Дахин гэрлэсэн хатан

7-р анги

7-р анги — Миний үүр

Сонсох

Цааш тэвчиж чадалгүй би эцэст нь бодож явснаа хэлчихэв.

Совиешу намайг гайхан ширтлээ.

Нүд минь халуу дүүгэсэн ч нулимсаа барих гэж хэлээ хазав. Хатан хаан хүн уйлдаггүй. Ялангуяа нөхрийнхөө өмнө. — Түүний шадар хатагтай нар намайг ийм цуу яриа тараасан гэж хэлээгүй шүү дээ. Ордон даяар энэ тухай хэдэн долоо хоногийн турш ярьж байна. Та үнэхээр намайг буруутгаж байгаа юм уу?

Тэр гараа цээжиндээ зөрүүлэв. — Ийм цуу ярианаас чамаас илүү ашиг хүртэх хүн байхгүй.

— Яг юугаараа надад ашигтай гэж? — хэмээн би шүдээ зуун асуулаа.

— Рашта бол чиний хайр дурлалын өрсөлдөгч.

Би балмагдсандаа хэлэх үггүй болов.

— Түүнээс гадна чи надаас Раштаг оргосон боол мөн эсэхийг өмнө нь асууж байсан. Санаж байна уу? Бас тэр цууг хаанаас сонссоноо хэлээгүй. Магадгүй анхнаасаа өөрөө тараасан болохоор тэр биз.

Совиешугийн энэ буруутгал шударга бус төдийгүй намайг гүн доромжиллоо. Би доод уруулаа чанга хазаж, түүнийг ширүүн харцаар ширтэв. Биеэ барихыг хичээн гүн амьсгаа авсан ч тайван байхыг хичээх тусам Совиешу улам сэжиглэж байв.

Нэлээд хугацаа өнгөрсний эцэст арайхийн дууныхаа өнгийг тогтуун болгож чадлаа. — Таны амраг миний хайр дурлалын өрсөлдөгч биш.

— Юу гэнэ ээ? — Тэр нэг хөмсгөө өргөв.

— Би танд дурлаагүй байхад тэр эмэгтэй яаж миний «хайр дурлалын өрсөлдөгч» байх юм бэ? — хэмээн би тэсгэлгүй хэлчихэв.

Совиешу цочирдсон янзтай хэдэнтээ анивчлаа.

Би толины өмнө тоо томшгүй олон удаа давтаж сурсан үл ялиг инээмсэглэлээ тодруулав. Хүйтэн хөндий, тайван, өөрийгөө бүрэн эзэмдсэн төрх. — Таны хувьд тэр эрхэм нандин амраг тань байж болох ч миний хувьд огт танихгүй хүн. Түүнийг зовоохын тулд ийм их төвөг удах хэрэг надад байхгүй. Тиймээс Эрхэм дээдэс, танд дахин нэг удаа зөвлөе. Амрагийнхаа хэрэгт намайг бүү хутга.

Ингэж хэлээд би огцом эргэн, өрөөнөөс яаран гарлаа.

Үүдний хонгилд сангийн сайд нааш цааш холхиж байв. Намайг хармагцаа нүд нь томорлоо. Намайг уурлаж бухимдсаныг тэр анзаарчээ.

Би түүнд инээмсэглэн үдшийн мэнд хүргээд, Баруун ордны зүг хонгилоор яаран алхлаа.

Шадар хатагтай нар минь ч мэддэггүй, цэцэрлэгийн хүнгүй буланд очив. Тэндэх үүр шиг сандал руугаа өөрийгөө шидээд, биеэ хураан эвхрэв. Ядаж энд уйлахыг минь хэн ч сонсохгүй.

Хатан хаан хүн ийм зүйлээс болж уйлдаггүй.

Совиешу, түүний амраг хоёр надад огт хамаагүй, үүнээс болж шаналах хэрэггүй гэж би өөртөө дахин дахин хэллээ. Гэвч зүрхэнд минь үүссэн хоосон зай тэвчихийн аргагүй өвдөж байв.

Би үүрэндээ эвхрэн хэр удаан сууснаа ч мэдсэнгүй. Толгойгоо өргөхөд гадаа нэгэнт харанхуй болжээ. Шадар хатагтай нар минь намайг хайж байгаа даа.

Биеэ аажуухан тэнийлгэж, босох гэж оролдов. Гэвч олон цаг тэр чигээрээ сууснаас бие хөшиж, гар хөл минь модон хүүхэлдэйнх шиг хөдлөхөд бэрх болжээ.

Тэртээ алсад шувуу жиргэх чимээ дуулдав.

Би үүрнээсээ толгой өргөн харахад нэгэн том шувуу тэнгэрээс доош бууж ирж байлаа.

— Аа! — хэмээн би дуу алдлаа.

Гадаадын согтуу эрийн зурвасыг надад авчирч өгсөн өнөөх үзэсгэлэнт шувуу мөн байв. Энэ удаад ч шувуу шууд над руу нисэн ирж, өвдгөн дээр минь буулаа. Далавчтай тэр амьтан бид хоёр хамгийн дотнын найзууд мэт толгойгоо гилжийлгэн над руу харав.

Өхөөрдөм аашийг нь хараад би инээмсэглэлээ. — Намайг олохдоо үнэхээр сайн юм аа, чи.

Шувууны хөлд дахиад л зурвас уяжээ. Тайлаад дэлгэхэд өмнөх шигээ цэвэр нямбай бичгээр бичсэн байв.

Тийм зүйл үнэхээр хэрэгтэй гэж үү? Хэрэв хүсвэл та түүнд нэр өгч болно.

Би зурвасаас харцаа салган дээш харлаа. Гайхалтай үзэсгэлэнтэй шувуу толгойгоо нэг тийш, дараа нь нөгөө тийш гилжийлгэв. Надад л тэгж санагдав уу, эсвэл энэ удаа урьдынхаасаа илүү санаа зовсон мэт харагдав уу?

Намайг өнөө орой сэтгэлээр унасныг мэдэрсэн юм болов уу?

— Бяцхан шувуухай минь, — хэмээн би өхөөрдөв. — Өө, шувуухай минь.

Нүд нь тийм соргог, сэргэлэн харагдах тул хэлснийг минь ойлгож байгаа гэдэгт бараг итгэмээр байлаа.

Ямар тэнэг хэрэг вэ...

Гэхдээ заавал тэнэг хэрэг ч биш байж мэднэ. Ухаантай зарим төрлийн шувуу хүний ярианаас ойлгодог шүү дээ. Би хэсэг тээнэгэлзээд, эргэн тойрноо дахин нэг нягталсны дараа шувууг тэврэн авлаа.

— Энэ бол миний нууц нуугдах газар, — хэмээн шивнэв.

Шувуу цочих шиг болоод, толгойгоо гилжийлгэсэн хэвээр над руу ширтлээ.

Би нурууг нь илэв. — Чи намайг дуртай газраа ирж эргэж болохгүй. Харин энд бол хүссэн үедээ ирж болно. Ганцхан үүнийг хэнд ч хэлэхгүй гэж амлаарай. Намайг уйлсныг зөвхөн чи л мэдэж болно.

Шувуу ахиад л том хар нүдээ анивчлаа. Тэгээд надад хий үзэгдсэн ч байж мэдэхээр удаанаар нэг далавчаа өргөж, хацрыг минь зөөлөн шүргэв.

Би инээдээ барьж чадсангүй. — Чи ямар өхөөрдөм шувуу вэ. Толгойг нь үнсэхээр тонгойтол тэр этгээд дуугаар гогодож, хошуугаараа зурвасыг тогшлоо.

Хариу бичээсэй гэж хүсэж байгаа юм болов уу? Ямар ухаантай шувуу вэ!

Аз болоход би сүүлийн үед жижиг дэвтэр, үзэг авч явдаг болсон байв. Тэдгээрийг гаргаад, шувуунд тохирох нэр бодон хэсэг тээнэгэлзэв. Тэгээд «Түүнийг Күин гэж нэрлэе» хэмээн бичлээ.

Дээш харвал шувуу захиаг уншиж чаддаг юм шиг над руу ширтэж байв. Тэр «Күин» гэсэн үгийг хошуугаараа тоншлоо.

— Энэ чиний нэр, — хэмээн би хэлэв. — Эзэн чинь зөвшөөрвөл шүү дээ.

Зурвасыг хөлд нь дахин уячихаад шувууг сүүлчийн удаа тэврэв.

[[IMAGE: CH_IMAGES/007.jpg]]

Хэн юу ч хэлж, юу ч хийсэн бай, би хууль ёсны хатан хаан хэвээрээ. Совиешугийн амраг бол ердөө л амраг. Түүнээс өөр юу ч биш.

Би алганы хэмжээтэй толинцроо гаргаж, нүднийхээ эргэн тойрны улайсан хэсгийг дарж иллээ. Ээжийнхээ хэлснийг санах хэрэгтэй. Хайр дурлалын явдалд өөрийгөө татан оруулж болохгүй.

— Хүмүүс эзэн хааныг намайг хайрлана гэж хүлээдэггүй, — хэмээн би бувтналаа.

Шувуу өдөө сэгсийлгэв.

— Бас намайг түүнд хайртай байна гэж ч хүлээдэггүй. Бид хоёрт үүнээс чухал үүрэг бий.

Би төгс хатан хаан болохын төлөө бүх насаараа бэлтгэж ирсэн. Надад өвдөх, шаналах мэдрэмж байхгүй биш. Гэвч хэчнээн хэцүү байсан ч би бууж өгч болохгүй. Шаналалдаа хангалттай удаан автлаа. Одоо өөрийгөө гартаа авах цаг болжээ.

Би аажуухан амьсгаа авч, шувууг тавьж явуулахаасаа өмнө сүүлчийн удаа үнслээ. Шувуу агаарт хэсэг дэвэн, толгой дээгүүр минь тойрч байснаа урьдын адил нисэн одов. Би түүний араас харж зогсонгоо инээмсэглэх дасгалаа хийлээ. Эхний хэдэн удаа бүтэлгүйтсэн ч эцэст нь хүссэн инээмсэглэлээ гаргаж чадлаа.

Би ордондоо урьдын хэвээрээ буцаж ирэв.

***

Том шувуу тэнгэрт дүүлэн ниссээр удалгүй ойролцоох уул руу доошиллоо. Моддын оройг шүргэн өнгөрөх зуур янз бүрийн шувууд цугласан газрыг олж хармагцаа тийшээ чиглэн хурдлав.

Үзэсгэлэнт том шувуу тэдэн дээр ирмэгц бусад нь дэвхцэн, хамтдаа бужигналдав.

Тэр аварга том хадан дээр бууж, өдөө шаржигнууллаа. Дахин нэг шаржигнахад эргэн тойронд нь өд хөвөн хийсэх шиг болов. Гэтэл нүд ирмэхийн зуур шувуу ор мөргүй алга болж, оронд нь өндөр нуруутай, царайлаг эр сууна. Булчинлаг биеийнх нь харьцаа бурхны бүтээл гэмээр төгс. Тэр суут урчуудын бүтээсэн баримал мэт хадан налан тухалжээ.

Түүний үсний өнгө шувууны өдтэй яг адил байв.

— Тэнгэр минь гэж, — хэмээн залуу эр үглэв. — Эр хүнийг яаж «Күин» гэж нэрлэж чаддаг байна аа? — Тэр хатан хааны үнссэн зулайгаа тэмтрэв.

Ойролцоо суусан нэг хөх шувуу газар руу нисэж буулаа. Газарт хүрмэгцээ тэр хөх үстэй эр болон хувирав. Тэр эхний залуу руу нүдээ онийлгон харснаа ойролцоох модноос улаан нөмрөг авч дэлгэлээ.

Нөмрөгийг дээш өргөсөн чигтээ хэлээ цохин, — Та орчны байдлыг тандахаар явна гэсэн биз дээ. Дахиад өөр тийшээ хазайсан юм биш биз? — гэж асуув.

— Яалаа гэж дээ. — Эхний залуу инээмсэглэв. — Би Эзэн хааны ордныг тагнаж судалсан.

— Сайхан залуу бүсгүйчүүд хаана байгааг тагнаж судалсан гэх гэсэн юм биш үү? — хэмээн нөгөө эр бувтналаа.

— Би Эзэн хааны ордны цэцэрлэгт хүртэл орж чадсан шүү.

— Үнэхээр үү? — Хөх үстэй эр итгэсэн шинжгүй харлаа.

Залуу эр мөрөө хавчив. — Яасан, чи надад итгэхгүй байна уу?

Хөх үстэй эр нөмрөгийг залуугийн мөрөн дээр тохов. — Мэдээж итгэж байна. Гэхдээ... болгоомжтой байгаарай, Эрхэмсэг дээдэс. Та Баруун хаант улсын хаан ширээг хамгийн түрүүнд залгамжлах эрхтэй хүн гэдгээ мартаж болохгүй.

***

Өчигдөр би алчуураа үүр шиг сандал дээрээ унагачихсан бололтой. Өрөөгөө нэгжээд ч олсонгүй. Төв ордонд хэдэн ажил амжуулчихаад, өдрийн хоолны цагийг ашиглан Баруун ордны цэцэрлэгт дахин очлоо.

Нууц газартаа бараг хүрч байтал хүний яриа сонсогдов.

— Санаа зовоод байхаа боль л доо. Би хэлсэн шүү дээ, зүгээр гэж. Эрхэм дээдэс өдрийн энэ цагт энд ирдэггүй юм, — хэмээн нэг нь хэлэв.

— Тэгээд ч Баруун ордон тэр чигээрээ түүний өмч биш шүү дээ, — хэмээн өөр нэгэн дуу хариулав.

— Эрхэм дээдэс өөрөө Зүүн ордонд байнга очдог биз дээ, — хэмээн эхнийх нь санал нийлэв. — Тэгвэл Рашта хатагтай яагаад энд ирж болохгүй гэж?

Тэр охины нэрийг сонсоод би хөдөлж чадсангүй. Өндөр өвсний цаана биеэ хагас нуун, тэднийг ажиглав.

Рашта миний үүр шиг сандалд сууж байв. Үйлчлэгчдийнх нь нэг сандлыг савлуур мэт түлхэж, нөгөө нь ширээ засчихаад жимс хэрчиж байлаа.

Уур хилэн бүх биеэр минь дүрэлзэв. Баруун ордон бол хатан хааны эзэмшил гэдгийг тэр сураагүй хэрэг үү?

Үйлчлэгчдийнх нь ярианаас үзвэл мэдэж л байж. Намайг байхгүй цагийг зориуд тааруулж иржээ.

Би хувийн нууцхан газартаа хэн нэгнийг байхыг харах дургүй. Тэр тусмаа жигшдэг эмэгтэйгээ харах бүр ч дургүй.

— Эрхэм дээдэс иймэрхүү газраар бараг явдаггүй ч байж мэднэ. Та ашиглаагүй бол энэ сандал дэмий л байх байсан шүү дээ, Рашта хатагтай, — хэмээн эхний үйлчлэгч хэлэв.

— Рашта хатагтай... та ямар хөөрхөн юм бэ, — хэмээн хоёр дахь үйлчлэгч нь өхөөрдөн магтав. — Тантай чацуу бусад язгууртан охидоос огт өөр. Сайн талаараа шүү.

Рашта савлахаа түр зогсов. — Яаж өөр гэж? Бусад нь ямар байдаг юм?

— За, юу л даа... — Хоёр үйлчлэгч бие бие рүүгээ харц солилцов. — Язгууртан охид арван долоон нас хүрэхээрээ дээдсийн хүрээнд албан ёсоор хөл тавих ёстой. Түүнээс хойш тэд... зальтай болчихдог гэх үү дээ.

— Хэсэг бүлгээрээ нийлж, үргэлж хэрэлдэж тэмцэлдэнэ, — хэмээн эхний бүсгүй нэмж хэлэв. — Бас ар хударгаар нь муулах явдал зөндөө.

— Пөөх. Рашта хатагтай, та тийм хүмүүстэй орооцолдохгүй байсан нь дээр. — Хоёр дахь үйлчлэгч гэнэт санаа зовсон шинжтэй болов. — Тэд таныг амьдаар нь залгичихна шүү.

Би биеийнхээ жинг нөгөө хөлдөө шилжүүлэхэд гишгэсэн мөчир минь тасхийн хугарав. Рашта толгой өргөөд, яг миний нүд рүү харлаа.

— Эгч ээ... ү-үгүй ээ, Эрхэм дээдэс... — Гэнэтийн байдалд сандарсан тэр суудлаасаа ухасхийн босов.

Саяхан язгууртан бүсгүйчүүдийг муулж байсан үйлчлэгчид нь ч яаран босож, ёсоллоо.

Би тэднийг үл тоов. Раштагийн шинээр авсан шадар хатагтай нар хаачсан юм бол? Эсвэл Совиешу тэднийг ааш аяг нь таалагдаагүй гээд халчихсан юм болов уу, үгүй бол Рашта тэдэнгүйгээр энд ирсэн хэрэг үү? Би өндөр өвсийг хоёр тийш зайлуулан хэд алхаж ойртов.

Раштаг босоход миний алчуур даашинзных нь ар талд наалдсан байв. Тэр алчуурыг өвсөн дундаас олоод, сандал дээр дэвсэж суусан бололтой. Намайг харж байгааг анзаармагцаа Рашта яаран тайлбарлав. — Хэрэггүй хог биш шүү, Эрхэм дээдэс. Зүв зүгээр байгаа.

— Тэр сандлыг хог биш гэдгийг би мэднэ. Эцсийн эцэст миний сандал шүү дээ.

Рашта биеэ хөшөөв.

Харин би эртний нэг хэлээр арав хүртэл тооллоо. Уг нь тэр охин руу хамаг хүчээрээ хашхирмаар санагдана. Миний эд юмсад яаж гар хүрч зүрхлэв ээ?

— Өө... Эрхэм дээдэс? — Раштагийн дуу нарийн чичирхийлэв. — Та яагаад над руу тэгж хараад байгаа юм бэ?

Би ам нээж ч чадсангүй. Энэ бол миний нууц газар. Ганцаараа байж чаддаг цорын ганц газар минь. Уг нь энд бусад хүн ирж болохгүй гэсэн хатуу хориг байгаагүй. Гэхдээ би энд өмнө нь өөр хэнийг ч харж байгаагүй. Энэ газар, энэ сандал, энд эдэлдэг амар тайван, халдашгүй ганцаардалдаа би хайртай байлаа. Тэр тусмаа Рашта миний хувийн орон зайд ингэж халдсанд өөрөө ч гайхмаар их уур хүрч байв.

Гэвч нэг муу сандлаас болж сэтгэл хөдлөлөө ил гаргах нь хатан хаан хүнд зохисгүй. Би уурлавал үйлчлэгчид нь дараа нь шоолон хов жив тараах биз. Ийм өчүүхэн зүйлд уурслаа гээд хүн бүхэн хатан хааныг элэглэнэ.

Намайг ирэхэд тэдний ярьж байсанчлан, Баруун ордонд амрагууд ирэхийг хориглоогүй. Зүгээр л ихэнх амраг хатан хааныг хүндэтгээд энд ирдэггүй байлаа.

Харин энэ амрагаас тийм хүндэтгэл хүлээх нь дэндүү их хүссэн хэрэг бололтой. Би гүнзгий амьсгаа авч, өөрийгөө тайвшруулав. Уурлаж байгаагаа харуулж болохгүй.

— Эрхэм дээдэс... — Рашта тээнэгэлзлээ.

— Чиний сууж байсан тэр алчуур минийх, — хэмээн би хүйтнээр хэлэв.

Рашта яаран эргэлээ. Үйлчлэгчид нь түгшсэн харцаар бие биеэ харж, дахин бөхийн ёсолцгоох зуур Рашта алчуурыг авч өгөв.

— Уучлаарай, Эрхэм дээдэс. Би мэдээгүй. Сандлын хажууд газар хэвтэж байсан болохоор...

— Зүгээр ээ. Чи мэдээгүй юм чинь. — Би алгаа сунгав. — Гэхдээ цаашдаа Баруун ордонд ирэхээс зайлсхийсэн нь дээр.

— Г-гэхдээ би тантай найз болохыг хүсэж байгаа шүү дээ... — Рашта уйлж эхлэхэд үйлчлэгчид нь түүнийг өрөвдсөн харцаар ширтлээ. Алчуур, сандал төдийхнөөс болж өчүүхэн зан гаргаж буй намайг тэд хоёулаа хорон муу хүн гэж бодож байгаа нь илт.

За тэгвэл. Тэд намайг өчүүхэн зан гаргасан гэж үзэж байгаа бол жинхэнэ өчүүхэн зан гэж юу болохыг харуулъя. Би зөвлөгөө өгөх гэж байгаа мэт инээмсэглэн түүн рүү бөхийв. — Эзэн хаан дараагийн амрагаа авбал чи тэр эмэгтэйтэй найзалж болно шүү дээ.

Раштагийн уйлаан гэнэт тасрав. — Дараагийн амраг аа?

— Мэдээж чиний дараа авчрах эмэгтэйг хэлж байна.

Тийм зүйл төсөөлөх төдийд л Раштагийн царай цонхийн, сэтгэл нь шархалсан нь илт болов. Алчуур бид хоёрын дундах өвсөн дээр хийсэн унав. — У-уучлаарай, — хэмээн тэр ээрч хэллээ. Тэгээд бөхийн ёслоод бараг гүйх шахам холдов. Үйлчлэгчид нь сандран араас нь дагалдлаа.

Би түүнийг явтал харж зогсов. Тэгээд үүр шиг сандал, өвсөн дунд үрчийж хэвтэх алчуур руугаа эргэлээ.

Сэтгэл минь огтхон ч тэнийсэнгүй. Харин ч сандал, алчуур минь урьдынх шигээ хэвээр байсан хэр нь тэд надад одоо ямар ч тайтгарал өгөхөө больжээ.

***

— Эрхэм дээдэс! — Совиешу олон удаагийн уулзалтаас болж ядарсаар Раштагийн өрөөнд дөнгөж орж иртэл амраг нь түүнийг тэврэн авч, цурхиран уйллаа.

— Яасан бэ? Яагаад уйлаад байгаа юм? — Тэр Раштагийн үсийг илээд, хацрыг нь алгандаа зөөлөн атгав. — Шадар хатагтай нар чинь дахиад муухай үг хэлсэн үү?

— Эрхэм дээдэс, та надаас уйдвал өөр амрагтай болох уу? — хэмээн Рашта уйлан байж асуулаа.

— Юу гэнэ ээ? — Совиешу гайхаж хоцорлоо. — Хэн чамд ийм юм хэлсэн юм?

Рашта нулимс дундаасаа чангаар, — Хатан хаан! — гэж хашхирлаа.

— Хатан хаан гэнэ ээ. — Совиешу хөмсгөө зангидлаа. — Тэр яагаад чамд тийм үг хэлсэн юм бол? Ер нь та хоёр хаана тааралдсан юм?

— Баруун ордны цэцэрлэгт хэн ч хэрэглэдэггүй нэг хуучин сандал байдаг юм. Би түүн дээр савлаж байтал...

— Чи дахиад Баруун ордонд очсон хэрэг үү? — Тэр хөмсгөө зангидлаа.

— Би мэдэж байна аа. — Рашта ичингүйрэн толгойгоо гудайлгав. — Гэхдээ хатан хаан байхгүй цагийг нь тааруулж очсон юм. Тэгээд тэр цэцэрлэг ордны барилгаас хол байсан, Эрхэм дээдэс. Хэн нэгэн дургүйцнэ гэж бодоогүй...

Рашта дахин цурхиран уйлав.

Совиешу санаа алдаж, ханцуйгаараа нулимсыг нь арчив. — За, тэгээд чи хуучин сандал дээр савлаж байж. Дараа нь юу болсон бэ?

— Хатан хаан цэцэрлэгт ирээд над руу аймаар муухай харсан... Би тантай найз болохыг хүсэж байна гэж хэлсэн чинь...

— Тэгээд тэр юу гэсэн гэж? Би чамаар ханатлаа зугаацсаны дараа өөр амрагтай болно гэж үү? — Совиешугийн царай барайлаа.

— Яг тэгж хэлээгүй л дээ. Гэхдээ тийм л утгатай байсан. Эрхэм дээдэс, та тэгэхгүй биз дээ? — хэмээн Рашта гуйлаа. — Та өөрийн Раштагаас өөр хэн нэгнийг үнэхээр хайрлаж чадах юм уу? Намайг араар минь тавих уу?

Совиешу эрүүгээ чанга зуув. — Би тэгэхгүй гэдгийг чи мэднэ шүү дээ.

— Үнэнээ хэлж байгаа биз дээ? Та намайг хуурч мэхлэхгүй биз дээ? — Рашта нулимсаар дүүрсэн том нүдээрээ Совиешу руу ширтлээ.

Совиешу түүнийг тэврэн авч, хэзээ ч тийм зүйл хийхгүй хэмээн тангараглав.

Тэгсний дараа л Раштагийн биеийн чичиргээ аажмаар намдав.

Совиешу хөмсгөө зангидан, ямар нэг зүйл бодлогошрон Раштагийн нурууг илэв.

7-р анги дууслаа

Алдаа мэдэгдэх

Дахин гэрлэсэн хатан7-р анги · Унших

Алдааны мэдээлэл илгээхийн тулд бүртгэлээрээ нэвтэрнэ үү.

Нэвтрэх
ӨмнөхДараах