Цаг хугацаа хурдан өнгөрөв. Мэн Хао Үхэшгүйсийн Агуйгаас хагас алхам ч гарсангүй. Гадагш гарахыг ч, хэн нэгэнтэй уулзахыг ч хүссэнгүй. Ван Тэнфэй хэрхэн бүх хүнийг өөрийнх нь эсрэг болгосныг тэр мартаж чадсангүй.
Тэр завилан сууж, хатсан цус наалдсан хугарсан хумснуудаа ширтэнэ. Өмнөх хөшүүн төрх нь аажмаар уур хилэн болон дүрэлзсэнээ, эцэст нь хүйтэн тайван байдалд шилжив.
Эцэст нь нэг өдөр Үхэшгүйсийн Агуйн гол хаалга аяархан шаржигнан нээгдэж, сарны гэрэл дотогш асгарлаа.
Үүдэнд Сюй эгч зогсож байв. Сарны гэрэл түүнийг бүрхэж, царай төрхийг нь тод харагдуулахгүй байлаа.
Мэн Хао юу ч хэлсэнгүй. Сюй эгч ч мөн дуугарсангүй.
Эцэст нь Сюй эгч ам нээлээ.
— Би өчигдөр л хаалттай бясалгалаасаа гарсан.
Мэн Хао босож, хоёр гараа нийлүүлэн ёслов.
— Ван Тэнфэйн гарал энгийн биш, — гэж Сюй эгч тайван хэллээ. — Тэр Жао улсын хүн биш. Бясалгалын түвшин нь Ци Нягтруулах шатны зургаадугаар түвшинд хүрсэн. Урсгалын ахлагчид түүнийг Дотоод хүрээнд дэвшүүлэхээр аль хэдийн сонгосон. Чи... түүнтэй дахин бүү сөргөлд.
— Ойлголоо, Сюй эгч, — гэж Мэн Хао инээмсэглэн хэлэв.
Түүний царай урьдын хэвэндээ орж, болсон явдлыг аль хэдийн ардаа үлдээсэн мэт харагдана. Гэвч нүднийх нь гүнд арван зургаан жилийн амьдралдаа өмнө нь хэзээ ч тээж үзээгүй зүйл бий болжээ.
Хүйтэн гэрэл.
Тэр гэрлийг Мэн Хао зүрхнийхээ хамгийн гүнд нуусан тул өөрөөс нь өөр хэн ч мэдрэхгүй байв.
— Гэхдээ тэр дахиад чамд төвөг учруулбал энэ хаш хавтанг хагал, — гэж Сюй эгч үргэлжлүүлэв. — Би хаалттай бясалгалд байсан ч мэдэрнэ.
Тэр баруун гараа дохиход нил ягаан хаш хавтан нисэн ирж Мэн Хаогийн дэргэд тогтов.
— Тэр өдөр миний ууланд авчирсан дөрвөн хүнээс чи хамгийн түрүүнд Гадна хүрээнд дэвшсэн. Хойд зарц нарын байранд чамтай хамт ажиллаж байсан нөгөө хүн чинь өнөөдөр бас дэвшихээр болсон. Маргааш үүрээр Гадна хүрээнд ирж бүртгүүлнэ.
Ингэж хэлээд Сюй эгч эргэж явах гэтэл Мэн Хао яаран дуудав.
— Сюй эгч, баярлалаа. Би нэг зүйл асууж болох уу?
Сюй эгч зогсов.
— Миний бясалгал одоо Ци Нягтруулах шатны дөрөвдүгээр түвшинд байна. Миний төрөлхийн авьяасыг бодвол долоодугаар түвшинд хүрэхэд ойролцоогоор хэр удах бол?
— Нэг жил ч хүрэхгүй хугацаанд дөрөвдүгээр түвшинд хүрсэн гэдэг чинь бясалгалын замд нэлээд их завшаан таарсныг харуулж байна, — гэж Сюй эгч хэлэв. — Ямар завшаан байсныг хэлэх шаардлагагүй. Би ч асуухгүй. Харин тийм боломжгүйгээр бол хамгийн хурдандаа арван жил, удаан бол гучин жил ч шаардагдаж мэднэ. Дөрөв, зургаа, наймдугаар түвшин бүгд ахицын саадтай. Ялангуяа зургаадугаар түвшин хамгийн хэцүү. Хувь ерөөл таарахгүй бол долоодугаар түвшинд нэвтрэх амаргүй.
— Бүгдэд адилхан уу?
— Бүгдэд.
Ингэж хэлээд Сюй эгч явлаа.
Мэн Хао буцаад завилан суув. Нүдэнд нь хурц гэрэл гялсхийж байлаа.
Нэг цагийн дараа тэр босож, олон хоногийн дараа анх удаа Үхэшгүйсийн Агуйгаасаа гарлаа.
Улирал дахин солигдох гэж байв. Хэдхэн хоногийн дараа намар ирэх шинжтэй. Навчис өнгөө хувиргаж эхэлсэн бөгөөд уул, хөндийгөөр сэрүүн салхи үлээнэ.
Тод сарны доор Мэн Хао нарийн жимээр зэлүүд уулс руу орлоо. Эргэн тойрон нам гүм. Зөвхөн унах навчсын зөөлөн шаржигнаан сонсогдоно.
Тэр Хойд уулыг зорьжээ.
Бүдүүнтэй уулзахыг хүссэн юм.
Түшиг Урсгалд түүний цорын ганц найз нь Бүдүүн байлаа.
Шөнө орой болсон тул Хойд зарц нарын байр нам гүм. Ойртох тусам энд тэндээс хурхирах чимээ сонсогдоно. Мэн Хао дөрвөн сар зарц байхдаа энэ чимээнд аль хэдийн дассан байжээ.
Хойд зарц нарын байрыг хариуцдаг морин царайтай залуу том хадны дээр завилан сууж байв. Тэр гэнэт нүдээ нээгээд Мэн Хаог харахад хэсэг гайхсанаа босож, хоёр гараа нийлүүлэн ёслов.
— Мэн ахад мэнд хүргэе.
Сүүлийн үед Мэн Хаогийн тухай яриа Гадна хүрээгээр нэг тархсан. Морин царайтай залуу ч мэдээж сонссон байлаа.
— Ах аа, ийм ёслол хэрэггүй, — гэж Мэн Хао хэлэв. — Би хуучин найзтайгаа уулзахаар ирсэн юм.
Тэр залуугийн бясалгалыг ажиглахад Ци Нягтруулах шатны гуравдугаар түвшинд байв. Нэлээд хэдэн жил энэ түвшиндээ гацсан бололтой.
Морин царайтай залуу толгой дохив. Мэн Хао дотогш орсны дараа тэр буцаад хад дээрээ завилан суухад царайд нь хачин өнгө тодров. Дуугүй санаа алдаад дахин нүдээ анилаа.
Мэн Хао хашаанд орж, Дорнын долоодугаар байшинг олов. Ойртох тусам Бүдүүний хурхираан чангарна.
Өрөөнд ормогц Мэн Хаогийн царай хачин болов. Сүүлийн хэдэн өдөр сэтгэлийг нь түгшээж байсан хүнд мэдрэмж ч бага багаар сарниж эхэллээ.
Бүдүүн орон дээрээ дээш харан хэвтэж, чанга хурхирна. Өрөөний нөгөө ор хананаасаа холдуулж тавьсан тул ард нь нарийхан зай гарчээ.
Тэр завсарт өөрийгөө Бар өвөө гэж нэрлэдэг аварга эр унтаж байлаа.
Унтаж байгаа ч царай нь айсандаа таталдсан мэт. Яг л зүүдэндээ аймшигтай зүйлтэй таарсан бололтой.
Түүний модон ор хазсан мөрөөр дүүрчээ. Зарим хэсгийг бүр нэвт мэрсэн тул хэзээ мөдгүй нуран унах шинжтэй. Модон ширээ аль хэдийн алга. Мэн Хао Бүдүүн түүнийг бүрэн мэрж дуусгасан байх гэж таав.
Хана хүртэл шүдний мөртэй.
Харин Бүдүүний орон дээр ганц ч хазсан мөр байсангүй.
Буланд байсан аварга эр гэнэт чичирч, өрөвдөлтэй ориллоо. Яах аргагүй хар дарсан зүүдэндээ шаналж байв.
Бие нь урьдынхаасаа их турж, нүднийх нь доогуур бараан хүрээ татжээ. Сүүлийн үед бараг унтаж чадаагүй бололтой.
Мэн Хао түүнийг ийм байдалд ортол юу туулсныг төсөөлөхөд ч хэцүү байлаа.
Өнөөх орилолт Бүдүүнийг сэрээчихэв. Тэр дургүйцсэн янзтай өндийн сууснаа Мэн Хаог хараад тэр дороо баярлан хөөрлөө.
— Зэрлэг тахиа! Зэрлэг тахиа авчирсан уу?
Мэн Хао түүн рүү хараад өөрийн эрхгүй инээмсэглэв.
Бүдүүн урьдын адил бөөрөнхий хэвээр. Жин хассан шинж огт алга. Харин ч улам таргалсан мэт.
Шүд нь ч урьдынхаасаа бараг хагасаар урт болжээ. Ярих бүрд цайран гялалзана.
— Чамайг Ци Нягтруулах шатны нэгдүгээр түвшинд хүрсэн гэж сонслоо. Тэгээд л харахаар ирсэн юм, — гэж Мэн Хао инээмсэглэн хэлэв. — Яарч ирсэн болохоор тахиа барих зав гарсангүй.
Тэр Бүдүүний хажууд суугаад урт шүдийг нь ажиглав.
Бүдүүн бясалгалын түвшнээрээ бахархаж, тасралтгүй ярьж эхлэв. Мэн Хао их зүйл хэлсэнгүй. Зүгээр л түүний яриаг сонсов.
Удалгүй сар шингэж, үүрийн гэгээ цухуйв.
Мэн Хаогийн сэтгэл дэх шарх ч аажмаар намдаж, үлдсэн нь зөвхөн сорви байлаа.
Үхэшгүйсийн Агуйд хадгалсан арван хугарсан хумс, нүднийх нь гүнд бий болсон хүйтэн гэрэл хоёр түүний дотор нэгэн зүйл болон нийлж, Мэн Хаог урьдынхаас нь илүү хэрсүү болгожээ.
Үүр цаймагц Мэн Хао Бүдүүнийг дагуулан гарлаа.
Бар өвөө тэдний араас харан нулимс асгаруулна.
Түүний нулимсыг хараад Бүдүүний сэтгэл хөдөлжээ. Хашаанаас гарахынхаа өмнө гэнэт буцаж гүйгээд өнөөх аварга эрийг тэвэрч, хэдэн үг хэлэв.
Юу хэлснийг нь сонссон даруйд Бар өвөөгийн царай цайж, бүх бие нь чичирч эхэллээ.
Гадна хүрээнд бараг хүрч ирэх үед Мэн Хао асуув.
— Чи түүнд юу гэж хэлсэн юм?
— Тэр чинь сайн хүн шүү дээ, — гэж Бүдүүн санаа алдав. — Чамайг зарц нарын байрнаас явснаас хойш миний найз болсон. Намайг явахад тэгтлээ гуниглаж байгааг нь хараад тэссэнгүй.
Бүдүүний царай өрөвдсөн шинжтэй болов.
— Тэгээд би байнга эргэж ирж уулзана гэж хэлсэн юм. Гаднаасаа сүртэй харагддаг ч үнэндээ жаахан аймхай хүн. Унтах бүрдээ хар дарж зүүдэлдэг. Хөөрхий дөө.
Мэн Хао юу ч хэлсэнгүй. Бар өвөөгийн талаар дахиж асуусан ч үгүй.
Хоёул Гадна хүрээгээр алхахад замд тааралдсан хүмүүс Мэн Хао руу хачин харцаар ширтэж, дээрээс доош шинжих мэт ажиглана.
— Өө? Мэн Хао, чи Гадна хүрээг ёстой нэг бужигнуулчихсан юм байна даа, — гэж Бүдүүн баяртай хэлэв. — Бүгд чамайг хараад байна.
Тэр дотроо Мэн Хао өөрийнх нь ард байхад хэн ч амархан дээрэлхэж зүрхлэхгүй гэж бодож байлаа.
Мэн Хао инээмсэглэсэн ч тайлбарласангүй.
Эрдэнэсийн Асарт бараг хүрэх үед Мэн Хао зогсов. Бүдүүн ганцаараа дотогш орлоо.
Хагас хүж шатах хэрийн дараа тэр баяр хөөртэй буцаж ирэв.
Гарт нь загасны хайрс шиг хээтэй богино илд байлаа. Огт иргүй шахам, харин гадаргуу нь ширүүн барзгар.
— Хар даа, Мэн Хао! Ямар эрдэнэ авсныг минь хар! Үнэхээр агуу эрдэнэ шүү!
Бүдүүн илдээ агаарт хэд савчив.
Мэн Хао үүнийг юунд ашигладаг юм бол гэж асуух гэж байтал Бүдүүн амаа ангайгаад илдээрээ шүдээ үрж эхлэв.
Хяржигнах чимээ сонсогдоход Мэн Хао инээх үү, уйлах уу гэдгээ мэдсэнгүй.
— Ёстой сайхан эд байна! — Бүдүүн улам догдлов. — Миний шүд байнга ургаад байдаг болохоор үрэх юм байнга хайх хэрэг гардаг. Даанч олсон юм болгон хэдхэн хоногийн дараа хугарчихдаг. Харин энэ эрдэнээр насан туршдаа шүдээ үрж болно!
Мэн Хао Бүдүүнд Гадна хүрээг тойруулан үзүүлэв. Тэр бүр өөрийн Үхэшгүйсийн Агуйд хамт амьдрахыг санал болгосон ч Бүдүүн эрс татгалзлаа.
Хэт удаан өрөөний хамтрагчтай амьдарсан болохоор Гадна хүрээнд өөрийн гэсэн байртай болохыг ихэд хүсэн хүлээж байжээ. Мэн Хао юу ч гэж ятгасан зөвшөөрсөнгүй.
Өөрийн шинэ байрандаа хүрэхэд Бүдүүн үнэхээр сэтгэл хангалуун харагдав.
Мэн Хао ч дахиж шахсангүй.
Шөнө орой болсон хойно тэр Үхэшгүйсийн Агуйдаа буцаж, завилан суув.
Цаг хугацаа нисэх мэт өнгөрч, удалгүй гурван сар өнгөрлөө.
Хоёр сарын өмнөөс Мэн Хао Доод түвшний Нийтийн бүсийн дэргэдэх худалдаагаа дахин эхлүүлжээ. Ван Тэнфэйтэй болсон явдлаас болсон ч юм уу, хэн ч түүнд төвөг учруулахыг зүрхлэхээ больсон тул наймаа нь удалгүй дахин сэргэв.
Удалгүй эм үрлээс гадна шидэт эдлэл ч зарж эхэлснээр бизнес нь бүр ч өргөжив.
Харин одоо энэ наймааг Мэн Хао ганцаараа хийдэггүй болжээ.
Хажууд нь нисдэг илдээр шүдээ байнга үрж суудаг махлаг өсвөр хүү бий. Бүдүүн наймааны авьяастай бөгөөд Нийтийн бүсэд өдөржин бараагаа чангаар сурталчилдаг болов.
Удалгүй тэр энэ наймааны гол хүч болов.
Мэн Хао өөрөө Доод түвшний Нийтийн бүсэд орж болдоггүй тул Бүдүүнтэй хамтран ажилласнаар хоёул багагүй ашиг олжээ.
Нэг өдөр өвөл хэдийн ирж, тэнгэрээс цасан ширхэг бударч байлаа.
Мэн Хао өндөрлөгийн захад завилан сууж бясалгаж байтал Бүдүүн гэнэт дуу алдаад нэг хүнийг шүүрэн авч, чирсээр Мэн Хао руу авчрав.
— Мэн Хао! Мэн Хао! Хэн ирснийг хар даа!