Сарны гэрэл Сүнсний Урсгал Бүлгэмийн Анхилуун Үүлэн оргил дээр цутган бууж, уулыг бүрхсэн манангийн заримыг сарниулж, тэр бүх дүр зургийг ер бусын үзэсгэлэнтэй болгож байлаа.
Уулын зүүн талаар уруудан, хажуугийн замын төгсгөлд нэгэн хашаан дахь сууц байв. Хашаа нь өөрөө талбай шиг уудам бөгөөд цэцэг, ургамлын зөөлөн анхилуун үнэрээр дүүрчээ. Сууц нь дотроо ширээ, ортой дүнзэн байшин байв. Тэдгээрийг бүгдийг нь сайхан анхилуун үнэр ялгаруулдаг, нил ягаандуу модоор хийсэн ажээ. Энэ газар зарц нарын дүүрэгт байснаас хавьгүй дээр байв.
Хашаан дахь талбайг цэвэрлэж, тариалахад бэлэн болгосон байлаа. Бас нэг буланд нь худаг байв. Бай Шяочунь сарны гэрэлд умбасан дүр зургийг тойруулан хараад, сэтгэл хангалуун нүд нь гялалзав.
“Гадаад бүлгэмийн шавь нар бол Сүнсний Урсгал Бүлгэмийн албан ёсны шавь нар. Тийм болохоор зарц нараас хавьгүй илүү хангамж авах нь аргагүй юм байна. Энэ сууц ч үнэхээр муугүй аж. Гэхдээ ууган ах Дотоод бүлгэмийн шавь нар Үхэшгүйчүүдийн агуйд амьдардаг гэж хэлж байсан санагдана. Тэр нь ямар байдаг бол?”
Бай Шяочунь Анхилуун Үүлэн оргилын орой руу харав.
Зөвхөн Дотоод бүлгэмийн шавь нар л уулын дээд хагаст амьдрах эрхтэй байлаа.
Хэсэг хугацааны дараа тэр дүнзэн байшин руугаа орж, залхуутайяа сунгалт хийгээд, хадгалах уутаа гаргаж ирэв. Түүнийг болгоомжтой товшмогц нэгэн лонх эмийн үрэл, мөн ногоон өнгийн хүжний мод гарч ирлээ.
“Хөөх, энэ чинь үнэхээр гайхалтай юм байна шүү” гэж тэр бодов.
Тэр хадгалах уутаа энхрийлэн илээд, хэсэг зуурын дараа эмийн үрлийн лонх болон ногоон хүж рүү харав. Үрлийн лонхон дээр “Сүнс Нягтруулах” гэсэн шошго байлаа. Харин хүжний хажуу талд “Ногоон Мандах” гэсэн үгсийг сийлжээ. Тэр зарц байхдаа ч иймэрхүү зүйлс авч байсан. Ийм үрэл уувал бясалгалын суурь нь нэмэгдэж, асаж буй хүжний утааг амьсгалвал мөн адил нөлөө үзүүлдэг байв.
“Эдгээрийг шууд хэрэглэвэл дэндүү их үрлэг болно. Эхлээд сүнс сайжруулалт хийчихвэл хавьгүй дээр. Магадгүй ингэвэл бясалгалынхаа гацааг ч сэтэлж болох юм.”
Тэр асуудлыг хэсэг бодсоны эцэст шийдвэрээ гаргав. Гэвч гар дээр нь зөвхөн нэг өнгийн түлээ байлаа. Тиймээс маргааш өглөө уулнаас бууж, илүү сайныг олж авахаар шийджээ.
Шийдвэрээ гаргасныхаа дараа тэр хөлөө ачин сууж, бясалгаж эхлэв. Бясалгалын тухайд Бай Шяочунь хэзээ ч бууж өгч байгаагүй. Сүүлийн үед ахиц нь удааширсан ч өдөр бүр үүндээ цаг зарцуулсаар байлаа.
Бясалгал хийдэг бүхний зорилго нь мөнх амьдрах явдал юм. Тиймээс тэр мэдээж үүнийгээ үргэлжлүүлэн хийх байв.
Шөнө ямар ч саадгүй өнгөрч, удалгүй үүр цайлаа. Нарны гэрэл манангийн завсраар нэвт тусах нь үнэт эрдэнэсүүд тэнгэрээс бууж ирж байгаа мэт харагдана. Бай Шяочунь бүтэн шөнө бясалгасан байв. Тэр нүдээ нээгээд, Гадаад бүлгэмийн шавийн хувцсаа өмсөж, Хоу ахын урьд өдөр дурдсан Судрын асар хаана байдгийг олохоор дүнзэн байшингаасаа яаран гарлаа.
Судрын асар түүний сууцнаас нэлээд зайтай, уулын өөр талд байв. Ойролцоогоор нэг цаг алхсаны дараа тэр алсад сүндэрлэсэн олон суваргын бөөг харлаа. Тэдгээрээс гялтганасан гэрэл цацарч, бүх зүгт лугших мэт дарамт тархаж байв.
Тэр нэлээд хэдэн Гадаад бүлгэмийн шавь нартай тааралдсан бөгөөд бүгд завгүй яаран нааш цааш явж байлаа. Тэд Бай Шяочуньийг Ци Хураахын гуравдугаар түвшинд л байгааг мэдмэгцээ түүнд огт анхаарсангүй.
Бай Шяочуньд энэ нь хамаагүй байв. Гэхдээ тааралдсан шавь нарын ихэнхийн бясалгалын суурь өөрийнхөөс нь хавьгүй өндөр байсан тул тэр болгоомжтой явлаа. Заримынх нь бясалгалын суурь бүр хэт өндөр учраас огт танигдахгүй байв. Тийм хүмүүсийн эргэн тойронд үргэлж бусад шавь нар бөөгнөрөн, тэдэнтэй инээлдэн ярилцсаар алхаж харагдана.
Судрын асарт ойртох тусам шавь нарын тоо нэмэгдэж байлаа. Тэр барилгын орчимд орох гэж байтал алсхан уулын оргилуудын нэгээс гэрлийн цацраг доош нисэн буув. Түүний дотор нисдэг дискэн дээр зогссон залуу харагдана. Тэр Анхилуун Үүлэн оргилыг тойрон нисээд, дараа нь алсыг чиглэн буцав.
“Тэр чинь Шүүхийн танхимын Цянь Дажин байна! Цянь ах!”
“Цянь ах бол Дотоод бүлгэмийн шавь, бас Шүүхийн танхимын гишүүн. Тэр их алдартай! Түүнийг Ци Хураахын наймдугаар түвшний их төгсгөлийн шатанд хүрсэн, түр хугацаагаар нисэх эд зүйлс ашиглах боломжтой гэж сонссон. Ямар атаархмаар юм бэ!”
Бай Шяочунь ч атаархсан харцаар тэр зүг рүү харав. Цянь Дажин алга болсны дараа тэр дотроо санаа алдлаа.
“Нэг л өдөр би нисэж чаддаг болоод, өдөр бүр цаг гарган Анхилуун Үүлэн оргилыг тойрон ниснэ дээ!”
Тэр өөртөө догдлон бувтнасаар, цугласан олны дундуур зам гарган Судрын асар руу явлаа.
Барилга асар том байв. Нэгдүгээр давхар нь урт ширээнээс өөр зүйлгүй хоосон бөгөөд ширээний ард нэгэн өвгөн нүдээ анин бясалгаж сууна. Түүний хажуугаар өнгөрөхийг хүссэн бүх шавь нар таних тэмдгээ ширээн дээр тавина. Таних тэмдэг нь гялтганан гэрэлтсэний дараа тэд хүндэтгэлтэйгээр цааш нэвтэрнэ.
Бусдыг дуурайн Бай Шяочунь таних тэмдгээ ширээн дээр тавив. Хормын дотор таних тэмдэг гялалзахад тэр буцаан авч, бусад шавь нарыг даган шатаар хоёрдугаар давхарт гарлаа.
Энэ давхар олон тавиураар дүүрсэн байв. Тавиурууд дээр хаш хуудас, хааяа нэг хулсан бичээс өрөөстэй байлаа. Бүгд хурц гэрэл цацруулж байсан тул Судрын асарын хоёрдугаар давхар онцгой газар мэт санагдана.
Цаахна нь өөр нэгэн шат байгааг харсан Бай Шяочунь эргэн тойрноо хараад тийшээ алхав. Гэвч тэр шатанд хөлөө тавих гэтэл хөл нь ойж, буцав.
Хажууханд нь нэгэн залуу хөмсөг нь шулуун, гартаа хулсан бичээс барин сууж байлаа. Юу болсныг мэдрээд тэр толгойгоо өргөн Бай Шяочунь рүү харав.
Бай Шяочунь хамгийн дур булаам төрхөө гарган, залуугаас сониучирхсан янзтай асуулаа.
“Ах аа, тийшээ гарахын тулд ямар шаардлага хангах ёстой вэ?”
“Юу вэ, чи энд шинээр ирсэн юм уу?” гэж залуу удаанаар хариулав. “Ци Хураахын тавдугаар түвшинд хүрсэн байх ёстой.”
Ингээд тэр хулсан бичээсээ үргэлжлүүлэн уншив.
Бай Шяочунь залуу өөрт нь саад болохыг хүсэхгүй байгааг ойлгов. Гуравдугаар давхрыг мартан, хоёрдугаар давхрыг тойрон алхаж эхэллээ. Хааяа нэг хаш хуудас авч үзэх, эсвэл хулсан бичээсүүдийг сөхөж харах аж. Тэнд төрөл бүрийн ид шидийн техник байсан бөгөөд бүгд түүнд үнэхээр сонирхолтой санагдав.
Ялангуяа Галын Дао хэмээх ид шидийн техник бүр ч онцгой санагджээ.
Хэсэг хугацааны дараа тэр Нил Ци Тогоо Захирах Урлагийн хаш хуудсыг олж харав. Үүн дээр дөрөвдүгээр түвшнээс наймдугаар түвшин хүртэлх тайлбар, зураг байлаа. Тэр хурдхан шүүрэн аваад, цааш алхсаар байв.
Цаг хугацаа өнгөрч, удалгүй орой болох дөхлөө. Бай Шяочунь хоёрдугаар давхарын дал орчим хувийг үзэж дууссан бөгөөд энэ үед хүмүүсийн хөл хөдөлгөөн ч сийрэгжиж байв.
“Энэ найм үнэхээр гайхалтай юм….”
Тэр сонгож авсан зүйлсээ харан бодлоо. Тэдгээрийн нэг нь нэлээд элэгдэж муудсан хулсан бичээс байлаа. Гэвч түүнийг харсан даруйд Бай Шяочуньий нүд догдлон томорсон юм.
“Үхэшгүй Мөнх Амьдрах Техник!”
Тэр гүнзгий амьсгаа аваад, техникийн танилцуулгыг анхааралтай уншив. Энэ техникийг дээд хэмжээнд хүртэл бясалгавал хүн үхэшгүй болж, мөнх амьдрах чадвартай болох аж.
Тэр амьсгаадан, техникийн нэрийг дахин нэг хараад, энэ л түүний сонголт мөн гэж шийдэв.
Тэр анхнаасаа мөнх амьдрахын тулд бясалгал хийж эхэлсэн. Тиймээс яг ийм техникийг олсон нь хувь тавилан тэднийг нууцлаг байдлаар холбосон мэт санагдуулж байв. Тэр чин сэтгэлээсээ инээн, хулсан бичээсийг гартаа барьсаар шатаар доош буув.
Нэгдүгээр давхрын гол танхимд эргэн ирэхэд өвгөн урьдын адил ширээний ард нүдээ анин сууж байлаа. Гэвч Бай Шяочунь Нил Ци Тогоо Захирах Урлагийн хаш хуудас болон Үхэшгүй Мөнх Амьдрах Техникийн хулсан бичээсийг ширээн дээр тавьмагц өвгөний нүд аажуухан нээгдэв.
Тэр Бай Шяочуньийг дээр доороос нь ажиглахад Бай Шяочунь чичирч эхлэв. Өвгөний харц аянга шиг санагдана. Бай Шяочунь дагжин, тэр даруй хамгийн хүндэтгэлтэй царай гаргав.
Аз болоход өвгөн удалгүй Бай Шяочуньий таних тэмдэг рүү харцаа буулгав.
“Шинээр дэвшсэн шавь нар Нил Ци Тогоо Захирах Урлагийн эхний найман түвшний хуулбарыг авч болно” гэж өвгөн сөөнгө хоолойгоор удаанаар хэлэв. “Мөн хүссэн нэг техникээ сонгож болно.”
Түүний харц Үхэшгүй Мөнх Амьдрах Техникийн хулсан бичээс дээр тусахад өвгөн үл ялиг хөмсгөө зангидлаа.
“Энэ техникийн нэр гайхалтай сонсогдож байгаа ч бүрэн бус. Түүнчлэн бясалгах тусам улам хэцүү болдог. Өвдөлт нь жирийн хүн тэсэхийн аргагүй хэмжээнд хүрнэ. Дотоод бүлгэмийн шавь нарын ихэнх нь хүртэл үүнийг амжилттай бясалгаж чаддаггүй. Олонх нь бууж өгдөг. Энэ Судрын асарт нэлээд удаан байсаар ирсэн зүйл. Чи заавал энэ техникийг сонгох уу?”
Өвгөн Бай Шяочунь рүү харав.
Өвгөний үгийг сонсоод Бай Шяочунь энэ техник олон жилийн турш яг өөрийг нь хүлээн энд байсан мэт мэдрэмж авлаа. Дараа нь “үхэшгүй”, “мөнх амьдрах” гэсэн үгсийг дахин бодоход цус нь буцалж байгаа мэт болов. Тэр даруй хариулав.
“Ахмад аа, би үүнийг үнэхээр, бүр маш их хүсэж байна!”
Өвгөн түүнийг ятгахын тулд өөр юу ч хэлсэнгүй. Тэр баруун гараа даллахад хоёр ширхэг хоосон хаш хуудас нисэн гарч ирэв. Хуулбарыг хийж дуусмагц тэдгээрийг Бай Шяочуньд өгөөд, цаашид түүнд анхаарал хандуулсангүй. Өвгөн буцан бясалгалаа үргэлжлүүлэв.
Бай Шяочунь хаш хуудсуудыг хадгалах уутандаа хийв. Хүлээлт дүүрэн гялалзсан нүдээрээ тэр Судрын асараас гарч, хашаан дахь сууц руугаа буцлаа.
Түүнийг буцаж ирэхэд аль хэдийн шөнө болсон байв. Дүнзэн байшиндаа орж, тэр хөлөө ачин суун гүнзгий амьсгаа аваад, Үхэшгүй Мөнх Амьдрах Техникийн хаш хуудсыг гаргаж ирэв. Дараа нь сүнсний эрчмээ эргэлдүүлэн хаш хуудсанд орууллаа. Нүдээ анихад техникийн ид шидийн тарни оюун ухаанд нь тодрон гарч ирэв.
Нэг цагийн дараа тэр дахин нүдээ нээхэд царайд нь бодлогоширсон төрх тодорчээ.
Өвгөний хэлсэнчлэн Үхэшгүй Мөнх Амьдрах Техник бүрэн бус байв. Тайлбараас үзэхэд энэ техникийг дотоод болон гадаад хоёр аргаар бясалгана. Гадаад хэсэг нь арьс, булчин, шөрмөс гэсэн хэсгүүдэд хуваагдана.
Дотоод хэсэг нь яс болон цус байв.
Харин энэ бүрэн бус хувилбарт зөвхөн арьсаа бясалгах арга агуулагджээ. Бас бясалгах арга нь үнэхээр тарчлал мэт санагдана. Түүнчлэн үүнийг бясалгахад асар их нөөц шаардлагатай байв. Гэвч дотор нь бичигдсэн хэд хэдэн нууц ид шид бараг итгэмээргүй санагджээ. Жишээлбэл, Хоолой Няцлах Атгалт хэмээх нэгэн нууц ид шид байсан бөгөөд түүнийг ялагдашгүй гэжээ.
Бай Шяочунь хэсэг зуур тээнэгэлзсэн ч “үхэшгүй”, “мөнх амьдрах” гэсэн үгсийг дахин харав. Эцэст нь нүд нь шийдэмгий байдлаар дүүрч, тайлбарын дагуу хоёр гараараа биеийнхээ янз бүрийн хэсгийг цохиж эхэллээ.
Бай Шяочунь бусдаас хавьгүй илүү үхэшгүй мөнх амьдрахад бүхнээс илүү анхаардаг байв. Тиймээс тэр техникийн шаардсан бүхнийг яг хийж, бүтэн шөнийн турш өөрийгөө балбалаа.
Маргааш нь бүх бие нь өвдөж байв. Босох, суухын аль нь ч ялгаагүй өвдөнө. Гараа өргөхөд хүртэл өвдөнө. Гэсэн ч тэр шүдээ зуун, техникийн бичээсийн зааврыг дагасаар, өөрийгөө хүчээр хөдөлгөв.
“Өвдлөөөөөө… Суллаад дараа нь чангал… ааааааёоооо… чангалж байгаад сулла!”
Тэр техникийн нэг мөрийг давтан хэлсээр хашаандаа үсэрч, доголон явж байв. Нэг зовлонтой орилолтыг нөгөөгөөр залгуулж, нулимс нь нүүрээр нь даган урсана. Эцэст нь тэр шүдээ зуун, хэдэн сүнсний чулуу аваад уулнаас доош буулаа.
Хэрэв заавал хөдөлж явах ёстой юм бол зүгээр л гадагш гарч, Нас Уртасгах, Наслалт Нэмэх Үрэлд хэрэгтэй эмийн ургамлуудыг худалдаж авсан нь дээр гэж тэр боджээ. Хашаандаа зүгээр л дасгал хийж сууснаас хавьгүй дээр байв.
Удалгүй Анхилуун Үүлэн оргилын олон Гадаад бүлгэмийн шавь хачирхалтай дүр зураг олж харав. Царайлаг нэгэн залуу маш хачин маягаар үсэрч харайн явна. Тэр бас бараг хөөрсөн хүн шиг сонсогдохоор, хоолойныхоо чадлаар орилж байлаа.
“Аа аа, оо оо! Аа аа, оо оо! Аа… аа… аа… аа…”
Бай Шяочунь орилохыг хүсээгүй. Гэвч өвдөлт нь дэндүү их байлаа. Үнэндээ хөдөлгөөнгүй байсан ч бас өвдөнө гэдэгт тэр бараг итгэлтэй болсон байв. Гэсэн ч “үхэшгүй”, “мөнх амьдрах” гэсэн үгсийг бодох төдийд тэр эрс шийдэмгий байдлаар үргэлжлүүлсээр байлаа. Ингэсээр тэр бүлгэмийн гаднах зах хүртэл буув.
Тэр чичирсээр хэрэгтэй бүх эмийн ургамлаа, бас нэг өнгийн түлээ авлаа. Хоёр өнгийн түлээ хамаагүй үнэтэй байсан тул ганц ширхэгийг л худалдаж авав. Үүний дараа сүнсний чулуу нь дуусжээ.
Тэр шүдээ зуун, Даалгаврын албанд буцаж очоод, зарц байхдаа авсан даалгавраа хүлээлгэн өглөө. Хариуд нь Нас Уртасгах, Наслалт Нэмэх Үрлийг авчээ.
Үрэл шар өнгөтэй, эрхий хурууны хумс хэртэй хэмжээтэй бөгөөд хачин эмийн үнэр ялгаруулж байв. Бай Шяочунь үрлийг харав. Бие нь одоо ч ярьж ч чадахгүй болтлоо хүчтэй өвдөж, хөлс нь цутган бүх биеийг нь нэвт норгож байлаа.
Тэр шүдээ зуусаар Анхилуун Үүлэн оргилын шатаар өгсөв. Араасаа хөлсний мөр үлдээнэ. Бусад Гадаад бүлгэмийн шавь нар түүн рүү гайхсан, бүр үл итгэсэн харцаар харж байлаа. Эцсийн эцэст тэр ердийнхөөс хавьгүй их хөлөрч байв.
Юу болоод байгааг тэр өөрөө ч сайн ойлгосонгүй. Хашаан дахь сууцандаа буцаж ирэх үед шөнө дунд болж байлаа. Дотогш ормогцоо тэр газарт унаж, ухаан алдав.
Ухаангүй байсан ч өвдөлт шөнийн турш түүнийг хэд хэдэн удаа сэрээв. Гэвч үүрийн гэрэл тэнгэр даяар түгэх үед тэр сэрээд, өвдөлт бүрэн арилсныг ойлголоо.
“Бүрэн бус бага мөчлөг….”
Тэр техникийн танилцуулгыг эргэн санав. Хэрэв бүтэн өдөр, шөнийг ухаан алдалгүй өнгөрөөж чадвал үүнийг бүрэн бага мөчлөг гэж үзнэ. Хэрэв наян нэгэн бага мөчлөгийг дуусгаж чадвал бага эргэлтэд тооцогдоно. Үүний дараа арьс нь өөрчлөгдөж, үйл явц тийм ч их өвдөлттэй байхаа болино.
“Хэрэв энэ техник амархан байсан бол хүн бүр үүнийг бясалгаж, хүн бүр мөнх амьдрах боломжтой болох байлаа. Хэдий чинээ хэцүү байна, төдий чинээ би үүнийг бясалгана! Тэгээд би үнэхээр үхэшгүй болж, мөнх амьдарна!”
Түүний нүд шийдэмгий байдлаар дүүрэв. Мөнх амьдрах хүсэлдээ автсан байдал нь үнэхээр гайхмаар түвшинд хүрчээ.
Бие нь өвдөхөө больсон тул тэр Нас Уртасгах, Наслалт Нэмэх Үрлийг гаргаж авч ажиглав. Дөнгөж идэх гэж байтал гэнэт ямар нэгэн зүйл санасан мэт болов. Хэний ч харж байгаа эсэхийг шалгаад, дүнзэн байшин руугаа яаран орж, баруун гараараа тарнийн дохио үйлдэв. Ингэхэд яст мэлхийн тогоо гарч ирлээ.
“Үүнийг байгаагаар нь идэх нь их гарз болно. Эхлээд сүнс сайжруулалт хийсний дараа идэх нь хамгийн зөв.”
Тэр уруулаа долоогоод, хоёр өнгийн галын түлээг гарган яст мэлхийн тогооны доор асаав. Тэр даруй түлээ дөлөнд автаж, хэдхэн хормын дараа үнс болон хувирлаа. Үүний зэрэгцээ яст мэлхийн тогоон дээр хоёр гэрэлтсэн хээ гарч ирэв.
Хэсэг зуур тээнэгэлзсэний эцэст тэр Нас Уртасгах, Наслалт Нэмэх Үрлийг тогоон дотор хийв. Сүнсний эм тогоонд ормогц мөнгөн гэрэл гялсхийлээ. Бай Шяочунь үүнийг өмнө нь үзэж байсан тул царай нь огт өөрчлөгдсөнгүй. Тэр тогоо руу ширтсээр байв.
Хэсэг хугацааны дараа мөнгөн гэрэл бүдгэрч, гайхалтай нь Нас Уртасгах, Наслалт Нэмэх Үрэл дээр хоёр мөнгөн хээ тодорсон байлаа. Түүнээс ялгарах эмийн үнэр өмнөхөөсөө хавьгүй хүчтэй болжээ. Зүгээр л үнэрлэхэд сэтгэл сэргэмээр байв.
“Гурван өнгийн дөл гаргах зүйл надад байдаггүй нь харамсалтай.”
Тэр сүнсний эмийг авч амандаа хийв. Үрэл хайлмагц халуун төөнөм урсгал болон хувирч, биеэр нь нэвт урсан өнгөрлөө.
Бай Шяочуньий оюун ухаан нижигнэн, бие нь зуух мэт болов. Гэвч халуунд автаж байх зуур толгой дээрх цагаан үс нь дахин хар өнгөтэй болж эхлэв. Амьдралын хүчтэй давалгаа түүнийг нөхөн сэлбэж, хэсэг хугацааны дараа тэр хүч нь өмнөхөөсөө ч илүү болсныг мэдэрлээ. Хамраас нь бага зэрэг цус гоожив.
“Их амжилт!” гэж тэр бодоод, нүд нь томров.
Тэр даруй Нил Ци Тогоо Захирах Урлагийг бясалгаж эхэллээ. Гэвч нэг их ялгаа гарсангүй. Эцсийн эцэст энэ сүнсний эм нь сүнсний эрчмийг бус, амьдралын эрч хүчийг нөхдөг байв. Хамраас нь улам их цус урсаж, доторх халуун урсгал нь тэлсээр байлаа. Тэр яг хагарахын даваан дээр ирсэн хийлдэг бөмбөлөг шиг санагдав. Бай Шяочунь алмайрч орхив.
Үнэндээ сүнсний эмд хоёр дахин сайжруулалт хийсэн нь өмнөх бүхнээс хавьгүй давсан, илүү үнэ цэнтэй үр дүнг бий болгожээ. Бай Шяочуньий Ци Хураахын гуравдугаар түвшний бясалгалын суурь үүнийг тэсэх чадваргүй байв.
Энэ эгзэгтэй мөчид тэр гэнэт Үхэшгүй Мөнх Амьдрах Техникийг саналаа. Тэр даруй үсрэн босож, өөрийгөө чадлынхаа хэрээр хүчтэй цохиж эхлэв.
Тас няс хийх чимээ гарч, халуун төөнөм урсгал сарниж эхэллээ. Бай Шяочунь зогсохоос огт зүрхэлсэнгүй. Урсгал бүрэн арилах хүртэл бүтэн цаг өнгөрөв. Тэр дэндүү их өвдсөнөөс газарт унан, амьсгаадан байлаа. Гэсэн ч урьд урьдынхаас илүү догдолсон харагдаж, нүд нь хурц гэрлээр гялалзаж байв.
“Энэ нь сүнс сайжруулалттай холбоотой ч гол зүйл нь тэр сүнсний эм байжээ. Сүнсний эм… үнэхээр гайхамшигтай юм…. Сүнсний эрчмийг нэмэгдүүлж чадна, бас наслалтыг уртасгаж чадна…. Тэгвэл хүнийг мөнх амьдруулж чадах төрлийн эм байдаг болов уу!”
Тэр энэ тухай бодох тусам улам догдолж, нүднийх нь гэрэл улам хурц болж байв.
“Анхилуун Үүлэн оргил эм найруулагчдыг бэлтгэдэг юм байна….”
“Тэгвэл би эм найруулагч болно. Би… Мөнх Амьдруулах, Үхэшгүй Болгох Үрэл хийнэ!”
Бай Шяочунь амьсгаадан, сүнсний эмд төрсөн сонирхол нь урьд өмнө байгаагүй түвшинд хүрчээ.