Би лав буруу сонссон байж таарна.
Энэ охин яаж ийм зоригтой байж чаддаг байна аа? Бид захидалдаа юу бичилцсэнийг тэр огт мэдэхгүй. Өчүүхэн шалгалтаар л илчлэгдэх, бодлогогүй, болхи худал шүү дээ. Тэгвэл яах гэж ингэж байгаа юм бол?
Үүнд Рашта оролцсон юм болов уу, эсвэл шивэгчин өөрийн дураар ийм хэрэг хийв үү?
Раштагийн тухай бодох төдийд ходоод зангирав. Хэрэв Рашта оролцсон бол Верди дэд гүнлэг хатагтай түүнд захидлуудын тухай ярьсан байж болох уу?
Лаура хатагтай ч мөн адил зүйл бодож байсан бололтой. Тэр гайхширсан харцаар надтай харц тулгарав.
Би толгой сэгсэрлээ. Хэрэв энэ охины худал илэрвэл үр дагаврыг нь өөрөө үүрнэ. Раштагийн шивэгчин надад огт хамаагүй.
***
Паул Маккенна бол Хайнри хунтайжийн удирддаг Луугийн хүлэг баатруудын бүлгэмийн дэд командлагч төдийгүй хунтайжийн хувийн туслах байлаа. Эх нь татвар эм байсан учраас Маккеннагийн нэр хааны удмын бүртгэлд ороогүй ч тэр Хайнри хунтайж хоёр үеэл байлаа.
Маккенна иргэний болон цэргийн хэргийг хосгүй сайн ойлгодог тул олон түмэн түүнийг хунтайжийн баруун гар хэмээн үздэг байв. Хайнри хунтайж хаан ширээнд залрахыг хүмүүс улам бүр хүсэн хүлээхийн хэрээр Маккеннаг бишрэх нь ч нэмэгджээ. Дураараа, хүүхэмсэг хунтайжийг хазаарлан барьж чаддаг буурьтай туслахыг нь хүн бүр магтдаг байлаа.
Гэвч энэ нь олон нийтэд харагддаг дүр зураг төдий. Үнэн хэрэгтээ байдал өөр байв.
Маккенна өөрийгөө хунтайжийн туслах биш, харин түүний хүссэнээрээ хөдөлгөдөг шатрын хүү мэт санагдах үе олон. Өнөөдөр ч тийм өдрүүдийн нэг байлаа. Хайнри хунтайж чухам юу бодож байгааг Маккенна ойлгохгүй байв.
— Хүмүүс таны тухай юу ярьж байгааг та мэдэж байна уу? — гэж Маккенна тулган асуулаа.
Хунтайж зүгээр л жуумалзав. — Юу гэж ярьж байна?
Маккеннагийн духны судас хагарах шахлаа. Тэр хунтайжийн ёжтой инээмсэглэлийг юунаас ч илүү үзэн яддаг байв. Хунтайж бүхнийг хэдийн мэдэж байгаа нь гарцаагүй. — Хүчирхэг улсын хунтайж ордны нэг шивэгчинд дурлачихсан гэлцэж байна! Ямар романтик түүх вэ гээд л. Та энэ удаа цуу яриаг ёстой нэг дэгдээлээ. Өнөөдөр таарсан хүн болгон надаас энэ тухай асуусан.
— Хм.
— Инээд хүрэх зүйл огт алга. Хэдхэн хоногийн дараа энэ цуу яриа нийслэл даяар тархана.
— Тэр үед би ажлаа дуусгачихсан байна. Тиймээс орхи, — гэж Хайнри хунтайж урьдын адил тайван хариулав.
Маккенна ёолов. — Яагаад та тэр охиныг нүдэн дээр тань худал хэлээд байхад зүгээр өнгөрөөж байгаа юм бэ? Захидал солилцдог хүн тань тэр биш гэдгийг та мэдэж байгаа шүү дээ.
Хунтайжийн дух үл ялиг үрчийв. — Чи үүнийг яаж мэдсэн юм?
— Эрхэмсэг дээдэс, таныг надаас илүү сайн мэдэх хүн байхгүй. Танд нэг арга заль бодож олсон нь илт байна. Нүүрэн дээр тань бичээстэй байна шүү дээ.
Хунтайжийн царай хувирсангүй.
— Та тэр шивэгчинд дурлачихаагүй биз дээ? Тийм болоод л хууртагдаж байгаагаа тоохгүй байгаа юм уу? — Хэрэв тийм бол Маккенна учрыг нь ойлгох байв.
Хунтайжийн хөгжилтэй байдал хормын дотор арилж, царай нь барайв.
Маккенна нэг алхам ухарлаа. Тэгэхээр хунтайж хайр дурлалаас болж шивэгчний худлыг үл тоосон хэрэг биш аж. — Тэгвэл яагаад ийм зүйл үргэлжлэхийг зөвшөөрөөд байгаа юм бэ? Эрхэмсэг дээдэс, юунд бэлдэж байгааг тань мэдэхгүй бол би яаж бэлтгэлээ хангах юм бэ? Надад төлөвлөгөөгөө хэлэх хэрэгтэй.
Хунтайж бодлогогүй зүйл хийх бүрд араас нь асуудал гардаг байв. Ямар ч асуудал гарсан, түүний туслахууд л араас нь цэвэрлэдэг. Ядаж энэ удаа ямар бантангийн учрыг олох хэрэг гарахыг Маккенна урьдчилан мэдмээр байлаа.
— Би түүнд мөрөөдөх боломж олгомоор байна, — гэж хунтайж хэлэв.
— ...Та түүнд үнэхээр дурлачихсан юм биш биз дээ?
— Битгий инээд хүргээд бай, Маккенна.
— Тэгвэл яах гэж мөрөөдүүлж байгаа юм бэ? — Маккенна толгой сэгсэрлээ. — Үүний оронд хар дарсан зүүд үзүүлж болох шүү дээ.
— Хар дарсан зүүднээс сэрэхэд хүн тайвширдаг. Учир нь бодит амьдрал хар дарсан зүүднээс хавьгүй дээр санагдана.
— Т-тийм л байх даа? — Маккеннад яриа хаашаа эргэж байгаа нь огт таалагдсангүй.
— Харин сайхан зүүднээс сэрэхэд яадаг билээ? — гэж хунтайж асуув.
— Сэтгэл... хоосордог.
Хайнри хунтайж Маккенна руу хуруугаараа чичлэв. — Яг тийм. Би түүнд анхааруулсан. Хэрэв худал ярьж байвал би яаж хариу үйлдэл үзүүлэхээ хариуцахгүй гэж хэлсэн. — Тэр хөгжилтэйхэн инээв.
— Тэгэхээр та түүнийг түр аз жаргал амсуулчихаад, буцааж гунигтай бодит амьдралд нь унагах гэж байгаа хэрэг үү? — хэмээн Маккенна асуулаа.
— Тийм ээ. — Хайнри хунтайж өөртөө тун сэтгэл хангалуун байгаа нь илт, ам дүүрэн инээмсэглэв.
— Та ёстой хорон хүн юм, — гэж Маккенна шулуухан хэллээ. — Хааны удмын хүнийг хуурсан хэргээр тэр охиныг шууд шийтгэвэл амар биш үү? — Хунтайж ийм их ажиллагаа гаргаж байгааг тэр ойлгосонгүй.
— Тэгвэл ямар ч сонирхолгүй. Сэтгэлд үлдсэн шарх биеийн ямар ч шархнаас илүү хорсдог юм.
— За тэгвэл... арай хатуудах байж болох ч шоронд хорих юм уу, олны өмнө ташуурдуулж болно шүү дээ.
— Яалаа гэж, Маккенна. Тэгвэл би өөрөө муухай харагдана. — Хайнри хунтайж түүнийг зөөлөн зэмлэв. — Чи зориуд ойлгохгүй дүр эсгээд байгаа юм уу?
Маккенна эгдүүцэн уруулаа жимийлээ.
Хунтайж сандлынхаа түшлэгийг налан суув. — Өчүүхэн нэг худалч охиноос болж өөртөө бүрдүүлсэн «эмэгтэйчүүдэд дуртай, зугаа цэнгэл хөөсөн хүүхэмсэг хунтайж» гэсэн дүр төрхөө яах гэж нураах юм бэ?
Маккенна уртаар амьсгаа гаргалаа. — За, таны тааллаар болог, Эрхэмсэг дээдэс. Гэхдээ яагаад жинхэнэ хүнээ хайж олох гэж ядаж оролдохгүй байгаа юм бэ? — Тэр хунтайжийг анхааралтай ажиглав. — Тэр хэн болохыг та мэдэж байгаа шүү дээ.
— Мэдэлгүй яах вэ. — Хунтайж ёжтойхон инээв. — Гэхдээ би шууд очоод нүүр тулж асууж болохгүй. Тэр үгүйсгэнэ. Мэдээж би өөрийгөө шувуу гэдгийг ч илчилж болохгүй.
— Учир нь энэ бол маш нууц хэрэг, — хэмээн Маккенна нэмж хэлэв.
— Тиймээс би түүнд харуулах ёстой.
— Та хэрхэн хувирдгаа харуулна гэж үү? — Маккенна одоо л үнэхээр түгшлээ.
— Хариултаа хэрхэн олсноо харуулна, — гэж хунтайж хэлэв. — Түүнийг яаж олсноо.
***
Шинэ жилийн ёслолын гурав дахь өдөр оролцогчдын тоо үргэлж цөөрдөг байлаа. Эхний өдрийн догдлол намжиж, сүүлийн өдрийн завгүй хөл хөдөлгөөн хараахан эхлээгүй завсрын хачирхалтай өдөр юм. Ихэнх язгууртан нийслэлээр зугаалахаар явж, эсвэл цөөн хэдүүлээ найз нөхөдтэйгөө цуглардаг байв.
Өнгөрсөн гурван жил ийм л байлаа. Харин энэ жил өөр болжээ.
— Өнөөдөр ямар олон хүн ирээ вэ, Эрхэм дээдэс, — хэмээн Элиза гүнлэг хатагтай хэлэв.
— Хайнри хунтайж, өнөөх шивэгчин хоёрын тухай цуу ярианаас болсон байх, — гэж би хариулав. Үүнд яаж хандахаа мэдэхгүй байлаа. Ямар хариу үйлдэл үзүүлэх нь зөв бол? Увайгүй, жигшмээр явдал.
Гэхдээ бас инээд хүрмээр ч юм шиг.
Харин Рашта Туаниа гүнгийн хатан руу үе үе нууцаар харж байгаа нь надад бүр ч их төвөгтэй санагдаж байлаа.
Анх Совиешуг хайж яваад би санамсаргүйгээр Раштаг олж харсан. Тэр эргэн тойрныхонтойгоо ярилцах зуураа нүднийхээ булангаар гүнгийн хатныг ширтсээр байв.
Тэр хоёр урьд нь танил байсан юм болов уу?
Тэр үед бүжгийн танхимын үүдэнд шуугиан дэгдэв. Совиешу ирж байна гэж найдан дээш харвал Хайнри хунтайж байлаа. Хажууд нь Раштагийн шивэгчин Черини тун тансаг хувцас өмсөн зогсоно.
— Өө, бурхан минь. Нөгөө охиныг үнэхээр дагуулаад ирчихэж, — гэж Элиза гүнлэг хатагтай амьсгаа даран шивнэв.
Цайвар ягаан өнгийн хөөрхөн даашинз өмссөн шивэгчин ердийн үеийнхээсээ хавьгүй ганган харагдана.
— Тэр даашинз багагүй үнэтэй байх даа, — хэмээн Аллистер хатагтай бувтналаа.
— Хайнри хунтайж л авч өгсөн байх, — гэж өөр нэг бүсгүй шивнэв.
— Тэр хоёрын өмнөөс баяртай байна, — хэмээн их гүнгийн хатан хэллээ. — Хунтайж захидал солилцдог найздаа үнэхээр ухаангүй дурласан юм байна л даа.
Би бусдын шивнэлдээг аль болох тоохгүй байхыг хичээв.
Гэнэт Хайнри хунтайж над руу эгцлэн харав. Би толгой дохин мэндэлсэн ч тэр нэг л хачин царайтайгаар над руу ширтсээр байлаа. Эцэст нь хөмсгөө зангидан, толгой сэгсэрлээ.
Энэ нь юу гэсэн үг юм бол?
Түүний учир нь олдохгүй дохиог гайхан бодож байх хооронд Хайнри хунтайж Черинийг дагуулан бүжгийн танхимын нөгөө үзүүр рүү явлаа.
Дараа нь Совиешу ирж, миний анхаарал хунтайжаас салав. Гэвч Совиешу орж ирмэгцээ шууд Рашта руу явчихлаа.
Би тэднийг хүчээр үл тоон, үйлчлэгчийн барьж явсан тавиураас тааралдсан нэг аягыг шүүрч авав. Юу байгааг нь ч харалгүй нэг амьсгаагаар уусныхаа дараа л гүзээлзгэнийн шүүс байсныг мэдлээ. Ам дүүрэн нялуун чихэрлэг амт тархсан нь миний сэтгэл дэх гашуун мэдрэмжээс тэс өөр байв.
Хэдэн вальс эгшиглэсний дараа хөгжим намжихад би Хайнри хунтайжид дахин анхаарлаа хандууллаа.
Өнөөдөр бүжиглэх сэтгэл байсангүй. Би танхимын захын буйдан дээр сууж, мэндлэхээр дөхөж ирсэн зочидтой ярилцаж байв. Гэтэл танхимын нөгөө талд дэгдсэн шуугиан улам чангарсаар бидний яриаг тасалдуулав.
Удалгүй шуугианы эзэн Хайнри хунтайж болохыг мэдлээ. Тэр бүжгийн танхимын голд, хүн бүрийн нүдэнд ил газар зогсож байв. Царайд нь цөхрөл тодорчээ. Харин өмнө нь Раштагийн шивэгчин манжин шиг улайсан нүүртэй уйлж зогсоно.
Хэдхэн цагийн өмнөх нялуун дурлалт хос ор мөргүй алга болжээ. Одоо шивэгчин айдаст автсан, хунтайж уур хилэнгээ арайхийн барьж байгаа мэт харагдав.
Юу болсныг би гайхлаа. Хэрэв байдал бүр ноцтой болбол би оролцох хэрэгтэй болно. Тиймээс босож, тэдэн рүү дөхөхөөр шийдлээ.
— Чи яагаад намайг хуурсан юм бэ? — гэж хунтайж шаардав. — Би чамд нэг эрхэм дотнын найзаа хайж байгаа гэж хэлээгүй бил үү?
Гэнэт юу болоод байгааг би яг таг ойлголоо. Шивэгчний худал илэрчээ. Тэр уруул нь хүчтэй чичирсээр юу ч хэлж чадсангүй.
— Үнэхээр итгэмээргүй юм. — Хунтайж дуугаа өндөрсгөв. — Зүүн эзэнт гүрэнд үйлчлэгч хүн хааны удмын хүнийг хуурч болдог юм уу? — Тэр толгой сэгсрэв. — Үгүй дээ, зэрэг зиндаа ямар ч байсан хэнийг ч ингэж хуурч болохгүй.
Тэр өөртөө уурлаж байна уу, охинд уурлаж байна уу гэдгийг ялгахад бэрх байв. Ямартай ч Зүүн эзэнт гүрний язгууртнууд ичгүүрт автан, шивэгчнийг зэвүүцэн ширтэцгээж байлаа.
— Манай эзэнт гүрний нэрийг гутаах гэж... — хэмээн хэн нэгэн шивэгчний чихэнд хүрэхүйц чанга бувтнав.
Аль хэдийн улайсан нүүр нь бүр ч час улайв.
— Юу болсон юм бэ? — гэж би хажуудаа зогсох язгууртан бүсгүйгээс асуулаа.
— Яг сайн мэдэхгүй юм. Түрүүн л эв найртай ярилцаж байсан. Гэтэл гэнэт хунтайж тэр охин руу хашхирч эхэлсэн, — гэж тэр шивнэв.
Бидний яриаг сонссон өөр нэг бүсгүй нааш бөхийн, — Шивэгчин өөрийнхөө бичсэн гэж хэлсэн захидлуудын нарийн ширийнийг мэдээгүй бололтой, — гэв.
— Аан, ойлголоо. Хэлж өгсөнд баярлалаа.
Язгууртан бүсгүйчүүд бидний өмнө өрнөж буй дуулианыг цааш анхааран ажиглаж эхлэв.
Би хэсэг бодлоо. Хайнри хунтайж охиныг шалтгаангүй доромжилж байсан бол би оролцох ёстой. Гэвч энэ удаа шивэгчин хунтайжийг хуурсан тул түүний эзэн, өөрөөр хэлбэл Рашта урагш гарч, үйлчлэгчийнхээ өмнөөс уучлалт гуйх учиртай байлаа.
Шивэгчин ч үүнийг мэдэж байсан бололтой Рашта руу дахин дахин харна. Харин Рашта цочирдон ширтэхээс өөр зүйл хийсэнгүй. Тэр гарч ирээд байдлыг намжаахад огт бэлэн бус байгаагаас улам л эвгүй болж байлаа.
Одоо үүнд цэг тавих цаг болжээ. Намайг урагш алхахтай зэрэгцэн шивэгчин сая нэг ам нээлээ.
— Үнэндээ би...
Гэвч Хайнри хунтайж түүний үгийг огт тоосонгүй. — Миний юу гэж бодож байгааг мэдэх үү? Чи надад бүхэлдээ худал хэлээгүй. Тийм биз?
— У-уучлаарай...? — хэмээн шивэгчин ээрэв.
— Би эхэндээ чамд итгэсэн. Тэгсэндээ буруутай гэж бодохгүй байна. Чи захидлын агуулгаас заримыг нь мэдэж байсан. — Дуу нь намуухан байсан ч би түүний үг бүрийг сонсов.
Гайхширсан царайтай хүмүүсийг харахад түүний үгийг ганц би ч биш, бүгд сонсжээ.
Яг миний бодсоноор шивэгчин хунтайжийг өөрийн дураар хуураагүй аж. Рашта оролцсон эсэхийг мэдэхгүй ч Верди дэд гүнлэг хатагтай охины мэхэнд тусалсан нь илэрхий байв.
— Миний бодлоор, — гэж хунтайж үргэлжлүүлэв. — Чи надтай захидал солилцдог хүн биш. Харин тэр хүний жинхэнэ хэн болохыг мэднэ. Би зөв тааж байна уу?
— Тэр чинь... Үнэндээ юу болсон гэхээр...
— Чи хэнд үйлчилдэг юм бэ? — Хайнри хунтайжийн нүд гялсхийв. — Чиний эзэн миний хайж байгаа хүн мөн үү?
Тэр бүр буруу зүг рүү явчихлаа шүү дээ гэж би бодов. Гэвч тэр үед нэг хачин зүйл анзаарагдлаа.
Хунтайж бүхнийг тайвнаар эргэцүүлж байгаа атлаа нүдэнд нь хүйтэн, хайр найргүй харц хоромхон зуур тодроод өнгөрөв. Энэ нь зүгээр л уур хилэн байсан юм болов уу?
Би үүнийг бодож амжаагүй байтал Рашта урагш гарч ирлээ.
— Та санаанд оромгүй гярхай юм аа, Хайнри хунтайж, — гэж тэр хэлэв. — Захидлуудыг тань уншихад би таныг их хөнгөн хийсвэр хүн юм байх гэж бодсон.
Олон хүн шуугилдав. Зарим нь бүр гайхсандаа дуу алджээ.
Хайнри хунтайжийн хөмсөг гайхсандаа дээш өргөгдөв. Тэр Рашта руу эргэлээ. — Өө, Рашта хатагтай. Таны ярихыг сонсоход надтай захидал солилцож байсан хүн нь та өөрөө мэт санагдах юм.
— Тийм ээ. Таны хайж байсан хүн би мөн, Эрхэмсэг дээдэс.
[[IMAGE: CH_IMAGES/014.jpg]]
Тэр сая юу гэнэ ээ?
Энэ бүхэн Раштагийн анхнаасаа бодсон төлөвлөгөө байв уу? Эхлээд шивэгчнээ явуулаад, дараа нь өөрөө давхар мэхлэхээр шийдсэн хэрэг үү? Үгүй ээ. Шивэгчнийх нь цочирдсон царайг харахад ийм зүйл урьдчилан төлөвлөөгүй нь илт.
Хайнри хунтайж Раштаг нэвт ширтэв. Түүнийг юу бодож байгааг таах аргагүй байлаа. — Та яагаад өөрөө гарч ирэлгүй, шивэгчнээ явуулсан юм бэ?
— Учир нь би эзэн хааны бүсгүй шүү дээ. Бид хоёр зүгээр л найзууд хэдий ч эзэн хааны сэтгэлийг шархлуулчих вий гэж санаа зовсон юм.
Хунтайж чимээгүй байсанд Рашта нүүр нь улайж, — Бидний нөхөрлөлийг бодоод намайг уучилна гэж найдаж байна. Битгий уурлаарай, — гэв.
Хунтайж түүний янзага мэт том нүднээс харц салгаж чадахгүй байгаа юм шиг толгойгоо үл ялиг хазайлгалаа. Танхим тэр чигээрээ амьсгаа даран хүлээх шиг болов. Надад цаг хугацаа хүртэл зогссон мэт санагдав.
Гэтэл Хайнри хунтайж чангаар инээж орхив.
Рашта цочин давхийлээ.
Аргагүй дээ. Би ч бас бараг инээчих шахав.
Хайнри хунтайжийн царайнаас харвал тэр Раштагийн хэлсэн ганц ч үгэнд итгээгүй нь илт байлаа. Харин ч худал нь түүнд хязгааргүй хөгтэй санагдсан бололтой. Эсвэл үнэнийг мэддэг болохоороо л би тэгж бодсон ч байж магадгүй.
— Хайнри хунтайж түүний худал хэлж байгааг мэдэж байгаа юм шиг харагдахгүй байна уу? — гэж Лаура хатагтай шивнэв.
Ингэж харсан хүн нь ганц би биш бололтой.
Гэхдээ бид хоёр хоёулаа андуурсан байж ч мэднэ. Учир нь хормын дараа хунтайж ердөө л инээмсэглэн, — Би огт уурлаагүй. Харин дахин нэг хүн намайг хуурах гэж оролдвол юу хийхээ өөрөө ч мэдэхгүй байна. Ердөө л тэр, — гэлээ.
— Та надад итгэхгүй байвал би амархан баталж чадна шүү дээ, — гэж Рашта хэлэв.
— Тэгэх шаардлагагүй. Тантай адил хүн ийм зүйл дээр худал хэлж зүрхлэхгүй гэдэгт итгэлтэй байна, — хэмээн хунтайж хариулав.
— Мэдээж үгүй.
Хайнри хунтайжийн уруулын нэг буланд ёжтой инээмсэглэл тодров. — Таныг үнэнийг хэлж байгаа гэж найдаж байна, Рашта хатагтай. Хэрэв хоёр дахь удаагаа хууртагдвал хэчнээн их уурлахаа төсөөлж ч чадахгүй нь. — Тэр одоо шивэгчин рүү харлаа.
Түрүүн охин руу харж байсан дулаан харцнаас нь юу ч үлдсэнгүй. Шивэгчин ичсэндээ толгойгоо гудайлгав.
— Тэр таны нэрийг барьж зүрхэлжээ, Рашта хатагтай. Та түүнд тохирох шийтгэлийг нь өгнө гэдэгт итгэлтэй байна, — гэж Хайнри хунтайж Рашта руу нэг алхам дөхөн хэллээ.
Рашта толгой дохин, биеэ цэхлээд өрөөнөөс гарав.
***
— Бурхан минь, түүнийг ийм зальтай гэж би огт мэдсэнгүй! — Биднийг Баруун ордонд ирмэгц шадар хатагтай нар минь хов жив шуугилдуулж эхлэв.
— Эрхэм дээдэс, та түүнийг ингээд зүгээр өнгөрөөх юм уу?
— Эзэн хааны амраг байх нь түүнд хангалтгүй байгаа юм уу?! Өөр улсын хунтайжид хүртэл худал хэлж зүрхэлсэн гэж бодохоор итгэмээргүй!
Ер нь тун тайван дөлгөөн байдаг Элиза гүнлэг хатагтай хүртэл уурсаж байлаа. Тэр тайвшрах гэсэн мэт сэвүүрээ эрчимтэй дэвэв. — Яаж ингэж зүрхэлдэг байна аа!
— Хунтайж Раштаг худал хэлж байгааг мэдэж байгаа, — гэж би хэллээ. — Тэгэхээр уурлах хэрэггүй.
Тэд уурласандаа бараг ухаан алдах гэж байгаа мэт харагдана. Би тайвшруулах гэж оролдсон ч тэд намайг итгэж ядсан харцаар ширтэцгээлээ.
Лаура хатагтай дургүйцэн амьсгаадав. — Эхэндээ хунтайж түүнд эргэлзсэн юм шиг байсан. Гэхдээ сүүлдээ итгэчихсэн шүү дээ! Рашта тийм тайвнаар гарч ирээд түүнийг хуурчихсан гэдэгт би итгэлтэй байна!
Бусад шадар хатагтай ч үг нэмэв. — Хэн мэдэх вэ. Рашта хөөрхөн царайтай. Хунтайж түүнд байдлыг ашиглах боломж зориуд олгож байгаа ч юм билүү.
— Хэрэв тэр үнэхээр Раштаг захидал солилцдог хүнээ гэж бодсон бол илүү олон зүйл асуух байсан. Тийм амархан итгэхгүй, — гэж би хариулав.
Шадар хатагтай нар бие бие рүүгээ харцгаав. — Нээрээ гэж үү?
— Тэгвэл Хайнри хунтайж өнөөх завхай эмийн худалд яагаад хамтран оролцож байгаа юм бэ? — хэмээн Лаура хатагтай асуув.
— «Нэг удаа хууртвал хуурсан хүний буруу, хоёр удаа хууртвал өөрийн буруу» гэдэг үг бий дээ. — Би уруулаа жимийв. — Тэр нэг мэхэнд хоёр удаа хууртах хүн биш. Гагцхүү нэг л хачирхалтай зүйл байна...
Тэгвэл яагаад худлыг нь дэмжээд байгаа юм бол?
Магадгүй шадар хатагтай нарын минь зөв байсан байх. Хунтайж үүнийг худал гэдгийг мэдэж байсан ч Рашта түүнд таалагдсан байж мэднэ.