—Юу? Хэлэх зүйлээ хэл! гэж тэр эр тэвчээр алдан хэлэв.
—Өө, энэ байна. Эгч маань хоёр боодол сум тушаасан юм. Овгийн дүрмээр бол үүнээс илүү хүнс авах ёстой…
И Юнь хөнгөн үр тарианы шуудайг агаарт унжуулан барьж, байцааж байгаа шинж огт гаргалгүй, чин сэтгэлээсээ асууж буй мэт харцаар ийн хэлэв.
Тэр эр исгэрэн шахам—Ямар овгийн дүрэм гэж? Хүчтэй нь байх нь дүрэм! Миний хэлсэн л дүрэм болно! гэв.
Тэр эр түрэмгий өнгөөр хэллээ. И Юнь дотроо ёжтойхон инээв. “Яасан тэнэг юм бэ. Энэ эрийн онгироо зан өөрийг нь шууд миний урхинд оруулчихлаа.”
И Юнь шударга бус байдалд орсон мэт царай гарган—Ах аа, та дүрмийг тогтоож болно. Гэхдээ бидэнд амьдрах жаахан юм үлдээх хэрэгтэй биз дээ, гэв.
И Юнь ингэж хэлэхдээ өнөөх эрийн “Хүчтэй нь байх нь дүрэм! Миний хэлсэн л дүрэм болно!” гэсэн үгэнд дургүйцсэн бүх хүнийг өөрийн талд татсан хэрэг байлаа. Тэр үг олон хүний дургүйг хүргэсэн нь лавтай.
Төд удалгүй И Юний ард байсан олон хүн түүнийг даган—Тийм шүү, Цэрэг ах аа. Би 6 ширхэг хуяг тушаасан атал өчүүхэн багахан хүнс л авлаа. Би ч бас учрыг нь мэдмээр байна, гэж хэлцгээлээ.
—Энэ удаа хүнс яагаад ийм бага байна вэ? Бид ч бас учрыг нь мэдмээр байна.
—Би гэр бүлээ тэжээх ёстой хөгшин хүн. Энэ хэмжээний хүнс надад хүрэхгүй байна!
Лянь овгийнхон энэ бүх хугацаанд зовлон зүдгүүрийг тэвчиж иржээ. Тэд овгийн удирдлагын эсрэг босох санаатай байсан ч хүч чадлын ялгаа их, дээр нь тэднийг удирдах хүнгүй тул хэн нь ч түрүүлж гарч зүрхэлдэггүй байв. Харин И Юний өдөөн хатгалгаар тэд цаашид зүгээр сууж чадсангүй.
Тэр эрийн царай барайв. Нэг жаалын үг олны дунд ийм үймээн дэгдээнэ гэж тэр огт санаагүй байлаа. Байдал хурцдах тусам тэр хяналтаа алдаж эхлэв.
—Бүгдээрээ амаа тат! гэж тэр эр архиран хашхирлаа.
Гэвч түүний хашхираан олны дууг дарж чадсангүй.
—Бидэнд учрыг нь тайлбарла! Учрыг нь мэдмээр байна!
—Хүнс яагаад ийм бага байгаа юм бэ?!
Зөрчигчид олшрох тусам хууль хүчгүйддэг. Ихэвчлэн хамгийн түрүүнд гарч ирсэн хүнийг “онцгойлон анхаардаг” ч байдал хурцдах тусам бүгд зориг оржээ.
Байдал хяналтаас гарах гэж байх тэр мөчид цээлхэн дуу цуурайтав. —Та нар учрыг нь мэдмээр байна уу? Би тайлбарлая!
Тэр дуу хоолойд үл мэдэгдэх нэгэн хүч агуулагдсан тул үймээнтэй байдлыг тэр дор нь намжаав.
Бүгд дуу гарсан зүг рүү харвал мөнгөн хуяг өмсөж, урт сэлэм барьсан залуу алхсаар ирж байв.
—Залуу Эзэн Лянь Чэнъюй байна!
—Лянь Чэнъюй!
Түүнийг харсан хүн бүр гайхав. Лянь Чэнъюй бол овогт Нил Цуст дайчин болох магадлал хамгийн өндөр хүн байлаа. Түүний авьяас чадвар том овгийн суутнуудтай эн зэрэгцэхүйц гэдэг нь илэрхий байв.
Хэрэв Лянь овог Нил Цуст дайчинтай болбол бүх зүйл өөрчлөгдөнө! Тийм өдөр ирвэл Лянь Чэнъюй бүхэл овгийг түшиж тэтгэж чадна!
Хэрэв Лянь Чэнъюй нэг алхам цаашилж, хүчирхэг овгийнхонд өөрийгөө үнэлүүлж чадвал Лянь овгийнхныг тэр чигээр нь хотод оруулах арга түүнд гарцаагүй олдоно.
Овгийн олон хүний хувьд хотод амьдрах нь тэнгэрийн оронд амьдрахтай адил байлаа. Зэлүүд нутагт хот байгуулах дэндүү бэрх. Учир нь хүнээр дүүрсэн хот нь том, хүчирхэг зэлүүд араатнуудын довтлоход хялбар бай болно! Хотыг түшиж хамгаалах хүний хүчтэнүүд байхгүй бол зэлүүд араатнууд түүнийг амархан гишгэлэн сүйтгэнэ!
Хүний хот бүрд олон хүчтэн байдаг байв. Зузаан өндөр хэрэм, олон жилийн түүхтэй хот хамгаалагдсан тул хүмүүс хэрмийн дотор аюулгүй амьдарч чадна. Хүнсний эх үүсвэр хангалттай учраас өлсгөлөн болон араатнуудын аюулаас айх шаардлагагүй. Ийм таатай амьдралаар амьдрахыг хэн хүсэхгүй гэж?
Лянь Чэнъюй бол Лянь овгийн найдвар байлаа. Овог доторх байр суурь нь аль хэдийн Овгийн Тэргүүнийхээс ч давсан байв!
Лянь Чэнъюй гарч ирэхэд бүгд чимээгүй болов.
—Өвөө, гэж Лянь Чэнъюй эхлээд шар дээлтэй настай Овгийн Тэргүүнд хандан мэндлэв.
—Аа, Чэнъюй, чи гарч ирсэн юм чинь үүнийг чамд даатгая.
Овогт олон эр хүн 16 насандаа гэрлэдэг байлаа. Тиймээс 17 настай Лянь Чэнъюй хэргийг гартаа авч, удирдах насанд бүрэн хүрсэнд тооцогдоно.
Эхлээд Лянь Чэнъюй овгийнхонд юу ч хэлсэнгүй. Харин учиртай инээмсэглэн И Юнь рүү эргэж—Чи И Юнь мөн үү? гэв.
И Юний хөмсөг татвалзав. Лянь Чэнъюй овгийнхонд хандаж хэлсэн анхны үгээ түүнд зориулсан байлаа. Инээмсэглэл байсан ч цаана нь аюул нуугдаж байгааг И Юнь мэдэрчээ.
И Юнь хүмүүсийг үймээн дэгдээхэд турхирсан ч үүнийг санаатай мэт харагдуулахгүйг хичээсэн. Санаатай байсан эсэхээс үл хамааран овгийн удирдлагын төлөөлөгчийн хувьд Лянь Чэнъюй түүн рүү халдах магадлал өндөр байлаа.
—Арван хоёрхон настай гэхэд муугүй юм. Чи хүүхэд шиг харагдахгүй байна. Ирээдүйд их зүйлд хүрч мэдэх нь! гэж Лянь Чэнъюй инээд алдан, И Юний мөрөн дээр хайхрамжгүй алгадлаа. Лянь Чэнъюй шиг байр суурьтай хүн жирийн нэг иргэний мөрөн дээр өөрөө санаачлан гар хүрсэнд олон хүн гайхжээ.
Түүнчлэн энэ магтаал онцгой анхаарал татав! Лянь Чэнъюй энэ ядуу хүү ирээдүйд их зүйлд хүрч чадна гэж үнэхээр хэллээ! Үнэхээр тийм байж болох уу?
Тэд дотроо үүнтэй санал нийлэхгүй байсан ч Лянь Чэнъюйгийн амнаас гарсан үг тул өөр хэлэх зүйл олдсонгүй. Тэдний бодлоор энэ хүү Залуу Эзэнд үнэлэгдсэн нь зүгээр л золигийн аз таарсан хэрэг байлаа. Ирээдүйд тэр Залуу Эзэн Ляньгийн гарын хүн болж ч мэднэ. Энэ бол олон хүний мөрөөддөг байр суурь байв!
—Залуу Эзэн намайг дэндүү өндрөөр үнэлж байна, гэж И Юнь хүчээр инээмсэглэсэн ч дотор нь түгшүүр төрөв. Тэр Лянь Чэнъюйтай уулзсан цагаас хойш байнга сонор сэрэмжтэй байсан юм. Лянь Чэнъюй мөрөн дээр нь алгадахад эхлээд мөр нь мэдээ алдах мэт болж, дараа нь халуун дулаан мэдрэмж тархан, бараг тэр даруй алга болсныг И Юнь мэдэрчээ.
Хэрэв И Юний мэдрэмж хурц, сонор сэрэмжтэй байгаагүй бол тэр мэдрэмжийг хий хоосон зүйл гэж бодох байв. Эсвэл Лянь Чэнъюй мөрөн дээр нь алгадахад сандарснаас тэгж мэдрэгдсэн гэж үзэх байлаа.
“Энэ Лянь нөхөр яг юу хүсээд байна вэ? Ямар нэгэн занга байж мэднэ…”
И Юнь Лянь Чэнъюй олон нийтийн өмнө ямар ч шалтгаангүйгээр мөрөн дээр нь алгадаж, магтаад өнгөрнө гэдэгт итгэсэнгүй. Түүний харц дайсагналаар дүүрэн санагдав.
—Тэдэнд хүнс өг, гэж Лянь Чэнъюй хүнс тараах ажлыг хариуцсан эрд хэлэв. Жянь Сяожоу одоо ч залуу байгаа. Түүнийг дахиад хоёр жил харж хандах ёстой, өлсгөж үхүүлж болохгүй.
—Тийм ээ, Залуу Эзэн! гэж тэр эр хариулав. И Юньд мэхлэгдсэндээ дургүй байсан ч Лянь Чэнъюйгийн тушаалыг дагахаас өөр аргагүй байлаа.
Тэр эр хэсэг тээнэгэлзсэний эцэст И Юньд 50 фунтын үр тарианы шуудай өглөө.
И Юнь бүр ч их сонор сэрэмжилсэн ч талархсан царай гаргав. Тэр өгсөн шуудайтай хүнсийг авч, дүр эсгэн—Баярлалаа, Залуу Эзэн ээ, гэв.
Амаараа талархсан ч И Юнь Лянь Чэнъюйг балбаж орхимоор байлаа. Жянь Сяожоугийн сум хийж хөдөлмөрлөсний хөлсөнд нэг хэсэг махаар солих хэмжээний хүнс өгөх ёстой атал тэдэнд ердөө нэг шуудай үр тариа өгчээ. Тэгээд бүр талархах ёстой гэж! Энэ бол дэндүү утгагүй байлаа!
Чадвар дорой бол бүх зүйлээрээ дорд үзэгдэнэ. Энэ ертөнцөд хүч чадал л үнэн байлаа!
“Энэ нөхөрт хоёр нүдийг нь хөх няц болтол цохимоор байна…” гэж И Юнь бодсон ч нүүрэндээ юу ч илэрхийлсэнгүй.
И Юнь хоёр, гурван сарын хэмжээний хүнс цуглуулж авч байгааг харсан бусад хүмүүсийн сэтгэл атаархал, хорслоор дүүрэв. Гэвч энэ хүнсийг Лянь Чэнъюй өгсөн тул тэд юу ч хэлж зүрхэлсэнгүй, зөвхөн—Залуу Эзэн Лянь, өнөөдөр хүнс яагаад ийм бага байгааг бидэнд тайлбарлаж өгөөч, гэж хэллээ.
—Тийм ээ, Залуу Эзэн Лянь бидний талд зогсооч!
Лянь Чэнъюй аль хэдийн тайзан дээр гарч, бүгд рүү инээмсэглэн зогсож байв. И Юнийг магтсан нь юу ч биш мэт тэр энэ асуудлыг дахин сонирхохоо больжээ.
Тэр инээмсэглэн—Овгийнхон минь, та нар энэ олон жил үнэхээр их зүтгэлээ! гэв.
Лянь Чэнъюй эхний өгүүлбэрээрээ шууд гол асуудалд оролгүй, олныг намжаахыг зорьжээ. И Юний хувьд энэ нь болхи арга байсан ч Лянь Чэнъюйгийн байр суурийг бодвол түүний хэлсэн хэдхэн үг ядуу олныг аль хэдийн хөөргөчихсөн байв.
—Та нар учрыг нь мэдмээр байна уу? Би тайлбарлая. Үүнийг гаргаад ир! гэж Лянь Чэнъюй гараараа дохив. Түүний ард байсан зургаан эр модон шонгоор том модон хайрцгийг өргөн гаргаж ирэв. Зэвсэг, хуягийг хүлээн авсныхаа дараа “Лу ноён” энэ хайрцгийг үлдээн явсныг И Юнь санав. Энэ нь том овгоос ирсэн зүйл байх ёстой!
—Онгойлго! гэж Лянь Чэнъюй тушаав. Хайрцаг доторх зүйлийг нуух аргагүй байлаа. Түүнийг боловсруулж бэлтгэхэд асар их хөдөлмөр шаардагдах нь илт.
Хоёр биерхүү эр олны өмнө хайрцгийг хүчээр онгойлгов. Хайрцаг нээгдэхэд дотроос нь гоёмсог хээтэй, нүд булаам гэрэл цацрав.
Олон хүн итгэж ядан уулга алдав. Тэд ийм дүр зургийг урьд өмнө хэзээ ч харж байгаагүй.
Лянь Чэнъюй урагшилж, улаан чулуу ашиглан гэрэлтэн урсах гэрлийн судлуудын дагуу даллав. Гэрлийн урсгалууд хариу үзүүлэн долгиолж, дараа нь аажмаар алга болов.
Агшин зуур хүйтэн жавартай агаар цутган гарч ирэв…