Тэнгэрийн нууц номын сан

1-р анги

1-р бүлэг — Луйварчин

Сонсох

— Луйварчин! Ёстой том луйварчин!

Уурлаж хилэгнэсэн хашхираан хадаж, хэн нэгэн хөх чулуун зам дээгүүр хамаг хурдаараа зугтах хөлийн чимээ сонсогдов.

Жан Сюань хоёр гараа аргаа барсан янзтай дэлгэлээ.

— Би луйварчин биш ээ. Энэ академийн багш байна... Зүгээр л чамайг шавиа болгох гэсэн юм! Тэгээд луйварчин гэчихээд заавал “том” гэж тодотгох ямар хэрэгтэй юм бэ? Сонссон хүн намайг өршөөж болшгүй гэмт хэрэгтэн гэж бодох нь байна шүү дээ...

Ингэж бувтнаснаа тэр захирлын хэлсэн үгийг эргэн санав.

— Ингээд арван долоо дахь нь! Өнөөдөр ч гэсэн ганц шавь олж чадахгүй бол маргааш юмаа баглаад явахаас өөр аргагүй боллоо!

Жан Сюань уг нь энэ ертөнцийн хүн биш.

Өмнөх амьдралдаа тэр ердийн нэгэн ахлах сургуулийн номын санч байв. Түүний санаж байгаа хамгийн сүүлчийн зүйл нь дүрэлзсэн их гал...

Тэгээд л дууссан.

Дахин нүдээ нээхэд аль хэдийн энэ ертөнцөд ирчихсэн байлаа.

Энэ ертөнц яг л зохиолуудад гардаг шиг, тулааны бясалгалыг дээдэлж, хүчтэй нь ноёлдог газар ажээ.

Анх энд ирэхдээ Жан Сюань өөрийгөө ямар ч авьяасгүй хог шаар болж таараад, сүйт бүсгүйдээ хаягдана гэж төсөөлж байв. Тэгээд хамаг хүчээрээ бясалган өсөж, өөрийг нь басамжилсан хүмүүсийн нүүрэн дээр хариуг нь барьж, тэр цагаас хойш амьдрал нь дардан үргэлжлэх байх гэж боджээ...

Даанч хэтэрхий их юм төсөөлсөн бололтой.

Энэ ертөнцөд ирээд тэр өөрийгөө сурагч биш харин...

багш болсныг мэдсэн юм!

Тэр тусмаа академийн хамгийн өрөвдөлтэй багш!

Бусад багшийн хичээлд суудал олдохгүй болтлоо сурагчид шавдаг байхад түүний ангид ганц ч хүн байсангүй. Арай гэж хэдэн шинэ сурагч оруулж ирэхээр нь нөгөөдүүл нь түүнийг “луйварчин” гэж дуудчихаад зугтаана!

Шалтгаан ч байсан юм.

Энэ биеийн өмнөх эзэн академийн хамгийн сул дорой багш байснаас гадна хэний авьяастай, хэний авьяасгүйг ч олигтой ялгаж чаддаггүй байжээ.

Гэхдээ хамгийн ноцтой нь...

Нэг сурагчдаа буруу зааснаас болж бясалгал нь хяналтаас гарч, хий нь буруу эргэхэд хүргэсэн байв!

Энэ бол эмч хүний нэр дээр өвчтөн нь нас барсан хэрэг бүртгэгдэхтэй л адил зүйл.

Үүнээс болж нэр хүнд нь шалдаа бууж, хүн бүр түүнээс цэрвэх болжээ. Шинээр элссэн сурагчид хүртэл түүний гарт орчихвол өөрсдөө ч өнөөх сурагч шиг болох вий гэж айгаад аль болох холуур явдаг байв.

Ийм муу түүх дээр нь шавьгүй явдал нэмэгдэж, өнгөрсөн жилийн Багшийн мэргэшлийн шалгалтаар Жан Сюань бүх академидаа хамгийн сүүлд орсон юм.

Түүгээр ч барахгүй академийн түүхэнд анх удаа, бас цорын ганц удаа...

тэг оноо авсан багш болжээ.

Үүндээ гутарсан өмнөх Жан Сюань уй гашуугаа архинд живүүлэхийг оролдсоор эцэст нь хүссэндээ хүрч, хорвоог орхисон байв.

Ингэснээр энэ ертөнцөд шилжин ирсэн Жан Сюаньд түүний биеийг эзлэх боломж гарсан хэрэг.

Шинэ хичээлийн жил эхлэхэд академийн зүгээс түүнд сүүлчийн анхааруулга өгчээ.

Энэ жил ганц ч сурагч өөрийн хичээлд элсүүлж чадахгүй бол багшлах эрхийг нь цуцална!

Өнөөдөр гэхэд түүний ангийн хажуугаар арван долоон шинэ сурагч өнгөрсөн байлаа.

Гэвч нэрийг нь сонссон даруйдаа бүгд сэжигтэй этгээдтэй таарсан хүүхэд шиг хамаг хурдаараа зугтацгаав.

— Ингэхээр ямар нэг аргаар нэгийг нь ч болов аргалахаас өөр арга алга даа!

Яаж хүн оруулж ирэх вэ гэж бодож суутал ангийн үүдээр төөрөлдсөн бололтой нэгэн охин цухуйв.

— Уучлаарай, энд Лу Сюнь багшийн анги мөн үү?

Охин хөөрхөн, цэвэрхэн төрхтэйгээс гадна дуу хоолой нь ч тун ялдам ажээ.

Лу Сюнь бол академийн хамгийн алдартай багш нарын нэг. Түүний хичээл байнга дүүрэн байдаг төдийгүй нэр алдрыг нь сонсоод зориуд энэ академид элсэхээр ирдэг хүн ч тоо томшгүй.

“Энэ охиныг л авна даа!”

Урхинд нь өөрөө ороод ирсэн хүн байгааг хараад Жан Сюаний нүд гэрэлтэв.

Өмнөх амьдралдаа харж, сонсож явсан сүр үзүүлэх элдэв аргаа санан тэр сандал дээрээ тайван сууж, хорвоогийн явдлыг нэвт харсан их мэргэн мэт царай гаргалаа.

— Чи Лу Сюнь багшийн шавь болохыг хүсэж байгаа юм уу?

Охин тасралтгүй толгой дохив. Хар нүдэнд нь бишрэл тодорно.

— Лу Сюнь багш бол Хунтянь академийн хамгийн мундаг багш гэж би сонссон. Түүний заасан сурагч бүр бусдаас онцгой байдаг гэсэн. Хичээлд нь орох нь өөрөө нэр төрийн хэрэг шүү дээ!

— Цуу яриа болгон үнэн байдаггүй юм. Багш гэдэг гуталтай адил. Хэчнээн сайн байсан ч чамд таарч байна уу гэдэг л хамгийн чухал!

Жан Сюань их л учир мэдэх хүн шиг үргэлжлүүлэв.

— Хичээлээ хэчнээн сайн заадаг байлаа ч түүний онол чиний бясалгаж байгаа аргатай нийцэхгүй бол ахиж дэвшихэд чинь тус болохгүй. Харин ч хүч чинь буурч мэднэ. Эсрэгээрээ нэр алдартай биш багш байсан ч заах арга нь чамд яг тохирдог бол маш хурдан ахиж, бясалгалын түвшин чинь огцом дээшилж болно!

— Үнэхээр тийм гэж үү... Манай ах ч бас үүнтэй төстэй зүйл хэлж байсан!

Охин хэсэг бодсоноо үзэсгэлэнт нүдэнд нь эргэлзээ тодорлоо.

— Гэхдээ надад ямар багшийн хичээл тохирохыг би мэдэхгүй юм...

“Дэгээнд орлоо!”

Жан Сюаний нүд гялсхийв.

Тэр хэсэг зуур түгдэрэн бодлогоширсон дүр үзүүлэхэд Карл Маркс, Фридрих Энгельс мэтийн их сэтгэгчдийн дүр толгойд нь ээлж дараалан орж ирэв.

Тэгээд их л хэцүү шийдвэр гаргаж байгаа мэт царайлан,

— Бид ингэж таарсан нь ч бас хувь тавилан биз. Ингэе. Би ч энэ академийн багш. Чиний биеийн суурь, авьяас, зан чанарыг нэг харж үзээд, ямар багш чамд тохирохыг зөвлөж өгье!

— Тэгвэл танд төвөг удчих нь ээ, багш аа!

Санамсаргүй таарсан багш нь ийм тусархуу хүн байна гэж охин огт бодоогүй бололтой. Баярласандаа бушуухан толгой дохив.

— За, эхлээд бясалгалаа нэг үзүүл дээ!

Жан Сюань нүдээ хагас аниад, ийм зүйл түүнд ер сонин биш мэт царайлав.

— За!

Хүүү!

Төд удалгүй охины цохилтоос үүссэн салхи тасалгааг исгэрүүлэв.

Сүнслэг энерги түүний биеийг тойрон давалгаалан хөдөлнө. Энерги нь сарниж бутралгүй биед нь нягтран, хүчирхэг атлаа дотроо хураагдсан байгаагаас харахад охины суурь үнэхээр сайн ажээ.

Охин цуврал цохилтоо дуусгамагц Жан Сюань сэтгэл хангалуун толгой дохив.

— Муугүй. Чи бэлтгэлээ их хичээнгүйлэн, тууштай хийдэг юм байна. Суурь чинь бат, авьяас чинь ч дээд зэргийн. Тийм ч амархан таарахгүй суут авьяастан байна шүү!

Үнэндээ Жан Сюань дэлхий дээрх мэргэч төлөгчдийг дуурайж байлаа.

Хэлсэн үг бүр нь аль ч талаас тайлбарлаж болохоор ерөнхий тул сонссон хүн өө сэв олж чадахгүй. Харин ч “яаж ингэж яг хэлэв?” хэмээн гайхахад хүрнэ.

— Ялангуяа хөлний чинь хүч тун онцгой. Мушгирсан луу мэт эрчтэй, хөдөлгөөн бүр чинь догшин мөрний урсгал шиг хүч дүүрэн байна. Цаашдаа хичээнгүйлэн бэлтгэвэл ирээдүй чинь гарцаагүй гэрэлтэй...

— Багш аа, миний хөл гэмтэлтэй. Эмч бараг тахир дутуу болсонтой адил гэж хэлсэн...

Охин түүний яриаг таслан, сэжиглэсэн харцаар ширтэв.

— Гэмтэлтэй...

Жан Сюаний нүүр халуу оргилоо.

Гэхдээ арьс нь хангалттай зузаан тул гаднаас нь бараг анзаарагдсангүй.

Тэр шууд л үргэлжлүүлэн бурлаа.

— Намайг үүнийг анзаараагүй гэж бодоо юу? Чамайг хүчээ гаргах тэр мөчид л мэдсэн! Би яагаад хөл чинь онцгой гэж хэлсэн бэ гэхээр... Эвдэрч сүйрсний дараа л шинээр төрөх боломж бий! Хөл чинь гэмтсэн ч үүний цаана хэний ч төсөөлөөгүй боломж нуугдаж байна. Үүнийг зөв ашиглаж чадвал хөлний техник чинь ирээдүйд чиний хамгийн том давуу тал болно. Бусад хүн атаархаж харахаас өөр юу ч хийж чадахгүй!

Ямартай ч одоохондоо охиныг өөрийн шавь болгох нь л чухал.

Хэдэн сайхан үгээр итгүүлж чадах юм бол болтол нь л ярина!

— Боломж гэж үү? Багш аа, ямар боломж юм бэ?

Охины нүд гялалзав.

Хөлөө гэмтээснээс хойш тэр өөрийгөө бусдаас дутуу хэмээн үргэлж голж явжээ. Гэтэл энэ гай зовлонгийн цаана аз завшаан нуугдаж байна гэж огт төсөөлсөнгүй.

— Энэ боломжийг атгаж чадвал чи нэг мөсөн оргилд хүрч чадна. Шинэ сурагчдын дундаас тэргүүн болно гэдэг ч хэцүү биш! Эцсийн эцэст чиний авьяас ер бусын. Түүхэнд ч ховор төрөх суутан байна. Гэхдээ...

Жан Сюань ам хуурайгүй ярьсаар байлаа.

Одоо түүнд “Буддагийн Алга” гэсэн нууц судар гаргаж ирээд зарах л дутаж байв.

Тайлбар: Энэ нь Kung Fu Hustle киноны ишлэл.

Өөрийгөө шинэ сурагчдын тэргүүн болж чадах суут авьяастан гэж сонсоод охины хацар улайжээ.

— Гэхдээ яах вэ?

— Гэхдээ...

Жан Сюань үнэт авьяас дарагдан алга болох гэж байгаа мэт харамсан санаа алдав.

— Ийм боломжийг олж харж чадах багш энэ академид тун цөөхөн. Надтай нийлээд ердөө гуравхан хүн бий. Нөгөө хоёр нь гурван жилийн өмнөөс шинэ шавь авахаа больчихсон. Тийм болохоор... тэднээс чамайг авна уу гэж гуйхад ч хэцүү байх болов уу...

— Шинэ шавь авахаа больсон гэж үү?

Дөнгөж найдвар төрөөд байсан охины царай тэр дороо барайлаа.

Гэтэл гэнэт нэг зүйл санасан мэт,

— Тэр хоёр шавь авахгүй юм бол... багш аа, харин та шавь авч байгаа юу?

— Мэдээж авч байгаа. Гэхдээ чи харж байгаа биз дээ. Би нэр алдар, эд хөрөнгийг төдийлөн тоодоггүй хүн. Тэгээд ч зав чөлөө бага...

Жан Сюань ихэд эргэлзсэн дүр үзүүлэв.

— Зүлгэж өнгөлөхөд үнэт хаш болох хүн биш л бол зам таарлаа гээд би хэнийг ч хамаагүй шавиа болгодоггүй юм...

Пад!

Үгийг нь дуусгаж амжаагүй байтал охин өвдөг сөхрөн мөргөв.

— Багш таныг нэр алдар хөөдөггүй эрхэм хүн гэдгийг ойлголоо. Гэхдээ намайг шавиа болгон аваач! Би хичээнгүйлэн бэлтгэл хийж, таны нэрийг хэзээ ч гутаахгүй!

Жан Сюаний дотор баяр хөөр буцалсан ч нүүрэндээ мөнөөх л дурамжхан төрхөө хадгалав.

— Бидний хооронд хувь тохиол байгаа бололтой. Гэхдээ... чи өөрөө харж байгаа биз дээ. Би нам гүм орчинд дуртай хүн...

— Би таны шавь болбол зайлшгүй хэрэг гараагүй цагт багшийн амгалан тайван байдлыг хэзээ ч алдагдуулахгүй!

Түүнийг зөвшөөрөхгүй байх вий гэж айсан охин чин сэтгэлээсээ яаран амлав.

— Надад олон шавь байхгүй. Тиймээс бусад багш шиг их хэмжээний сургалтын нөөц авч чаддаггүй. Бас намайг дагавал бусад хүмүүс чамайг элдвээр хэлж магадгүй...

Жан Сюань үргэлжлүүлэв.

— Тийм үү... Бясалгалын нөөц их чухал гэж би сонссон юм байна...

Охин эргэлзэж эхэллээ.

Багш бүр академиас авах сургалтын нөөцийн хэмжээ нь хэдэн шавьтай, шавь нарынх нь амжилт ямар байгаа зэрэг олон зүйлээс шалтгаална. Хангалттай нөөцгүй бол бясалгалаа хурдан ахиулах үнэхээр хэцүү.

— Хм-хм! Би сая чамайг зүгээр л шалгасан юм!

Охины эргэлзэж эхлэхийг хараад Жан Сюань яриаг нь тэр дор нь таслав.

— Нэгэнт чи намайг багшаа болгохоор ийм шийдэмгий, чин сэтгэлтэй байгаа юм чинь аргагүй дээ. Чамайг шавиа болгон авъя! Наад таних тэмдгээ өг!

— Ийм... хурдан уу?

Саяхан л сайтар бодож үзэх хэрэгтэй мэт байсан багш номын хуудас эргүүлэхээс ч хурдан зангаа өөрчилнө гэж охин төсөөлсөнгүй.

Гайхсан хэвээрээ Жан Сюаний багшийн эрхийг батлах хаш пайзыг гартаа авлаа. Энэ харилцааг үнэхээр баталгаажуулах эсэхээ бодож амжаагүй байтал саяхан л ихэмсэг, үг цөөн мэргэн хүний дүр үзүүлж байсан Жан Сюань гарыг нь шүүрэн авав.

Тэгээд хаанаас ч юм хурц чинжаал гаргаж ирээд хурууг нь хатгачихлаа.

Нэг дусал цус хаш пайзан дээр унав.

Вүүүн!

Пайзнаас гэрэл цацрав.

— Аа...?

Охин бүр мэл гайхчихав.

Сая багш сайн бодож үзэх хэрэгтэй гэж хэлээгүй бил үү?

Нэр алдар, эд хөрөнгөд огт шунадаггүй гэсэн биз дээ?

Тэгтэл яагаад хөдөлгөөн нь ийм хурдан байгаа юм?

Тэр ч байтугай...

чинжаалаа хүртэл урьдчилаад бэлдчихсэн байсан юм уу?

— Одооноос чи миний шавь!

Цусаар баталгаажуулах ёслол дууссаныг хараад Жан Сюань сая нэг санаа амрав.

Тэгээд тэр дороо ертөнцийн явдлыг үл тоосон их мэргэн хүний дүрдээ буцан орж,

— Чамайг хэн гэдэг вэ?

— Багш аа, намайг Ван Ин гэдэг!

Нэгэнт гаргасан шийдвэрээсээ буцах аргагүй болсныг мэдсэн охин өөр юм хэлэлгүй толгой дохив.

— За. Таних тэмдгээ аваад ор дэрний хэрэгсэл, номнуудаа очиж аваарай. Замдаа байрлах өрөөгөө ч олчих. Хичээл маргааш эхэлнэ. Энд хүрээд ирээрэй!

Жан Сюань гараа хайхрамжгүй дохив.

— За, багш аа!

Ван Ин толгой дохиод эргэн гарч одлоо.

— Хүүү! Ямартай ч нэг хүнийг аргалж байгаад шавиа болгож чадлаа!

Ван Ин үнэхээр шавь нь болсныг баттай мэдмэгц Жан Сюань уртаар амьсгаа аваад инээмсэглэв.

Үнэхээр амар ажил биш юм!

Өмнөх амьдралдаа интернэтээс сурсан сүр үзүүлэх элдэв аргууд байгаагүй бол өнөөдөр амжилтад хүрэх хэцүү байлаа.

Одоо нэг ч гэсэн шавьтай болсон тул академиас хөөгдөх аюулаас мултарна.

Жан Сюаний цээжин дээр дарж байсан хүнд чулуу авагдах шиг болж, бие сэтгэл нь тэр дороо хөнгөрөв.

Үүнтэй зэрэгцэн түүний ухамсрын гүнд үлдэж, тархинаас нь зууралдан салаагүй байсан өмнөх эзний хүсэл хорсол ч аажмаар замхран алга боллоо.

— Санаа амар. Нэгэнт би чиний биеэр энэ амьдралыг үргэлжлүүлэх болсон юм чинь чиний өмнөөс ч гэсэн сайн амьдарна аа!

Өмнөх Жан Сюань ганц ч шавьтай болж чадаагүйдээ харамсан үхсэн учраас энэ ертөнцөд маш хүчтэй хоргодол үлдээжээ.

Харин одоо түүний нэр дээр шавьтай болсон тул тэр сүүлчийн харамсал ч ариллаа.

Энэ мөчөөс эхлэн Жан Сюань энэ биеийг жинхэнэ утгаар нь бүрэн эзэмшсэн гэж хэлж болохоор болов.

Бүүүм!

Биеэ бүрэн хянаж чаддаг болмогц Жан Сюань дахиад хэдэн сурагч аргалж оруулж ирэх тухай бодож эхлэв.

Гэтэл гэнэт толгой дотор нь хүчтэй доргиж, эртний их хонх цохих мэт сүрлэг дуу цуурайтлаа.

“Тэнгэр газар өршөөлгүй, хамаг амьтныг нохой мэт үзнэ...”

“Нар жаргаж, сар хорогдоход тэнгэр газарт өө сэв тодорно...”

Бүүүм!

Учир битүүлэг, гүн гүнзгий үгс ар араасаа цуурайтаж, Жан Сюаний толгой эргэн манарав.

Дараагийн мөчид түүний оюун санаанд аварга том ордон бий боллоо.

Ордны дээр дөрвөн үг нүд гялбам гэрэлтэнэ.

ТЭНГЭРИЙН НУУЦ НОМЫН САН

Жан Сюань хаалгыг түлхэн дотогш орлоо.

Өндөр сүрлэг номын тавиурууд эгнэн үргэлжилж, дээр нь төрөл бүрийн ном өрөөстэй байв.

Нэг хараад төгсгөлийг нь ч олж харах аргагүй.

— Энэ чинь өөр ертөнцөд шилжин ирсэн хүмүүст өгдөг тусгай бэлэг нь юм уу? Номын сан гэж үү? Новш гэж, би өмнөх амьдралдаа номын санч байсан шүү дээ! Энэ ертөнцөд ирчихээд дахиад л номын санч хийх юм биш биз?

Бусад хүмүүс өөр ертөнцөд ирэхээрээ нууцлаг өвгөн мастер, систем эсвэл төрөл бүрийн дийлдэшгүй эрдэнэс авдаг байхад...

түүний авсан тусгай бэлэг нь номын сан гэнэ ээ?

Жан Сюаний нүд харанхуйлах шиг болж, ухаан алдахад тун ойрхон байлаа.

Номын сан?

Тэгээд үүгээрээ яах юм?

Ирээдүйд хүнтэй тулалдахад нөгөө хүн нь өөдөөс нь сэлэм шидвэл...

өөрөө ном шидэж байлдах хэрэг үү?

— Ямар номууд байдгийг нь харъя.

Аргаа барсан Жан Сюань энэ номын сан яг ямар хэрэгтэй болохыг мэдэхийн тулд тавиур дээрх нэг номыг авахаар гараа сунгав.

Гэвч...

гар нь номын тавиурыг шууд нэвтлэн гарч, хоосон агаараас өөр юу ч атгасангүй.

— Намайг тоглоод байгаа юм уу? Номын сан өгчихөөд номноос нь ганцыг ч авч уншуулдаггүй. Тэгвэл надад үүнийг өгсөн нь ямар учиртай юм бэ?

Жан Сюань бүр хэлэх үггүй болов.

Уйлмаар санагдсан ч...

нүднээс нь нулимс ч гарсангүй.

Тайлбар: Emperor Haotian буюу Хаотянь хаан нь Күнзийн сургаалын ойлголтоор тэнгэрийн доорх бүхнийг захирдаг Хань үндэстний дээд тэнгэрлэг оршихуй юм.

1-р анги дууслаа

Алдаа мэдэгдэх

Тэнгэрийн нууц номын сан1-р анги · Унших

Алдааны мэдээлэл илгээхийн тулд бүртгэлээрээ нэвтэрнэ үү.

Нэвтрэх
ӨмнөхДараах