Дахин гэрлэсэн хатан

4-р анги

4-р анги — Эзэн хааны шинэ амрагт хатан хааны илгээсэн бэлэг

Сонсох

— Бидний таамагласан яг үнэн байж! — Лаура хатагтай миний өрөөнд ууртайгаар орж ирлээ. — Эрхэм дээдэс өнөөх хэн ч биш охиныг албан ёсоор амрагаа болгочихож!

Гадаа жирийн л нэг өглөө болж байв. Бороо ч үгүй, бүрхэг ч үгүй, халуун ч биш, хүйтэн ч биш. Өчигдөр, уржигдар ч ийм л байсан. Бараг бүтэн долоо хоногийн турш цаг агаар өөрчлөгдсөнгүй.

Энэ мэдээ намайг бодлоос минь огцом сэрээв. — ...Тэгсэн гэж үү?

— Таныг шинэ жилийн баярын бэлтгэлд дарагдаж байх хооронд Эрхэм дээдэс тэр охинтой хайр сэтгэлийн холбоотой болчихсон байна!

— Арай дэндэж байна! — хэмээн Аллистер хатагтай дургүйцэв.

— Ядаж шинэ жилийн баяр дуусахыг хүлээж болох байсан даа, — гэж өөр нэг шадар хатагтай үглэв.

Би толинд тусах дүрээ л ажиглан суулаа. Ийм зүйл болно гэдгийг мэдэж байсан. Сэтгэлээ ч бэлдсэн. Гэсэн ч...

Ингэж хурдан болно гэж огт төсөөлсөнгүй.

Тэр охиныг шинэ жилийн баярт авчрах болов уу? Албан ёсоор амрагаа болгосон юм чинь авчирч ч болох шүү дээ.

Би гүнзгий санаа алдлаа. Баярын үеэр хүмүүс тэр охины тухай юу бодож байгааг минь асуухыг төсөөлөхөд л дотор муухайрна. Надтай энэ талаар ярихгүй өнгөрлөө ч ар хударгаар минь шивнэлдэх нь гарцаагүй.

Гэхдээ ордны том жижиг бүхий л хэрэг явдлыг хариуцдаг хүн нь би учраас тэр эмэгтэйг цаашид үл тоомсорлож болохгүй. Надад хэчнээн таагүй байсан ч тэр эзэн хааны амраг болох нь тодорхой болжээ.

— Хэзээ албан ёсоор амраг нь болгох юм бол? — гэж би шадар хатагтай нараасаа асуув.

Элиза гүнлэг хатагтай хариулав. — Цуу яриагаар бол аль болох хурдан гэсэн. Ямар ч байсан шинэ жилээс өмнө гэнэ.

***

Үдийн хоолны үеэр Совиешугийн нарийн бичгийн дарга эзэн хааны өөрийнх нь захиасыг авч ирэв. Тэр амрагийн тухай мэдээлэх зуураа миний царайг болгоомжтой ажиглаж байсан ч би сэтгэл хөдлөлөө огт ил гаргасангүй.

Тэр хоолойгоо зассанаа, — Хугацаа давчуу, бас ордонд үүнээс том арга хэмжээний бэлтгэл өрнөж байгаа тул Эрхэм дээдэс амрагийг албан ёсоор өргөмжлөх ёслолыг аль болох даруухан хийхийг хүсэж байна, — гэлээ.

Эзэн хааны амрагийг хааны гэр бүлийн гишүүн гэж тооцдоггүй. Хүүхэдтэй болсон ч тэр хүүхэд нь хаан ширээ залгамжлах эрхгүй. Гэвч энэ нь амраг эмэгтэй эзэн хаанаас хүүхэд төрүүлж болохгүй гэсэн үг биш билээ.

Хэрэв тэр хүүхэд эзэн хааны хайр хишгийг хүртвэл түүнийг гүн, бүр эрцгүнгийн зэрэгт ч өргөмжилж болно.

Тиймээс хурим хийхгүй ч нөхрийнхөө шинэ амрагт зориулан хатан хаан жижигхэн хүлээн авалт зохион байгуулдаг уламжлалтай. Мөн өнөөх охин ерөнхий сайдын гэрчилж баталгаажуулсан баримт бичигт гарын үсэг зурах ёстой.

— Даруухан гэнэ ээ? — гэж би асуулаа. — Хүлээн авалтыг даруухан хийхийг хүссэн юм уу, эсвэл бүр хийхгүй гэсэн үг үү?

— Ийм богино хугацаанд зочид урихад хүндрэлтэй тул Эрхэм дээдэс хүлээн авалт хийхгүй байхаар шийдсэн.

Би амьсгаагаа гаргалаа. Өчүүхэн ч гэсэн санаа амармаар мэдээ байв. — Тэгвэл миний зохицуулах ёстой зүйл бий юү?

— Үгүй. — Нарийн бичгийн дарга хоолойгоо засав. — Энэ хэрэгт та юунд ч санаа зовох шаардлагагүй гэж Эрхэм дээдэс уламжилсан.

Тэр үүнийгээ өгөөмөр сэтгэлийн илэрхийлэл гэж бодсон байх. Ер нь эзэн хаан хүлээн авалтыг цуцаллаа ч ийм явдлыг хүндэтгэн бүжгийн танхимыг чимэглэдэг заншилтай.

Гэтэл би яаж санаа зовохгүй байх билээ? Ордны яг энэ ханануудын дотор тэр охин эзэн хаантай хамт хооллож, найз нөхдөө урьж, шаардлагатай баримт бичгүүдэд гарын үсэг зурна шүү дээ.

Совиешу намайг бодолцож үзсэндээ ингэв үү? Эсвэл намайг шинэхэн амрагийг нь хүлээж авахыг хүсээгүй хүн мэт харагдуулах гэсэн юм болов уу? Эсвэл зүгээр л өөрийнх нь бардам зан уу?

— Захиасыг нь хүлээн авсан гэж дамжуулаарай.

Нарийн бичгийн дарга бөхийн ёслоод гарч одов.

Шадар хатагтай нар маань над руу сэм сэмхэн харах аж. Намайг харцтай нь тулгарах бүрд тэд оёж хатгаж буй зүйлдээ тун завгүй хүн болж жүжиглэнэ.

Би тэдэнд өөрийгөө ганхаж байгааг харуулахгүй.

Хэн нэгнээр өрөвдүүлэхийг би юунаас ч илүү хүссэнгүй. Совиешугийн амраг намайг шархлуулах чадалтай гэж хэн ч бодоосой гэж хүсэхгүй байлаа. Совиешу өөр эмэгтэйд дурлачихлаа гээд миний амьдрал дуусаж байгаа хэрэг биш шүү дээ.

Энэ бүхэн надад огт хамаагүй мэт царайлан би шинэ жилийн баярын төлөвлөгөө рүүгээ дахин бөхийж, өөр нэг засвар оруулахыг заалаа.

[[IMAGE: CH_IMAGES/004.jpg]]

***

Эзэн хааны нарийн бичгийн дарга нарын нэг Ланте баронд Раштад албан ёсны амраг болох ёслолын журмыг тайлбарлах үүрэг өгчээ. — Ерөнхий сайд гэрээг гэрчилж баталгаажуулсны дараа Эрхэм дээдэс эхэлж гарын үсгээ зурна. Тэгээд та түүний доор гарын үсгээ зурна.

Рашта гиншин дуу алдав.

Түүнтэй чацуу язгууртан айлын охидоос хэзээ ч сонсогддоггүй тийм дуу байлаа. Ланте барон гайхсандаа хөмсгөө зангиджээ.

Рашта уйлах гэж байгаа мэт харагдав. — Ойлгосон л доо. Гэхдээ би... би гарын үсэг гэж байхгүй шүү дээ.

— Өө, санаа зоволтгүй. Одоо л нэгийг бодож олчихож болно. — Тэр үзэг сунгав.

Рашта нүүр нь улайн, үзэг рүү ширтэв.

— Аан. — Тэгэхэд л Ланте барон охин яагаад ийн тээнэгэлзээд байгааг ойлгов. — Та бичиж чаддаг уу? Эзэн хаан Ланте баронд Раштаг сургахыг даалгахдаа түүнийг эгэл ардын охин гэж хэлсэн билээ. Тиймээс Ланте барон охиныг ядаж бага сага боловсрол эзэмшсэн байх гэж боджээ.

Хэрэв эзэнт гүрэн даяар тарсан цуу яриа, тэр тусмаа ангаас олсон энэ үзэсгэлэнт олз үнэндээ оргосон боол гэх яриа үнэн бол охин бичиг үсэг мэдэхгүй нь тайлбарлагдана.

Боолуудад уншиж сургахын төлөө хэн ч цаг зав, хүч хөдөлмөр зарцуулдаггүй шүү дээ.

— Үүнээс ичих хэрэггүй дээ, — гэж барон зөөлөн хэлэв.

Гэвч эзэн хаан Раштаг эгэл ардын охин гэж танилцуулсан нь Ланте бароны сонирхлыг татжээ. Охины өнгөрснийг нуух гэж байгаа хэрэг үү? Тэр үнэхээр оргосон боол юм болов уу?

Ланте барон цэвэрхэн хуудас цаас гаргаж ирэв. Хэдхэн хоногт охинд уншиж сургах боломжгүй ч ядаж нэрээ бичиж, гарын үсэг зурж сургаж чадна. — Рашта гэдэг нэрийг чинь яг яаж бичдэг билээ? Өө, та өөрөө мэдэхгүй байх нь ээ. Би хэдэн янзаар бичээд өгье. Алийг нь таалснаа сонгоод цээжлээрэй.

Аз болоход Рашта юмыг хурдан сурдаг байлаа. Хэдхэн минутын дараа тэр нэрээ дуурайлган бичиж чаддаг болов. — Ингэвэл болох уу? — гэж асуув.

Ланте бароны хөмсөг гайхан өргөгдөв. Оргосон боолд юм заах тун хэцүү байх гэж бодсон билээ. — Маш сайн байна. Одоо ердийн гарын үсэг зурах ёслол яаж болдгийг тайлбарлая. Улс орны өнцөг булан бүрээс язгууртнууд ирсэн сүрлэг хүлээн авалт болно. Та найз нөхөд, гэр бүлийнхнээсээ хүссэн хэмжээгээрээ урьж болно, Рашта хатагтай.

Охины нүд угаасаа том ч одоо бүр таваг шиг томров. — Хөөх!

— Хүлээн авалт дууссаны дараа ерөнхий сайд баримтуудыг авчрахад та зөвхөн гарын үсгээ зурахад л болно.

— Харин тэр баримтуудыг...

— Ерөнхий сайд цоожтой, найдвартай газар хадгална. Үүнээс хойш танд эзэн хааны хайр хишгийг хүртээд л амьдрах үлдэнэ.

Рашта баярлан чарлаж, хөлөө савчин хөдөлгөв.

Ланте барон эзэн хаан яагаад энэ охинд татагдсаныг ойлгож эхэллээ. Охин бүх зүйлд ямар гэнэн, өхөөрдөмөөр хариу үйлдэл үзүүлнэ вэ! — Бас нэг зүйл бий, — гэж тэр үргэлжлүүлэв. — Заавал хийх ёстой зүйл биш л дээ. Гэхдээ... хатан хаан заримдаа эзэн хааны амрагт бэлэг илгээдэг юм.

— Бэлэг гэж үү? — Рашта гайхан дуу алдав.

— Хааны ордон хатан хааны мэдэлд байдаг, — хэмээн барон тайлбарлалаа. — Та хатан хааны захирдаг нэг дээвэр дор амьдрах учраас тэр бэлэг нь ихэвчлэн таныг хүлээн зөвшөөрч, хүндэтгэж байгаагийн тэмдэг болдог. Хэрэв эзэн хаан цаашид өөр амрагуудтай болбол хатан хаанаас бэлэг авсан бүсгүйчүүд нь ихэвчлэн бусдаасаа дээгүүр байр суурь эзэлдэг.

Раштагийн дуу улам аяархан болов. — Эрхэм дээдэс надад бэлэг өгөх болов уу?

***

— Өгөхгүй, — гэж би огцом хэллээ.

Үүнийг сонсоод шадар хатагтай нар маань нэгэн зэрэг санаа алдан амьсгаа гаргав.

— Ямар их санаа амрав аа.

— Таныг тэр охинд ямар нэг юм явуулчих вий гэж бид айсан шүү, — хэмээн Аллистер хатагтай үнэнээ хэлэв.

— Яагаад гэвэл бэлэг өгөх уламжлалтай болохоор...

— Үргэлж тэгдэггүй юм, — гэж би хэллээ. Совиешугийн нарийн бичгийн даргыг явсны дараа сүүлийн үеийн амрагуудын тухай бүртгэлийг судалсан юм. Бэлэг өгөх ёс журмыг би ч бүрэн мэддэггүй байжээ.

Хатан хаан амраг эмэгтэйд бэлэг илгээдэг бол зөвхөн амраг гэдэг байр сууриас нь өөр шалтгаан ихэвчлэн байдаг аж. Хэрэв эзэн хаан хэд хэдэн амрагтай бол шинээр ирсэнд нь бэлэг өгч, урьдын амрагуудынх нь эрх мэдэл хэт ихсэхээс сэргийлж болно. Эсвэл шинэ амраг нь хатан хааны танил, түүний төрөл төрөгсөд юм уу талынх нь хүн байвал, мөн нэр нөлөөтэй язгууртан гэр бүлээс гаралтай бол бэлгээр талдаа татахад илүүдэхгүй.

Харин одоогийн нөхцөлд эдгээрийн аль нь ч хамаарахгүй.

Би юунд нь тэр эгэл ардын охины төлөө зориуд хичээл гаргах ёстой юм бэ? Бэлэгтээ «Нөхрийг минь сайн харж хандаарай» гэсэн хүсэлт хавсаргах хэрэг үү?

Яалаа гэж дээ.

Түүнээс гадна Совиешу өөрөө надад хуруугаа ч хөдөлгөх хэрэггүй гэж хэлсэн.

— Санаа зоволтгүй, — гэж би шадар хатагтай нартаа хэллээ. — Хэрэгтэй байсан бол илгээх л байлаа. Гэхдээ бэлэг өгөх үндэслэл байхгүй цагт би юу ч илгээхгүй.

Шадар хатагтай нар минь бүгд сэтгэл хангалуун харагдав.

— Лаура энд байсан ч болоосой, — гэж нэг хатагтай санаа алдав. — Үүнийг сонссон бол баярласандаа үсэрч гарах байсан даа...

— Би өнөөдөр ордноос гадагш гарах бодолтой байгаа, — хэмээн Аллистер хатагтай ам нээв. — Эрхэм дээдэс, энэ мэдээг Лаурад дуулгаж чадна шүү.

— Тэр ямар байгаа бол? — гэж би асуулаа.

— Сүүлд уулзахад өнөөх эмэгтэйн тухай бодохоороо л уурсаж байсан. — Аллистер хатагтай дуугаа намсгав. Гэвч энд эзэн хааны зарц нараас тэдний яриаг сонсох хүн нэг ч байсангүй.

— Талитал маркиз охиныхоо туулсан явдалд тэгтлээ хилэгнэсэн болохоор цайны уулзалт хийх бүрдээ өнөөх охины тухай дурсдаг гэнэ, — гэж Элиза гүнлэг хатагтай нэмж хэлэв.

Миний дайсанд над шиг дургүй хүмүүс байгааг бодохоор сэтгэлд таатай байлаа. Ингэж бодох нь миний шударга бус зангийнх уу? Гэхдээ Совиешу болон түүний талынхан Раштаг хүлээн авна. Тийм байхад миний талын хүмүүс ч түүнийг заавал угтан авах хэрэг юу байна?

— Эрхэм дээдэс... — Аллистер хатагтай хэсэг тээнэгэлзлээ. — Нэг зүйл асууж болох уу?

— Юу юм бэ?

— Баруун хаант улсын хунтайж шинэ жилийн баярын ёслолд хүрэлцэн ирэх үү?

Зөвхөн Аллистер л асуулт тавьсан атал шадар хатагтай нар минь бүгд нэгэн зэрэг ярихаа больж, харц нь над дээр төвлөрөв.

Би инээмсэглэлээ дарж, толгой дохилоо. Тэдний бие бие рүүгээ сэмхэн харж байгаа харц, улайсан хацраа далдлах гэж өргөсөн дэвүүрүүд нүднээс минь мултарсангүй. Би инээдээ барих гэж уруулаа жимийв.

Тэд догдлох нь ч аргагүй. Баруун хаант улс ганцхан хунтайжтай бөгөөд тэр нь хааны дүү билээ. Тэр эр олон зүйлээрээ... тун зартай хүн.

— Үнэхээр хосгүй царайлаг гэж сонссон, — хэмээн Аллистер хатагтай санаа алдав.

— Ганцхан харсан эмэгтэй бүрийг дурлуулчихмаар сайхан залуу гэнэ лээ!

— Тийм байж болох л доо. Гэхдээ илжиг шиг зөрүүд гэж бас дуулсан, — хэмээн Элиза гүнлэг хатагтай хамраа үрчийлгэв. — Эцэг нь ч, ах нь ч түүнд эхнэр олж өгөх гэж оролдохоо больсон гэхээр ааш нь үнэхээр аймшигтай байж таарна.

— Гэхдээ амраг эмэгтэйчүүд нь тоо томшгүй олон шүү дээ, — гэж өөр нэг хатагтай сануулав.

— Тэглээ гээд нэг ч хүүхэдтэй болоогүй, — гэж Элиза хариулав. — Ах нь ч ялгаагүй. Миний бодлоор тэр хоёр тун хариуцлагагүй. Баруун хаант улсыг найдвартай хаан ширээ залгамжлагчгүй орхиж байгаа юм чинь...

— Түүнийг үргүй тарвас гэдэг цуу яриа үнэн болов уу?

Энэ үгийг сонсоод би өөрийн эрхгүй инээлээ. Миний сонсож байгааг мэдмэгц хатагтай нар бүгд чимээгүй болцгоов.

Баруун хаант улс хүчирхэг цэрэг армитай, ихээхэн нөлөө бүхий улс байлаа. Тэд хүч чадлаараа манай Зүүн эзэнт гүрэнтэй бараг эн тэнцүү. Түүгээр ч зогсохгүй дэлхийн хамгийн баян чинээлэг орон гэж яригддаг.

Тэгээд тэр улсын хунтайж гэж бас бий. Элдэв цуу яриа сүүдэр мэт дагасан ч хаан ширээ залгамжлах дараагийн хүн нь тэр. Сонирхохгүй байхын аргагүй байлаа.

Совиешу, түүний амрагтай холбоотой сэтгэл өвтгөсөн бүхнийг түр мартаад би шадар хатагтай нартайгаа нийлэн элдэв цуу яриа ярилцаж суулаа.

***

— Юу гэсэн үг вэ? — гэж Рашта цочин асуулаа. Тэр Совиешугаас хүлээн авалт хэр сүртэй болох, найз нөхдөө урьж болох эсэхийг л асуусан юм. — Ланте барон том хүлээн авалт болно гэсэн шүү дээ...

— Яарах хэрэггүй гэж би чамд хэлсэн. Гэхдээ чи аль болох хурдан миний албан ёсны амраг болмоор байна гэж зүтгэсэн шүү дээ, Рашта. Шинэ жилийн баяр хаяанд ирчихсэн. Тэр бэлтгэлийн хажуугаар дахин нэг хүлээн авалт хийх цаг алга.

Раштагийн толгой дээр аварга том асуултын тэмдэг хөвж байгаа мэт харагдана. Тэр Совиешуг гайхан ширтсээр хөдөлгөөнгүй суулаа.

Совиешу Раштаг иймэрхүү зүйлийг ойлгодог гэж хэт үнэлснээ сая л ухаарав. Охин харагддагаасаа ухаантай байсан болохоор язгууртнуудын энгийн зүйл гэж үздэг ёс заншлыг огт мэдэхгүйг нь тэр мартаж орхижээ.

— Миний буруу. — Тэр толгой сэгсрэв.

— Юу гэсэн үг вэ?

— Хүлээн авалт зохион байгуулах амаргүй, — гэж тэр тайлбарлалаа. — Бэлтгэх ёстой өч төчнөөн нарийн зүйл бий. Хоёр том хүлээн авалтыг ар араас нь хийх... нэлээд хэцүү.

— Аан! — Охин хэсэг тээнэгэлзэв. — Тэгвэл удахгүй өөр нэг том хүлээн авалт болох юм уу?

— Тийм. Шинэ жилийн баяр.

Раштагийн урам хугарав. Тэр язгууртнууд Совиешутэй нийлснийг нь тэмдэглэн баяр хүргэх, үлгэр шиг тансаг хүлээн авалтыг мөрөөдөн суудаг байжээ. Ядаж ганцхан өдөр ч болов урьд нь өөрийг нь захирч, дээрэлхэж явсан хүмүүс түүнд анхаарал хандуулж, бялдуучлах байлаа шүү дээ...

Гэхдээ Совиешугийн зөв. Албан ёсоор амраг нь болохыг яаруулсан хүн өөрөө. Үүнийхээ төлөөсийг төлж байна. Одоо сэтгэл дундуур байгаагаа харуулбал эзэн хаан түүнийг яршигтай гэж бодно. Тиймээс Рашта жинхэнэ мэдрэмжээ нууж, чимээгүй суув.

Гэвч ёслолын өдөр ирэхэд түүний урам бүр ч их хугарчээ.

Үлгэр шиг хүлээн авалт болохгүй нь тодорхой ч ядаж даруухан оройн зоог барих байх гэж бодсон юм. Тиймгүй юм аа гэхэд хатан хаан өөрөө ирж уулзах ч юм бил үү. Эсвэл хамгийн наад зах нь уучлал гуйсан бэлэг илгээнэ гэж найдаж байв.

Гэтэл Рашта хэчнээн хүлээсэн ч хатан хаанаас бэлэг байтугай баяр хүргэсэн ганц үг ч ирсэнгүй.

Ордны бүхий л том жижиг хэргийг хатан хаан хариуцдаг гэж Ланте барон хэлсэн. Тийм хүн өөрийг нь үл тоомсорлож байгаа нь Раштаг шархлуулжээ.

Ёслолын өдрийн үдээс хойш тэр хэчнээн хичээж сурсан гарын үсгээ цаасан дээр ганцхан хормын дотор сараачив. Тэгмэгц ерөнхий сайд ёслол дууссаныг мэдэгдлээ. Ийм сүргүй төгсгөлд Раштагийн дотор бүр ч хоосон оргив.

Ерөнхий сайд бичиг баримтаа хурааж аваад өөр ажил руугаа яаран одлоо. Хэн ч алга ташсангүй, хэн ч баяр хүргэсэнгүй. Түүнийг ер анхаарсан хүн ч байсангүй. Совиешу хүртэл өөр ажилтай гэж хэлээд уруул дээр нь яаран үнсчихээд явжээ.

Өрөөндөө эргэн ормогц өнөөдрийн бүх мэдрэмж Раштагийн сэтгэлийг нэгэн зэрэг эзэмдэв. Тэр нүүрээ алгаараа дарав.

— Яасан бэ? — хэмээн Совиешугийн түүнийг харгалзуулахаар томилсон үйлчлэгчдийн нэг асуулаа.

Рашта гиншин хэлэв. — Хатан хаан намайг үзэн яддаг гэдэгт би итгэлтэй байна. Тэгээгүй бол яагаад хүлээн авалтыг болиулах юм бэ? Надад бэлэг өгөхийг хүсээгүй байлаа ч ёслол дээр ядаж нэг ирээд харагдаж болох байсан шүү дээ.

— Битгий уйл, Рашта хатагтай. Ийм сайхан өдөр байхад...

Өөр нэг үйлчлэгч ирж, эхнийхтэй нийлэн Раштагийн мөрийг зөөлөн алгадав. — Та хатан хаантай бараг уулзах шаардлага гарахгүй шүү дээ. Түүний хандлагаас болоод сэтгэлээр унах хэрэггүй.

Гэвч Рашта хэт их зүйл хүлээжээ. Урам хугарснаа тэвчиж чадсангүй.

Совиешу үлдсэн ажлаа яаран амжуулаад буцаж ирэхэд охин ямар их гутарсныг ганц хараад л ойлгов. — Бидний онцгой өдөр байхад миний олз яагаад ийм царай муутай сууж байна аа?

— Онцгой өдөр гэж үү? Надад хэн ч баяр хүргээгүй шүү дээ...

Тэр охины гарыг зөөлөн илэв. — Яаж тэгж хэлж байгаа юм бэ? Ерөнхий сайд баяр хүргэсэн шүү дээ. Үйлчлэгч нар чинь ч бас.

Ерөнхий сайд үнэхээр баяр хүргэсэн, гэхдээ тийм ч халуун дотно биш байлаа. Харин Рашта үйлчлэгчдээс бус, язгууртнуудаас баяр хүргэсэн үг сонсохыг хүссэн юм. Өөрсдийгөө бусдаас дээгүүрт үзэн, хамраа сөхөж алхдаг тэр хүмүүсээр хүлээн зөвшөөрүүлэхийг хүсжээ.

Тэр хоолойгоо зангируулан залгив. — Хатан хаан намайг үзэн яддаг...

Охины гутарсан царайг хараад Совиешу тайлбарлахгүй байж чадсангүй. — Миний буруу. Би өөрөө хатан хаанд хүлээн авалт зохион байгуулах хэрэггүй гэж хэлсэн. Одоо тийм зүйл хийхэд тохиромжтой үе биш.

Рашта толгой дохисон ч түүний үгэнд өчүүхэн ч итгээгүй нь илт байлаа.

Тэгэхэд Совиешу охины сэтгэл хэчнээн их шархалсныг ойлгов. Ингэтлээ гутарсан охины дэргэд ангаас олсон олз нь болсон шинэхэн амрагтайгаа тайван, жаргалтай цаг өнгөрөөх арга алга байлаа.

Маргааш нь тэр нарийн бичгийн дарга нарынхаа нэгээр Раштад өгөх бэлэг бэлдүүлэв. Бэлэгт зурвас хавсаргаад, гарын үсгийг нь хатан хааны нэрээр зуржээ.

4-р анги дууслаа

Алдаа мэдэгдэх

Дахин гэрлэсэн хатан4-р анги · Унших

Алдааны мэдээлэл илгээхийн тулд бүртгэлээрээ нэвтэрнэ үү.

Нэвтрэх
ӨмнөхДараах