Дахин гэрлэсэн хатан

6-р анги

6-р анги — Тэр яаж надад ингэж хандаж чадав аа?

Сонсох

— Утгагүй хэрэг! — хэмээн Аллистер хатагтай дургүйцэв. — Ердөө л амрагт нь шадар хатагтай олж өг гэж хатан хаанаас яаж шаардаж чаддаг байна аа?

Бусад нь ч түүний үгийг ууртайгаар дэмжицгээв.

Даралт ихсэх өвчтэй Элиза гүнлэг хатагтай ёолон, хүзүүгээ иллээ. — Эзэн хааны нарийн бичгийн дарга нар хүртэл энэ ажлаас гар татсан гэж сонслоо.

Верди дэд гүнлэг хатагтай Элизаг сэвүүрдэнгээ, — Гэхдээ аз болж Лаура энд алга. Тийм түргэн зантай хүн үүнийг сонсвол юу хийхийг хэн мэдлээ, — гэв.

Бид хэсэг зуур юу ч дуугарсангүй. Дараа нь шадар хатагтай нар минь над руу түгшсэн харцаар харцгаав.

— Та яах гэж байна, Эрхэм дээдэс? — хэмээн Аллистер хатагтай асуулаа.

Би санаа алдав. — Үгүй гэж хэлмээр л байна... Гэхдээ энэ бол эзэн хааны шууд тушаал. Надад өөр сонголт байхгүй бололтой.

Шадар хатагтай нар минь дургүйцэн ёолцгоолоо. Гэвч өөр аргагүйг тэд ч мэдэж байв.

Би дахин санаа алдав.

Шадар хатагтайг үйлчлэх хүнийх нь адил зэрэг дэвтэй язгууртнуудаас, эсвэл ихдээ л нэг, хоёр шат доогуур зиндааны хүмүүсээс сонгодог. Харин Рашта язгууртан гэр бүлээс гаралтай биш. Язгууртан бүсгүйгээс түүнд шадарла гэж гуйх нь ёс жаягийг зөрчсөн хэрэг болно.

Ийм нөхцөлд доод зиндааны язгууртан бүсгүй, эсвэл нэр хүндээ алдсан нэгнийг олохоос өөр аргагүй. Гэвч тийм хүмүүсийг ордонд оруулахыг ч зөвшөөрөх эсэх нь эргэлзээтэй байлаа.

Би хэсэг бодсоноо Элиза гүнлэг хатагтай руу эргэлээ. — Өөрсдийн танил талаас хүн хайвал дээр байх. Нийслэл дэх бүх язгууртан хатагтай болон охидод нь урилга илгээ. Бид цайны уулзалт зохион байгуулна.

Элиза гүнлэг хатагтай толгой дохив. — Мэдлээ, Эрхэм дээдэс.

***

— Бүх язгууртан хатагтайг урьсан цайны уулзалт гэж үү? — Рашта гайхсандаа нүдээ томруулав. — Чи итгэлтэй байна уу?

Түүнд үйлчилдэг Черини уцаартайгаар, — Би тэгж л хэллээ шүү дээ! — гэж хариулав.

— Цайны уулзалт гэж нэрлэж байгаа ч ямар сүрлэг арга хэмжээ болохыг нь төсөөл дөө! — хэмээн нөгөө үйлчлэгч Кит дуу алдав. — Нийслэлийн бүх язгууртан хатагтай Баруун ордонд цуглах нь. Урилгуудыг өчигдөр илгээсэн бололтой.

— Тэгвэл Рашта яах юм бэ? — гэж Черини эсэргүүцэн асуулаа.

— Би чинь үүнийг л хэлээд байна! — Одоо Кит ч хөмсгөө зангидав. — Мэдээж та язгууртан гэр бүлээс гараагүй л дээ. Гэхдээ эзэн хааны албан ёсны амраг шүү дээ. Ингэж доромжлох гэж!

Рашта хөмсгөө атируулан, урамгүйдээ мөрөө унжуулав. — Өнөөдөр ордон яагаад ингэтлээ хөл хөдөлгөөнтэй байгааг гайхаад байсан юм... Одоо л учрыг нь ойлголоо.

— Хатан хаан энэ удаа үнэхээр хэрээс хэтэрлээ, — хэмээн Черини үглэв. — Эхлээд Рашта хатагтайн гэрээ байгуулах ёслолд зориулж найр хийгээгүй. Одоо өөрөө найр хийчихээд Рашта хатагтайг урих ч үгүй байна гэж үү?

Найр, цайны уулзалт хоёрын ялгааг мэдэхгүй Черини, Рашта хоёрт энэ бүхэн туйлын шударга бус санагдав. Хатан хаан түүнийг дахин л гадуурхжээ.

Рашта хөлийнхөө үзүүрээр шал тогшин сууснаа орон дээрээ пүлхийн унав.

— Хатан хаан Раштаг үнэхээр үзэн яддаг ч юм билүү... — хэмээн Кит бувтнав.

— Эзэн хаан Раштад хайртай болохоор хатан хаан атаархаж байгаа юм, — гэж Черини хэллээ.

— Рашта хатагтай, гоё хувцаслаад Баруун ордон руу явбал яасан юм бэ? — хэмээн Кит санал болгов.

Рашта хөмсгөө зангидлаа. — Гэхдээ надад урилга ирээгүй шүү дээ...

— Энэ ордон зөвхөн түүнийх юм уу? Рашта хатагтай, та ч гэсэн одоо энд амьдарч байгаа шүү дээ.

Үйлчлэгчид нь ээлжлэн ятгасан ч Рашта толгой сэгсрээд, хөнжилдөө шурган нуугдав. — Үгүй ээ. Рашта очвол л бүхнийг баллана.

Үйлчлэгчид нь бие бие рүүгээ хөмсгөө зангидан харцгаав. — Хөөрхий Рашта хатагтай...

***

Бид зөвхөн язгууртны хүрээний эмэгтэйчүүдийг урьсан ч төсөөлснөөс минь олон зочин хүрэлцэн иржээ. Ихэнхийг нь би таньж байсан ч ордонд бараг үзэгддэггүй хэдэн язгууртан хатагтай ирсэн тул нэрийг нь санах гэж багагүй зүдэрлээ.

Цэцэрлэгт пүддинг, жимсний цэлцэгнүүр, шоколадаар дүүргэсэн өөртөө үйлчлэх ширээ засаж, зочид нааш цааш алхалцгааж байв. Ийм маягаар хоол зассанд эхэндээ гайхсан ч удалгүй бүгд хөгжилдөн инээлдэж, цагийг сайхан өнгөрүүлж эхэллээ.

Уур амьсгал зөөлөрмөгц би тэдний анхаарлыг өөртөө хандуулав. — Та бүхнийг өнөөдөр урьсны учир нь эзэн хаан шинэ амраг Рашта хатагтайдаа шадар хатагтай олж өгөхийг хүссэн юм. Шинэ жилийн ёслолоос өмнө хүн олох шаардлагатай болохоор нийслэлээс гадуур хайх боломж алга. Энэ үүргийг гүйцэтгэж чадах хүн та бүхний танил дунд бий болов уу?

«Рашта хатагтайд хэн шадарлахыг хүсэж байна вэ?» гэж би шууд асууж чадахгүй. Гэхдээ миний санаа ойлгомжтой байсан.

Уур амьсгал гэнэт хөшүүн, эвгүй болов.

Бүсгүйчүүд бие бие рүүгээ хараад, нэг бол толгой сэгсэрч, нэг бол мөрөө хавчиж байлаа.

Би хэн нэгнийг ам нээхийг амьсгаа даран хүлээв. Хэн нэг нь сайн дураараа зөвшөөрөөсэй. Нийслэлд амьдардаг язгууртнууд зиндаа зэрэглэлээрээ ихэд бахархдаг. Нийслэлд амьдарлаа гээд хотын гаднах язгууртнуудаас илүү өндөр зэрэгтэй болчихдоггүй ч олон хүн тийм юм шиг аашилна.

Эзэн хааны амраг байлаа ч энгийн гаралтай эмэгтэйд үйлчлэхээр эндхийн язгууртан бүсгүйчүүд уралдан зүтгэхгүй нь мэдээж. Би үгээ тун болгоомжтой сонгох хэрэгтэй.

Хэдэн хором өнгөрсний дараа Лаурагийн дотнын найзуудын нэг болгоомжлон нам гүмийг эвдэв. — Э-Эрхэм дээдэс... Хэдэн долоо хоногийн турш нэг цуу яриа тархаж байгаа юм. Миний үүнийг хэлснийг эзэн хаанд битгий дуулгаарай. Амлах уу?

— Санаа зоволгүй ярь, — хэмээн би хэллээ.

— Рашта хатагтайг оргосон боол гэж бид сонссон. Хэрэв тэр зүгээр л энгийн иргэн байсан бол шадар хатагтай нь болох хүн гарч ирэх л байсан. Харин үнэхээр боол юм бол...

Бусад бүсгүйчүүд ч зөвшөөрсөн мэт толгой дохицгоов.

— Эрхэм дээдэс, би оргосон боолд үйлчилснээс ичээд үхсэн нь дээр, — хэмээн Хелен нэртэй залуу хатагтай хэлэв. — Өршөөгөөрэй.

— Тохирох нэг хүнийг би мэдэх юм, — хэмээн нас тогтсон нэгэн бүсгүй шивнэв. — Гэхдээ ийм эзэгтэйд үйлчил гэж түүнээс хүсээд, цуу яриа нь үнэн болж таарвал хариуд нь нүүр рүүгээ алгадуулснаас ялгаагүй хэрэг болно.

— Өршөөгөөрэй, Эрхэм дээдэс. Гэхдээ энэ чинь нэр төрийн хэрэг биш, харин доромжлол, бүр шийтгэл шиг санагдаж байна.

Би толгой гудайлган аажуухан амьсгаа гаргав. Цуу яриа дээдсийн хүрээ даяар аль хэдийн тархжээ. — Совиешу надад түүнийг ангийн хавханд бэртсэн, энгийн иргэн л гэж хэлсэн.

— Тэгвэл энгийн нэг охин ангийн газарт юу хийж явсан юм бол? — хэмээн Туаниа гүнгийн хатан асуухад ширээ тойрон суусан бүсгүйчүүд дахин шивнэлдэж эхлэв.

Ямар ч нэмэр алга.

Орой болж, зочид бүгд тарсны дараа би арайхийн Зүүн ордон руу алхлаа. Энэ орой Совиешутэй хамт хооллохоор товлосон байсан юм. Хүн олж чадаагүйгээ түүнд дуулгах хүсэл огт төрөхгүй байв.

Гэвч хоолны танхимд ороод би бүр ч их гайхлаа. Ширээн дээр ямар ч хоол алга. Совиешу хоосон ширээний ард ганцаараа, гараа нийлүүлэн сууж байв.

Би гайхан ширтсээр байтал тэр түрүүлж ам нээлээ. — Өнөөдөр үдээс хойш нийслэлийн бүх язгууртан хатагтайг найранд урьсан гэж сонслоо. Чи цадчихсан байх гэж бодоод оройн хоол бүү гарга гэж хэлсэн.

— Тийм үү. — Сайхан л эхэлж байна даа.

— Би Раштатай хамт хооллоно. Надад санаа зовох хэрэггүй.

Би хатуу үг хэлэх гэснээ арайхийн залгив.

— Раштад шадар хатагтай олсон уу? — хэмээн тэр ширээг хуруугаараа тогшин асуулаа.

— Тийм учраас л өнөөдөр үдээс хойш бүх язгууртан хатагтай болон охидыг нь цайнд урьсан юм. Харамсалтай нь хэн нь ч зөвшөөрсөнгүй.

Совиешу хөмсгөө зангидав. — Ингээд л болоо юу?

— Тийм ээ. Би хэнийг ч хүчээр албадаж чадахгүй.

— Татгалзсан шалтгаан байж л таараа. Магадгүй хөлс мөнгө санал болговол...

— Эрхэм дээдэс, асуудал мөнгөндөө биш.

— Тэгвэл юунд байгаа юм?

Би эргэлзлээ. Цуу ярианы тухай хэлэх үү? Гэхдээ тэр аль хэдийн сонссон л баймаар. Тэгээд ч би бүсгүйчүүдэд санаа зовж буйгаа чөлөөтэй хэлж болно, хэлснийг нь эзэн хаанд дамжуулахгүй гэж амласан билээ.

Би гараа өвөр дээрээ нийлүүлэв. — Миний таамаглаж байгаагаар, хүн бүр Шинэ жилийн баярын бэлтгэлд хэтэрхий завгүй байгаа бололтой. Одоо ачааллаа хоёр дахин нэмэхийг хэн ч хүсэхгүй байна.

Совиешу үүнийг хэсэг бодолхийлэв. Дараа нь уруулынх нь нэг үзүүр үл мэдэг өргөгдөв. — Чи тэдэнд элдэв утгагүй юм ярьчихсан юм биш биз?

Амьсгаа минь давчдав. Тэр намайг цуу яриа тараасан гэж буруутгаж зүрхэлж байна гэж үү? Би нуруугаа улам цэхлэв. — Мэдээж үгүй. Таны амрагийн тухай би юу ч мэдэхгүй байж яаж юм ярих билээ?

— Юу ч мэдэхгүй байсан ч хүмүүс ярьж л байдаг.

— Таны зөв. — Би түүн рүү эгцлэн, тайван харлаа. — Яг л ямар ч шалтгаангүй атлаа бусдыг сэжиглэж болдог шиг.

Совиешугийн нүүрэнд гэмшсэн өнгө гялсхийв.

Бид хэсэг зуур чимээгүй суулаа.

— Хэрэв чи намайг хэлж байгаа бол... — Совиешу үсээ гараараа илэв. — Би чамд итгэдэггүй гэсэн үг биш.

— Би таныг хэлээгүй, Эрхэм дээдэс. — Би толгой бөхийлөө.

Совиешу үүнийг сонсоод инээмсэглэв. — Зүгээр л асуусан юм. Битгий гомдоорой.

[[IMAGE: CH_IMAGES/006.jpg]]

Одоо л өнгөрсөн хойно доо. Гэвч эзэн хаантай илт хэрэлдэж муудалцаад сайн юм болохгүй. Түүнд мэдэгдэхгүйг хичээсэн ч миний бахархал хэдийнэ урагдан тасарчээ. Дотроо хэчнээн шаналж байгааг минь тэр анзаарахгүй л байгаасай гэж залбирахаас өөр аргагүй байв.

***

Совиешу өөр аргагүй болсныг ойлгов. Тэр бүх нарийн бичгийн дарга, зарц нараа цуглуулан тушаал өгөв. — Рашта хатагтайд үйлчлэх шадар хатагтай хэрэгтэй байна. Түр хугацаанд ажиллах хүн байсан ч болно. Та бүхэнд эмэгтэй хамаатан садан бий л байж таарна. Тэдэнд энэ байдлыг хэл. Та нарын хүн бүр энэ ажилд тохирох хоёр бүсгүйг санал болгох ёстой.

Эзэн хааны амраг гэдэг хачин байр суурьтай. Хүмүүсийн сонирхол, атаархлыг төрүүлэхийн зэрэгцээ амархан доог тохуу, жигшил зэвүүцлийн бай болж ч мэднэ. Тэгээд ч Рашта энгийн гаралтай нь язгууртнуудын өчүүхэн бардам занг бүр ч их шархлуулсан байх.

Эрт цагт зарим эзэн хаан амрагтаа зохиомол цол хэргэм олгохын тулд хуурамч гэрлэлтийн баримт, төрсний гэрчилгээ хүртэл үйлдүүлдэг байжээ. Гэвч Раштаг тойрсон цуу яриа дэндүү олон болсон. Түүнийг энгийн иргэн гэж нэгэнт мэдэгдсэн болохоор Совиешу одоо үгнээсээ буцаж чадахгүй.

Хэрэв Раштаг нэг жил, үгүй, ганцхан сар ч гэсэн ингэж эрхлүүлсээр байвал язгууртнууд түүнтэй нөхөрлөх дүр үзүүлэхээр дугаарлан зогсоно. Иймээс хэн ч өөрийн дураар энэ албан тушаалд очихыг хүсэхгүй бол хүчлэн томилохоор шийджээ.

— Раштатай ойролцоо насны хүн олоорой, — гэж тэр нэмж хэлэв. Охинд тухтай байлгахын тулд л тэр ингэж захив.

Нарийн бичгийн дарга, зарц нар нь бие бие рүүгээ эвгүйцэн харцгаахаас өөрийг хийсэнгүй.

***

— Чи ухаанаа алдчихаа юу? Үгүй, би оргосон боолд үйлчлэхгүй! Өөр хүнээс гуй! — хэмээн Ланте бароны эхнэрийн царай зэвхийрэн хөхөрлөө.

Тэдний хүү ч царай нь хувхайран, — Аав аа! Ээжээс ийм юм гуйж яаж чаддаг байна аа? — гэж дуу алдав.

Ланте барон хөлсөө цувуулан хоёр гараа савчлаа. — Оргосон боол гэнэ ээ? Та нар огт буруу ойлгож байна. Тэр зүгээр л энгийн иргэн...

— Оргосон боол мөн ч бай, биш ч бай, хүн бүр тэгж бодож байна! — Бароны эхнэр хоёр гараа ташаандаа тулж, нөхрөө ширтэв. — Чи үүнийг л хүсээ юу? Бүгд намайг, чамайг, хүүг маань, бүр бяцхан Жессийг хүртэл дооглохыг хүсээ юу? «Ланте барон боолоос ч дор» гэж хүмүүс ярихыг сонсмоор байгаа хэрэг үү?

Ланте бароны бодлоор Рашта тун сэтгэл татам залуу бүсгүй байлаа. Цаг хугацаа өнгөрөхөд бусад язгууртан ч эзэн хааны адил түүнд хайртай болно гэж барон итгэдэг байв.

Гэвч тэр бол ирээдүйн хэрэг. Одоохондоо дээдсийн хүрээнийхэн бүгд Раштаг дорд үзэж байгаа нь илэрхий. Барон уруулаа чийглээд, — Чамд нэг зээ охин байдаг биш билүү... — гэв.

— Яасан ч үгүй. Чамд өөрт чинь ах дүүсийн чинь гурван охин байгаа биз дээ?

— Чи миний хамаатны охидыг мэднэ шүү дээ. Тэднийг хүн асарч халамжилж чадна гэж найдах аргагүй.

— Бурхан минь, үүнийгээ чи шалтаг гэж байгаа юм уу? — хэмээн бароны эхнэр уурлан хэллээ.

Энэ хооронд Совиешугийн бусад зарц ч гэртээ үүнтэй адил байдалд орж байв. Рашта оргосон боол биш гэж хэчнээн удаа тайлбарлаад ч тэдний гэр бүлийн нэг ч эмэгтэй энэ албан тушаалыг хүлээж авахыг хүссэнгүй.

Гэвч хатан хаанаас ялгаатай нь Совиешугийн зарц нар хүн хайхаа зогсоох эрхгүй байлаа.

Эцэст нь Ланте барон холын хамаатныхаа нэг бүсгүйг, Пирно гүнлэг өөрийн охиныг ордонд ирэхийг ятгаж чаджээ. Ердөө ганц сарын хугацаанд л ажиллах нөхцөлтэй. Эзэн хааны шууд тушаал гэдгийг тайлбарласны эцэст гэр бүлийнхэн нь аргагүйдэн зөвшөөрөв.

***

Совиешу намайг язгууртан бүсгүйчүүдийг ахин ятга гэж шаардах вий хэмээн болгоомжилж байсан ч гурван өдрийн дараа Пирно гүнлэгийн охин, Ланте бароны холын хамаатны нэг бүсгүй Раштагийн шадар хатагтай болохыг зөвшөөрснийг сонслоо.

Хөдөөний алс бөглүү газар амьдардаг Ланте бароны хамаатныг эс тооцвол, Пирно гүнлэгийн охины тухай сонсоод би гайхав. Пирногийн гэр бүл нэлээд нөлөөтэй. — Түүний охиныг Хелен хатагтай гэдэг биз дээ?

— Тийм ээ, Эрхэм дээдэс, — хэмээн Элиза гүнлэг хатагтай хариулав.

Тэгэхээр миний цайны уулзалтын үеэр тэгтлээ уурлаж байсан Хелен энэ албан тушаалыг хүлээн зөвшөөрчээ.

— Хелен хатагтай сониуч зантай, аавтайгаа ч их дотно охин. Магадгүй аавынхаа төлөө л ингэж байгаа байх, — хэмээн би бодлоо хэлэв.

— Тийм гэдэгт эргэлзэхгүй байна, — гэж Элиза гүнлэг хатагтай зөвшөөрөв.

Би толгой дохиод энэ сэдвийг дахин хөндсөнгүй. Санаа зовоох нэг зүйл ийнхүү хасагдлаа.

Хэдэн цагийн дараа шадар хатагтай нартайгаа зугаалж яваад би өнөөх үзэсгэлэнт шувууг дахин олж харлаа. Цайвар, бараг шаргал үс шиг харагдах онцгой алтан өнгийг нь андуурахын аргагүй.

Шувуу шууд над руу нисэж ирэв. Өмнө минь агаарт дүүлэн тогтохыг нь хараад шадар хатагтай нар минь гайхан дуу алдацгаалаа.

— Пөөх! Хэн эргээд ирснийг хар даа!

— Таныг хайж ирсэн байх, Эрхэм дээдэс, — хэмээн Аллистер хатагтай өхөөрдөн хэллээ. — Ямар сонин юм бэ!

Жижигхэн хөлөнд нь бас нэг захиа уяжээ. Би догдлон тайлав.

Би өөрийгөө шувуунаас арай ухаантай гэж бодохыг хүсэж байна. Одоо бол согтуугийн манангаасаа сэрчихсэн.

Инээд минь өөрийн эрхгүй хүрлээ. Би урьд нь хэзээ ч ийм зүйл хийж байгаагүй — тэр тусмаа огт уулзаж үзээгүй хүнтэйгээ ингэж хөгийн зурвас солилцож байсангүй. Хөгжилтэй санагдаж байв. Ядаж л түр зуур бусад бүх зовнилоо мартчихаж болох юм.

Би дахин шувуунд ус өгөөд, хариу зурвасаа бичлээ.

Та бүрэн сэргэж амжаагүй л бололтой. Энэ шувууны нэр хэн бэ?

Миний бичсэн хариуг хараад шадар хатагтай нар дахин инээлдэв. — Эрхэм дээдэс, та ер нь иймэрхүү тоглоом хийдэггүй шүү дээ, — хэмээн тэдний нэг хэллээ.

Би инээмсэглэлээ арайхийн дарж, бяцхан шувууны духан дээр үнслээ. Дараа нь гараа тэнгэр өөд өргөн, түүнийг нисгэн явуулав.

Миний асуултад дахиад хариу ирэх болов уу гэж бодлоо. Ирээсэй гэж өөрийн эрхгүй хүсэж байв.

***

— Хатан хаан аа, Раштагийн тухай чамаас нэг зүйл асууя. — Сангийн сайдтай уулзалт хийж суусан Төв ордны ажлын өрөөний үүдэнд Совиешу хаалганы түшлэг налан зогсож байв.

— Үнэхээр тийм яаралтай хэрэг үү? — хэмээн би цаг харж асуулаа.

Сайд бид хоёр товлосон цагаасаа ч удаан ажиллачихаад байв. Совиешугийн амрагтай холбоотой асуудал жаахан хүлээж болох биш үү?

Совиешу хариу хэлэлгүй сангийн сайд руу харц шидэв. Сайд эвгүйцэн босож, гарч одов. Түүний бусад түшмэл ч араас нь гарлаа. Совиешу өрөө бүрэн хоосрохыг хүлээв.

Хоёулхнаа үлдмэгц би тэвчээрээ барагдуулалгүй нөхөр рүүгээ харлаа. — Юу болсон юм бэ?

Совиешу ширээн дээр минь дэлгэсэн том хүснэгтийг харахаар тонгойв. — Хэлсэн шүү дээ, Раштагийн тухай.

Бурхан минь, чи өөрийнхөө амрагийн асуудлыг өөрөө шийдэж болдоггүй юм уу? Би хэлэх гэсэн үгээ залгиад толгой дохив. — Түүнд юу болсон гэж?

— Түүнийг оргосон боол гэсэн цуу яриаг чи тарааж байгаа юм уу?

— Бас л үү? — Би түүн рүү ширүүн харлаа. Ядаж энэ удаа «элдэв утгагүй юм» ярьсан «байж магадгүй» гэж тойруулалгүй, намайг шууд буруутгах зориг гаргажээ.

— Раштагийн шадар хатагтай нар түүнтэй зохисгүй харьцаж байна. Үүргээ огт биелүүлэхгүй байгаа юм. — Тэр хөмсгөө зангидлаа.

Би хоёр чамархайгаа иллээ. — Эрхэм дээдэс, таны амрагийн хэрэг явдалд би оролцмооргүй байна. Тэр үүнийг буруугаар хүлээж авч мэднэ.

Тэр шүдээ хавирав. — Тэгвэл шадар хатагтай нар нь яагаад түүнд ингэж хүндэтгэлгүй хандаад байгаа юм? Раштагийн хийсэн болгоныг чиний үйлдэлтэй харьцуулдаг гэнэ. Хөөрхий охин надад гомдоллохыг хүсээгүй болохоор бүхнийг нуух гэж оролдсон. Би өөрийн хоёр нүдээр хараагүй бол юу болоод байгааг мэдэх ч үгүй өнгөрөх байсан.

— Энэ асуудлыг түүний шадар хатагтай нартай шууд ярилцахыг танд зөвлөе, — хэмээн би хариулав.

— Би аль хэдийн ярьсан! — хэмээн тэр ёжтой дуугаар хэллээ. — Тэд юу гэснийг мэдэх үү? Оргосон боолд үйлчлэхийг хүсэхгүй байна гэсэн.

— Эрхэм дээдэс, та шударга хандахгүй байна.

6-р анги дууслаа

Алдаа мэдэгдэх

Дахин гэрлэсэн хатан6-р анги · Унших

Алдааны мэдээлэл илгээхийн тулд бүртгэлээрээ нэвтэрнэ үү.

Нэвтрэх
ӨмнөхДараах