Нүдэндээ ч итгэсэнгүй. Зүүн эзэнт гүрний эзэн хаан Баруун хаант улсын хаан ширээ залгамжлагчийг халз тулаанд дуудчихлаа. Тэгээд ч хунтайж манай зочин шүү дээ. Тэр хоёр өөр хэний ч биш, эзэн хааны амрагаас болж муудалцсан нь бүр ч итгэмээргүй.
Оройн зоог жинхэнэ шуугиант үзэгдэл болон хувирчээ. Энэ явдал олон түмний чихэнд хүрвэл бид элэг доог болно. Ард иргэд язгууртнуудыг завхайран наргиж цэнгэдэг хэмээн аль хэдийн тохуурхдаг байв.
Энэ тулааныг зогсоох хэрэгтэй.
— Эрхэм дээдэс, тайвширна уу. Хайнри хунтайж, та манай зочин шүү дээ, — гэж би намдуу, тайван хоолойгоор хэллээ.
Хоёулаа сая л ухаан орсон мэт ам нээхээ болив.
— Та хоёр суудалдаа сууна уу, — хэмээн би гуйв.
Хоёр эр дурамжхан суудалдаа буцаж суулаа. Зоогийн үлдсэн хугацаа таг чимээгүй өнгөрөв. Амьдралдаа ийм дуулиантай зоог үзээгүй, тэр тусмаа онцгой хүлээн авалтын өмнөх орой шүү дээ. Дотор минь муухайрч байлаа.
Ер нь юу болоод байна аа?
Энэ Раштагийн буруу юу, Совиешугийнх уу? Эсвэл хоёулангийнх нь ч байж мэднэ. Нэмж хоолловол бөөлжих нь гэж мэдрэгдсэн тул сэрээгээ тавиад амныхаа буланг арчив.
Амттан барихын оронд би босож, зочдоо үдэхээр шийдлээ. Ийм дайсагнасан уур амьсгалд тэднийг хүчээр суулгах нь бүдүүлэг хэрэг. Ямар ч байсан маргааш бид бүгд дахин уулзана.
Би Совиешу, Хайнри хунтайж хоёроос түрүүлж хоолны танхимаас гарлаа. Бусад зочид ч намайг даган гарцгаав. Бүгдийг гарсны дараа Сирсе гүнж надтай нийлэв.
Нүдэнд нь наргианч оч гялалзана. — Эрхэм дээдэс, маргааш илүү удаан ярилцах боломж гарна гэж найдаж байна. Өнөө орой бол... ярилцаж суух орой байсангүй дээ.
— Мэдээж. Би ч бас тэгж бодож байна, — гэж хариулав. Энэ удаагийн шинэ жилийн ёслолоос олсон хамгийн сайхан зүйл маань Сирсе гүнжтэй танилцсан явдал байлаа. Түүний шулуун шударга, хөгжилтэй, цоглог зан надад тун их таалагдсан юм. — Маргааш заавал уулзъя. — Би түүнийг тэвэрлээ.
Гүнж өргөн инээмсэглээд, хүлэг баатруудаа дагуулан танхимын нөгөө тал руу явлаа.
Гүнжтэй үдэлцсэний дараа би бусад язгууртнуудтай салах ёс хийхээр түр үлдэв. Гурав, дөрвөн хүнтэй үдэлцэж амжаагүй байтал Рашта над руу сэмхэн дөхөж ирлээ.
Түүнийг хэлэх зүйлтэй юм болов уу гэж бодсон ч тэр дуугүй зогсоно.
Блювоханы удмын Сирим хаанд маргааш дахин уулзахдаа таатай байх болно гэж хэлэв. Раштаг яваасай гэж хүсэж байлаа. Гэтэл тэр явахын оронд ярианд хөндлөнгөөс оролцлоо.
— Хүрэлцэн ирсэнд баярлалаа, Эрхэм дээдэс! Маргааш ч бас сайхан хөгжилдөөрэй! — Түүнийг харсан хэн боловч Рашта бид хоёр хамтдаа энэ арга хэмжээг зохион байгуулж, зочдоо үдэж байна гэж бодохоор байв.
— Өө... тэгэлгүй яах вэ. — Сирим хаан бид хоёрын дунд харцаа ээлжлэн гүйлгэлээ. Түүний дух гайхсандаа агшин зуур үрчийв. Биднийг хамтдаа зочидтой үдэлцэж байна гэж бодсон нь илт.
Би Рашта руу харлаа.
Тэр согоо шиг том нүдээ бүлтийлгэн өөдөөс харж, — Яасан бэ, эгч ээ? — гэв.
Би тэвчээрээ бараад байлаа. Гэвч түүнийг зочдод баяртай гэж хэлэхийг хориглох дүрэм ч үгүй, урьд өмнөх жишиг ч үгүй. Тиймээс би Раштагаас зориуд зайгаа барин, Холбооны улсын Самоно маркиз руу дөхөв.
Гэтэл Рашта дахиад л миний хажууд гүйж ирлээ. Маркизтай үдэлцэхэд тэр ч бас залуу охины гэнэн инээмсэглэл тодруулан салах ёс хийв.
Би өөрийн эрхгүй ёжтой инээмсэглэлээ. Санаатай хийж байгаа нь илт байлаа.
Эцэст нь ганцхан зочин үлдсэн нь Кауфман их гүн байв. Би түүн рүү очиход Рашта мөн л өсгий даран дагалаа. Өмнөх зочидтой үдэлцсээр зориг нь орсон бололтой, энэ удаа тэр өөрөө түрүүлж ам нээв.
— Эрхэм ноёнтон.
Нуруугаар хүйт даав. Түүний хоолой... Бүрмөсөн өөрчлөгджээ. Тэр их гүнд өнөөх эелдэг, цангинасан дуугаар биш, харин нам, жинтэй өнгөөр хандлаа.
Тэр намайг дуурайж байв. Яг адилхан болгож чадаагүй ч ярих өнгө нь минийхээс нэг их зөрөхгүй. — Та маргаашийн тусгай хүлээн авалтад оролцох уу?
Түүний ердийн хүүхдэрхүү эрхэлж гунганасан өнгө алга болжээ. Гэвч Рашта хэчнээн хичээсэн ч Кауфман их гүн ганц ч үг хэлэлгүй бидний хажуугаар өнгөрөв.
Их гүн бид хоёрыг хоёуланг нь үл тоолоо. Гэхдээ надад түүний энэ авираас илүү Рашта миний дуу хоолойг дуурайсан нь гайхмаар санагдав.
— Рашта хатагтай, — гэж би дуудлаа.
Раштагийн өнөөх эрхэлсэн дуу буцаж ирэв. — Юу болсон бэ, Эрхэм дээдэс?
Оройн зоогийн үеэр над руу хилэнтэй харж байсан өнөөх эмэгтэй хааччихав аа?
Би уураа арайхийн барьж, чадах чинээгээрээ жигд хоолойгоор, — Шинэ жилийн ёслол дууссаны дараа асууя гэж бодсон юм. Гэхдээ одоо л асуучихъя, — гэлээ.
— Юу юм бол?
— Намайг чамд бэлэг илгээсэн гэж хүмүүст худал хэлээд байгаагийн учир юу вэ?
Рашта гайхан хөмсгөө өргөв. — Юу гэсэн үг вэ? Худлаа биш шүү дээ. — Тэр өөр асуулт хүлээж байсан бололтой.
Тийм байж болно. Надад асуух зүйл зөндөө бий.
— Би худлаа хэлээгүй, Эрхэм дээдэс. Та намайг эзэн хааны амраг болсонд баяр хүргэн, угтаж авах гэж бэлэг илгээсэн шүү дээ.
— Би чамд ямар ч бэлэг илгээгээгүй, — гэж хариулав.
— Яагаад ингээд байгаа юм бэ? Намайг Хайнри хунтайжид өөрийгөө түүний захидал харилцдаг хүн гэж хэлсэнд уурласан юм уу? — Рашта нүүрээ алгаараа дараад уйлж эхлэв. — Верди дэд гүнлэг хатагтай таныг хэзээ ч өөрөө гарч ирэхгүй гэсэн. Ичээд тийм зүйл хийж чадахгүй гэж хэлсэн. Би муу санаагүй ээ. Зүгээр л хөгжилдөж байсан юм.
— Хөгжилдсөн гэнэ ээ? — хэмээн би давтан асуув.
— Үнэндээ би Эрхэм дээдэст тусалсан шүү!
— Надад тусалсан гэж үү? — Би ёжтой инээлээ.
Раштагийн нүдэнд дахиад л нулимс цийлэгнэв. — Таныг захидлуудыг бичсэн гэдгийг хэнд ч мэдэгдэхийг хүсэхгүй байна гэж би бодсон. Ингэвэл хэн ч таныг сэжиглэхгүй шүү дээ... Та яагаад надад дандаа ийм муухай ханддаг юм бэ?
Би хариу хэлэхээр ам нээтэл хоолны танхимын хаалга саван онгойв. Совиешу, Хайнри хунтайж хоёр хоёулаа царайгаа барайлгасаар гарч ирлээ.
Рашта чангаар мэгшиж эхлэв. Тэр даашинзныхаа ханцуйгаар хацар даган урсах нулимсаа арчина.
Совиешу түүн рүү яаран очив. — Рашта? Юу болсон бэ?
Хариулахын оронд Рашта улам чангаар уйлав.
[[IMAGE: CH_IMAGES/016.jpg]]
Совиешу над руу огцом эргэв. — Юу болоод байна? Рашта яагаад уйлаад байгаа юм?
— Би түүнээс нэг юм асуусан.
— Юу асуусан юм? — гэж тэр тулган шаардав.
— Намайг бэлэг илгээсэн гэж яагаад худал хэлснийг нь асуусан. Би ямар ч бэлэг илгээгээгүй.
Совиешугийн нүүр чулуудсан мэт хөшив. — Чи түүнээс тийм зүйл асуусан гэж үү?
— Тэр уулзсан хүн болгондоо тэгж яриад байна. Мэдээж би өөрөөс нь асууна шүү дээ. — Тэгээд өөр хэнээс асуух ёстой юм бэ?
Совиешу уруулаа хазлаа. Тэр над руу, дараа нь Рашта руу, тэгээд дахин над руу хараад санаа алдав. — Рашта нэг зүйлийг буруу ойлгочихож. Ингээд орхиж болохгүй юу?
— Миний тухай худал түүх зохиож тараахыг нь би зүгээр өнгөрөөхгүй.
— Раштаг битгий буруутга. Миний буруу. Би чиний нэрээр түүнд бэлэг явуулсан юм.
Толгой эргэх шиг болов. Совиешу миний нэрийг барьж түүнд бэлэг явуулсан гэж үү?
Рашта ч үүнийг анх удаа сонсож байгаа бололтой. Тэр Совиешу руу эргэж харахдаа уруулаа ангайв. Нүд нь нойтон хэвээр, сормуус нь хоорондоо наалджээ. Хөөрхөн. Дур булаам. — Үнэхээр тэгсэн юм уу, Эрхэм дээдэс?
— Тийм ээ. — Совиешу толгойг нь илэв. — Уучлаарай. Хийгээгүй зүйлийнхээ төлөө чи буруутгагдчихлаа.
Рашта толгой сэгсэрлээ. — Зүгээр ээ, Эрхэм дээдэс. Би үнэхээр сэтгэл хөдөлчихлөө. Та миний төлөө тийм их зүйл хийсэн юм байна.
Би хуруунуудаа чанга атгалаа. Совиешугийн авир, Раштагийн буруу ойлголтоос болж би хүмүүсийн элэг доог болсон. Гэтэл Совиешу одоо Раштагаас уучлал гуйж байна. Рашта ч түүний хийсэн зүйлд сэтгэл нь хөдөлсөн гэнэ ээ?
Өдий хүртэл Рашта зүгээр л залхмаар, бодохыг ч хүсдэггүй нэгэн байлаа.
Харин одоо би түүнийг чин сэтгэлээсээ, бүр туйлын ихээр үзэн ядаж байгаагаа ойлгов.
Совиешуг бүр ч их үзэн ядна. — Хэрэв надад буруу зүйл хийсэн хүн нь чи юм бол... — гэж би алгуурхан хэллээ.
Совиешу Раштаг тэвэрч байснаа салж, над руу харлаа. Тэр энэ асуудлыг ингээд шийдэгдчихлээ гэж бодсон бололтой.
Би түүн рүү мөс шиг хүйтэн инээмсэглэл тодрууллаа. — Тэгвэл буруугаа хүлээсэн чамтай л энэ асуудлыг ярья.
Түүний хөмсөг зангирав.
— Эзэн хаан байна гэдэг чинь бусдын нэрийг дур мэдэн барих эрхтэй гэсэн үг биш. Тийм биз дээ, Эрхэм дээдэс?
Совиешу гараараа эргэн тойрныг заалаа. — Маргалдах цаг, газар нь үнэхээр энэ гэж үү?
— Мөн. — Би байр суурин дээрээ бат зогслоо. — Чи буруугаа хүлээсэн байхад би яагаад хариуцлага нэхэж болохгүй гэж?
Совиешугийн царай цонхийв. Тэр нүднийхээ булангаар Рашта, Хайнри хунтайж хоёр руу хяламхийлээ. Дөнгөж сая халз тулаанд дуудсан нэр хүндтэй хунтайж болон шинэхэн хайртай эмэгтэйнхээ өмнө бардам зан нь шархлах гэж байв.
Түүний хамгаалахыг хичээж байгаа зүйл зөвхөн эзэн хааны нэр төр биш. Эр хүнийх нь бардам зан ч бас байлаа.
Тэр хатан хаан хүний хувьд ч, эмэгтэй хүний хувьд ч миний нэр төрийг шархлуулсан. Тэгэхэд би яагаад түүний бардам занг хайрлах ёстой гэж?
— Чи юу хүсээд байгаа юм? — гэж Совиешу ширүүн асуув. — Рашта шиг уйлахыг минь хүсээ юу?
— Уучлал гуй.
— Уучлал гуй гэнэ ээ? — Тэр инээх шахав.
— Миний нэрийг ашигласныхаа төлөө уучлал гуй.
— Уучлаарай, — гэж тэр амандаа бувтнав. — Одоо сэтгэл чинь ханаа юу?
— Рашта хатагтай миний талаар худал мэдээлэл тараасан. Эрхэм дээдэс та хариуцлагаа хүлээж, тэр худал яриаг залруулах ёстой.
Совиешу доогтой тургив. — Заавал ингэх шаардлагатай гэж үү?
— Нэр нүүрээ алдахаас айж байна уу, Эрхэм дээдэс? Харин би аль хэдийн нэр нүүрээ алдчихсан. — Би гараа элгэндээ зөрүүлэв.
— Раштад нэг бэлэг илгээснээс болоод нэр нүүрээ алддаг юм бол чиний нэр төр ч үнэхээр өчүүхэн юм байна.
Би түүнд дургүйцлээ харуулах таашаалыг эдлүүлсэнгүй. — Тэгвэл тэр бэлгүүдийг би илгээгээгүйг хүн болгонд хэлэх нь таны хувьд өчүүхэн ажил байх нь ээ. Тэгэхээр яаравчлаарай.
— Түүнийг угтан авах нь хатан хаан чиний үүрэг байсан, — хэмээн Совиешу ширүүхэн хэллээ. — Би чиний нэрийг түр ашиглаад өмнөөс чинь тэр үүргийг биелүүлсэн нь тийм жигшмээр хэрэг үү?
— Тийм.
Тэр шүдээ зуулаа. — Яаж ингэтлээ хүнийг ойлгодоггүй болчихдог байна аа? Чи урьд нь ийм байгаагүй шүү, Навьер.
Би инээмсэглэх шахлаа. — Яг миний хэлэх гэсэн үгийг чи түрүүлээд хэлчихлээ. Совиешу, намайг дахиж бүү доромжлоорой.
***
Түүний авир мөс шиг хүйтэн, царайд нь ямар ч хувирал алга. Хайнри хунтайж түүн рүү харж зогсов. Түүний намуухан, сэтгэл татам хоолой хунтайжид таалагддаг. Гэхдээ хүйтэн өнгөөр ярих нь ч бас чихэнд таатай байлаа.
Тэр намайг ийм өнгөөр нэрээр минь дуудвал ямар санагдах бол? гэж Хайнри хүсэн мөрөөдөн бодов.
Ихэмсэг хатан хааны өмнө өвдөг сөхрөөд, гарыг нь үнсэлтээр булмаар санагдана. Түүний тушаалыг биелүүлэхэд ямар байх бол? Түүнд захирагдах нь... эсвэл үгнээс нь зөрөх нь ямар санагдах бол?
Эхэндээ түүнийг зөвхөн сониуч зан хөтөлсөн билээ. Хатан хаан ямар хүн бол гэж бодож байв. Тив даяар түүнийг мөс шиг хүйтэн, ган мэт хатуу хүн хэмээн ярьдаг. Чухам энэ цуу ярианаас болж Хайнри анхны өдөр хатан хааны цэцэрлэгт саатсан юм.
Гэтэл тэр шувуутай харьцахдаа ердийн, бүр өхөөрдөм байсан.
Цуу яриаг үгүйсгэх аргагүй ч Хайнрид түүний дотоод ертөнц, жинхэнэ төрхийг нь олж харах ховорхон боломж олджээ. Ямар сайхан завшаан гээч. Гэхдээ түүнийг өрөвдөн зүрх нь өвдсөн юм. Тэр бусдын өмнө үргэлж хүчтэй байх ёстой аж.
Харин ганцаараа байхдаа уйлж байхыг нь Хайнри харсан.
Хүмүүст эзэн хааны хайрладаг эмэгтэй биш, хатан хаан хэрэгтэй гэж тэр өөртөө ярьж байхыг нь сонсжээ. Хатуу гаднах төрхийнх нь цаана эмзэг, зөөлөн сэтгэл нуугдана. Гэсэн ч сэтгэлийнхээ гүнд тэр туйлын хүчтэй, шийдэмгий хүн байлаа.
Өдрүүд өнгөрөх тусам хунтайжийн сэтгэл сониуч зангаас татагдал, татагдлаас тэвчээргүй хүсэл болон хувирчээ. Гэтэл хатан хаантай нүүр тулан уулзахад тэр Хайнрид бусадтай харьцдаг шигээ л хөндий хандсан юм.
Хайнри түүнд ойртох гэж хичээсээр, тэр зуураа бүр өөрийгөө илчилчихсэн. Тэгэхэд тэр яагаад үл тоосоор байна вэ? Яагаад түүнийг хайж олохыг хичээхгүй байгаа юм бол?
Захидлаар хуваалцсан бүхэн нь яах вэ? Өдөр тутмын наргиа, бие биедээ дотно ханддаг байсан нь түүнд юу ч биш байсан хэрэг үү?
Энэ нь түүний бардам занг шархлуулж байв. Хүсэж байгаа зүйл нь ердөө л тэр нүдээ нээж, Хайнри яг хажууд нь байгааг олж харах явдал байлаа.
Түүнд улам ойртох тусам Хайнри улам ууртай болж байв. Хатан хааныг зовоож, сэтгэлийг нь үймүүлсэн бүхэн түүнийг хилэгнүүлнэ. Олон жилийн турш тун нямбай бий болгосон дүр төрхөө хадгалах нь улам бүр хэцүү болжээ.
Тэр энэ эмэгтэйгээс болж бараг л зодоон хийх шахсан.
— Чи түүнд атаархаж байна уу? — гэж Совиешу яг тэр үед асуув.
Навьер эрүүгээ чанга зуулаа.
Хайнригийн дотор хилэн буцалж, бүр оройн зоогийн үеийнхээс ч илүү уурлав. Асуудал битгий тарь гэж гуйсан Маккеннагийн дуу чихэнд нь хадаж байлаа. Өөрийнх нь зэрэг дэв хатан хааны нэр төрийг хамгаалан тэмцэх боломжийг хязгаарлаж байгааг тэр үзэн ядна.
Гэвч эрсдэлтэй байсан ч...
— Зүүн эзэнт гүрний эзэн хааны таашаал гэдэг ёстой авах юм алга, — хэмээн тэр хатуу хэллээ.
Үүнийг мэдвэл Маккенна ухаан алдталаа уурлах биз. Төрсөн нутагт нь хаан өвчтэй хэвтэж, улс орны байдал аль хэдийн ээдрээтэй байлаа. Гэтэл хаан ширээ залгамжлагч нь энд ирээд Зүүн эзэнт гүрний эзэн хаантай хэрүүл өдөж байдаг.
Гэхдээ Хайнри өөрийгөө зогсоож чадсангүй.
— Энэ танд хамаагүй, Хайнри хунтайж, — гэж эзэн хаан зандрав.
— Яагаад хамаагүй гэж? Та түүнд яаж хандаж байгааг би өөрийн нүдээр харлаа, — хэмээн Хайнри ёжлов. Тэр Навьер руу дөхөж очоод, — Эрхэм дээдэс, энэ хэргийн үнэн учрыг хүн бүрд мэдэгдэхийг би хариуцъя. Эзэн хааны энэ болчимгүй үйлдлээс болж таны нэр хүнд сэвтэх ёсгүй, — гэлээ.
Совиешугийн царайг харахад байдал улам дордох гэж байгаа нь илт байв.
Яг тэр мөчид Маккенна хажуугийн хонгилоор гүйн ирлээ. Тэр хунтайжийг бараг чирсээр холдуулав.
— Та дүр төрхөө хадгалах ёстой гэсэн биз дээ? — гэж Маккенна тэднийг байрлах өрөөнүүд рүүгээ алхаж явах зуур зэмлэлээ. — Одоо аргаа өөрчилчихсөн юм уу?
Хунтайж хариулсангүй.
Түүний туслах ёжтой тургив. — Та нэр хүндээ сэргээнэ гэсэн. «Сэргээх» гэдэг чинь ийм зүйл байсан юм уу?
Өмнөд ордондоо буцаж очих замын турш Хайнри Маккеннагийн үглэлтийг сонсож байгаа дүр үзүүлэв. Гэвч хаалгаа хаамагц Маккеннагийн гомдол улам ширүүсэв.
— Эрхэмсэг дээдэс, бид илээр биш, далдуур ажиллах ёстой. Та Зүүн эзэнт гүрний эзэн хаантай зөрчилдвөл манай тагнуулын бүх ажиллагаа талаар болно. Өөрийгөө ингэж ил гаргаж болохгүй шүү дээ, Эрхэмсэг дээдэс.
Хайнри Маккеннаг үл тоон нэг сандал татаж гаргав.
— Сандлаар яах гэж байгаа юм? Намайг цохих нь уу?! — гэж Маккенна тулган асуув.
— Зүгээр л... суу.
Маккенна эргэлзэнгүй суув.
Хайнри түүний духан дээр гараа тавилаа. Амьсгалаа аажуухан гаргах зуур туслахынхаа биед мана шингээв. Маккенна часхийн дуу алдаад хөх шувуу болон хувирлаа. Өмсөж байсан хувцас нь шалан дээр нураад унав.
Хайнри бичгийн ширээндээ дөхөж очин хэдэн үг хурдхан бичээд Маккеннад өгөв. Хөх шувуу нулимс цийлэгнэсэн нүдээр түүнийг ширтлээ.
— Гаа?
— Энэ захидлыг Эргид хүргээд өг, — гэж тэр хэлэв.
Шувуу харсаар л байлаа.
— Дахиж асуудал тарьж явахгүй гэж амлая, — хэмээн хунтайж хэллээ. — Яв, түүнд хүргээд өг. Чиний хүссэнчлэн далд арга хэрэглэж байгаа минь энэ.