Мэн Хао урд талд тусламж гуйн орилох хүнийг харлаа. Тэр тавцангаас бууж амжаагүй байхад аварга эрийн нисдэг илд хүзүүг нь нэвт сүлбэв.
Цус цацарч, өнөөх хүн газар унан татвалзсанаа сүүлчийн амьсгалаа гаргаад үхэв.
Аварга эр түүний орон зайн уутыг шүүрч аваад эргэн Нийтийн бүс рүү алхлаа.
Мэн Хао энэ аймшигтай дүр зургийг дуугүй ажигласнаа тавцан дээрх бусад тулааныг ширтэв. Аллага хядлагын чимээ салхинд тээгдэн ирж, цусны хурц үнэр хамар сэтлэм ханхална.
— Энд нэг шөнийн дотор баяжиж болох юм байна. Гэхдээ аюул нь ч хэтэрхий их. Бясалгал, Сүнсний чулууны төлөө хүмүүс амиа тавьж байна. Нэг их ашигтай наймаа биш дээ.
Мэн Хао хөмсгөө зангидав.
Бясалгалын түвшин нь Ци Нягтруулах шатны гуравдугаар түвшний оргилд бараг хүрсэн ч дээрх нөхцөл байдал дэндүү эмх замбараагүй байлаа. Ганцхан алдаа гаргахад шархдаж, дээрэмдүүлэхэд амархан. Хэрэв тэгвэл бясалгалд нь удаан хугацааны хор уршигтай.
Тэр орон зайн уутандаа бараг Сүнсний чулуу үлдээгүйг бодов. Урсгалаас сар бүр тараах чулуунд найдаад байвал хэдэн жил хүлээхийг хэн мэдлээ.
Ингэж бодсоор тавцан дээрх бясалгагчдыг дахин ажиглав. Хүн бүр ширүүн тулалдаж, бараг бүгд шархадсан байлаа.
Гэнэт Мэн Хаогийн нүд гялсхийв.
Нэг санаа төржээ.
Тэр санаа нь бодох тусам улам тодорч, нүд нь улам гэрэлтлээ. Мэн Хао эргэн яаран алхав. Өмнөд уул дахь Үхэшгүйсийн Агуй руу бус, Гадна хүрээний төв хэсэг рүү чиглэв.
Төв талбайг тойрон явсаар эцэст нь нэгэн барилгын өмнө хүрч ирлээ.
Барилга эртний хийцтэй харагдана. Эргэн тойронд эм тангийн анхилуун үнэр ханхална. Үүдний дээр гурван том үсэг сийлсэн байв.
Үрлийн Урлан.
Мэн Хао энд анх удаа ирж байгаа биш.
Гадна хүрээнд орсныхоо эхний сард нэг удаа ирж, худалдаалдаг янз бүрийн үрлийг нь сонирхож байжээ. Тэр үед хэд хоног өлсөхгүй байлгадаг Өл Дарах Үрэл байдгийг мэдсэн юм.
Энд зөвхөн Сүнсний чулуу болон Сүнслэг Эрчим Нягтруулах Үрлээр наймаа хийдэг.
Даанч солилцооны харьцаа үнэхээр ашиггүй.
Жишээ нь нэг Сүнслэг Эрчим Нягтруулах Үрлээр арван Өл Дарах Үрэл л авч болно. Тиймээс энд ирэх хүн цөөхөн, газар нь үргэлж хүйтэн, эзгүй шахам байдаг байлаа.
Мэн Хао орж ирээд огт тээнэгэлзсэнгүй.
Доторх танхим жижигхэн. Голд нь өвчтэй мэт цонхигор царайтай дунд насны эр хөлөө зөрүүлэн сууж байв. Эргэн тойронд нь модон тавиурууд залгуулан өрж, дээр нь олон янзын хулуу хэлбэртэй сав тавьжээ. Сав бүр дээр эмийн нэр бичсэн байна.
Гадна шарх эдгээдэг Цус Тогтоох Үрэл.
Ядаргаа тайлдаг Ядаргаа Тайлах Үрэл.
Түр хугацаанд эрч хүч нэмдэг Сэргээх Үрэл.
Мэдээж Өл Дарах Үрэл, Дуршил Дарах Үрэл ч байлаа.
Тэр байтугай хугарч, няцарсан ясыг эдгээх Чөмөг Ургуулах Үрэл хүртэл байна.
Эмийн төрөл маш олон ч үнэ нь бүгд өндөр.
Ихэнх тохиолдолд гурваас арван ширхэг ийм эм авахад нэг Сүнслэг Эрчим Нягтруулах Үрэл хэрэгтэй.
Дотоод хүрээний ихэнх шавийн хувьд нэг Сүнслэг Эрчим Нягтруулах Үрэл хүртэл булаацалдан тэмцэхээр үнэтэй эд. Тиймээс энд ирээд өөр эмээр солих хүн тун цөөн.
Мэн Хао Үрлийн Урлан дотор хэсэг алхаж, амандаа бувтнан бодолхийлэв. Нүд нь гялалзсаар байлаа.
Эцэст нь таван Сүнслэг Эрчим Нягтруулах Үрэл гаргаж, хэд хэдэн төрлийн эмээс тус бүр багахан хэмжээгээр авлаа.
Өвчтэй мэт дунд насны эр Мэн Хао шиг худалдан авагчтай тэр бүр таардаггүй бололтой. Царай нь тэр дороо сэргэж, хулуу савтай эмүүдийг яаран өглөө.
Мэн Хао бүх савыг орон зайн уутандаа хийж аваад гарлаа. Шууд харихын оронд уулын ой дундуур тойруу зам сонгон болгоомжтой явсаар Үхэшгүйсийн Агуйдаа буцав.
Ирэхэд аль хэдийн шөнө болжээ.
Тэр хөлөө зөрүүлэн суугаад өмнөө тавьсан дөрвөн хулуу савыг ширтэв.
— Мэргэд “гарлагагүй бол олзгүй” гэдэг. Энэ удаа их зүйл зарцуулсан ч эргээд ихийг олно.
Ингэж өөрийгөө тайвшруулснаа босож агуйгаас гарлаа. Удалгүй гарынх нь бүдүүнтэй адил урт модон мөчир, бас их хэмжээний навч тэвэрсээр буцаж ирэв.
Жао Үганы орон зайн уутнаас ногоон дээл гаргаж, оёдлыг нь задлан дэлгэв. Хэмжээ нь тохиромжтой санагдсан тул дахин нэг дээл гарган мөн задлаад хажууд нь тавилаа.
Мэн Хао сэтгэл хангалуун толгой дохив.
Дараа нь навчуудыг нухаж өтгөн ногоон шүүс гаргалаа. Хуруугаа тэр шүүсэнд дүрээд даавуун дээр том үсгүүдийг уран бичлэгээр татлан бичив.
Бичсэнээ хэсэг харж, ихэд сэтгэл хангалуун байлаа.
Тэгээд нүдээ анин амьсгалаа тохируулж бясалгаж эхлэв.
Шөнө өнгөрч, маргааш өглөө эрт Мэн Хао өнөөх урт мөчрөө барин агуйгаас яаран гарлаа.
Тавцанд хүрэхэд удаан хугацаа шаардагдсангүй. Өглөө эрт байсан ч хэдэн шавь аль хэдийн тулалдаж байв. Тулаан хэр ширүүн нь хараад л ойлгогдоно.
Мэн Хао тэднийг тоолгүй чулуун самбаруудын дэргэдүүр өнгөрч, Нийтийн бүсийн тавцан дээр гарлаа.
Эргэн тойрноо ажигласаар зах хэсэгт нь газраас цухуйсан том хад олж харав.
Тэр хад руу очоод дээр нь хөлөө зөрүүлэн суулаа.
Харахад номхон, хоргүй эрдэмтэн шиг.
Зарим хүн түүн рүү муухай харж, ойртох шинжтэй болоход Мэн Хао бясалгалын түвшнээсээ өчүүхнийг л ил гаргана. Тэдний царай хувирч, тэр дороо холдож байв.
Мэн Хао хүн олшрохыг хүлээлээ.
Цаг өнгөрөх тусам Нийтийн бүсэд улам олон шавь ирэв. Удалгүй хорь орчим хүн цугларчээ.
Зарим нь дөлгөөн царайтай Мэн Хаог харж, ойртон ирэх гэтэл тэр бясалгалын хүчээ үл ялиг мэдрүүлэхэд цочин буцна.
Хэсэг хугацааны дараа хүн хангалттай олон боллоо гэж Мэн Хао үзэв.
Орон зайн уутаа товшиж, өчигдөр бэлдсэн даавуугаа гаргав. Модон мөчирт уяад хадны хажуугийн шаварлаг хөрсөнд зоолоо.
Уулын салхи даавууг өргөн хийсгэж, яг л туг далбаа мэт намирав.
Ойр хавийн олон хүний анхаарал тэр дороо татагдав. Ялангуяа даавуун дээрх том үсгүүдийг хармагцаа хүмүүсийн царай янз бүр болов.
“Үрлийн Урлангийн салбар.”
Хар ногоон үсгүүд салхинд гялалзах мэт харагдахад Түшиг Урсгалын шавь нарын зарим нь алмайрч, зарим нь эргэлзэн, зарим нь шоолон, зарим нь хөмсгөө зангидав.
— Үрлийн Урлангийн салбар гэнэ ээ? Энэ юу гэсэн үг вэ?
— Энэ нөхөр Урсгалын Үрлийн Урлангаас явуулсан дагалдан алхимич юм биш биз?
— Нэг л танил харагдаад байх юм...
Мэн Хао тугаа гаргасны дараа тавцан дээр хэсэг шуугилдав. Гэвч удалгүй хүмүүс буцаад тулалдаж, дээрэмдэж эхлэв. Цус цацарч, орилолт хадав.
Мэн Хао Нийтийн бүсийн хүмүүсийг ажиглан нүд нь гялалзана.
Түүнээс холгүй Ци Нягтруулах шатны хоёрдугаар түвшний хоёр бясалгагч нүд нь улайтлаа тулалдаж байв.
Нэгнийх нь мөрийг өрсөлдөгчийн нисдэг илд гүн зүсэж, цус урсана. Нөхцөл нь тун муу харагдана.
— Ах аа, наашаа ир! — гэж Мэн Хао чангаар дуудлаа. — Ах аа, мэргэд “шархтай хүн амиараа дэнчин тавих нь мунхаг” гэж хэлсэн байдаг. Мөрнөөс чинь их цус гарч байна. Ингээд амиа алдах ямар ашигтай юм бэ? Надад Үрлийн Урлангийн Цус Тогтоох Үрэл байна. Гурван амьсгаа авахын дотор илдний шархыг чинь тогтооно!
Мэн Хао ийн сурталчилж байхад хоёр хүн түүнийг үл тоон үргэлжлүүлэн тулалдав.
Шархтай бясалгагчийн нүд улам улайж, мөрний шарх нь улам муудлаа. Тэгтэл өрсөлдөгчийн нисдэг илд дахин дайрч, цээжийг нь зүсэхэд цус ахин цацрав.
— Хар даа, дахиад шархадчихлаа! — гэж Мэн Хао анхны боломжит худалдан авагчдаа зэмлэв. — Хурдан Цус Тогтоох Үрэл ав! Үгүй бол ялагдаж мэднэ. Надад ганц Сүнсний чулуу өг, би чамд нэг үрэл өгье. Яг үнэдээ тохирно!
— Амаа тат! — гэж шархадсан бясалгагч архирч, нэг алхам ухрав. — Үрлийн Урлан өөрөө дээрэмчин газар. Тэнд нэг Сүнсний чулуугаар таван Цус Тогтоох Үрэл өгдөг. Харин чи бүр тэднээс ч дор юм!
— Ай, үнэтэй биш ээ, — Мэн Хао огт санаа зовсонгүй. — Чиний амь нэг Сүнсний чулуунаас хавьгүй үнэтэй биз дээ? Чи үхчихвэл бүх Сүнсний чулуу чинь өөр хүнийх болно. Харин миний эмийг авчихвал ялах боломж гарна. Тэгээд өрсөлдөгчийнхөө орон зайн уутыг булааж чадна. Ердөө ганц Сүнсний чулуу. Энэ үнэтэй гэж үү? Чи эм худалдаж авч байгаа юм биш. Өөрийнхөө амийг худалдаж авч байна.
Мэн Хао босож зогсов.
Түүний үг нөлөөлсөн бололтой. Шархтай бясалгагч хэд алхам ухран тэмцсээр, нүүрэнд нь эргэлзээ тодров.
— Хараал ид! — гэж өрсөлдөгч нь нисдэг илдээ чиглүүлэн хашхирлаа. — Миний ажилд саад болбол энэ нөхрийг алсныхаа дараа чамайг ч ална шүү!
— Авъя! — гэж шархадсан хүн гэнэт хашхирлаа.
Орон зайн уутаа товшиход нэг Сүнсний чулуу нисэн гарч Мэн Хао руу очив.
Мэн Хао агаараас шүүрч аваад Цус Тогтоох Үрлийг буцаан шидлээ.
Өнөөх хүн үрлийг тосож аваад мөрний шархандаа тавив. Цус бараг тэр дороо тогтов.
Эрч хүч нь сэргэж, сэтгэл нь ч өөдрөг болсон тэр дахин тулалдаанд үсрэн орлоо.
Энэ удаа өрсөлдөгч нь ухарч, цээжний шархнаас нь цус урсаж эхлэв.
— Ах аа, ах аа! — гэж Мэн Хао энэ удаа нөгөө хүн рүү хандан дуудав. — Өрсөлдөгч чинь миний Цус Тогтоох Үрлийг авчихлаа. Одоо эрч хүчтэй болчихсон байна. Чи бас авахгүй бол тун аюултай байдалд орно шүү. Надад зөвхөн Цус Тогтоох Үрэл биш, ядаргаа тайлах Ядаргаа Тайлах Үрэл ч бий. Хоёуланг нь хоёр Сүнсний чулуугаар өгье. Шарх чинь эдгэнэ, хүч чинь сэргэнэ. Тэгвэл заавал ялна!
— Чи... чи...
Анх шархадсан хүн уурласандаа юу хэлэхээ мэдсэнгүй.
Энэ Үрлийн Урлангийн “салбарын” залуу өөрт нь туслаад байна уу, хорлоод байна уу?
Тэр саяхан найдваргүй байдлаас давуу талтай болсон. Гэтэл одоо нөгөө талд нь бас эм зарж эхэллээ.
Уур нь хүрсэндээ довтолгоо нь бүр ширүүсэв. Гэхдээ өмнө нь өөрөө эм худалдаж авахад өрсөлдөгч нь яг ийм байдалд орж байсныг санахгүй байж чадсангүй.
— Хэрэв чи ялбал эмэнд өөрийнхөө Сүнсний чулууг биш, нөгөө хүний чулууг зарцуулсан гэсэн үг шүү дээ, — гэж Мэн Хао урин дуугаар хэлээд гар дээрх үрлүүдээ харуулав. — Үнэхээр ашигтай наймаа.
— Би авъя! — гэж аль хэдийн нэг үрэл авсан хүн хашхирлаа.
— Хараал ид, надад өг! — гэж анх давуу байсан нөгөө бясалгагч шүдээ зууж хэлэв.
Мэн Хаод уур нь хүрч байсан ч өрсөлдөгч нь эм авах гэж байгааг сонсоод аргагүй амаа нээлээ.
— Гурван Сүнсний чулуу өгье!
— Ах аа, тэр гурав гэж байна. Чи үүнээс илүү санал хэлэхгүй бол эмээ түүнд өгөхөөс өөр аргагүй. Өөрөө мэдээрэй!
— Дөрөв!
— Ах аа, дөрөв гэнэ! Дөрөв!
— Тав!
— Зургаа!
— Хараал ид! Болилоо! Үх!
Анх давуу байсан бясалгагч эцэст нь тэссэнгүй. Тулаан эхэндээ тун энгийн байсан. Харин Мэн Хао оролцсоноос хойш бүх зүйл замбараагүй болжээ.
Тэр алах санаагаар дүүрэн Мэн Хао руу шууд дайрав.
Ойртон ирэх тусам Мэн Хаогийн номхон, эрдэмтэн, наймаачин төрх гэнэт өөрчлөгдөж, царай нь хүйтэн, сүртэй болов.
Өнөөх хүн хүрч ирэх яг өмнө Мэн Хао нэг алхам урагшилж, баруун алгаараа хүчтэй цохив.
Пүн!
Сүнслэг эрчим дэлбэрэн гарлаа.
Ци Нягтруулах шатны гуравдугаар түвшний Мэн Хаогийн сүнслэг эрчимд дарагдсан бясалгагч орилон арагш нисэж, газар унан ухаан алдав.
Мэн Хао түүний орон зайн уутыг шүүрч авлаа.
Дараа нь хүйтэн, сүртэй төрх нь тэр дороо арилж, буцаад өнөөх сулхан эрдэмтэн шиг харагдав.
Эргэн тойронд байсан бүх хүн алмайрчээ.
Мэн Хао бага зэрэг ичсэн мэт инээмсэглэн үлдсэн бясалгагч руу харав.
— Ах аа, чи сая зургаан Сүнсний чулуу санал болгосон санагдах юм.
Өнөөх хүний царай цайж, бие нь салганав. Тэр Мэн Хао руу айдас, алмайрал хосолсон харцаар ширтлээ.
Ийм зүйл болно гэж хэн төсөөлөх вэ?
Ингэж сул дорой, гэмгүй харагдах хүн яаж гэнэт ийм өөр болчихдог байна аа?
Сая харсан бүхэн нь бараг зүүд шиг санагдав.