Цаг хугацаа өнгөрсөөр, хэзээ нэгэн мөчид Чэнь Фань ахлах шавь явчихсан байлаа.
Мэн Хао Дотоод хүрээнд дөнгөж орсон дүү шавь учраас түүнд бясалгал гэж үнэндээ юу болохыг тайлбарлах нь Чэнь Фаний үүрэг байв.
Урагшлахгүй бол хоцордог гэдгийг ойлгуулах.
Бясалгалын ертөнц гэдэг амь, үхлийн зам болохыг мэдрүүлэх.
Дотоод хүрээнд орсон нь Мэн Хаогийн тэр ертөнцийн босгыг жинхэнэ утгаар анх удаа давсан алхам байлаа.
Дараагийн алхам нь Суурь Тогтоох.
Мэн Хао хад чулуун дээр ганцаараа сууж, тэнгэрийн сар, тоо томшгүй оддыг ширтэнэ.
Тэр дуугүй байв.
Толгойд нь үй олон бодол эргэлдэж, бага зэрэг төөрөлдсөн мэт санагдана.
Цаг өнгөрсөөр шөнө дунд болов.
Ван Тэнфэй Үхэшгүйсийн Агуйдаа сууж, долоовор хуруугүй болсон баруун гараа ширтэнэ.
Царай нь будилсан хэвээр.
Өмнө нь хоёр хувааж хугалсан нэгэн хаш хавтан хэвтэж байлаа.
Ухаан орсон даруйдаа түүний хийсэн хамгийн эхний зүйл тэр хавтанг хугалах байсан.
Тэр Дотоод хүрээнд орж чадсангүй.
Ингэснээр хоёр дахь зорилго нь биелсэнгүй.
Цөхрөлд унахын ирмэгт хүрсэн Ван Тэнфэй ухаан ормогцоо гашуунаар инээгээд хаш хавтанг хоёр хуваан хугалжээ.
Тэр ялагдсан.
Бүрэн ялагдсан.
Тэгээд өөрийнх нь нүдэнд өчүүхэн өт хорхойноос ялгаагүй нэгэнд ялагдсан.
Мэн Хаогийн илд, өөрөөс нь сул бясалгалын түвшинд ялагдсан.
Хэ Луохуа хөндлөнгөөс оролцоогүй бол тэр одоо үхсэн байх байлаа.
Энэ ялагдал Түшиг Урсгал дахь түүний замыг төгсгөв.
Ухаан орсноосоо хойш Ван Тэнфэй Үхэшгүйсийн Агуйгаасаа огт гарсангүй.
Зүгээр л тэндээ манарсан мэт суусаар.
Тэр бол Сонгогдсон Суутан.
Өмнөд Нутаг дахь Ван овгийн нэр сүр хэний ч үл тоож чадахааргүй хүчтэй.
Ван Тэнфэй багаасаа хэт бардам өсөж, бүх ертөнц өөрийнх нь хөл доор байдаг мэт амьдарчээ.
Тиймээс тэр овогтоо үлдэхээс татгалзаж, Жао улсын Түшиг Урсгалд ирсэн.
Эндээс өв болон эрдэнэсээ олохын тулд.
Тэр бүү хэл хоёр зорилгоо биелүүлэхийн тулд Суурь Тогтоохоо хүртэл хойшлуулсан.
Харин одоо бүх зүйл салхинд хийссэн үнс шиг алга болжээ.
Ван Тэнфэйн гашуун инээд Үхэшгүйсийн Агуй даяар цуурайтав.
Тэр инээсээр, хоёр гараа чанга атгалаа.
Гэвч хумс нь тийм хурц биш тул тэр өдөр Мэн Хаогийн мэдэрсэн шиг өвдөлтийг өөртөө мэдрүүлж чадсангүй.
Тэр энэ ялагдлыг хүлээн зөвшөөрч чадахгүй байв.
Хэрэв өөр нэг Сонгогдсон Суутанд ялагдсан бол тэсэж болох байлаа.
Гэтэл Дотоод хүрээн дэх байр суурийг нь булааж, түүнийг хөлдөө гишгэсэн хүн нь өөрийнх нь нүдэнд харах ч үнэ цэнгүй нэгэн.
Нэрийг нь хүртэл санаж чаддаггүй байсан өчүүхэн өт хорхой.
Үүнийг тэр яаж хүлээн зөвшөөрөх билээ?
Яг тэр мөчид Ван Тэнфэйн Үхэшгүйсийн Агуйн гол хаалга ямар ч чимээгүйгээр бутарч эхлэв.
Хаалга бүхэлдээ үнс болж, агуйн шалан дээр зөөлөн асгарлаа.
Үүдэнд хар дээлтэй дунд эргэм насны эр зогсоно.
Хоёр гараа ардаа авчээ.
Бие нь бага зэрэг туранхай ч төрөлхийн бардам, сүрлэг байдалтай.
Сарны гэрэл түүн дээр тусахдаа хүртэл чичирч, долгио болон сарниж байгаа мэт харагдана.
Тэр хүний оршихуй төдий нь эргэн тойрны уул нурууг чичрүүлэх мэт.
Дунд эргэм насны эрийн хажууд арван найм, арван ес орчим настай залуу бүсгүй зогсож байв.
Гайхалтай үзэсгэлэнтэй.
Өндөр, гоолиг биетэй.
Нүүрэндээ ямар ч будаггүй атлаа үүрийн туяа мэт гэрэлтэнэ.
Үсээ хараацайн сүүл мэт хэлбэрээр шууж, бие нь хашаар сийлсэн мэт нарийн цэвэрхэн.
Нимгэн цайвар ногоон хувцас өмсчээ.
Сарны гэрэлд зогсох тэр бүсгүй тайван, хөндий, эгэл ертөнцийн тоос шороонд хүрээгүй мэт аура цацруулна.
Тэнгэрээс бууж ирсэн дагина шиг.
— Ван овог бол Өмнөд Нутаг дахь бясалгагчдын гурван их овгийн нэг, — гэж дунд эргэм насны эр тайван хэлэв.
Түүний хоолой тайлбарлахад бэрх сүрдэм хүйтэн өнгөтэй байлаа.
— Олон урсгалаас ч хүчирхэг. Өмнөд Нутагт арван мянган жил оршин тогтносон овог.
— Чи Ван овгийн Сонгогдсон Суутан. Төрсөн цагаасаа жирийн бус хувь тавилантай. Тэнгэрээс ч өндөрт дэвжиж, бусад мөнх настнуудтай өрсөлдөх тавилантай хүн.
Дунд эргэм насны эрийн үгийг сонсох зуур Ван Тэнфэй тасарсан хуруугаа ч үл тоон толгойгоо аажмаар өргөв.
— Өчүүхэн хэдэн бүтэлгүйтэл юу юм бэ? Энэ жижигхэн Жао улс Өмнөд Нутагт юу ч биш. Эндхийн хүмүүс бүгд шоргоолж. Би овгоос Нялх Сүнсний шатны ганц хүн явуулахад энэ газрыг бүхэлд нь арчиж чадна.
Дунд эргэм насны эрийн үг эргэлзэх зай үлдээсэнгүй.
Ван Тэнфэй хоёр гараа атгахад нүдэнд нь гал дүрэлзэв.
— Чиний жинхэнэ дайснууд бол овгийн бусад Сонгогдсон Суутнууд. Өмнөд Нутаг дахь хоёр их овгийн залгамжлагчид. Үлдсэн таван овгийн шилдэг шавь нар. Зөвхөн тэд л чиний дайсан байх эрхтэй.
— Тэд чамайг одоогийн энэ өрөвдөлтэй төрхөөр чинь харвал чи өөрийгөө яаж Ван овгийн хүн гэж хэлж зүрхлэх юм?
Тэр ханцуйгаа сэгсрээд,
— Надад хэл. Чиний овог юу вэ? — гэж асуулаа.
— Би Ван овгийн хүн!
Ван Тэнфэй босож зогсов.
Нүд нь дахин гэрэлтэж эхэлжээ.
Дунд эргэм насны эр түүнийг удаан ширтээд, харц нь зөөлөрлөө.
— Чи Ван овгийн тэнгэрт дүүлэх Пэн шувуу. Хэдхэн жилийн дараа Суурь Тогтоох шатанд хүрнэ. Цааш Цөм Бүрэлдүүлэх их замд ороход сүйт бүсгүйн чинь Урсгалын Дорноос Ирэх Нил Цийн Арга чамд тусална. Чи удалгүй Цөмөө амжилттай бүрэлдүүлнэ.
— Дараа нь Нялх Сүнстэй болно. Тэр үед энд, Жао улсад чамайг ялсан өрөвдөлтэй тэр хүн одоо ч Ци Нягтруулах шатандаа зууралдаж байхыг харна.
— Тэр үед л чи түүнийг жинхэнэ утгаар нь өт хорхой шиг дээрээс харж чадна.
Тэр Ван Тэнфэй рүү утга агуулсан харцаар нэг хараад эргэв.
— Тэнфэй, — гэж үзэсгэлэнт бүсгүй аяархан дуудлаа.
Хоолой нь зөөлөн, таатай.
Гадаад төрхтэй нь нийлээд хүний сэтгэлийг өөрийн эрхгүй татна.
Тэр Ван Тэнфэй шигээ бараг өөгүй нэгэн.
Хэрэв хоёул хамт зогсвол Тэнгэрээс заяасан хос мэт, мөнх настны замаар яваа хэн бүхний атаархлыг төрүүлэхээр байв.
Ван Тэнфэй бүсгүй рүү дуугүй харав.
Тэр бол түүний сүйт бүсгүй Чү Юянь.
Нил Хувь Тавилангийн Урсгалын Тэргүүний охин.
Өөрийн Урсгалын Сонгогдсон Суутан бөгөөд Өмнөд Нутагт хамгийн алдартай дөрвөн бүсгүйн нэг.
— Буцъя, — гэж Чү Юянь Ван Тэнфэй рүү зөөлөн харан хэлэв.
Ван Тэнфэй толгой дохив.
Тэр бүсгүй болон дунд эргэм насны эрийг даган Үхэшгүйсийн Агуйгаас гарлаа.
Гурвуулаа урагш алхахад гэнэт шөнийн тэнгэрийг нүргээн донсолгов.
Тэнгэрээс аварга аянга бууж ирээд бараг гурван зуун метр урт нисдэг байлдааны хөлөг болон хувирлаа.
Хөлөг бүхэлдээ хар.
Үхлийн хүйтэн мэдрэмж цацруулна.
Ялангуяа аварга тугны шон дээр намирах улаан туг анхаарал татна.
Туг дээр “Ван” гэсэн ханз хатгамал байв.
Хөлөг дээр нүүрэндээ ямар ч хувиралгүй олон эрэгтэй цэх зогсож, хүйтэн аура цацруулна.
Саяын асар их нүргээн болон байлдааны хөлгийг хараад Түшиг Урсгалын шавь нар айсандаа салганав.
Тэд тэнгэр өөд итгэж ядан ширтэнэ.
Мэн Хао одоо ч Дорнод уулын оргилд сууж байлаа.
Бодол дундаасаа цочин сэрээд, тэнгэрт гарч ирсэн сүрдэм хар байлдааны хөлөг болон улаан тугийг харахад зүрх нь чичирлээ.
— Чамайг ийм зах хязгаарын газар ирэхийг анхнаасаа зөвшөөрөх ёсгүй байж, — гэж дунд эргэм насны эр хөлөг дээр гарах зуураа хэлэв. — Дээд Сүнсний Судар энд үзэгдсэн гэсэн цуу байсан ч тэр явдал хэдэн зуун жилийн өмнө болсон зүйл.
Ван Тэнфэй хөлөг дээр зогсоод Түшиг Урсгалыг доош ширтэв.
Сүүлийн хэдэн жилийн дурсамжийг сэтгэлээсээ аажмаар арчиж байгаа мэт.
Түүний харц урьдынх шигээ дулаан, зөөлөн байхаа больжээ.
Инээмсэглэл нь ч эелдэг, чин сэтгэлийнх биш болсон.
Тэр хүйтэн болжээ.
Ялангуяа нүдэнд нь үзэн ядалт гэрэлтэнэ.
Урьдын Ван ахлах шавиас огт өөр хүн болсон мэт.
Тэр уулын орой дээр суух Мэн Хао руу доош харав.
Хоёул хэсэг зуур бие биеэ ширтлээ.
Дараа нь Ван Тэнфэйн нүдэнд ахин үл тоосон бардам харц тодров.
Түүний хувьд Мэн Хао ердөө нэг өт хорхой.
Учир нь түүний овог Ван!
Яг тэр үед дунд эргэм насны эр уулын орой дээр суух Мэн Хаог олж харав.
Тэр бясалгалын хүчээ огт гаргаагүй.
Гэвч ганц харц нь л Дорнод уулыг бүхэлд нь донсолгосон нүргээн мэт хүч авчирлаа.
Хурц илд шиг харц Мэн Хао руу шууд тусав.
Мэн Хаогийн царай огцом өөрчлөгдөж, тэр бөөн цус ханиалгав.
Бүх бие нь мөс шиг хүйтэн болж, аймшигт үхлийн хүч өөр дээр нь буусныг мэдэрлээ.
Толгой нь эргэж, бодох чадвар хүртэл алга болов.
Тэр дэндүү сул.
Нэг л цохилтоор нурж унах мэт.
Үхэл дэргэд нь ирчихсэн мэт санагдав.
Бие нь хатаж хорчийно.
Сүнс нь унтарна.
Духнаас нь цус урсаж эхлэв.
Ганцаардал.
Арчаагүй байдал.
Үхэл.
Энэ бүхэн нийлж асар том гар болон дээрээс нь дарж, биеийг нь аажмаар няцалж, хэзээ ч эргэж босохгүй газар руу түлхэж байгаа мэт.
Гэнэт хүйтэн тургих дуу Түшиг Урсгал даяар цуурайтав.
Мэн Хаогийн өмнө цэнхэр дээлтэй нэгэн дүр гарч ирлээ.
— Чиний бясалгал Цөм Бүрэлдүүлэх шатанд байна. Тэгээд ч Холимог Цөм биш, дор хаяж Нил Цөм эсвэл Улаан Цөмтэй. Гэтэл Ци Нягтруулах шатны жаахан хүүхдийг ингэж дээрэлхэх гэж үү?
Урсгалын Тэргүүн Хэ Луохуа байлаа.
— Чи үнэхээр Өмнөд Нутаг дахь Ван овгийн Ван Сифань, Гуравдугаар үеийн Дао Хамгаалагч мөн үү?
Гэнэт Тэнгэр Газрыг донсолгосон чих дүлийрэм нүргээн гарлаа.
Дуу тэсрэн тархахад нүдэнд харагдах бүх зүйл бутран сүйдэх гэж байгаа мэт санагдав.
Дараа нь нүргээн давхарга давхарга долгион болон Хэ Луохуагаас цацарч эхэллээ.
Тэр энэ ертөнцөд ганцаараа оршиж байгаа мэт сүрлэг зогсоод байлдааны хөлөг дээрх Ван Сифанийг хүйтнээр ширтэв.
— Хэ бясалгагч нөхөр намайг элэглэх нь аргагүй, — гэж Ван Сифань зөөлөн инээв. — Би Тэнфэйг авч явахаар ирсэн юм. Энэ хэдэн жилд түүнийг харж хандаж байсанд баярлалаа.
Түүний нүдэнд үгээр хэлэхэд бэрх бардамнал дүүрэн байв.
Ван Сифань ханцуйгаа сэгсрэв.
Байлдааны хөлөг хүнгэнэн дуугарч, дараагийн агшинд солонгон гэрэл болон хувираад одот тэнгэр рүү харван алга боллоо.
Ард нь зөвхөн гялалзах оддын гэрэл үлдэв.
Мэн Хао дахин бөөн цус ханиалгасан ч холдон одох хөлгийг ширтсээр байв.
Хүйтэн нүд нь гялалзана.
Хэ Луохуа эргэн Мэн Хао руу хэсэг дуугүй харав.
Дараа нь санаа алдаад явлаа.
Мэн Хао алсад бүдгэрэн алга болох байлдааны хөлгийг ширтсээр.
“Тэгэхээр тэр Цөм Бүрэлдүүлэх шатны бясалгагч байжээ.”
“Ганц харцаараа намайг няцалж чадна.”
“Тэгээд энэ ердөө Цөм Бүрэлдүүлэх шат.”
“Үүний дараа Нялх Сүнс, дараа нь Сүнс Таслах, түүнээс ч цааш олон шат бий...”
“Өмнөд Нутаг.”
“Ван овог!”
Мэн Хао шүдээ зуув.
Нүдэнд нь гал дүрэлзэнэ.
Чэнь Фань ахлах шавийн хэлсэн үг толгойд нь ахин цуурайтав.
“Хэрэв хүчгүй бол оршин байх эрхгүй.”
“Хэрэв хүчгүй бол бясалгах эрхгүй.”
“Хэрэв хүчгүй бол амьд үлдэх эрх ч үгүй. Бусдын хөлд гишгэгдэхээс өөр хувьгүй.”
“Чи ийм амьдралаар амьдрахыг хүсэж байна уу?”
Тэр үг улам хүчтэй цуурайтаж, Мэн Хаогийн оюун ухаан, яс мах, сүнсэнд арилшгүйгээр сийлэгдэв.
— Би хүлээн зөвшөөрөхгүй! — гэж Мэн Хао удаанаар хэлээд хоёр гараа атгалаа.
Хоолой нь сулхан байсан ч зүрхэнд нь энэ үг аянга мэт нижигнэв.
— Намайг хэн нэгэн дураараа гишгэлэхийг би хүлээн зөвшөөрөхгүй!
— Сул дорой байхыг би хүлээн зөвшөөрөхгүй!
— Хариу цохилт өгөх эрхгүй байхыг би хүлээн зөвшөөрөхгүй!
— Би хүчтэй болно!
— Би үнэхээр хүчирхэг болно!!
Мэн Хао баян болж, Дорнын Нутаг дахь Их Танд очихыг үргэлж хүсдэг байсан.
Тэр хүсэл нь одоо ч хэвээр.
Гэхдээ одоо түүнд бас нэг шинэ итгэл төржээ.
Тэр хүчирхэг болно.
Бясалгалын зам бол Тэнгэрийг сөрөн явах зам.
Энэ зам дээр хүчгүй бол...
үхнэ.
Тайлбар:
Чү Юянь гэдэг нэрийн “Юй” ханз нь “хаш”, “гоо үзэсгэлэн”, “Янь” ханз нь “дур булаам” гэсэн утга агуулдаг.
Ван Сифань гэдэг нэрийн “Си” ханз нь “цагаан тугалга”, “Фань” ханз нь “үлгэр жишээ” гэсэн утга агуулдаг.