Дахин гэрлэсэн хатан

15-р анги

15-р анги — Хайнригийн хилэн

Сонсох

Күин өдөр бүр ирдэг байсан атал түүнийг хамгийн сүүлд харснаас хойш аль хэдийн хоёр хоножээ. Бодоод үзэхэд Раштагийн шивэгчин миний нэрийг барьж худал хэлснээс хойш түүнийг огт харсангүй. Тэр явдлын тухай сонсохоос хэдхэн цагийн өмнө л Күин өрөөнд минь ирж тоглосон юм.

Түүний аяархан гунганаж, өөрийнхөөрөө аялахыг санахаар гуниг төрнө. Элиза гүнлэг хатагтайн санал болгосноор өөрийн гэсэн шувуу тэжээж үзэх үү гэж түр бодсон ч тэр дороо болилоо. Күин шиг шувуу дахин олдохгүй шүү дээ.

— Та Күинийг санаж байна уу? — хэмээн намайг цонхоор удаан гөлөрч суусныг ажигласан Элиза гүнлэг хатагтай бодлыг минь уншсан мэт асуулаа.

Би хариулсангүй. Күинийг санаж байна гэдгээ хэлбэл Хайнри хунтайжийг өөрийг нь санаж байгаа мэт сонсогдож мэднэ.

Элиза гүнлэг хатагтай намайг шахсангүй. Харин хувцасны шүүгээнээс минь цайвар ягаан даашинз сонгов. Өргөн дэрвийсэн банзалтай биш, хормой нь газарт шүргэтэл шулуун унждаг загвартай байлаа. Сүүлийн гурван өдөр өмссөн хувцаснуудаас минь арай даруухан юм.

— Өнөөдөр Эрхэм дээдэс үдэшлэгт оролцохгүй тул арай даруухан хувцас өмсгөе, — гэж тэр хэлэв.

Маргааш шинэ жилийн ёслолын сүүлийн өдөр. Би гаднын төлөөлөгчдийн дотроос хамгийн дээд зиндааны зочдод зориулан тусгай хүлээн авалт зохион байгуулна. Тэр хүлээн авалтын урилгын жагсаалт жил бүр өөрчлөгддөг байлаа. Уламжлал ёсоор урьд өдөр нь уригдсан бүх зочдыг цуглуулж, хооронд нь танилцуулдаг юм.

Элиза гүнлэг хатагтайн зөв. Тийм дотно хүрээний оройн зоогт бүжгийн танхимын сүрлэг даашинз өмсөөд очих нь инээдтэй хэрэг болно.

— Та байхгүй байсан бол би яах байсан бол доо? — хэмээн санаа алдав.

— Танд үйлчлэх нь миний баяр баясгалан шүү, Эрхэм дээдэс.

Түүний тусламжтайгаар сэгсийсэн үс минь зөөлөн долгиолсон буржгар болж, цонхийсон царай минь ягааран өнгө орлоо. Даашинзаа өмсөөд толинд нэг хараад Төв ордныг зорив. Жилийн хамгийн том баяруудын нэг учраас өнөөдөр хэн ч ажиллахгүй байв. Гэхдээ надад шалгах ёстой бичиг цаас байсан юм.

Ажлын өрөөндөө очоод тусгай хүлээн авалтад зориулан бэлтгэсэн материалуудаа эргүүлж үзэв. Яриа эхлүүлэхэд тохирох сэдвүүд, гаднын эрхэм зочдыг санамсаргүй гомдоохгүй байхад анхаарах зүйлсийг тэмдэглэжээ. Би тэдгээрийг чимээгүйхэн гүйлгэн уншлаа.

Энэ жилийн онцлох зочид бол Хайнри хунтайж, Кауфман их гүн хоёр. Хайнри хунтайжийн тухай цуу яриа хэзээ ч тасардаггүй тул түүнийг гомдоочих вий гэж нэг их санаа зовохгүй байлаа. Харин Кауфман их гүнтэй харилцахдаа онцгой болгоомжтой байх хэрэгтэй...

Өөр тивээс ирсэн цорын ганц зочин маань тэр их гүн юм. Түүний эзэмшил газар Луипт хэмээх цөлийн улсад байдаг ч бид түүнийг үүнээс болж уриагүй. Кауфман их гүн манай Шидийн академид суралцаж, ангидаа тэргүүлэн төгссөн билээ.

Тив хоорондын харилцаа тун хомс. Энгийн худалдаанаас хэтрэх нь ховор. Луиптын ордны ёс жаягийн талаар бидэнд бараг мэдээлэл байхгүй. Зөвхөн нэгэн аялагчийн бичсэн «Аяллын тэмдэглэл» нэртэй, тэр тивийн тухай ганц ном л бий.

Миний сонссоноор их гүн тэр номыг уншаад инээж, «дэмийрсэн хүний зохиомол түүх» гэж нэрлэсэн гэдэг. Төрсөн нутгийнх нь бодит байдал номд бичсэнээс тэс өөр байх. Харин би яахаа мэдэхгүй байв.

Гэхдээ их гүн энд олон жил сурч амьдарсан хүн. Тиймээс нутгийн хүнтэй харилцаж буй мэт л хандахаас өөр аргагүй бололтой...

Судалж дуусаад, зайлсхийвэл зохих ярианы сэдвүүдээ тогтоож авахад оройн хоолны цаг болжээ. Ажлын өрөөнөөсөө гарангуут Элиза гүнлэг хатагтай, дэд командлагч Артина хоёрыг үүдэнд нааш цааш холхиж байхыг олж харав.

— Эрхэм дээдэс! — хэмээн дэд командлагч Артина дуудав.

— Дотогш орж болох эсэхийг л бодож байлаа, — гэж Элиза гүнлэг хатагтай үнэнээ хэлэв.

— Би цагаа харж байсан, — гэж хариулав. Гэвч Элиза гүнлэг хатагтайн шаардсанаар өрөөндөө буцаж очин хувцаслалтаа дахин шалгуулав. Тэр үс, нүүр будалтыг минь бага зэрэг заслаа. Эцэст нь бүх зүйл цэгцэрмэгц би Зүүн ордныг зорив.

Хоолны танхимд дөнгөж хөл тавимагц—

— Эгч ээ! — хэмээн Рашта хашхирав.

Би гайхсандаа түүн рүү амаа ангайн харлаа.

Рашта өөрийгөө зэмлэж буй мэт уруулаа хуруугаараа товшсоноо хөхөрч, — Өө, үгүй ээ, Эрхэм дээдэс! — гэв.

Би царайгаа төв болгож харагдуулахыг хичээсэн ч чадсан эсэхээ мэдсэнгүй. Би саяхан маргаашийн хүлээн авалтын зочдын жагсаалтыг нягталсан билээ.

Тэнд Раштагийн нэр байгаагүй. Мэдээж Совиешу жагсаалтыг үл тоон түүнийг өөрөө урьсан бол өөр хэрэг. Хүлээн авалтын өмнөх оройн уулзалтад заримдаа нэмэлт зочид ирдэг. Харин маргаашийн тусгай хүлээн авалтад урилгагүй хүн орох боломжгүй.

Раштагийн ойролцоо Хайнри хунтайж, Совиешу, Сирсе гүнж гурав зогсож байв. Сирсе гүнж «Энэ одоо яаж байгаа юм бэ?» гэсэн мэт нүдээ эргэлдүүллээ.

Би толгой сэгсрээд суудалдаа суулаа. Хайнри хунтайж надтай мэнд мэдэх мэт өөдөөс хармагц би толгой дохин хариулав.

Сирсе гүнж нөхцөл байдлыг хэсэг ажигласнаа миний хажуугийн суудалд гулсан суув. Үйлчлэгч миний аяганд ус хийж дуустал хүлээгээд, — Та сая юу болсныг харсан ч болоосой, — хэмээн шивнэлээ.

Тэр зөвхөн надад сонсогдохоор аяархан ярьж байв. Би ч дуугаа намсган, — Юу болсон гэж? — гэж асуулаа.

Гүнж Хайнри хунтайж руу нүднийхээ булангаар харснаа, — Хайнри хунтайж хүүхэмсэг гэж ярьдаг шүү дээ? Тэр үнэн юм байна. Эзэн хааны яг өмнө Рашта хатагтайд нялуун үгс урсгаж байгааг нь сонсвол хэл нь сахраар бүтсэн гэж бодмоор, — гэв.

Түүний хэлсэн байдал инээд хүргэж, би ууж байсан усандаа хахаж орхилоо. Ханиалгаж эхлэхэд Сирсе гүнж зүгээр л хөхөрч, хачин царай гаргав.

Рашта, Хайнри хунтайж, Совиешу гурав нэгэн зэрэг над руу харлаа. Би юу ч болоогүй мэт царайгаа төв болгож, амны алчуураар амаа дарлаа.

Ширээний уур амьсгал нэг л хачин санагдана. Хайнри хунтайж хаана ч очсон ийм байдал бий болгодог нь үнэн. Гэвч энэ удаа өөр зүйл бас байлаа. Совиешу түгшсэн бололтой Рашта, Хайнри хунтайж хоёр руу ээлжлэн харсаар.

Харин Рашта... Энэ бүхнээс тун их таашаал авч байгаа бололтой. Хацар нь ердийнхөөсөө ч илүү улайж, согоо шиг том нүдээрээ Совиешу, Хайнри хунтайж хоёр руу ээлжлэн харна.

Хайнри хунтайж анхнаасаа Раштатай таарсан бол арай дээр байх байсан ч юм билүү... гэж бодоход сэтгэл минь ёроолгүй гүн рүү живэх шиг болов.

Гэхдээ Хайнри хунтайж Раштатай огт уулзаагүй байлаа ч Совиешу хэзээ нэгэн цагт амрагтай болох л байсан.

— Хачин юм аа. Дөнгөж сая Хайнри хунтайж Рашта хатагтайд үнэхээр нялуун хандаж байсан. Харин одоо огт тэгэхгүй байна, — гэж Сирсе гүнж дахин шивнэв.

Энэ удаа би тэдэн рүү харсангүй.

Бусад зочид ар араасаа орж ирсээр суудлууд нэг нэгээрээ дүүрлээ. Үйлчлэгчид хоол зөөж эхлэв. Ширээнд өрсөн хоолны үнэр арааны шүлс асгаруулна: дотор нь шанзтай гурилан боов, амталсан халуун дарс, шинэхэн цоохор майлз, яргай загас, төмс, цагаан дарсанд жигнэсэн тахиа.

Хоол идэж байтал дунд үеэр нь гэнэт тачигнах чимээ гарч, хүмүүсийн яриа тасарлаа. Бүгд чимээгүй болов.

Харвал Совиешу Хайнри хунтайж руу ууртайгаар ширтэж байлаа. Алтан хундага түүний таваг дээр унажээ. Ширээ тойрсон хүн бүр түгшсэн байдалтай тэднийг ажиглав.

— Хайнри хунтайж, та дэндүү хүндэтгэлгүй хандаж байна, — гэж Совиешу хэлэв.

— Түүний алдааг хэлж өгөх нь яагаад хүндэтгэлгүй хэрэг гэж? — хэмээн Хайнри хунтайж асуулаа. — Тэр миний захидлуудыг хүлээж авдаг хүн гэж өөрийгөө хэлсэн. Гэтэл бидний ярилцсан зүйлсийн тал хувийг ч мэдэхгүй бололтой. Бүх хүний өмнө Рашта хатагтай намайг мэхэлж байхад юу ч болоогүй мэт сууж өгөх нь илүү эелдэг хэрэг үү?

Совиешу нударгаа атгалаа. — Хайнри хунтайж, үгээ бодож хэл.

— Эрхэм дээдэс энэ үгээ өөрийн амрагт хэлбэл таарна.

Совиешу гайхсандаа амаа ангайсан ч Хайнри хунтайж зогссонгүй. — Жигшүүртэй юм! Эхлээд шивэгчин нь, одоо эзэгтэй нь. Хоёулаа миний өөдөөс харж зогсоод худал хэлж зүрхэллээ. Тэд Баруун хаант улсыг дорд үзээд байна уу, эсвэл зөвхөн намайг уу?

Хайнри, Совиешу хоёрын дунд суусан Рашта цочирдсондоо нүдээ томруулан, хөдөлгөөнгүй хөшжээ. Хайнри хунтайж сандлынхаа түшлэгт налан, Совиешу руу хүйтнээр ширтэв.

— Бодоод байхад... Эрхэм дээдэс та өөрөө Рашта хатагтайд ийм зүйл хийхийг тушаасан юм биш биз? — Хайнри хунтайж хөмсгөө өргөв. — Намайг зориуд залилж, өөрийн хүслээр хөдөлгөх гэсэн хэрэг үү?

— Хайнри хунтайж! — Совиешу илт хилэгнэв. — Рашта хатагтай андуурч будилснаа хэлсэн. Захидалдаа юу бичсэнээ мартаж, будилах нь байдаг л зүйл биш үү?

Хайнри хунтайж өчүүхэн ч цочсонгүй. — Хүн өөрийн бичсэн зүйлийн талаас илүүг яаж андуурч болох юм бэ?

Совиешугийн царай улам улайлаа.

Сирсе гүнж хоолныхоо хэрэгслийг тавьж, театрт жүжиг үзэж байгаа хүн шиг тэдний маргааныг харсаар, эрдэнэ шишийн хөөсөн зууш амтархан иднэ. Ядаж нэг хүн энэ инээдэмт явдлыг таашааж байгаа бололтой.

— Өө, би ер анзаарсангүй шүү, — гэж хунтайж хэллээ. — Рашта хатагтай жаахан ой муутай юм болов уу? Хэн нэгэн арван зүйл хэлэхэд тавыг нь л санадаг хэрэг үү? Хэрэв тийм бол өршөөгөөрэй. Би буруутай юм байна.

Нүд ирмэхийн зуур уур амьсгал ширүүсэв. Сирсе гүнжийн зуушаа идэх чимээнээс өөр зүйл дуулдсангүй. Энэ удаа тэр инээд хүрч буйгаа нуухыг ч хичээсэнгүй.

— Та бүхэн юу гэж бодож байна? — Хунтайж ширээ тойрон суусан хүмүүс рүү хандав. — Өчигдөр Рашта хатагтай өөрийгөө илчилснийг та бүгд харсан. Надтай захидал солилцдог хүн өөрийгөө мөн гэсэн. Би түүнд итгэсэн. Ийм хүндтэй хатагтай худал хэлнэ гэж хэн санах билээ? Тэгээд ч Сирсе гүнжийн тун оновчтой хэлснээр би түүнд сахартай адил нялуун хандсан.

Сирсе гүнж цочин ухасхийв. Тэр надад үүнийг хэлэхдээ танхимын нөгөө талд байсан шүү дээ. Хайнри хунтайж лав сарьсан багваахайн чихтэй байх нь.

— Яг тийм, — гэж Сирсе гүнж хүлээн зөвшөөрөв.

Хайнри хунтайж хүмүүсийг алга ташихыг хүлээж буй мэт ширээг тойруулан харлаа. Хэн ч алга ташсангүйд мөрөө хавчив. — Гэвч ярилцах тусам Рашта хатагтай манай захидлуудын агуулгыг шивэгчнээсээ илүү мэдэхгүй мэт харагдсан. Сүүлийн үед солилцсон захидлын тухай тэр огт мэдэхгүй байлаа. Сонин биш гэж үү? Эртний бүх захидлыг санаж атлаа сүүлийнхийг яагаад юу ч санахгүй байгаа хэрэг вэ?

Өөр хэдэн зочин толгой дохилоо. Раштагийн чихний үзүүр улайв.

Совиешу харин Хайнри хунтайжийг ширтсээр, — Одоо хангалттай, Хайнри хунтайж, — гэв.

— Энэ асуудлыг чимээгүйхэн шийдэж болох байсан, — гэж хунтайж хариуллаа. — Гэвч Эрхэм дээдэс та өөрөө бүх хүний анхаарлыг энд хандуулсан шүү дээ.

— Зүүн эзэнт гүрэнд эр хүн дотнын эмэгтэйнхээ нэр төрийг хамгаалахыг эрэлхэг, хүлэг баатарлаг үйл гэж үздэг. Харин Баруун хаант улсад гэмгүй бүсгүйн үг бүрийг өөчилж суухыг тэгж нэрлэдэг бололтой.

— Би ч гэсэн өөрийн хатагтайн нэр төрийг хамгаалахаар л дуугарсан, — хэмээн хунтайж тайван хариулав. — Учир нь өөр нэгэн хүн түүний дүр эсгэж, нэрийг нь ашиглаад байна.

— Юу гэнэ ээ?

Хайнри хунтайжийн уруулд тоглоомтой инээмсэглэл тодров. — Гэхдээ надтай захидал солилцдог хүн эмэгтэй биш, эрэгтэй ч байж болох шүү дээ. — Ингэж хэлэхдээ тэр надтай харц тулгарав.

Зүрх минь бараг зогсчих шиг болов. Би өөрийгөө эрэгтэй гэж хэлж, түүнд зориуд худал сэжүүр өгснөө саналаа.

Би эндүүрсэн байлгүй. Хунтайж Раштагийн худлыг мэдсэн байлаа ч миний хэн болохыг олж мэдсэн байх аргагүй.

Энэ бүх хугацаанд дуугүй суусан Рашта эцэст нь шүдээ зуун, — Та үнэхээр... муухай юм, — гэв.

Танхимд байсан хүн бүр түүн рүү харлаа.

Өрөвдөлтэй жүжгийн дүр шиг Рашта нусаа татав. Согоо шиг том нүд нь нулимсаар мэлтэлзэнэ.

Хайнри хунтайж хөмсгөө өргөв. — Би муухай хүн гэж үү, Рашта хатагтай? Та шивэгчнээ явуулж намайг хуурсан. Тэр хангалтгүй байсан болохоор өөрөө хүртэл миний өөдөөс худал хэлсэн шүү дээ!

Раштагийн нулимс бөмбөрч эхлэв. Тэр чангаар нусаа татан, чичирхийлсэн хоолойгоор, — Б-би захидлын тухай худал хэлээгүй. Эрхэмсэг дээдэс яагаад намайг худалч гэж бодоод байгаа юм бэ? — гэлээ.

Би гайхсандаа амаа ангайв. Тэр энэ жүжгээ одоо хүртэл үргэлжлүүлсээр гэж үү?

Раштагийн хацрыг матрын нулимс даган урсав. — Та яагаад надад ингэж хандаад байгааг би мэдэж байна. Би таны зиндааны хүн биш, нийгэмд эзлэх байр суурь минь хангалттай өндөр биш. Би дээдсийн ёс мэддэггүй. Тийм болохоор л та намайг гутааж байна. Захидлаараа илэрхийлсэн нөхөрлөл тань тэр чигтээ худал байсан юм уу? — Рашта яг л эмгэнэлт жүжигт гүтгүүлж, хэлмэгдсэн дүр шиг аашилж байв.

[[IMAGE: CH_IMAGES/015.jpg]]

Совиешу шүдээ хавиран, — Энэ үнэн үү? — хэмээн архирав.

Хайнри мөр нь чичиртэл чангаар инээснээ санаа алдаж, толгой сэгсрэв. — Ёстой утгагүй юм.

— Магадгүй та эзэн хаан намайг хамгаалахын тулд юу хийхээс айсандаа л намайг худалч болгож харагдуулахыг оролдоод байгаа байх, — гэж Рашта уйлах зуураа тасалдан хэллээ.

Би хөшчихөв. Урьд нь Раштагийн гэнэн занг мэдлэггүй байдал, цайлган сэтгэл хоёрын нийлбэр гэж боддог байсан. Харин одоо тэр гайхмаар зальтайг ойлголоо.

Хайнри хунтайж хэлээ тачигнуулан, — Рашта хатагтай, та бол миний амьдралдаа үзсэн хамгийн ичгүүргүй хүн, — гэв.

— Биднийг найзууд гэж би бодож байсан. Гэтэл та намайг ингэж гомдоосон үг хэлсээр л байх юм, — хэмээн Рашта уйлав.

Ойр хавьд нь суусан хэдэн язгууртан эвгүйцэн суудалдаа хөдөллөө. Мэдээж тэд үнэнийг мэдэх аргагүй. Хэнд нь итгэхээ мэдэхгүй будилсан бололтой.

Сирсе гүнжийн бүх анхаарал маргаанд төвлөрч, ам нь амттанаар дүүрчээ. Туаниа гүнгийн хатан гараа цээжиндээ зөрүүлэн, налайж суугаад дуугүй ажиглана. Харин хоолоо жинхэнээсээ таашааж буй ганц хүн нь Кауфман их гүн байлаа. Тэр бүйлс мэт гонзгой нүдээ тавагнаасаа салгахгүй, зөөгдсөн хоол бүрийг дуртайяа идэж байв.

Би үнэнийг хэлэх ёстой юу?

Би Кауфман их гүнийг хооллохыг харангаа эргэлзэж суулаа. Хэрэв дуугарвал Раштаг олны элэг доог болгоно. Гэхдээ түүний талд орсон Совиешугийн нэр хүнд ч давхар унана.

Гэлээ ч Хайнри хунтайжийг ийм байдалд орсныг харахад хэцүү байлаа. Раштагийн дахин дахин ярьж буй «нөхөрлөл» үнэхээр байсан юм. Күиний ачаар хунтайж бид хоёр захидлаар харилцаж, дотноссон. Түүний төлөө урагш гарч үнэнийг хэлэх ёстой биш гэж үү?

Гэнэт Кауфман их гүн цочин зогтуслаа. Бараг хоосорсон тавагнаасаа толгой өргөн, над руу гайхширсан харцаар ширтэв.

Би түүнийг ажиглаж байсан учраас харц маань тулгарав. Би өөдөөс нь үл ялиг инээмсэглэлээ.

Гэтэл Кауфман хариу инээмсэглэхийн оронд Рашта руу, дараа нь Хайнри хунтайж руу бахтай инээмсэглэн харлаа.

Тэр юу бодоод байна аа?

Гэхдээ одоо их гүнгийн хачин авир чухал биш байлаа. Хэний талд орохоо шийдмэгц би чимээгүй байдлаа эвдэн, — Би энэ хэрэгт оролцохгүй байхыг хүссэн юм... Гэвч энд нэг үл ойлголцол гарчээ. Үүнийг залруулахаас өөр аргагүй боллоо, — гэж хэлэв.

Бүх хүний харц над руу чиглэв. Ядаж л өнөө оройн зочид уйдаагүй нь лавтай.

Раштагийн хөмсөг сандран өргөгдөв.

Мэдээж. Верди дэд гүнлэг хатагтай түүнд захидлуудын талаар хэлсэн бол нөгөө талд нь би байсныг ч бас хэлсэн байж таарна.

Рашта намайг дуугүй суугаад, миний нэрийг ашиглан дүр эсгэхийг нь зөвшөөрнө гэж бодсон бололтой. Ямар учраас намайг өөрийнх нь төлөө дуугүй байна гэж итгэснийг би ер ойлгосонгүй.

Ямартай ч би Совиешу руу тайван царайлан эргэж, — Эрхэм дээдэс, Хайнри хунтайжтай хэн захидал солилцсоныг би мэднэ. Тэр хүн Рашта хатагтай биш, — гэв.

Хунтайжийн царай гэрэлтэв. Харин Рашта над руу урвасан хүн харж байгаа мэт ширтэж, Совиешугийн царай цайв.

— Навьер хатан хаан, — гэж тэр нам дуугаар хэлэв. — Энэ чамд хамаагүй. Чи Раштаг үзэн яддаг болохоороо Хайнри хунтайжийн талд орох хэрэггүй.

— Би зөвхөн үнэний талд орж байна.

Хайнри хунтайж урагш тонгойлоо. — Эрхэм дээдэс, танд ч амаргүй байгаа биз. Эзэн хаан Рашта хатагтайн амнаас гарсан үг болгонд л итгэдэг юм байна шүү дээ.

Энэ үг Совиешугийн тэвчээрийг бүрмөсөн барав. — Би үүнийг дахиж тэвчихгүй! — хэмээн тэр архирч, суудлаасаа огцом босон сэлмээ сугаллаа. Сэлэм нь гоёлын зориулалттай боловч хүн шархдуулахад бүрэн хангалттай байв. Тэр тусмаа зэвсэггүй хүнийг.

Танхим даяар түгшүүр нөмрөв.

— Хайнри хунтайж, миний эмэгтэйн нэр төрийг гутаасныхаа төлөө надтай халз тулаанд ор!

Хунтайж тайвнаар толгойгоо үл ялиг гилжийлгэв. — Би таныг алсан ч энэ танхимаас эсэн мэнд гарахыг зөвшөөрнө гэж амлах уу? — Түүний нил ягаан нүд гялалзав. — Тэгвэл би дуудлагыг тань хүлээн авъя.

15-р анги дууслаа

Алдаа мэдэгдэх

Дахин гэрлэсэн хатан15-р анги · Унших

Алдааны мэдээлэл илгээхийн тулд бүртгэлээрээ нэвтэрнэ үү.

Нэвтрэх
ӨмнөхДараах