Лаура хатагтай бусад шадар хатагтай нарын минь хамт Совиешугийн өмнө гүн мэхийн ёслов. Харин Совиешу мэндчилгээнд нь хариу өгсөнгүй. Тэр Лаураг хүн харцаар нь чулуу болгочихмоор аймшигтай ширтэж байлаа.
Дараа нь над руу ууртайгаар эргэв.
Артина хатагтай дэргэд байгаад би урьд өмнө ингэтлээ талархаж үзээгүй юм байна. Совиешугийн харц дэд захирагч руу үе үе шилжиж байгааг харахад тэр яг одоо над руу хилэнгээ асгахгүй байгаа цорын ганц шалтгаан нь Артина хатагтай бололтой.
Сэтгэл минь хүнд оргиж эхлэв. Би нөхөртэйгөө хэзээ ч иймэрхүү хэрүүл хийж үзээгүй. Санал зөрөх, маргалдах, ам муруйх үе мэдээж гарч байсан. Гэхдээ бид ингэж муудалцаж байгаагүй.
Би зориг хүрэхийн хэрээр Совиешугийн харцыг эгцлэн тослоо. Төв ордонд саяхан хамт байсан болохоор бидний заншил болсон албан ёсны мэндчилгээг давтах шаардлагагүй байв.
Совиешу нэг ч үг хэлэлгүй Лаура руу эргэн харснаа, эцэст нь Рашта руу хандлаа.
— Өө, хөөрхий дөө, — хэмээн тэр аяархан шивнэв.
Раштагийн том хар нүдэнд нулимс цийлэгнэжээ. Ингэхэд нь тэр хавханд орсон, өөрийгөө хамгаалж чадахгүй өрөвдөлтэй амьтан шиг улам ч харагдав.
— Битгий уйл.
Совиешу түүнийг аргадан энхрийлсэн ч охины хацрыг даган нулимс урсаж эхлэв.
— Уйлахаа боль гэж сая хэлээгүй бил үү? — Түүний дуу хүйтэрсэн нь тус болсонгүй, харин ч охины нулимс бүр хурдан урсав.
Тэгсэн хэр нь Рашта нөхрийн минь ааш авирт би буруутай мэт над руу ширтсээр байлаа.
Би Совиешугийн хөндий, хүйтэн занд хэдийн дассан хүн. Дээдсийн хүрээнд ч тэр энэ зангаараа алдартай. Харин энэ охин түүний аашийг огт мэддэггүй бололтой.
Тэгэхэд надад хэсэгхэн зуур найдвар төрөв. Элиза гүнлэг хатагтайн зөв байсан ч юм бил үү. Тэдний дурлал үнэхээр удаан үргэлжлэхгүй байж мэднэ.
Гэтэл Совиешу намайг гайхшируулан энгэрийн халааснаасаа алтан утсаар хатгамалласан алчуур гаргаж, охинд өглөө.
Охин алчуурыг нь атган үрчийлгэсээр уйлсаар байв.
Эцэст нь Совиешу санаа алдан алчуураа буцааж авав. Түүгээрээ охины нулимсыг өөрийн гараар арчихыг би гайхан харж зогслоо. — Чи ч ёстой төвөгтэй амьтан юм аа, — гэж тэр урьд өмнө нь түүний амнаас сонсож байгаагүй хамгийн зөөлөн, энхрий өнгөөр хэлэв.
Тэр охинтой ингэж ярьж байгааг сонсоход сэтгэл минь дахин шархлах шиг боллоо. Над руу тэр хэзээ ч тийм харцаар хардаггүй. Надад хэзээ ч тэгж зөөлөн хүрч байгаагүй.
Ингэж мэдрэх нь зүйн хэрэг. Тийм байж таарна гэж би өөртөө санууллаа.
Тэр үгийг сэтгэлдээ дахин дахин давтангаа шадар хатагтай нар руугаа эргэж, намайг дагахыг дохив.
— Эзэн хаан аа, өршөөгөөрэй. Хөл минь өвдөөд байгаа тул бид явъя, — гэж би хэллээ. Эзэн хааныг амрагтай болоход саад хийж чадахгүй байж болох ч ядаж ийм эвгүй дүр зургийг харахаас зайлсхийх эрх надад бий.
Шадар хатагтай нар минь санаа амарсан нь илт араас дагав. Гэвч би хэдхэн алхам хийж амжаагүй байтал...
— Хүлээ. Зогс, хатан хаан.
Би байрандаа хөшчихөв. Түрүүн Рашта, одоо Совиешу. Яагаад бүгд намайг энд саатуулах гээд байгаа юм бэ? Би нөхөр рүүгээ дургүйцсэн харц шидтэл тэр Лаураг заалаа.
— Түүнийг энд үлдээ, хатан хаан.
Би гараа цээжиндээ зөрүүлэв. — Ямар учиртай юм бэ?
— Түүнийг үлдээ гэж хэллээ, хатан хаан.
— Яагаад гэдгийг нь хэлсэн тохиолдолд л үлдээнэ, эзэн хаан аа.
Лаурагийн царай үхсэн хүнийх шиг цонхийв.
Миний ч нуруугаар хүйт даалаа. Раштад хэлсэн үгийнх нь төлөө Лаураг шийтгэх гэж байгаа юм биш биз дээ? Лаура хатагтай бол нэр хүндтэй язгууртан гэр бүлийн эрхэм охин төдийгүй миний шадар хатагтай шүү дээ.
Эзэн хаан Раштад сэтгэлтэй эсэх нь энд хамаагүй. Албан ёсоор бол тэр охин одоогоор түүний амраг биш. Доод зэрэглэлийн язгууртан гэр бүлээс гаралтай хүн ч биш. Тэр бүр оргосон боол байж, үүнийгээ нууж байгаа ч юм бил үү.
Тийм нэгэн үл таних охинд хэдэн таагүй үг хэлсэн нь тэгтлээ том хэрэг биш. Хэрэв Совиешу Лаураг шийтгэвэл олны өмнө түүнийг гутааснаас өөрцгүй болно.
Тэгээд бас намайг.
— Лаура хатагтай бол миний шадар хатагтай, — гэж би Совиешугаас харцаа салгалгүй хэллээ.
— Тийм ээ, мөн. — Түүний харц улам ширүүсэв. — Гэхдээ тэр миний эзэнт гүрний харьяат ч мөн. Би бүдүүлэг үг хэллэгийг тэвчдэггүй.
— Тэгвэл би өөрөө түүнд зэмлэл хүртээнэ.
Тэр эрүүгээ чангалав. — Рашта хатагтайг тэгж дуудсаных нь дараа зүгээр нэг зэмлэл сургамж болно гэж чи үнэхээр бодож байна уу?
«Хатагтай» гэнэ ээ. Түүнийг тэгж дуудах үндэслэл одоохондоо надад огт харагдаагүй. Би үүнийг хэлэхээр ам нээтэл Совиешу эзэн хааны харуулуудыг дуудав.
Тэр Лаура руу эрүүгээрээ дохилоо. — Гурван өдөр хорь. Хатсан талх, уснаас өөр юу ч бүү өг.
Шадар хатагтай нар минь зэрэг шахам уулга алдав.
Лаурагийн нүүрнээс хамаг цус нь юүлэгдсэн мэт болов.
— Эрхэм дээдэс, энэ чинь хэтэрхий хатуу шийтгэл байна! — Би урагш алхсан ч түүний хүйтэн харцанд тулгараад өөрийн эрхгүй зог тусав.
— Чиний шадар хатагтай бэртсэн, олигтой ч алхаж чадахгүй охиныг — миний зочныг — доромжилсон. «Заваан хүүхэн» гэж дуудсан шүү дээ. Гэтэл чи миний шийтгэлийг хэтэрлээ гэж үзэж байна уу? — Түүний дуу намсаж, аюултай өнгөөр сонсогдов.
Би ам нээсэн ч ганц ч үг гарсангүй.
Совиешу эрүүгээ зуув. — Мэдээж тэгж бодолгүй яах вэ. Чи өөрийнхөө шадар хатагтайг нүдэн дээр чинь тийм үг хэлэхэд нь зүгээр л байлгасан. За тэгвэл энэ явдал чамд ч бас сургамж болох биз.
— Тэр... тэр эмэгтэй миний даашинзнаас зуурсан. Шадар хатагтай нар минь намайг хамгаалахын тулд л хөндлөнгөөс оролцсон юм.
Совиешугийн царай улам барайв. — «Тэр эмэгтэй» гэнэ ээ? Та хоёр танилцсан. Чи нэрийг нь мэднэ. Рашта хатагтай.
— Эрхэм дээдэс...
— Тэгээд даашинзнаас чинь зуурсанд юу нь тийм буруу байгаа юм? Чиний даашинз хүнээс илүү хүндлэл хүртэх ёстой гэж үү? — Тэр хайхрамжгүй гараа дохив.
— Тэгвэл би нэг үйлчлэгчээр таны нөмрөгөөс зулгаалгавал яах вэ, Эрхэм дээдэс? — гэж би тэр дор нь сөргүүлэв. — Ялгаагүй биз дээ. Таны нөмрөг ч бас хүндлэл хүртэх ёсгүй шүү дээ?
Совиешу нэг хөмсгөө өргөв. — Чи үнэхээр зөрүүд юм. Үүнийг шударга харьцуулалт гэж бодож байна уу?
— Яагаад болохгүй гэж?
— Яагаад гэвэл Рашта үйлчлэгч биш.
Би нударгаа зангидлаа. Тэгвэл миний амраг түүний нөмрөгөөс зулгаавал яахыг нь асуух байсан юм болов уу? Тэгвэл яах вэ, Совиешу? Чи инээмсэглээд, бие нь сайн эсэхийг асуух уу? Ингэж хэлмээр байсан ч би үгээ залгилаа.
Совиешу харуулууддаа дахин дохиод, — Одоо хатан хааны шадар хатагтайг таван өдөр хорь, — гэж тушаав.
Тэр Лаурагийн шийтгэл дээр хоёр өдөр нэмж орхилоо. Энэ нь надад өгсөн анхааруулга байв. Цааш маргавал Лаурагийн байдал улам дордоно гэсэн үг.
Совиешугийн ард Рашта түүн рүү баатарлаг гавьяа байгуулахыг нь нүдээрээ үзсэн хүн шиг бахдан гайхсан харцаар харж байлаа.
Хэлэх гэсэн тоо томшгүй олон эсэргүүцэл хэлний минь үзүүрт тулж ирэв. Гэвч хатан хаан хүн эзэн хааны шууд тушаалыг хүчингүй болгож чадахгүй. Лаурагийн шийтгэлийг эсэргүүцэх гэвэл шүүхээр хандах шаардлагатай. Харин хэрэг шүүхээр хэлэлцэгдэх үед Лаура шийтгэлийнхээ хугацааг аль хэдийн дуусгасан байх болно.
Би юу ч хийж чадахгүй байгаадаа дотроосоо эмтэрч байлаа.
— Би шийтгэлээ хүлээн зөвшөөрч байна, Эрхэм дээдэс. — Лаура нэг өвдөг дээрээ сөхөрлөө. Гэхдээ үүнээсээ өмнө над руу түрхэн зуур толгой дохиж амжсан юм. Совиешу бид хоёрын маргаан хяналтаас гарах вий гэж айсан нь эргэлзээгүй.
Ичгүүрт дарагдсан царайн дээр нь тодорсон айдас намайг уурандаа чичрүүлэв.
— Яв, — гэж Совиешу ширүүн тушаав.
Би өсгий дээрээ огцом эргээд, уур хилэндээ автан холдон одлоо.
Совиешу амраг нь яагаад Төв ордонд ирснийг асуусангүй. Лаурад тийм үг хэлүүлэхээр Рашта юу хийснийг ч надаас лавласангүй. Харин одоо намайг яв гэж тушааж байна.
Тэр хэзээ ч энхрий ялдам амраг байгаагүй. Гэхдээ урьд нь сайн найз минь байсан юм.
Одоо бол аль нь ч биш болжээ.
Би шүдээ зуун, цэцэрлэгээс хурдхан алхаж гарлаа.
Ээж маань намайг хэзээ ч хүний амрагийн хэрэгт оролцож болохгүй гэж анхааруулдаг байсан. Одоо л учрыг нь ойлголоо.
***
Совиешу Лаураг шийтгэсэн тухай яриа эзэн хааны ордон даяар шуугиан тарив.
Хүмүүс эзэн хаан миний шадар хатагтайн нэгийг шийтгэсэн нь Раштад хайртай гэдгээ илчилсэн хэрэг гэж ярьж байлаа. Бас Раштаг бид хоёрын албан бус анхны тэмцлийн ялагч хэмээцгээжээ.
Мэдээж би эдгээр яриаг өөрийн чихээр сонсоогүй. Харин цуу үгэнд хилэгнэсэн үнэнч шадар хатагтай нар минь бүгдийг надад дамжуулж өгсөн юм.
— Би тэнд байх ёстой байж! — хэмээн Аллистер хатагтай уурсав. — Би тэр охиныг ямар царайтайг мэднэ шүү дээ. Боол охин бохир гараараа танд хүрэхээс өмнө би таныг цэцэрлэгээс аваад гарах байсан!
— Харамсалтай нь Эрхэм дээдэс тэр эмэгтэйд үнэхээр талтай бололтой, — хэмээн Элиза гүнлэг хатагтай царайгаа барайлгав.
— Гэхдээ энэ нь таныг үл хүндэтгэх шалтгаан болохгүй, Эрхэм дээдэс, — гэж өөр нэг хатагтай дундуур нь орлоо. — Ядаж таны юу хэлэхийг сонсож болоогүй юм байх даа?
Уурлаж бухимдсан хэр нь шадар хатагтай нар минь цаашид юу болох бол гэж зовниж байв. — Тэр охинтой танилцаад хэдхэн хонож байгаа шүү дээ, — хэмээн нэг нь шивнэлээ. — Үүнээс ч дор зүйл хүлээж байгаа юм биш биз гэж айж байна.
Харин би энэ бүхнийг өөрчлөхийн тулд юу ч хийж чадахгүй байлаа.
Совиешу бид хоёр тааралдахдаа юу ч болоогүй мэт аашилцгаадаг болов. Би тэр аймшигтай өдрийг мартахын тулд ажлаар өөрийгөө завгүй байлгалаа. Ганцаараа байх болгонд түүний мөс шиг харц, зүрх сэтгэлийг минь хатгуулсан өвдөлт дахин дахин санаанд орно.
Ядахдаа ажил хийхэд сэтгэл минь бага ч болов амардаг байв.
Эцэст нь Лаурагийн шийтгэлийн таван өдөр өнгөрлөө. Би түүнийг хорьж байсан цамхгаас өөрийн биеэр очиж авчрав. Бусад шадар хатагтай нар түүнийг миний өрөөнд усанд оруулж, идүүлэхээр шөл авчирлаа.
Би гал тогооныхонд Лаурагийн дуртай бялууг бэлдэхийг захиалж байтал Совиешугийн нарийн бичгийн дарга нарын нэг хаалга тогшив.
— Таны амгаланг алдагдуулсанд өршөөгөөрэй, Эрхэм дээдэс. — Нарийн бичгийн дарга мэхийн ёслов. — Эзэн хаан таныг ирүүлэхийг хүсэж байна.
— Одоо юу?
— Тийм ээ, Эрхэм дээдэс.
Ямар учиртай хэрэг юм бол?
Гэхдээ би татгалзаж чадахгүй. Толгой дохичхоод Элиза гүнлэг хатагтай руу эргэн, — Бялуу бэлэн болмогц Лаурад энд идээрэй гэж хэлээрэй. Дараа нь хэд хоног амарч болно, — гэв.
— Мэдлээ, Эрхэм дээдэс.
Би нарийн бичгийн даргатай хамт гарч, тэр түргэн алхлан зам заалаа. Ордны зүүн хэсэг миний мэдлийн жигүүрээс илт өөр. Тэндхийн барилга, тавилга нь илүү хурц шулуун хэлбэртэй, чимэглэл багатай, хүн ч цөөн байв. Эзэн хаан бид хоёр ажил хэргээ тус тусын арга барилаар эрхэлдэг билээ.
Раштатай дахин таарах вий гэж санаа зовж байсан ч азаар тийм таагүй зүйл бололгүй Совиешугийн унтлагын өрөөнд хүрэв.
Дотор нь Совиешу жижиг дугуй ширээний ард сууж байлаа.
— Намайг дуудсан уу? — гэж би асуув.
Тэр намайг ойртон очихыг үг дуугүй ажиглалаа.
[[IMAGE: CH_IMAGES/003.jpg]]
Надад хэлэх зүйл ихтэй бололтой. — Надаар хийлгэх хэрэг байна уу?
Совиешу хэсэг тээнэгэлзсэнээ хөмсгөө зангидан, — Тэр шадар хатагтай. Миний хорьсон өнөөх... — гэв.
— Лаура хатагтай, — гэж би нэрийг нь хэлж өгөв. — Талитал маркизын охин.
— Чи түүнийг цамхгаас өөрөө очиж авчирсан гэж сонслоо.
— Тэр миний шадар хатагтай. Бас надаас болж таван өдөр зовсон.
Энэ хариулт түүнд улам таалагдсангүй. — Чи заавал тэгэх хэрэгтэй байсан юм уу?
— Та түүнийг өөрийн биеэр шийтгүүлчихээд, би яагаад өөрөө очиж түүнийг халамжилсныг асууж байна уу?
— Юмыг ч сайн анзаардаг юм, — гэж тэр үглэв. — Тэгэхээр намайг дургүйцнэ гэдгийг мэдсээр байж тэр хатагтайг өөрөө очиж авчирсан байх нь ээ.
Лаураг халуун дотноор угтаж авбал Совиешу дургүйцнэ гэдгийг би мэдэж байсан. Гэхдээ таван өдрийн хугацаанд түүний уур намдсан байх гэж бодсон юм. Түүнтэй учирлан ярилцаж, хэтэрхий хатуу шийтгэл оноосныг нь ойлгуулж чадна гэж найджээ.
Гэтэл үгүй бололтой.
— Ингэвэл Эрхэм дээдэс дургүйцэж магадгүй гэж бодсон. Гэхдээ...
— Чи өөрөөсөө өөр хүнийг жаахан ч болов бодсон бол тэр охиныг хөөгөөд явуулах байсан. Миний шийтгэсэн хүнийг өөрийн эхнэр минь асарч тойглоод байвал хүмүүст ямар харагдах вэ?
— Зөвхөн надад үнэнч байсны төлөө шадар хатагтайгаа хөөх нь шударга бус хэрэг. Түүний хийсэн зүйл ердийн ухаанаас гажаагүй. Тэгээд ч түүний гэр бүл...
— Хүнийг заваан гэж дуудах нь ердийн ухаан хэрэг үү?
— Хэнийг ч заваан гэж дуудах ёсгүй байсан, тийм. Гэхдээ тэр намайг хамгаалж байсан. Хатуухан зэмлээд өнгөрөхөд л хангалттай байлаа.
Миний үг бүрийг сонсох тусам Совиешугийн царай улам ярвайв. — Тэгэхээр чи түүнийг заавал үлдээнэ гэж зүтгэж байгаа юм биз дээ?
— Хэнийг шадар хатагтайгаа болгохоо шийдэх нь миний эрх. — Лаура өөрөө огцрох санал тавьсан ч би хориглох байлаа. Одоо түүнийг явуулчихвал олны доог болно. Оргосон боолоос болж шадар хатагтайн суудлаа алдсан эмэгтэй гэгдэнэ шүү дээ.
Ордноос гарсан хойно нь би түүнийг хамгаалж чадахгүй. Минийх шиг хүчтэй цол хэргэмийн ивээлгүй болсон тэрээр дээдсийн хүрээллээс гадуурхагдана.
Совиешу намайг удтал ажиглалаа. Эцэст нь санаа алдаж, харцаа буулгав. — Чамтай ингэж үг сөргөлдөхөөс залхаж байна. Яагаад чи зүгээр л дуулгавартай байж болдоггүй юм бэ? Ядахдаа ганц удаа миний хэлснээр хий л дээ.
— Эрхэм дээдэс, таныг хүндэтгэн хэлэхэд, хатан хаан бол таны тушаалаар хөдөлдөг хүн биш. Би таныг дуудахад гүйж ирж, зарлиг бүрийг биелүүлэхээр энд байгаа юм биш.
— Тийм болохоор л та хоёрыг харьцуулахгүй байж чаддаггүй юм, — гэж тэр амандаа бувтнав.
Намайг харьцуулна гэнэ ээ? Хэнтэй? Би түүнийг мэл гайхан ширтлээ.
Хэлчихсэн үгээ сая л ойлгосон мэт Совиешу цочин, хайхрамжгүй гараа савчив. — Би ядарч байна. Явж, бүдүүлэг шадар хатагтайгаа асар.
***
Навьер хатан хаан өрөөнөөс гармагц Совиешу санаа алдаад, дэргэдэх хонхоо дуугаргалаа. Удалгүй хаалга нээгдэв. Гэхдээ үйлчлэгчийн оронд Рашта орж иржээ.
Совиешу хөмсгөө өргөв. — Чи хэзээнээс үйлчлэгч хийдэг болчихов оо?
Рашта ичингүйрэн инээмсэглэв. — Би ч гэсэн чадах чинээгээрээ тусалж байх нь зөв гэж бодсон юм!
Тэр инээмсэглэн, — Тэгвэл миний шадар үйлчлэгч болох уу? — гэж асуув.
Рашта хариуд нь хоёр гараа дэлгэн сунгалаа.
Совиешу инээмсэглэн бөхийж, түүнийг тэврэв. — Чи өөрөө олигтой алхаж чадахгүй байж яаж шадар үйлчлэгчийн ажил хийх юм бэ?
Үнэндээ эзэн хаанд шадарлах гэдэг ямар учиртайг Рашта мэддэг эсэхэд тэр эргэлзэж байлаа. Тэр албан тушаал язгууртнуудын дунд ч их нэр төрийн хэрэгт тооцогддог. Язгууртнууд хүртэл тийм байр суурийн төлөө өрсөлдөнө. Гэтэл энэ охин зүгээр л тус болох гэсэндээ эзэн хааны шадар үйлчлэгч болж чадна гэж бодож байдаг...
Язгууртнуудын хэн нэг нь түүний энэ авирыг мэдвэл хилэгнэх нь гарцаагүй. Гэвч Рашта энэ бүхнийг мэдэхгүй.
— Чи ч ёстой сонин, хөгжилтэй охин юм аа. — Раштагийн хацар улайхад Совиешу инээмсэглэв. Тэр амьдралынхаа туршид ердөө хоёр эмэгтэйг л сайн мэддэг байжээ. Нэг нь түүний эх, өмнөх хатан хаан. Нөгөө нь мэдээж шинэ хатан хаан Навьер. Өөрийнх нь эхнэр.
Тэд хоёулаа улс орныг хэрхэн захирах тухай сурч, ёс жаяг, гадаад харилцаа, улс төрийн ухаанд насан туршдаа суралцсан. Эзэн хаанд зүтгэж, хийж буй бүхэнд нь туслахаар хүмүүжсэн хүмүүс. Эх нь ч, эхнэр нь ч үүргээ гайхалтай сайн биелүүлдэг байв.
Гэсэн ч ёс жаягийг үл тоон сэтгэл бодол нь энд тэнд савчин өөрчлөгдөх Рашта Совиешуг өөрийн эрхгүй татсаар байлаа.
— Нааш ирээд юм ид. — Тэр хонхоо дахин дуугаргав.
Хаалганы цаана түгшин хүлээж байсан жинхэнэ шадар үйлчлэгч нь тэр даруй орж ирлээ.
— Хулууны бялуу авчир. Сайхан чихэрлэг байг, — гэж Совиешу хэлэв. — Бас дарс. Хөнгөн дарс байхад болно.
Үйлчлэгчийг гармагц Рашта алгаа ташин, — Хулууны бялуу! Үнэхээр үү? — хэмээн дуу алдав.
— Энгийн нэг бялуунд ингэтлээ баярлаж байгаа хэрэг үү? — гэж тэр инээв.
— Ямар ч хамаагүй бялуу биш шүү дээ! Хулуу ямар үнэтэй гээч. Амтлагч нь бүр ч үнэтэй! Амьдралдаа ийм бялууны амтыг үзэлгүй өөд болдог хүн хэчнээн олон байдгийг та мэдэх үү? — Тэр жаахан хүүхэд шиг баярлан догдолж, суудалдаа тогтож ядан хөдөлнө.
Совиешу түүнийг сонирхон харж, — Би хатан хаанд эзэнт гүрний хамгийн үнэтэй эрдэнэсийг бэлэглэхэд тэр хүйтнээр «баярлалаа» л гэдэг. Харин чамайг баярлуулахад ийм өчүүхэн зүйл хангалттай юм, — гэв.
— Хатан хаан таны бэлгүүдэд баярладаггүй юм уу? — Рашта гайхсан янзтай түр зогсов.
— Талархдагийг нь би мэднэ. Гэхдээ тэр сэтгэлээ их барьдаг хүн. Сэтгэл хөдлөлөө өчүүхэн төдий л ил гаргана.
Рашта хөмсгөө зангидлаа. — Зовлон үзэлгүй өссөн болохоор л тэр байх. Хорвоо ертөнц ямар хатууг мэдэхгүй шүү дээ. Бэлэг авбал зүйн хэрэг гэж боддог ч байж магадгүй.
— Аан? — Совиешу нэг хөмсгөө өргөв.
— Би түүнийг буруу гэж хэлээгүй ээ. Элбэг хангалуун өссөн хүн бүр л тэгж хүлээж авдаг байх гэж л хэлсэн юм. Танд ч гэсэн хэн нэгэн атга атгаар нь эрдэнэс бэлэглэвэл та тоохгүй өнгөрөх байх л даа...
— Миний олз харагдаж байгаагаасаа ухаантай юм гээч. — Түүний хоолой чин сэтгэлийн магтаал уу, эсвэл цэвэр ёжлол уу гэдгийг ялгахад бэрх байлаа.
Раштагийн хацар улайн, тэр уруулаа жимийв. — Хм! Та намайг дандаа олз гэж дууддаг.
— Яагаад гэвэл би чамайг өөрийнхөө хавханд барьсан шүү дээ.
— Аан... Эрхэм дээдэс? — Охины дуу үл ялиг чичирлээ.
Совиешу цааш нь хэлэхийг дохив.
Рашта сандарч түгшин, хоёр гараа өвөр дээрээ зөрүүлэн атгав. — Та намайг амрагаа болгоно гэж хэлсэн шүү дээ...
— Тэгсэн, — гэж тэр хариулав.
— Гэхдээ... хатан хаан үүнийг мэдээгүй юм шиг санагдсан.
Совиешу инээд алдан, үгийг нь үл тоомсорлон гараа дохилоо. — Хамаагүй ээ. Яарах хэрэггүй биз дээ? Аажмаар болно. Чиний хөл ч эдгээгүй байна шүү дээ.
— Тийм ээ, яарах хэрэггүйг мэднэ... Гэхдээ хатан хаантай таарахад их эвгүй байсан. Би өөрийгөө яаж танилцуулахаа мэдээгүй. Дахин ийм зүйл тохиолдвол яах вэ?