Совиешу намайг харгис, хүйтэн сэтгэлтэй гэж бодож байгааг нь би илт мэдэрлээ. Түүний нүд онийж, үргэлж толигор байдаг духанд нь гурван үрчлээс тодров. — Яасан хүйтэн сэтгэлтэй юм бэ.
— Тэгнэ гэж л мэдсэн юм! — хэмээн би тэсэлгүй хэллээ.
— Юу гэнэ ээ?
Хэрэв Совиешу Раштагийн төлөө гадаадын нэгэн эрхэм зочны урилгыг ямар ч ёсгүйгээр цуцалбал хэрэг явдал олон улсын маргаан болон дэвэрч, буруутан нь Совиешу өөрөө болно.
Харин би өөрийн урьсан зочдоос нэгийг нь ирүүлэхгүй гэвэл зөвхөн дотооддоо асуудал үүснэ. Хүмүүс ч намайг шүүмжилнэ. Раштад бэлэг илгээсэн гэх цуу яриа байхад л хангалттай. Үүн дээр нэмээд ийм хэрэг гарвал инээдэм болох ч үгүй. Зочинтой тийм бүдүүлэг харьцах нь дэндүү ичгүүртэй явдал болно.
Совиешу ухаантай хүн. Тэр өөрийгөө хамгаалахын зэрэгцээ Раштагийн сэтгэлд нийцүүлэх гэж байлаа. Ингэвэл би ямар ч шийдвэр гаргасан бурууг над руу чихэж чадна.
Түүний санаа илт байсан ч маргалдах тэнхэл надад үлдээгүй тул ойлгоогүй дүр үзүүлэв. — Хүйтэн сэтгэл гаргаж байгаа нь харин та шүү дээ, — гэж би хэллээ. — Рашта хатагтай таны амраг. Та өөрөө түүнд үзүүлэхээс татгалзаж байгаа тусыг яагаад надаас гуйж байгаа юм бэ?
Совиешу эрүүгээ зууж, Рашта над руу айсан харцаар хяламхийв. Гэлээ ч сэтгэл минь тайвширсангүй. Би ёсоор нь үдэж мэндлээд, зориуд алгуурхан алхсаар холдлоо.
***
Баруун ордонд буцаж ирэхэд шадар хатагтай нар минь санаа зовнин бөөгнөрч суув.
— Намайг хүлээлгүй хооллоорой гэж хэлсэн шүү дээ, — гэв би.
— Тэгж яаж болох юм бэ? — хэмээн Лаура хатагтай дуу алдав. — Эрхэм дээдэс энэ удаа танд бас ямар аймшигтай үг хэлж байгаа бол гэж бид хэчнээн санаа зовсон гээч.
— Та эзэн хаантай уулзах болгондоо сэтгэл тавгүй буцаж ирдэг, — хэмээн Элиза гүнлэг хатагтай сануулав.
Би тэдний санаа зовнилыг гараараа дохин намжаагаад, бүгдээрээ өглөөний цайгаа уулаа. Хоол үнс мэт амтагдаж, амандаа ганц ч үмх хоол хийхэд бэрх байв. Арайхийн багахан шөл, пудинг л идэж чадлаа.
Өглөөний цайны дараа шадар хатагтай нар минь үдэшлэгт явахаар гоёцгоов. Харин би ширээнийхээ ард ганцаараа сууж, ажлын хуваариа нягталлаа. Шинэ жилийн ёслол дуусмагц зочдоос хэн нэгэн нь илүү удаан үлдэхээр төлөвлөсөн эсэхийг шалгаж, дараа нь гадаадын эрхэм зочдоо үдэн гаргах хэрэгтэй байв.
Мөн шинэ жилийн ёслолоос болж хойшлуулсан чухал хэргүүд, гарсан осол эндэгдлийг шийдвэрлэх ёстой. Гадаадын эрхэм зочдын хэн нэгэнтэй холбоотой эрүүгийн хэрэг байж болзошгүй бол тэднийг Зүүн эзэнт гүрнээс явахаас өмнө учрыг нь олох шаардлагатай.
Ажилдаа дарагдсаар цаг яаж өнгөрснийг анзаарсангүй. Нэг мэдэхэд хүлээн авалтын цаг болжээ. Би бүх бие харагдах толиндоо сүүлчийн удаа харав. Шадар хатагтай нар минь ч бүгд хамгийн гоё хувцсаа өмссөн байлаа.
— Та онцгой хүлээн авалтын дараа нийтийн үдэшлэгт бидэнтэй нэгдэх үү? — гэж Лаура хатагтай асуув.
— Мэдэхгүй байна. Цаг хэр болохоос л шалтгаална. Яагаад асууж байгаа юм, Лаура?
— Аллистер... үгүй ээ, Аллистер хатагтайн бие тавгүй байгаа болохоор ирэхгүй гэсэн. Та ч бас очихгүй бол би зүсээ үзүүлчихээд л эртхэн харина гэж бодож байна.
Найзуудтайгаа цагийг өнгөрөөх дуртай Лаура хатагтай өөрийг нь сонирхож буй язгууртан айлын залуусыг огтхон ч тоодоггүй бололтой.
— Намайг хүлээж байвал би очъё, Лаура, — гэж би инээмсэглэв.
Лаурагийн нүд гялалзлаа. — Та очих юм бол мэдээж хүлээнэ! — Тэр бусад шадар хатагтай нартай минь хамт үдэшлэгийн танхим руу яаран одов. Харин би онцгой хүлээн авалт болох Улаан сарнайн танхимыг зорилоо.
Танхимаас аятайхан хөгжим эгшиглэж байв. Зочид хоёр, гурваараа бөөгнөрөн, зоог эхлэхээс өмнө хоорондоо ярилцаж байлаа. Совиешу хаана ч харагдсангүй.
Над руу харсан хүмүүстэй мэндлээд, Сирсе гүнжийг хайв. Гэвч хэдхэн алхаж амжаагүй байтал хундагатай шампанск барьсан Кауфман их гүнтэй халз тааралдлаа. Түүний зүүн талд цэцэг, илд дүрсэлсэн том баримал зам хааж, баруун талд нь шампансктай тавиур барьсан үйлчлэгч зогсох тул хажуугаар нь өнгөрөх зай байсангүй.
— Та цагийг сайхан өнгөрүүлж байна уу? — гэж би түүнээс асуув. Гэтэл өчигдөр орой их гүн Рашта бид хоёрыг хоёуланг нь үл тоосон нь санаанд орлоо.
— Эрхэм дээдэс. — Аз болоход энэ удаа тэр намайг үл тоосонгүй. Гэхдээ асуултад минь ч хариулсангүй.
— Зоог таны таалалд нийцэж байна уу?
Кауфман их гүн дахиад л хариулахын оронд намайг ширтэв. Гүйлсэн самар шиг гонзгой, хурц нүд нь түүнийг ширүүн хүн мэт харагдуулна.
Кауфман их гүн шинэ жилийн ёслолд анх удаа уригдаж байгаа нь энэ. Өнгөрсөн жил хүртэл би түүнтэй огт харилцаж үзээгүй. Түүний тухай ч, улс орны тухай нь ч сайн мэддэг зүйл ховор байв. Харин түүнийг Шидийн академид ангидаа тэргүүлдэг гоц авьяастан гэдгийг л мэднэ.
Түүнийг яриа өдөөх болов уу гэж найдан инээмсэглэлээ.
— Зүүн эзэнт гүрэнд юмсыг ингэж шийддэг юм уу? — гэж тэр асуув.
Би гайхан нүдээ анив. — Уучлаарай, та юу гэсэн бэ?
— Луиптэд Имона, Имоте хоёр нэгэн санаатай, нэгдмэл байр суурьтай байдаг.
— Хаан, хатан хоёр нэгэн байр суурь баримталдаг гэж үү? Сонирхолтой юм.
Энэ удаа тэр өөрөө гайхсан янзтай болов. — Та луипт хэл мэддэг юм уу?
— Мэддэг гэж хэлэхэд арай ахадна. Гэхдээ цөөн хэдэн үг мэднэ.
Тэр итгэж ядан нүдээ онийлгов. — Луиптэд Имотегийн амрагийн тухай Имона мэдчихвэл түүнийг цаазлуулах байсан.
Би хөмсгөө өргөв.
— Эрхэм дээдэс та тийм зүйл хийж чадах уу?
— Зүүн эзэнт гүрэнд хатан хаан ч гэсэн шалтгаангүйгээр хэн нэгнийг цаазлуулах тушаал өгч болохгүй. Тэгвэл өөрөө хуулийн өмнө хариуцлага хүлээнэ.
Их гүн дургүйцсэн янзтай дуугарав. — Өөрийнхөө юмыг хамгаалахгүй байх нь ухаалаг хэрэг биш.
[[IMAGE: CH_IMAGES/018.jpg]]
Тэр Совиешуг хэлээд байна уу? Эсвэл би Раштаг хазаарлаж чадахгүй байгааг хэлэв үү?
Луипт улс өөрийн гэсэн хуультай байдаг шиг Зүүн эзэнт гүрэн ч хуультай. Эзэн хааны амраг гэдэг нь хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн байр суурь. Хатан хаан дур зоргоороо нэг амрагыг алуулбал цолоо хураалгаж, магадгүй шоронд хоригдоно. Тэгээд би юу хожих юм бэ? Түр зуурын сэтгэлийн ханамж уу?
Гэвч намайг хариулж амжаагүй байхад их гүн холдон одов.
Амнаас минь өөрийн эрхгүй санаа алдалт гарлаа. Тэр намайг өрөвдөлтэй хүн гэж бодсон байх. Гэтэл энэ бүхний аль нь ч миний сонголт байгаагүй. Совиешу амрагтай болж, Рашта миний хэрэгт үргэлж хөндлөнгөөс оролцсоор байгаа юм.
Сирсе гүнж танхимын нөгөө захад оччихсон байлаа. Би өөр ярих хүн хайж эргэн тойрноо харав. Яг тэр үед Туаниа гүнгийн хатан орж ирж байтал...
— Хатан минь, — хэмээн хэн нэгэн аяархан дуудав.
Би огцом эргэтэл Хайнри хунтайж яг ард минь зогсож байлаа. — Хайнри хунтайж. Та сайхан цэнгэж байна уу...
— Боломжтой бол тантай нэг зүйл ярилцмаар байна. — Түүний царай чин үнэнч, бас үл ялиг гунигтай харагдав. Үргэлж тодорч байдаг хөнгөн хөгжилтэй, өөртөө эрдсэн инээмсэглэл нь ор мөргүй алга болжээ.
Би толгой дохив. Ямар ч байсан өчигдөр орой тэр надад тусалсан шүү дээ. — Тэгье.
Хайнри хунтайж хажуугаар өнгөрсөн үйлчлэгчээс хоёр хундага шампанск авав. Тэгээд хөгжим хамгийн чанга сонсогдох нэг газрыг заалаа. Тэнд бидний яриа хөгжмийн чимээнд дарагдах ч хүн бүрийн нүдэнд ил байх байв. Ядаж л хэн ч бидний тухай буруу ойлголт авахгүй.
Нэр нь муугаар түгсэн хунтайж миний дэргэд зогсож байхад ч аз болоход хэн ч биднийг хачирхан харсангүй.
Миний төсөөлснөөс хавьгүй гүн бодолтой хунтайж юм. Би түүний хажуу талаас харагдах царайг өөрийн эрхгүй ажин зогслоо. Тэр надад нэг хундага өгч, би авч барив. Харин өөрөө уухын оронд хундагаа гартаа эргэлдүүлэн, нэг л тогтворгүй байлаа.
Нэлээд удаан чимээгүй байсны эцэст тэр нам дуугаар, — Эрхэм дээдэс таны захидлыг уншсан. Та бидний нөхөрлөлийг зөвхөн захидлаар харилцах хүрээнд байлгахыг хүсэж байгааг ойлгосон, — гэв.
Миний амьсгаа давхцав. Бид ямар ойрхон зогсож байгааг гэнэт мэдэрлээ. — Намайг гэдгийг яаж мэдсэн юм бэ?
Хайнри гараа дохив. — Бүү сандар, Эрхэм дээдэс. Та ямар ч алдаа гаргаагүй.
— Тэгвэл яаж...?
— Рашта хатагтай, түүний шивэгчин хоёр эхний хэдэн захидлын агуулгыг мэдэж байсан ч бидний сүүлд бичилцсэн захидлуудын талаар юу ч мэдэхгүй байсан. Тэгээд эхний захидлуудыг харсан хүн Рашта хатагтайд хэлж өгсөн байх гэж би таасан. Өчигдөр Верди гэдэг эмэгтэй таны дэргэдээс явж, Раштад үйлчлэх болсон гэдгийг олж мэдсэн.
Тэр ердөө үүнээс л учрыг нь олсон хэрэг үү?
Хунтайжийн тухай бүх цуу яриа түүнийг хүүхэмсэг, харгис, зугаа цэнгэлээс өөрийг боддоггүй хүн мэт дүрсэлдэг байв. Харин ухаалаг гэдгийг нь хэн ч ярьж байсныг би сонсоогүй. Гэтэл тэр илт ухаан саруул, гярхай хүн ажээ. Одоо түүнийг магтвал дээрэнгүй сонсогдож ч мэднэ...
Тиймээс би зүгээр л инээмсэглэв. — Таныг үнэхээр биширлээ.
Гэвч тэр сэтгэл дундуур хэвээр байв. Миний хэн болохыг мэдээд урам нь хугарсан юм болов уу? Тийм бол яах гэж нүүрэн дээр минь ингэж хэлж байгаа юм бэ? Мэдээгүй дүр үзүүлсэн бол бид хоёрын хэн хэн нь эвгүй байдалд орохгүй байсан шүү дээ. Тэгээд яагаад ийм гунигтай харагдана вэ?
— Бие тань зүгээр үү? — гэж би асуув. — Нэг л сэтгэл тавгүй харагдах юм.
Хайнри хунтайж богинохон санаа алдав. — Тэгэлгүй яах юм бэ? Сайн найз минь гэж боддог хүн олон нийтийн дунд надтай танихгүй хүмүүс шиг байхыг хүсэж байна шүү дээ.
Би тэгтлээ хүйтнээр хэлээгүй шүү дээ. Тэр хэтрүүлж байна. Гэхдээ сэтгэл нь үнэхээр шархалсан мэт харагдах болохоор маргалдахаа больж, шампанскаа уугаарай хэмээн дохилоо.
— Үнэндээ би сэтгэлээ нээж ярилцаж чадах найз цөөхөнтэй. — Тэр шампанскаа амь аврах эм мэт нэг амьсгаагаар хөнтөрч, хоосон хундагаа хажуугийн баримлын суурин дээр тавив. — Та ийм гэж бодоогүй байх. Би алдартай, олон найзтай. Эргэн тойронд минь ийм олон хүн байхад би ганцаарддаггүй байх гэж Эрхэм дээдэс боддог биз.
Би толгойгоо үл ялиг гилжийлгэн, үргэлжлүүлэн ярихыг нь хүлээв.
— Гэхдээ л гол учир нь тэр. Би үнэндээ тун ганцаардмал хүн, Эрхэм дээдэс. — Тэр алсын цонх руу ширтсэн тул би нүүрийг нь хажуу талаас нь ажиглаж чадлаа. — Найзууддаа дургүй гэсэн үг биш шүү, — хэмээн яаран нэмж хэлэв. — Би олон сайхан хүн танина. Гэхдээ Баруун хаант улсын хунтайж, хаан ширээ залгамжлах дараагийн хүн болохоор... хэнд ч сэтгэлээ бүрэн нээж чаддаггүй. Бусад хүн намайг юу гэж бодох бол гэдгийг үргэлж тооцох ёстой.
Зүрх минь түргэн цохилж эхлэв. Би ч яг ингэж мэдэрдэг. Тэр ч байтугай Күинд бараг үг үсэг зөрөлгүй ийм зүйл ярьж байсан шүү дээ. Шувуу яаж ийгээд миний хэлснийг түүнд уламжилсан юм болов уу?
— Энэ бол миний найзуудын буруу биш, — гэж Хайнри хунтайж хэлэв. — Миний өөрийн асуудал. Тиймээс засаж залруулах арга ч байхгүй...
Би түүн рүү ширтлээ. Ингэж мэдэрдэг хүн ганцхан би биш юм байна. Хайнри хунтайж бусдын бодлыг ер тоодоггүй гэж би үргэлж төсөөлдөг байв. Гэтэл тэр бүхэн дүр эсгэлт байсан бололтой...
— Хажууд нь өөрийнхөөрөө байж болдог хүнтэй байх надад үнэхээр сайхан байсан. — Тэр дахин надтай харц тулгав. — «Хайнри хунтайж», «хаан ширээ залгамжлагч» гэдэг нэр цолоо түр мартчихаад зүгээр л нэг хүн шиг илэн далангүй ярилцаж чаддаг хүн. Бидний яриа урт ч байгаагүй, гүн гүнзгий ч байгаагүйг мэднэ. Гэхдээ хэдэн тэнэгхэн наргиа солилцох төдийд надад таны төсөөлөхөөс ч их тус болсон.
Би мэднэ ээ. Намайг балчир байхад л ирээдүйн угсаа залгамжлах хунтайжийн сүйт бүсгүйгээр сонгосон. Би эзэн хааны ордонд өссөн. Гэр бүлийнхнээсээ бусад хүний дэргэд ингэж анх удаа санаа амар байж үзсэн нь энэ. Найзууд, туслахууд минь сайн хүмүүс бишдээ бус, аятайхан хамт байж болдог хүн болон хамаг сэтгэлээ уудалж чаддаг хүн хоёр өөр учраас тэр...
— Би их зүйл горьдож байсан гэдгээ хүлээнэ, — гэж хунтайж хэлэв. — Ялангуяа надтай захидлаар харилцаж байсан хүн Эрхэм дээдэс та гэдгийг мэдээд. Миний цол танд төвөг болохгүй, та ч надаас эмээж сүрдэхгүй шүү дээ. — Хайнри хунтайж нулимс цийлэгнэсэн мэт гялалзах тод ягаан нүдээрээ над руу харав.
Гэмшсэндээ цээж минь өвдлөө. Түүний хэлсэн бүхэн надад ойлгомжтой байлаа. Тийм болохоор бүр ч их сэтгэл өвдөв.
— Бид ижилхэн бодож байсан ч өөр өөр дүгнэлтэд хүрсэн бололтой. — Тэр санаа алдаад, нулимстай харцаа надаас салгасангүй. Гэрлийн бүрхүүлтэй том дэнлүүний туяанд түүний нууцлаг ягаан нүд эрдэнийн чулуу шиг гялалзана. Миний шийдвэрт гомдсон байх нь гарцаагүй.
Би уруулаа чийглэв. — Таны сэтгэлийг ойлгож байна, Хайнри хунтайж.
— Тэгвэл яагаад бид захидал солилцохоос цаашгүй байх ёстой гэж? — хэмээн тэр шивнэв.
— Та сая надтай захидлаар харилцах дуртай гэж хэлээгүй бил үү?
— Тийм ээ. Гэхдээ нүүр тулан ярилцах нь үүнээс ч илүү таатай байх болно, Хатан минь.
Миний уруул үл ялиг ангайв.
— Хэрэв хэрэгтэй бол би Совиешуг муу новш гэж хэлж чадна шүү. — Тэр ёжтой мушилзав.
Би тэгтлээ цочсондоо инээх, хахахын завсрын аймшигтай авиа гаргачихлаа. Тэр авиатай хамт эрхэмсэг дүр минь ч газар унасан биз. Арайхийн биеэ бариад харахад Хайнри хунтайж инээсэн шинжгүйгээр намайг ажиглаж байлаа. — Совиешу үнэхээр муу новш мөн, — хэмээн тэр шивнэв.
Ямар этгээд хүн бэ. Би гайхсандаа дахиад л тас хөхрөх дөхөж, уруулаа хазлан инээдээ барилаа.
Хунтайж хөмсгөө өргөөд намайг өдөв. — Инээдээ барих гэж оролдох тусам хүн бүр ч их инээдэг юм. Инээмээр байвал инээ л дээ.
Би толгойгоо үл ялиг сэгсэрлээ.
— Та одоо ч инээхгүй юм. Зүрх минь шархалж байна.
Яаж тэр вэ? гэж би бодов. Тэр учир нь үл ойлгогдох хэдэн үг амандаа бувтнатал дарж байсан инээд минь ор мөргүй ариллаа. Би хөмсгөө зангидсан ч тэр доош ширтэн ямар нэгэн юм бодож байв.
— Тэгвэл та надад нэг зүйл хийж өгөх үү? — гэж тэр асуув. — Би таны нууцыг хадгална, Хатан минь. Бид найзууд, бие биедээ сэтгэлээ уудалдаг гэдгийг хэнд ч хэлэхгүй.
— Бид хоёр найзууд юм уу? — Би толгойгоо гилжийлгэв.
— Тийм гэж бодохгүй байна уу? — Тэр үл мэдэг инээмсэглэв. — Харин хариуд нь бид тааралдвал намайг танихгүй хүн шиг бүү аашлаарай. Ганцаараа уулзъя гэж би шаардахгүй. Гэхдээ одоогийнх шиг олны дунд тааралдвал... надаас битгий зайлсхийгээрэй.
Тэр намуухан ярьж, уруулдаа инээмсэглэл тодруулсан хэвээр байсан ч чин сэтгэлээсээ хэлж байгааг нь би мэдэрлээ. Би түүний харцыг нэлээд удаан тосон, зүрхэнд минь төрсөн энэ хачин шаналлын учрыг олохыг хичээн зогсов.