Ийнхүү галын сорилт өндөрлөв. Хоу Сяомэй уул өөд өгссөөр холдон явахад Тарган Жан түүн рүү харж, эрүүгээ илэн бодлогошров.
“Аяа, ямар цагаахан, залуухан, цэвэр ариухан юм бэ...” хэмээн хэлээд, дараа нь Бай Шяочунь рүү харлаа. Яг л тэр хоёрыг харьцуулж байгаа мэт.
Бай Шяочунь ч мөн холдон яваа Хоу Сяомэйг ширтэж, сэтгэл нь зөрчилтэй мэдрэмжээр дүүрсэн байв. Тэгтэл Тарган Жаны дууг сонсоод түүн рүү эргэн харвал, нөгөөх нь нүднийхээ булангаар өөрийг нь ажиглаж байлаа.
“Хөөе, чи юу хараад байгаа юм бэ?!” хэмээн тэр хашхирлаа.
Тарган Жан Бай Шяочуньий уурласанд чангаар инээгээд, сүнсний чулуу дүүрэн уут гарган сэдвийг яаран өөрчлөв.
“Нааш ир, нааш ир. Сүнсний чулуугаа тоолъё. Одоо бид баян боллоо! Ха ха ха! Үнэхээр сайхан санаа байсан шүү.”
“Тоолоод яах юм?” хэмээн Бай Шяочунь хүйтнээр хамраа дуугаргав. “Хэдэн удаа тооллоо ч доторх тоо нь өөрчлөгдөхгүй.”
“Есдүгээр дүү, чи ойлгохгүй байна. Чиний харж байгаа нь зүгээр л сүнсний чулуу. Харин тоолж байгаа зүйл чинь... амьдрал.”
Тарган Жан амьдралын гүн утгын тухай тун ховор ярьдаг байв. Түүнийг ингэж хэлэхийг сонсоод Бай Шяочунь цочирч орхив. Тэр уутыг авч, Тарган Жан шиг тоолохыг хичээсэн боловч удалгүй уйдаад буцааж өглөө.
Яг энэ үеэр галын сорилтын зам дагуу гялалзсан гэрэл дээш хөөрөв. Бүгдийн нүд эрээлжилж, хараа нь дахин тодрох үед тэд уулын бэлд буцаж ирсэн байлаа.
Галын сорилтыг хариуцаж байсан дунд эргэм насны Хүндэт харуул Бай Шяочунь болон бусдыг хараад царайд нь хачирхалтай төрх тодров. Тэр хэсэг хүлээсний эцэст толгой сэгсрээд, тэднийг үл тоов. Түүний бодлоор Зуухныхантай яахаа бүлгэм өөрөө шийдэх ёстой байлаа.
Бай Шяочунь болон бусад нь сандарч байсан ч даруй ямар ч үр дагавар гараагүйг хараад хоорондоо харц солилцон, хоолойгоо засаад Зуух руугаа яаран буцав.
Тарган Жан сүнсний чулуугаа Зууханд буцаж очтолоо дахин дахин тоолсоор байлаа. Удалгүй бусад тарган нөхөд ч баяр хөөртэйгөөр буцаж ирэв. Бүгд хоорондоо харц солилцоод, өөрсдөөрөө туйлын их бахархсан шинжтэй болов.
Олзыг хувааж авсны дараа Бай Шяочунь овоохойдоо буцаж орлоо. Тэр энэ газарт мөнх амьдрахаар ирсэн билээ. Хэрэв эмийн ургамлыг нас уртасган, насан хутгийг арвижуулах эмээр солих шаардлагагүй байсан бол сүнсний чулууны тухай нэг хором ч бодохгүй байв.
Тэр шөнө Зууханд хэн ч унтаж чадсангүй. Тарган Жан болон бусад нь гэнэт баяжсандаа дэндүү их хөөрсөн байлаа. Өмнө нь тэдний зоосны уут өрөвдмөөр хоосон байдаг байсан бол одоо ирээдүй нь гэгээлэг, сүр жавхлантай харагдаж байв. Гэсэн ч хийсэн зүйлийнхээ болзошгүй үр дагаварт санаа зовж байсан тул нойр нь хүрэхгүй байлаа.
Харин Бай Шяочунь нас уртасган, насан хутгийг арвижуулах эмийн тухай бодохоо больж чадахгүй байсан учир мөн л унтаж чадсангүй.
Маргааш нь галын сорилтын үеэр Зуухныхан замыг хаасан тухай мэдээ Сүнсний Урсгал Бүлгэмийн өмнөд эргийн зарц нарын дүүргээр түймэр мэт тархав. Удалгүй хүн бүр энэ тухай сонссон байлаа.
“Зуухныхан юу хийснийг сонсов уу?!”
“Тэд чинь галзуурчихсан юм уу? Үнэхээр ингэж чаддаг байна шүү! Тэнгэр минь! Тэд Гадаад бүлгэмд орох эрх зарсан гэнэ! Ямар дэндүү даварсан хэрэг вэ! Би яагаад үүнийг хийх тухай бодоогүй юм бол?!”
“Зуухныхан чухал ар талтай, бүлгэм дотор холбоо сүлбээ ихтэй гэж сонссон. Тэгэхгүй бол ингэтлээ уур хүргэм зүйл хийх зүрх хаанаас олох вэ?!”
Зарц нарын дүүргийн бүх хэлтэс, хүн бүр Зуухныхны талаар ярьж байлаа.
Дараагийн хэдэн өдөр Зуухныхан олны анхаарлыг татахгүйг хичээж, бүр ганцаараа гадагш гарахаас зайлсхийв. Хэд хоногийн дараах нэгэн орой Бай Шяочунь шанагаар шөл хутган, зузаан ёроолтой аягуудыг нэг нэгээр нь дүүргэж байтал гаднах замаас хөлийн чимээ сонсогдов.
“Зуухныхан бүгдээрээ нэн даруй гарч ир! Хянагчдын алба галын сорилтын үеэр болсон явдалд та нарын оролцоог шалгах тушаал авсан байна!”
Дуу цуурайтахтай зэрэгцэн Зуухны гол хаалгыг тасхийтэл өшиглөн онгойлгов.
Хаалга өшиглүүлэн нээгдэх чимээ цуурайтаж, хэд хэдэн зарц дотогш яаран орж ирэв. Тэд бүгд Хянагчдын албаны хувцас өмссөн байлаа. Тэднийг удирдан орж ирсэн хүн нь өмнө нь Шюй Баоцайтай хамт ирж байсан бадриун эр байв.
Тарган Жан, Бай Шяочунь хоёр харц солилцоод, Хянагчдын албаны түрэмгий бүлгийн өөдөөс тайван алхаж гарлаа.
“Өнөө өглөө хэрээнүүд гуагалдана гэж сонсогдож байсан юм. Тэгэхэд өнөөдөр чи хүрээд ирнэ гэдгийг мэдэх ёстой байж, Чэнь Фэй.”
Чэнь Фэй эхлээд Тарган Жан, дараа нь Бай Шяочунь рүү хүйтнээр инээн харав. Тэдний огтхон ч сандарсан шинжгүй байдал түүнийг хөмсөг зангидуулахад хүргэв.
Тэр замдаа туйлын их хөөрч явсан билээ. Зуухныхныг дарах, хоёр албаны хооронд олон жил үргэлжилсэн дайсагналыг эцэслэхэд хэрэгтэй давуу талыг эцэст нь олж авлаа гэж бодож байв.
“Ингэж тайван царайлхаа боль!” хэмээн Чэнь Фэй хүйтэн, жихүүн инээдээр хэлэв. Нүдэнд нь догшин гэрэл гялалзлаа. “Зуухныхан аа, асуух зүйл байна. Та есүүлээ зарц нараас Гадаад бүлгэмд дэвших хамгийн сүүлийн галын сорилтод оролцсон уу?”
“Оролцсон шүү,” гэж Тарган Жан хөхрөн хариулав.
“Надад үүнийг мэдэхэд л хангалттай. Баривчлаад аваад яв!”
Чэнь Фэй үгээ тойруулсангүй. Тэр баруун долоовор хуруугаа даллахад Хянагчдын албаны арав гаруй зарц төмөр гав барин яаран гарч ирээд, Зуухныхныг баривчлахаар дайрав.
Үүнийг харсан Бай Шяочунь инээж орхин хэлэв.
“Танай Хянагчдын алба бүхнийг хариуцдаг юм уу? Биднийг Гадаад бүлгэмийн шавь болох эрхгүй болгох эрх хүртэл та нарт байдаг хэрэг үү? Та нар чинь их л эрх мэдэлтэй юм байна.”
Чэнь Фэй нисдэг сэлэмтэй холбоотой саяхны явдлыг эрхгүй санав. Тэр гараа сунган бусад зарцыг зогсоогоод, нүдээ онийлгон Бай Шяочунь рүү харав.
“Дүү Бай, миний эрх мэдэлд итгэхгүй хэвээр байвал дахиад нэг асуултад хариул. Та нар галын сорилтын замын гарцыг хааж, Гадаад бүлгэмд орох эрх зарсан уу? Тийм зүйл хийснээ хүлээн зөвшөөрөх зүрх байна уу?”
“Мэдээж хүлээн зөвшөөрнө!” гэж Бай Шяочунь тайван дохин, их л дур булаам харагдан хариулав. Тэр бүр Тарган Жан болон бусад руу заагаад, “Тэд ч бас хүлээн зөвшөөрч байна” гэв.
“Тийм ээ, бид бүгд хүлээн зөвшөөрч байна. Тэгээд яах юм?!” хэмээн Тарган Жан чангаар инээв.
Чэнь Фэйгийн царай хувирав. Зуухныхан өөрсдөд нь тавьсан бурууг үнэхээр хүлээн зөвшөөрнө гэж тэр огт төсөөлөөгүй байлаа. Тэднийг удаан үргэлжилсэн, ширүүн ухааны тулааны дараа л аргагүйд хүрнэ гэж бодож байсан юм.
Гэвч үйл явдал ингэж өрнөж байгаа нь хачин санагдаж, дотор нь нэг л эвгүй мэдрэмж улам бүр төрөв. Тиймээс тэр өөр үг хэлэлгүй архиран хэлэв:
“Маш сайн. Хэргээ хүлээж байгаа юм чинь дахин асуулт асууж цаг алдах шаардлагагүй боллоо. Та нар надтай хамт Шүүхийн танхимд явна. Хэн нэг нь эсэргүүцэх юм бол бүлгэмийн дүрмийн дагуу шууд бүлгэмээс хөөнө!”
Ингэж хэлээд тэр Бай Шяочунь рүү нисэн ухасхийв. Түүний араас бусад хүмүүс ч дагалаа.
Гэвч яг тэр мөчид Бай Шяочунь баруун гараа сунган тарнийн гарын дохио үзүүлэв. Тэр даруй ханцуйнаас нь сэлмийн гэрлийн цацраг харван гарч, олон өнгийн модон сэлэм болон хувирлаа. Сэлэм хоёр талын дунд гарч ирмэгц хүнийг дарангуйлах мэт хүйтэн туяа цацруулав. Чэнь Фэй зам дундаа зог тусан, царай нь барайв.
“Бай Шяочунь, баривчлагдахыг эсэргүүцэж зүрхэлж байна уу?!”
“Ах Чэнь, Хянагчдын алба биднийг байцаах эрхтэй байж болох юм. Гэхдээ хаанаас баривчлах эрхтэй болчихов?”
“Хмф! Та нарын хүлээн зөвшөөрсөн зүйл бүлгэмийн дүрмийг зөрчиж байгаа. Мэдээж би та нарыг баривчлах эрхтэй!”
“Түр хүлээ. Бид ямар дүрэм зөрчсөн юм бэ?” гэж Бай Шяочунь нүдээ онийлгон асуулаа.
Тарган Жан болон бусад нь ч Чэнь Фэй рүү нүдээ онийлгон, хүйтнээр инээмсэглэв.
“Та нар Гадаад бүлгэмд орох эрх зарсан. Энэ нь бүлгэмийн дүрмийн ... түр хүлээ, юу гэлээ?”
Чэнь Фэй гэнэт ярихаа больж, царай нь барайв. Духан дээр нь хөлс бөнжигнөв.
Яг энэ үед тэр галын сорилтын зам дээр байхдаа Гадаад бүлгэмд орох эрх зарахыг тусгайлан хориглосон бүлгэмийн ямар ч дүрэм байдаггүйг гэнэт ухаарчээ. Эцсийн эцэст ийм зүйл хийхийг бодох хүн цөөхөн. Бодсон ч хэрэгжүүлэх зүрхтэй хүн бараг үгүй байлаа.
“Ах Чэнь, та яагаад хөлөрч байгаа юм бэ?” хэмээн Бай Шяочунь гайхсан мэт асуув. Гэвч ярих тусам дуу нь улам чангарч байлаа. “За хэл л дээ, бид ямар дүрэм зөрчсөн юм бэ? Хэлээч. Түр хүлээ, бид ямар ч дүрэм зөрчөөгүй юм биш үү? Ах Чэнь, та Шүүхийн танхимыг хуурч, хувийн өшөө хорслоо тайлуулах гэж байгаа юм биш үү? Тийм учраас биднийг шийтгэхээр энд ирсэн хэрэг үү? Ах Чэнь, таны хийж байгаа зүйл бүлгэмийн дүрмийн есдүгээр дэвтрийн арван нэгдүгээр заалтыг зөрчиж байна! Үүний шийтгэл нь маш хүнд!”
Ингэж хэлж дуусаад Бай Шяочуньий сэтгэл ихэд ханав.
“Худалч! Би...”
Чэнь Фэйгийн царай төдийгүй Хянагчдын албаны бусад зарц нарын царай ч барайв. Тэд бүгд асар том алдаа гаргаснаа ухаарлаа.
Яг тэр үед Тарган Жан хорон муухай инээмсэглэн, хоёр гараа өргөж, хурууныхаа үеийг тас няслав. Бусад таргануудын нүдэнд догшин гэрэл гялалзаж, тэд Хянагчдын албаны бүлэг рүү алхаж эхлэв.
“Чэнь Фэй, дүрэм зөрчсөн хэргийг чинь Шүүхийн танхим шийднэ,” гэж Тарган Жан хорон муухай инээмсэглэн, хүч нь оргилсон байдалтай хэлэв. “Гэхдээ яг одоо Зуухныхны эрхэмлэдэг гол хаалгыг хэрхэн нөхөн төлөхөө тайлбарласан нь дээр. Энэ хаалгыг эрт цагийн тоо томшгүй олон өвөг дээдэс маань урлах явцдаа амиа алдан байж, асар их хүч хөдөлмөрөөр урласан юм!”
Галын сорилтын барианы шугамыг хаахаар зориглосон тул Зуухныхан үүнийг хийхээсээ өмнө мэдээж бүрэн бэлтгэл хангасан байлаа. Бай Шяочунь том төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээс нэлээд эрт бүлгэмийн дүрмийг судалж үзэхийг санал болгосон юм.
“Дайр!” хэмээн Тарган Жан хашхирлаа.
Түүний уул шиг биеийг хараад Чэнь Фэй болон бусад нь тэр даруй чичирч эхлэв.
Хормын дараа хашаан дотор тулалдааны мөргөлдөх, төмөр харших чимээ цуурайтав. Харин Бай Шяочуньий бие агаарт гялсхийн гарч, хашааг хүрээлсэн хулсан хашаан дээрх өөрийнхөө байнга суудаг газарт буув. Тэр ханцуйгаа сэгсрээд, хоёр гараа ардаа хавсрав. Алсыг ширтэн, тулалдаанд оролцохыг үл тоосон ганцаардмал баатар шиг харагдаж байлаа.
“Би, Бай Шяочунь, Хянагчдын албыг нүд ирмэхийн зуур устгаж чадна...”
1. Тарган Жан Хоу Сяомэйг дүрслэхдээ Бай Шяочуньий нэрийг бүрдүүлдэг ханзтай ижил ханзнуудыг ашигласан байна.