Дахин гэрлэсэн хатан

17-р анги

17-р анги — Үр соёолоход ус хэрэгтэй

Сонсох

— Хайнри хунтайж цуу ярианд гардаг шигээ хүн огт биш бололтой, — хэмээн би амандаа бувтнав.

Ойрхон шатар тоглож суусан Элиза гүнлэг хатагтай толгой өргөв. — Юу гэнэ ээ, Эрхэм дээдэс?

Би уншиж байсан номоо уруугаа харуулан өвөр дээрээ тавилаа.

Түүнд хэлж болох болов уу? Намайг буруугаар ойлгох болов уу? Хайнри хунтайжийн захидлуудыг үнэндээ би хүлээн авч байсныг шадар хатагтай нар минь мэддэг болохоор түүний тухай юу ч ярихгүй хэмээн түдгэлзэж ирсэн юм. Гэхдээ түүний талаар юу боддогоо тайлбарлавал хунтайжийн тухай тэр муухай цуу яриаг намжааж ч болох юм. Тэгвэл түүний тухай ярьсан ч муу зүйл болохгүй биз.

— Хайнри хунтайж миний төсөөлж байснаас хавьгүй сайн хүн юм, — гэж би юу ч болоогүй мэт хэлээд цайнаасаа балгалаа. Цай аль хэдийн хөрчээ.

Шатрын хөлгийн нөгөө талд суусан Лаура хатагтай ярианд оролцов. — Би ч санал нэг байна. Тэр шивэгчин ч, боол бүсгүй ч өөрт нь захидал бичээгүйг шууд л мэдсэн шүү дээ! Гэхдээ яг тэр даруй мэдсэн ч гэж хэлэхэд хэцүү юм байна... тийм биз?

Элиза гүнлэг хатагтайг хараагүй байхад Лаура хатагтай нэг бодоо сэмхэн урагшлуулж байгааг би анзаарахгүй өнгөрч чадсангүй.

Лаура инээмсэглэв. — Ямар ч байсан учрыг нь тун хурдан олсон! Тэгээд ч хүүхэмсэг гэсэн цуу яриа байдаг атлаа ихэнх язгууртнаас ч илүү биеэ барьж, даруу төлөв байдаг юм билээ.

Элиза гүнлэг хатагтай Лаурагийн гарын ар талд алгадаад, хөдөлгөсөн бодыг нь байранд нь буцаав. — Санал нэг байна. Аятайхан хүн байна лээ. Бас өнгөцхөн хүн шиг санагдаагүй.

Сандлын гарын түшлэг дээр тухалчихаад хэрээсэн хатгамал хатгаж суусан нэг шадар хатагтай минь аяархан инээв. — Тэр боол бүсгүйн худал үг ингэж хурдан илэрсэнд л би баярлаж байна, — гэв.

Бусад нь ч бүгд санал нийлцгээв.

— Ямар ч ичгүүр сонжуургүй худал хэлсэн гээч. Уур хүрээд үхэх шахсан.

Аллистер хатагтай уцаарлан хамраараа тургив. — Түүнтэй тэгтлээ найрсаг харьцаж байсан гадаадын язгууртнууд одоо нэг ухаан орох болов уу?

Хананд налан чимээгүй зогсож байсан дэд командлагч Артина нухацтайгаар, — Тэгэхгүй, — гэв.

Тэр дэндүү итгэлтэй хэлсэн тул шадар хатагтай нар минь бүгд дуугаа хураалаа.

Гэнэт өөр дээр нь бүх харц туссанд Артина эвгүйрхэн хацраа маажив. — Ланте барон Рашта хатагтайн хэрэг явдлыг хариуцдаг юм. Тэгээд... тэр өөр түүх ярьж байгаа.

— Өөр түүх ээ? Яаж тэр вэ? — гэж Лаура хатагтай нүдээ томруулан асуув.

Би цайны аягаа тавилаа.

Ланте барон бол Совиешугийн нарийн бичгийн дарга. Тэр Раштад сайн гэж ч сонссон. Ланте барон энэ явдлыг өөрөөр ярьж байгаа бол Раштад ашигтайгаар тайлбарлаж буй нь гарцаагүй.

— Бароны хэлж байгаагаар эзэн хаан, Хайнри хунтайж хоёр Рашта хатагтайд хоёулаа тэгтлээ татагдсан болохоор түүний төлөө бие биеэ халз тулаанд дуудсан гэнэ.

Миний нүүр халуу оргив. Ядаж зарим хүн тэр худал үгэнд итгэх нь лавтай. Ялангуяа Хайнригийн нэр хүндийг бодоход шүү. Ланте барон үгээ чамбай бодож олжээ.

Лаура шатрын хөлгийг унагаачихав. — Тэр чөтгөр авсан эмэгтэйг үнэхээр үзэн ядаж байна!

— Лаура, — гэж гүнлэг хатагтай зэмлэв. — Үг хэлээ бод. Ингэж бүдүүлэг ярих чинь Эрхэм дээдсийн нэр хүндэд л сэв суулгана.

— Бусдын дэргэд болгоомжтой байдаг шүү дээ, Элиза гүнлэг хатагтай. Гэхдээ... түүнийг ямар их жигшиж байгаагаа өөрөөр яаж илэрхийлэхээ мэдэхгүй байна!

Лаура хатагтайг уурсаж байх зуур хаа нэгтээгээс тогших чимээ сонсогдоод байлаа.

— Күин!

Түүнийг хараагүй хэд хоножээ. Удаан уулзаагүй найзаа харсандаа баярлаж, би яаран очиж оруулаад чанга тэвэрлээ.

Күин далавчаа дэлгэсэн чигтээ хөшиж орхив. Тэр хачин шувууны байдлыг хараад Лаура хатагтай хүртэл тас хөхөрлөө.

— Энэ шувуунд нэг л этгээд зүйл бий дээ. Та түүнийг тэврэх болгонд хөшчих юм. Ер нь шувуу ч биш юм биш биз, — хэмээн тэр наргив.

Күин бүр ч их цочсон мэт харагдав.

Шадар хатагтай нар минь Күинийг шоолон инээлдэж байснаа гарцгаав. Хоёулхнаа үлдэхэд нь би түүнийг өвөр дээрээ суулгаж, хошууг нь илбэлээ. Күин том ягаавтар нүдээрээ анивчин, нойрмоглож эхлэв.

— Чамайг саналаа.

Күин миний хэлснийг ойлгосон юм шиг нүдээ онийлгов. Бүр инээмсэглэж байгаа ч юм шиг. Тэгэхээрээ Хайнри хунтайжийг санагдуулдаг юм.

— Өө! — Би зурвас байгаа эсэхийг шалгахаа мартчихаж. Жижигхэн хуйлмал цаасыг олоод дэлгэв.

Би өөрийгөө хэн болохыг илчилсэн. Мөрийгөө алдсан. Харин та мөрийцөөнд бүр оролцохгүй юм. Яагаад?

Хайнри хунтайж намайг хэн болохыг мэддэг юм болов уу? Хэдхэн цагийн өмнө түүнд хэнийг захидал бичсэнийг би мэддэгээ илэрхийлсэн. Гэтэл тэр надаас юу ч асуугаагүй. Гэхдээ тэр Совиешутэй тэр дороо муудалцсан болохоор асуух зав ч гараагүй л дээ...

Би аль болох үнэнээ бичихээр шийдлээ.

Бидний нөхөрлөлийг зөвхөн захидлаар хэвээр нь хадгалмаар байна.

Намайг бичиж байхад чимээгүй хүлээж суусан Күин зурвасыг дуусмагц гэнэт дүрсгүйтэж эхлэв. Бичсэнийг минь уншчихсан юм шиг чангаар гуаглав.

— Гуа! Гуа! — Тэр эзнийхээ өмнөөс намайг зэмлэж байгаа мэт байлаа.

— Битгий уурла, Күин. Одоогийнхоо харилцаанд би дуртай.

— Гуа!

— Эзэнтэй чинь нүүр тулан уулзвал бид ингэж санаа амар нөхөрлөж чадахгүй. Хоорондоо тоглож наргиж ч чадахгүй. Бид Зүүн эзэнт гүрний хатан хаан, Баруун хаант улсын хунтайж хоёр болно. Үйл хөдлөл бүрээ цэгнэж, бусад хүн биднийг юу гэж бодох бол хэмээн үргэлж санаа зовох хэрэг гарна.

Күин чимээгүй боллоо.

— Рашта, Совиешу хоёроос болж би аль хэдийн таагүй цуу ярианы бай болсон. Түүн дээр нь дахин тос нэммээргүй байна. Хайнри хунтайж ч угаасаа хүүхэмсэг гэдгээрээ алдартай.

Күиний хэтэрхий ухаантай нь өөрт нь гай болж байгаа бололтой. Хошуу нь ангайж, бүр алмайрсан мэт харагдав.

Би хошууг нь зөөлөн хамхив. — Мэдээж эзэн чинь үнэндээ тийм хүн биш гэдгийг би мэднэ. Түүнийг сайн хүн гэж боддог гэсэн үг л дээ. Өө, Күин... чи юундаа тэгтлээ гэмшсэн царай гаргаад байгаа юм бэ?

***

Рашта орон дээрээ дэр тэврэн, бөөрөнхийлөн хэвтэж байлаа. Нимгэн цайвар ягаан унтлагын хувцастай атлаа тансаг даашинз өмссөн үеэсээ ч илүү үзэсгэлэнтэй харагдана.

Совиешу түүний зөөлөн мөнгөлөг үсийг энхрийлэн илбэв. — Хайнри хунтайж хүүхэмсэг гэдгээрээ алдартай. Бас харгис зантай гэж муу нэртэй. Хэнд итгэхээ сайн бодож байх хэрэгтэй шүү.

— Би мэдээгүй... — хэмээн Рашта хамраа шуухитнуулав.

— Зүгээр дээ. Хүн алдаа гаргадаг. Харин нэг алдаагаа хоёр давтаж болохгүй.

— Гэхдээ Гэхдээ миний буруу байгаагүй биз дээ? — Рашта жижигхэн толгойгоо Совиешугийн өргөн мөрөн дээр налуулав.

— Мэдээж буруугүй. Тэр анхнаасаа л заль мэх байсан.

— Гэхдээ Эрхэм дээдэс намайг хамгаалсанд баяртай байна, — гэж Рашта хэллээ.

— Би ч бас баяртай байна. Чамайг арай дээрдсэн бололтой харагдаж байгаад баяртай байна. — Тэр үсийг нь илсээр байв.

— За тэгээд маргааш онцгой хүлээн авалт болно! Энэ бүх таагүй мэдрэмжээ мартаад, сайхан хөгжилдөхөөр бэлдэх хэрэгтэй! Сирсе гүнжтэй ойр дотно танилцмаар байна. — Рашта догдолсондоо дэрээ сэгсрэн хөвсийлгөж, баясан инээлээ.

Ердийн үед ийм авирыг нь өхөөрдөм гэж үзэх байсан Совиешу харин энэ удаа эрүүгээ зуув.

— Яасан бэ, Эрхэм дээдэс?

— Өө, яана даа...

— Эрхэм дээдэс? — Рашта толгойгоо хажуу тийш гилжийлгэв.

— Рашта, чи маргаашийн онцгой хүлээн авалтад очиж чадахгүй нь дээ.

Рашта итгэж ядсандаа амаа ангайв.

Совиешу тавгүйрхэн цамцныхаа захыг татлаа. Таагүй мэдээ дуулгах дургүй ч энэ удаа өөр арга байсангүй.

— Я-яагаад? Яагаад Рашта очиж болохгүй гэж, Эрхэм дээдэс?

— Хатуу тогтоосон дүрэмтэй. Зөвхөн хорин зочин оролцож болно.

— Хорин зочин байхад тэдний нэг нь би байж болохгүй гэж үү? — Тэр уруулаа цорвойлгов.

— Хатан хаан бид хоёр тус бүр арван зочин урьдаг. Бүх урилгыг аль хэдийн илгээчихсэн.

Түүний уруул чичирлээ. — Нэг хүнийг нэмж багтааж болохгүй гэж үү, Эрхэм дээдэс? Та надад ганц удаа онцгойлон зөвшөөрч болно шүү дээ...

— Рашта, би дүрмээс хазайгаад байвал онцгой хүлээн авалт маань онцгой байхаа болино.

Рашта яагаад татгалзсаныг нь ойлгож чадсангүй. Совиешу урьд нь түүний юуг ч хориглож байгаагүй. Тиймээс тэр мэл гайхжээ.

Совиешугийн сэтгэлд гэмшил төрөв. — Зөвхөн урилга авсан хүмүүс л оролцож болдог гэж би чамд өмнө нь хэлсэн. Чамайг ойлгосон гэж бодсон юм.

Раштагийн нүүр улайв. — Гэхдээ би Эрхэм дээдсийн амраг шүү дээ, — гэж тэр гомдолтойхон шивнэв. — Эрхэм дээдсийн эмэгтэй. Би чинь зохион байгуулагчдын нэг биз дээ! Зочин шиг урилга авах ёстой гэж огт бодоогүй... Өөрсдийн маань хүлээн авалтад орохын тулд яагаад урилга хэрэгтэй гэж?

Совиешу Раштагийн нулимсыг зөөлөн арчив. — Рашта минь, — хэмээн тайтгаруулсан ч нулимс нь тасарсангүй. — Чи үнэхээр тэгтлээ очихыг хүссэн юм уу?

— Маргааш очно гэж оройн зоог дээр байсан хүн бүрд хэлчихсэн шүү дээ.

— Өө, яана даа. — Совиешу хөмсгөө зангидлаа. — Эхлээд надаас асуух чинь яасан юм бэ?

— Очих нь мэдээж гэж бодсон! Та намайг онцгой хүлээн авалтын зочдод зориулсан оройн зоогт дагуулж очсон шүү дээ. Тэгэхээр би мэдээж...

— Миний буруу. — Совиешу санаа алдаад Раштагийн мөрийг зөөлөн алгадав.

Совиешу бодлоо өөрчлөх болов уу гэсэн найдлагаар Рашта мэгшин уйлсаар байлаа. Хэчнээн хүлээсэн ч тэр юу ч хэлсэнгүй. Тэгэхээр нь хүүхэд шиг эхэр татан, — Та үнэхээр намайг авч явахгүй гэж үү? — хэмээн уйлан асуув.

Совиешу түүнийг ямар өхөөрдөм харагдаж байгаад инээмсэглэхгүйн тулд уруулаа хазлаа. Амьдралдаа язгууртнуудын нүднээс ганц дусал нулимс унахыг ч харж байгаагүй юм. Рашта мэдрэмжээ ингэж ил тод гаргах бүрд түүнд сонин санагддаг байв. — Уучлаарай, Рашта. Битгий уйл даа.

— Өнөө орой юу болсныг та харсан шүү дээ. Би очихгүй бол Хайнри хунтайж миний тухай дахиад ямар худал үг тараах бол? хатан хааны бэлгийн талаар худал хэлснийг минь хүн бүрд хэлнэ гэж тэр аль хэдийн тангарагласан.

Совиешу дахин санаа алдав. Раштагийн хэлж буйд ортой зүйл байсан ч онцгой хүлээн авалтын зочид хаант улсын хамгийн дээд зиндааны хүмүүс байлаа. Совиешугийн урьсан цөөн зочин бүгд гадаадын хааны угсааныхан, нөлөө бүхий эрхмүүд юм. Амрагтаа зай гаргахын тулд тэдний нэгний урилгыг цуцалж болохгүй. Тэгвэл энэ явдал даамжирсаар улс хоорондын том хэрэг мандаж мэднэ.

— Би өөрөө тэнд байна, битгий санаа зов. Хайнри хунтайжийг ёсноос гажсан ганц алхам ч хийлгэхгүй.

Рашта толгой дохисон ч царай нь огтхон ч тэнийсэнгүй.

Совиешу хүндээр санаа алдав. — Хатан хаан нэг суудал гаргаж чадах эсэхийг нь асуугаад үзье. Түүний зочид ч бас чухал хүмүүс. Гэхдээ тэд Зүүн эзэнт гүрний хүмүүс болохоор нэгнийх нь урилгыг цуцаллаа гэхэд ядаж дайн дэгдэхгүй.

***

Өглөөний нарны гэрэл нимгэн хөшгийг нэвтлэн тусаж, өрөөг гийгүүлжээ. Би эвшээгээд орондоо өндийн суулаа. Өчигдрийн таагүй явдлуудыг бодоход санаанд оромгүй тайван байсан нь Хайнри хунтайж, Күин хоёрын ач биз.

Би угаалгын өрөө рүү орлоо. Шадар хатагтай нар минь ванны усанд цэцгийн дэлбээ, анхилуун давс хийж бэлджээ. Хувцсаа тайлаад бүлээн усанд оров. Булчин шөрмөс минь суларч, би нүдээ анилаа. Хойш налан тухлахад шадар хатагтай нар минь үсийг минь зөөлөн угааж өгөв.

Усанд орж дуусаад нөмрөг өмсөн унтлагын өрөөндөө буцлаа. Өнөөдрийн өмсөх хувцсыг аль хэдийн дэлгэж тавьжээ. Шинэ жилийн ёслолын сүүлийн өдөр учраас миний даашинз сувд, очир эрдэнээр чимсэн, улаан алтлаг өнгө хосолсон гайхамшигтай эд байв. Ганц харахад л оёдолчны хэчнээн их ур чадвар, сэтгэл шингэснийг мэдэрч болохоор. Тансаг хэр нь даруухан харагдана.

Даашинзаа өмсөөд очир эрдэнийн ээмгээ зүүж, титмээ тэргүүндээ заллаа. Хүнд болохоор нь жирийн үед титэм өмсөхөөс зайлсхийдэг ч энэ бол ёслолын титэм минь — эрдэнийн чулуу шигтгэсэн, хөнгөн алтан титэм. Нэг их дараа болохгүй.

Шадар хатагтай нар минь үсийг минь титэмтэй зохицуулан зөөлөн мушгирсан гогцоо үүсгэж янзлах зуур би хүлээн авалтын талаарх тэмдэглэлүүдээ сүүлчийн удаа нэгжиж байлаа.

Гэтэл үс засалт ч дуусаагүй байтал Совиешугийн нарийн бичгийн дарга нарын нэг хаалга тогшив. Би бүрэн хувцаслачихсан байсан тул түүнийг оруулахыг зөвшөөрлөө.

Нарийн бичгийн дарга над руу уучлал эрсэн харц шидэв. — Эрхэм дээдэс, эзэн хаан тантай уулзахыг хүсэж байна.

— Одоо гэж үү?

— Тийм ээ. Онцгой хүлээн авалттай холбоотой хэрэг гэнэ. Эзэн хаан яаралтай гэж хэлсэн.

Хэрэв хүлээн авалттай холбоотой юм бол үнэхээр яаралтай хэрэг байж таарна. Би ойлгосноо хэлээд, шадар хатагтай нараасаа үсний засалтыг боломжоороо хурдхан дуусгахыг хүсэв.

— Таныг эргээд ирэхээр сүүлчийн янзалгааг нь хийж өгье, — гэж тэд амлалаа.

— Тэгж болох уу? — гэж би асуув. — Та нарыг хоёр дахин ажиллуулж байгаадаа уучлаарай.

— Огт асуудалгүй, — гээд Элиза гүнлэг хатагтай намайг явахыг дохилоо.

— Намайг хүлээлгүй өглөөний цайгаа уугаарай, — гэж би хэлээд Совиешугийн нарийн бичгийн даргыг даган Зүүн ордон руу явлаа. Алхах зуур толгойд минь элдвийн таамаг эргэлдэв.

Гадаадын нэгэн эрхэм зочинд асуудал гарсан юм болов уу? Эсвэл манай хүмүүсийг хэн нэгэн доромжилсон хэрэг үү? Магадгүй нэг зочин ирэхээ больсон ч байж мэднэ. Дайн эсвэл улс хоорондын хэрэг гэх мэт ноцтой асуудал л битгий байгаасай гэж залбирч явлаа.

Совиешугийн өрөөнд ормогц түүн рүү яаран очив. — Юу болсон бэ?

Рашта орон дээр явган сууж байсан ч би түүнийг анзаараагүй дүр үзүүлэв. Улсын ажил юуны өмнө шүү дээ.

Харин Раштад тийм бодол байсангүй. Тэр над руу ил цагаан ширтэж байлаа. Тодруулбал, миний титмийг л ширтэж байв.

[[IMAGE: CH_IMAGES/017.jpg]]

Би тавгүйрхэн хөмсгөө зангидлаа. Гэтэл Рашта гялалзсан харцаа титэмнээс минь салгасангүй.

Намайг юу ч хэлж амжаагүй байтал Совиешу босож ирэв. — Навьер, зочдынхоо жагсаалтад дахиад нэг хүний зай гаргаж чадах уу?

Би хөмсгөө өргөв. — Вимирей тэргүүн тахилч, эсвэл Калензло тэргүүн шидтэн ирэхийг хүссэн юм уу? — Хэрэв тийм бол тэдэнд заавал суудал гаргах хэрэгтэй. Анх хоёуланг нь урьсан ч хувийн шалтгаанаар татгалзсан билээ.

Хэнийг суудлаа тавьж өгөхийг хүсэх билээ?

— Үгүй ээ, тийм биш.

— Тэгвэл...? — Яг одоо урилга өгөхөөс аргагүй тийм өөр хүн хэн байж болохыг төсөөлж чадсангүй.

Совиешу толгойгоо гудайлгав. — Раштаг хүлээн авалтад оролцуулмаар байна...

Би үнэхээр хэлэх үггүй болов.

— Боломжтой юу? Вимирей, Калензло хоёрт зай гаргаж чадах байсан юм чинь боломжгүй гэж бодохгүй байна...

Миний уруул ангалзсанаа хамхигдаж, тэгснээ дахин ангайлаа.

— Навьер? Ямар нэг юм хэл л дээ.

Би бараг л Уучлаарай, гэхдээ... гэж эхлэх шахсанаа уучлал гуйх ямар ч шалтгаан байхгүйг ухаарав. — Тийм боломжгүй, Эрхэм дээдэс.

Совиешугийн царай ярвайлаа. — Ганцхан суудал шүү дээ. Чиний зочдын нэг нь ойлгоно гэдэгт итгэлтэй байна.

— Тэргүүн тахилч, тэргүүн шидтэн хоёрт ч суудал тавьж өгөхийг хэн нэгнээс хүсэхэд хэцүү. Тэгтэл таны амрагт зориулж хүндэт зочноос суудлаа өгөөч гэж яаж гуйх юм бэ?

Совиешугийн царай барайв. — Навьер, ярианыхаа өнгийг анхаар.

— Рашта биш, таны өөр амраг байсан ч ялгаагүй. Үгүй ээ, миний өөрийн амраг байсан ч би яг адилхан хариулна.

— Тэгвэл ядаж Туаниа гүнгийн хатныг хасаж болохгүй гэж үү?

— Эрхэм дээдэс, таны амрагийн төлөө би өөрт эрхэм хүмүүсийг гомдоохгүй.

Совиешугийн харцанд хилэн дүрэлзэв.

17-р анги дууслаа

Алдаа мэдэгдэх

Дахин гэрлэсэн хатан17-р анги · Унших

Алдааны мэдээлэл илгээхийн тулд бүртгэлээрээ нэвтэрнэ үү.

Нэвтрэх
ӨмнөхДараах