Тэнгэрийн хаалганы уулын оргил дахь Анхдагч ордонд Лу Ян цэх зогсон, багшаа ирэхийг хүндэтгэн хүлээж байлаа.
Анхдагч ордны дотор хүйтэн нам гүм. Тоос шороо үл үзэгдэж, нарийн утаа дээш суунаглан хүний сэтгэлийг тайвшруулна.
Лу Ян танхимд гурван дурсгалын пайз залсныг анзаарлаа. Тэдгээр нь Сяньтянь багш, Гүйюань тэнгэрийн багш, Их далайн дао эзнийх байв.
Энэ гурван нэр Лу Янд танил. Даог эрэлхийлэх бүлгэмд тэд онцгой утга учиртай хүмүүс байлаа.
Нэг сая хоёр зуун мянган жилийн өмнө даосын нэгэн сүмээс гарч ирсэн Сяньтянь багш Даог эрэлхийлэх бүлгэмийг байгуулжээ. Тэр үедээ жирийн нэг бясалгагч байсан бөгөөд Төв тивд түүн шиг хүн хэдэн мянгаараа байв. Тиймээс Даог эрэлхийлэх бүлгэм анхандаа өчүүхэн жижиг бүлгэм төдий байжээ.
Зуун мянган жилийн өмнө их үймээн самууны үед Даог эрэлхийлэх бүлгэмд нэгэн ер бусын суутан төрөн гарсан байна. Төрөлхийн бясалгалын авьяасаараа эхний тавьд ч багтдаггүй байсан ч ухаалаг, хүнтэй амархан нөхөрлөдөг, шударга ёсны мэдрэмж асар хүчтэй нэгэн байжээ. Дээрээс нь аз хийморь нь ч гийсэн хүн байв.
Тэр үймээн самууны дундаас өндийн гарч, цаг үеийн урсгалыг даган эрин үеийнхээ тэргүүнд зогсжээ. Авьяас чадвар, бясалгалаараа хэнтэй ч зүйрлэхийн аргагүй болсон түүнийг Гүйюань тэнгэрийн багш хэмээн нэрлэдэг байв.
Гүйюань тэнгэрийн багшийн үед Даог эрэлхийлэх бүлгэм цэцэглэн хөгжиж, тухайн үеийн хамгийн хүчирхэг бүлгэмүүдийн нэг болов. Бүлгэм байгуулагдсаны хорин мянган жилийн ойгоор түүний олон дотны анд ирж баяр хүргэжээ.
Тэр энэ боломжийг ашиглан тухайн үеийн өөр дөрвөн дээд хүчтэнтэй хамтран “Мөнх настны таван их бүлгэм” гэх нэршлийг тогтоож, ертөнц даяар хүлээн зөвшөөрүүлсэн байна.
Гэвч хорвоод мөнхөд өөрчлөгдөхгүй, үргэлж мандан бадарч байдаг зүйл үгүй. Тавин мянган жилийн дараа Даог эрэлхийлэх бүлгэм уруудан доройтов. Ахмад үеийнхэн нь нэг бол наслалтынхаа төгсгөлд хүрч, нэг бол гэнэтийн ослоор нас баржээ. Нөхцөл байдлыг нуруундаа үүрэх хүн цөөхөн, шинэ үеийн шавь нараас ч найдвар төрүүлэх хүн гарсангүй.
Тэд яахаа мэдэхээ больж, бүр Мөнх настны таван их бүлгэмийн эгнээнээс хасагдах гэж байна гэсэн цуу хүртэл тархсан эвгүй байдалд оржээ.
Даог эрэлхийлэх бүлгэм үнэхээр аз хийморьтой байсан ч юм билүү. Нэг өдөр бүлгэмийн нэгэн ахмад гадаа чөтгөр устгаж яваад нурангиас нэг хүүхэд аварчээ. Түүнийг бүлгэмдээ авчирсны дараа өнөөх хүүхэд тун ховор бясалгалын суутан болохыг олж мэдээд бүгд гайхав.
Хүлээлтийг талаар болгосонгүй. Хүүхдийн бясалгалын түвшин асар хурдан өсөж, хэдхэн жилийн дотор тухайн үеийн хамгийн хүчирхэг Тэнгэрийн сорилт давах шатны бясалгагч болов.
Тэр хүүхдийг Их далайн дао эзэн гэдэг байжээ. Хожмын хүмүүс түүнийг Даог эрэлхийлэх бүлгэмийг дахин мандуулсан хүн хэмээн нэрлэдэг болсон юм. Тэр бүлгэмийн сүр жавхланг дахин тавин мянган жил үргэлжлүүлж, өнөөг хүртэл залгуулан авчирчээ.
— Ахлах эгч ээ, манай багш хаана байгаа юм бэ? — гэж Лу Ян эргэж харан асуулаа. Тэр танхимд нэлээд удсан ч ахлах эгчээс өөр хэн ч гарч ирсэнгүй.
— Багш одоо хаалттай бясалгалынхаа шийдвэрлэх үед байна. Өөрөө гарч ирж чадахгүй. Тиймээс би түүний өмнөөс чамайг шавь болгон авч, бясалгалыг чинь заана.
— Албан ёсоор бясалгаж эхлэхээс өмнө манай багшийн удмын талаар товч тайлбарлая. Багшийн тогтоосон дүрэм тун цөөн. Ёс суртахууны хязгаарыг хэт ноцтой давж, тэнгэр газрыг донсолгох гай гамшиг тарьчихгүй л бол тэр ер нь оролцохгүй.
— Харин миний тавих босго түүнээс өндөр. Түүний тоохгүй зүйлийг би тооно.
— Багш чамайг, намайг оруулаад дөрвөн шавьтай. Чамаас дээр нэг ах, нэг эгч бий. Нэг нь ихэнхдээ Өрнийн Бурхны оронд, нөгөө нь Өмнөдийн мангасын нутагт байдаг. Бүлгэмдээ бараг буцаж ирдэггүй болохоор уулзах амаргүй.
— Бясалгал чинь зохих түвшинд хүрч, гадагш аялж явах боломжтой болсон үед тэдэнтэй таарах ч юм билүү. Харин одоохондоо...
Юнь Жи хэсэг завсарласнаа гурван хөрөг гарган зэрэгцүүлэн тавив. Тэдгээр нь Лу Яны хараахан уулзаагүй багш, хоёрдугаар ах, гуравдугаар эгчийн хөрөг байлаа.
Хөрөг дээрх гурван хүн бүгд цалгиун инээмсэглэжээ.
Багш нь буурал үстэй, тунгалаг нүдтэй. Бусад хөгшид шиг будилуу дорой харагдахгүй, харин тоглож наадах, хорвоогийн жаргалыг эдлэх дуртай, эрх чөлөөтэй задгай хүн мэт санагдана.
Хоёрдугаар ах нь намуухан инээмсэглэлтэй, царайлаг төрх нь цэвэрхэн дэгжин харагдана.
Гуравдугаар эгч нь мянган янзын увдистай, улс орныг ч үймүүлж мэдэхээр хосгүй үзэсгэлэнт бүсгүй байв.
— Багш надад тусгайлан захисан юм. Түүнийг оруулаад манай удмынхан чамтай нийлээд тавуулаа. Шавь орох ёслолд одоо бид хоёрхон байгаа болохоор бусдын оронд эдгээр хөргийг бэлдсэн гэсэн.
Лу Ян ахлах эгч рүү нэг харснаа эргэн тойронд нь түүнийг ширтэж байгаа мэт амьд дүрслэлтэй хар цагаан хөргүүд рүү харлаа. Нуруугаар нь өөрийн эрхгүй хүйт даав.
Яг л бүлгэм тэр чигтээ сүйрч, ахлах эгчтэйгээ хоёулхнаа амьд үлдсэн мэт санагдана.
Лу Яны өмнө гурван ширхэг хүж гарч ирэв. Юнь Жи тэднийг түүнд өгөөд,
— Эдгээр нь Санаа дамжуулах хүж. Бодол санааг дамжуулж чадна. Багшдаа гурван хүж өргөх нь талархал, хүндэтгэлээ илэрхийлж буй хэрэг, — гэв.
Гурван хүжийг асаан, багшийн хөргийн өмнөх жижиг хүжний саванд зоолоо.
— Өвөг багш нар гэрчилж, багш минь дээрээс соёрхон харж байна. Шавийнхаа мөргөлийг хүлээн авна уу.
Одоо л бүр ёстой юм шиг санагдав.
Шавь орох ёслол дуусмагц Лу Ян эргэлзэн,
— Ахлах эгч ээ, ингэж асуух нь жаахан хүндлэлгүй сонсогдож магадгүй ч... манай багш үнэхээр амьд байгаа биз дээ? — гэж асуулаа.
Юнь Жи хүйтнээр инээгээд “Багш аль хэдийн өөд болсон. Дээд удирдлагууд энэ мэдээг нууж байгаа юм. Харин чи нууцыг мэдчихсэн болохоор амьд үлдээж болохгүй” гэх вий гэж Лу Ян эмээж байлаа.
Юнь Жи бүр будилж орхив. Лу Ян яагаад ийм юм асуусныг огт ойлгосонгүй.
— Мэдээж амьд.
— Номлолын оргилоос авсан шалгалтын дүнг чинь харсан. Хүний биеийн цэг, судлын байрлалыг тун зөв цээжилсэн байна. Бясалгалын суурь дотоод аргуудыг ч цээжээр хэлж, бичиж чаддаг. Маш сайн. Сурах хүсэл чинь магтууштай.
— Одоо албан ёсны бясалгалаа эхэлье.
Үүнийг сонсоод Лу Яны нүүрэнд жинхэнэ догдлол тодорч, улам анхааралтай сонсов.
Эцэст нь тэр бясалгаж эхлэх нь!
Албан ёсны сургалт эхлэхэд ахлах эгч хамгийн түрүүнд,
— Би анх удаа шавь зааж байна. Чи ч анх удаа шавь болж байна. Хоёулаа бие биеэ ойлгож явъя, — гэв.
— Гэхдээ санаа зоволтгүй. Өнөөдрийн төлөө би хангалттай бэлтгэсэн.
Юнь Жи янз бүрийн жижиг эмийн савнуудыг нямбайлан эгнүүлэв. Сав бүр дээр үрлийн нэр бичээстэй бөгөөд заримыг нь Лу Ян өмнө сонсож байжээ.
Үхлийн ирмэгээс хүнийг татаж чаддаг Цагаан ясны үрэл.
Бурхны оронд буян хураахын тулд бүтээсэн зүйлсийн нэг болох Долоон түвшний Будда үрэл. Энэ үрлийг уусан хүн бүр өөрийн хураасан буянгийнхаа нэг хэсгийг Бурхны оронд өгдөг аж.
Есөн эргэлтийн дахин төрөх үрэл. Бясалгалын ертөнцөд энэ үрлээр есөн үхлийг нэг шинэ амьдралаар сольж болно гэсэн үг бий.
Эдгээр үрэл байхад Лу Ян үхэхийг хүссэн ч амаргүй бололтой.
— Бясалгалд Хий боловсронгуй болгох шатнаас өмнө Бие чийрэгжүүлэх бясалгал хийдэг. Чи өмнө нь Бие чийрэгжүүлэх дасгал огт хийж байгаагүй болохоор тэгээс эхэлнэ.
Юнь Жи гараа хайхрамжгүй хөдөлгөхөд орон зай цуурч, хадгалах орон зайнаасаа хоёр том усны сав гаргаж ирэв. Савнууд газар буухдаа дүлий чимээ гаргахад Лу Яны зүрх нэг л ёргүйгээр түгшлээ.
— Илдийн бясалгалд Илдийн санаа болон гарын хүчийг чухалчилдаг. Тиймээс Бие чийрэгжүүлэх эхний алхам гарын хүчээ хөгжүүлэхэд төвлөрнө. Би ганцхан удаа үзүүлнэ. Сайн хараарай.
Юнь Жи усны савны ирмэг дээр тэгш газар мэт хөнгөхөн гишгэв. Дараа нь нөгөө савныхаа ирмэгээс нэг гараараа атгаад үл ялиг өргөнө. Газар буухаас нь өмнө тавьж, нөгөө гараараа тосон авч дахин өргөв. Хөдөлгөөнөө тасралтгүй, жигд давтах нь харахад хүртэл нүд баясмаар байлаа.
Гарынхаа мэдрэмжийг тооцохгүй бол энэ арга үнэхээр гарын хүч хөгжүүлэхэд тустай аж.
— Ийм хэмжээнд хүрэхэд болно.
Юнь Жи усны савыг буулгаад тайван хэлэв.
Лу Ян айсандаа шүлсээ залгилаа. Өргөж үзэх ч шаардлагагүй, сав өөрийнх нь өндрийн талд хүрэхээр том байв. Өөрийг нь дотор нь хийчихвэл элс шороогоор булж оршуулахад хангалттай зайтай.
Ийм аварга савыг дээш доош шидэлцэнэ гэж үү? Амиа хорлох гэж байгаа юм шиг л сонсогдоно.
Лу Ян зориг гарган нэг гараараа савнаас зуурч, амьсгаагаа түгжин, бүх хүчээ нэг мөсөн шавхав.
Өргөж чадсангүй.
Хоёр гараараа барьж, хамаг хүчээ шавхахад усны сав арай гэж үл ялиг ганхав. Яг л Лу Яны хичээл зүтгэлийг дурамжхан хүлээн зөвшөөрч байгаа мэт.