Оройн тэнгэрт аянга нижигнэнэ.
Улаавтар үүлс хөвж, намрын салхи хатсан навчыг хийсгэн эргэлдүүлнэ. Уг нь намуухан бороотой, үзэсгэлэнт намрын үдэш байх ёстой байлаа.
Гэвч хааяа газарт бууж, дараагийн мөчид дахин агаарт харван хөөрөх хоёр хүний дүр тэр амгалан байдлыг эвджээ.
Тэд амь, үхэл шийдсэн хөөцөлдөөн дунд тэнгэрээр давхилдана.
Мэн Хао урд нь явж байлаа. Нүд нь гялалзана.
Ци Нягтруулах шатны долоодугаар түвшинд хүрсний дараа тэр нисдэг илдээрээ хамгийн дээд хурдаа хагас хүж шатах хугацаанд барьж чаддаг болжээ.
Гэсэн ч ийм хурдаар Шангуань Сюг хаяж чадсангүй.
Хэсэг хугацааны дараа Мэн Хао газарт буухаас өөр аргагүй болж, хэсэг зуур бүх хурдаараа гүйгээд, дараа нь дахин нисдэг илдээр гулсан нисэв.
Шангуань Сю тууштай хөөсөөр.
Тэр Мэн Хаог зугтаалгаж болохгүйгээ мэдэж байлаа. Хэрэв алдчихвал Мэн Хао уудам Жао улсын хаа нэгтээ нуугдахад тун амархан. Тэгвэл түүнийг дахин олох маш төвөгтэй болно.
Одоогийн Шангуань Сю өөртөө туйлын итгэлтэй байв.
Шийдвэрлэх мөч иржээ.
Мэн Хаод ямар нэгэн үнэт эрдэнэ байдгийг тэр мэднэ. Яг юу хийдгийг нь сайн ойлгоогүй ч заавал гартаа оруулахаар шийджээ.
— Мэн Хао, чи надаас зугтаж чадахгүй! Миний зорилго үргэлж Өмнөд Нутаг байсан. Би Суурь Тогтоох шатанд одоо хүртэл ороогүй нь чадахгүйдээ биш, хүсээгүйдээ! Миний нүдэнд чи ердөө шоргоолж! Чи миний Суурь Тогтоох шат руу дэвших гишгүүр болно!
Шангуань Сю Ци Нягтруулах шатны есдүгээр түвшинд байв.
Суурь Тогтоох шатанд нэвтрэхэд маш ойртсон ч тэр шатны жинхэнэ хүчнээс хол хэвээр.
Гэхдээ Мэн Хао түүнтэй нэг том шатанд байсан ч бясалгалын түвшин нь хоёр шатаар доогуур.
Тиймээс Шангуань Сю зөвхөн илүү хурдан төдийгүй, Түшиг Урсгалын Ахлагч байсан учраас илүү өндөр зэрэглэлийн шидэт эдлэл хэрэглэх боломжтой байжээ.
Сахиус агаарыг зүсэн исгэрч, Шангуань Сюг ер бусын хурдтай урагш зөөв.
Тэр өргөн ханцуйгаа сэгсэрч, нэг хаш хавтанг хугаллаа.
Ногоон манан оргилон гарч ирснээ өтгөрөн, хүний бэлхүүс хүрэх өндөртэй ногоон лонх болон хувирч Мэн Хао руу харвав.
Мэн Хаогийн нүд гялсхийв.
Тэр орон зайн уутаа алгадахад арван нисдэг илд зэрэг гарч ирэн ногоон лонх руу дайрлаа.
Мөргөлдсөн агшинд арван нисдэг илд дэлбэрч, үйрмэгүүд нь бүх зүгт цацрав.
Ногоон лонх ч хагарлаа.
Гэвч Шангуань Сю хурдаа улам нэмээд, дэлбэрэлтийн үүлэн дээгүүр харайн гарч Мэн Хаотой зайгаа ойртуулахыг оролдов.
Яг тэр мөчид Мэн Хао гэнэт эргэв.
Гар нь тамга үүсгэхэд гурван Салхин Ир бий болов.
Гэвч тэд Шангуань Сю руу шууд дайрсангүй. Харин тойрог үүсгэн эргэлдэж, улам бүр хурдсав.
Үүссэн сорох хүч нь бутарсан нисдэг илднүүдийн үйрмэгийг өөртөө татаж, удалгүй эргэлдсэн хар салхи мэт бөөгнөрүүлжээ.
Нүргээн цуурайтав.
Мэн Хао эргэж ч харсангүй.
Шангуань Сюгийн ард үүссэн эргэлдсэн бөөгнөрөл гэнэт дэлбэрч, хурц төмрийн үйрмэгүүд бороо шиг цацагдлаа.
Шангуань Сю урагш шидэгдэж, хувцасных нь ихэнх хэсэг урагдан салбайв.
Нүдэнд нь уур хилэн дүрэлзэнэ.
— Чи Ци Нягтруулах шатны долоодугаар түвшинд хүрчихсэн юм уу!
Шангуань Сю алсад одох Мэн Хаог ууртай ширтэв.
Тэр дахин араас нь хөөсөн ч энэ удаа илүү болгоомжтой байлаа.
Мэн Хао туйлын арга зальтай. Үл тоомсорлож болох хүн биш.
Тиймээс Шангуань Сю бүх хүчээ гаргах ёстойгоо ойлгожээ.
Мэн Хао сая илдийн үйрмэгүүдийг нэг дор цуглуулсан аргыг бодоход Шангуань Сю бага зэрэг цочив.
Хэрэв Мэн Хаогийн бясалгалын түвшин арай өндөр байсан бол тэр довтолгоо өөрийг нь алахгүй байлаа ч хүнд шархдуулах байсан.
“Ийм залуу атлаа ямар хорлонтой юм бэ. Илднүүдээ дэлбэлсэн нь ердөө анхаарал сарниулах арга байж. Хараал ид!”
Шангуань Сю хурдаа ахиулж, гэрлийн зурвас болон хувираад Мэн Хаогийн араас харвав.
Орой улам харанхуйлав.
Хоёр хүн шөнийн тэнгэр дор нэгнийгээ хөөсөөр.
Тод сар дээрээс нь тусаж, тэдний дүрийг мөнгөлөг гэрлээр гэрэлтүүлнэ.
Мэн Хаогийн царай бараан байлаа.
Тэр хэдэн Чөтгөрийн Цөм залгив.
Умард Тэнгис түүнд Даогийн гэгээрэл өгч, бясалгалын түвшин нь ахисан ч одоогийн байдал огт таатай биш.
Тэр Ци Нягтруулах шатны долоодугаар түвшинд хүрсэн ч араас хөөж яваа хүнээсээ салах арга олдохгүй байв.
Нөхцөл байдал аюултай болжээ.
“Нэг өдөр энэ хүнийг би өөрийн гараар ална!”
Мэн Хао тэдний хооронд үүссэн учир нь үл ойлгогдох дайсагналыг бодов.
Эцэст нь бүх зүйл Шангуань Сюгийн шуналаас эхэлснийг ойлголоо.
Дахин дахин, тасралтгүй шунана.
Үнэхээр залхмаар.
Мэн Хао арагш харж Шангуань Сюг нэг ширтээд шүдээ зуув.
Нисдэг илдийнх нь хүч сулармагц газарт бууж, зэрлэг уулсын зүг хар хурдаараа давхилаа.
Тэр Түшиг Урсгалын зүг явсангүй.
Харин Дачин уулын зүүн зүгт орших, уул нурууд нам газартай залган үргэлжилж, цааш Жао улсын нийслэл хүрэх бүс рүү чиглэжээ.
Эндхийн уулс Түшиг Урсгалын орчмынхоос ч олон.
Энэ нуруу Жао улсын хамгийн том уулсын бүс бөгөөд хүмүүс түүнийг Улс Хамгаалах нуруу гэж нэрлэдэг байлаа.
Алсаас харвал цаад төгсгөл нь үзэгдэхгүй.
Шөнө дунд тэр уулс нойрсож буй аварга лууны тахиралдсан нуруу мэт сүндэрлэж, сүрлэг даралт мэдрүүлнэ.
Мэн Хао толгойгоо бөхийлгөн, Улс Хамгаалах нурууны гүн рүү улам хурдаллаа.
Энэ гурван жилийн хугацаанд амь зулбан зугтаж байгаа нь анхны удаа биш.
Хар ууланд туулсан зүйлээсээ тэр боломж гарвал яаж ашиглахыг сурчээ.
Тиймээс бүх хурдаараа уулсын гүн рүү улам цааш нэвтэрлээ.
Шангуань Сю ч хурдаа сааруулсангүй.
Мэн Хао хаашаа ч явсан араас нь дагана.
Түүний бодол нэгэнт шийдэгдсэн.
Мэн Хаог алж, эрдэнэсийг нь авна.
Гэхдээ түүнд тийм ч их хугацаа байсангүй.
Нууцаар тарьж ургуулсан нэгэн эмийн ургамал нь боловсорч, хураахад бэлэн болжээ. Хэрэв хэт удаан саатвал ургамал хатаж, ирээдүйн бүх төлөвлөгөөг нь сүйрүүлнэ.
Шангуань Сюгийн тооцоогоор Мэн Хаог нэг, хоёр хоногийн дотор шийдэх ёстой.
Тийм хэмжээний саатал бол хүлээн зөвшөөрөхүйц.
Тиймээс тэр эргэлзэлгүй зэрлэг уулсын гүн рүү хөөсөөр орлоо.
Мэн Хао, Шангуань Сю хоёр Улс Хамгаалах нуруунд орсон газраас ойролцоогоор таван зуун километрийн зайд нэгэн сүрлэг уул сүндэрлэнэ.
Оргил нь үүл цоолж, асар холоос ч харагдана.
Уулын дундаас дээших хэсэг бүхэлдээ цасанд дарагджээ.
Энэ уул эргэн тойрныхоо бүх уулсаас хавьгүй том бөгөөд хамгийн оройгоос нь урсгал ус шиг гялалзсан гэрэл тархан уулыг бүхэлд нь бүрхсэн мэт харагдана.
Түүний хажууд өөр нэг уул байв.
Оройг нь аварга илдээр цавчин тайрсан мэт хавтгай тул дугуй тавцан үүсжээ.
Тавцан дээр цагаан урт дээл өмссөн бараг зуун бясалгагч цугларсан байлаа.
Бүгд залуу.
Хамгийн бага нь арван нэг, арван хоёр орчим настай, хамгийн ахмад нь арван долоо, арван найм хүрсэн харагдана.
Охид, хөвгүүд холилдон зогсож, бүгдийн нүүрэнд догдлол, хүлээлт тодорчээ.
Зарим нь бясалгалын түвшнээ нууж байгаа мэт, царай нь бардам бөгөөд бууж өгшгүй.
Тэдний дунд Ци Нягтруулах шатны долоо, наймдугаар түвшний хүмүүс олон, бүр есдүгээр түвшний хэд ч байв.
Хамгийн сул нь хүртэл тав, зургаадугаар түвшинтэй.
Жао улсын ямар ч Урсгалд ийм шавь нар байхгүй.
Эдгээр залуусыг цуглуулсан газар Өмнөд Нутаг дахь томоохон Урсгал гэдэг нь илт.
Хувцас нь бүгд ижил.
Тэднээс цацрах сүр хүч эргэн тойрныг хүртэл өөрчлөх шиг санагдана.
Зарим нь гайхалтай төрөлхийн авьяастай, бүгд эрч хүчээр дүүрэн.
Тэд бясалгалын ертөнцөд харьяалагдах хүмүүс гэдэг нь нэг хараад л ойлгогдоно.
— Эд бол манай Гадна хүрээний шавь нараас хэдхэн нь, — гэж нэгэн дуу бардам инээдтэй хамт сонсогдов. — Ямар байна, Этгээд Сүн?
Бүлгийн хамгийн урд, тавцангийн ирмэгийн ойролцоо хоёр хөгшин завилан суужээ.
Тэдний дунд го даамны хөлөг дэлгээстэй.
Сая инээсэн хүн бол тэдний нэг.
Цагаан үстэй, цагаан дээлтэй, энэ ертөнцөөс тасарсан мэт сүрлэг төрхтэй хөгшин байлаа.
Нүд нь аянга мэт гялалзаж, бардамнал дүүрэн.
Тэр дахин инээлээ.
Өөдөөс нь урт хар дээл өмссөн Этгээд Сүн сууж байв.
Түүний дээл солонгорсон туяа цацруулах мэт. Саарал урт үс нь замбараагүй унжиж, нүүрэнд нь учир битүүлэг инээмсэглэл тодорчээ.
— Сайн байна, сайн байна. Нил Хувь Тавилангийн Урсгал чинь Өмнөд Нутаг дахь таван Их Урсгалын нэг гэж нэрлэгдэхэд үнэхээр зохистой юм. Гадна хүрээний шавь нарын дунд чинь ирээдүйтэй хүмүүс цөөнгүй байна шүү, Ү Динчю.
Этгээд Сүн инээмсэглэхэд үл мэдэг хүйтэн салхи босох шиг болж, хажууд зогссон шавь нарын сэтгэл хүртэл өөрийн эрхгүй чичирлээ.
— За тэгвэл мөрийгөө эхлүүлье, — гэж цагаан дээлтэй Ү Динчю инээмсэглэн хэлэв.
Нүд нь гялсхийж, гараа атгах мэт хөдөлгөхөд хүний толгойн дайтай том чулуу гэнэт гарч ирэн хажууд нь нижигнэн унав.
Чулуу бараан, тунгалаг бус.
Гэвч дотор нь хар гэрэл анивчин, тоо томшгүй үнэт чулуу нийлсэн мэт үй олон оч гялтганана.
— Миний мөрий бол Тэнгэрийн Талст!
Ү Динчюгийн нүд гялалзаж, Этгээд Сүн рүү харав.
— Болно, — гэж Этгээд Сүн ханцуйгаа сэгсрэв. — Харин энэ бол чиний нүд унагаад байсан Одны Хэлтэрхий.
Нударганы дайтай том төмөрлөг бөөн зүйл гарч ирлээ.
Түүнээс хар гэрэл цацарч, нүдэнд харагдах бүхнийг залгих гэж байгаа мэт санагдана.
Энгийн эд биш гэдэг нь илт.
— Уулын оргил дээрх тугийг харж байна уу? Шавь нар чинь тэр тугийг унагаж чадвал чи ялна. Харин Нил Хувь Тавилангийн Урсгалын шавь нар чинь ууланд авирч ч чадахгүй бол Тэнгэрийн Талст минийх.
Этгээд Сүн сэтгэл хангалуун инээлээ.
— Санаа зоволтгүй, — гэж Ү Динчю өөртөө итгэлтэй ёжтой инээв. — Миний шавь нар чиний тэр муу тугны шонг заавал хугална. Уулын чинь бүх эрдэнэсийг хамж, өсгөсөн чөтгөр араатнуудыг чинь ч устгана. Тэр үед үгнээсээ буцав даа!
— Би дөрвөн зуун жил Тэнгэр Газраар тэнүүчилсэн ч хэлсэн үгнээсээ нэг ч удаа буцаж байгаагүй. Тийм ээ, энэ ууланд би олон эрдэнэс, Сүнсний чулуу, бас өөрийн гараар өсгөсөн ховор сүнслэг араатнуудыг тавьсан. Гэхдээ сайн сонс. Уул нээгдсэнээс хойш долоон хоногийн турш Суурь Тогтоох шатанд хүрээгүй хэн боловч энд орж болно. Танай Нил Хувь Тавилангийн Урсгалын шавь ч бай, өөр Урсгалын шавь ч бай ялгаагүй. Хэн ч орж болно!
— Чадвартай нь эрдэнэсийг авна. Бүр хэн нэгэн ирээд уулыг минь хоосолчихсон ч би хөмсгөө ч хөдөлгөхгүй, хэлсэн үгнээсээ ч буцахгүй. Хэрэв буцвал би Сүн овогтой хүн биш!
Этгээд Сүн толгойгоо өндөр өргөн, бууж өгшгүй төрхөөр шийдэмгий хэлэв.
— Харин чадваргүй хүн эрдэнэс авч чадахгүй, уулын оройд ч хүрч чадахгүй бол миний сүнслэг араатнуудын хоол болно. Тэр бол өөрсдийнх нь хувь тавилан.
Ингэж хэлээд түүний инээмсэглэл улам хүйтэрч, нүдэнд нь шоолсон өнгө тодров.
— Манай Нил Хувь Тавилангийн Урсгалын шавь бүр үеийнхнийхээ дундаас шалгарсан хүмүүс! — гэж Ү Динчю ширтэн хэлэхэд дуу нь уулсаар нүргэлэв. — Чиний энэ уулыг хоослох нь тэдэнд алгаа эргүүлэхээс ч амархан!
— Миний эрдэнэсийн уулын эргэн тойрон дахь зуун километр газарт сүнслэг араатнууд чөлөөтэй явдаг. Би энэ хөрсийг арван мянган жил нарны гэрэл үзээгүй Дорнын Тэнгисийн ёроолын шороогоор бордсон. Тэр бүү хэл Өмнөд Нутаг дахь Тяньшань уулын оргилыг бүхлээр нь зөөж авчраад энэ уулын хамгийн өндөр хэсэг болгосон. Нэг бүтэн жаран жилийг цэвэршүүлж, уултай нь нэгтгэхэд зарцуулсан. Энэ дэлхийд үүнтэй адил газар байхгүй.
Этгээд Сүн сахлаа удаанаар илэв.
— Эндхийн сүнслэг араатан бүрийг би өөрөө шилж сонгож олж авсан. Бүгд догшин, этгээд, Тэнгэрийн доорх янз бүрийн нутгаас уйгагүй цуглуулсан Хувирмал араатнууд. Чиний авчирсан энэ зуу хүрэхтэй үгүйтэй шавь нар миний сүнслэг араатнуудыг цатгахад ч хүрэхгүй байх!
Тайлбар:
Этгээд Сүний овгийн “Сүн” ханз нь Сүн улсын нэрэнд ордог ханз бөгөөд тусдаа утгаар нь орчуулах шаардлагагүй овгийн нэр юм. Ү Динчюгийн нэрийн “Ү” нь түгээмэл овог, “Дин” нь Тэнгэрийн ишний дөрөв дэх тэмдэг, “Чю” нь “намар” гэсэн утгатай.