Түүний хоолой эелдэг, найрсаг боловч үл ялиг бардам өнгө аяс шингэжээ.
Хатан минь гэж үү?
Хунтайж намайг хатан хаан бус, «хатан» хэмээн дуудсан нь энэ хоёр дахь удаа байлаа. Мэдээж эзэнт гүрний гаднаас ирсэн зарим хүн, ялангуяа манай цол хэргэмийн ялгааг сайн мэддэггүй зочид намайг ийнхүү дуудах нь бий.
Гэхдээ Күин гэдэг нэртэй шувуугаар дамжуулан нэгэн үл таних хүнтэй захиа солилцож байгаагаа би мартаж болохгүй.
Хайнри хунтайж Күиний эзэн юм биш биз?
Тийм бол захиа бичдэг хүн нь намайг гэж сэжиглэж байгаа хэрэг үү? Намайг туршиж байна уу?
Толгойд элдвийн асуулт ар араасаа хөвөрлөө. Гэвч би энэ бодлоо түр хойш тавив. Захиа илгээж байсан хүн нь хунтайж мөн ч бай, биш ч бай хамаагүй. Күиний эзэнтэй нүүр тулан уулзах санаа надад огт байсангүй.
Манаанд зогсож байсан хүлэг баатар царайгаа барайлгав. Хайнри хунтайж хатан хаанаар ордныг өөрт нь үзүүлүүлэхийг хүссэнд тэр дургүйцсэн бололтой. Гэсэн ч...
— Тэгье дээ, — гэж би хариуллаа.
Эцсийн эцэст Хайнри бол Зүүн эзэнт гүрнээс ч давж гарах хүчтэй улсын хунтайж. Тийм хүнийг гомдоосноор сайн зүйл болохгүй.
Намайг зөвшөөрмөгц хунтайжийн нүүрэн дээрх бардам зангийн ул мөр арилж, оронд нь жаахан хүүгийнх шиг баяр хөөртэй инээмсэглэл тодров. Тэр ордны ёс жаягийг мэддэг аливаа язгууртны адил гараа сунган, намайг сугадан алхахыг урив.
Би гар дээр нь алгаа тавилаа. Ийм үзэсгэлэнтэй залуугийн гар санаанд оромгүй чийрэг байв. Гайхсаныг минь анзаарсан бололтой Хайнри хунтайж над руу учир нь олдохгүй харцаар харав.
— Юу болсон бэ?
— Юу ч биш. — Түүний булчин шөрмөсийг гайхсанаа хэлэлтэй биш. Би яаран сэдвээ өөрчлөв. — Та Мөнгөн цэцэрлэгт хүрээлэнд очиж үзсэн үү? Өмнөд ордны ойролцоо байдаг юм. Үнэхээр гайхамшигтай газар шүү.
— Харин тийм ээ, очсон. Өмнөд ордныг би аль хэдийн бүхэлд нь үзчихсэн.
Төв ордноос гараад бид тахиралдсан хонгилоор алхлаа. Хунтайжийг хаашаа дагуулж явахаа би бодож байв. Эзэнт гүрний ихэнх ажил хэрэг Төв ордонд өрнөдөг. Гэвч гаднын хүнд нэвтрэхийг хориглосон газар олон тул түүнийг тэнд дагуулж явах нь зохисгүй санагдлаа.
Өмнөд ордонд Хайнри хунтайж тэргүүтэй гаднын эрхэм зочдыг байрлуулдаг. Тиймээс тэр тэндэхийг аль хэдийн үзсэн биз.
Ингээд Зүүн, Баруун, Умард гурван ордон үлдэв. Өнөөдөр үдээс хойш Баруун ордонд цай барих уулзалттай учраас аяллаа тэнд дуусгавал хамгийн тохиромжтой байлаа.
Эхлээд Зүүн ордныг үзүүлж болох юм. Гэхдээ Раштатай тааралдчихвал яана?
Гэтэл бид Зүүн ордны үүдэнд бараг хүрээд иржээ. Түүнийг алгасаж, шууд Умард ордон руу явах нь хачин харагдах болов уу?
— Эрхэм дээдэс?
Би бодолд автан дуугүй алхсаар байсанд Хайнри хунтайж намайг зөөлөн дуудан анхаарлыг минь татлаа. Тэр ердөө л цолоор минь дуудсан атал чихэнд минь нэг л сонин мэдрэмж төрөв. Яг л над руу ойртон ирж, нэрийг минь шивнэсэн мэт.
— Эхлээд хаашаа очихоо бодож байлаа, — гэж би хэлэв.
— Тэгвэл миний очмоор байгаа нэг газар бий л дээ...
Түүнийг өгүүлбэрээ дуусгахаас өмнө өөр нэг дуу хоолой яриаг маань тасаллаа.
— Эрхэм дээдэс! — Хажуугийн хонгилоос танил царай цухуйн гарч ирээд бидэн рүү гүйв.
Рашта.
Зүүн ордноос зайлсхийвэл түүнтэй тааралдахгүй гэсэн минь талаар өнгөрлөө. Амнаас минь үл мэдэг санаа алдалт гарсан ч Хайнри хунтайжид хэчнээн дургүй хүрснээ мэдэгдэхийг хүссэнгүй. Өмнөх уулзалтаараа бид эвгүйхэн салсан байлаа ч тэр.
Би толгой дохин мэндийг нь авлаа.
— Эрхэм дээдэс, та зугаалж яваа юм уу? Би ч бас салхилж явна!
— Тийм ээ. — Би хунтайж руу хяламхийн харав.
— Би тэндээс ирлээ, — гэж Рашта явж ирсэн зам руугаа хуруугаараа заалаа. Тэр хаанаас ийм барагдашгүй их эрч хүч гаргадаг байна аа? Рашта Хайнри хунтайж руу огцом эргээд, — Сайн байна уу! Намайг Рашта гэдэг, — гэв.
Ийм албархуу бус мэндчилгээ хунтайжийг цочирдуулна гэдэгт би итгэлтэй байлаа. Гэвч тэр намайг гайхшируулан инээмсэглэж, түүнтэй адил найрсаг өнгөөр: — Сайн уу, Рашта. Намайг Хайнри гэдэг, — гэж хариулав.
Рашта дэлбээгээ нээж буй цэцэг шиг гэрэлтэн инээмсэглэв. — Та ямар хөгжилтэй юм бэ! Энэ хүн хэн юм, Эрхэм дээдэс? Би урьд нь огт хараагүй юм байна.
Намайг ам нээхээс өмнө Хайнри өөрийгөө танилцуулав. — Би Баруун хаант улсын Хайнри хунтайж байна.
— Хөөх! Та хунтайж гэж үү?! — Рашта хоёр гараараа амаа даран, хуруунуудынхаа цаанаас чангаар, — Би өмнө нь хунтайжтай уулзаж үзээгүй! — гэж дуу алдлаа.
Тэр аяархан инээв. — Тийм гэж үү?
— Та үнэхээр хунтайж шиг харагдаж байна. Яг л үлгэрийн номноос гараад ирсэн юм шиг!
— Намайг хэтэрхий магтаж байна даа, Рашта хатагтай. — Тэр толгой бөхийн ёслов.
Раштагийн инээд улам чангарч, нүүр нь интоор шиг улайжээ. — Та хоёр хамт салхилж байгаа юм уу?
Хайнри хунтайж над руу инээмсэглэв. — Эзэн хааны ордныг үзүүлж өгөхийг би Эрхэм дээдсээс хүссэн юм.
— Ямар сүрлэг гоё газар вэ, тийм ээ? — хэмээн Рашта догдлон хэлэв. — Үзэх зүйл маш их шүү.
— Одоо л бүгдийг нь үзэх нь дээ. Одоог хүртэл үзсэн бүхэн үнэхээр гайхалтай санагдсан.
Раштагийн дэндүү задгай авирыг хараад гайхдаг бусад язгууртнуудаас ялгаатай нь Хайнри хунтайж түүнтэй огт түүртэлгүй ярилцаж байлаа.
Рашта ч түүний дэргэд өөрийгөө чөлөөтэй мэдэрч байгаа бололтой. Тэр ингэж санал тавьснаас нь илт. — Тэгвэл Хайнри хунтайж аа, ордныг би танд үзүүлж өгвөл ямар вэ?
Хунтайж хөмсгөө өргөв. — Та надад ордон үзүүлэх гэж үү?
— Би энд тэндгүй явж үзсэн. Энэ газрыг алган дээрх хээ шигээ мэднэ! — Рашта над руу нэг харснаа цовоо дуугаар үргэлжлүүлэв. — Эрхэм дээдэс завгүй байгаа байх. Оронд нь би танд үзүүлж өгч чадна.
— Баярлалаа, гэхдээ хэрэггүй дээ, Рашта хатагтай. Эрхэм дээдэс ордон үзүүлэхдээ тун сайн юм, — гэж тэр хэлэв. Би түүнд бараг юу ч үзүүлж амжаагүй байлаа. Тэр үгээ хэлчихээд жаахан санаа зовсон бололтой над руу харж, нүдээ үл ялиг ирмэлээ.
— Аан! Тэгвэл би хамт явъя. Олуулаа байх тусмаа хөгжилтэй шүү дээ, тийм ээ? — Охин нөхөрсгөөр инээмсэглэн Хайнри хунтайжийн хажууд даруй очив. Хунтайж түүнд таалагдсан бололтой.
Хайнри ч түүн рүү зөөлөн инээмсэглэхэд гэдэс дотор минь эвгүйрхэв. Хэрэв тэр Раштаг хамт алхахыг зөвшөөрчихвөл би юу гэж шалтаглах вэ гэж яаран бодлоо. Ажил ихтэй гэж хэлэх үү? Үгүй ээ, саяхан завтай гэж хэлчихсэн. Гэнэтийн яаралтай ажил гарсан гэх үү? Хэт илэрхий... Бие засах хэрэгтэй гэвэл яах бол? Үгүй. Яавч болохгүй.
[[IMAGE: CH_IMAGES/010.jpg]]
Гэхдээ би эзэн хааны амрагтай зэрэгцэн алхаж яваагаа бусдад харуулахыг хүссэнгүй. Тэр тусмаа хөрш улсын хунтайж бид хоёрын дунд хавчуулагдан алхана гэвэл бүр ч үгүй. Тэгвэл би хүмүүсийн доог тохуу болох байв.
Гэвч намайг шалтаг олж амжаагүй байхад хунтайж дахин бөхийлөө.
— Уучлаарай, Рашта хатагтай. — Хайнри хунтайжийн хоолой найрсаг атлаа шийдэмгий сонсогдов. — Гурав дахь хүн илүүднэ шүү дээ.
Рашта гайхан цочих хооронд Хайнри түүнд сайхан зугаалахыг ерөөгөөд, намайг зөөлөн татан цааш алхлаа.
Тэр эелдэг хэвээр байсан ч үйлдэл нь санаанд оромгүй хүйтэн санагдав. Хэн нэгэн санал тавихад шуудхан үгүй гэж хэлэх амаргүй байдаг. Гэтэл саяхан хүртэл найрсаг байсан хэр нь тэр Раштад шууд татгалзчихлаа.
Би нүднийхээ булангаар хулгайн харц шидэв. Хунтайжийн нүүрэнд өнөөх бардам төрх нь эргэн тодорч, гүн бодолд автсан мэт хөмсгөө зангиджээ.
Түүний зан ааш үзэсгэлэнт царайнаасаа лав хавьгүй ширүүн юм. Хэсэг зуур царайных нь хувирал намайг түгшээв.
Дээдсийн хүрээнд түүний тухай янз бүрийн цуу яриа их байдаг нь үүнээс болсон юм болов уу?
Ийн бодож байтал хунтайж над руу эргэж харлаа. Би өөрийн эрхгүй харцаа буруулав. Гэвч тэр хажуунаас минь зөөлөн ёвров.
— Би царайлаг биш гэж үү?
Юу яриад байгаа юм бол? Би хөмсгөө зангидлаа.
— Хачирхалтай юм. — Тэр уртаар санаа алдав. — Ихэнх хүн өдийд надад аль хэдийн татагдчихсан байх сан. Гэтэл Хатан минь нэг л хөндий хэвээр. Миний нүүр хавдчихсан юм болов уу? Өнөөдөр бүр тусгайлан гоёсон шүү дээ.
Буруу сонсчихов уу даа. Би мэл гайхан ширттэл тэр тасхийтэл инээв.
Энэ чинь тоглоом байжээ гэж үү...? Ийм утгагүй зүйл хэлсэнд нь би ч бас инээдээ барьж чадсангүй.
Ийн инээлдэх зуур түүний зөөлөн, найрсаг төрх эргэн ирэв. — Уучлаарай, Хатан минь. Та дэндүү хөшүүн харагдаад байсан юм.
Би хөмсгөө өргөв.
— Саяын эмэгтэй мөн үү? — Тэр эрхий хуруугаараа ар тийш заалаа. — Эзэн хаантай явалддаг тэр эмэгтэй?
Явалддаг гэж хэллээ. «Амраг» гэж нэрлэсэнгүй. Дээдсийн хүрээний ёс болсон эвтэйхэн нэршлийг тоохгүй байгааг нь хараад миний инээд хүрэв.
— Зүүн эзэнт гүрний эзэн хаан ч үнэхээр хачин хүн юм аа. Тантай адил эмэгтэйтэй байж яаж өөр хүн рүү сэтгэл алдарч чаддаг байна аа?
— Тэгж хэлсэнд тань баярлалаа. Гэхдээ...
— Талархах хэрэггүй. Би үнэнийг л хэлж байна. Эрхэм дээдэс таны үнэ цэнийг мэдэхгүй байгаа бол хохирох хүн нь өөрөө.
Түүнийг яагаад хүүхэмсэг эр хэмээн алдаршсаныг би одоо л ойлгож эхлэв. Гэсэн ч сэтгэл минь таатайгаар гайхширч байлаа. Намайг тайвшруулах гэсэн нь илт боловч тэр магтаалын үгийг чин сэтгэлээсээ хэлж байгаа мэт сонсгох авьяастай аж.
Магадгүй учиргүй хүнийг магтаад байх хүн бишээрээ хэтэрхий бардам харагддаг болохоор тэр биз.
Би юу гэж хариулахаа мэдэхгүй, эвгүйхэн инээмсэглэв.
Хайнри хунтайж хөвгүүн шиг цовоо инээмсэглэл тодруулаад, — Эрхэм дээдэс, нэг зүйл хүсэж болох уу? Шинэ жилийн ёслолын дараах тусгай хүлээн авалтад та намайг урьж болох уу? — гэж асуулаа.
Шинэ жилийн баярт зөвхөн дээд зиндааны хүмүүс урилга авдаг. Харин сүүлийн өдрийн тусгай хүлээн авалт бол тэдний дундаас ч хамгийн эрхэм хүмүүст зориулсан арга хэмжээ юм. Эзэн хаан, хатан хаан тус бүр аравхан зочин урих эрхтэй.
Мэдээж ийм цөөн хүнд олдох урилгыг баяр эхлэхээс ч өмнө ихэвчлэн шийдчихдэг. Хайнри хунтайжийн нэр жагсаалтын хамгийн эхэнд байсан билээ.
— Та аль хэдийн урилга аваагүй бил үү? — гэж би асуув.
— Авсан. Намайг эзэн хааны зочин гэж бичсэн урилга ирсэн. — Тэр хөмсгөө өргөлөө. — Гэхдээ би эзэн хааны бус, таны зочин болж оролцмоор байна.
Би гайхан амаа бага зэрэг ангайв. — Сэтгэлийг тань ойлгож байна, гэхдээ урилгуудыг аль хэдийн явуулчихсан шүү дээ.
— Тэгвэл урилга дээрх Эрхэм дээдсийн нэрийг дарж зураад, оронд нь таны нэрийг биччихвэл яасан юм бэ?
Ямар ч утгагүй санал байсан ч түүний өөртөө итгэлтэй төрхийг хараад би инээд алдав. Тэр ч бас инээснээ дахин гараа сунгалаа.
— Зугаалгаа үргэлжлүүлэх үү?
***
Салхилж дуусаад би Баруун ордондоо буцаж ирлээ. Элиза гүнлэг хатагтай намайг усанд оруулж, хувцас солиход тусалж байснаа гэнэт: — Пөөх, бурхан минь! — хэмээн дуу алдав.
— Юу болов?
Тэр инээн цонх руу заалаа. Харцыг нь дагуулан хартал Күин цонхны тавцан дээр сууж байв. Энэ нь өөрөө гайхах зүйл биш. Харин өнөөдөр тэр цонхоор дотогш харахын оронд нуруугаа харуулан суужээ.
Элиза гүнлэг хатагтай инээд алдан, — Нисээд ирсэн юм. Гэтэл таныг хувцсаа сольж байгааг мэдмэгцээ сандраад нуруугаа харуулчихлаа, — гэв.
— Нээрээ юу?
— Ямар ухаантай амьтан бэ, Эрхэм дээдэс. Жинхэнэ боловсон эр юм аа.
Би цэвэр хувцсаа өмсөөд дууссан ч Күин цонх руу нуруугаа харуулсан чигтээ байлаа. Ойртон очиход нэг чихээ над руу сортойлгосон атлаа харсангүй.
— Би хувцсаа сольж дууссан. Санаа зоволтгүй. — Би түүний сэвсгэр бөгсийг хуруугаараа ёворлоо. Тэгэхэд л Күин эргэж хараад, ичингүйрсэн мэт өдөө арзайлгав.
Тэр жижигхэн толгойгоо миний толгойд наан үрлээ.
— Чамайг ийм ичимхий гэж мэдээгүй юм байна, — хэмээн би шивнэлээ.
Күин эрхлэн толгойгоо сэгсрэв. Үүнийг нь харахад бүр ч ухаантай амьтан шиг санагдана. Гэвч тэр үед цээж, хажуу нь ойр ойрхон хөдөлж байгааг би анзаарав.
— Амьсгаадаад байна шүү дээ. Яагаад ингэтлээ яарч ирээ вэ?
Күин анхны зурвасыг авчрахдаа хол зам туулсан мэт туйлдсан байсан. Харин эзэн нь ордонд ирснээс хойш төд удалгүй нисэж хүрээд ирдэг болсон билээ. Гэтэл өнөөдөр дахин амьсгаадаж байна. Над руу ирэх гэж их яарсан юм болов уу?
Күин хөлөө сунгав. Би чихийг нь илээд, зурвасыг салгаж авлаа. Урьдын адил нямбай гарын бичигтэй байв.
Та намайг хайж байна уу?
Күин толгойгоо гилжийлгэн миний царайг ажиглав. Зурвас ч, шувуу ч намайг үл ялиг буруутгаж байгаа мэт санагдлаа.
Намайг аягалж өгсөн уснаас ууж эхэлсэн хойноо ч Күин нүднийхээ булангаар намайг ажигласаар байв.
Түүнийг ус ууж байх зуур би хариугаа яаран бичлээ.
Тийм ээ, чадлаараа хайж байна. Харин та?
Дахиад л худал хэлэв. Гэсэн ч би үүндээ харамсаж чадсангүй. Күиний эзэн бид хоёрын хоорондох нууцлаг, зөвхөн бидэнд хамаарах харилцааг алдахыг хүсээгүй юм.
Хошуу нь нойтон хэвээр Күин нисэн ирээд гарнаас минь зөөлөн тоншив. Хэсэгхэн зуур тэр намайг зурвасаа дахин бич, худал хэлэхээ боль гэж шаардаж байгаа мэт санагдлаа.
Би өөрийгөө зэмлэн толгой сэгсэрлээ. Тэр чинь шувуу шүү дээ. Уншиж чадахгүй. Гэхдээ энэ авир нь надад үнэхээр өхөөрдөм санагдсан тул би бөгсийг нь дахин илж, дургүйцэн өдөө сэгсийлгэхийг нь хараад инээлээ.
***
Шинэ жилийн баяр эхэллээ.
Тэр өглөө нар мандахад миний толгойд хамгийн түрүүнд хотын гудамжаар өрнөх баярын дүр зураг буусан юм. Өнөөдөр хотынхон гудамжаар хэсүүчлэн, жагсаал цуваа үзэж, найз нөхөдтэйгөө хуучилна. Орой нь салют буудуулна.
Би гэрлэхээсээ өмнө ч энэ баярт дуртай байсан. Ордонд амьдраад нэлээд удсан ч хүүхэд насныхаа сайхан дурсамжийг дахин мэдрэхсэн гэхээс тэсэн ядан догдолж байлаа.
Би цонхоо нээж, өглөөний сэрүүхэн агаарыг өрөөндөө оруулав. Хэсэг зуур зүгээр л зогсоод, шүүдрийн үнэр шингэсэн цэнгэг агаарыг цээж дүүрэн амьсгаллаа.
Дараа нь цонхоо хагас хааж, орны дэргэдэх ширээн дээрээс хонхоо авлаа.
Элиза гүнлэг хатагтай хонхны дуугаар орж ирэхдээ ердийнхөөсөө илүү тансаг гоёжээ. — Өнөөдөр таны хувьд тун завгүй өдөр байх нь дээ, Эрхэм дээдэс. — Тэр инээмсэглээд хувцасны минь шүүгээ рүү яаран очив. Тэгээд цагаан сувдаар чимэглэсэн, хормой нь цас шиг цагаан нэхсэн тороор давхарлан хөвсийсөн даашинз гаргаж ирлээ.
Энэ даашинзыг ээж минь надад бэлэглэсэн юм.
Элиза гүнлэг хатагтай шууд хэлээгүй ч Раштагийн даашинзны тухай цуу яриаг сонсоод санаа зовж байгааг нь би ойлгож байв.
— Өнөөдөр баярын эхний өдөр шүү дээ, — гэж Элиза гүнлэг хатагтай хэлэв. — Бүгд хамгийн гял цал хувцсаа өмсөнө. Гэхдээ та хэтэрхий өнгөлөг хувцаславал гоёхын тулд хэт их хичээсэн мэт харагдана. Харин эрхэмсэг, дэгжин хувцаславал харсан хүн бүр жинхэнэ хатан нь хэн болохыг тэр дор нь мэднэ. — Тэр өнөөдрийн гоёлын сэдэв «Цасан хатан» байх болно гэдгийг нэмж хэллээ.
Тэгээд босож, биеэ угаахыг надад шавдууллаа.
Би анхилуун үнэртэй усанд орж, нэг шадар хатагтай мөрөнд минь иллэг хийв. Дараа нь үсээ угааж, арьсаа улам толигор харагдуулах төдий хөнгөн будалт хийлгэлээ.
Цас шиг цагаан даашинзаа өмссөний дараа үсээ сэвсийлгэн янзалж, хэдэн сувдаар чимэв. Эцэст нь цагаан гутлаа өмссөнөөр гоёл минь бүрдлээ.
Элиза гүнлэг хатагтайн хэлснээр би яг л мөсөн хатан шиг харагдаж байв.
— Үнэхээр гайхалтай харагдаж байна, Эрхэм дээдэс. Би танд үйлчилдэг болохоороо л ингэж хэлж байгаа юм биш шүү. Та үнэхээр үзэсгэлэнтэй.
— Баярлалаа, гүнлэг хатагтай.
Тэр ахиад ямар нэгэн зүйл хэлэх гэж байгаа мэт санагдав. Гэвч хэсэг азнаснаа зүгээр л инээмсэглэн миний гарыг зөөлөн алгадав.
Совиешугийн тухай хэлэх гэж байсан юм болов уу? Намайг хараад эрүүнийх нь унаж, эсвэл гар хөл дээрээ мөлхсөөр над руу буцаж ирнэ гэж хэлэх гэж байсан хэрэг үү?
Би толгой сэгсрээд өнөөдрийн хуваариа шалгалаа. Шинэ жилийн баярын эхний өдөр эзэн хаан, хатан хаан хоёр хамтдаа сүр жавхлантайгаар орж ирдэг ёстой. Би мөрөө тэгшлэн, Зүүн ордон руу чиглэв.
Совиешу намайг аль хэдийн хүлээж байлаа. Элиза гүнлэг хатагтайн найдсан зүйл огт болсонгүй. Совиешу даашинз руу минь бараг хараагүй. Тэр зүгээр л инээмсэглээд намайг сугадахаар гараа сунгав.
Шинэ амрагаа үлдээж явах хэрэгтэй болсондоо тэр сэтгэл дундуур байх гэж би бодсон. Гэвч огт тийм харагдсангүй. Гайхсан би гарыг нь сугадаж, бид хамтдаа их хүлээн авалтын танхим руу алхлаа.
Танхимын хаалга цэлийтэл нээлттэй байв.
Хамгийн тансаг дүрэмт хувцсаа өмссөн эзэн хааны дөрвөн харуул танхимын үүдний хоёр талаар, тал талд хоёр хоёроороо зогсож байлаа. Совиешу бид хоёрыг ойртоход тэд хаалгыг чанга нүдэв. Нэгэн ёслолын түшмэл биднийг зарлахаар бүрээгээ өргөлөө.
Хүлээн авалтын танхим дахь шуугиан тэр даруй намжив.
Совиешу бид хоёр гар гараасаа сугадалцан орж, дотогш хэд алхлаа. Их шатны дээд хэсгээс харахад танхим өнгө өнгийн даашинзаар дүүрчээ. Совиешу гараа өргөхөд танхимд байсан хүн бүр бидний зүг мэхийн ёслов.
Би инээмсэглэн цугласан олныг тойруулан харж байтал нэгэн зүйл нүдэнд тусаж, хамаг булчин минь чангарч орхилоо.
Хүлээн авалтын танхимын голд гаднын улс орнуудаас ирсэн эрхэм зочдод дөрвөн талаасаа хүрээлүүлсэн Рашта зогсож байв.