Тэр яаран, чин сэтгэлээсээ асуув.
— Аан?
Өөрсдийг нь тоо томшгүй удаа шалгаж, хариу олох гэж толгойгоо гашилгаж явсан хааны багш хорь ч хүрээгүй залуугаас ингэж даруухан зөвлөгөө хүсэхийг хараад Хуан Юй, Бай Сюнь хоёр бие бие рүүгээ ширтэв.
Хоёул ухаан алдах шахлаа.
Ялангуяа Хуан Юйн нүд анивчихаа ч болив. Цочирдол нь давалгаа мэт ар араасаа нөмөрч байлаа.
Энэ нөхөр... яаж ингэж чадсан юм бэ?