Ийм эмх замбараагүй Их зэлүүд нутгийн овгуудын дунд нэгэн овог хэрхэн оршин тогтнож чаддаг вэ? Үүнийг тэднийг холбосон цусан холбоо л боломжтой болгодог. Энэ холбоо үгүйсэн бол хүн бүр ганцаараа тэмцээд удаан тэсэхэд бэрх.
Энэ хооронд Ян Жиньхэ болон Улаан хувцаст дээрэмчдийн бүлгийн хоорондох хэлцэл эгзэгтэй шатандаа тулжээ.
«Гуравдугаар эзэн Лю, сүнслэг чулууг тоолоод үзээрэй» хэмээн Ян Жиньхэ гараа ардаа үүрэн зогсов. Тэр бөхөлзөж долигносонгүй, бас бардамнан сагсуурсангүй; дээрэмчдийн сүрдүүлэгт өөрийн нэр хүндийг дарагдуулсангүй.
Ингэхээс өөр аргагүй байлаа. Учир нь эдгээр дээрэмчид сул доройг дээрэлхдэг хүмүүс байв. Өөрийгөө айж сүрдсэн янзтай харуулах тусам тэд чамайг амархан олз гэж үзнэ.
Гуравдугаар эзэн хадгалах уутан дахь сүнслэг чулууг хараад, гартаа жинлэн үзэж, дараа нь нягтлан шалгаснаа уулга алдан, «Ян тэргүүн үнэхээр үгэндээ хүрдэг эр хүн юм. Таван мянган сүнслэг чулууг манай Улаан хувцаст дээрэмчдийн бүлэг хүлээн авлаа» гэв.
«Хүлээж авсан юм чинь танай Улаан хувцаст дээрэмчдийн бүлгийнхэн явж болох уу?» гэж Ян Жиньхэ тайвнаар асуув.
Ян Жиньхэ ч бай, Ян овгийн бусад хүмүүс ч бай, тэд
Улаан хувцаст дээрэмчдийн бүлгийг Ян Жиньхэ ч, Ян овгийн бусад хүмүүс ч гай зовлон гэж үздэг байв. Тиймээс тэднийг аль болох хурдан явуулахыг хүсжээ.
Гэвч тэдний хүссэнээр болсонгүй. Улаан хувцаст дээрэмчдийн бүлэг тэр дороо явах бодолгүй бололтой байв.
«Хэхэ, Ян тэргүүн, юунд ингэж яарна вэ? Өнөөдөр Ян овгийн Эрийн цээнд хүрсний ёслол үнэхээр хөл хөдөлгөөнтэй болж байна. Манай Улаан хувцаст дээрэмчдийн бүлэг ч бас нийлж цэнгэвэл ямар вэ?» хэмээн Гуравдугаар эзэн нүдээ онийлгон, хар шарласан шүдээ ярзайлгаж, хорон зальтай инээмсэглэв.
Ян Жиньхэгийн царай үл ялиг хувирав.
Гэсэн ч тэр овгийн тэргүүн байсан тул удалгүй тайвнаар, «Гуравдугаар
эзэн Лю, манай жижигхэн сүмд таныг багтаахгүй нь» гэв.
Ян Жиньхэний илт дайсагналыг Гуравдугаар эзэн тоосонгүй. Тэрээр, «Ян тэргүүн, зүгээр л цэнгэлдэх гэсэн юм. Та юунд санаа зовно вэ? Хаха, бид танай Ян овгийг бүхлээр нь залгичихаас айж байна уу? Шюй Хү, гарч ирээд жаал зугаал!» гэв.
«Тийм ээ, Гуравдугаар эзэн!» гэж хэлээд арван гурав, арван дөрөв орчим настай нэгэн хүү ойролцоох сайхан хүлгийн нуруунаас гэнэт үсрэн буув.
Тэр хүүгийн хөмсөгний завсарт алуурчны хүйтэн харц тодорч, морин дээрэмчдийн үүрэнд төрж өссөн нь илт байлаа. Сайхан хүлгээс үсрэн буухдаа тэр эргэн тойрноо хүйтнээр гүйлгэн харлаа.
Залуу Шюй Хүгийн дэргэд Ян овгийн залуусын сүр сүлд ч дорой харагдав.
Гуравдугаар эзэн ярзайн инээгээд, «Ян тэргүүн, танай Ян овгийн Эрийн цээнд хүрсний ёслол дээр олон авьяаслаг, содон хүүхэд тодорсныг харж байна. Тэднийг бүгдийг нь гаргаж ирээд хооронд нь өрсөлдүүлбэл ямар вэ? Шюй
Хү бол миний багаас нь өөрийн гараар сургасан чадварлаг дайчин» гэв.
Үүнийг сонсоод Ян Жиньхэгийн царай гэнэт өөрчлөгдөв.
Гуравдугаар эзний санааг тэр яаж ойлгохгүй байх билээ?
Нөгөө тал түүнтэй олны өмнө ил тод арга заль хэрэглэж байв.
Шюй Хү бол яах аргагүй морин дээрэмчдийн үүрэнд төрж, багаасаа тулалдаж, хүн алж ирсэн этгээд байлаа. Тэр цөөнгүй хүний аминд хүрсэн нь лавтай. Ийм хүнийг Ян овгийн туршлагагүй залуустай яаж зүйрлэх билээ?
Ялгаа нь тэнгэр газар байлаа.
Тулааны бясалгалын түвшин нь ижил байсан ч Ян овгийн залуус хүн алж үзсэн үү, ширүүн тулаан туулж үзсэн үү?
Гуравдугаар эзэн Лю өрсөлдөөн хэмээх нэрийн дор Шюй Хүгээр Ян овгийн авьяастнуудын гар хөлийг хугалуулж, тахир дутуу болгох гэж байлаа.
«Чөтгөр ав!» Ян Жиньхэ уурласандаа судас нь бүлтийтэл хашхирлаа. «Гуравдугаар эзэн, бидэнд ийм өрсөлдөөн хэрэггүй!»
Морин дээрэмчдийн бүлгийн боломж нөхцөл Их овгуудынхаас хавьгүй дээр бөгөөд тэд авьяастнуудыг бойжуулж чаддаг байв. Тулаан эхлээгүй байхад л Ян овог аль хэдийн хагас ялагджээ.
«Яагаад болохгүй гэж? Ян тэргүүн, иймхэн хүсэлтийг минь ч хүлээж авахгүй нь үү?» Гуравдугаар эзэн нүдээ онийлгоход харгис өнгө цухалзав.
Ян Жиньхэ тэр дороо сэрэмжилж, ашиг хорын аль нь давамгайлахыг нухацтай тооцохоос өөр аргагүй болов. Ян овог дунд зиндааны овог байсан тул Улаан хувцаст дээрэмчдийн бүлгийг эсэргүүцэх ямар ч чадалгүй байлаа.
Хэрэв нөгөө тал тэдний өө сэвийг атгах юм бол Ян овог ямар ч давуу байдал олж авч чадахгүй. Ялангуяа Гуравдугаар эзэн Люгийн тулааны бясалгалын түвшнээс Ян Жиньхэ аргагүй ихэд сэрэмжилдэг байв.
Өөр аргагүй болсон Ян Жиньхэ Ян овгийн залуус руу харснаа, «Ян
Ү, чи нааш ирээд үз» гэв.
Сайтар тунгаасны эцэст Ян Ү тулааны туршлага арай ахиу гэж тэр үзжээ. Ян Ү морь уу, луус уу гэдгийг шалгах цаг болжээ.
Ян Ү өөртөө ямар аюултай даалгавар авснаа огт ойлгосонгүй. Ян Чэнь түүний олны анхаарлыг булаасан тул одоо өөрийгөө харуулж, чадвараа батлахыг тэр ихэд хүсэж байв. Ян Жиньхэгийн үгийг сонсмогцоо шууд л урагш үсрэн гарлаа.
«Тэргүүн ээ!» гэж Ян Ү хөөрсөндөө дуу алдав. Ян Жиньхэ хөмсгөө зангидан, «Энэ Шюй Хү амаргүй өрсөлдөгч. Түүнтэй тулгарахдаа маш болгоомжтой бай» гэв.
Тэр хэрэг гарвал Ян Ү-г аврахаар аль хэдийн бэлэн болсон байлаа.
Гэвч Ян Ү түүний үгийн цаад утгыг ойлгосонгүй. Харин Ян Жиньхэ өөрийг нь басамжилж байна гэж бодоод цээжээ дэлдэн, «Овгийн тэргүүн ээ, санаа зоволтгүй. Би, Ян Ү, бас зүгээр нэг амархан дийлдэх хүн биш шүү» гэв.
Ян Жиньхэ илүү үг хэлж амжаагүй байхад Ян Ү урагш алхсаар, өмнөх задгай талбайд Шюй Хүгийн өөдөөс нүүр тулан зогсов.
Үүнийг харсан Ян Жиньхэ хөмсгөө зангидлаа. Ян Ү юунд ингэж яарсан юм бэ, үгийг нь ч сонссонгүй гэж үү?
Гуравдугаар эзэн жуумалзан, «Ян овгийн тэргүүн ээ, одоо эхэлж болох уу?» гэв. «Тийм ээ, эхэлцгээе» хэмээн Ян Жиньхэ санаа алдлаа.
Түүний үг унангуут Шюй Хү салхи мэт огцом хөдөллөө.
«Ямар хурдан юм бэ!»
Ян Ү Шюй Хү ийм хурдан хөдөлнө гэж огт төсөөлөөгүй тул цочиж орхив. Аз болоход тэр цаг алдалгүй хариу үйлдэл үзүүлж, Шюй Хү довтлох мөчид биеэ хамгаалах байрлалд орлоо. Тэр хоёр гараа чангалан, салхи исгэрүүлсэн эхний довтолгоог тогтоон барив.
«Тунбэй нударга!» гэж Ян Ү гуншин, тулааны ур чадвараа гаргахыг хичээлээ. Ян Ү, Шюй Хү хоёрын тулааныг бүгд, тэр дундаа Ян Чэнь ч анхааралтай ажиглаж байв.
Ян Чэнь гараа ардаа үүрэн, тулааныг нягтлан ажиглах зуур бодол нь хурдтай эргэлдэж байлаа.
«Яг одоо надад хамгийн ихээр дутагдаж буй зүйл бол тулааны туршлага юм» гэж Ян Чэнь аяархан бувтнав.
Тэр өмнөх амьдралдаа тоо томшгүй олон ширүүн тулаан үзэж байсан. Тулааныг удирдах тал дээр түүнд дутагдах зүйл үгүй байж болох ч жинхэнэ тулааны үеэр нөхцөл байдалд дасан зохицон хариу үйлдэл үзүүлэх чадвар л түүнд хамгийн их хэрэгтэй байлаа.
Мэдээж, энэ нь юмсыг нэвт харах чадвар муу гэсэн үг биш.
Ян Чэнь толгой сэгсрээд, «Ян Ү нэг их удаан тэсэхгүй байх. Хурд, хүчний хувьд тэр Шюй Хүгээс хоёроос дээш түвшнээр дутуу. Түүнээс гадна Ян Ү тулааны ур чадварт хэт найддаг бол Шюй Хү өөр. Түүний хөдөлгөөн бүр алах зорилготой» гэв.
Ян Үгийн «Тунбэй нударга» үнэхээр хүчтэй байсан тул Шюй Хүд багагүй төвөг уджээ. Гэвч дөрөв, тавхан ээлж өнгөрөхөд Шюй Хү тэр нударганы сул талыг дорхноо олж харав.
Тэгээд Шюй Хү ирвэс мэт чиглэлээ огцом өөрчлөн, Ян Үгийн баруун талд гарч ирлээ.
Аюулыг олж харсан Ян Жиньхэ сэрэмжлүүлэн хашхирлаа.
Гэвч түүний анхааруулга арай л оройтсон байв.
«Пад!»
«Аа!» Ян Ү биеэ зөв хамгаалж амжилгүй, Шюй Хүд гараа бяц цохиулан, тэр даруй гар нь мэдээгүй болов.
Гэвч үүгээр дууссангүй. Шюй Хү довтолгоогоо тасралтгүй үргэлжлүүлж, Ян
Үгийн баруун гарыг шүүрэн аваад хүчтэй татахад цус хаа сайгүй цацрав. Ян Үгийн баруун гар биеэсээ тасран газарт падхийн унаж, аймшигтай дүр зураг болов.
Ян Ү цааш шидэгдэн унаж, уруулаа долоож буй Шюй Хү-г айдаст автан ширтээд, чичирсэн хоолойгоор «Чи... чи Бие чийрэгжүүлэх шатны тавдугаар түвшинд хүрсэн юм байна!» гэв.
Шюй Хүгийн тулааны бясалгал үнэхээр Бие чийрэгжүүлэх шатны тавдугаар түвшинд хүрсэн байлаа.
Энэ нь Ян Жиньхэ-г ихэд цочроож, тэр «Зогс!» хэмээн хашхирлаа.
Дараагийн агшинд тэр боломжийг ашиглан гараа сунгаж, татганан орилж буй Ян Ү-г аварч чадлаа. Хэрэв Ян Жиньхэ хөдлөөгүйсэн бол Ян Ү тэнд гарцаагүй амиа алдах байв.
Эдгээр дээрэмчид хэзээ ч өршөөл үзүүлэхгүй.
Гэвч Ян Ү аврагдсан ч нэг гараа алдсан тул одоо бараг л хэрэггүй хүнээс ялгаагүй болжээ.