Үүр цайжээ.
Өндөрлөг дээр хүн цөөхөн байв. Мэн Хао хэдэн сарын турш энд наймаа хийсэн, дээрээс нь сүүлийн хэдэн өдөр Лу Хун дураараа аашилсан болохоор, ялангуяа ийм эрт үед ирэх хүн бүр ч ховорджээ. Ердөө хоёр гурван бясалгагч хөлөө зөрүүлэн сууж байлаа.
Мэн Хаог ирэхэд тэд нүдээ нээв. Хэзээ энэ газар урьдынх шигээ болох бол гэж дотроо санаа алдацгаана.
Гэтэл удалгүй бүгд гайхан ширтэв. Мэн Хао өндөрлөг рүү орсонгүй. Харин гадна нь хөлөө зөрүүлэн суугаад нүдээ анилаа. Тэгээд огт хөдөлсөнгүй.
Энэ хачирхалтай байдлыг хараад хүмүүс бие бие рүүгээ харснаа гэнэт ямар нэг юм санасан мэт доогтой инээмсэглэцгээв.
Цаг өнгөрсөөр үд болох дөхөв. Өндөрлөг дээр ирэх хүн улам олширч, хүн бүр Мэн Хаогийн энэ этгээд үйлдлийг анзаарлаа. Юу болоод байгааг таамаглан шивнэлдэж, сонирхсондоо бүр хоорондоо тулалдахаа ч мартжээ.
— Лу ахын үг үнэхээр үйлчилчихэв үү? Мэн Хао айгаад бараагаа зарж зүрхлэхээ больсон юм биш үү?
— Тэгэлгүй яах вэ. Лу ах бол Доод түвшний хамгийн хүчтэй шавь. Тэр зайл гэвэл зайлхаас өөр аргагүй.
— Энэ нөхөр амиа ингэтлээ хайрладаг гэж хэн мэдэх вэ. Өөрөөсөө сул хүнийг л дээрэлхэж чаддаг юм байна. Ямар их зантайг нь хар. Өнөө муу тугаа авчраагүй болохоор Лу ах өөрийг нь зүгээр өнгөрөөнө гэж бодоо юу даа.
Эндхийн олон хүн ийм байлаа. Хүчтэй хүнд дээрэмдүүлчихвэл дуугүй өнгөрнө. Харин сул дорой, номхон харагдах хүн наймаагаар эд зүйлээс нь салгавал эцэс төгсгөлгүй гомдоллоно.
Лу Хун энэ өндөрлөг дээр нэлээд удаан ноёрхжээ. Анх хүмүүсийг харгислан довтолдог байснаасаа эхлээд, одоо хүчээр наймаа хийлгэдэг болсон ч бусад нь яаж ч чаддаггүй байв. Тэр байтугай сүүлийн үед арай зөөлөрсөн гэж боддог хүн ч олон.
Харин Мэн Хао Урсгалд ороод удаагүй. Тэр тийм хүчтэй ч биш, дээрэнгүй ч биш. Наймаагаа хүртэл аль болох эвээр хийдэг. Гэсэн ч хүмүүс түүнд тасралтгүй гомдоллосоор байлаа.
Мэн Хао тэдний яриаг бүгдийг сонссон ч царай нь огт хувирсангүй. Тэр Нийтийн бүсийн гадна сууж байгаа нь орохыг хүсээгүйдээ биш. Харин бясалгал нь Ци Нягтруулах шатны дөрөвдүгээр түвшинд хүрсэн тул хүссэн ч дотогш орж чадахгүй болсон хэрэг.
Хүмүүс шуугилдан ярилцаж байх зуур уулын бэлд нэг хүн гарч ирэв. Ногоон дээлтэй, гуч орчим настай харагдах бөгөөд нүүрэндээ туйлын дээрэнгүй төрхтэй. Гараа ардаа зөрүүлэн алгуурхан өгсөж ирж буй тэр хүн Лу Хун байлаа.
Түүнийг хармагц Мэн Хао нүдээ нээлээ. Харц нь хурц гялсхийв.
Олон хүний нүдэн дээр босож, орон зайн уутаа товшиход жижигхэн цагаан нисдэг илд гарч ирэв. Илдний эрчим хүйтэн даралт цацруулан гялалзаж, Мэн Хао шууд урагш дайрлаа. Илд Лу Хуныг чиглэн исгэрэн нисэв.
Тэр агшинд эргэн тойронд шуугиан дэгдлээ. Мэн Хао огт айлгүй дайрсныг хараад бүгд алмайрчээ. Тэр үнэхээр Доод түвшний хамгийн хүчтэй шавь Лу Хунтай үзэлцэх гэж байна уу?
— Тэр... Лу Хунтай тулалдах гэж байна!
— Энэ хоёр эрт орой хэзээ нэгэн цагт тулалдах нь тодорхой байсан. Мэн Хао Цао Яныг шархдуулсан, Лу Хун түүний наймааг сүйтгэсэн. Зайлшгүй тулах л байж. Гэхдээ Мэн Хао ингэж түрүүлж дайрна гэж бодсонгүй. Өөрийнхөө хэрийг мэдэхгүй юм!
— Лу ах Ци Нягтруулах шатны гуравдугаар түвшинд олон жил болсон. Мэн Хао заавал ялагдана.
Мэн Хао урагш дайрах зуур Лу Хуны нүд мөн гялсхийв. Өнөөдөр Мэн Хаог харвал толгойг нь авна гэж тэр аль хэдийн шийдсэн байлаа. Харин өрсөлдөгч нь өөрөө түрүүлээд дайрч ирсэн нь бүр ч амар хэрэг болов.
Лу Хун хүйтнээр тургилаа. Бие нь солонго мэт сунаж, Мэн Хао руу хар хурдаараа давхив. Баруун гараараа орон зайн уутаа товшиход нил ягаан нисдэг илд гарч ирлээ.
Илд гарч ирэхдээ чих цоолом исгэрч, эргэн тойрондоо бараг гучин метр хүрэх алтан нил туяа цацруулав.
— Лу ахын Нил Ян Илд байна!
— Мөн байна! Урсгалд гавьяа байгуулсаных нь төлөө шагнасан гэж сонссон. Шидийн хүчээр хурцалсан айхтар илд гэдэг!
Нэг уулын бэлд хоёр хүн өөд өөдөөсөө дайрлаа.
Нүргэлэх чимээ уул доргиов. Лу Хуны царай хувьсан амнаас нь цус олгойдон, хэдэн алхам хойш шидэгдлээ. Тэр Мэн Хаог итгэж ядан ширтэв.
— Ци Нягтруулах шатны дөрөвдүгээр түвшин!
Мэн Хао бага зэрэг эвгүйцсэн мэт харагдана. Тэр дөрөвдүгээр түвшинд саяхан орсон тул хүчээ бүрэн эзэмшиж амжаагүй, бүх чадлаа гаргаж чадахгүй байлаа.
Дөнгөж саяын дайралт нь энгийн боловч тун ширүүн байсан. Гэсэн ч түүний нисдэг илд аль хэдийн ан цавтай болжээ. Лу Хуны илд ер бусын хурц тул өөрийнх нь зэвсгийг гэмтээсэн байна.
Мэн Хаод жинхэнэ тулааны туршлага тийм ч их биш. Гэхдээ сүүлийн хагас жил орчим ууланд араатан агнаж явснаар хариу үйлдэл нь ихэд хурдсаж, дээрээс нь өндөрлөг дээрх олон тулааныг өдөр бүр ажиглажээ.
Лу Хун хойш ухарч байхад Мэн Хао араас нь шахан урагшилж, орон зайн уутаа дахин товшив. Ан цав суусан илдний хажууд бас нэг нисдэг илд гарч ирээд, хоёр илдний эрчим нийлэн Лу Хун руу харвалаа.
Үүний зэрэгцээ Мэн Хаогийн хуруу хурдан хөдөлж, эргэн тойронд нь галын хэлнүүд бөөгнөрөв. Гурван алхмын цаана гарын бүдүүнтэй тэнцэх, хагас метр орчим урт Галын Могой үүслээ. Агаарт мушгиран хүрхрээд Лу Хун руу дайрав.
Лу Хун цочирдон амнаасаа дахин цус гаргаж, сандран ухарлаа. Нүдэнд нь уур дүрэлзэнэ. Өөрт нь хэдэн шидэт эдлэл байгаа, харин Мэн Хао дөрөвдүгээр түвшинд саяхан орсныг бодвол энэ тулааны үр дүн тодорхой биш гэж тэр тооцоолжээ. Гэхдээ Мэн Хаог устгаж чадвал өөрийн нэр сүрийг улам бататгана.
Харцанд нь хөнөөх хүсэл гялсхийв. Хуруугаа хурдан хөдөлгөхөд алган дээр нь гялалзсан усан бөмбөлөг бий боллоо. Тэр бөмбөлгийг шидэхэд агаарт задарч, тоо томшгүй Усан Сум болон хувираад Галын Могой руу цөмрөв.
Лу Хун дахин гарын тамга хийж, Нил Ян Илдээ хөдөлгөлөө. Илд Мэн Хаогийн хоёр нисдэг илдтэй мөргөлдөхөд төмөр бяцалж буй мэт нүргэлсэн дуу гарч, хоёр илд нь үйрэн бутрав. Нил Ян Илд Усан Сумнуудтай хамт Галын Могой руу үргэлжлэн дайрлаа.
Нүргэлсэн дэлбэрэлт сонсогдож, Галын Могой тоосон үүл болон сарнив. Усан Сумнууд манан болж задарч, Нил Ян Илд Лу Хуны дэргэд эргэн ирэв. Алтан нил туяа нь өмнөх шигээ хурц биш болж, ирэн дээр нь нэг ан цав гарсан ч илдний хурц чанар хэвээр байлаа.
— Дөрөвдүгээр түвшинд хүрсэн ч олигтой зэвсэггүй юм байна. Чамайг алахад хэцүү биш! Тавдугаар түвшинд ч хүрээгүй байж Галын Могойн Шидээ хэдэн удаа ашиглаж чадахыг чинь харъя!
Дотроо өөрийн илдэнд санаа зовж байсан ч Лу Хун гаднаа өргөн инээмсэглэж, ганц алхам ч ухарсангүй.
— Чиний илд их хурц юм. Гэхдээ хэдэн удаа даахыг нь харъя. Нисдэг илд гэвэл... надад дахиад бий. Харин тавдугаар түвшний тухайд Сюй эгчийн өгдөг үрлүүд байхад би удахгүйнэвт ахина.
Мэн Хаогийн царай тайван хэвээр ч дотроо ихэд түгшиж байв. Энэ бол түүний анхны жинхэнэ тулаан. Тэр орон зайн уутаа товшиход дахин гурван нисдэг илд гарч, Лу Хун руу исгэрэн нислээ.
Лу Хуны царай түрхэн зуур түгшсэн ч удалгүй шүдээ зуув. Тэр архиран Нил Ян Илдээ хөдөлгөж, гурван нисдэг илдтэй мөргөлдүүлэв.
Пүн! Пүн! Пүн!
Гурван илд дараалан бутарлаа. Гэвч Нил Ян Илдний туяа бараг тал хувиар бүдгэрч, гадаргуу дээр нь улам олон ан цав үүсэв. Лу Хуны царай улам хүндэрлээ.
Тэр арга хэмжээ авч амжаагүй байхад Мэн Хао юу ч болоогүй мэт орон зайн уутаа дахин товшив. Бас гурван нисдэг илд исгэрэн гарч ирлээ. Гараа даллахад нь дахин нэг Галын Могой үүсэв.
Эргэн тойрны хүмүүс цөм цочирдов.
— Мэн Хао... тэр Лу ахыг үнэхээр мухардалд оруулчихлаа! Тэр чинь үнэхээр Ци Нягтруулах шатны дөрөвдүгээр түвшинд хүрчихсэн байна!
— Урсгалд ороод удаагүй байж дөрөвдүгээр түвшин гэнэ ээ! Лу ахтай ингэж тулалдаж байгааг нь харвал эргэлзэх юм алга. Гэхдээ яаж ийм хурдан ахисан юм бэ? Сюй эгч түүнд юу өгсөн болоод ийм болчихов оо? Хараал ид, надад ч гэсэн ингэж түшиж болох хүн байсан бол бясалгал минь ийм хурдан өсөх байсан байх!
Хүмүүсийн дунд шуугиан дэгдэж, нүүрэнд нь атаархал тодров.
Лу Хуны царай дахин хувьсаж, шүдээ зуусаар ухарлаа. Хуруугаа хөдөлгөхөд дахин нэг Усан Бөмбөлөг үүсэв. Өрсөлдөгч нь ийм олон шидэт эдлэлтэй байна гэж тэр огт төсөөлөөгүй байжээ.
Нүргэлсэн дуу гарч, Мэн Хаогийн гурван нисдэг илд Галын Могойн хамт бутран сарнив. Нил Ян Илдний туяа бараг унтарчээ.
Гэвч Лу Хуныг хамгийн их айлгасан зүйл нь Мэн Хаогийн хөдөлгөөнгүй, тайван царай байлаа. Тэр гэнэт дахиад гурван нисдэг илд гаргаж ирэв.
Дахин нэг дэлбэрэлт нүргэлэв. Гурван илд бутарсан ч энэ удаа Нил Ян Илд өрөвдөлтэй дуу гарган, араас нь өөрөө үйрэн задарлаа.
Лу Хуны нүд бүлтийж, бие нь гуйван хойш ухрахдаа амнаасаа их хэмжээний цус гаргав. Тэр Мэн Хаог үзэн ядсан харцаар ширтэнэ.
Мэн Хао царайгаа огт хувиргасангүй. Харин дотроо асар их түгшиж байлаа. Нэг нисдэг илд бүр нэг Сүнсний чулууны үнэтэй шүү дээ!
Тэр баруун гараа даллахад дахин нэг Галын Могой үүсэж, хүрхрэн мушгиралдсаар Лу Хун руу нисэв.
Мэн Хао ч Галын Могойтой зэрэгцэн солонго мэт хурдтай дайрлаа. Дахин нэг нисдэг илд гарч ирээд агшин зуур Лу Хунаас ердөө нэг метрийн зайд хүрч, үхлийн хүйтэн туяа цацруулав.
— Чи намайг өөрөө албадаж байна! — гэж Лу Хун хашхирлаа.
Үс нь сэгсийж, хувцас нь цусанд будагджээ. Урсгалд орсон цагаасаа хойш ийм хүнд байдалд орж үзээгүй тэрээр нүд нь улайтал уурлав. Архираад дээлээ зад татахад хүзүүнээс нь ногоон хаш хулуу сав зүүлттэй харагдав.
Тэр бүх сүнслэг эрчмээ шавхан хаш хулуу руу юүллээ.
Хаш хулуу хурц гэрэлтэж, бүдэг доргион агаарт тархав. Лу Хуны өмнө жинхэнэ савнаасаа хэд дахин том аварга хулууны дүрс бий боллоо. Хүний биеийн тал орчим өндөртэй ажээ.
Үнэндээ Лу Хуны бясалгал энэ эдлэлийг бүрэн идэвхжүүлэхэд хангалтгүй байв. Гялбалзах аварга дүрс нь хэзээ мөдгүй сарних гэж байгаа мэт тогтворгүй. Бүрэн хэлбэржиж амжаагүй байхад Лу Хун амнаасаа цус цацруулан дахин ухарч, царай нь үхсэн хүнийх шиг цонхийв. Гэсэн ч Мэн Хаог үзэн ядсан, галзуурсан харцаар ширтсээр байлаа.
Хулуу бүрэн тогтоогүй ч дотор нь хуримтлагдсан сүнслэг эрчмийн даралт Мэн Хаогийн царайг огцом өөрчлөв.
Дараагийн агшинд хулууны хуурмаг дүрс нүргэлэн дуугарч, амсраас нь бүдүүн ногоон гэрлийн багана харван гарлаа. Тэр Галын Могойг шууд нэвт цохиод Мэн Хаог бүхэлд нь залгив.
— Үүнийг Ван Тэнфэй ах надад өгсөн юм! Ци Нягтруулах шатны дөрөвдүгээр түвшинд хүрсэн хүн ашиглаж чадна. Харин чи үхлээ эрээд намайг хүчээр эрт ашиглууллаа. Би ч үнэ төллөө. Энэ удаа чи гарцаагүй үхнэ!
Лу Хун галзуу мэт инээх гэж байснаа дуу нь хоолойдоо гацав. Аянганд ниргүүлсэн мэт цочирдон нүд нь бүлтийжээ.
Ногоон гэрлийн багана Мэн Хаог мөргөж, арван метр орчим хойш түлхэв. Гэвч түүний биеийг ягаан гэрлийн хаалт бүрхэж, цохилтыг тосон авчээ.
Ногоон гэрэл сарнихад ягаан хаалт ч замхрав. Эцэст нь Мэн Хаогийн гарт ягаан хаш зүүлт болон агшив. Зүүлтийн гадаргуу тэр чигтээ ан цавтай болжээ.
Мэн Хао хаш зүүлтийг чанга атгав. Нуруугаар нь хүйтэн хөлс цувж, айдас нь арилаагүй байлаа. Сюй эгчийн өгсөн энэ зүүлтийг гаргаж амжаагүй бол хаш хулууны аймшигтай хүчэнд сүйрэх байжээ.
— Энэ чинь ямар шидэт эдлэл вэ?!
Мэн Хао хүзүүндээ хаш хулуу зүүсэн, аль хэдийн хүнд шархадсан Лу Хуныг ширтэв. Тэгээд нэг үсрэлтээр дэргэд нь хүрч, хаш хулууг шүүрэн аваад шууд орон зайн уутандаа хийв.
— Үүнийг Ван Тэнфэй ах надад өгсөн юм! Чи авч зүрхэлбэл түүний уур хилэнг өөр дээрээ дуудна! — гэж Лу Хун царай нь барайн, бие нь салганан хашхирлаа.
Өөрийнх нь хаш хулуу Мэн Хаод үйлчилсэнгүй гэдэгт тэр итгэж чадахгүй байв.
— Урсгалын дүрмээр гартаа авсан зүйл эзнийхээ болдог, — гэж Мэн Хао хэллээ.
Тэр хэсэг тээнэгэлзсэн ч хаш хулуу хэт хүчтэй эд байв. Буцааж өгөхийг хүссэнгүй. Аль хэдийн үүссэн өш хонзон амархан арилахгүй нь тодорхой. Мэн Хао дотроо хорсож, Лу Хуныг хүйтнээр ширтэв.
— Энэ чинь Нийтийн бүс биш! — Лу Хуны нүдэнд цөхрөл, айдас зэрэг тодров. Тэр эргэн тойрны бүх хүнд сонсогдохоор чангаар хашхирлаа. — Чи намайг албал Урсгалын дүрэм зөрчинө!
— Би, Мэн Хао, Урсгалын дүрэм зөрчихгүй. Гэхдээ чи өчигдөр миний бясалгалыг нураана гэж хэлсэн. Тэгэхээр өнөөдөр би чамд яг тэрийг чинь хийнэ.
Мэн Хао туйлын тайван царайгаар гараа өргөв.
Нисдэг илд цахилан гарч, Лу Хуны даньтянь дахь цигийн сувгийг нэвт сүлбэн, бясалгалын суурийг нь бүрэн нураалаа.
Лу Хуны өрөвдөлтэй орилолт өндөрлөгөөр хадаж байхад Мэн Хао хөдөлгөөнгүй зогсоно.
Эргэн тойрны бүх хүн түүнээс эмээн сүрдэв.