Хүч хөгжүүлэх бэлтгэлээс ялгаатай нь хүчээ хянаж сурахад гаднын тусламж бараг үгүй. Хүчээ нэмэхдээ сүнслэг араатны мах идэж, биеэ чийрэгжүүлэх эмийн ханданд орж болдог бол хяналтаа сайжруулахад Лу Ян зөвхөн өөртөө л найдах хэрэгтэй байлаа.
Энэ үйл явц асар их төвлөрөл, нягт нямбай байдлыг шаарддаг. Ахлах эгчийн хэлдгээр бол, — Зөв мэдрэмжээ ол. Хүчээ дан ганц ухаан санаагаараа биш, биеэрээ захир.
Лу Яны хийх ёстой зүйл бол бодож төлөвлөх ч хэрэггүйгээр дүпүг аяндаа атгаж чаддаг болох байв.
Өдөржин дасгал хийсний эцэст Лу Ян бүх биеэрээ дүпү үнэртэж, дүпүг хэт удаан ширтсэнээс нүд нь бараг гөлийж хяларчих шахжээ.
Аз болоход хүүхэлдэй энэ тал дээр туршлагатай байв. Лу Яныг хоёр алгадахад л нүд нь эргээд хэвийн боллоо.
Хоолны цаг болоход Лу Ян ширээ дүүрэн дүпүтэй хоол руу чимээгүй ширтэв.
Хуурсан дүпү, шарсан дүпү, жигнэсэн дүпү, дүпүний царцаамаг, шар буурцгийн сүүнд чанасан дүпү...
Орц болгон нь тэр өдрийн турш Лу Яны буталсан дүпү байлаа. Сонссоноор бол дүпүний царцаамаг, шар буурцгийн сүүг ойролцоох нэг дэлгүүр сайхан сэтгэлээр хандивласан гэнэ.
Лу Ян өвөг дээдэстээ дотроо талархав.
Тэр хүчээ бүрэн хянаж сурах хүртлээ хоолны цэс нь өөрчлөгдөхгүйг ойлгож байлаа.
Өөрөөр хэлбэл, энэ бэлтгэлийг өөрөө эсвэл дүпү хоёрын нэг нь лав давж гарахгүй.
Дүпү өөрөө жирийн хоол биш. Удаан хугацаанд идэх нь бясалгагчдын бие дэх Таван махбодыг тэнцвэржүүлж, тулаанд тэсэх чадварыг нэмэгдүүлэхээс гадна тоо томшгүй олон ашигтай.
Гэхдээ өдөр бүр, хоол болгон дээрээ дүпү идээд байхаар хэн ч тэсэхгүй.
Өөр аргагүй Лу Ян толгойгоо бөхийлгөн хоолоо идэх зуураа маргааш хүчээ хэрхэн илүү сайн хянах вэ гэж бодсоор байлаа.
...
Унтаж байсан Лу Ян нүүрэн дээр нь хурц цагаан гэрэл тусахыг мэдрэв. Зовхи нь өөрийн эрхгүй чангарч, нүүр нь ярвайлаа. Хэсэг хугацаанд гэрэлд дассаныхаа дараа тэр арай гэж нүдээ нээв.
Энэ бол өтгөн мананд хүрээлэгдсэн, өө сэвгүй цэвэр орон зай байлаа. Лу Яны ойр орчим хэдхэн алхмын газар л тод харагдах бөгөөд гэрлийн эх үүсвэр хаана байгааг олж чадсангүй.
— Энэ хаана вэ?
Лу Ян бага зэрэг сандарлаа. Тэр Даог эрэлхийлэх бүлгэмд, тоо томшгүй хүчтэн дунд унтаж байсан. Ахлах эгч нь бүр хажуу өрөөнд нь бий. Тэгтэл хэн түүнийг чимээгүйхэн энэ нууцлаг орон зайд авчирч чадсан юм бэ?
Найз уу, дайсан уу?
Манан дундаас сүр жавхлант дуу цуурайтав. Эртний цуурай цаг хугацааны урт мөрнийг нэвтлэн ирж буй мэт сонсогдоно.
— Залуу минь, энэ бол миний түр байгуулсан орон зай. Энд болж буйг хэн ч мэдэрч чадахгүй.
Лу Ян дагжин чичрэв. Энэ дууны эзэн санаанд багтамгүй өндөр чадвартай нэгэн бололтой. Түүнд муу санаагүй байгаасай гэж л найдахаас өөр арга байсангүй.
— Би тоо томшгүй эрин улиран өнгөрөхийг харсан. Бясалгалын түвшнээрээ ертөнцийг ноёрхсон үй олон Агуу хүчтнийг ч үзсэн. Гэвч эцэст нь хэн ч цаг хугацааны элэгдлээс мултарч чадсангүй. Тэнгэр газартай тэмцэн дүрэлзэж явсан их хүсэл нь үхлийн орон дээрээ санаа алдах төдий болон замхардаг.
— Тэдний авьяас хэчнээн ер бусын байсан ч би харин эрх дураараа, чөлөөтэй амьдарсаар мөнхөд оршиж ирлээ.
Тэр дуу ядрангуй, хөгшин сөөнгө бөгөөд тоо томшгүй он жилийг ганцаар туулсан мэт үл ялиг эзгүйрсэн өнгө аяс агуулж байв.
Ийм агуу оршихуйг Лу Ян төсөөлөн ойлгох ч боломжгүй байлаа.
— Өнөөдөр гэнэт сэтгэл хөдөлж, мэргэлт хийтэл чи бид хоёр хувь тавилангийн холбоотой гэж гарлаа. Тиймээс чиний сүнсийг өв залгамжлалын энэ түр орон зайд дуудсан юм.
— Энд Хий боловсронгуй болгох шатнаас Тэнгэрийн сорилт давах шат хүртэл чамд хэрэг болох бүх зүйл бий. Бясалгалын арга, үрэл, нууц судар, бясалгалын туршлага... юу хүснэ, тэр бүхэн байна. Чи шат ахих бүрдээ миний өвийн нэг хэсгийг нээж чадна.
Лу Ян сая нэг тайвширлаа. Ярьж буй хүн өөрт нь сайн санаатай бололтой. Тэр хүндэтгэлтэйгээр,
— Ахмад аа, та хэн бэ? — гэж асуулаа.
Ахмад гурвантаа чангаар инээгээд өтгөн манан дундаас алхсаар гарч ирэв.
Түүний царай цэвэрхэн, өнгө цайвар. Харин толгой нь дөрвөлжин — бүхэл дүпү байлаа.
Дүпү толгойтой ахмад Лу Ян руу ойртон улам хурдан ярив.
— Би бол Дүпүгийн тэнгэрийн эзэн! Энд байгаа бүхэн миний насан туршийн эрдэм мэдлэгийн охь юм. Чи дүпү их идэх тусам Бясалгалын түвшин чинь улам хурдан ахина. Суурь чинь бат бөх болж, өөрөөсөө өндөр түвшнийхнийг ч ялж, хүн бүрийн бишрэлийг хүлээн, Төв тивийн оргилд гарах юу ч биш...
Лу Ян цочин сэрж, бүх бие нь хүйтэн хөлсөнд норжээ. Тэр орон дээрээ өндийн сууж, тас харанхуй, жихүүдэс хүрэм нам гүм өрөөг тойруулан харсныхаа дараа сая нэг урт амьсгаа авлаа.
— Зүгээр л зүүд байж. Аз болж зүүд байж.
Гэсэн ч нуруугаар нь хүйт дааж, тэр өөрийн эрхгүй дагжин чичирсээр байв.
...
Юнь Жи аажуухан нүдээ нээлээ. Лу Яны өрөөнөөс нэгэн цэнхэр туяа сунасаар ирж, хурууных нь үзүүрт шингэн алга болов.
— Ингэвэл арай илүү хичээж бясалгах байх, — гэж Юнь Жи аяархан бувтнав.
Багш нь түүнд нэгэнтээ зөв хэмжээний дарамт хүнийг урагшлах хөдөлгөгч хүч болгож чадна гэж зааж байжээ.
Юнь Жи өөрөө үүний хамгийн тод жишээ. Тиймээс багшийнхаа үгэнд итгэн, Лу Янд өчүүхэн дарамт өгөхийн тулд зүүдний шидэт арга хэрэглэсэн аж.
— Гэхдээ наймдугаар ахлагчийн бэлдэж өгсөн зарим үгийг хэлэхэд үнэхээр эвгүй юм. Тэр өөрөө яаж ийм үгсийг хэлж чадсан байдаг байна аа.
Юнь Жи бусдаас зөвлөгөө авахдаа хэзээ ч нэрэлхдэггүй. Зүүдний бүх алхам, бүх үгийг наймдугаар ахлагч бичиж өгөөд, заавал үр дүнтэй гэж баталсан байжээ.
...
Хэсэг хугацаа өнгөрсний дараа Юнь Жи Лу Ян дүпүг хөнгөхөн атгаж, өндөр шидээд төвөггүй тосон авч байгааг харав. Тэр бүр дүпүг жижиг бөмбөг шиг ашиглан хүүхэлдэйтэй нааш цааш шидэлцэж эхэлжээ.
Зөөлөн дүпү яг л биеийнх нь нэг хэсэг болсон мэт хүссэнээр нь хөдөлнө.
— Муугүй. Хүндийг хөнгөн мэт болгохыг эзэмшлээ. Энэ шат дууссан, — гэж Юнь Жи хэлэв.
Лу Ян инээмсэглэв. Тэр урьдын Лу Ян биш болжээ. Дүпү атгахыг тасралтгүй давтсаар байтал сэтгэлийнх нь яаруу догдлол ч аажмаар намдсан байв.
Тэр ямар ч тарни, шившлэг хэрэглэлгүйгээр үүнийг хийж чаддаг болсон.
— Одоо юуг бэлтгэх вэ?
Лу Ян бусадтай ижил хурдаар ахиж байгаа эсэхдээ санаа зовохоо больжээ. Ахлах эгчийн одоогийн бэлтгэл бүр өөрийн гэсэн учиртай гэдэгт итгэж байв.
Юнь Жигийн нүүрэнд ховорхон инээмсэглэл тодров.
— Хий боловсронгуй болгох шатныхаа бясалгалыг тогтворжуулна.
Лу Ян өөрийгөө заагаад алмайран,
— Хий боловсронгуй болгох шат аа? Би юу? — гэв.
Тэр хэзээ Хий боловсронгуй болгох шатанд орсноо огт мэдсэнгүй. Номон дээр ахмад хүн чиглүүлж хийг биед оруулах, бясалгалын арга ажиллуулах, таван мэдрэхүйгээ хааж дотоод мэдрэмждээ төвлөрөх, судлуудаа саадгүй болгох зэргээр амжилтыг хялбарчилдаг гэж бичээгүй бил үү?
Төрөлхийн ойлгоц муутай бол бүр үрлээр тусалдаг гэж байсан.
Харин тэр эдгээрийн алийг нь ч хийгээгүй.
Ахлах эгч түүнд хийг хэрхэн биедээ оруулахыг заагаагүй, ямар нэг нууц Бясалгалын арга ч өвлүүлээгүй. Таван мэдрэхүйгээ хааж, нууцлаг зургаа дахь мэдрэхүй рүү шилжсэн зүйл түүнд лав байгаагүй. Судлынхаа байрлалыг хүртэл одоо ч бүдэг бадаг л санана.
Даог эрэлхийлэх бүлгэмийн шавь нар хийг биедээ оруулахдаа үрэл хэрэглэдэггүй нь үнэн. Энд орсон хүн бүр мянгад нэг таарах авьяастан. Хий боловсронгуй болгох шатанд орохын тулд хүртэл үрэл хэрэгтэй юм бол Даог эрэлхийлэх бүлгэмээс гарсан нь дээр.
Лу Ян өөрт нь ч үрэл хэрэггүй гэдэгт итгэлтэй байлаа. Гэхдээ гол асуулт нь — тэр яаж Хий боловсронгуй болгох шатанд орчихсон юм бэ?
— Гурван өглөөний өмнө, — гэж ахлах эгч сануулав.
Лу Ян гурван өдрийн өмнөх өглөөг эргэн саналаа.
Тэр өдөр эрт босоод өглөөний нарыг угтан нүдээ анин, дүпүг яг яаж атгах вэ гэж бодож суужээ.
Бодолдоо улам гүн автах тусам гаднах ертөнцийн мэдрэмж нь алгуур бүдгэрсэн. Өөрөө дээш хөөрөх нэгэн тунгалаг хий болон хувирч, тэнгэр газрын хооронд чөлөөтэй хөвж яваа мэт санагджээ. Ухаан нь эргэн биедээ буухад толгой дотор нь гэнэт гэрэл ассан мэт болж, хэвлийн эрчмийн төвөөр нь бүлээн урсгал гүйж эхэлсэн байна.
Тэгээд л тэр анх удаа нэг бүтэн дүпүг бутлалгүй атгаж чадсан.
Дүпүний дасгал хийхэд ахлах эгч нь хажууд байгаагүй ч үнэндээ хаа нэгтээгээс бүх хугацаанд өөрийг нь ажиглаж байсныг Лу Ян одоо л ойлгов.
— Тэгэхээр тэр мэдрэмж л хийг биедээ оруулж байсан хэрэг юм байна, — гэж Лу Ян бодлогошрон бувтнав.
Тэр мэдрэмж үнэхээр онцгой байлаа. Үүлэн дунд хөвж, бүлээн дулаан зүйлд тэврүүлсэн мэт тийм тухтай байсан тул нүдээ нээх ч хүсэл төрөөгүй.
Ингээд өөрөө ч мэдэлгүй жижиг хүслээ биелүүлж, хийг биедээ оруулан Хий боловсронгуй болгох шатны бясалгагч болжээ.