Тэр өдрийн зочдоо хүлээн авч дуусаад Баруун ордондоо эргэн ирж, ердийнхөөсөө эртхэн гэрийн хувцсаа өмслөө. Олон зүйлд сэтгэл зовсноос толгой өвдөж, дотор ч муухайрч байв.
Ээж яагаад эзэн хааны амрагуудын асуудалд оролцох хэрэггүй гэж захидгийг одоо л ойлгож эхэлж байлаа. Гэхдээ ээж ээ, би тэр эмэгтэйгээс хэчнээн зайлсхийсэн ч өөрөө л дахин дахин гараад ирэх юм.
— Элиза гүнлэг хатагтай, — хэмээн би дуудав.
— Тийм ээ, Эрхэм дээдэс?
— Ээжид надад түүний тусламж хэрэгтэй байгааг... Үгүй ээ, больё. — Ээждээ төвөг удах хэрэггүй.
— Трови гүнгийн хатныг энд залж ирэх үү? — гэж Элиза асуулаа.
— Үгүй, зүгээр ээ. Шинэ жилийн ёслолоор ээж ирнэ. Тэгэхэд нь ярилцаж болно.
Элиза гүнлэг хатагтай хэсэг эргэлзэв. — Хэрэв таны сэтгэлийг зовоож буй зүйл байгаа бол ээжтэйгээ ярилцсан нь дээр байж мэднэ, Эрхэм дээдэс.
Ээжтэйгээ ярилцвал сэтгэл минь онгойх нь мэдээж. Гэвч ээж л санаа зовно. Өөрийгөө тайвшруулахын тулд ээжийгээ шаналгамааргүй байв. Тэр миний хүүхэд насны турш чухам ийм явдал тохиолдох вий гэж зовниж ирсэн шүү дээ.
Би өөрөө даван туулж чадна. Ээжтэй дараа ярилцъя. Ямар ч байсан Раштагийн тухай цууг өдийд сонсчихсон байгаа.
— Шинэ жилээр ээжтэй ярилцана, — гэж хэлээд би ярианы сэдвийг өөрчлөхөөр үг хайв. — Аан, Лаура хатагтайн бие дээрдсэн үү?
— Нэлээд дээрдсэн, Эрхэм дээдэс. Тэр аль болох хурдан ордонд буцаж ирэхийг хүсэж байгаа. — Элиза гүнлэг хатагтай ч түүнийг эргэн ирээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж буй бололтой.
Би толгой дохилоо. — Бэлэн болсон үедээ хэзээ ч ирж болно гэж хэлээрэй. Шинэ жилийн баяраас өмнө ирвэл бүр сайн. Тэр ирчихвэл ордноор дүүрэн эргэлдэх хов жив ч жаахан намжиж мэднэ...
— Мэдлээ, Эрхэм дээдэс.
Лаурагийн тухай ярьснаас хойш түүний цоглог, гэрэл гэгээтэй занг үгүйлж эхлэв. Элиза гүнлэг хатагтайг өрөөнөөс гарсны дараа үсэндээ шигтгэсэн эрдэнийн чулуун чимэглэлүүдээ нэг нэгээр нь салгалаа.
Өнөө орой эрт унтсан нь дээр.
Оройн хоолоо алгасах эсэхээ бодон ширээ рүүгээ очиж, тэмдэглэлийн дэвтрээ нээв. Ард минь хаалга дуугарахад Элиза буцаад иржээ гэж бодлоо. — Түр хүлээгээрэй, — хэмээн би эргэж харалгүй хэлэв.
Ширээнийхээ ард суугаад үзгээ бэхэнд дүртэл гэнэт сандлын яг ард хэн нэгэн зогсож байгааг мэдэрлээ. Тэр хүн дээрээс минь тонгойсон байв.
Элиза гүнлэг хатагтай хэзээ ч ингэж авирлахгүй. Би хөмсгөө зангидан огцом эргэв.
— Эрхэм дээдэс? — хэмээн гайхсандаа хөмсгөө өргөлөө.
Миний ард Совиешу зогсож байв. Тэр хамгийн сүүлд хэзээ Баруун ордонд ирснийг ч санахгүй байлаа. Гэвч түүнийг хараад баярлахын оронд сэтгэл түгшив.
Сүүлийн үед Совиешутэй уулзах болгонд ямар нэгэн таагүй явдал тохиолддог болжээ. — Та энд юу хийж яваа юм бэ, Эрхэм дээдэс? — гэж асуулаа.
— Чи хэзээнээс ингэтлээ өөрчлөгдчихөв? — хэмээн тэр хариу асуув.
Тийм л байхгүй юу. Таамагласанчлан Совиешутэй дахиад л тавгүй яриа өрнүүлэх нь. Дотор минь палхийв.
Одоо бүр өөрийнхөө унтлагын өрөөнд түүнтэй маргалдах хэрэг гарах нь ээ.
— Би юугаараа өөрчлөгдсөн гэж?
Түүний эрүүний булчин зангирав. — Раштатай холбоотой болсон явдлыг хэлж байна.
Рашта. Бас л Рашта. Энэ нэрийг сонссоор үнэхээр залхаж гүйцжээ. Гэсэн ч дуугаа аль болох тогтуун байлгав. — Таны бодлоор яг юу болсон юм бэ?
— Чи түүнд дараа нь би өөр амрагтай болно гэж хэлсэн байна.
Би ойлгоогүй дүр үзүүлэв. — Тэр надтай найзлахыг хүссэн. Тиймээс би таны дараа авчрах амрагтай найзлахыг нь л зөвлөсөн юм.
Совиешугийн царай улам барайлаа.
— Би үүгээрээ ямар буруу зүйл хийсэн гэж? — хэмээн би эсэргүүцэв.
— Тэр чамд муу санасан юм байхгүй. — Совиешу гараа цээжиндээ зөрүүлэв. — Түүнийг заавал тэгж егөөдөх шаардлагатай байсан юм уу?
Би сандлаасаа бослоо. — Намайг өөрчлөгдсөн гэж та хэлж байна. Гэтэл өөрийнхөөрөө авирлахаа больсон хүн нь та өөрөө шүү дээ, Эрхэм дээдэс.
— Хатан хаан!
— Би түүний тухай сонсохыг хүсэхгүй байгаагаа танд дахин дахин хэлсэн. Гэтэл та түүний нэрийг байнга дурдах юм. Та хоёр, та бас Рашта хатагтай намайг өөрсдөө эрж ирэхээ больчихвол би түүнийг егөөдөх ямар ч шалтгаангүй.
— Түүний тухай сонсохыг хүсэхгүй гэнэ ээ? — гэж тэр огцом хэлэв. — Чи зүгээр л түүнийг тайван орхисон бол би анхнаасаа энд ирэх ч үгүй байсан!
Уур хилэн минь буцалж байлаа. Гэсэн ч би хашхирч, орилохгүй гэж шийдэв. Хатан хаан хүн уураа ингэж гаргадаггүй. Үүний оронд түүнийг хамгийн ихээр шархлуулах үгийг олж хэллээ. — Танай эцэг Софиа гүнлэг хатагтайн тухай ээжтэй тань байнга ярьдаг байсан уу?
Совиешугийн царай цаас шиг цонхийв. — Чамайг ийм аймшигтай үг хэлж чаддаг гэж бодсонгүй.
Би юу ч хариулсангүй.
Тэр өрөөг тойруулан гараараа заав. — Чиний өрөө ийм сайхан тавилгаар дүүрэн байна. Хүсвэл үүнээс ч олон тавилга худалдаж авч чадна. Тэгсэн мөртөө юу ч үгүй өссөн нэг охинд ганцхан сандал хэрэглэхийг нь хүртэл зөвшөөрөхгүй гэж үү? — Совиешу зэвүүцсэн янзтай хэлээ дуугаргав. — Тэр чиний захирдаг ард иргэдийн нэг. Чамд түүнийг ядаж өчүүхэн ч гэсэн өрөвдөх сэтгэл алга уу?
— Алга.
Миний шулуухан хариултыг сонсоод Совиешу дахиад л дургүйцэн хэлээ дуугаргалаа.
Түүнийг явмагц хөл минь салганаж эхлэв. Би арайхийн сандал дээрээ суунгуут Элиза гүнлэг хатагтай гүйн орж ирлээ. Тэр намайг чанга тэврээд тавьсангүй.
***
— Үнэн гэж үү? — хэмээн Раштагийн шивэгчин Черини гайхсандаа амаа ангайв. — Эрхэм дээдэс Раштагаас болоод хатан хаан руу хашхирсан гэж үү?
Кейт толгой дохив. — Хонгил даяар сонсогдохоор чанга хашхирсан гэнэ лээ!
Черини инээлээ.
Харин Рашта нүүрээ хоёр гараараа дарав. — Ёстой гайхалтай юм аа. Эрхэм дээдэс үнэхээр гайхалтай хүн юм!
Раштагийн нөгөө шивэгчин Кейт ойртон тонгойв. — Үүгээр ч зогсохгүй. Өөрийг чинь оргосон боол гэж худал цуу тараасан хэнийг ч хатуу шийтгэнэ гэсэн тушаал буулгасан гэнэ.
Хоёр шивэгчин хөөр баярт автжээ. — Эрхэм дээдэс танд үнэхээр хайртай юм байна, Рашта хатагтай.
— Хөөх... — хэмээн Рашта амьсгаа даран шивнэв.
— Тийм үзэсгэлэнтэй, гэнэн цайлган бүсгүйд дурлахгүй эр хүн гэж хаана байх вэ дээ? — хэмээн Черини нүдээ ирмэв.
— Та хоёр үлгэрт гардаг хос шиг юм аа. — Кейт санаа алдав.
— Яг үнэн, — гэж Черини зөвшөөрлөө.
Эдгээр үгийг сонсоод Рашта ичингүйрч, толгойгоо бөхийлгөн хөлийнхөө хурууг хөдөлгөн суулаа. — Сүүлийн үед би үнэхээр жаргалтай байна. Заримдаа энэ бүхэн зүүд юм биш биз гэж бодогддог.
Удалгүй гурван үйлчлэгч сандал дамжлан орж ирэв. Рашта зүүднээсээ бүрэн сэрээгүй мэт байсаар суудлаасаа өндийлөө. — Энэ юу вэ?
— Эрхэм дээдсийн бэлэг. Рашта хатагтай та одоо Баруун ордон руу очилгүйгээр эндээ сууж болно.
Баруун ордны цэцэрлэгт байдаг энгийн сандлаас ялгаатай нь Совиешугийн илгээсэн шинэ сандал дээрээсээ доошоо хүртэл эрдэнийн чулуу, алт, мөнгөөр гялалзана. Хөвсгөр өдөн дэр, зөөлөвчүүд нь бүр ч тухтай болгожээ.
Рашта баярласандаа нулимс асгаруулав. Үйлчлэгчид бүгд сэтгэл хангалуун харцаар бие биеэ харцгаалаа.
***
Би хөнжилдөө шурган чимээгүйхэн уйлж хэвттэл цонхны цаанаас тогших чимээ гарав. Мэлэрсэн янзтай толгойгоо өргөхөд өнөөх үзэсгэлэнт шувуу цонхны гадна далавчаа дэвэн хөвж байлаа. Би яаран цонхоо нээж, дотогш оруулав.
Шувуу дотогш дэвхрэн орж ирээд далавчаа сэгсрэн, намайг анхааралтай ажиглалаа.
— Энэ удаа их эрт ирлээ шүү. — Би нулимсаа арчив.
Шувуу намайг өрөвдөх мэт нүдээ онийлгов. Ямар гярхай шувуу вэ.
— Эзэн чинь ойрхон байгаа юм байна, тийм үү?
Шувуу толгой дохилоо. Би агшин зуур алмайрав. Тэр үнэхээр миний хэлснийг ойлгож байгаа юм болов уу?
Санамсаргүй таарсан хөдөлгөөн л байх. Би шувууг хоёр алгандаа аяархан тосож аваад өвөр дээрээ тавив. Тэр хэсэг зуур хөшиж, нүдээ анивчлаа. Би толгойг нь илээд, хөлд нь авчирсан шинэ зурвасыг дэлгэв.
Таны хүссэнээр шувууны нэрийг «Күин» болгоё. Гэхдээ нэг зүйлийг санаж яваарай: тэр эрэгчин шувуу шүү.
Саяхан л би ганцаараа уйлж, өрөвдөлтэй байдалд орчихсон байлаа. Гэтэл одоо огт танихгүй хүний бичсэн хэдхэн мөрийг уншаад инээмсэглэн сууж байдаг.
— Чи эрэгчин шувуу юм уу? — хэмээн би шивнэв.
Шувуу «Мэдээгүй байсан юм уу?» гэх мэт далавчаа дэвлээ. Би яаж мэдэх билээ дээ? Ямар төрлийн шувуу болохыг нь ч мэдэхгүй шүү дээ.
Би уучлал хүссэн мэт толгойг нь илээд бичгийн ширээ рүүгээ очив. Шувуу ч намайг дагалаа. Намайг хариу бичихийг тэр ажиглан сууна.
Би огт мэдээгүй юм байна. Бага зэрэг гайхлаа.
Надад тэгж санагдсан уу, эсвэл шувуу үнэхээр гомдсон царайтай болов уу?
Би зурвасаа хуйлж хөлд нь уяад хуанли руу харав. Зүрх минь нэг л агшинд түгшин цохиллоо.
Шинэ жилийн баяр болоход хэдхэн хоног үлджээ. Маргаашнаас эхлэн хамгийн эрт ирэх зочид Эзэн хааны ордонд хүрэлцэн ирнэ. Шувуу энэ удаа ийм хурдан буцаж ирснийг бодохоор нэг зүйл сонирхол татав...
Эзэн чинь ч бас маргааш ирэх юм болов уу?
***
Маргааш өглөө нь Рукс нутгийн ноёд хүрэлцэн ирлээ. Ойр хавийн хэд хэдэн улсын хүндэт зочид ч морин тэрэг хөлөглөн ирэв.
Зочдын зэрэг дэвээс хамаарч тэднийг би, Совиешу, гадаад хэргийн сайд, ерөнхий сайд эсвэл ордны бусад түшмэд угтан авч байлаа. Аз болоход өнөөдөр Совиешу бид хоёр өөрсдөө заавал угтах өндөр зиндааны зочид цөөхөн байв.
Ядаж л би тэгж бодож байлаа. Би зөвлөлгөөний танхимд шинэ жилийн бэлтгэлийн сүүлчийн ажлуудыг зохицуулж суутал нэгэн элч гэнэт гүйн орж ирэв.
— Эрхэм дээдэс! Баруун хаант улсын төлөөлөгчид ирлээ!
— Баруун хаант улс аа? — Би танхим дахь түшмэдтэй гайхан харц солилцов. — Тэгвэл тэр чинь...
— Тийм ээ. Хайнри хунтайж.
Хайнри хунтайж бол миний өөрийн биеэр угтан авах ёстой цөөн зочдын нэг юм.
Би толгой дохин бослоо. Ойр хавьд урилга дээр ажиллаж байсан түшмэд ч босоход нь би сууцгаа гэж гараараа дохив. Том толины өмнө зогсон хувцсаа дахин янзлаад гарлаа.
Хайнри хунтайж бол Баруун хаант улсын хааны дүү, өмнөх хааны хоёр дахь хүү билээ. Ах нь хатантай, албан ёсны гурван татвар эмтэй хэрнээ хаан ширээ залгамжлах үр хүүхэдтэй болж чадаагүй учраас Хайнри хунтайж хаан ширээний эхний залгамжлагч болжээ.
Хааныг үргүй гэж цуурдаг. Сүүлийн үед бие нь ч доройтож эхэлсэн гэнэ. Онцгой явдал тохиолдохгүй л бол Хайнри хунтайж удахгүй хаан ширээнд суух нь.
Баруун хаант улс өөрийгөө эзэнт гүрэн хэмээн хараахан зарлаагүй ч газар нутаг, хүч чадлаараа Зүүн эзэнт гүрэнтэй хэдийнэ эн зэрэгцжээ. Үүнд эргэлзэх зүйлгүй. Хунтайж манай хамгийн чухал зочдын нэг тул Совиешу бид хоёр хамтдаа угтан авах ёстой.
Намайг Цагаан сарнайн танхимд ороход Баруун хаант улсын элч төлөөлөгчид хэдийнэ ирчихсэн байв. Совиешу надтай харц тулгармагц би түүний дэргэд яаран очлоо. Гэхдээ бид хоёрын хэн нь ч инээмсэглэсэнгүй. Тэгэхээр ёс төдий мэндчилгээ л хийхээс дээ.
Эзэн хааны хажууд очихдоо би төлөөлөгчдийг ажиглав. Урд эгнээнд, голд нь зогсох эр дээр харц тусах мөчид зүрх минь нэг цохилт алгасах шиг болов.
Түүний тухай цуу яриаг би сонссон. Бүгд л ер бусын царайлаг хэмээн ярьдаг байв.
Гэхдээ бас хүүхэмсэг, нүүрэндээ инээмсэглэл тодруулсан чигээрээ хүний амийг хөнөөж чадах хэрцгий эр гэдэг. Зарим хүн бүр Баруун хаант улсын хаан үр хүүхэдтэй болсон ч хунтайж тэднийг төрөнгүүт нь хөнөөсөн гэж ярьдаг байлаа. Хэнийг ч зовхио ч хөдөлгөлгүй урваж чадна гэсэн цуу ч байдаг.
Түүнийг хүүхэмсэг эсвэл харгис хүн мөн эсэхийг би мэдэхгүй. Харин гадаад төрхийнх нь тухай цуу үнэн ажээ. Амьсгаа давчдам царайлаг эр байлаа.
Хайнри хунтайжийн цайвар шаргал үс эрүүнийх нь тод хүрээг даган үл ялиг буржийжээ. Тэр байтугай нэг тал руугаа хэлтийсэн инээмсэглэл нь хүртэл сэтгэл татам. Өндөр нуруу, өргөн мөр, хүзүүнийх нь уран нарийн хэлбэр гээд бүх зүйл нь гайхалтай сайхан зохицжээ. Гэвч хамгийн үзэсгэлэнтэй нь нууцлаг нил ягаан нүд нь байв.
Хүмүүс түүний гоо үзэсгэлэнгийн тухай ярих нь аргагүй юм. Би гайхсан сэтгэлээ нүүрэндээ ил гаргахгүйг хичээн, түүн рүү дөхөж очих зуураа дотроо биширсээр байлаа.
Тэр ердөө хунтайж ч Баруун хаант улс нэр хүндтэй, хүндлэл хүлээсэн гүрэн билээ. Тиймээс угсаа залгамжлах хунтайжийг угтаж буй мэт ёслол төгөлдөр мэндлэхээр шийдэв.
Гэвч намайг дөхөж очмогц, ам нээж ч амжаагүй байтал Хайнри хунтайж нэг өвдөг дээрээ сөхөрлөө. Тэр яг л үнэнчээ тангараглах гэж буй хүлэг баатар шиг нэг гараа сунгав.
Яахаа мэдэхгүй би гараа сунгалаа. Тэр гарыг минь аяархан атгаад алганы ар талд зөөлөн үнслээ.
Хамаг мэдрэл минь сэрхийв. Хүссэн ч түүнээс харцаа салгаж чадсангүй. Тэр ч бас над руу ширтсээр байв.
Ер нь хүлэг баатар үнэнчээ илэрхийлэн гар үнсэхдээ харцаа буруулдаг. Гэтэл Хайнри хунтайж тэр бүх хугацаанд надтай харц тулгасаар байлаа. Зөөлөн уруул нь арьсанд минь хүрсэн агшнаас эхлээд өндийх хүртэл нил ягаан нүд нь миний нүднээс огтхон ч салаагүй.
[[IMAGE: CH_IMAGES/008.jpg]]
— Тантай учирсандаа нэр төрийн хэрэг хэмээн бодож байна, Хатан минь.
Яагаад ч юм түүний үг намайг түгшээв. Хүүхэмсэг эр гэж бодохын оронд түүнтэй холбоотой нөгөө харгис хэрцгий цуу үнэн байж магадгүй хэмээн өөрийн эрхгүй бодогдлоо.
Учир нь түүний нүднээс би шунал тачаал огт олж харсангүй. Харин ч тэр өндөр дээрээс намайг харж буй мэт санагдав. Яг л тэнгэрт эргэлдэн нисэж, олзоо онилсон бүргэд шиг.
Гэтэл тэр яг одоо миний өмнө өвдөг сөхөрчихсөн байдаг.
— Миний хувьд ч тантай танилцсан нь нэр төрийн хэрэг, Хайнри хунтайж. — Түүний аура хэчнээн этгээд байсан ч намайг сандаргахыг зөвшөөрөхгүй. Аз болоход олон жилийн сургуулилалт надад нүүрний хувирлаа захирах чадвар суулгажээ.
Би гараа зөөлөн татаж аваад Совиешугийн дэргэдэх байрандаа буцаж зогсов. — Шинэ жилийн ёслолоос өмнө сайхан амарч аваарай. Ордонд байх хугацаагаа тухтай өнгөрүүлнэ гэж найдаж байна.
Тэр нэг хөмсгөө өргөөд босож, намуухан инээмсэглэв. — Эзэн хааны ордныг би үргэлж магтуулахыг сонсож ирсэн. Ямар үзэсгэлэнтэй газар болохыг хүн бүр ярьдаг юм билээ.
— Таны таалалд нийцнэ гэдэгт итгэлтэй байна, — хэмээн би хариулав.
Миний албархуу үгийг сонсоод Хайнри хунтайж ёжтой инээмсэглэв. — Өө, аль хэдийнэ таалагдчихсан шүү дээ.
***
Зочид ирсээр байсан ч миний ажил тал хувиар багаслаа. Олон хоног чармайн бэлтгэсэн зүйлс маань дууссан тул одоо зөвхөн өөрийгөө л бэлдэх үлджээ.
Тэр өдөр өрөөндөө ердийнхөөсөө эрт ирэхэд Лаура ажилдаа эргэн орсон байлаа. Тэр над руу шууд гүйн ирэв.
— Эрхэм дээдэс, Эрхэм дээдэс! Ямар байсан бэ? Хайнри хунтайж ямар хүн байна? Цуу шигээ үнэхээр тийм царайлаг юм уу?
Түүний асуултыг сонсоод бусад шадар хатагтай нар ч сонирхож эхлэв. Удалгүй бүгд намайг тойрон хүрээллээ. Над дээр цуглахаар бүгд цайны аягаа ойр хавийн сул зайд тавьжээ.
Тэд намайг хувцсаа тайлахад туслах зуураа асуултаар булж байв. — Кром их гүн хунтайжийг хараад ухаан алдсан гэж сонслоо. Үнэхээр тийм гялалзсан царайлаг юм уу?
— Нөгөө их зан гаргадаг театрын жүжигчин бүсгүй түүнтэй ганцхан удаа болзоонд яваад ухаангүй дурлаж, гурван жил араас нь дагасан гэсэн шүү.
Хэдхэн хоногийн дараа түүнийг өөрсдөө харах байтал шадар хатагтай нар сониуч зангаа барьж дийлэхгүй байлаа.
Над руу эгц ширтсэн хунтайжийн нил ягаан нүдийг санахад би өөрийн эрхгүй шүлсээ залгив. — Миний амьдралдаа харсан хамгийн үзэсгэлэнтэй хүн. Хүн мөн гэдэгт нь ч бараг итгэмээргүй.
Лаура уулга алдав. — Хөөх! Би ч бас түүнийг хурдан харах юм сан. Харин хоолой нь ямар вэ?
— Миний сонсож байсан эрчүүдийн дундаас хамгийн уянгалаг дуу хоолойтой, — хэмээн би үнэнээ хэллээ. Үүнд хэтрүүлэг огт байсангүй.
Шадар хатагтай нар бүгд гараа цээжиндээ авч, баясан инээлдэв.
— Ийм царайлаг хунтайж ямар хов жив дэгдээх бол доо, — хэмээн Элиза гүнлэг хатагтай аяархан хэлэв.
— Үүнийг бол бид бараг таачих байх аа, — хэмээн Аллистер хатагтай наргиа болгон хариулав.
Тэд хунтайжаас өөрөөс нь илүү түүний өдөөж мэдэх шуугианд сэтгэл нь хөөрч байгаа бололтой.
Би тэдний яриаг сонсон хамт инээлдэж байтал гэнэт цонх тогших чимээ гарав. Би гайхан хөмсгөө өргөлөө.
— Ийм хурдан уу? — хэмээн би цонхоо нээв. Күин баяртайгаар дэвхрэн орж ирлээ. Тэр үед л Күиний өд шаргалдуу, бараг л шар үстэй адил өнгөтэйг анзаарлаа. Өдрийн гэрэлд сайн харахад... Нүд нь ч бас нил ягаан юм биш үү?
Ийм нүдэнд тусам өнгөтэй амьтан зэрлэг байгальд амьд үлдэхэд хэцүү л баймаар...
Ийм үзэсгэлэнтэй шувууг захиа зөөхөд ашиглах нь ер нь зөв юм болов уу гэж би агшин зуур санаа зовов.
Харин Күин захиаг нь хурдан унш гэж шавдуулж буй мэт хөлөө сэгсэрлээ. Би инээмсэглэн зурвасыг дэлгэв.
Энэ хооронд Күин өрөөгөөр нисэн, шадар хатагтай нарын дундуур шунгин өнгөрлөө. Түүний хөгжилтэй аашийг хараад бүгд инээлдэн дуу алдав. Күин ширээн дээр бууж, өдөө бахархалтайгаар янзлав. Би шадар хатагтай нараар түүнд хоол, ус авчруулах зуураа зурвасаа уншлаа.
Бичгийн хэв ч, тоглоомтой аястай үгс нь ч урьдын танил байв.
Би Эзэн хааны ордонд ирчихсэн. Намайг хэн гэдгийг та тааж чадах уу?