Дахин гэрлэсэн хатан

11-р анги

11-р анги — Худал цуурхал

Сонсох

Совиешу шинэ жилийн баярын ёслолд амрагаа урьжээ.

Иймэрхүү арга хэмжээнд амраг бүсгүйчүүд оролцохыг хориглодоггүй. Гэхдээ оролцдог бүсгүйчүүд нь тодорхой байр суурь, гарал угсаатай байх учиртай. Совиешу амрагаа язгууртантай гэрлүүлэх ч юм уу, түүнд зохиомол хэргэм олгох ч гэж оролдоогүй. Зүгээр л эгэл гаралтай амрагаа ёслолд урьчихсан хэрэг.

Раштаг олж харангуутаа би их шатны орой дээр хөшиж орхилоо. Түүнийг энэ баярт ирнэ гэж огт төсөөлөөгүй байв. Магадгүй өнөөх бүсгүй бас л ямар нэг зүйлийг буруугаар ойлгосон юм болов уу гэж бодоод Совиешу руу сэм харлаа.

Гэтэл ганцхан би л гайхсан бололтой. Совиешу Рашта руу зүгээр л инээмсэглэн толгой дохив.

Рашта даашинзныхаа хормойг чимхэн барьж, өөртөө ямар нэг зүйл бувтнана. «Ямар хэцүү юм бэ» гэж хэлэх шиг болсон. Тэгтэл тэр намайг өөрийг нь харж байгааг анзаарч, инээмсэглэлээ. «Эгч ээ!» хэмээн уруулынхаа хөдөлгөөнөөр маш тодорхой хэлэв.

Дургүйцсэн минь нүүрэн дээр илэрсэн бололтой. Рашта амандаа гараа хүргээд, уучлал хүсэж байгаа мэт өхөөрдөм инээмсэглэл тодруулав.

— Ямар болхи юм бэ дээ, — хэмээн Совиешу аяархан хэллээ. Тэр охины авир түүнд өхөөрдөм санагдсан нь илт.

Харин миний зүрх зангирч орхив. Би Совиешугийн эхнэр атал тэр хоёрын дунд урилгагүй гурав дахь хүн шиг л санагдаж байлаа.

Бид хоёрыг угтахаар цугласан язгууртнууд одоо Совиешу, Рашта хоёр руу ээлжлэн харцгаана. Эмэгтэйчүүд амаа халхлах гэж дэвүүрээ өргөж, эрчүүд гараараа амаа дарж байв. Гэвч ямар ч нэмэргүй. Хүлээн авалтын танхимд шивнэлдэх чимээ аль хэдийн цуурайтаж, цуу яриа нүдэн дээр минь тарж эхэлжээ.

Хүн бүр нам дуугаар ярьж байсан ч тэдний шивнээ надад нижигнэсэн шуугиан мэт сонсогдоно.

Рашта хүртэл үүнийг анзаарлаа. Тэр айсан туулай шиг Совиешу өөд харав.

Совиешу санаа алдаад над руу эргэн, — Хатан хаан, чи ганцаараа шатаар бууж чадах уу? — гэж асуулаа.

Бид ёслол төгөлдөр орж ирсэн тул тэр цаашид заавал миний хажууд байх албагүй. Хүлээн авалтын танхим руу ганцаараа буусан ч ёсонд харшлахгүй. Гэвч одоо л салж одвол бид хамт ирэхийг хүсээгүй ч албадлагаар цуг орж ирсэн мэт харагдана гэж би бодлоо.

— Бид хамтдаа буух ёстой, — гэж шивнэв.

Совиешу ийм хариу сонсоно гэж бодоогүй бололтой цочив.

Би дуугаа аль болох тайван байлгахыг хичээлээ. — Энд гадаадын олон өндөр хэргэмтэй язгууртан цугласан. Бид тус тусдаа буувал хоорондоо хагаралтай мэт харагдана.

Тэр хариу хэлсэнгүй. Би огцом амьсгаа гаргаад үргэлжлүүлэв. — Эзэн хаан, хатан хаан хоёр хагаралтай харагдвал бусад хүн биднийг амархан онилж болно гэж бодно. Өөрсдийнхөө төлөө биш юм гэхэд ард иргэдийнхээ төлөө бид нэгдмэл харагдах ёстой. Хоорондоо зөрчилтэй гэж хэнд ч бодуулж болохгүй.

— Чиний зөв байх, — гэж тэр хэллээ. Гэвч үнэмшээгүй мэт хөмсгөө зангидна. Сэтгэл дундуур нь илт байсан ч надад гараа сунгав. — Тэгвэл хамтдаа бууя.

Шатаар буусныхаа дараа Совиешу цугласан хүмүүстэй мэндлэв. Алга ташилт намжихыг хүлээгээд бид эхний хэдэн зочинтой мэндчилэн танхимаар алхлаа. Хангалттай зай туулсан гэж үзсэн бололтой, тэр над руу нэг харлаа.

Би гарнаас нь тавихад Совиешу инээмсэглэв.

— Ингээд хангалттай юу? — гэж тэр асуулаа.

— Тийм ээ.

Надаас аль болох хурдан салахын түүс болсон мэт, би түүний хувьд зүгээр л биелүүлэх ёстой үүрэг төдий болсон мэт Совиешу эргэж ч харалгүй Рашта руу шууд алхлаа. Харин би хүлээн авалтын танхимын голд ганцаараа хоцров.

Гадаадын язгууртнууд зай тавин холдох зуур Рашта Совиешу руу гүйж, бараг л түүний тэвэрт үсрэн орлоо. Совиешу түүнийг тэврэн хагас эргүүлэв. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн язгууртнууд энэ бүхнийг харж байлаа.

Тэр хоёрыг хайр сэтгэлтэй хос гэдгийг хэн ч андахгүй.

Би хүчээр харцаа буруулав. Сэтгэл шархалснаа хүлээн зөвшөөрөхийн оронд ойр хавьд байсан танил хүн рүү очлоо. Тэр нь Туаниа гүнгийн хатан байв.

— Энэ жилийн шинэ жилийн баярыг та зохион байгуулсан гэж сонссон. Үнэхээр сайхан болжээ, — гэж тэр хэлэв. Совиешу, Рашта хоёрын тухай огт дурдахгүй байхыг мэдэж байгаад нь би талархав.

Удалгүй бусад язгууртан хатагтай нар ч над дээр ирцгээв. Бид хүлээн авалтын танхимаар аажуухан алхаж, ойр зуурын зүйл ярилцлаа.

— Пөөх, тэр хүнийг хараач! — гэж нэг хатагтай дуу алдав.

— Хайнри хунтайж мөн биз дээ? — хэмээн өөр нэг бүсгүй инээд алдав.

— Эмэгтэйчүүдтэй их нэр холбогддог гэж сонссон. Аргагүй юм байна. Ямар царайлаг эр вэ!

— Далайн дээрэмчидтэй нийлдэг гэсэн цуу ч байдаг юм билээ, — гэж нас ахимаг нэгэн хатагтай дургүйцэн хамраараа тургив.

Би инээдээ барилаа. Гэхдээ Совиешу, Рашта хоёрын тухай сонссоноос Хайнри хунтайжийн адал явдлын талаар ярилцсан нь надад хавьгүй дээр санагдана.

— Тэр хаана ч очсон цуу яриа дэгдээдэг. Энд шинэ дурлалт бүсгүйтэй болох болов уу? — гэж их гүнгийн хатдын нэг асуулаа.

— Энэ удаа ямар азтай бүсгүй байх бол? — хэмээн Өмнөд хаант улсын Сирсе гүнж егөөтэй инээмсэглэв. — Тэр байнга л хайр дурлалын адал явдалд орооцолдож байдаг шүү дээ...

— Хайнри хунтайж гэрлээгүй шүү дээ, — гэж ахмад настай гүнлэг хатагтай нарын нэг сануулав. — Энэ удаа түр зуурын амрагийн харилцаа биш ч байж мэднэ.

— Үнэн, — гэж Туаниа гүнгийн хатан хэллээ. — Тэр нэг л өдөр Баруун хаант улсын эзэн хаан болох магадлалтай болохоор Зүүн эзэнт гүрний бүсгүйтэй гэрлэвэл өөрт нь ашигтай.

— Ярианы гол сэдэв болсон хүн гэхэд их л дуу цөөтэй юм, — хэмээн Пирно гүнлэг хатагтай ажиглав.

Хатагтай нарын яриаг сонсож зогсохдоо би хажуугаар өнгөрсөн зөөгчөөс урт нарийн хундагатай шампанск авлаа. Шампанскийн спиртийн агууламж тийм бага байсан тул хийжүүлсэн жүүсээс бараг ялгагдахгүй. Би хундагаа уруулдаа хүргэн, толгойгоо үл ялиг гэдийлгэн оочив.

Хундаган дахь шампанскийн цаана нэг эрийн дүрс бүдэг бадаг харагдлаа. Хайнри хунтайж. Тэр над руу эгцлэн харж байв.

Би андуурсан байж магадгүй гэж бодон хундагаа буулгалаа. Гэвч харц тулгарахад тэр буруулсангүй. Харж байснаа нуух ч гэж оролдсонгүй. Харин ч «Таны төлөө» гэж байгаа мэт өөрийнхөө хундагыг өргөж, уртаар балгав.

Түүнийг шампанскаа уух зуур хажуугаас нь харсан царай нь нүдэнд минь туслаа. Хамрынх нь урт, цэвэрхэн нумарсан хэлбэр, шөвгөрдүү эрүү, залгихад нь хөдөлж буй хоолойноос нь харц салгаж чадсангүй. Гагцхүү хунтайжийн ойролцоо зогссон өөр нэг язгууртантай харц тулгарсны дараа л би яаран өөр тийш харав.

Тэгтэл нэг яриа чихэнд минь өртлөө.

— Хатан хаан хэчнээн хөндий царайллаа ч эзэн хаанд таалагдахыг хүсэхээс өөр аргагүй л дээ, — гэж хэн нэгэн доогтой өнгөөр хэлэв.

Зүрх минь хүчтэй дэлсэв. Би мөрөн дээгүүрээ эргэж харахад ханын дэргэдэх урт сандал дээр нутгийн болон гадаадын хэдэн язгууртан сууж байлаа. Хэн нь тэгж хэлснийг таахад дэндүү олон хүн байсан ч бүгд гэдсээ тэврэн хөхрөлдөж байв.

Дахиад нэг юм шивнэлдэх нь сонсогдож, араас нь чанга инээд нүргэллээ.

Тэр үед л тэдний нэг нь намайг олж харсан бололтой. Нөгөөдүүлээ тохойгоороо ёворч, дуугаа намсгахыг дохив. Тэд тэр дороо чимээгүй болсон нь харин ч надад бүр муухай санагдлаа.

Тэд яах аргагүй миний тухай ярьж байсан юм.

Чухам юу хэлснийг нь мэдэхийг хүсэж байв. Удалгүй хариу нь олдлоо. Ойр хавьд байсан нэгэн язгууртан хатагтай зориг гарган надтай ярив. — Өршөөгөөрэй... Эрхэм дээдэс, та тэр эмэгтэйд үнэхээр бэлэг илгээсэн юм уу?

Би нүдээ анив. — Бэлэг гэж юу гэсэн үг вэ? — гэж асуухдаа санаснаасаа ширүүн дуугарчихав.

Хатагтайн нүүр час улайж, тэр уучлал гуйлаа.

Гэвч надад уучлал хэрэггүй байв. — Би уурлаагүй. Юу хэлээд байгааг тань ойлгоогүй болохоор л асууж байна, — хэмээн аль болох тайван хэлэв.

— Гадаадын зарим зочин тэр эмэгтэй бүтэн тэрэг дүүрэн бэлэг авсан гэж ярьж байна. Эзэн хааны анхны амраг болохоор нь гэнэ, — гэж бүсгүй болгоомжтой нэмж хэллээ.

Би ч тийм зүйл сонссон. Гэхдээ тэр бэлгүүдийг намайг явуулсан гэж хүмүүс ярьж байгаа хэрэг үү? — Зүгээр ээ, үргэлжлүүл.

— Манай гадаад зочид тэр эмэгтэйн тухай цууг өмнө нь сонсоогүй байж л дээ. Тиймээс түүнээс Эрхэм дээдэс болон эзэн хаан хоёрын дундах гурвалсан хайр дурлалын харилцаанд ороод эвгүй байна уу гэж асуусан гэнэ. Гэтэл өнөөх амраг нь эзэн хаан ч, Эрхэм дээдэс ч хоёулаа түүнд хайртай гэж хариулжээ. Бас Эрхэм дээдэс өөрт нь янз бүрийн гайхамшигтай бэлэг явуулсан гэсэн байна...

Өвдөг минь нугарах шахлаа.

Хэрэв энэ хатагтай уг яриаг айлчлан ирсэн зочноос сонссон бол дөнгөж саяхан болсон явдал байх учиртай. Түүнчлэн эргэн тойронд минь цугласан язгууртан хатагтай нар бүгд цочирдсон харагдана. Тэгэхээр энэ цуу дээдсийн хүрээнд хараахан өргөн тархаагүй бололтой.

Эсвэл гаднын зочид өөрсдөө цуу зохиосон ч юм билүү.

Нүдний өмнө бүрэлзэв. Хүмүүс яагаад намайг шоолоод байсныг одоо л ойлголоо. Энэхүү худал цуурхал миний урьдын бардам зан, өөртөө итгэх итгэлийг салхинд хийсгэж орхижээ. Раштагаас аль болох зай барих гэж хичээсэн атал одоо би нөхрийнхөө амрагт тал засаж, араас нь гүйдэг өрөвдөлтэй эмэгтэй шиг харагдаж байлаа.

— Би ямар ч бэлэг явуулаагүй, — гэж эрсхэн хэлэв. Гэвч ингэж хэллээ гээд ийм цуу яриаг зогсоож чадахгүйгээ мэдэж байлаа. Нүдэнд минь юм тод харагдахаа больж, би шампанскийн хундагаа улам чанга атгав.

Нэг талаар шинэ жилийн энэ утгагүй баярыг орхиод шууд Баруун ордон руу буцмаар байлаа. Нөгөө талаар цуу яриа нэг нь ч үнэн биш гэж хоолой мэдэн хашхирмаар санагдана.

Гэвч бусдад ганхаж буйгаа харуулж болохгүй.

— Рашта хатагтай ямар нэг зүйлийг эндүүрсэн бололтой, — хэмээн би тайван дүр эсгэн хэлээд, бүр инээмсэглэл тодруулав.

Язгууртан хатагтай нар гайхан бие бие рүүгээ харснаа толгой дохицгоов.

Тэд үнэндээ юунд итгэж байгааг хэн мэдэх вэ. Одоо миний өгсөн ямар ч тайлбар шалтаг тоочиж байгаа мэт л сонсогдоно.

Би энэ хэрэгт оролцохгүй байхыг чадлаараа хичээсэн. Гэвч одоо өөр арга алга. Дараа нь Раштаг дуудуулж, үгээ бодож хэлж байхыг анхааруулах хэрэгтэй.

Би санаа алдаад бараг амсаагүй шампанскаа хажуугаар өнгөрсөн зөөгчид өглөө.

Хүчээр тод инээмсэглэх үү гэж бодож зогстол Туаниа гүнгийн хатан, — Өө, бүжиг эхлэх гэж байгаа бололтой, — гэв.

Үнэхээр ч хөгжимчид тоглохоо зогсоон, хоорондоо аяархан ярилцаж байв. Төгөлдөр хуурч, хийлч хоёр нотныхоо хуудсыг эргүүлнэ.

Бүжгийн танхимд нэг хатуу дүрэм бий: нэг хүнтэй дараалан хоёр удаа бүжиглэж болохгүй. Ингэснээр оройн турш хүн бүр олон өөр хүнтэй бүжиглэх боломжтой болдог.

Гэхдээ оройн анхны бүжиг онцгой утгатай. Хэн хэнд хамгийн их татагдаж байгааг түүгээр илэрхийлдэг билээ.

Бүлэглэн зогсож хов жив ярьж байсан язгууртнууд сарнин, хосоо олж бүжгийн талбай руу хөдөлцгөөв. Бүжиглэхийг хүсээгүй хүмүүс танхимын зах руу зайлав.

Би цээж бачуурсан чигтээ Совиешуг ажиглалаа. Гэрлэснээсээ хойш тэр оройн анхны бүжигт үргэлж намайг сонгодог байв. Харин өнөө орой Раштатай эхэлж бүжиглэхээр шийдсэн бололтой. Тэр охины гараас атган ямар нэг зүйл шивнэнэ.

Баярласан Рашта над руу харлаа. Бидний харц тулгармагц царай нь барайв. Ядаж л уучлал хүссэн шинжтэй харагдана. Совиешу түүний харсан зүгт эргэх гэтэл би амжиж харцаа буруулав.

Би толгойгоо өндөр өргөн, хүлээн авалтын танхимын зах руу алхлаа.

Хатан хаан учраас анхны бүжигт намайг зөвхөн Совиешу л урьж болох байв. Өөр хэн ч намайг урих эрхгүй болохоор үлдсэн өчүүхэн нэр төрөө бодож олны нүднээс холдохыг хичээлээ.

Дээдсийн хүрээнд хамгийн их бишрэгддэг бүсгүй Туаниа гүнгийн хатныг бол хэдийнэ сөгдөн суусан эрчүүд хүрээлчихсэн байв. Бүгд түүнийг бүжигт урихыг хүсжээ.

Харах ёсгүйгээ мэдэж байсан ч Совиешу, Рашта хоёрыг сүүлчийн удаа сэм харчихав. Совиешу ерөнхий сайдтай ярилцаж, харин Рашта Туаниа гүнгийн хатныг биширсэн янзтай ажиглаж байлаа.

Ядаж өөрийг нь ширтэж байгааг минь Рашта анзаарсангүй. Үүнээс илүү хэрэггүй юм гэж үгүй.

Тэр хоёрыг харахгүйн тулд анхаарлаа өөр тийш хандуулах хэрэгтэй байв. Гэвч ингэвэл хэт илэрхий харагдаж мэднэ. Харцаа бусдад мэдэгдэхгүйгээр халхалж чадна гэж найдан, би хананд улам ойртлоо.

Гэтэл очих газраа хүрч амжаагүй байтал гэнэт нэгэн чимээ гарч, араас нь олны шивнэлдэх дуу сонсогдов.

Эргэн хартал Хайнри хунтайж алхаж эхэлжээ. Хэнийг бүжигт урих бол гэж бүгд түүн рүү харцгаана. Түүний алхам бүр олныг соронз мэт татаж байв. Замд нь зогссон хоёр залуу бүсгүйн нүүр час улайж, хоёул хөхрөлдөн инээлдлээ.

Хунтайж өөрт нь ингэж анхаарал хандуулж байгаад дуртай бололтой.

Гэвч өчнөөн асуудалд сэтгэл минь шаналж байхад хунтайжийг давхар анхаарах сөхөө надад байсангүй. Тэр хэнтэй бүжиглэх нь ч сонин биш байлаа.

Ядаж л би тэгж бодсон юм.

Хунтайж яг миний өмнө ирээд зогсох хүртэл. — Энд байж шүү дээ, Хатан минь.

Олны шивнээ улам чангарлаа.

Би дэвүүрээ авах гэж гараа хөдөлгөснөө болив. Оронд нь түүнтэй шууд харц тулгалаа.

Хунтайж инээмсэглэв. — Таныг хайж танхимыг бүхэлд нь тойрсон бололтой, — гэж хэлээд энгэртээ зүүсэн сарнайгаа авч надад сунгалаа. Тэгээд яг л хүлэг баатар шиг нэг өвдөг дээрээ сөгдөв.

Эхэндээ би юу болоод байгааг ойлгосонгүй.

— Хунтайж Эрхэм дээдсийг бүжигт урьж байна! — хэмээн нэгэн залуу бүсгүй баярлан дуу алдав.

Тэр үед л учрыг нь ойлголоо. Эцсийн эцэст хэн нэгэн намайг анхны бүжигт урьж байв. Тэгээд тэр хүн нь өөр хэн ч биш, Хайнри хунтайж.

Би гайхсандаа амаа ангайв.

— Эрхэм дээдэс, та сайн бүжиглэдэг үү? — гэж тэр асуулаа. Нүдэнд нь дүрсгүй оч гялалзаж байсан ч жинхэнэ боловсон эрийн адилаар эелдэг байв.

Би тээнэгэлзэв. Совиешу, Рашта хоёртой холбоотой таагүй цуу ярианд аль хэдийн орооцолдчихоод байлаа. Хайнри хунтайж шиг хүүхэмсэг эртэй ойртох нь дахиад л хүмүүсийн хэл аманд өртүүлж мэднэ.

Гэвч бүжгийн урилгаас татгалзах нь зөвхөн өөр хүнтэй бүжиглэхээр урьдчилан тохирсон, эсвэл урьж буй хүнтэйгээ аль хэдийн бүжиглэсэн тохиолдолд л боловсон хэрэгт тооцогдоно. Хайнри хунтайжаас татгалзвал дээдсийн хүрээнийхэн түүнийг доромжиллоо гэж үзэж магадгүй.

Надад үнэндээ өөр сонголт үлдсэнгүй.

— Маш сайн, — гэж би хариулав. — Харин та надтай хөл нийлүүлж чадах эсэхийг мэдэхгүй юм. — Ингээд түүний сарнайг авлаа.

Хунтайж инээд алдан босов. — Өөртөө ингэтлээ итгэлтэй байгааг тань биширч байна. Санаа зоволтгүй. Та миний хөл дээр гишгэсэн ч би уучилна аа.

— Тийм юм болохгүй, — хэмээн би гомдсон дүр үзүүлэв.

Тэр зөвхөн нүдээ ирмээд, — Би нууц хадгалахдаа сайн гэдгээ амлаж байна, — гэв.

Би инээмсэглэхэд тэр гараа сунгалаа. Би түүний шуу дээр гараа тавьж, бид хамтдаа бүжгийн талбайн гол руу алхав. Совиешу, Рашта хоёр аль хэдийн тэнд өөд өөдөөсөө харан зогсож байлаа.

Совиешу бид хоёрыг хараад учрыг нь олохгүй байгаа мэт гайхав.

Би түүнд амрагтайгаа сайхан бүжиглээрэй гэж хэлэх гээгүй учраас тэр хоёрыг үл тоон, Хайнри хунтайж руу үл ялиг ойртлоо.

— Яг төгс, — хэмээн тэр шивнэлээ.

— Юуг хэлж байна вэ?

— Та над руу харж байгаа байдал. Яг төгс байна. — Түүний дуу улам намсаж, яг л чихэнд уянгалах могойн исгэрээ шиг болов. — Өчигдөр та миний царайг огт тоогоогүй учраас өнөөдөр бүр илүү гоёж ирсэн юм.

Би инээд хүрсэн шинжгүй нүдээ онийлгов.

— Хмм... Та надад итгэхгүй байна, тийм ээ?

Өчигдөр түүнийг хармагцаа л амаа ангайхаар царайлаг байсныг нь надаар хэлүүлэх гээд байгаа юм уу?

Би хариу хэлэх үгээ олж амжаагүй байтал хөгжимчид менуэт бүжгийн ая тоглож эхлэв. Бид бие биедээ ёслон мэхийгээд, алгаа нийлүүллээ. Хийлийн аясаар эргэлдэн бүжиглэх зуур бүжгийн талбай дээрх бусад хүмүүс нүдэнд өртөв.

Дээдсийн хүрээний гоо бүсгүй Туаниа гүнгийн хатан залуухан, царайлаг Ландре дэд гүнлэгийг бүжгийн хосоороо сонгожээ. Райлан Рот их гүн эхнэртэйгээ бүжиглэж байсан бол Лаура эр хүнтэй бус, хамгийн дотнын найз Аллистер хатагтайтайгаа хөгжилдөн бүжиглэж байв.

Харин Совиешу...

Энэ бүжиг биднийг яагаад ингэтлээ олон удаа эргүүлдэг юм бэ гэж дургүй хүрлээ. Хаашаа харахаа өөрөө сонгох аргагүй болж, харахыг хүсээгүй зүйлсээ заавал олж харахад хүрч байв.

Би хэт илэрхий санаа алдсан бололтой. Дараагийн удаа эргэн ойртохдоо Хайнри хунтайж намайг өөр лүүгээ татаж, уруулаа чихэнд минь бараг хүргэн, — Утгагүй цуу яриа ямар хурдан тардгийг би хэнээс ч илүү сайн мэднэ, — гэж шивнэв.

[[IMAGE: CH_IMAGES/011.jpg]]

Бүжгийн хөдөлгөөн биднийг дахин холдуулав. Би гайхсандаа амаа ангайлган түүн рүү харлаа. Харин хунтайж өнөөх л зальжин, өөртөө итгэлтэй төрхөөрөө инээмсэглэсээр байв.

Дараагийн удаа ойртоход нь би шүдээ зуун шивнэв. — Намайг Раштад бэлэг илгээсэн гэх цуу яриаг хэлж байна уу?

Хунтайж толгой дохив. Тэр цуу ярианы тухай ингэж ил тод дурдана гэж, тэр тусмаа намайг тайтгаруулахыг оролдоно гэж би төсөөлсөнгүй.

Тайван атлаа аятайхан хөгжим эгшиглэсээр дууслаа.

Би түүний царайг ажиглав. Надтай тоглоод байгаа юм биш биз? Гэвч тэр үнэхээр санаа тавьж байгаа бололтой. — Ингэж хэлсэнд баярлалаа, — гэв. Бусдын амнаас сонссон үгээр нь би түүнийг хэчнээн хурдан шүүж дүгнэснээ тэр үед ойлголоо. — Би ч гэсэн таны тухай цуу ярианд итгэхгүй.

— Ямар цуу яриа гэж?

— Таныг хүүхэмсэг эр гэдэг ярианд. — Хов живийг үнэн мэт хүлээн авсандаа ичиж байв.

Гэвч хунтайж гэнэт чангаар инээж эхлэхэд би улам их ичлээ.

Яагаад инээгээд байгаа юм бол? Эсвэл... цуу яриа үнэн байсан хэрэг үү? Нүүр халуу дүүгсэн ч би анзаараагүй дүр үзүүлэв. Бүжгийн талбайгаас гарч, танил болсон булан руугаа буцах гэтэл хэн нэгэн над руу дөхөж ирлээ.

— Хатан хаан, дараагийн бүжгийг надтай хийх үү? — хэмээн Совиешу гараа сунгав.

Мэдээж би эзэн хаанаас татгалзаж болохгүй. Хайнри хунтайж руу сүүлчийн удаа харснаа нөхрийнхөө гараас атгалаа.

Тэр нэг хүнтэй дараалан хоёр удаа бүжиглэж болохгүй дүрмээс л болж намайг урьж байгааг би мэдэж байв. Гэвч үүнээс ч илүү сэтгэл өвтгөсөн зүйл нь би түүний урилгыг хүлээн авахаас өөр аргагүй байсан явдал юм.

Совиешуд өмнө нь хэлсэнчлэн бид бие биедээ ухаангүй дурласан хос мэт дүр эсгэх албагүй. Гэхдээ хоорондоо хагаралтай гэдгээ ч бусдад харуулж болохгүй.

Бид бүжгийн талбайд дөнгөж хөл тавихад Рашта Хайнри хунтайжийг бүжигт урьж байхыг би олж харлаа.

11-р анги дууслаа

Алдаа мэдэгдэх

Дахин гэрлэсэн хатан11-р анги · Унших

Алдааны мэдээлэл илгээхийн тулд бүртгэлээрээ нэвтэрнэ үү.

Нэвтрэх
ӨмнөхДараах